Шинэ зочныг маань Баатад Гончигийн Ням-Очир хэмээнэ. 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Жамьянгаравын нэрэмжит “Дорно дахины утга зохиолын дээд сургууль” төгссөн. МҮНС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Төвд судлалын тасаг”-т ЭША, UBS TV-ийн редактор зэрэг ажил хийж байсан. Төвд судлалын цуврал, Богд архив, Урлаг судлалын цувралууд зэрэг 60 гаруй номын редактороор ажилласан. БНХАУ, ХБНГУ, ОХУ-д архив, номын сангуудад урт богино хугацаагаар судалгаа хийсэн гээд хувь ертөнц нь ч тун сонирхолтой “матери” ийм нэгэн зочныг сонгож ярилцсан юм. 


-Сайхан өвөлжиж байна уу. Уулзаж ярилцаагүй уджээ. Бараг 30 жилийн өмнөх Г.Ням-Очирыг би мэднэ. Наашлаад 20 жилийн өмнөх, 10 жилийн өмнөхийг мэдэх нь.  Харин өнөөдрийн Г.Ням-Очироос жаахан хол яваад байлаа. Энд тэнд гарсан ярилцлагуудыг тань хардаг. Сүүлд нэг сэтгэл эмзэглүүлсэн пост бичсэн байхыг уншаад, урьж номын тухай ярилцахаар шийдсэн юм. Хоёулаа номын тухай сэдвээр яриагаа эхлэх үү ?

-Тэгье. Би ч бас 30 жилийн өмнөх Б.Ганчимэгийг мэднэ. Бид нэг үеийнхэн. Бас нэг үеийн оюутнууд. Таны ярилцлагуудад дуртай. Гарсан л байвал алгасахгүй уншдаг шүү. Дуртай л асуултаа асуу. Чадах бол тултал нь хариулна.

- Танаас бас X Богдын тухай, буддын шашны ирээдүйн тухай ч асуухаар бэлдсэн байгаа шүү. Хаанаас нь эхлэх вэ.  2023 он дуулиан шуугианаар хангалттай жил байлаа. Х Богдын тухай асуултаар эхлэвэл ямар вэ. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба солигдлоо. Асуух зүйл үнэхээр их байна?

- Энгийн монгол хүний хувьд би маш их баяртай байгаа. Үнэт зүйлийн үнэгүйдэлд живж байна гэмээр он жилүүд үргэлжиллээ. Бид хоосон жингүйдэж байсан улс. Эхлээд Богд гэж хэн бэ гэх асуултад орчин үеийн хүнд ойлгогдох тодорхой хариулт хэрэгтэй байна. Миний жаахан уншиж төсөөлснөөр Богд бол Чингис хааны хувилгаан дүр. Чингис хааныг дахин төрүүлэх, тийм удирдагчтай байх бол Монголын мөнхийн улс төр байсан гэж би ойлгодог.

-Манай яг одоогийн нийгэм бол хүлээж авахад хэцүүхэн л тайлбар байна. Арай жаахан дэлгэрэнгүй л тайлбар хэрэгтэй байна даа.

- Энд яривал бид хоёр өнжин хонон хэдэн нүүр дамжсан яриа болох байх. Ноднин нэг ном эхлүүлсэн. Шинжлэх ухааны хялбаршуулсан ном юм. Номоо гарах үед яг энэ сэдвээр ярилцъя. Ингээд энэ сэдвээ түр хаая. Тэгэх үү.

- Тэгвэл монголын оюун санааны амьдралын ирээдүйн зураглал. Гоё сэдэв биз дээ.  Д.Чойжамц хамба болоод шинэ хамба, “монгол” гэх нэрээр яагаад ч юм овоглогдоод байгаа шинэ хамбын тухай ч юм уу?

- Х Богдтой холбоод хариулчих уу. 10 жилийн дараа X Богд насанд хүрээд, шашны эзэн, оюун санааны удирдагч болох үед шашны байдал ямар байх бол. Папын айлчлалын үеэр Д.Чойжамц хамбын оронд өөр залуу хүн байсан бол надад төсөөлөгдөхгүй байлаа. Сайхан хоёр тохитой томоотой хүн ярьжээ суугаад, ”Манайх Х Богдоо тодруулаад залчихсан” гэж хэлж байгаа энэ үг нь өөрөө л 30 жил тэргүүн хамба хийсэнтэй эн тэнцэх том өгүүлбэр байлаа. Ёстой шар үс боссон. Ромын паптай  ярилцах тэр агшинд Х Богдыг тодруулж залснаа тэгж дэлхий дахинаа зарлаж байгаа юм. Огшоод л явчихсан. Монгол багшийг бол олонхийн саналаар томиллоо. Одоо бүгд л түүнийг таньж мэдэхийг хүсч байгаа байх. Харин бүх нийтийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх вэ гэх наад асуулт чинь ном руу л татаад ороод ирнэ. Ном гэдэг бол “сэтгэлийг засагч” гэсэн утгатай үг гэж багш нар маань заасан. Гэвч ерөөсөө сэтгэлийг засагч гэсэн утгаараа төлөвшөөгүй. Монголчууд бид мөнгөнөөс адис авч эхэлсэн цагаасаа л улам тэнэгэрч эхэлсэн гэж боддог юм.

- Юу гэсэн үг вэ. Арай хэтрүүлсэн дүгнэлт юм биш үү. Манай ном соёлын ертөнц бол бидний 30 жилийн өмнөхөөс хамаагүй өөр түвшинд хүрсэн.

- Сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Батноров суманд хүүхдүүдэд ”Эзэн сан” гээд Чингис хаанд зориулсан магтаал гэх юм уу, соёлын биет бус өв зааж байгаа юм. Би бодохдоо биднийг бага байхад дунд сургуульд Чингис хааныг алан хядагч, муу хүн гэж заадаг байсан. Ер нь л ярих хориотой байсан ч бид дотроо их бадрангуйгаар төсөөлдөг байсан. Гэтэл одоо бүр саармагжиж орхижээ. Огт заадаггүй ч байж магад. “Аха” гээд нэг асуулт хариултын тэмцээн гарч байна. ”Чингис хаан гэж хэн бэ” гэсэн асуултад ”Бавуугийн Лхагвасүрэнгийн өвөө” гэж хариулж байгааг би сонсоод чихэндээ итгээгүй. Монгол Улс ерөөсөө үнэт зүйлээ Чингис хаан гэж томьёолох ёстой юм байна. Хүүхдүүддээ зориулсан, хичээлээс гадуур унших номтой байх ёстой юм байна. Монгол иргэн болгож хүмүүжүүлэхэд эндээс эхлэх ёстой юм байна гэж яс махандаа тултал ойлгосон. Нэг их олон юм мөрөөдөх минь ч яамай. Үлдсэн ухамсарт амьдрал гэж байвал хүүхдүүд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажил хийе гэж шийдсэн шүү. Монгол хүүхдүүд юу унших ёстой, тэд хэн болж хүмүүжих тухай нэгдсэн ойлголт манайд алга.

 

- Бид чинь Чингис хаанаа чөлөөтэй ярьж, бичих эрхтэй болоод 34 жил өнгөрч байна шүү дээ. “Монголын нууц товчоо” энэ тэр гээд түүхчид нь амаа цангатал ярьдаг. Би таныг бас л туйлширч байна л гэж хэлэх гээд байна.

- Эсвэл цэцэрлэгийн хүүхдэд зориулсан комикс, тэгээд л шууд “Нууц товчоо”. Их хүнд зохиол. Жэк Уэтерфордын номууд байна. Үнэтэй. Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн замын хооронд л номын тухай ярилцана. Монгол Улс бараг 2000 номын сантай. Бүх суманд нийтийн номын сан, сургуулийн номын сан бий. Соёлын довтолгооныхон сумдаар яваад байгаа. Миний мэдэхийн баруун аймгийн нэг номын сан цоожтой, шувууны сангасанд дарагдсан байсан. Байгууллагуудын номын сан байна. Ном ерөөсөө худалдаж авахгүй, уншихгүй байна. Бид номгүй улс, зөвхөн мөнгө боддог, мөрөөддөг тийм харанхуй ард түмэнтэй болж байна. ”Цагийн хүрд” гарч байна. Ямар орд нээгээд урагшаа зөөвөл хэдэн төгрөг олох тухай л яриа сонсоно. Төрийн түшээд нь тэгж ард түмнээ хуурна. Ард түмэн нь тэндээс тэдэн төгрөгийн ноогдол ашиг хүртэнэ гээд хоосон зүүдлээд л унтана. Энэ сонгуулиар ядаж, ном тараасан хүн сонгочоосой. Ном ярьж байгаа хүн сонгогдоосой гэж залбирч байна.

- 2000 оны сонгууль шиг санаж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Д.Ганболд, У.Хүрэлсүх хоёр өрсөлдөж байлаа. Д.Ганболд лав ном тараагаад л, айл бүрт Баабарын ”Нүүдэл суудал” гэх мэтийн номууд өгч байгаад ялагдсан. Тэр цагаас хойш нэр дэвшигчид “ном тараавал ялагддаг” гэсэн бичигдээгүй хуультай болсон гэж ярьддаг болсон... Гэснээс 2024 оны сонгуулийн сурталчилгаа гэж нэг юм эхлэх нь дээ. Би бол хувьдаа цаг эргэж байна. Сонин сэтгүүл их хүчтэй байна гэж харж байгаа.

- Үнэт зүйл, Чингис хаан бол хуучиршгүй сэдэв. Дэлхий дахины энэ дайн байлдаан юу болох бол... Ямартай ч дайн гарлаа гэхэд юу ч боллоо гэсэн нэгдэн нийлээд босч тулах үнэт зүйлийг л ард түмэн хүсч байгаа. Путин дайн хийхийнхээ бэлтгэл болгож, дайны тухай хичнээн их кино хийв. Сүүлчийн орос хүн дуустлаа байлдах сэтгэлзүйг нь бэлдчихсэн. Тэрэндээ л найдаж байгаа. Хятад ч мөн тийм. Гэтэл манайх Чингис хаан хэмээх үнэт зүйлээ дунд сургуульдаа оруулаагүй. Ерөөсөө цэргийн номлолдоо ч оруулаагүй. Зөвхөн нүүрс л ярьсаар байгаа “народ” доо.

- Ингэхэд саяхан та шинэ номын сан руу өвөл нүүх гэлээ. Цаасан баримтаа устгах гэлээ. Гудамжинд гарна барина гээд пост бичсэн харагдав уу. Та ч бас хааяа хааяа цочир хилэгнэж харагдах юм аа. Тэр бичвэрүүдийг харин Г.Ням-Очир нь бичдэг үү, цахим ертөнцөд оршдог Танхай банди нь бичдэг үү ?

- 1996 онд дөнгөж сургууль төгсөөд, МҮНС-нд эрдэм шинжилгээний ажилтнаар ирж байлаа. Ирэнгүүтээ монгол модон бар, гар бичмэл номын бүртгэл, каталоги хийсэн. Тэр үед номон дотроос нэг өт олоод “Ийгл тв”-ийн анкор байсан Г.Уянга руу яриад (сүүлд УИХ-ын гишүүн байсан) нөгөө өтөө телевизээр гаргалаа. Ингээд л асуудал мандсан. Манай номын сан бол агааржуулагч, чийгшүүлэгч аппарат байхгүй. Түмпэнтэй усаар л аргацаадаг байлаа. Дээр үеийн цаас бол хоёр давхар наамал. Гурилаар наачихдаг. Тэр зун яагаад чийг авсан юм бүү мэд. Өндөг нь хагараад өт гараад ирсэн. Ингээд хор цацах, ариутгах жижигхэн төсөв энэ тэртэй болж нэг сэрсэн. 1953 онд анх байгуулагдахдаа ямар үнэтэй байсан тэр үнэ 44 жил хөдлөөгүй байсан. Үнэлгээтэй байх ёстой 500 дахин үнэлье ч гэдэг бил үү санал оруулсан. Ер нь үнэтэй, үнэлгээтэй байх ёстой гэсэн шаардлага тавиад л ажлаасаа мулт. Сая 2020-2021 онд дахиад бүгдийг нь задалж номзүйн бүртгэл хоёр дахиа хийлээ. Өт хорхой алга аа. Гэхдээ манай цаасан баримтат өв устахад тун ойртсон. Тэгээд бод л доо. Энэ бол нэг л жишээ. Яг манайхтай адил ном хадгалдаг хоёр том байгууламж байна. Улаан-Үдийн Базар Барадиний нэрэмжит монгол ном судрын хадгаламж гэж газар бий. Яг хотын төвдөө байдаг. Газар доор цөмийн дайн гарсан ч үлдэхээр дээд зэргийн нөхцөлд хадгалж байна. Хөх хотын Өвөр Монголын номын сан байна. Берлиний номын сангийн зураг төслөөр баригдсан. Шинэ байрандаа орох гэж 15 жил нүүж байна. Хадгалж байсан температураа тохируулж хадгалахын тулд баруунд боловсон хүчнээ бэлдсэн. Одоо ч бүрэн нээгдээгүй байна. Тэгэхэд манай энэ шинэ номын сангийн барилга хичнээн удлаа. Бараг моралийн элэгдэлд орсон. Ямар ч мэргэжилтэнгүй. Нэг ч номын санч байхгүй. Тэгээд гэнэт хөхөө өвлийн хүйтэнд нүүнэ гэж ярьж байгаа юм билээ. Арай ч ийм юм хийхгүй байх. Цаасан өв балардаг юм байгаа биз дээ.

- Та Үндэсний номын сангийн хадгаламжийг Лхасын Бодала ордонтой зүйрлэж жиргэсэн байв уу?

- 2019 онд очиж үзсэн. Алт эрдэнэсээр бичсэн Ганжуур, Данжуураар бол манай МҮНС-аас нэг их олон биш бараг эн тэнцүү. Нийт хадгаламжаараа бол 300.000 орчим судар Бодалад хадгалагдаж байна. Манай МҮНС 2 000 000 шахам шүү. Буриад, Бээжин, Өвөр Монгол, Ойрдын сүм хийдийн бүх номууд цугласан газарзүйн маш ашигтай байрлалд байсан. Устгаад шатаагаад үлдсэн нь энэ шүү дээ. BDRC гээд онлайн төвд номын сангаа сканердаад дэлхийд таниулж байгаа. Бараг 20 жил ажиллаад 10/1 хувийг нь л цэгцэлж байна. Энэ фондод маш их юм бий. Юу юу гарч ирж дэлхийг гайхашруулж байгаа гэж санана.

- Дандаа л нууц нууц... Ерөөсөө өвөл зөөж, нүүлгэж болохгүй гэдэг бодитой шалтгаан хэл л дээ. Таныг мэдэхийн хувьд хамт гудамжинд жагссан ч чадна. Огт мэддэггүй их сонин ертөнц рүү яваад орчихлоо шүү дээ.

- За, яахав. Номын сан бол өөрийн дотоод хуультай. Намайг ирэхэд бас хууччуулын сүүлч байсан. 1997 онд Төвд фонд руу орж ажиллах үед тэр үеийн дээдчүүл нөгөө алдарт Богдын төмөр хайрцаг буюу үе үеийн Богдуудын архивын тухай хэлж зааж өгч байлаа. Гар хүрч ер болохгүй. 2011 онд Богд хаан, Эх дагина хоёрыг ширээнд залахад өргөсөн алтан навчит өргөмжлөлөөр нь өгүүлэл бичиж, Монгол Улсын хосгүй үнэт өвийн бүртгэлд оруулуулж байлаа. Номын санд байсан Гончигдорж гэж Дундговийн лам Ганданд очихдоо, Монгол Улсын ирээдүйн тухай буусан Чойжингийн буултыг Гандангийн номын санд аваачиж хадгалсан. Одоо ч  цэгцлээгүй хэдэн зуун захиа, даатгал зэрэг цаасан баримтууд байгаа. Хэрвээ зөөгдлөө л бол төвд, монгол ном судар буюу сүүлийн 400 жилийн ой санамж дуусаа. Та нарын аав, өвөө нарын кириллээр бичиж үлдээсэн өв дуусаа. Дээрээс нь нэмээд маршал Х.Чойбалсангийн аман хуулиар гадаад улсад томилолтоор ажиллаж байхдаа Донголын тухай ном хоёроос доошгүйг очсон улсаасаа авчирч, номын санд хандивладаг байсан. Тэр нандин өв бас л дуусаа. Тэгээд би дээр нь нэмээд хэлчихье. Номын санч гэдэг бол тухайн хэл дээр бичигдсэн номоо бүтэн уншсан судлаач хүмүүс байх ёстой. Тавиур дээрээс ном аваад уншигчид хүргэхийг бол одоо робот хийдэг болсон. Энэ шалгуураар авч үзвэл Монголд ялангуяа Монголын Үндэсний Номын санд нэг ч номын санч байхгүй. Номд хайртай хүн ажиллах ёстой юм шүү дээ, тэр газар. Нарийн яривал номд хайртай хүнд цалин ч сонин биш.

 

- Байзаарай байзаарай...

-Соёлын бодлогоо эргэж харъя аа. Зөв томьёолцгооё. Үндэсний номын сан бол судлаачдын номын сан байх ёстой. Нийтийн номын сан бол тэр яруу найрагч майрагч нь хийж болно. Ер нь ч тэгээд намын дарга нарын сонгуульд явдаг яруу найрагчдыг соёлын байгууллагын удирдлагаар томилох ёсгүй юм байна. Энэ номын санд зургаан захирлын нүүр үзэж, гурван удаа залагдаж очоод, хоёр удаа хөөгдөж, нэг удаа өргөдлөө өгч гарчээ. Өөрийнхөө хоёр дахь гэр орон болсон номын сангийн тухай муу үг унагах дургүй л дээ. Хэрвээ ингээд сөнөөх гэж байгаа бол газар нь ямар нэгэн ерөнхийлөгчид хэрэгтэй болоод, давхар давхар устгал хийх гэж байгаа бол гудамжинд гарахад бэлэн шүү л гэж хэлье дээ.  

-Таныг нэг олж уулзсаных хэл амыг нь татаж байгаад хэдэн сайхан асуулт асуучихмаар байна. Өнөөдөр ёстой чөлөө учрал нь бүрдээд ингэж уулзлаа гэж бодож байна.

- Өө, тэгээд танай утаатай хот, ууртай хүмүүсээс холхон ганцаараа баймаар санагдах юм байна шүү дээ.

- Уг нь бид их олон сэжмээр холбогддог. Танай дээдчүүл ч, манайхан ч бүгд адилхан Булганыхан. Бас Намхай аварга, Лувсанжамба аваргын гуч хүү. Манай Дашинчилэнгээс холгүй Хишиг-Өндөрийн бугын ферм дээр өссөн, танай авга ах Булган аймгийн Сайхан сумын Жамбалдорж гээд цуутай сайхан эр байв даа. Ах бид нар ёстой зузаан явлаа. Танайхан нэг тийм омголон, бадрангуй улс. Бодоход та ер нь ингэхэд Булганых гэж нутгархдаггүй юм байна шүү. Хүрээний хүн л гээд яваад байдаг.

- Эмээ их нөлөөлсөн л дөө. “Зуун лангийн жороо луус” гэж дуу дуулна. Богддоо л сүжигтэй. Манай бурхан тахилд хоёр эрвээхэй байдаг. Эрдэнийн чулуугаар хийсэн. Гэрийн шал доргиход л хоёр эвэр нь хөдөлнө. Бага байхдаа яагаад бурханы гүнгэрваан дотор амьд эрвээхэй байдаг юм бол гэж бодно. Их чамин. Богдын цамцаар эгч ах бидэнд бүгдэд нь адис хүртээнэ. Ах эгч хоёр теннис тоглохоор тэмцээнд явна. Ирж Богдын цамцнаас адис авна. Богдын өгсөн мөсөн чихэрийг дээжилж арвижуулаад, рашаан гээд л өгнө. Богдын буяныг эдэлж яваа улс гээд бидэнд ухаан орохоос итгүүлсэн. За, тэгээд маань хөгжөөнө. Эмээ бид хоёрын гол ажил шүү дээ. Би өвөөг өнгөрсний дараа жил төрсөн юм билээ. Тэгээд намайг өвөөгийн хойдох хэмээн үзэж,  “хүн хийнэ” гээд эмээ дэргэдээ авчихсан. Өвөө маань Гандангийн Дашчоймбол дацанд сууж байсан. Ах дүү хоёр аварга ах маань  Ханд вангийн хороонд, 1-р сургуулийн өмнөхөн хашаа байшинтай байсан юм билээ. Ингээд явахаар би дөрөв дэх үеийн хүрээний хүн болох гээд байгаа юм.

- Та бол эрдэмтэн Л.Хүрэлбаатар гуайн шавь. Тэгэхээр зүгээр ч нэг тохиолдлоор төвд судлал энэ тэртэй холбогдоогүй болов уу ?

- Эмээ минь “Сайн багш бол хүний гурван төрлийн багш нь байдаг” гэж хэлдэг байсан. Миний эмээ өөрөө Угалзын багштай ах дүүс, ойрын төрөл л дөө. Наваан гүдэнбэ, Дандар аграмба нарын шавь. Орой бүр багш нарынхаа солдивыг уншина. Би тэгээд л “Танай багш нар нас барчихсан байхад танд яаж тус болох юм бэ”  гэж асууна. Эмээ хариуд нь “Нүд анихтай зэрэг л зуурдад багшийн нигур тодроод, тэгээд л багшийнхаа дэргэд оччихно” гэдэг байлаа. Дунд сургуулийн пионер хүү, буддист итгэл үнэмшилтэй эмээ хоёрын дуэт. 10-р анги төгсөх жил эмээ минь таалал болохдоо “Сайн багштай болоорой. Энэ хоёр авдарт үлдээсэн жаал жуул юмаа эрдэм сурахад л зарцуулаарай” гэсэн. Тэр үед Ш.Чоймаа гуай монгол бичиг заадаг. С.Дулам мандаж байсан. Л.Хүрэлбаатар багштайгаа анх уулзаад л эргэлт буцалтгүй шавь нь болж багшид шүтэхээр шийдсэн. Тэгээд тэр үед авга ах, хүүхдийн мэс засалч Д.Авирмэд ахдаа л хэллээ. Би энэ хүнд шавь ормоор байна. Яг хуучны ёсоор шүү гэж. Ингээд авдарнаасаа их шавийн баранзад хадаг, тойгон ембүү, нэг зул бэлдээд очсон. Мэс заслын эмч нар баян гэж... Юм ховор цагт цүнх дүүрэн архитай. Авга ах минь намайг үндсэндээ батлан дааж байгаа юм. Төмөр замын шар байранд очлоо. Бурханд нь зулаа өргөлөө. Хадгаа барилаа. Багшийнхаа өлмийд гурав сөгдөж, ес мөргөлөө. Энэ чинь 1993 он шүү дээ. 30 жил өнгөрч байгаа юм байна.

 

- МУ-ын төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, Клиникийн профессор Д.Авирмэд биз дээ. Үнэхээр агуу эмч шүү.

- Тийм ээ. Миний авга ах.

- Д.Лувсанжамц гавжтай хийсэн бодикастаар багшийнхаа тухай ярихаараа л хоолой тань зангирч байгааг хараад дагаад уйлчих шахсан. Одоо хоёулаа ирээдүй цаг дээр ярья. Бид нэг үеийнхэн бие биенээ сайн мэднэ. Таныг шулуун шударга, чанга хатуу зантайг мэднэ. Гээд яахав. Ерөөсөө Богдынхоо тухай ярья тэгэх үү. Монголчууд энэ тухай ойлголтоор л ангаж цангаж байна.

- Танай сэтгүүлийн зай талбай хүрэх юм уу. Хөгшин нь нэг ном бичиж байгаа. Тоймлоод, цэгцлээд яриад өгч болно.

- Анзаараад байхад танаас нэг тийм бурханы шашнаа өмөөрч хамгаалдаг, судлаачийн гэхээсээ илүүтэй бурханы шашинтай монгол хүн ер нь нэг иймэрхүү байх болов уу гэмээр шинж байнга илрэн харагдаж байдаг л даа. Тэгээд хоёулаа энэ сэдвийн яриагаа юунаас эхлэх вэ. Богд, Далай лам, Банчин богд гурваас эхэлбэл ямар вэ. Үнэндээ энэ бол бидний мэддэг юм шиг атал мэддэггүй сэдэв гэх юм уу даа ?

- “Санваар хичээгч хаан” гэж буддын сонгодог утга зохиолд, түүхийн зохиолд нэг ойлголт байна. Аливаа улс нь төрийн хаан, шашны хаан гээд хоёр хаантай байсан бол нэг нь шашны сахил санваар эрдэм боловсролтой бөгөөд төрийг захиран явуулах хоёр үүргийг нэгэн биедээ үүрсэн. Хаант төр маш олон жилийн уламжлалтай. Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр уулын хажууханд Их мянган гээд нэг сүрлэг хайрхан бий. Энэ уулаар овоглодог Их мянганы Лашин хувилгаан Пэрэнлэйжамц гэж гэж лам хүн 1913 онд “Эндүү үзэгдлийг машид арилгагч шашин төрийн наран саран хосолсны гэрлийн гэгээ” гэж ном бичжээ. Тэр үед ч бас сөрөг хүчин байсан. Төвд хүн Монголын хаан боллоо. Лам хүн хаан ширээнд суулаа гээд л бөөн скандал болсон. Тэгээд энэ номдоо яагаад VIII Богд хаан ширээнд сууж, ”Санваар хичээгч хаан” болсныг тайлбарласан байгаа юм. Ингэхдээ Өндөр гэгээн, VIII Богд хоёр бол ”Санваар хичээгч хаан” юм гэж тайлжээ. Тэгэхээр нэг жаахан сунжирсан урт л юм ярина даа. Зүгээр үү.

- Яа Хан Жан гэж хятад судлаачийн “Далай ламын намтар”, “Банчин эрдэнийн намтар” хоёр номыг уншлаа. Тэсвэр тэвчээр шаардсан. Ёстой шахсан бяслаг шиг ном байна. Энэ гурван хүнийг багцлаад уншигч маш амархан ойлгохоор хэлээд өгөөч. Тэгж байж л сэдэв маань ирээдүй рүү явна шүү дээ.

- Монголд Бурханы шашин дэлгэрсэн цаг үе бол Чингис хаан түүний залгамжлагч нартай нягт холбоотой. МЭӨ II зуунд Ашока хаан Маурын эзэнт гүрнийг байгуулах үедээ 84 000 суварга шүтээн байгуулжээ. Жарун хашорын суварга гээд Непалд байгаа өнөөх нүдтэй суварга чинь тэр үеийнх. Буддын шашныг Грек, Ромтой хил хязгаар нийлтэл тэлэн дэлгэрүүлсэн. Булганы Могодоос олдсон Хүйс толгойн бичээс бол энэтхэг үсгээр монгол хэлээр бичсэн байгаа нь Ашокийн нөлөө Монголд хүртэл ирснийг нотолж байгаа хэрэг. Дараа нь МЭ VIII зуунд Төвдийн Соронзонгомбо хаан маш том буддын эзэнт гүрэн байгуулсан. Дараа нь Чингис хааны аян дайн бол үндсэндээ асар хүчтэй тэлж байсан муслимын ертөнцийн хил хязгаарыг тогтоон барьсан. Ингээд муслимын ертөнц, хятадын хооронд буддын эзэнт гүрний том газар нутаг буй болжээ. Хималайн уулсаас Ляодуны хойг хүртэл.

Энэ үед Энэтхэгийн Наландра, Таксилагийн их сургуулиуд Төвдөд салбараа нээсэн. Төвд рүү шилжсэн. Сажа, няма, гармава, гэлүгва, нямава гээд олон их сургуулиуд байгуулагдсан, тэдэнд ивээн тэтгэгч спонсорууд хэрэгтэй байсан. Монголчууд тэдний дунд “тендер зарласан”.

- Байзаарай байзаарай. Юун их сургуулиуд болоод явчихав аа. Бас юун тендер?

- Сүм хийд бол боловсролын байгууллага. Өнөөдрийн Кембриж, Оксфорд бол христийн шашны их сургуулиуд. Тэдний оюутнууд хар нөмрөгтэй. Манай Энэтхэгт сурч байгаа лам нар ч бас оюутнууд. Хүрэн, улаан шар оюутны хувцастай гээд хөнгөхөөн ойлгочихъё. Ямар ч их сургуулиуд оршин тогтнохын тулд тэргүүлэх чиглэлтэй байдаг. Тэр чиглэлдээ санхүүжилтээ авч оршин тогтнодог. Монголчууд Төвдийн их сургуулиудад “Чингис хааныг хэн дахин төрүүлж чадах вэ” гэдэг тендер зарлажээ. Санхүүжүүлжээ гэж ойлгож болно. Би “нүцгэн үнэн”-ийг нь ярьж байна шүү дээ. Бүдүүн тоймоор.

- За тэгээд ямар үр дүн гарсан бэ?

- Чингис хаан таалал төгссөнөөс хойших өнөөг хүртэлх улс төрийн ганцхан зорилго “Чингис хааныг дахин төрүүлэх”. Ийм мөрөөдөлгүй монгол хүн ч байхгүй. Хамтдаа дэлхийг эзэлнэ. Дээрэм тонуул хийнэ. Баян хүчирхэг болно л гэж явцгаасан . 1368 онд Юань гүрэн унахад монголчууд эх нутагтаа ирээд маш их ядарсан. Тэдэнд зэр зэвсэг, унаа мал байсангүй. Цэрэг байсангүй. Баян, сагсуу явсан монголчууд Чингис хаанаа санасан. Зүгээр нэг ёслол төдий байсан Чингис хааны тахилга ингээд шашин болжээ. I дүрийн Далай лам Гэндэндүвийг “Эзэн сан”-г зохиосон болов уу гэж таамагладаг. “Эзэн сан” ингээд Монголчуудын төрийн дуулал шиг монгол орон даяар дэлгэрсэн байдаг. Одоо ч уншигдаж байна.

            Төвдийн Бон урсгалынхан “Уулын орой дээр утаа тавиад, сан уншаад, утаагаар дамжуулаад Чингис хааныг буулгаж ирж болно” гэдэг аргазүй боловсруулсан.

            Нямава, гармава нар “Сахиус хэлбэрээр хүний биед оруулаад, Чингис хааныг буулгаж ирж болно” гээд Гүртэн чойжинг гаргаж ирсэн байгаа юм.

            Сажа ёсныхон бол “Төвдийн хааны алтан ураг, Монголын хааны алтан ургийн дундаас нууц тарнийн аргаар Чингис хааныг дахин төрүүлж болно” гэжээ.

            Гэлүгва нар “Чингис хаан бол өөрийн их сургуультай, өөрийн лам хувраг шавь нартай санваар хичээгч хаан болж төрж болно” гэсэн аргазүйг санал болгосон. Монгол гаралтай Зонховагийн цагаан сараар Молом ерөөл хурдаг энэ ёслол их утга учиртай. Утга учиртай учраас маш их дэмжлэг авчээ. За, хамгийн бүдүүн тоймоор ойлгоё гэвэл ийм юм.

- Далай лам, Банчин Богд, Халх Богд гурвын талаар ярья ?

-Умард Юань ч гэдэг, бага хаадын үе ч гэдэг. Хоорондоо байлдаад, гадагшаа ч байлдаад залхахгүй юу. Цахарын Лигдэн хаан өөрийгөө Чингис хаан гэж зарласан. Түмэдийн Алтан хаан, Ордосын Саган сэцэн, Хутагтай сэцэн хунтайж нар “III Далай лам”-ыг тодруулжээ. III Далай лам өөрийнхөө урдах хоёр Далай ламыг нэхэн тодруулжээ. IV Далай лам Ёндонжамц бол Чингис хааны алтан урагт төрсөн буюу Алтан хааны ач хүү юм. Өвөр Монголоос буюу Хөх хотоос Төвдийг захирч байлаа шүү дээ. Чингис буюу Тэнгис гэсэн цолыг бүр аугаа их болгож, “Далай” болгосон, ингэснээр Санваар хичээгч хаан болж байгаа юм. Ойрдын Төрбайх мөн адил өөрсдийн Чингис хааны хойт дүр буюу Санваар хичээгч хаан “Банчин богд”-ыг тодруулжээ. Манай Өндөр гэгээн бол 1635 онд Лигдэн хаан нас барснаас жилийн дараа Халхын түшээт хааны гэрт мэндэлсэн “Чингис хааны хойт дүр” буюу “Өндөр дээдэс”, “Өндөр гэгээн” юм. За, ингээд л ойлгочих.

 

- Тэгэхээр одоо Далай лам нь Дармасала-д, Банчин Богд нь Бээжинд, Халх Богд нь Улаанбаатарт байна. Бүгдээрээ монголчуудын буй болгосон тоглогчид гэж ойлгож ч болохоор ?

- Манж нар гарч ирээд, будилуулчихсан байдаг л даа. Эхэн үеийн манжийн хаад хүндэтгэлтэй хандаж байсан нь дараа дараагийн залгамжлагч хааддаа хууль мэт уламжлагддаг. За, энийг яривал бас их түүх. Зүгээр л Монгол гэж улс байгаа. Богдын үнэнч шавь нар, сүжигтэн олон нь байх газраа байгаа учраас мөн алтан соёмбондоо залбирч шүтэн амьдарч байгаа учраас Богд тодорч байгаа юм. Ингээд л ойлгочих. Тэгэхээр X Богд  бол “Чингис хааны хувилгаан дүр” юм. 1227 онд таалал болсноос нь хойших 797 жилийн цөхрөлтгүй идэвх чармайлт, оюуны  хөрөнгө оруулалтын үр дүн.

- Та яриагаа улам товчлоод явчихлаа. Дуусгахыг хүсч байгаа бололтой. Гэтэл асуулт маань дуусаагүй байдаг. Манайд орж ирсэн шашны тагнуулуудын тухай далд түвшинд их яригдаж байна. Тэд чухам ямар ашиг, ямар үйл хэргийн төлөө ажилладаг юм бол. Та энэ талаар юу мэдэх вэ ?

-  Далд тагнуул гэж юу байх вэ? Хувийн өс хонзон, бэртэгчин үзэл, атаа хорсол, бялдуучлал... Ийм л юм байгаа. Дэлхийн улс орнуудын тагнуул бол ард иргэдээ, гадны хүч нөлөөнөөс хамгаалах зорилготой байдаг юм билээ. Манай тагнуул бол яахав дээ. Ард иргэдээ л тагнаж чадна. Бүр гадны хүчинтэй хамтарч ард иргэдээ тагнана. Яллана. Зүгээр нэг хар ажилчин хятад, вьетнам хүн асуудалд ороход тухайн улсын элчин сайдын яам нь хамгаална. Харин өөрийн иргэд, бизнес хийж байгаа өвөр монголчуудаа мөрдөж мөшгөх бол манай тагнуулын гол зориолго. За, шашны тагнуул гэж ярих гэж байгаа бол барууны их дээд сургуулиуд ихэнх нь христийн шашны дэмжлэгээр хүмүүсээ сургаж байгаа. Оксфорд лав шашны сургууль. Энэтхэгийн Сэра, Гоман ч адил. Аль алинд нь суралцсан улсыг тэгээд тагнуул гэж үзэх үү? Монгол бол бүх шашин чөлөөтэй дэлгэрч байгаа ардчилсан улс гэж ойлгодог. Бүгд л шашнаа дэлгэрүүлэхийн төлөө УИХ-д ч сууж байна. Тагнуулын хардлага сэрдлэгэ гэхээсээ илүүтэй хэн ямар шашинтайгаа ил тод зарлаж, итгэл үнэмшлээ хамгаалдаг байх л жинхэнэ ардчилал шүү. Ийм хууль санаачилсан хүн лав 2024 онд найдвартай сонгогдоно. 

- Залуудаа та их сонин шүлгүүд бичдэг, хөдөлгөөнтэй харагддаг залуу байсансан. Одоо бичдэг үү ?

- Л.Хүрэлбаатар багшдаа шавь орох хүртлээ буюу 1993 он хүртэл л бичсэн. Багш хэлсэн “Усан шүлэг бичэх үү? Углуургатай судлаач болох уу? Номд саадтай. Шүлэг бичих, шүүмж бичих, болсон болоогүй хуралд, мэдсэн мэдээгүй илтгэл тавьж, араажив шиг бураад явав” гэсэн. Би хурал хуйнд очдоггүй. Судалж байгаа зүйлээ бас хамаагүй яриад явдаггүй. Диваажин, үхлийн утга зохиол ярьвал “Мөрөөдлийн баг”-т орчихно шүү дээ. Уралдаан тэмцээнд бол орж үзээгүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ дарвихдаа уншдаг. Нисванисынхан байна. Д.Галсансүх, Б.Бадрал байна. Дүү нартайгаа бас дарвина.

- Манай Батжаргалын Одгэрэл лам хүний тавиланг эгнэгт сонгон алхаж одсон. Өндөр дээд авьяастан, гайхалтай яруу найрагч болохоор нэг тийм харамсах сэтгэл төрдөг.

-Харин ч Б.Одгэрэл ёстой цэнгэлийн манлайд хүрсэн. Сэтгэлгээний эрх чөлөөгөө олж авсан. Яруу найрагч бол коммунизм хэмээх шашны лам нар юм. Бэлгийн бойжилт, хуял тачаалын шүлгээр хүнийг зүүдлүүлдэг. Яруу найраг нь ч, яруу найрагч нь ч хүмүүнлэг шинж чанараа алдчихсан. Яагаад Ромын пап ирээд, О.Дашбалбар багшийн шүлэгнээс эш татаж байна. Хүмүүнлэг байх. Хүмүүнлэгт уриалан дуудах, оройлон манлайлах л хамгийн дээд яруу найраг юм шүү гэж хэлж өгч байгаа юм.  

 

- Шинэ хамба бурханы номыг монгол хэлээр уншдаг болох тухай айлдсан байсан. Энэ их сонирхол татаад байгаа юм. Энэ талаар та бодлоо хэлэхгүй юу.

-  Ёстой сайхан загатнасан газар маажчихлаа байна. Тийм шүү. Урадын Мэргэн гэгээний хийд монгол хэлээрээ одоо ч уншиж байгаа. Өвөр Монголд бараг 15 жил судалгаа хийж, гороо хийлээ. Монголжин гэгээн сүм гэж Мүгдэнгийн наахна жижигхээн арал шиг монгол газар бий. Тэр газрын Монголжин гэгээн сүмээс сурах юм их байна аа. Монгол хэлээрээ номууд хэвлээд, сүмийнхээ үүдэнд үнэгүй. Суугаад уншиж болно. Авч явж уншчихаад буцааж авчраад тавьсан ч болно. Бүр аваад явсан ч болно. Гэртээ цэцэг авчраад, хийд орноо бол нов ногоон цэцэрлэг шиг болгоно. Дуртай нь ирээд, угааж цэвэрлэнэ. Японд олон хүн боловсрол эзэмшсэн. Япон Зэн-ий нөлөө ихтэй үлгэр авмаар газар бий. Монгол хэлэнд орчуулагдаагүй бурханы ном гэж байхгүй. Өвөр Монголын бурханы шашинтнууд бүгд крилл үсэгтэй. Гандангийн эргэн тойрны дэлгүүрээс номуудаа зөөж уншдаг. Жилдээ буддын шашны холбогдолтой орчуулгын болоод зохиолын 100-120 ном монгол хэлээр гарч байна. Орчуулгын чанарын асуудлыг сайжруулаад, жилдээ 1-2 номыг шагнаад, хэлэлцээд, явчихад л таван жилийн дотор бол бүрэн шилжиж болно. Энэ бол бэлэн дата байгаа учраас асуудалгүй. Энгийн улс ч лам нартайгаа адил эх хэлээрээ өдөр тутмын уншлагаа уншчихаад, эх монгол хэлээрээ номоо ойлгочиход бол амархан. Жинхэнээсээ хос бичигтэн буюу монгол бичигт шилжчихнэ гэсэн үг.  

- Төрийн дээд түвшинд ажилладаг шашны зөвлөх гэж ер нь ямар этгээд байвал зохилтой юм бэ. Үүрэг нь юу юм ?

-  Шашин гэдэг үг бол сургааль гэсэн санскрит үг. Энэ үгийг сонссон Монголын сэхээтэн бүр зугатна. Айна. Ярихаас татгалзана. Ерөнхийлөгч бүр “ард түмнээ амар амгалан байлгах” ариун үүргээсээ татгалзаад, сонгуульт хугацаандаа хэрхэн яаж тонон дээрэмдэх ажил л хийнэ. Худлаа “хууль”-ийн цаана нуугдана. Ийм бэртэгчингүүдэд ямар ч зөвлөх байгаад нэмэргүй. Будда өөрөө бууж ирээд ч тус болж чадахгүй. Би олон жил хэлж байгаа. Төрд ажиллаж байгаа хүн ямар шашинтайгаа ил тод зарла. Монголын хүн амын хэдэн хувь нь ямар шашинтай байгаа статистикийг үнэн зөв хийгээд зарла. 2024 оны сонгуульд оролцох “амлах”, “ам тангараг авах”, “худлаа ярих” хүсэлтэй хүмүүст хэлэхэд, “ард түмэн ухаантай болсон”. “Чингис хаан бол Монголын ҮНЭТ ЗҮЙЛ” гэж хүлээн зөвшөөрөх ийм хүмүүс л ард түмний дэмжлэг авч магад шүү. Хэрэвзээ Ерөнхийлөгчийн шашны зөвлөх гэж этгээд байх бол ямар ч шашнаас дээгүүр итгэл үнэмшил болох Чингис хаан. Монголд хөгжиж байгаа шашнууд Чингис хааны төлөө урилга уншлага хийдэг байх. Чингис хааны хөргийг сүм хийддээ залдаг байх. Энэ нь өөрөө Монголын төрийн гол зорилго юм. Ийм л ажил хийх ёстой гэж бодож байна. Хэрвээ шашны зөвлөх гэж байх бол шүү.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав