Буурлыгаа унаад зээ байз аа
Будруулсаар айсуй юм уу даа
Буурал аавын хэлсэн байз аа
Буцахын замд бодъё юу даа

хэмээн шуранхайлан халих “Хээрхэн халтар” хэнзхэн насны бяцхан зүрхний хэмнэл аясаар дэргэтэл хатирах амой. Сонсох бүр санаа алдан самсаа шархирч, сар жилийн чинадаас аавыгаа нэхэн нэхэн үгүйлнэ. 

Зээ.., арван алдын уурга суналзах агтны бэлчирт, адууны хөлс үнэртсэн хонгор тоос, ажнай хурдан хүлгийн арвай тогтомгүй чивчирсэн нуруун дээр дарцаг шиг дэрвэж, дарвин уралдсан балчир нас минь. Аав аа тантай хамт бүтээсэн гэрэлт өдрүүдийн дурсамж сэтгэлд гэгээ татуулахад бодол цэлмээд ирнэ. 

Адуу үүрссэн хээрийн хойморт гүү унагалж, анхны нялх төлийн дуу малчны хотонд цангинахад Хэрлэн мөрөн цөн түрж эхэлдэг. Хээрийн салхи урьханаар сэвших нь хэнзхэн охиныхоо санчигийг та минь илбэн таалаад байна уу баярын совинтой мэдрэмж дотор минь төрнө. Урин цаг гадаа ирж, ус мөрөн уясан хайлж, уянгат шувууд айлчлан ирэхүйд хүн бүрийн л сэтгэл ийн нялхран үймдэг биз.

Одоогоос 22 жилийн өмнөх хавар цагт би хайрт танаасаа хагацжээ. Арван хэдхэн настай хэнзхэн охин аавгүй болсондоо итгэж ядан тэнгэр өөд удаан гэгч харж зогссон сон. Гуниг харуусал бяцхан цээжийг минь зурж, нулимс эгшээсэн хатуу өдрүүдийг эргэн санахад одоо ч аймшигтай. “Цэл залуухан байсан даа” гэсэн хармын сэтгэл хорвоогоос буцсан таныхаа тухай дурсан санагалзаж суухад ч үл дундрах ажээ. 

Та минь хурдан удмын адууны угшил сайжруулж, үржүүлэгчдийн анхдагч нэгэн байсан юм билээ. Хэн тэгнэ гэж санах билээ, таны эхлүүлсэн ажил үр шимээ өгч байна шүү дээ. Улс бүсийн наадмуудад айраг түрүү хүртсэн хурдан буянгууд таны минь татсан жимийг зам болгон хурдлах авай. Ийн дурсах бүрт тийм гэхийн аргагүй жаргалд охин нь умбах юм. 

Алдуурч одсон дурсамж бүхэн сэтгэл хөвсөлзүүлнэ. Таны залуу насны тухай нутгийн хүмүүс их дурсах юм. “Гадаа хомоолон адуутай, гэртээ шагайн адуутай хүүхэд байлаа. Багаасаа л зүүдэндээ хүртэл “адуу, адуу” гэж зүүдлэдэг сонин хүүхэд байсан” гэцгээх юм, үнэн үү? Хэрэв үнэн бол та минь хэлд, хөлд орохоосоо л адуунд дуртай хүүхэд байж дээ. Эрийн цээнд хүрч Сулинхээрийн талд цэргийн алба хаахдаа хоёр жил агтны адуу маллаад, 1982 оны нохой жил халагдаж ирэхдээ адууны цус холдуулах, хурдан удмын адууг үржүүлэх том төлөвлөгөө өвөртөлж ирснийг өөрийн тань амнаас сонсож байснаа санаж байна. Таны анхны цуглуулсан адуу Хардэл жанжин Бэйс Пүрэвжавын удмын цуут “Шилбэ хар”-ын удмын угшил өсгий цагаан хээр азарга байсан шүү дээ. Түүндээ таван гүү авч хураалгачихаад яаж их бардаж, бахардан баярлаж байсан бол. Түүнээс хойш л адуу цуглуулахаар эрс шийдэж зуны халуун, өвлийн хүйтний улиралд шантралгүй явж нутаг нутгийн хурдан удмын адуу болгоны охин төлийг цуглуулж эхэлсэн юм билээ. 

Олон сайхан уяач найз нөхөдтэй болчихсон манайх гэдэг айл хөл хөсөөр тасардаггүй байв даа. Ерөөл мэт есөн азарга адууны чинь буян одоо ч тасраагүй, тиймдээ ч үр нь сайн явна.

Та нээрэн ээжтэй яаж танилцсан юм бэ? Бодвол адууны бэлчирт л байх даа. Адуугаа харан жаргаж, амьдралаа төлөвлөж суусан болов уу гэж би бодох дуртай. Ээжтэй эхлүүлсэн амьдралын ууган охин нь би шүү дээ, тиймээ аав аа.

1993 онд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон адууны төл бүрэн авсан буюу 71 гүүнээс 71 унага бойжуулж монголын радиогийн нэрэмжит анхны “Алтан унаганы эзэн” болохдоо та 33-тай байсныг радиогийн сэтгүүлч СГЗ Л.Мөнхтөр гуайтай адууныхаа бэлчээрт ярилцсанаас тань мэдэж авч байв. Ярилцлагадаа та нутаг нутгаас цуглуулсан их эзний есөн хөлт туг шиг есөн азарга адууныхаа тухай ярьсан байна билээ. Үндэсний радиогийн архивт хадгалагдан үлдсэн дуу хоолойг тань сонсоход хичнээн сайхан гэж санана. Үндэсний радиогоор “Алтан унаганы эзэн Аръяандэвийнх есөн эрдэнэ болсон есөн азарга адуутай айл. Жигээ Дамбадаржаагийн адууны ягаан азарга. Донойн Цэгмидийн Бөгөн хул азарганы угшил цагаан азарга, Дундговийн Нарангэрэлийн зул хонгор азарганы угшил хонгор азарга, Хардэл бэйсийн “Шилбэ хар” азарганы угшил хээр алаг азарга, Даваанэрэн начины адууны хүрэн азарга, Донир угшлын халиун азарга гэх зэрэг олон угшлыг нэрлэх нь ямархан яруу эгшиглэнт сонсогдоно вэ. Нээрэн мартсанаас “Эднийх уурга барих хүүтэй айл” гэж андуурсан байна шүү. Та намайг арай хүү гээд хэлчихээгүй биз дээ. Нударга савчсан дээл өмссөн гуравхан настай намайг хүү гэж андуурах нь арга ч үгүй байх даа. Үнэхээр адууны төлөө төрчихсөн мэт хүн байж дээ, та. 

Таны байгуулалцсан ММСУХ одоо хэр нь нэр хүнд өндөр, нэрлэх гавьяа ихтэй л яваа шүү. Адуу судлаач, ахмад сэтгүүлч, түүхийн ухааны доктор СГЗ А.Баярмагнай гуай “Монголын морин Спорт Уяачдын холбоо гэдэг өнөөдрийн энэ олон арван мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн, улс орныг бүхэлд нь хамарсан нүсэр бүтэц бүхий, дотоодод үйл ажиллагаа нь жигдрэн цэцэглэн хөгжиж гадаадад нэр хүнд нь улам бүр өсч буй төрийн бус байгууллагыг анх үүсгэн байгуулахад монголын хөдөө нутгийн олон мянган уяачид сэтгэл зүрхнээсээ дэмжин ажилласныг санахад сэтгэлд нэн таатай байдаг юм. Тэдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач Ц.Аръяандэв юм. Тэрбээр тухайн цагтаа монголын хамгийн олон адуутай хүмүүсийн нэгэн, Монголын радиогийн “Алтан унаганы эзэн” төдийгүй монгол даяар нэрд гарсан хүн байлаа. Уяачдын холбоо байгуулах саналыг уухайлан дэмжиж, анхны их хуралд сууж, үг хэлж байсан юм. Би Ц.Аръяандэвтэй 1994 оны Хардэл бэйс Өвгөн ноёны наадам дээр танилцаж билээ. Том сайхан хонгор гүү унасан, их гарын тоногтой мөнгөн эмээлтэй, ихээхэн яриасаг, том алаг нүдтэй залуу байлаа” хэмээн дурсаж билээ. Гоё байгаа биз. 

Таныг санахаараа охин нь эл шүлгийг унших хачин их дуртай сан.  

Анхныхаа захидлыг
Аавдаа бичиж билээ
Ганцаардаж байна
Гуравдугаар ангийн охин чинь
/Н.О/

Миний сэтгэлд тодоос тод үлдсэн нэг дурсамж тантай үзсэн анхны наадам юм шүү дээ. Одоо ч тэр наадмын хуушуурын үнэр, нүүр өөд цоргин шуугих ундааны хамар сэнгэнүүлсэн хачин хэхрүүлсэн амт, гоо эгч нарын торгон дээлний сэрчигнээн, пансан алчуурны хээ гээд л сэтгэлд цоо шинэхнээрээ. Өдгөө 23 жил өнгөрөн одсон байхад л үнэртээд байдаг хачин хуушуур байгаа биз. Зургаахан настайдаа хурдан морины нуруунд дарцаг болчихсон явж дээ. Гурван настайдаа морины нуруунд гарсан хүн арга ч үгүй биз. Аавтайгаа наадамд явахаар болсноо мэдчихээд хөл газар хүрэхгүй амьтан хөөрч догдлоод гүйж явахад ээж надад зориулж наадмын цамц, овоодой урлачихсан байж билээ. Тэр жил манайх гэдэг айл зургаан насны морьд уяж, зэргэлдээх сумынхаа наадмыг зорьсон. Анх удаа хурдан морь унаж байгаа болохоор эрх гэж жигтэйхэн. Боржигон угшлын номхон зээрд азаргаа та надад унуулсан. Зээрд азарга дааган цагаасаа том наадамд уралдаад сурчихсан, буруу зөвгүй номхон, хөлийн хурдтай, гараа өндөртэй хурдан азарга байсан даа. Тэр жил бороо хур ихтэй, байсхийгээд л бороо орно. Уяа нь эвлэсэн адуу бороо сөрж зогсдог гэж уяачид ярилцаад байсан чинь зээрд азарга бороо орох тоолонд сөрж зогсоод байж билээ. Тэр тоолонд “Би зээрд азаргатайгаа түрүүлэх нь дээ” гэж дотроо хөөрч, эрдэж байсныг та мэдээгүй. Наадам ч өдөр хоногоор ойртсоор, сумын наадмын өмнөх сунгаа дөхөх үед уяа морьдоо аван сумын наадмын зүг хөдөлж билээ. Сунгааны өдөр болоход ойр сумдын хурдан хурц гэж дуулддаг бүх азарга ирсэн байсан нь наадамчдын хорхойг хөдөлгөж олон азарга мордсон өргөн сунгаа болох нь тодорхой болов. Усан бороо азарга мордохтой зэрэгцээд л цутгав. Та намайг байн байн үнсээд л, намайг мордуулахдаа санаа зовж байгаа нь илт. 


Бороонд уралдах учир надад том ногоон цув өмсгөж, нэг уяанд хамт ирсэн том хүүхдэд намайг хөтлүүлж, азарга уралдах замд оруулсан. Бороо улам ширүүсч, азарга аажуухан цогисоор гарааны газарт ирж эргэлээ. Зээрд азарга бид хоёр өнгө өлгөж гарсан. Өнгөлж буй хонгор азаргатай зуузай холбон азарга бид хоёр барианы зүг биш таны зүг тэмүүлж явсан ч юм шиг одоо санагдаад байх юм. Тасралтгүй цутгах бороон дундуур... 

Таныг барианы газар дурангаа ч барьж чадахгүй дэргэдэх хүндээ "Чи өнгөний азаргыг нэг сайн дурандаад хэлээдэх. Тод ногоон цувтай хүүхэдтэй азарга манай хоёр мөн шиг байх юм. Дурандах гэхээр миний нүдийг нулимс бүрхээд дурандаж чадахгүй нь ээ" гэж суусныг тань сүүлд би сонссон шүү. Энэ сунгаанд зээрд азарга бид хоёр саахалтын зайтай хол тасархай түрүүлж таныг ганц сайн баярлуулсан даа. 

Өөрийнхөө сумын наадамд зээрд азаргатайгаа 11-т давхисан л даа, гэхдээ яадаг юм тийм ээ. Унаач нь бага болохоор азаргаа эрт гаргаж уралдсаар байгаад суулгачихсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн анхны наадам цаг хугацаа нисэн өнгөрөвч дугуй бүрх, саарал дээлтэй таны төрх санаанаас гарах нь үгүй. Зээрдийн минь салхинаас сонсогдох гэрэлт өдрүүдийн дуун зүрхэнд эгшиглэж, тэр л эгшигнээс аавын дүр ахин дахин ургана. 

Хүүхэд насанд минь уул шиг нөмөр үлдээсэн таныгаа эргэн дурсахад цэл залуухан насыг нь сэтгэлийн гүнээс өрөвдөнө. Тэнгэрийн оронд хэрэв хэл хүрдэг бол энгэртээ тэврэх хоёр сайхан үртэй болсноо дуулгахыг хүснэ. 

Уул шиг энгэрт нь туулайн бүжин шиг эрхлэн нялхарч, ундарсан хайранд нь бялуурч явсан салаа гэзэгтэй хүүхэд насны минь гэгээн дурсамжууд таныг дурсах тусам илүү тод томруунаар сэтгэлд гэрэл болж бууна. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав