Арлааны Эрдэнэ-Очирыг танихгүй хүн Монголд байхгүй. Нэгэн үед төрж, нэгэн үед амьдарч нөхөрлөж яваа атлаа тэр бүр уулзан учирч, энгүүн сайхан яриа өрнүүлж амжихгүй явсаар саяхныг хүргэчихсэн нь сонин.

Манай Эрдэнэ-Очир бол сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, өмөг түшиг ханхлуулсан өвөрмөц хүн байлаа. Гунигтай, тэгсэн атлаа хачин гэрэлтэй.

Сэтгэл сааралтуулсан, болж өгвөл дөлж явмаар хүн байдаг даа. Түүний нөгөө талд өөрийн эрхгүй олноор хайрлуулж явдаг, уяран татагдмаар сайхан хүн байдаг. Арлааны Эрдэнэ-Очир бол тийм л хүн. Түүнтэй “Нар зөвийн Эх орон” уран бүтээлийн цэнгүүнийг нь угтаж ийнхүү ярилцаж байлаа. Гэрлээ жирэмсэн, бага охин нь хариугүй төрөх дөхчихсөн. Хөл хүнд бүсгүйг хүндэтгэх үүднээс хоёулаа тусгай зөвшөөрөл аван гал тогооны жижиг салхивч онгойлгож тэрүүгээр толгойгоо гаргаад тамхи татаж болно гэсэн тусгай эрх олж авсан гэж байгаа.

Бидний ярилцлага Open door сонинд нийтлэгдсэний дараа манай хүн нэлээн баярлачихсан залгаж байна. “Найз нь охинтой боллоо” гээд...Андын минь хамгийн сүүлд над руу илгээсэн зурвас өнгөрсөн гуравдугаар сард миний бие барагтайхан эмнэлэгт байх үед иржээ. Байн байн өвдөөд байгаад сэтгэл нь зовж байгаагаа бичээд надад буурын бохь гээч юм олж авчирч уулгаад, уруудан доройтчихоод байгаа дархлааг маань суга өргөх тухай тэр минь ихэд нямбай зөвөлгөө болгон бичжээ.Дархлаа гээч нь надад байхгүй болж нам ойчсон гэдэг нь түүний маань л тавьсан онош юм. Би олон жилийн өмнө Бавууд олж өгч байсан юм, ингэж ингэж уух ёстой гээд л манай хүн хөвөргөсөн байх юм. Бас монголыг явган туулсан Дамдинсүрэн гэдэг хурандаатай уулзсан тухайгаа зөндөө урт зурвас бичжээ. Тэр хүн агаарт аялж, алхах болсноор маш хүнд өвчнүүдийг даван туулж, мөн дархлаа нь гайхалтай сэргэж ирсэн тухай энэ зурвас нь мөн л миний төлөө хөвөрсөн байх.

Уйлмаар байна. Уртын дуу шиг, уулын бэл шиг, хээр тал шиг тийм гайхалтай эр хүн байж урвагч аятай ийм гэнэтхэн яваад өгөхдөө яахав дээ....Гэхдээ тэр ингэх хүн биш....Ямар гээчийн гайт дуудлага ирж тэр минь ийнхүү яаан дааран явж одов оо....Уйлмаар байна. Бидний сүүлчийн ярилцлагыг түүний шүтэн бишрэгчдэд зориулан нийтэлж байна. Хүлээн авна уу... Ум сайн амгалан болтугай.

 
 
-Монголчууд зохиолчдоо онцгой хүндэтгэдэг ард түмэн. Тэр дундаа тэдний хайрыг илүү их булаадаг, хүндэтгэл шүтээн дунд нь явдаг зохиолчдын нэгийг таныг гэж хардаг. Юун түрүүнд урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.

-Баярлалаа.

-Анх таныг ерэн оны “Найргийн даага” наадам дээр анх харж байсан санагдана. Та есдүгээр ангийн л сурагч байсан болов уу. Манай аймгийн утга зохиолын нэгдэл цуглаад л намайг тэр наадамд явуулах шийдвэр гаргаж байсан юм даг. Та яаж шалгарч хот руу ирж байв. Энэ үеийн дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Манай аймгийн утга зохиолын нэгдэл бас яг хагас сайн өдөр болгон цугладаг байлаа. Тэгээд л шүлгээ уншицгаана. Ярилцана. Миний уран зохиолын багш бол Хандын Цэрэндорж гэж хүн байсан л даа. Сүүлд хүний гавьяат эмч болсон. Тэгээд дал гаруй наслаад ноднин бурхан болчихлоо. Анх намайг тавдугаар ангид байхад миний ээжийн дүү, миний нагац эгч намайг багш дээр дагуулж очиж байсан юм. Ганц мэддэг зохиолч нь манай Х.Цэрэндорж багш байсан юм шиг байгаа юм. Тэгж намайг дагуулж очиж, би багштайгаа учирч байлаа даа. Тэр үед манай аймагт утга зохиол мэддэг, утга зохиолд хайртай хүмүүсийг нэгтгэж байдаг хоёрхон хүн байлаа. Нэг нь Б.Догмид ах, нөгөө нь Х.Цэрэндорж багш. Дараа нь Төмөрийн Дашбалдан ах нэмэгдсэн. 

-Хөдөө яг л тийм байсан. Хэдхэн хүн өөр зүйлсийн төлөө тэмүүлж, өөр өвчнөөр өвдөж, хэдүүлээ цуглаж хургаж...Одоо дурсахад үнэхээр гэгээн сайхан амьдрал тэнд л байсан юм шиг.

-Үнэхээр сайхан үе л дээ. Манай Х.Цэрэндорж багшчинь эмч хүн юм болохоор жижүүрт гарна. Би очоод хамт хонодог байлаа. Багшийнхаа хэлж өгсөн номуудыг уншина. Одоо Оросын яруу найрагчдаас тэр тэрийг унш гээд л. Ингэж л зүг чигийг маань олж өгсөн, миний хадаг барьж шавь орсон ганц багш маань л тэр хүн дээ. Манай аав бол намайг бас тавдугаар ангид байхад Балжирын Догмид ах дээр дагуулж очиж танилцуулж байсан юм. Аав нь хүүгээ нэг зохиолч хүнтэй танилцуулнаа гээд дагуулаад явж байсан. Тэгэхэд Б.Догмид ах аймгийн захиргаанд санхүүгийн хэлтэст ажиллаж байлуу даа. Үсээ өөрөө л толинд харж байгаад хяргачихсан болов уу гэж харагдаж байж билээ. Нэг тийм урт үстэй. (инээв) Тэгээд Б.Догмид ах надад даалгавар өгч байсан. 

-Ямар ?

-Чи зуныхаа амралтаар арван богино өгүүллэг бичиж ирээрэй, шүлэг бичээрэй, Жагдалын Лхагваагийн “Саарал даага” гэдэг номыг олж уншаарай гэж даалгавар өгсөн юм. “Саарал даага” гэдэг ном нь надад олдоогүй. Тэгээд ч хөдөөний хүүхдүүд бид чинь хичээл үнэн тарав уу, худлаа тарав уу бараг сургаар нь л гэр рүүгээ пар хийгээд л давхидаг байлаа ш дээ. Хөдөөнөөс ах ирчихсэн, мотоцикьлтэй хүлээж байгаад л аваад явна. Намар нь хичээл тулгаж байгаад яг 31-нд авчирч өгнө. Зусангаа хөдөө ах эгч, аав ээжийн гарын үзүүрт, малын захад явдаг. Зунжин л эмнэг даага, сарваатай ноцолдоно. Эрэлд явна, ус татна. Тэгж яваа хүн ямар юмных нь богино өгүүллэг бичих вэ дээ. (инээв) Бүр сүүлд бараг хорин хэдэн жилийн дараа Лхагваа ахын “Саарал даага” номыг олж уншиж байгаа юм чинь. Чиний асуусан нөгөө “Найргийн даага”-д явах шийдвэрийг манай аймгийн утга зохиолын нэгдэл бүгд шүлгээ уншицгааж байгаад шийдсэн. Өмнө нь 1989 онд энэ Г.Мөнхцэцэгийг “Хүрэл тулга”-д ирэхэд чинь би хамт ирсэн юм. Тэгтэл шүүгчид нь “Энэ ерөөсөө хүүхдийн шүлэг уншихгүй байна” гээд хассан. Би их зөнөг санаатай шүлэг уншсан учраас хасагдчихсан байхгүй юу. (инээв)

-Хөгжилтэй дурсамж байна.

-Тухайн үед нь Готовын Нямаа гуай“Пионерын үнэн” сонин дээр бичсэн байсан. Дорноговиос ирсэн энэ хүү ийм ийм шүлэг уншиж байна..гээд. Одоо надад хайчилбар нь байдаг юм. Тэгээд л дараа нь “Найргийн даага”-д бол Эрдэнэ-Очирыг явуулж болох юм байна гэж хараад намайг явуулахгүй юу. Даага болжээ, чи. Дааганы уралдаандаа явах ёстой юм байнаа гээд. 

-Тэр жил чинь хэн түрүүллээ?

-Ж.Батцэцэг эгч байна уу, хэн байна. Би чинь хоёр дахийг нь л авсан санагдаад байдаг юм. 1991 онд би ирж түрүүлээд, тэр орой нь Цэндийн Чимэддорж ах намайг тэндээс дагуулаад гэртээ авчирч байсан. Тэгээд манай говийн хүү байна гээд надад морины толгойтой хурдан морины хусуур өгч байсан юм. Өөрийнхөө “Малчин” шүлгийн нэг нугалбартай хамт. Одоо надад тэр хусуур байдаг юм. 

-Нээрээ л тэр үед анх өөрийн тань шүлгийг сонсоход нэг л их ертөнцийг үзчихсэн хүн шиг, наснаасаа ахадсан буурьтай шүлгүүд уншиж байсан шүү. Жишээ нь, Шатарын Энхбаяртай харьцуулахад хамаагүй том ах шиг төрх төлөвтэй.

-Хүмүүс тэгж л харж байсан юм билээ. 

-Тавдугаар ангийн хөвгүүн зохиолч болохыг мөрөөднө гэдэг сонин юм. Тийм насны тэр үеийн хөвгүүд сансрын нисэгч болно, жолооч болно, цэргийн дарга болно л гэдэгсэн. Та “гажиг” мөрөөдөлтэй хүү байж. Ингэхэд зохиолч болно гэж ер нь яагаад шийдчихсэн юм бэ?

-Яагаад анх шүлэг бичсэнээ би огт мэддэггүй юм. Гэхдээ миний аав ээжийн нөлөө их байдаг. Манай аав чинь гайхалтай сайн ерөөлч хүн байсан юм шүү дээ. Манай Улаанбадрахад шинэ гэр барихад, аймагт байдаг Улаанбадрахынхнаас шинэ гэр барихад бол манай аавыг л урьж шинэ гэрийн ерөөл тавиулдаг байсан. Ааваар л дуу эхлүүлж гэрийн найр эхэлдэг байлаа даа. Би гэдэг хүн зүүгдээд л аавыг хаа явсан газар хамт явдаг. Ерөөл хэлэхийг нь харж, дуулахыг нь сонсч л ингэж өссөн. Миний дурсамжид аавын минь ерөөл хэлж, улс амьтан бүр уйлж байхыг харж байсан олон тохиолдол бий. 1981 онд шиг санаж байна. Улсын начин Одсүрэн гуайнх шинэ гэр бариад аав ерөөл тавьж, зарим хүмүүс нь уяраад уйлж байж билээ. Аав маань их уянгатай, ном их уншдаг, шагай харвадаг, зураг сайхан зурна. Ямар л бол ямар хөгжим тоглоно тийм л хүн байсан. Жирийн нэг жолооч хүн шүү дээ. Намайг багад Улаанбаатарт дагуулж ирээд жүжиг үзүүлдэг, чуулгад концерт үзүүлдэг, цирк үзүүлдэг байсан. Нэг удаа чуулгад үзсэн концерт миний санаанаас ер гардаггүй. Би удирдаачийг нь харсаар байгаад л дуусгаж байсан. Бямбадорж гэж удирдаач байсан. Наяад оны дунд үе. Тэр удирдаачаас би их сурдаг. Зарим нь аан тийм гэж санадаг. Зарим нь мэддэггүй юм. Хачин гоё удирдаж байж билээ. Би тэр удирдаачийн гарыг харсаар байгаад л концерт дуусгаж байсан. Миний зохиолч болсон бол аавын минь л нөлөө байж дээ гэж би боддог юм. Аав маань надаас ямар нэгэн юм л эрээд байсан юм билээ л дээ. Аймагт жүжгийн дугуйланд оруулж үзээд л. Тэр үед манай театрт Э.Санчигдан гэж гайхамшигтай сайхан найруулагч байлаа. Аав очиж уулзаад жүжгийнхээ сургуулилтын үеэр хүүг минь үзүүлж харуулж байгаач гэж гуйгаад л. Тэрнийх нь ачаар би чинь аймагт театрт ордог үнэмлэхтэй хүүхэд байлаа шүү дээ. Тэгээд сүүлд нь Хөгжим бүжгийн сургуульд оруулна, морин хуурч болгоно гэж хот руу дагуулж ирсэн. Шалгалт өгүүлсэн. Аав маань Ардын жүжигчин Л.Жамсранжав ахтай их найз. Би багаасаа л тэднийхээр аавтай их ирнэ. 

-Тэгээд Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөөд яав?

-Төгөлдөр хуурч Цолмон гуайд шалгалт өгөөд тэнцсэн л юм даа. Гэхдээ яг сонсголоороо тэнцсэн үү, том жүжигчин хүн нөлөөлж арын хаалгаар тэнцсэн үү мэдэхгүй. Орохоор боллоо. Гэтэл үсийг маань засна гээд. Бүр жижиг болгоно гээд. 

-Хөөх, тавдугаар ангидаа л урт үстэй байсан юм уу?

-Ургуулах л сонирхолтой болчихгүй юу.

-Яагаад тэгсэн юм бол оо?

-Үгүй яаж мэдэх вэ дээ. Энэ дэлдэн чихнээс л болсон байх. (инээв) 

-Та дэлдэн юм уу?

-Дэлдэн ш дээ. Тэгээд хотод байхад аав надад “Үүлэн цэнхэр хангай”-г сонсгоод мөн ч сайхан дуу гарчээ гээд л. “Үүлэн цэнхэр хангай” дөнгөж гарч байсан. Үг нь ямар гоё юм бэ. Үүл гижигдэн найгасанАрын номин шугуй... гээд л “Үүлэн цэнхэр хангай”-гаав маань дагаж дуулаад, их гоё дуу шүү. Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг гээдярьж явсан нь санаанаас гардаггүй. Ингэж л өслөө дөө. Үнэндээ би зохиолч болно шүү гэж өөрөө хатуу бодож төлөвлөж байсангүй. Миний аавын хөх уянга л хөтөлсөн хэрэг. 

-Тэгээд намар нь Хөгжим бүжгийн сургуульдаа ирээгүй юу?

-Аавыгаа дагаад л буцсан. Ахиж ирээгүй. 

 

-Таны аав Арлаан гэдэг содон нэртэй. Энэ яг ямар учир бэлгэдэлтэй нэр вэ. Бас насан турш аавынхаа нэртэй хамт дуудуулж явдаг хүмүүс их цөөхөн байдаг. Жишээ нь, таныг авгайлахдаа үргэлж Арлааны Эрдэнэ-Очир л гэдэг.

-Нээрээ тийм шүү. Намайг зүгээр л Эрдэнэ-Очир гэвэл хүмүүс танихгүй. Аав надад нэрнийхээ тухай огт ярьж байгаагүй. Харин гурван үеийн намтраа надад бичиж өгсөн. Би өөрөө л аавынхаа нэрний эрэлд гарч үзсэн. Хүмүүсээс их асуусан. Хинди маягийн эрдэм ном дэлгэрүүлэгч гэсэн утгатай нэр юм шиг байна лээ. Манай аавын аав бол энэ олон хүрээний хийдийн том лам хүн байсан. Нутгийн настай лам нар сүүлд надад өвөөгийн маань тухай их ярьж өгдөг байсан юм. Олон хүрээний хийд Аргалант гэдэг газар төвлөрч байхад л манай тэр өвөг эцэг гадаалж явж байгаад л миний аав төрсөн юм билээ. Тэгээд хүүгээ төрөхөд өгсөн нэр нь Арлаан гэдэг нэр байсан юм билээ. 

-Та бол өөрөө айлын том хүү юу?

-Тийм. Би айлын ууган хүү. Дороо дөрвөн дүүтэй. Би багадаа эмээ дээрээ үргэлж байна, тэгээд л хамаатан садангуудынхаа настайчууд дээр их байдаг сонин хүүхэд байсан л даа. Яагаад ч юм хөгшчүүлд их хайртай хүүхэд байсан. Манай тэр Аргалантын суурин дээр дандаа хөгшчүүд байсан байхгүй юу. Би тэгээд буурай эмээ дээрээ оччихно. Тэгээд л тэдэн дээр байж байдаг. Тэр хөгшчүүдийн маань дүр төрх бүгд одоо миний сэтгэлд явдаг. Жаахандаа би хүмүүсийг хөгшрөхөөр нь л энэ Аргалант гэдэг газар л авчирдаг юм байна гэж боддог байсан. Оршуулгын газар нь тэр баруунтайхан нь байдаг. Жаахан хүүхэд би тэнд л тэгж анх хүний үхэл гэдэг юмыг анх мэдэрч байсан. Нөгөө хэдэн бөөвгөр хөгшдийн маань нэг л бурхан болно. Суурин тэр чигээрээ чимээ аниргүй болж, хэдхээн хүн ирж ажил явдлыг нь чимээгүйхэн хийчихээд явчихна. Тэр явдлууд, тэр зураглалууд надад их сонин санагддаг байсан. 

-Нүдэнд харагдаж байна. Тэгээд л та багаасаа их буурьтай хүүхэд болчихсон байх.

-Яахавдээ, хүний харж мэдэрч өссөн юм тэр хүнтэй л хамт явдаг юм байна л даа. Дээрээс нь хөдөөний хүүхэд болохоор багаасаа догь сууна. Манай өвөө, ах нар маань бүгд нэгдлийн адуу малладаг байсан юм. Хэдэн зуун адуу маллана. Ёстой эмнэг даага, сарваан дунд чинь тачигнаж өсч байгаа юм чинь. Дуртайгаа барьж унана. Бас тэрүүхэндээ хэвлүүхэн хөөрхөн уурга барьчихна. Гайгүй зүгширчихсэн даагыг хосоор нь унаж энэ тэр гангарна. Хөтөлгөө даагатай айл майлаар буухыг бодно. Жаахан хүүхэд байхад ах нарыг л дуурайхын өвчин шүү дээ. 

-Бие даасан эр хүн харагдах гээд байдаг.

-Тийм. Ах нарыг л их харна. Их дуурайна. Нутгийн гоё гоё ах нар харагдана. Тэднийг хараад бас тэрүүхэндээ жижигхэн дүр эсгэж явахыг хичээдэг хүү байсан. Аль болох хол газар явж мал сураглахыг бодно. Хонинд бараг явахгүй л гэж үзнэ шүү дээ. Тийм ойр зуурын юм бас хийхгүй санаатай. (инээв) Алдсан тэмээ энэ тэр байвал арай нэг хол айлаас очиж асуугаад ирэх юмсан, тийм ажилд л тохоогдох юмсан гэж хичээнэ. Тэгээд хэрэв яваад ирвэл нэг их хол эрэлд яваад ирсэн хүн шиг уяан дээр бууж энэ тэр...(инээв) Тэр үеийн байдлаа бодоод инээд хүрч суудаг юм. 

-Гоё юм аа. Ер нь хол ганцаараа явна гэдэг чинь мөрөөдөлтэйгөө, бодолтойгоо хамт явна гэсэн үг. Гайхалтай эрх чөлөө юм даа. Тэгэхээр таны тэр хичээлт үнэхээр чухал зүйл л дээ.

-Тэгэлгүй яахав. Өөрөө нэг дүрд орчихсон додьгор явах нь их гоё ш дээ, гадна талаасаа. 

-Б.Догмид ах та хоёр нутгийнхаа ах нарыг л их гоё ах нар байсан гэж ярьж бичдэг. Бас эгч нар нь ч Монголын хамгийн сайхан хүүхнүүд л тэнд хурсан юм шиг. Говийнхныг хараад байхад биднээс нэг их ялгараад байх юмгүй л харагддаг. Үнэхээр тийм гоё сайхан ах нар, эгч нар байдаг байсан юм уу. Одоо хүртэл та нарын хувьд дүр хэвээрээ байхыг бодоход асуумаар санагдаад байна?

-Бусад нутгийнхаас тийм сондгой онцгой биш байх л даа. Бидний олж хардаг нүдэнд ч байж болох. Ер нь нутаг нутагт л сайхан үеүд, сайхан хүмүүс байдаг. Гэхдээ манай нутгийн ах нар сайхан, эгч нар сайхан. Ер нь манай нутгийнхан охиноо нэг цэргийн алба хаасан хүнтэй суулгачих юмсан гэдэг байсан. Нэг тийм бодолтой. Албаа хаагаад, эр бие жагсаад, юм үзээд ирсэн хүнд охиноо өгөх юмсан гэх маягтай. Ийм яриаг би хөгшдийн дундаас нэг биш удаа сонсож байсан. Бага байхад хол явж юм үзсэн юм биш тэр орчиндоо л хол явсан, холоос ирсэн гоё хүмүүсийг л харж өснө шүү дээ. Цэргээс ирсэн ах нар шиг гоё улс хаа байхав. Ер нь хөдөөний хүүхэд ах нараа харж л өсдөг л дөө. 

-Ерээд онд залуусын шүлэг нийтээрээ нэг л их гэрэл үсчүүлсэн цайлган бадгууд байхад Арлааны Эрдэнэ-Очирынх дөлгөөн, маш тогтуун. Тэгсэн атлаа хүний сэтгэл рүү урсаж ордог шүлгүүд байдагсан. Арга барил, хэлбэр хийц...энэ бүхнээ та тэр эрт яаж олж байв?

-Би чинь өөрийгөө олсон хүн гэж хэлэхэд бас их хэцүү ш дээ. Хүүхэд байх үед шүлэг бичих их амархан юм шиг санагддаг байсан. Олон жил өнгөрөх тусам хамгийн хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгосон. Одоо л Арлааны Эрдэнэ-Очирын зам харгуй гэж байх бол тэрний үзүүр дээр ирсэн байна л гэж харж байна даа. Түүнээс биш өөрийгөө олсон гэж хэлэхгүй. Олно гэж байх ч үгүй байх. Гэхдээ би өөрийнхөө шугамнаас, миний нутаг ус, эцэг эх, өвөг дээдсийн өгсөн тэр юмнаас би хазайхгүй. Юуны ч тухай бодсон бай, цагийн аяс яаж ч хувирсан бай миний сэтгэлээс ерөөсөө хазайхгүй. Хүмүүс сэтгэхүйн юм бичнэ, сэтгэхүйн уран бүтээл л үлдэнэ гэж ярих нь бий. Тэр гол юм биш ээ. Надад бол сэтгэхүйгээр бичих их амархан гэж боддог. Яаж ч бичиж болно. Сэтгэхүйгээр тоглох их амархан. Харин сэтгэлээр оролдох бол их хэцүү шүү. Өөрийнхөө сэтгэлээр оролдох бол бүр хэцүү. Өөрийнхөө сэтгэлийнхээ зоргыг дагахгүй бол өөр тийшээ явж магадгүй. 1989 онд нөгөө бид хэдийг наашаа ирж байхад Х.Сампилдэндэв ах намайг тэр олон яруу найрагчдын дунд шүлэг уншиж байхад хэлж байсан. “Энэ хүүхдүүдээс Арлааны Эрдэнэ-Очир гэж авьяастай байж магадгүй хүүхэд байна. Гэхдээ энэ хүүхэд бол Б.Лхагвасүрэнгийн хашаан дотор гэрээ барьж байгаа хүүхэд байна” гэж хэлсэн байхгүй юу.

 

-Гайхдаг л байсан юм. Хайр гэдэг бол жишээ нь, хүнтэй цуг л,хамгийн сүүлд амьсгаа татахад л дуусдаг зүйл байх. Тэр том сэдвээр гэхэд аль эрт амьдралыг таньчихсан хүн шиг бичдэг байсан.

Зоргоор зоргоор аашиллаа чхоёр заяа нийлэхгүй нь
Зовлонтойхон хайраа амраг минь битгий дурсаарай
Орой хожуу учралын хүйтэн бороо татрахгүй нь
Одоо хоёулаа салъя, алдрай минь битгий уйлаарай!

Лимбэний есөн нүхэн дээр хуруу минь бүжихээ больж
Лимбэний есөн нүхэн дээр есөн шувуу суулаа
Туниж гуниж дассан чи бидэн хоёрыг
Туурга нэгсэхгүй гэх шиг шаргал өдөө сэгсэрлээ

Уйтан хайтан цэцгэн дээр шөнийн жавар унавал хө
Уйлж санасан чиний нүд цээжин дотор сүүмэлзэнэ
Ягуухан гийх үүрээр алтан хараацай нисвэл хө
Яруухан нэг эгшгийг нарнаас хөтлөн ирнээ

Ай хүү минь чи бид салах цаг боллоо
Аз жаргалын харшийг тусдаа босгох боллоо
Домог шиг мөнхрөх хайрын ягаан пансан алчуураар
Дорнын цагаан саран доор нулимсыг чинь арчиж өгье дөө..
.гэх мэт.

Та амьдралынхаа аль үед хайрын тухай хамгийн сайн шүлгүүдээ бичиж байсан бэ?

-Хайрын шүлгүүд одоо ч бичиж л байгаа. Би өөрийнхөөрөө л байсан. Шүлгийнхээ аясыг дагаад л. Жишээ нь“Ангир жиндэх намар” гэдэг дууны үгийг би долоон жил хийж байгаа. Гуравхан бадаг дууны үгийг. Гэтэл тэр “Голын тохой дээр”, “Шанзны аялгуу” энэ тэрийг нэг дор л бичиж байсан. Дан хайрын шүлгийн ном гаргая гэж бодоод л яваа юм. Хайр бол мөнхийн сэдэв. Ямар нэгэн бүсгүйн сайхныг харахгүйгээр, ямар нэгэн бүсгүйд дурлахгүйгээр амьдрах гэж байхгүй болов уу. Байвал их л гунигтай амьдрал байх биз. Амьдрал гэж ч нэрлэхэд хэцүү байх. 

-Надаас аятайхан залуу гэрийн чинь гадаа хүлээж
Насны чинь ханьд би чамайг хүргэж өгч билээ...
гээд нэг шүлэг бий. Улиралтайгаа, үдэштэйгээ, гурвын гурван хүний дүр зогсоогоороо харагддаг. Жижигхэн шүлгэнд энэ бүхнийг яаж багтааж хийдэг юм бол гэж их боддогсон.

-Орж ирсэн л шүлэг. Зарим шүлгийг их бодож бичдэг бол заримыг нь огт бодохгүй. Сэрэл мэдрэмжээ л дагаж явдаг хүн шүү дээ. 

-Улирлаар бол ямар үед ихэвчлэн бичдэг вэ?

-Би намар л их бичдэг. Намар би бараг нойргүй болчихдог. Ер нь аливаа юман дээр нэг хэсэг суух юм бол нойргүй суудаг. Гоё юмбодох юм бол би нойргүй. Одоо би нутаг руугаа номын жин тээх гээд байгаа юм. 2012 онд би зүүдэлсэн юм. Нутагтаа тэмээгээр ном тээж очиж байна гэж. Ноднин явах гэтэл шүлхий өвчин гарч хоригдоод, энэ жил болохоор цас орсонгүй. Гурван мянга гаруй ном цуглуулчихаад байна. 

-Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог ах бүхэг тэрэгтэй ном тээж бас хөдөөгүүр явж байсан. Таны наад тэмээн жинтэй ном тээнэ гэдэг их гоё санаа байна.

-Бодоод л байгаа. Намар л явна даа. Ноднин манай сумынхан арван цагаан тэмээ бэлдсэн. 

-Танай говиор би сая яваад ирсэн. Хар тэмээ, улаан тэмээ ихтэй юм билээ.

-Тийм. Цагаан тэмээтэй. Цагаан тэмээ учиртай амьтан шүү. Манай Бавуугийн бичсэн тэр Амар болоочийг ачсан цагаан тэмээ...гэдэг жишээ нь их учиртай үг ш дээ. Гучин гуравтай эрчүүд Монголын их амар амгалан...энэ тэр бүгд маш нарийн учиртай.

-Ц.Бавуудорж та хоёрыг сайхан нөхөд гэдгийг мэднэ. Анх хэзээ танилцаж байв?

-Бид хоёр анх Дуурийн театр дээр танилцаж байсан юм. 1991 онд бил үү дээ, Чөлөөт зохиолчдын холбооны зохион байгуулдаг Ноён хутагтын нэрэмжит яруу найргийн наадмын анхных нь наадам болж, тэрэнд оролцохоор ирээд анх уулзсан нь тэр. 

-Ер нь яруу найрагт санаа, гүн утга, философи хэрэгтэй юм уу. Сэтгэл хөдлөл л чухал биш үү?

-Хайрын шүлэгт нэг их ухаан хэрэг байхгүй. Хайр сэтгэлд ухаан зарна гэж угаасаа ямар юм байх вэ дээ. Ухаан их оролцвол муу санаатай хайр л болох байх л даа. (инээв) 

-Инээд хүргэчих юм аа.

-Үнэн биз дээ. Дотуур тамиртай хайр гэж нээрээ юу байх вэ дээ. 

-Ер нь та нууц амрагийн тухай шүлгүүд яагаад бичдэг байсан юм бэ. Тийм жаахан хүү байж.

-Бүү мэд. Хайрыг бас л нэг зовлон гэж мэдэрсэн юм болов уу даа. Тийм л зовлон байдаг байх гэж төсөөлсөн байх. 

-Таны Дэндүү хар нүднээс ямар нулимс гардагийг хармаар, дэргэдээн чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдана...гэсэн нэг шүлэг байдаг. Тэр шүлгийг тань садист гэж шүүмжилсэн байхыг уншиж байсан юм байна. Та өөрөө юу гэж боддог вэ?

-Тэр бол садист шүлэг биш. Ёстой жинхэнэ хайрын шүлэг. Өөрийнхөө шүлгүүдээс тэр шүлгээ би жинхэнэ хайрын шүлэг гэж боддог. 

-Ц.Буянзаяагийн
Тэр бүсгүй бушуухан эмгэн болоосой
Тэгвэл нэг бах минь ханана..
 гэсэн шүлгийг их садист шүлэг гэж боддог юм. Шазруун, шартай Буянзаяа харагдаад инээд хүрдэг байж билээ.

-(инээв) Бас л хайрын шүлэг. 

-Хүний уран бүтээл нас дагаж хэрсүүжиж явдаг байна уу. Эсвэл залуудаа ч гэсэн гайхалтай шүлгүүд бичиж байсан юм шиг бодогдох юм уу?

-Би нэг их гайхалтай шүлгүүд бичиж байсан юм байхгүй ш дээ. Гэхдээ яахав би 2000 оноос хойшх шүлгүүдээ арай гайгүй юм уу гэж боддог. Ерээд оны дунд үеийн шүлгүүддээ бас их хайртай байдаг юм. 

-Цагийн салхинд эвдэрч элсэн зохиолчид цөөнгүй байдаг. Таныг энэ бүхнээс ангид биеэ авч явсан гэж хардаг. Ерөнхийдөө зохиолчдын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь жаахан буурсан гэж зарим нь үздэг. Та юу гэж боддог вэ?

-Би бол байгаагаараа л байгаа хүн.Нэг их өөрийгөө цэндэггүй. Хүмүүс тэгээд харчих болов уу, ингээд ойлгочих болов уу гэсэн болгоомжлол надад байхгүй. Архи уусан ч муу санаатай уудаггүй. Яахав дээ манай зохиолчдын байгаа нь өөрөө дэндүү ил болохоор хүмүүс янз бүрээр л хардаг байх. Миний нэг шүлгэнд байдаг. Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй гэж. Би хүмүүсээс муу юм ерөөсөө олж хардаггүй. Гэгээ л түүж явдаг хүн.

-Яруу найргийн тэр их шуугиан дунд өөрийгөө хадгалж авч гарсан хүний нэг болохоор таныг их чамбай хүн болов уу гэж боддог юм. Бас л шатаад дуусч болох л алдар нэрийг эрт олсон хүн шүү дээ.

-Чамбай хүн гэхэд хэцүү л юм даа. Надад яруу найрагчийн хувьд өөртөө тавьсан нэг хэмжүүр, үнэт зүйл байгаа. Тэрнээсээ л гажихгүй явахыг хүсдэг. Дотоод сэтгэлээ цагийн салхинд тавиад туучихгүй юмсан гэж. Үргэлж хичээхгүй мөртлөө энэ багана миний дотор эгцхэн л явдаг. Цаг үеийн, бухимдлын юм уу тийм нэг сүржин шүлэг би ер нь бичсэнгүй. Гэхдээ миний дотор байнга л эх орноо гэсэн хөндүүр байдаг. Тэр хөндүүр бол байнга надтай хамт явдаг. Өөрийн мэдэлгүй миний шүлгүүдэд тэр хөндүүр маань илэрсэн л байдаг. 

-Хорвоогийн бүх юмс үзэгдэл дотроос юу таныг их хүчтэй шийдвэр гаргуулж байсан бол.

-Би өөрийнхөө зоригийг л их дагасан. Би ер нь их эрхийн солиотой хүн байхгүй юу. Багаасаа л тийм. Аав ээж хоёр минь их эрх өсгөсөн. Миний сэтгэлээр их оролдож өсгөсөн учраас тэр сэтгэлийнхээ эрх зоргийг бол би яг сул тавьсан хүн байгаа юм. 

-Оюутан байхад Эрдэнэ-Очирт тийм охин дурлаж гэнээ, тэр сургуулийн тийм охин сайн болж гэнээ л гэж дуулддаг байсан. Та нар чинь нэр алдартай, олонд танигдсан тухайн үедээ одууд байлаа шүү дээ. Одоо ч гэсэн бүсгүйчүүд танд онцгой сайн хандаж байгаа нь мэдрэгддэг. Та ер нь сэтгэлийнхээ тэр дур зоргийн хөлд хэн нэгнийг гомдоож шархлуулж байсан уу?

-Хүн хүн гомдоохгүй байна гэж байхгүй л дээ. Гомдсон хүн бий. Байгаа. Гэхдээ он жилүүд өнгөрөх тусам миний дотроо гомдоосон болов уу гэж бодож явдаг хүмүүс цайраад байх шиг л надад санагдаад байгаа юм. Харин ч бүр эсрэгээрээ эргэсэн нь мэдрэгддэг. Би тэгж л хардаг юм ш дээ. 

-Шатарын Энхбаяр, Гомпилдоогийн Мөнхцэцэг та гурав нэг ангийнхан. Та гурвын “Бэхэн цэнхэр өдрүүд” гэж ном бичиж байсныг санадаг юм. Шүлэг бичдэг хүүхдүүд нэг ангид байх ямар вэ. Та нарын нөхөрлөл одоо ч хэвээрээ юу?

-Бид нарын тэр “Бэхэн цэнхэр өдрүүд”-ийг их өхөөрдлийн нүдээр харсан юм. Есдүгээр ангийн гурван хүүхэд ийм ном гаргахаар. Их тийм өхөөрдөж бид нарыг харахгүй юу даа. Түүнээс биш тийм сүрхий ном биш. Гэхдээ их л дурсгалтай санагддаг юм. Одоо манай Ш.Энхбаярын хоёр ном гарах гэж байна. Манай арван жилийн ангийнхан чинь их сонин хүүхдүүд байсан. Гучин хэдээс арван хэд нь шүлэг, өгүүллэг бичдэг хүүхдүүд байлаа шүү дээ. Анги дааж байсан багш нар маань дандаа хэл уран зохиолын багш нар, уран зургийн багш нар байсан. Тэд маань их нөлөөлсөн л дөө. Би бол математикт их сайн хүүхэд байсан. Хичээлдээ гайгүй. Математикийн олимпиадын аварга хүн шүү дээ. (инээв) Тэгээд шүлэг бичээд л явчихсан. 

-Таны үс засалт маш олон жил нэг хэв маягтай явлаа. Өөрчлөх бодол төрдөг үү?

-Үгүй. Нэгдлийн адууны дэл сүүлийг ачихаар ямархуу юм харагддаг билээ дээ. Тэрэн шиг л юм болох байлгүй. 

-Ерээд он гэх үеийн тухай таньтай ярихгүй өнгөрөх аргагүй юм.

-Манай үеийнхэн бол их хүчтэй үе л дээ. Бид анх маш олуулаа байсан шүү дээ. Зарим нь ертөнцийн мөнх бусыг үзсэн байна. Зарим нь яруу найргаасаа өөр юм хийгээд явчихлаа. Үлдсэн нь өөр өөрийн зам мөрийг хөөлөө. Өөр өөрийн зам мөрийг тод үлдээж чадах ч юмшиг байна. Дөч гараад ирэхээр аяндаа л харагдаад ирж байна л даа. Манай үеийнхэн чинь их сонин ш дээ. Бие биенээсээ их ондоо. Өөр өнцгөөс харахад бие биенээ ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй юм уу гэмээр хурц өнцгүүд байдаг. Гэтэл бие биенээ дэндүү хайралдаг ийм үе өөр байхгүй байхаа. Би одоо залуучуудад хэлдэг юм. Та нар бие биенээ хайрлах хэрэгтэй шүү гэж. Танай үе шиг нэг нэгэндээ хайртай үе алга гэж залуучууд надад бас хэлдэг. Нэгийг нь янз янзаар хэлбэл манай үе шиг нийтээрээ өмөөрдөг, биенээ юу гэмээр ч юм тийм тунгалаг хайраар хайрладаг үе байхгүй л дээ. 

-Ж.Болд-Эрдэнэ энэ тэр бол яг ерээд оныхон гэх тэр үед хамрахгүй байх аа. Би л тэгж хардаг юм.

-Ж.Болд-Эрдэнэ, Х.Бүрэнтогтох, Ш.Уянга эд нар бол дээд үеийнхэн л дээ. Би ч бас тэгж хардаг. 

-Багшийн дээдэд танай анги гэж “задарсан” анги байсан. Тэр ангид та яаж орж байв?

-Г.Мөнхцэцэг бид хоёр чинь аравдугаар ангийн хавар сургуулиа эрт авчихсан, хуваарь нь тодорхой болчихсон хүүхдүүд байлаа ш дээ. Конкурс энэ тэрийн үеэр бид хоёр шиг санаа амар хүүхдүүд байгаагүй. Аравдугаар ангид байхад утга зохиолын анги нээх тухай яриа хэлэлцээр хийгдэж тэгж шийдэгдэж байсан. Галаа багш (Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмжлэгч Д.Галбаатар) хойно сурч байсан байх. Ш.Цэнд-Аюуш гуай Зохиолчдын хорооны дарга байсан. Горькийн сургуульд хүмүүсээ явуулж чадахаа байгаад дотооддоо анги нээж байсан нь манай анги л даа. Манай ангиас хэн нь ч уран зохиолоос өөр замаар яваагүй. Манай Н.Пагма энэ тэр бол маш сайн яруу найрагч шүү дээ. Бүгд өнөөдөр сонгосон зам дээрээ л байгаа. Манай анги чинь үнэхээр сонин анги. Цас орохоор, бороо орохоор хаяад л гараад явчихдаг байсан. Хаврын анхны бороо ороход хэн ч хичээл зааж байсан пирхийгээд л гараад явцгаачихдаг хүүхдүүд байсан. Багш гайхаад л үлддэг. Тэгээд л гудамжаар хэдүүлээ алхана. Шүлгээ уншаад л бороон дундуур алхана. Анхны цас орлоо л бол бид гараад л явчихдаг. Их ч үймүүлнэ. Цуутай анги байсан л даа. 

-Таныг Х.Сампилдэндэв гуай Б.Лхагвасүрэнгийн хашаанд гэрээ барьж байгаа хүүхэд байна гэж хэлэхэд та эмзэглэж байв уу?

-Наймдугаар ангид байхад анх Лхагвасүрэн гуай манай аймагт ирж байсан юм. Тэгж анх танилцсан. Анх уулзахдаа би аймгийн номын сангаас “Уянгын тойрог”-ийг аваад аль хэдийнэ уншчихсан байсан. Бүр нөлөөнд нь автчихсан. Бичиг мэдэхгүй эмээдээ хүртэл би “Боржигоны бор тал”-ыг цээжээр уншиж өгөөд уйлдаг хүүхэд байлаа ш дээ. Лхагвасүрэн ахыг очиход би номын сангийн номон дээр гарын үсгийг нь зуруулж байж билээ. Өө, номын сангаас туучихсан байна ш дээ гээд гарын үсгээ зурж өгч байсан юм. Унаган насандаа сойсон хүлэг чинь уртын замдаа сайн яваг, тоосыг чинь харж суугаа тоотой хүний нэг шүү би гэсэн үг бичиж өгч байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгж их нөлөөнд нь автаж байсан хүн чинь өнгө аяс нь шингэсэн шүлэг бичиж байж л дээ. Тэгээд л Х.Сампилдэндэв гуай тэгж хэлсэн хэрэг. Хожим нэг таараад би хэлсэн. Айлынхашаанаас нүүсэн шүү, Сампил ахаа гэж. (инээв) Тэр үед надад хэрэгтэй үгийг л тэр хүн хэлж байсан. Би тэр үгнээс хойш бүх хүнийг уншиж эхэлсэн. Орос монголгүй уншсан даа. Өөрийн өнгө төрхөө олоход түүний үг надад үнэхээр чухал хөшүүрэг болсон.Ер нь манай үе их азтай үе. Уран бүтээлийн их эрх чөлөөн дунд бойжсон. Их ч хайрлуулсан. 

-Яруу найргаар эхлээд хожим үргэлжилсэн үг рүү ордог нэг зүй тогтол шиг юм байх юм. Би хувьдаа үүнийг ойлгодоггүй. Алба биш гэж боддог. Та юу гэж боддог вэ?

-Алба биш л дээ. Би бол уран бүтээлийн тийм шилжилт хийгээгүй байгаа хүн. Гэхдээ өгүүллэгийн ном гаргах юмсан, нэг туужийн ном хийх юмсан гэж боддог. Нэг л зориглохгүй байгаа юм. 

-Гэхдээ аль төрөл илүү хэцүү вэ?

-Хүүрнэл зохиол илүү хэцүү.

-Шүлэгнээс үү?

-Хэцүү байх. Ажиллахад их түшигтэй төрөл юм шиг санагддаг. Би уран бүтээл дээрээ их болгоомжтой ханддаг болж байгаа. Магадгүй энэ нь тийм ч хэрэгтэй зүйл биш байж болох юм. Яруу найргийг баяртай гэж бол би хэзээ ч хэлэхгүй. Миний амьдралд тийм юм тохиолдохгүй байх. Дурсамжийн ном хийх бодол надад их байна. Олон сайхан гэрэлтэй хүмүүс байхгүй болчихоод байх юм. Явдал замын дунд таарсан, уулзан учирсан хэчнээн олон гэрэлт ах нар буцав. Тэднийгээ бичиж үлдээхсэн гэж боддог юм. Дурсамжийг заавал нас ахисан хойноо хийх ч албатай биш. Би тийм нэг юм бодоод яваа юм.

ШҮЛГҮҮД

Эхийн хэвлий, эх нутаг нэг л юм
Энд унасан минь тэнгэрт тэтгэгдсэн хувь юм
Ийм хувьгүй хүмүүс ертөнцөөр дүүрэн байвч
Тэр хүмүүс ч хөөрхий өөр өөрийн эх оронтой

Бүх юм сүүлд нь нэг л цагт дуусна
Бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг дараа үедээ үлдээнэ
Бүргэд, болжмор, ногтруу шувууны нисэх тэнгэрийг
Бүрэнхий, цэлмэг, манантай нь бас үлдээнэ

Амьдрал минь нэг л мөсөн дээр барьсан байшин шиг байна
Аяа, энэ бол мөнх бусын багшийн хийсэн ур хийц юмаа.

2010.

Ертөнц аргадан алхах эхийн хэвлийд торнисон би
Ер бусын нууцлаг эрхэм тарнийг сонссон би
Мөнхийн үнэн минь эхийн хэвлийгээс эхийн хэвлий рүү
Мөн чанар минь оршихуйн хязгааргүйд тааваар сэлгүүцнэ

Өргөн мөрөн долгилуулж, их тэнгис цалгилуулж явж
Өндөр дээдсийн соёрхсон уудам эх нутагтай, би
Өргөсөнд хатгуулж цэцгэнд эдгэрч өссөн, би
Өөр илүү юмыг тавилангаасаа нэхэж явсангүй ээ, би

Сайхан юмаа, арцны үнэртэй уулсынхаа дунд тайвширч явах
Сарны гэрэлд ертөнцийн тухай бодож хэвтэх
Сансрын тоглоомонд үймэлдэх амьтай бүхэнд гуниглах
Сайн юм, сайхан юм, муу юм, муухай юмны утга нэгдэхэд цухалдах...

Өндөр тэнгэр нь хэвээрээ, уужуу хаяа нь янзаараа ч
Өөр өөр юм хорвоод их болж байна
Өр нэхэхгүй эхийн сэтгэл дээр л
Өргөн ертөнц тогтдогийг би мэдэж байна.

ДАВТАГДАХГҮЙ

Үнсэлт минь хэзээ ч давтагдахгүй
Үргэлжийн шинээр байх болно
Үүлэн нүүх, сүүдэр нь бас нүүх орчлонд
Үлдэх юм үнсэлтээс эхлээд олон байна

Амьдрал минь хэзээ ч давтагдахгүй
Амраг хайр хуучрахгүй байх болно
Асгарсан сарны гэрэл залгилах орчлонд
Аргадах хүн чамаас өөр алга байна

Тэврэлт минь хэзээ ч давтагдахгүй
Тэнгэрийн салхи шиг дураараа байх болно
Тэнгис далай, бас хуурамч зэрэглээтэй орчлонд
Тэмдгэрэх үүрийн туяа, жаргах нарыг харсаар байх болно

Зүүд минь хэзээ ч давтагдахгүй
Зөн совин минь төөрөхгүй байх болно
Зүрх сэтгэлийнхээ аясыг дагах хорвоод
Зүүрмэг, үүрмэг юм шиг байхгүйг бодно

Харц чинь хэзээ ч давтагдахгүй
Хайрыг би иймээр мэдэрсээр байх болно
Халгаж мэдэх будилаант буурал хорвоод
Хамгийн шинэ бүхнийг чамаас амталсаар байх болио

Гарын чинь атгалт хэзээ ч давтагдахгүй
Гайхамшигт тийм агшныг амталсаар байх болно
Гал гарч, ус үерлэх үймээнт хорвоод
Ганцхан хувь жаргалыг хүртсээр байх болно

Сэтгэл чинь хэзээ ч хувирахгүй, өөр хүнд давтагдахгүй
Сэмрэх юм биш гэдгийг мэдсээр байх болно
Сиймхий юм шиг хаяа цоорхой орчлонд
Сэргэж ч, гуниж ч яваагаа ор тас мартсаар байх болно.

2007.09.22

БИ ТАЛЫН БҮРГЭД

Би талын бүргэд

Гэхдээ, амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй ээ

Жигүүр цуцсандаа биш юм
Жирийн шувуудыг ажсандаа
Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд

Хурмаст тэнгэр, огторгуйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан, тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулгана зурамны биш ээ, үнэг чононы тавиланг л өрөвдөнө

Би талын бүргэд

Талын бүргэд би
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийг алгадаж ниснэ

Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснээ
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ

Би талын бүргэд.

2009.10.01

Алиалагхан орчлонгийн
Аашийг нь олохгүй ч гэлээ
Амьд явмаар байна

Авсыг минь мөрлөх хөвгүүд
Эр ч тэгшрээгүй байна
Мөр ч тэгшрээгүй байна

Айсуй цагийн цэцэгт инээд
Ангир буцсан нуурын гуниг
Амрагийнхаа тунирхлыг хармаар байна 

Булгийн цэнгэгт магнай шавшиж
Будантай зүүдээ ариусгаад
Буцахын тухай бодохоо болимоор байна

Сэргэг дэнжид холыг бодсон шиг
Сэтгэлийн цэнгэг мөрөн урсгаж
Сэлүүхэн орчлонд удаан баймаар байна 

Харгуйн үзүүрээс салхин сэвшүүлж
Хайрын алтан наранд төөнүүлж
Халууцаад амьдарч явмаар байна.

Үүрийн цолмонд хүлгийн үүрсээн сонсгож
Үдшийн бүрийд үрийн бүүвэй сонсож
Үзэгдэл яруу хорвоог эгшиглүүлмээр байна.

Ирэх буцах цагийг зангидаж
Ингэ гунганасан нутагтаа очиж
Ижийнхээ нулимстай инээдийг хармаар байна.

2009.02.12

ЧИ МИНЬ

Хачин тунгалаг амраг даа, гэгээхэн чи минь
Хацрын чинь туяа зүүдний орчлонг гийгүүлнэ
Зүүд амьдралаас илүү амттай ч шиг гэдгийг
Зүгээр л сануулах чинь бас цээж өвтгөнө

Дэндүү сайхан бүсгүй дээ, хонгорхон чи минь
Дэрний минь дэргэд гэгээ татуулж санагдана
Дээрх хөх тэнгэр шиг өнө мөнх хайр гэдгийг
Дэлгэж сэтгэлд нээх нь баяр авчирна

Даан ч энхрий амраг даа, сайхан чи минь
Даашинзны чинь нугалаасанд эрвээхий зүүдэлж хононо
Дассан амраг гэдэг амьдрах хүсэл төрүүлдэгийг
Далай буурал орчлонд бодоход л жаргана.

2007.09.22

ЯВУУХУЛАН

Үүлэн намираа хоргодож ороосон Отгонтэнгэр гэлмэж
Үелээ мянган уулсын цувааг солонго хэлхэхэд
Цаг хугацааны эхлэл төгсгөлгүй мяралзаанд
Цайдам алсын мянган таавар нуугдаж байсан ч

Баруунаа уулын сэрмэн оройгоос
Зүүнээс мандах нарны гэрэл уруудаж
Баясгалант уул усны сэрүүн зүүдэнд
Зөөлхөн дуутай эгшигт Явуу ирсэн

Чулуун судар дэлгээтэй их уулсын хормойгоор
Чуулсан одны сувдан гэрэл дуулалдан унана
Цэнгэгхэн салхины торгон хөшиг дагаад
Цэцгийн мэлмийд тэнгэрийн нулимс торно

Сарны туяа голын чулуунд ойж тодроод
Сансрын хэвлийд мөнгөлөг совин бүрэлдэх хорвоод
Үлгэр шиг амьдралын зовлон жаргалтай тойрогт
Үгийн сүүдэргүй цэлмэг Явуу амьдарсан

Орог цагаан манан сүлэлдэн үймрээд
Одод завсраар нь түгэх гэж яараад
Очирваань уулын магнай руу мэлмийг нь үнсэж
Оройн нарны суварга гэрэл өгсөж жаргахад

Уулын бэл рүү сүүдэр хүүшилж анирлаад
Усны мяралзаанд нэгэн долгис атирч үүссэн
Сэлүүхэн орчлонгийн уудам зайд нь дуулаад
Сэтгэлийн тортоггүй тунгалаг Явуу буцсан

Их орчлонд
Их амьдарсаны учир
Ихэмсэг Явуугийн
Ирж буцсаны томъёолол үгүй болсон

2011.07.05.

Давхар давхар жаргал мэлтэгнэсэн нүдтэй чамайг бодоод удлаа
Дарсны амт амтагдахгүй, хүслийн жолоо хумигдахгүй удлаа
Далд нэг зовлон эргээ тэлэх далай шиг цээж түлхээд удлаа
Дандаа ийм байх юм уу, амраг сэтгэлийн ээдрээг тайлаач дээ 

Cap жилийн хөнгөн сэвшээ тогтож явгалаад, яарч дэвэлзээд удлаа
Саран гэрэлтэхэд гэгэлзэж, одод цэцэглэхэд сэрвэлзээд удлаа
Сэтгэлийн мөнгөн толгод дундаа сэлгүүцэж хэсээд, амарч суугаад удлаа
Сэрэхүйн алтан агшин бүр жигүүр дэлгэж, нисч буугаад удлаа 

Талын минь нууранд өдлөсөн шувууд гадаад далайгаас ирж очоод удлаа
Таагдашгүй мянган оньсогот хорвоод хайрынхаа учрыг тайлахгүй удлаа
Танил алтан нар надад амьдын өглөг хайрлаж, жаргаад удлаа
Таавар шиг нэг л юм дутуу, тэр нь чи юм гэдгийн мэдлээ, их удлаа.

2006.08.25

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав