Энэ удаа би та бүхэнд монголын театр, киноны ертөнцийн нөлөө бүхий том зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй хийсэн ярилцлагаар бэлэг барьж байна. Таалан соёрхоно уу. 

- Хорин хэдэн жилийн өмнө бид ярилцаж байсан. “Сэрүүн дуганы охин” хэмээх нэртэй тэр ярилцлагыг та санаж байна уу ?

-Санаж байна. 

-Тэр үед нэг хүн танд хөөрхөн дурсгалын жижигхэн байшин бэлэглэсэн тухай ярьж байсныг санадаг юм. Дотроо гэрэл асдаг. Аз жаргалтай, дүүрэн сайхан амьдрал бэлгэдсэн тэр байшинг хараад л байхаар сэтгэл уужирдаг гэж.  Яагаад танд тийм байшин бэлэглэсэн юм бол гэхэд “Намайг, миний ирээдүйг гэр дүүрэн гэрэлтэй, аз жаргалтай байгаасай л гэж хүссэн байх” гэж та хэлж байсан. Миний харж байгаагаар бол тэр ертөнцөө та бүтээчихсэн байна ?

- Аливаа бэлгийг зөв сайхан сэтгэлээр тосож авч сурах ёстой юм билээ. Юу ч байсан зөвхөн гэгээн бодлоор хүлээж авах нь цаанаа учир ерөөл болон хувирч байдаг юм шиг санагддаг. Би өөрийн ертөнцдөө, хайртай хүмүүсийнхээ дунд аз жаргалтай амьдарч байна. Тийм болохоор нэг талаас мөрөөдлийг маань биелжээ гэж харж болох байх л даа. 

-Амжилтаар ханачихсан, амьдралаар цадчихсан үеийн нэг тийм зогсолт танаас харагдаад байгаа юм. Гэтэл жинхэнэ уран бүтээлч хүн байнга л “өлсөж” байдаг гэж ярих нь бий. 

-Харин л дээ. Чи намайг яаж харж байгаа юм бол. 

- Би бол “Солиот эх”-ээс хойш зогсож байна гэж л харж байна?

-Уран бүтээл бол хатуу материаллаг ертөнцөөс бүтнээрээ хамаарч байдаг зүйл биш юм. Сэтгэл зүрхний бэлтгэгдсэн орчин нь үүсээгүй бол тэнд уран бүтээл амилахгүй. Ерөөсөө шууд утгаараа сэтгэл хөдөлж байж л хийдэг зүйл. Түүнээс биш би хийх ёстой гээд л ямар нэг уран бүтээлийг барьж аваад хийчихдэг юм биш л дээ. Заавал сэтгэл хөдөлгөөнд орж байж, тэрэндээ өөрийнхөө зүрхний эмзэглэл, оюун ухаан, хүч тамир байгаа бүхнээ шингээж уран бүтээл хийнэ. Ёстой шөнө зүүдэндээ харж гэдэг шиг... Ийм амьтай орчин үүсч байж уран бүтээл хийгддэг юм. Тийм болохоор жинхэнэ уран бүтээлч хүн хэзээ ч материаллаг ертөнцөөр цаддаггүй. Сайхан гэр орон гэдэг юм уу. Үнэт эдлэл, өмсгөл зүүсгэл, эд хогшил... Энэ бүхнээр цадна гэж хэзээ ч байхгүй. Энэ нь өөрөө төрөхөөс заяасан өгөгдөл нь байхгүй юу. Хараад байхад уран бүтээлч гэх нэрийг зүүж явдаг олон зуун хүн байна. Харин тэдний хэд нь яг жинхэнэ уран бүтээлч юм бэ гэдгийг хэлэхэд хэцүү шүү дээ. Сургууль төгсөж диплом аваад л “одоо би жүжигчин болчихсон” гээд бодчихсон хүмүүс зөндөө явж байгаа. Тэгээд хүссэн хүсээгүй тэрийгээ хийгээд л. Аятайхан царай зүс, бие хаатай төрчихсөн. Тэр өгөгдлөөрөө уран бүтээлийн ажил хийгээд  яваад байдаг. Гэтэл зарим нь бүх юмаа энэ мэргэжилд зориулахаар заяагдсан байдаг. Өөр хүсэх юмгүйгээр энэ амьдралаа урлагт өргөж байгаа ийм хүмүүс  зөндөө байна.

- Амжилтаар цадах тухай?

- Байхгүй шүү дээ.

- Байхгүй гэж үү?

-Амжилтаар цадах тухай ойлголт уран бүтээлд чин сэтгэлээ өгсөн хүнд бол байхгүй. Байх ёсгүй. Яагаад гэвэл бүр цаанаасаа зөвхөн уран бүтээлийн шуналтай төрдөг юм шиг байгаа юм. Өшөө юу хийх вэ, өөр ямар гоё юм хийх вэ. Өөр... Өөр гэсэн тасралтгүй ундрах ариун шунал. Тэр их хүсэл цаанаасаа дуудлагаараа ирдэг байх гэж би боддог. 

-Жульетта гэж дүр байна. Эмэгтэй жүжигчин болгоны охин хонгор насандаа амжиж тоглохыг хүсдэг дүр. Бараг золтой нь учирдаг дүр гэж хэлж болох юм. Жульеттаг та бас бусад шиг мөрөөдөж байсан уу. Эсвэл зүгээр тавилангаар   танд хүрээд ирсэн үү ? 

-Мөрөөдсөн,мөрөөдсөн. Мөрөөдөлгүй яах вэ. Би оюутан байхаас л “Ромео Жульетта”-д тоглох юм сан гэж боддог байсан. Олон жилийн өмнө чамд ярилцлага өгөхдөө ярьж байсан бил үү, яалаа даа. Хувь заяаны гайхамшигт тохиолоор Жульеттад тоглох болсноо мэдсэн тэр агшинд “Ямар ч байсан надад ирэх ёстой дүр байжээ” гэж залбиран хүлээж авч байсан. Сонирхолтой нь СУИС төгсөх жил  бидний дипломын ажил “Ромео Жульетта” гэж товлогдсон байлаа. Би Жульеттад сонгогдоод ажиллах гэж байтал бүрэлдэхүүн хүрэхгүй юм байна гээд больчихдог байгаа. 21 хүүхэдтэй анги “Ромео Жульетта” тавих боломжгүй гэсэн. Мэдээж маш харамсалтай. Сургуулиа төгсөөд “Хүүхэд, залуучуудын театр”-т очсон. Бас л И.Нямгаваа найруулагч “Ромео Жульетта”-г хийнэ гэсэн. Тавилт нь их сонин. Монгол ахуйтай. Монгол гэрийн хананы цаана наанаас Ромео Жульетта хоёр чинь ярилцаад л... (инээв) З.Хангал гуай хөгжмийн зохиолыг нь бичээд л... Чи олж сонсвол маш гоё хөгжим байдаг юм шүү. Бид нарт өөрөө ирж сонсгож байсан. Маш гоё хөгжим. Одоо сонсогддоггүй. Нэг хэсэг радиогоор явдаг байсан юм. 

-Эрсдэл дуудагч, дураараа тонгочигч И.Нямгаваа нүдэнд харагдаж байна л даа. Тийм баялаг хийсвэрлэлтэй, зоримог найруулагч ховор шүү ?

-Тийм ээ. 

- Гэхдээ ийм хувилбар тайзнаа тавигдаагүй. Яагаад вэ?

-Би хэдийгээр найруулагчийн тэр шийдлүүдтэй дотроо жаахан зөрчилдөж байсан ч цээж дүүрэн баяртай явсан. “За, ингээд театрт ирээд мөрөөдлийн дүрдээ тоглодог юм байж” гээд бараг нисч байсан. Гэтэл бас л тэр жүжиг яагаад ч юм больчихсон. Бүр сургуулилт хийгдэж байснаа больчихдог байхгүй юу. Яагаад больсны учрыг бид нар мэддэггүй. Дээрээс нөгөө томчууд нь яасан ч юм. Учир битүүлэг л юм болсон. Ингээд миний хувьд хоёр дахиа Жульеттатай учраад яагаад ч юм байхгүй болчихож байгаа юм. Мэдээж би дотроо гайхширал, харамсал тээж байсан. Дараа нь би Улсын Драмын Эрдмийн театрт дөнгөж ирээд байж байтал Г.Доржсамбуу багш уулзлаа. Г.Доржсамбуу багш надад “Чамайг яагаад театрт авсныг мэдэх үү. Би чамайг Жульеттад тоглуулах гэж энэ театрт авсан юм” гэж хэлсэн.

-Том найруулагчийн хүчтэй үг. Ахиад итгэл найдвар иржээ.  

-“За, ямар ч байсан багш маань надад Жульеттаг өгөх юм байна” гээд бодоод явж  байсан чинь багш нас барчихсан. Маш харамсалтай. Багшийгаа бодохоор нулимс урсдаг юм. Энэ бүхний дараа “Би ерөөсөө Жульеттад тоглох ёсгүй байсан юм байна. Угаасаа болохгүй л байгаа биз дээ” гэж боддог байсан. Тэгээд явж байж байсан чинь Ч.Найдандорж найруулагч театрт орж ирээд л шууд “Ромео Жульетта”- г тавьсан. Бөөн шуугиан тархлаа. “Ромео Жульетта” тавих гэнээ гээд л. Дүрийн сонголтууд яригдаж эхлэнгүүт л би Жульеттад сонгогдсон байсан. Мэдээж итгэж ядаад л, санаа сэтгэл тогтохгүй шүү дээ. Өөрөө надад хожим “Би СУИС-д багш байхдаа л чамайг хараад “Ромео Жульетта”-г заавал тавина даа” гэж бодож байсан гэж хэлсэн. Ингэж би Жульеттад тоглосон юм. Би үнэхээр Жульеттад тоглох ёстой байжээ гэж тэр үед л итгэсэн. 

- Олон дахин үзэж байсан. Яагаад ч юм дахин дахин үзсэн.

- Хүмүүс олон удаа давтаж үзэж байсан. Хамгийн дээд тал нь надад нэг хүн 25 удаа үзсэн гэж бичиж байсныг санаж байна. Тухайн үед чинь цаг үе жаахан хэцүү байсан. Найруулагч маань өөрөө гүн гүнзгий орж ажилласан. Сонгодог жүжиг, хүн төрөлхтний соёлын үнэт өвийн нэг ч гэлээ зарим талаас нь наашаа энгийн амьдрал руу жаахан татаж авчирмаар байна, илүү энгийншүүлж тоглох хэрэгтэй байна гэж шахаж байсан. Сонгодог жүжигт тоглоно гэдэг яалт ч үгүй жүжигчдээс техник шаарддаг. Найруулагчийн тэр бодлого, шийдлүүд тэр үеийн залуучуудад их таалагдсан байх.  

- Ингээд Жульеттад тоглох хувь заяаны бэлгийг та хүртэж чаджээ. 

- Алган дээр бууж ирээд л алга болчихоод байсан мөрөөдөл маань биелсэн.

- Жүжигчин болгоны мөрөөдөл тэр болгон биелдэггүй шүү дээ. Бүх эмэгтэй гайхалтай хурим мөрөөддөг ч бүгдээрээ хуримлаж чаддаггүй шиг. Тэгтлээ их мөрөөдсөн, ирж буцсан Жульетта танд “юу” авч ирсэн бэ. Тэрнээс өмнө та хүлээн зөвшөөрөгдчихсөн жүжигчин болчихсон байсан шүү дээ. Эсвэл академик театрт ахин хүлээн зөвшөөрөлт шаардлагатай болдог юм уу ?

- Ер нь том сонгодог дүрд тоглох нь жүжигчин хүнд ахин их сургууль төгсөх дайны хэмжээний мэдлэг, тэлэлт, тэсрэлт өгдөг. Жульетта миний амьдралд их олон өөрчлөлт авчирсан гэж би боддог. Юу гэж хэлмээр юм бэ дээ. Би тэр үед нэг юманд дурласан, дотроо шатсан, тэмүүлсэн, эсвэл шийдсэн л бол тэрэндээ их хатуу бодолтой хүн байсан. Өөрөөр хэлбэл нэг дурласан, тэрэндээ шархалсан бол дахиж хэзээ ч дурлахгүй ч гэдэг юм уу. Тийм эрс тэс бодолтой хүүхэн байсан. Өөрийгөө ч ерөөсөө ийм л зантай хүн юм байна гэж бодож явсан. Жульеттад тоглосны дараа надад “Яагаад ахин дурлаж болохгүй гэж”, “Яагаад би өөрийгөө ингэж түгжих ёстой гэж” гэсэн цоо шинэ бодол орж ирсэн. Бас хайр сэтгэлийг хүндэтгэдэг болсон. Надад хайраа илчилсэн, дурласан хүмүүсийг эерүү сайхнаар хүлээж авч, намайг хайрлаж байгаагийнх нь төлөө би энэ хүнтэй зөв сайхан харьцах ёстой гэж боддог болсон. Хатуу хариг зан гаргахаа больж, энэ хүнийг би хүндэтгэх ёстой юм байна гэж ойлгож авсан шүү. Хайрын тэр нэг хүч гэдэг юм уу, тэр гоё мөн чанарыг маш гэгээлгээр ойлгож авсан. Хүний энэ олон мэдрэмж дотроос хайр маш хүчтэйг, хайр хамгийн гайхалтайг мэдэрсэн. Хүнд бол ээж, аавыгаа хайрлах хайр төрөлхөөс заяагдсан байдаг. Гэтэл огт өөр газар төрчихөөд, огт өөр зан араншин, хүмүүжил төлөвшилтэй, огт өөр замаар явж байсан хэн нэгнийг хэмжээлшгүй ихээр хайрлана гэдэг ямар агуу вэ. Ямар энэрэнгүй вэ. Ямар өгөөмөр вэ. Тэр л хүнийг хайрласан хайраараа бүх юмаа дэвсэж өгч чаддаг. Бүх юмаа тэр хүнд зориулж чаддагт л хайр сэтгэлийн мөн чанар оршдог байх л даа. Би залуухан охин явсан болохоор энэ бүхнийг бүрэн гүйцэд ойлгоогүй явсан. Жульетта ингэж надад сэтгэл санааны асар том өөрчлөлт авчирсан юм. 

- Өөрийнхөө үеийн залуусын шүтээн байснаа мэдэрдэггүй байсан юм уу. Далаад оны Н.Батцэцэг шиг “Ерээд оны Батцэцэг шүү дээ” та... 

-Мэдэрнэ л дээ. (инээв) Яагаад гэхээр Жульеттад тоглосны дараа надад маш их захиа ирсэн. Маш олон залуучууд уулзъя, ярилцъя, танилцъя гэнэ. Зөвхөн та надад таалагддаг, би дурлачихлаа гэх утгаар ч биш. Шүтэн бишрэгчийн хувьд уулзах гэсэн охид, залуучууд их ирдэг байсан. Бүтэлгүй дурлалынхаа тухай яриад л, уйлаад л, би театрын гадаа сандал дээр хамт суучихсан аргадаад л... (инээв) Заримдаа хамт уйлна. Үнэндээ тэдний сэтгэлд жүжиг тийм хүчтэй нөлөөлж байгаа байхгүй юу. 

- Танд Жульеттаас өөр бүр тэгтэл их хүсэж байсан дүр байсан уу?

- Эмэгтэй жүжигчдийн оргил дүр Жульетта л гэж зүй ёсоор яригддаг л даа. 

- Дездемонад бол арай залуудаж байсан байх аа ?

- Дездемон чинь 16 настай. Манай Д.Мэндбаяр эгч чинь бүр гучин хэдтэй тоглож байсан гэдэг. Би чинь Жульеттад 29-тэй тоглосон. Намайг тоглоход манай ахмадууд залуу байна л гэцгээж байсан. Ер нь сонгодог жүжигт эмэгтэй хүнийг хэчнээн залуу дүр бүтээсэн ч гэсэн 30 гарч байж тогловол дуу хоолой, бяр чадал, чансаа таардаг гэж ярьдаг л даа. Дүрийг чирч явах бяд гэж нэг юм байнаа даа. Гол дүрийн жүжигчин гэдэг бол тусдаа ойлголт. Гол дүрд тоглох жүжигчин гэдэг ер нь л “төрдөг” гэж хэлчихэд нэг их буруудахгүй. Цаанаасаа тэр жүжигчний өгөгдөл нь, тэр хүч нь олгогдсон байдаг. Гурван цаг 30 минут үзэгчийг өөр дээрээ татаж чадна гэдэг өөрөө том хүч, том нерв л дээ. 

- Таны Ромео жүжигчин О.Гэрэлсүх байсан. Та хоёрын тоглолт хэр нийлж байсан бэ ?

- Өө, бид бол үнэхээр гар нийлж байсан. Тэгж байж л тэр том жүжгийн ард гарна шүү дээ. Манай Гэрлээ чинь одоогийнхоор ёстой нөгөө охидын краш гэдэг нь байлаа. Тухайн үед охид яасан ч их сайн байсан юм. Манай Гэрлээд зөндөө охид дурласан байх. Өөрөө ч бие хаа, авьяас хачин сайхан тэгш заяасан. Маш гоё Ромео шүү дээ. 

- О.Гэрэлсүхийн харц булаам бие галбир, тоглолт... Таны энхрий хоолой, тэр дэгдсэн охины хөдөлгөөн, үс зүс. Ерөөсөө бүх юм шахсан бяслаг гэдэг шиг л яв цав санагдаж байж билээ.

- Багш минь хэлдэг байсан. Жульеттад тоглох хүний хоолой хүртэл заяагдсан байх ёстой гэж. Тэгэхээр нэг учир байдаг байх л даа.

- Гүрсэдийн Доржсамбуу найруулагч...

-Тийм ээ. Яагаад гэвэл тэр хоолой чинь гурван цаг 30 минут тайзан дээр дугарах байхгүй юу. Тэр хоолой чихэнд чийртэй ч юм уу, нэг тийм сонин өнгөтэй байвал болохгүй байх нь л дээ. Тэр чинь дурлалын баатар. Бүх хүмүүсийн сэтгэл зүрхийг булгилуулах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр бүх юм учиртай гэдэг үг энд гарч ирэх байх. 

- Одын хувьд таныг их азтай юм даа гэж хардаг байсан. Хэвлэл мэдээллийнхэн бол оддыг “нүцгэлдэг” шүү дээ. Хаа сайгүй мөшгинө. Нэг алдартай найруулагчаас асууж байлаа. “Энэ Одончимэгийг шар хэвлэлийнхэн их бага бичих юм. Яагаад тэр вэ. Тэр үнэхээр ямар ч алдаагүй, онц сурлагатан шиг бүсгүй юм уу. Энэ чинь залуу нас шүү дээ. Яагаад адал явдалд хутгалдахгүй байна вэ” гэж. Гэтэл тэр надад  “Чи өөрөө яг л хэлж байна шүү дээ. Яг онц сурлагатан шиг. Мангар шүү дээ, манай Одноо. Хэтэрхий чигээрээ. Хэтэрхий коммунист” гэж хариулж байсан. 

- Коммунист, коммунист. (инээв) Гэрийн хүмүүжил нөлөөлсөн байх. Хоёрт, гэвэл яг үнэндээ би чинь ажлаа л хийж явсан. Буруу үйлдэл багатай хүн гэх юм уу даа. Ажлаа хийгээд л яваад байхаар надад тэгж зугаа цэнгэл хөөцөлдөөд ч юм уу, өөр элдэв хөдөлгөөн хийх, адал явдалд орооцолдох чөлөө байгаагүй. Хувь хүн маань өөрөө ийм л зан төлөвтэй. 

- Эрт гэрлэсэн, алдсан, шархалсан байсантай холбоогүй юу ?

- Үгүй ээ. Би тийм ч эрт гэрлээгүй шүү дээ.

- Эрт биш гэж үү ?

 - Би 24 настай гэрлэж байсан. Энэ нас тухайн үедээ бол тийм эрт биш байсан гэж бодож байна. 

- Тэр үеийнхээр бол эрт биш юм байна .

- Эрт биш. 

- Н.Зориг бол бас л Улаанбаатарын шүтээн залуу байсан болов уу ?

- Ёстой шүтээн байсан.

- Хамгийн гоё хоёр жүжигчин гэрлэсэн. Тэр үед хүүхнүүд өөрт чинь их атаархдаг байсан байх...

- Өө, янз бүрийн л юм болж байсан. “Би энэ залууд сайн шүү. Хайрлаж яваарай” гэж хэлж байсан ч хүн байсан. Нэг дуучин бүсгүй хүртэл ирээд надад шууд хэлж л байлаа. Зоригоод хайртай бүсгүй олон байсан. 

- Та хоёрын дунд насны зөрүү нэлээн байсан уу?

- Гайгүй ээ. Бид хоёр чинь долоон насны зөрүүтэй шүү дээ. Хөгжилтэй дурсамж санагдаж байна. Нэг хөөрхөн охин ирчихсэн театр дээр зогсоод л байсан. Манай театрынхан шивэр авир яриад л “Манай Зоригоод дурлачихсан охин байгаа юмаа” гээд л... (инээв) Хөгжим бүжгийн бас нэг хөөрхөн охин ирнээ. Дандаа жүжиг үздэг. Манайхан нөгөө охин ирчихэж гээд л...

- Та хоёр театрт танилцсан уу?

-Театрт танилцсан.

- Бас л том жүжигчин шүү. 

-Тийм. Зоригоо оногдсон дүрээ их чадварлаг хийдэг жүжигчин байсан шүү. Ер нь тухайн цаг үеийн шилдэг жүжигчдийн нэг.

- Кинонд бол олон тоглосон байх?

- Тийм. Тэр үедээ яалт ч үгүй бас гараад ирчихсэн хэдэн шижигнэсэн залуучууд байсан л даа. Тухайн цаг үеийн эрэгтэй жүжигчдийг ингээд зүгээр л хар даа. Үнэхээр гоё жүжигчид байсан. Л.Нямсүрэн ах гэж ямар гоё хүн байлаа. Даанч их эрт нас барчихсан даа. Ж.Сүххуяг ах байлаа. О.Бат-Өлзий ах байна. Эдний үеийнхэн бас л том үеийнхэн шүү дээ. 

- Та анх манай улсын нэртэй зохиолчийн бэр болж байсан. Долгорын Нямаа гуайн зусланд очиж ярилцлага авч байлаа. Тэд таныг халуун дулаанаар дурсдаг, охин шигээ хайрладаг юм билээ. Аргагүй л  боловсролтой, сэхээтэн хүмүүс өөр юм даа гэж бодож байсан. 

- Тийм шүү.

- Тийм гоё айлд бэр болж очиход анх ямар байсан бэ?

- Өө, ярих юм байхгүй. Сайхан шүү дээ. Миний Нямаа аав чинь өөрөө их мундаг хүн байсан л даа. Би одоо ч Нямаа аав гэдэг юм. Нөхрөөсөө салахдаа би нөхөртөө биш хадам ээж аав хоёртоо хоргодсоор л салж байсан шүү дээ.

- Тэгсэн байх.

- Бид бие биетэйгээ ойлголцсон, бие биенээ хүлээн зөвшөөрсөн тийм гэр бүл байсан л даа. Нямаа аав чинь өөрөө ямар зөөлөн дөлгөөн хүн билээ. Хүүхдүүд нь их дэгтэй. Орой дугуй ширээнийхээ ард тойрч сууцгаагаад хоол идэж байхдаа өдөр нь болсон сонин хачин, дуулсан юмаа хуваалцдаг. Маш халуун дулаан уур амьсгалтай. Их тийм гэр бүлийн боловсрол сайтай, язгуурын мундаг айл байлаа шүү дээ. Би чинь бас өөрийнхөө өрх гэр дотроо шийдвэрлэх юмнуудад санаа оноогоо өгөөд сурчихсан, айлын том хүүхэд. Хүссэн хүсээгүй дугарах гээд байдаг юм билээ. Тэдний гэр бүл болохоор Нямаа аавыг юм хэлсний дараа нь ч юм уу, аавын санал сэтгэгдэл дээр ярьцгаадаг. Би бол шууд шууд нээлттэй ярьдаг зантай. Тэгээд л анх тэдний гэр бүлд надаас шалтгаалаад нэлээн өөр уур амьсгал орж ирж байгаа юм. Зоригоо санаа нь зовж байгаа бололтой, над руу хараад л. “ Одноо, чи эхлээд сонс л доо” гээд л. Тэгсэн чинь Нямаа аав нэг удаа “Одноо яриг. Би Одноогийн ярихыг сонсох дуртай ” гээд л...Тэгж надад зөвшөөрөл өгч байсан юм. Намайг хүлээн зөвшөөрч байгаагаа надад харуулж, би тэр үгийг нь сонсоод гоё мэдрэмж авч байсан. Аавтайгаа зөндөө ярилцдаг болсон. Нямаа аав ингэж надад сайхан ярих ухааныг сургаж өгч байгаа байхгүй юу. 

- Ер нь бол ач тач авьяас чадвар, нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, мөрөөдөл гээд бүх зүйлээрээ нэг тойрог дотор. Тийм эн тэнцүү улсууд бие биенээ хүлээн зөвшөөрөх тал дээр зөрчилдсөн үү. Н.Зориг та хоёрын тухайд асууж байгаа юм шүү ?

- Мэдэхгүй. Ер нь Зоригоо намайг тэгтэл их үнэлдэггүй байсан байхаа. Одоо жаахан муу утгаар хэлбэл надад тэгж санагддаг байсан. Нөгөө талаас нь сайхан үгээр хэлбэл бас нэг тийм эхнэрээ дэврээхийг хүсээгүй ч юм уу. Магадгүй мань хашир миний амбицийг тэгтэл дэвэргэхээс болгоомжилж байсан байх. Нэг удаа Н.Норовбанзад гуай өөрөө надтай уулзаад хэлдэг юм. “Чамд хоолойны хүч байна. Гоё өнгө байна. Чи дуулбал ямар вэ. Чамд бас их гоё уртын дуу дуулах боломж байх шиг байх юм” гээд. Тэгэхээр нь би чинь догдлоод л явчихлаа. Чухамхүү Н.Норовбанзад гуай шиг болдог хүн. Би уртын дуу заалгана л боллоо. Зоригоо  “За, чи ёстой больж үз. Чиний уртын дуу сурна гэж юу байх вэ. Энэ их ажлынхаа хажуугаар суралцана гэж байхгүй” гэсэн. Дараа нь би чинь франц хэл сурдаг хүн болоод л бас пижигнүүллээ. Зоригоо бас л “За, чиний франц хэл сурна гэж юу байх вэ” гэсэн. Яагаад ч юм, миний тэгье, ингэе гэсэн болгоныг ер нь л хориглодог хүн байсан. Энэ нь угаасаа тэр хүний зан байсан юм уу. Би хэлж мэдэхгүй байна. Иймэрхүү юм л бид хоёрыг зөрчилдөхөд их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. 

- Салалтаас хойш их удаан ганцаараа явсан шалтгаан юу юм бэ? 

- Маш их ажилласан. Үүнээсээ болоод цаг нар багатай байсан байх. Үнэндээ хүнтэй танилцаад гүйгээд байх боломж байсангүй. Бас нэг продакшн байгуулаад, тэрийгээ  удирдаж байгаа хүн шүү дээ. Энэ ажлаа босгож ирэх ёстой байсан. Хоёрт, гэвэл би дурламтгай биш юм шиг байгаа юм. Нөгөө талаас бас охиноо хойд эцгийн гар харуулахгүй юм шүү гэж боддог байсан үе надад бий. Ямар ч байсан насанд хүртэл нь, хүний өөдөөс үг хэлэхтэй, өөрийгөө хамгаалах чадвар суутал нь, юу хүсэж мөрөөдөж, хаашаа яаж явахаа мэддэг болтол нь гэрлэхгүй гэж хатуу боддог үеүд байсан л даа. Эмэгтэй хүн чинь янз бүрийн л юм боддог шүү дээ. Би чинь тэгээд “бригад”-аар явлаа гэхэд охиноо үлдээгээд л явдаг байлаа. Янз бүрийн л олон шалтгаан байсан байх. Тэгээд л ажил, ажил бас дахин ажил гэсэн хэмнэл дунд амьдарсан. Цаг хугацаа ч их хурдан өнгөрсөн. Гайхмаар хурдан өнгөрдөг юм билээ, цаг хугацаа гэдэг юм. 

- Гэхдээ сэтгэлийн хувьд өөр ямар нэгэн хүлээлт байсан юм болов уу гэж хардаг байсан юм.

- Ямар нэгэн юм байгаагүй, хов хоосон сэтгэлтэй явсан гэвэл худлаа болох байх л даа. Үнэндээ бол би анхныхаа дурласан хүнийг их удаан сэтгэлдээ тээсэн. Тэгээд л ер нь бараг 37 хүртлээ тэр хүнээс миний сэтгэл салаагүй гэх юм уу даа. Тийм зүйл миний ертөнцөд байсан. 

- Мартах маш хэцүү. Хүний амьдралд ийм зүйл байдаг шүү дээ.  

- Миний өөрийн зан чанар л даа. Өмсөх дуртай хувцсаа хэдэн жилээр ч өмсөх хүсэлтэй хүн байдаг даа. Зүйрлэвэл тэрэн шиг. Сонирхол маань нэг их олон хувираад л, сэтгэл санаа янз бүр болоод л байдаг төрлийн хүн биш юм шиг байгаа юм. Нэг үнэнч юмандаа туйлын үнэнч. Нэг дурласан хүндээ хязгааргүй үнэнч дурлана. Нэг итгэсэн хүндээ гүн итгэнэ. Нэг хайрласан хүнээ хайрласан шиг хайрлаж яваад л дуусна. Би ийм л зантай. 

- “Сэрүүн дуганы мөхөл” гэдэг кино бий. Энэ бол театрт Жульетта ирсэн гэдэг шиг сувд мэт гайхалтай бүтээл. Сэнгийн Эрдэнэ баавайгаас энэ киноны тухай уулзах тоолон л би асууж, яриулах дуртай байж билээ. Өөрөө ч цааргалахгүй. Баавай энэ кинондоо хайртай байсан. Та оюутан байхдаа тоглосон билүү ?

- Яг төгсөх жил шүү дээ. Би одоо л чамаас  анх сонсож байна. Дотроо бас битүүхэн “Яана аа, С.Эрдэнэ гуайд үнэхээр таалагдсан юм болов уу, үгүй юм болов уу” гэж одоо ч бодож явдаг.

- Та хоёр уулзаагүй юм уу?

- Яагаад гэхээр нэг ийм юм болсон. Ардын жүжигчин  Б.Дамчаа гуай намайг шатан дээр зогсож байтал “Нааш ир” гээд дууддаг юм. Гүйгээд очсон чинь “Хамт яваа хүндээ энэ нөгөө миний тоглуулах гээд байгаа охин шүү дээ” гээд намайг тэр хүнд харуулсан. Тэгсэн чинь тэр хүн нь Сэнгийн Эрдэнэ гуай байж. Би тэгэхэд л анх С.Эрдэнэ гуайг нүүр тулж харж байсан. “Аан, ийм хүн байдаг юм байна шүү дээ” гэж дотроо бодоод л. Тэгсэн чинь С.Эрдэнэ гуай нүдээ өргөн намайг том харснаа “Хүүе, энэ чинь харин миний Хулан байна шүү дээ” гэж хэлсэн. “Чи яг Хулан байна шүү дээ” гээд ахиад л давтан хэлсэн. Тэр үед би С.Эрдэнэ гуайн “Хулан бид хоёр”-ыг уншчихсан байсан л даа. “Миний хацар хонхойдог болохоор л ингэж бодсон юм болов уу. Яана аа, би чинь уг нь Дэжидмаад тоглох гэж байгаа шүү дээ. Яагаад ингэж хэлж байгаа юм бол” гээд баахан бодол хөврүүлээд алхаж байж билээ. Б.Дамчаа гуай намайг Дэжидмаад тоглуулах гэж байдаг. Тэгсэн чинь С.Эрдэнэ гуай намайг харчихаад “Хүүш энэ чинь Хулан байна шүү дээ, яг мөн байна. Миний Хуланд ёстой гоё тохирох юм байна” гэж хэлдэг. Надад тэр том зохиолч хүний үг тухайн үед хүнд санагдаж байсан л даа. “Яана аа. Би Дэжидмаад нь огт харагдсангүй юу даа” гэж дотроо хямраад л.

- “Сэрүүн дуганы мөхөл” чинь тийм ч яриа ихтэй кино биш шүү дээ. Оросын “ Мелодий белой ночи” шиг бороо нэвчсэн кино. Өөрөө тэр кинонд хайртай болоод ч тэр юм уу. Анх “Сэрүүн дуганы мөхөл”- ийг үзээд маш их автаж байсан. Үзэгчид тэр киноны дараа жүжигчин У.Батбаатар та хоёрт бол дурлацгааж байсан. Тэгээд ургуулаад ярьцгаана. Одноо үнэхээр У.Батбаатарт дурлачихсан байх аа. Ерөөсөө ингээд энэ хоёр бие биедээ хайртай болчихсон байгаасай гээд л... Үзэгчдийн дунд таавар нь, мөрөөдөл нь цаашаа амьдраад л яваад байдаг даа. 

- Үзэгчдийн сэтгэл хөдлөл, тэдний догдлол бол хайрлам сайхан зүйл л дээ. 

- Урт удаан натурт явна. Хамтран тоглогчдоо татагдах явдал танд тохиолдож байсан уу  ?

- Тэр үед чинь У.Батбаатар бид хоёр дөрвөн жил хамт сурчихсан. Бие биенээ сайн мэднэ. Манай Баатка эхнэр хүүхэдтэй болчихсон. Гурван ч хүүхэдтэй болчихсон байсан байх. Бид нарыг натурт гарчихсаны дараа С.Эрдэнэ гуай ирж хэд хоносон. Киноны маань хөгжмийг Билэгийн Дамдинсүрэн гуай зохиосон юм шүү дээ. Ямар гоё хөгжимтэй билээ. Билэгийн Дамдинсүрэн гуай киноныхоо хөгжмийг хийх гэж натур дээр ирж бас хэд хоносон.“Өө, би Одноодоо ёстой гоё хөгжим бичиж өгнө” гээд л. Намайг нөгөө модон дор суухад нэг ая явдаг даа. “Тэр хөгжмийг би Одноодоо зориулж зохионо” гээд зохиож байсан. Киноны нээлтийн дараа би С.Эрдэнэ гуайтай уулзалдаагүй. Анх намайг хараад тэгж хэлж байсан. Киноны дараа юу хэлэх бол гээд ямар нэг чимээ би хүлээгээд л байсан. Одоо ч дотроо би яг өөрийнх нь Дэжидмаа мөн байсан юм болов уу, биш байсан юм болов уу гэж хааяа боддог.

- Тэр дахиад л нөгөө “Хулан бид хоёр”-оо кино болгох шинэ догдлолд  өдөөгдөөд явчихсан байх. Найруулагч Н.Наранбаатартай “Анна Каренина”-гийнх нь өмнө би ярилцсан. Түүний хэлсэн “Жүжгийн нээлт болоод, хөшиг хаагдаад л би новшийн жүжгийг мартдаг. Алга ташилт, шүүмжлэлийн аль нь ч сонсогддоггүй. Надад бүгдээрээ хамааралгүй болж би дараагийн юм руу алхдаг” гэсэн үг надад хааяа санагддаг юм. С.Эрдэнэ баавай бол нийтлэг зантай хүн биш байхгүй юу. Тэгээд л нялуураад, сонин болгонд сэтгэл доторхоо яриад л байдаггүй. Найруулагч, зохиочид бол хачирхалтай хүмүүс. “Сэрүүн дуганы мөхөл”-өөрөө тэр тээж явсан нэг хэсгээ гаргаж хаясан байх. 

- Тууж нь бол үнэхээр гоё шүү. Чамд ч гэсэн тэгж санагддаг биз дээ. 

- Маш гоё. Гэхдээ Дэжидмаагийн дүр дээрээ нэг тийм юм нэмэх байсан юм ч гэх юм уу.  Дутуудуулсан, эсвэл илүүдсэн гэх зүйл танд байдаг уу ? 

- Мэдэхгүй юм даа. Эх тууждаа кино зохиол нь арай хүрээгүй юм шиг санагддаг. Эсвэл тууж нь өөрөө анхнаасаа надад тэгж их гүн сэтгэгдэл төрүүлсэн ч юм уу.

- Таныг “Үхэж үл болно” кинонд Бөртэ үжингийн дүрд тоглож байхад би натур дээр чинь очиж байсан. Та бас л “Чингис хааны нууц түүх” романы нөлөөнөөс гарч чадахгүй байна. Кино зохиол, найруулагчийн бичсэн Бөртэ хатны дүр маш чамлалттай санагдаад байнаа гэж надад хэлж байсан. 

- Тийм ээ, би санаж байна. Соргодогийн Жаргалсайхан гуайн бичсэн “Чингис хааны нууц түүх” дээр чинь Бөртэ бол ёстой зурагдсан байдаг байхгүй юу. Чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Тэгээд тэр амттай хэсгүүд орж ирэхгүй болохоор Бөртэ чинь миний хүссэн түвшинд тодорч гарч ирэхэд маш хэцүү болчихож байгаа юм. Дүр чинь өөрөө тоглох юмтай байж, динамиктай байж амилж ирнэ шүү дээ. 

- Хартай, хортой гэхдээ хамгийн хатуу тэр тавилангийн нэг тийм гунигтай, дотроосоо багтран шатсан бүх юм нь кино зохиолд орж ирсэн бол ч сайхан л даа. Би ойлгож байна?

-Тийм ээ, би үнэхээр илүү юм хүсэж байсан. Жүжигчин хүний бүх хүчээ гаргаж тоглох шунал, хүсэл гэж ойлголт байна шүү дээ. Найруулагчтайгаа би олон удаа энэ сэдвээр ярилцаж үзэж байсан. Бас жүжигчин болгонд Бөртэ хатны дүрд тоглох хувь тавилан олдохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхэд надад завшаан тохиосон. Би тэр завшаан дээр л жинхэнэ тогломоор байгаа байхгүй юу. Сэтгэл зүйн хувьд надад тэр үе маш хэцүү байсан. 

- Таны хувьд  тэр үе яг Бөртэд тоглоход ид хав жигдэрсэн гоё үе тань байсан.  Харин жүжигчин Ц.Төмөрбаатарын хувьд бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинон дээр гол дүрээ алдсан тэр аймшигт шаталт нь буурчихсан, насны хувьд ч жаахан оройтсон үе нь байсан шиг ?

- Тийм ээ, гэхдээ л манай Төмөрөө ах маш мундаг байсан. Би боддог юм. Хуучны найруулагч нар үнэхээр мундаг улсууд байжээ. Яг энэ хүн энэ дүрд л заяагдсан жүжигчин гэдгийг олж харж чаддаг. Тэгээд яг насанд нь, иртэй бяртай байх үед нь тэр дүрд нь тоглуулдаг. Тэгж байж тэр дүрээрээ кино нь ч, жүжигчин нь ч мөнхөрч үлддэг. Үнэхээр гайхалтай мэдрэмжтэй, бүр цаанаасаа мундаг хүмүүс байж дээ. 

- Ц.Төмөрбаатарын дотор үлдсэн сэтгэлийн шархыг маш сайн мэддэг. Өөрөө бараг адилхан шаналж явсан болов уу. Л.Эрдэнэбулган найруулагч үнэхээр түүнд хүү шигээ хайртай байсан л даа. Мөнгө төгрөг нь бүтэхгүй бухимдана. Та яагаад ингэж адгаад байгаа юм бэ гэж асуухад  “Ц.Төмөрбаатарыг яг энэ үед нь барьж авмаар байна шүү дээ. Би ч гэсэн яарч байна. Миний амьдрал ч хугацаатай” гэж хариулж байсан. 

- Тэгээд ер нь чи бод доо. Ахиад Чингис хааны тухай кино арай гэж хийхээр боллоо. Өөр хэн тоглох юм бэ. Өөр тоглох хүн байхгүй шүү дээ. Төмрөө ахаас өөр хүн байхгүй шүү. 

- Таны хамтран тоглогч, хайртай жүжигчин тань болохоор ингэж хэлж байна уу ?

- Мэдэхгүй, бас уран бүтээлчийн тэр дотоод хайр нөлөөлдөг байж магадгүй. Гэхдээ Төмрөө ах бол гарцаа байхгүй том жүжигчин шүү дээ. Бас л монголын ард түмэнд заяагаар ирсэн амьтан байхгүй юу. Төмрөө ах бол ньюансыг маш гоё торгон гаргадаг гайхалтай жүжигчин. 

- Та хоёрын бас нэг кино чинь юу билээ дээ .” Морин улаагана” билүү ?

- “Ээждээ л үнсүүлэх сэн”. Шукшины “Морин улаагана”-аар хийсэн. 

- Найруулагч нь хэн байлаа.

- Д.Золбаяр. Үнэхээр гоё жүжигчин шүү, манай Төмрөө ах. Ер нь Төмрөө ахад муу хийсэн дүр байдаггүй. 

- Хуулбарлаж хийсэн кино ч гэсэн тоглоход гоё байсан уу?

- Гоё байсан. Маш гоё байсан.

- Та хоёрын гадаа суугаад бие биенээ налаад дуулж байгаа хэсэг байдаг шүү дээ. Тэр гоё хэсэг шүү. 

- Тэр их гоё хэсэг шүү дээ. Төмөр замын точка дээр бид нар байрлаж байсан. Үнэхээр гоё хэсэгт тоглож байхад хоёр минут болоод л “зогсоорой” команд. За, одоо үргэлжлүүлье гээд л явж байтал ахиад л “зогсоорой” гэнэ. Галт тэрэг яваад болж өгдөггүй. Тэр хэсгийн зураг авалт бүр 7-8 удаа тасалж байж бичсэн. Ёстой зовоож байж бичиж байсан хэсэг л дээ. Долоо найман удаа тасрахад яг түрүүнийхээ шугам дээр, түрүүнийхээ эмоци, өнгийг авч явна гэдэг бас л чардайлгадаг ажил байхгүй юу. Тэрийг зүгээр нэг уран сайханч хийхгүй л дээ. Тэгж тэгж тэр хэсгийн зураг авалтыг дууссаны дараа ёстой хоёр биенээ тэврээд үнсэж байгаа байхгүй юу. Хайрлаж байгаа юм. Тэр их ачааллын ар дээр үнэхээр хайр хүрч байгаа юм чинь. Хамт тоглоход бие биетэйгээ уусах, ойлгох чадвар гэдэг чинь тусгай ойлголт. Төмөрөө ах бол маш гоё партнёр. Хоёр биенээ мэдэрч тоглох тэр мэдрэмж гэдэг юм нарийн зохицол шаардагддаг ойлголт байхгүй юу. Тийм нэг сэтгэлийн тамир шаардсан нүсэр зураг авалтын дараах сэтгэл зүйг жүжигчин хүн л ойлгоно. 

- Одоо яг ийм нэг дүрд л тоглох юмсан гэх хүсэл танд бий юу ?

- Би нэг юм бодоод л яваа. Амьдралын шуурганд алгадуулаад эмэгтэй хүн сөхөрдөг. Хаягддаг. Орхигддог. Энэ нь маш хүнд шаналал зовиурыг өгдөг. Жишээ нь, маш муухай хууралтыг амсаж байгаа хүүхнүүд байна. Амьдралд итгэж яваад, хайрлаж дурласан, сэтгэл зүрхээ өгсөн хүндээ хууртагдаж, ганцаараа гашуун бүхнийг тээгээд үлддэг. Зарим нь энэ бүхнийг даваад босдог. Би тийм хүчтэй дүр бүтээхийг хүсдэг. Шаналал зовлонд хөл алдаж яваа тэр хүүхнүүдэд нэг тийм гоё хүч өгсөн. Итгэл өгсөн. Зовлон зүдгүүрийн хөл дороос босч ирсэн тийм эмэгтэйн дүрд тоглох юмсан гэж боддог. Маш сайн зохиолтой тийм сэдвийн кинонд тоглох мөрөөдөл надад бий. Юм их сонин шүү. Миний үеийн хоёр эмэгтэй ярьж байсан юм л даа. Хоёулаа мөнгөтэй хүний эхнэр юм байна. Хоёулаа нөхрүүд нь баян. Гэхдээ нөхрүүд нь залуу охидтой зугаацдаг. Тэгж яваад  хоёулаа эхнэрүүддээ баригдаж. Залуу охидтой яваад баригдахад нь нөгөө хоёр чинь ёстой алаад өгье гэж бодсон чинь эсрэгээрээ өөрсдөө хөөгдсөн байна. Нөгөө баян нөхрүүддээ. Тэгээд нэг найзындаа очоод гурав хоног дампуураад, ууж идээд, гуниглаад, хэцүү л цохиолтонд орж. Эхлээд баар саванд ороод л, үхсэн хойноо ер нь яадаг юм гээд л бүжиглэж . Тэгээд бүжиглэж байснаа хэдий болтол ийм насны хүн чинь баар саваар яваад байх вэ дээ. Тэгээд нэг найзындаа очжээ.Эхлээд  “Өө, ёстой муухай хог вэ. Чамайг тэгээ юу” гээд л аягүй гоё угтаж авч байсан хүн гурав хоногийн дараа өөрчлөгдөөд иржээ. Хүний ааш бас л сонин шүү дээ. Нэг хүн гэрт нь ирээд хэвтээд байвал бас л хэцүү байх. Ингээд л бас нэг юм мэдрэгдээд эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт нь гэртээ очсон юм байна л даа. Ер нь ингэж байхаар очиж ярилцъя гээд явж. Нөгөө гэртээ байлгасан хүүхэн нь “Харин тийм ээ. Одоо оч. Ингэж явж юугаа хийдэг юм. Хэдий хүртэл ингэж явах юм” гээд л. Тэгээд гэртээ очоод бие бие рүүгээ утсаар ярьсан байгаа юм. Тэр утсаар ярьсан яриа нь л надад нэг тийм сонин мэдрэмж төрүүлсэн байгүй юу. Тэгсэн чинь нэг нь гэртээ орсон чинь нөхөр нь сонин уншаад сууж байсан гэж байгаа юм. Хараад л хөөх болов уу гэж бодож гэнэ. Тэгсэн өндийж нэг харчихаад буцаад сониноо уншаад байх юм гэнэ. Тэгсэн чинь л дотор нь уужраад баярлачихсан гэсэн. Бөөн баяр болоод л, гутал хувцсаа тайлаад л, гал тогоондоо ороод шууд мах гаргаж хэрчээд л. Мах хэрчиж байхдаа “ашгүй намайг хөөсөнгүй” гэж дотроо баярлаад л. Сонин байгаа биз. Тэрийг сонссон чинь миний зүрх рүү нэг тийм хөнгөн гуниг өөрийн эрхгүй урсаад ирсэн. Мэдэхгүй юм. Эмэгтэй хүн яагаад ийм болох ёстой гэж.

- Сэтгэл зүйн маш эмзэг элементүүдийг гоё нарийн урласан, сайн зохиол хэрэгтэй. Худлаа гадуур нь илчихсэн, оромдсон зохиол хэрэггүй л дээ. 

- Яг тийм. Жүжигчнээс бүр нэг хүч шавхсан тоглолт гаргах зохиол. Тэр жүжигчний энэ үе дээр л энийг барьж авч заавал хийнэ гэж зүтгэдэг найруулагч бас байхгүй болжээ. 

- Найруулагчид дээр ч гэсэн хэсэгхэн цахилах романтик үе гэж байдаг юм болов уу. Жишээлбэл, Ч.Найдандорж найруулагч ер нь хаачсан бэ. Тэр “унтарчихсан” уу?

- Үгүй ээ. Одоо театр дээр бас үе үе очдог юм шиг байна билээ. Өөрийнх нь жүжиг тавигдах ч юм уу, тиймэрхүү үеүдэд очдог байх. 

- Зөвлөх найруулагчаар ажилладаг уу?

- Ямар статустайг нь би мэдэхгүй. Ер нь бол Найдаа найруулагч чинь одоо эргээд харахад хамгийн их үзэгчдийг дуудсан, хамгийн их сенсаци дэгдээж байсан, үзэгчийн дунд жинхэнэ шуугиан тарьж байсан найруулагч шүү дээ.

- “Үзэгчдийг дуудсан” гэж та их гоё хэллээ. Санал нэг байна. 

- Үнэн шүү дээ. Жишээ нь, “Ромео Жульетта” тавигдаж байх тэр үед ардын жүжигчин Л.Жамсранжав гуай их бухимдаж байсан. Хурал дээр “Үгүй, таминь ээ наад жүжигчдээ хайрла. Энэ жүжигчин чинь 3 цаг 30 минут уйлж байна. Яагаад энэ сард ингэж найм есөн удаа тоглогдохоор зоогоод байгаа юм бэ. Ингэж болохгүй шүү дээ. Та нар жүжигчин хүний зүрхийг хайрлах хэрэгтэй. Мэдрэл, тархи, оюун санааг нь хайрлах хэрэгтэй” гэж хэлж байсан шүү. 

- Гэвч та найруулагч нарын захиргаанд хэр ордог жүжигчин бэ?

- Найруулагчаа хүндэлж байж, найруулагч жүжигчин хоёрын дунд гүн бат ойлголцол бий болж байж сайн бүтээл гарна. Түүнээс биш өөрөө мундаг гээд л, өөрийнхөөрөө зүтгээд байх боломжгүй. Тэр хамт олноос  тусдаа тоглоно гэж байхгүй. Аливаа уран бүтээл чинь тэр баг хамт олон нийлж нэг мессежийг өгнө гээд л тэр лүүгээ бүгд өөр өөрийн дүрийн шугамаас дайрч байгаа учраас үндсэн цэг дээрээ л бүгд очих ёстой. Тэгж байж уран бүтээл гардаг. Их олон найруулагчтай би ажилласан. Театрын бүх  томчуудтай ажиллаж байсан байна билээ. Би гэдэг хүн С.Сугар багш, Д.Маамхүү багш, Л.Лхасүрэн багш нарын гар дээрээс төгсөөд ирж байгаа юм. Тэгээд л И.Нямгаваа найруулагч тосож аваад л, театрт очингуут Г.Доржсамбуу найруулагч Э.Санчигдан, Б.Мөнхдорж, Б.Баатар найруулагч гээд ингээд бүгдтэй нь ажиллажээ. Бүгд өөр өөрийн өвөрмөц арга барилтай найруулагчид байлаа.

- Найруулагч нарт “Би л гаргаж ирсэн шүү дээ, би энэ дүрээ өгөөгүй бол...” гэх мэт ялархал байдаг уу. Насан туршдаа тэр жүжигчнийг эзэмших гэсэн нэг тийм оролдлого та ер нь мэдэрч байсан уу ?

- Ёстой мэдэрч байгаагүй

- Үнэхээр үү ?

- Ерөөсөө мэдэрч байгаагүй. Би одоо гайхдаг юм. Намайг анх театрт ирэхэд И.Нямгаваа найруулагчийг хүмүүс аймаар ярьдаг байсан. Яанаа, ямар гээч найруулагчтай ажиллах гэж байна даа гэж бодож байсан. Жүжигт тоглож байхад ёстой огт загнуулдаггүй хоёр жүжигчин нь Төмрөө ах бид хоёр л байсан. Өрөлтөө хийгээд явж байх явцад бол ёстой “галзуурна”. Жүжигчдийг хашгичаад л загнана, янз бүрээр доромжлох энүүхэнд. Би яагаад ч юм үнэндээ И.Нямгаваа найруулагчид нэг ч удаа муу үгээр хэлүүлж үзээгүй. Төмрөө ахыг ч тэгж хэлж байхыг би хараагүй. Дараа нь гараад явсан. Надад хэзээ ч араас элдэв араншин үзүүлж байгаагүй. Гаваа найруулагч өөрөө ч хэлдэг байсан. “Миний жүжигт Ц.Төмөрбаатар И.Одончимэг хоёр ёстой нэг юу ч хийсэн зовоохгүй тоглодог хоёр хүн маань” гэж хэлж байсан. Би тэгэхэд л Төмөрөө ахыг үнэхээр шүтэж харж байсан. Төмөрөө ах бол ёстой театрт байхдаа бас л гайхалтай байсан даа. Жинхэнэ жүжигчин хүний ид хав гэж юу байдгийг хажуунаас нь бид харж байсан. 

- Х-ТҮЦ гэж одоо манай тайзны урлагт бол бас шинэ үзэгдэл болж гарч ирсэн продакшн. Энэ үзэгдэл Ч.Найдандорж найруулагчтай асар их холбоотой. Мюзикл 1, мюзикл 2 гээд л... Дараа нь драмын урлагт Тайванийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолоос сэдэвлэсэн  “Сэрүүн хасын нууц” жүжгээр тэсрэлт хийсэн. 

- Тийм. 

- Хошин урлагт шинэ түвшин тогтоолоо. Театрт сонгодог жүжигт энэ баг чансаагаа харууллаа. Тэгээд, за ер нь хийх юмаа хийчихлээ гээд тодорхой хэсэг нь продакшнаасаа явсан юм уу. Эсвэл зөрчилдөөн гарсан уу. Та энэ талаар ярьж болох уу?

- Ерөөсөө зөрчилдөөн байгаагүй. Хүмүүс гаднаас харж байгаа учраас ямар нэгэн таамаглалыг байнга гаргаж байдаг л даа. Гэтэл бидэнд тийм зүйл огт байгаагүй.  Угаасаа л Найдаа найруулагч, жүжигчин Н.Онон бид гурав Х-ТҮЦ-ийг удирддаг байсан. Гурвуулаа ярилцаж байгаад шийдвэрээ гаргадаг  байсан. Тэгээд ажиллаж байтал Найдаа найруулагч маань Драмын театр луу ерөнхий найруулагч болоод явах болсон. Тэгээд өөрийнхөө оронд шавь Л.Баттулга буюу Аглууг удирдах зөвлөлд оруулаад, ингээд та гурав минь цаашдаа аваад яваарай гэсэн юм. Ердөө л энэ. Бид гурав удирдаад цаашаа явсан. Нэг мэдсэн хэд хэдэн үеийг элээчихдэг юм байна шүү дээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг гэдгийг анзаарахгүй явчихсан байсан.

- Танайхаар дамжаагүй залуу жүжигчин ховор байх?

-Тийм. Угаасаа ямар ч хүнд байр сууриа олоход нь анхны гэр нь, гүүр нь, голомт нь болдог нэг тийм газар бүх салбарт байдаг байх. Х-ТҮЦ бол их олон жүжигчдийн гүүр болсон газар гэж боддог. Тэгээд тэд маань өөрсдийн байр суурь, мөрөөдөл, төлөвлөгөө бүх юмаа эргэцүүлээд, өөрсдийгөө мэдрээд, яаж тоглох арга барилаа олоод, олонд танигдаад ирэхээрээ хүн болгон өөрийнхөө хүчийг сорихыг, шандсаа үзэхийг бас боддог юм байна л даа. Тэр утгаараа л жигүүр нь ургаад явцгаадаг. Өөрөөр хэлбэл ёстой үүрнээсээ жигүүр нь ургаад л нисэцгээсэн. Түүнээс зарим нэг хүмүүсийн бодож байгаа шиг ч юм уу. Төсөөлж, таамаглаж байгаа шиг зүйл байхгүй. Хэзээ ч бид нар дургүйцэж, барьцаалж, сөргөлдөж элдэв зан авир гаргаж байгаагүй. Энэ явцыг их ухаалгаар, зөв сайхнаар шийдэх ёстой юм. Үүнийг маш сайн ойлгож хүлээж авах ёстой байхгүй юу. Үзэн ядалцах, хэрэлдэж уралцах юм байх ёсгүй. Тийм юм байхгүйгээр дараагийнхаа үеийг бас нэг аятайхан жүжигчин болгочих гээд л явна. Таван үг зөв хэлдэг болгочих гээд л өчнөөн сар жилээр ажиллана. Тэнд чинь бас нэг дэг сургууль явагддаг юм. Уран бүтээлийн гал тогооны халуун амьдрал буцалдаг юм. 

- Би өнөөдөр энэ цаг үеийн нэгэн том жүжигчинтэй ярилцаж байгаа болохоор чөлөөтэй л ярилцахыг бодож таарна. Таны нэр төр, зиндаанаас болгоомжлоод сэтгүүлчид асуудаггүй ч байж болох ганц нэг зүйлсийг асуувал эмзэглэхгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр эхлээд Аглуу явсан. Аглууг явсны дараа зарим нэг шар мэдээллүүд гарсан. Тэр үед “Одончимэг одоо өөрийн гэсэн нөмөр түшигтэй, эзэнтэй болсон. Тэр нь илүү хамт олонд  мэдрэгдэж эхэлжээ. Т.Бархүү бол их айхтар залуу учраас бүх юм руу нь орж эхэлсэн. Тийм учраас ийм задрал явагдаж байна” гэж нэг хэсэг нь ярьцгаасан л даа. Та бодвол сонссон байлгүй.

- Би ёстой сонсож байгаагүй юм байна. Тэр чинь 2017 он бил үү. Яг үнэнийг хэлэхэд өнөөг хүртэл Аглуу бид хоёр яг суугаад “Яагаад гарсан юм, яагаад явах шийдвэр гаргасан юм” гэж ярилцаагүй. Би асууж үзээгүй, бид дотоод сэтгэлээ уудалж яриагүй байгаа. Одоо тааралдвал мэнд устай, урьдийнхаараа л байдаг. “Сайн уу, эгч ээ”, “Сайн уу, миний дүү” гээд л. Мэдээж хүн цаг хугацаа элээх тусам бие биенийгээ уучилдаг. Анх бол би хэсэгтээ битгий миний нүдэнд харагдаасай л гэж боддог байсан. Би Аглууд их хайртай. Бас олон жил бид хоёр хамтран тоглосон. Олон сайхан бүтээлүүд бидэнд байдаг. Би ёстой байгалиас заяасан авьяастай жүжигчин гэж хайрлаж явдаг. Ер нь авьяастай хүнийг хайрлахгүй байж чаддаггүй. Хайрлах ёстой гэж боддог. Аглуу маань нэг өдөр л явсан даа.

- Н.Онон яагаад явдаггүй юм бэ?

-Тэр бол өөр асуудал. Бидний үеийнхний хүмүүжил байх гэж би боддог. 

- Жүжигчин Б.Хулангийн ярилцлагыг өчигдөр орой уншлаа. Танай Х-ТҮЦ-д байсан болохоор... Сүүлд “Хурд хамтлагийн “Бүсгүй” дууны клипэнд тоглосон байсан. 

- Маша гэдэг юм, бид нар Хуланг.

- Тэр клиптэй цуг жүжигчин Б.Хулангийн тухай сэтгэгдлүүд хөвөрсөн. Оддын амьдралын л нэг хэсэг шүү дээ. Тэр сэтгэгдлүүд дотор И.Одончимэг гавьяат нөхөртэйгөө хардаад продакшнаасаа хөөсөн гэх зүйл олон харагдсан. 

- Машаг харин тэгж яриад байдаг юм. (инээв) 

- Тэгээд телевизээр ярилцлагад орж байхыг нь үзлээ. “Надад энэ яриа маш таагүй байдаг . Ингээд худлаа бичээд, яриад, цацаад байх ямар хэрэг байдаг юм бэ. Тийм юм болоогүй шүү дээ. Манай хоёр ч гэсэн тайлбар өгчихдөггүй юм байх даа гэж би боддог” гэж хэлж байна билээ. Үнэхээр тийм хардалт  байсан юм уу. Таныг гадарлахын хувьд анхнаасаа хэнийг сонгож байгаагаа мэдэж байсан гэж боддог. Хэн хэнд нь туулж гарах олон даваа гүвээ байгаа даа гэж харж байсан. Гэхдээ хардах, харамлах тохиолдол гарч ирэхгүй амьдрал гэж байдаг гэж үү ?

-Тэр бол худлаа цуу яриа. Би ёстой Машатай хардаж нэг үг дуугарч үзээгүй. Манай хамт олон ч мэднэ. Т.Бархүүг хамтлагийнхаа нэг ч охинтой ялимгүй хардсан өнгө аясаар ч би юм ярьж байгаагүй. Манай хамтлаг дотор тийм юм болж байгаагүй. Маша ямар шалтгаанаар гарсныг би бас нарийн сайн мэдэхгүй.  Яг энэ хамтлагтаа ингээд өдөр шөнөгүй ажиллаад байж чадахгүй нь ээ л гэсэн. Дүүд нь бас хийе гэж бодож байгаа зүйл байгаа юм гэж хэлээд л гарсан. Одоо ч бид сайхан харилцаатай явцгаадаг. Хүмүүс л ингэж өмнөөс маань хардаж давхих гээд байдаг. (инээв) Миний өмнөөс хардаад байгаа юм шиг байгаа юм. 

- Гэхдээ та бол бас л атаархмаар их хайрлагдсан жүжигчин. Насан туршдаа үзэгчдийн хайр найрын хоймор явсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү. Таны үеийн драмын театрын хэдэн хүүхнүүдийг бол хэвлэлийнхэн амар тайван байлгадаггүй байсан байх. Үзэгчид таныг арай өөр хайраар хучаад явчихсан юм шиг санагддаг уу?

- Санагддаг.

- Хэвлэл мэдээлэл нь ч гэсэн.

-Тиймээ, би зөвшөөрнө. Магадгүй анх тоглосон дүрүүдээс маань болоод үүссэн хайр хүндэтгэл байж болох юм. Зарим үзэгчид надтай тааралдахаараа эсрэг дүрд битгий тоглооч , битгий муухай сөрөг дүрд тоглоорой гэж хүртэл гуйдаг. Ийм үед надад хэлэх үг олддоггүй. Үгүй ээ, би жүжигчин хүн шүү дээ ...гээд л тайлбарлах хэцүү. Тэд чинь үзэгчид шүү дээ.   

- Энэ ч гэсэн бас хэцүү дарамт биз дээ ?

-Тийм.  

- “Сэрүүн хасын зүүд”- ээр, “Аянгын бороо”-гоор та дотроосоо их олон зүйлээ гаргаж шидсэн болов уу. Үнэхээр шунаж болох жүжгүүддээ тоглосон. Одоо ахиад шинэ жүжиг тавихад ямар сонголт байх вэ. Давахад хэцүү босго үлдээсэн гэж боддог.  

- Би анх Жульеттад тоглочихоод Ганаа, юу гэж бодож байсан гэж санана. Одоо би юунд тоглох вэ дээ. Би Жульеттад тоглочихсон. Маш өндөр үнэлгээ авлаа. Одоо энийг гүйцэх ямар ч дүр байх вэ дээ гэж бодож байсан. Тэгээд явж байгаад би Фань И-тэй учирсан.  “Аянгын бороо” жүжгийн Фань И үнэндээ аймаар гоё дүр шүү дээ. 

- Эмэгтэй жүжигчдийн хүслийн дүрүүдийн нэг. Үнэхээр хэлэх үг алга. 

- Фань И-д тоглосны дараа би бодсон. Би тэр үед, Жульеттад тоглосныхоо дараа ямар тэнэг юм бодож байсан юм бэ. Юу вэ, тийм биз дээ. Энэ Фань И чинь ямар хүчтэй, ямар аймаар хүч тамир, зүрх сэтгэлийг ховх сордог дүр билээ. Би Фань И-гээр амьсгалсан шүү дээ. Бүр унтаж чадахаа байгаад, би хэзээ, хаана, хэчнээн жилийн өмнө яг ингэж дүрээрээ халууран өвдөж, шатаж, шаналж, тэр дотор оршиж байсан билээ гэж бодсон. Би яг тэр хүүхний амьдрал дотор байсан. Би байсан, энэ дүрд. Би энэ амьдралаар амьдарсан юм шиг надад тийм мэдрэмжийг Фань И төрүүлдэг байсан. Миний дотор тэр хүүхэн хэзээний байр сууриа эзлээд, намайг бүр хуяглаад, бүх юмаараа Фань И болгосон. Тэр агуу зохиолчид хүн төрөлхтөнд ямар гээчин гайхамшгийг өвлүүлэн үлдээсэн юм бэ. Үнэхээр энэ насандаа үзээд хараад, уншаад барахгүй юм байна, тэр нь бол тодорхой юм байна гэдгийг би энэ дүрд тоглосныхоо дараа ойлгож байгаа байхгүй юу. Дараа нь “Сэрүүн хасын нууц”-ад тоглосныхоо дараа дахиад л бөөн бодолд автсан. Бурхан минь...

- Цао Юй гэж алдар сууг барьж авсан нь өөрөө гайхалтай сонголт байсан. Ч.Найдандорж найруулагч энэ хоёр зохиолыг сонгосон уу?

- “Аянгын бороо”-г Онон, Найдаа найруулагч бид гурав ярьж байгаад сонгосон. “Сэрүүн хасын нууц”-ыг би олж ирсэн. “Сэрүүн хасын нууц” бол бэсрэг роман шүү дээ, жижигхэн. Энийг жүжиг болговол их гоё жүжиг болох юм байна гээд нөгөөдүүлдээ ярьж өгсөн. За, Одноо наадахаа жүжиг болгоод бич гэсэн. Тэгээд л барьж авсан даа. “Сэрүүн хасын нууц” гэдэг жүжгээр ер нь бол Х-ТҮЦ продакшн монголын драмын урлагт нэгэн шинэ жүжгийг дараа дараагийн үеийг тоглоход бэлэн болгож  өгсөн гэсэн үг л дээ. 

- Мюзикл хийсэн. Х-ТҮЦ-ийн үзэгчдэд барьсан бас нэг бэлэг.   Сэргээш 1, 2, 3 одоо ч үзэгчид youtube -ээр үзсээр л байдаг юм билээ. Дараагийн ангийг хийх бодол бий юу ?

- Өмнөхөө давна гэдэг хэцүү шүү дээ. Хүмүүс “Сэргээш 4”-ийг хийгээч гээд байдаг юм. “Сэргээш 3”-ыг давна гэдэг чинь өөрөө асуудал байхгүй юу. Одоо бид “Сэргээш 3”-аа үзэх болгондоо гайхаж ярьцгаадаг. Залуу ч байж, зоригтой ч байж. Миний хамгийн анхны найруулсан бүтээл шүү дээ. Ямар ч зоригтой байсан юм. Найдаа найруулагч байхгүй, хүнээс ч зөвлөгөө авахгүй, зүгээр л тэнэг зоригоор дайрч  байгаа байхгүй юу. Надад хийж чадна гэсэн итгэл байсан. Хамт олон маань ч итгэсэн учраас хийж чадсан.

- “Эрх баригч намтай хамтарч ажиллаж байна. Үзэл суртлын зэвсэг болж байна” гэх мэтчилэн та бүхнийг шүүмжилсэн. Үүнийг та яаж хардаг вэ?

-Энэ ийм юм л даа. За, монголд чинь одоо хэдэн нам байгаа билээ. МАН, тэгээд манай Ардчиллынхан байна, Социал демократ байвал байна, байхгүй бол байхгүй гээд л нэг иймэрхүү биз дээ. Ингээд харахаар би өөрөө социалист системд өсөж хүмүүжсэн хүн шүү дээ. Яг тэр системд би боловсролоо эзэмшсэн, тэр систем нураагүй байхад би театрт жүжигчин болчихсон байсан хүн шүү дээ. Ингээд бодохоор би хуучинсаг байхгүй яах юм бэ. Үнэндээ ерээд он биднийг тэр чигээр нь шоконд оруулсан шүү дээ. Бүгд бэлэн биш байсан. Нийгэм эргэнгүүт бас залуу байсан болохоороо ойлгоод, ардчилал гэж хачин сайхан юм байдаг юм байна. Энэ замаар л явчих юм бол бид чинь алаад өгөх юм байна, аягүй сайхан хөгжих юм байна гэж догдолж байсан. Улс орон даяар л монголчууд минь ойлгож, ухаар гээд ухуулсан шүү дээ. Англи , Америк гэх өндөр хөгжилтэй орнуудаар үлгэр жишээ аваад л... Энэ улс орнууд ийм сайхан хөгжиж байна, жинхэнэ хүний эрхийг дээдэлсэн нийгэм рүү бид алхаж байна гээд л... Одоо эргээд харахад, социализмын үед бид нарт үүргийг нь маш их ярьдаг байсан юм билээ. Үүргийг нь их ярьж байсан учраас хүмүүжил сайтай тал руугаа төлөвшсөн юм болов уу гэж надад бодогддог. Тэгээд гэнэт эрхийг нь задгай ухуулж эхэлсэн. Ардчилсан нийгмийг төлөвшүүлэх бодлого дээрээ бид жаахан дутуу харсан, хагас хөл тавьсан ч юм уу. Нэг тийм гажуудсан тал руугаа хэлбийлгээд явчихсан санагддаг. Тэр үед чинь монгол ардын намаас олон зуун гишүүд нь гарцгаасан. Туулах ёстой л үе шат байсан байх. Гэхдээ л би социализмд бүх буруу, мууг өгч чаддаггүй. Би хэзээ ч намын нүүр царай болж, нам хөөж яваагүй. Энэ үнэнийг маань бүгд мэднэ. Би мөнгийг шүтдэггүй хүн. Энэ миний үзэл бодол. Өнөөдөр бид ардчилал гэх нэрийн дор гоё ганган, чамин юм их ярьж байна. Энэ их гоё үгний цаана цэвэр мөнгөн дээр суурилсан нийгэм боссон нь тодорхой, бүх юм ойлгомжтой байна шүү дээ. Энэ нүдний урдуур татсан хөшиг биднийг ардчиллын цаана хүрэх юмыг олж харж чадахгүй болгож байна. Оюун санаа нь гэгээрээгүй байж хэт эрх чөлөө, эрх ярьж, мөнгийг шүтэх нь нэг их сайхан юм авчирна гэдэгт би итгэдэггүй. Харин ч айдаг. Биднээс жүжигчнийх нь хувьд л уран бүтээлтэй холбоотой асуултууд тавьдаг болохоос иргэнийх нь хувьд үзэл бодлыг маань асуудаггүй. Гоё үгээр халхавч хийсэн цэвэр мөнгөний нийгэм л явж байна шүү дээ. Өнөөдөр мөнгөгүйгээр юмыг хэмжихэд маш хэцүү болсон. Мөнгөөр л бүх юм хэмжигдэж байна. Хүний мөн чанар, юманд хандах хандлагууд асар их хувирсан. Хүн мөнгө дагаад урваж байна. Мөнгөнд хууртагдахгүй үнэ цэн маш ховор болж байна. Тэр худалдагдахгүй чанарууд чинь өөрөө суурь хүмүүжил байдаг юм. Байгалиас заяагдсан өгөгдөл нь байдаг юм. Мөнгө гэдэг юм хүнийг ёстой муухай эвдэж байна, танигдахын аргагүй өөр болгож байна. Манайх жижигхэн улс. Хоёр том гүрний дунд оршдог. Манай хүмүүсийн ухамсар ямархуу байгааг бид нар нэлэнхүйдээ харцгааж байна. Ямар их туйлшрамхай байна вэ. Буруу зөвийг нь ялгаж шүүж бодохоосоо илүү шууд ханараад л, хуйлраад л давхицгаах боллоо. Таалагддаг юм гэж манайханд алга. Ер нь монголчууд нэг нэгэндээ итгэх итгэлгүй болчихсон байхгүй юу. Монгол хүнд итгэл үнэмшил гэдэг юм байхгүй болсон. Олон жил манжийн дарлалд байсан, дараа нь оросын нөлөөнд олон жил явлаа. Жижиг үндэстний зовлон юм байна. Цөөхүүлхнээгийн зовлон юм байна. Талцаад л уралцаж байдаг. Одоо бид яаралтай энэ ёс суртахууны балчиг намгаасаа гарах хэрэгтэй байна. Хэдий болтол ингэж дороо хий эргэх юм.

- Хэдэн онд билээ. Н.Онон та хоёр МУИС-ийн хуулийн ангид сурцгаасан .

- Сурсан. 1998 онд. 

- Яагаад тийм шийдвэр гаргасан юм? 

- Үгүй, яах вэ дээ. Хүн чинь бас мэдлэг боловсролоо тэлэх ёстой шүү дээ. Соёл урлагийн их сургуулийн магистрын сургалтаа дуусгаад дараа нь Хуулийн сургуульд суралцсан. Одоо эргээд харахад бас бие биенээ хөглөж байсан. Хамтдаа хөгжиж байсан.

- Тэр таны хамгийн сайн эрэгтэй найз уу?

-Тийм. Хамгийн сайн эрэгтэй найз. 

- Яг ингээд дундаа ороод явж байхад хэрэгтэй үед шархиртал шүүмжилдэг, зөвлөгөө өгдөг, түшиг болдог хүн гэвэл танд хэн хамгийн их санагддаг вэ. Дуудаад уулзмаар, очоод сэтгэлээ онгойтол яримаар...

- Олон сайхан уран бүтээлчидтэй хамт явлаа. Төмөрөө ахтайгаа л үе үе уулзмаар санагддаг шүү дээ. Саяхан хүртэл санаад, “Би Төмөрөө ахыг санаад байна аа” гээд Т.Бархүүд ярьж байсан юм. Т.Бархүү инээгээд “Тийм үү, тэгээд уулзаач дээ” гээд ярьж суулаа. Төмөрөө ахтайгаа хоёулаа кофе уугаад сайхан яримаар байна. Манай Төмөрөө ах чинь гоё, нээлттэй хүн байхгүй юу. Битүү, цаанаа юм бодоод л, нэг тийм тодорхой биш хүмүүс байдаг шүү дээ. Бид тийм биш. Бид хоёрын характер ойролцоо байхгүй юу.

-“Солиот эх” кинонд та өмнөх үеийн агуу жүжигчин Д.Цэрэндарьзав, энэ цагийн бас л тод жүжигчдийн нэг Т.Бархүү хоёртой хамтран тоглолоо. Ямар таашаал авсан бол ? 

-Би Дарьзав эгчтэй тоглосондоо маш их баярласан. Дарьзав эгч бол миний хайртай жүжигчин. Нэг тийм чимээгүй. Цаанаасаа гүн. 

-Гаднаасаа ширүүн харагддаг ?

- Өөрөөрөө гадагшаа бардамнаж, онгирч, сагсуурч явдаг хүмүүс байдаг. Дарьзав эгч бол чив чимээгүй байж байгаад юмаа ёстой тасхийтэл хийдэг жүжигчин. Дотортой, гүйцэтгэлтэй, гоё фактуртай жүжигчин. Даруухан нь хэтэрсэн хүн байхгүй юу. Т.Бархүүгийн тухайд бол “Солиот эх” дээр гэнэт орж ирсэн хүн. Тэр дүрд би анх жүжигчин С.Ариунбямбыг бодож байсан юм. Тэгээд С. Ариунбямбатай тохиролцоонд хүрээгүй. 

- С.Ариунбямба сонирхолтой жүжигчин.  

- Тийм. Тэгээд явж байгаад сүүлдээ “амь авар” гэдэг шиг л Т.Бархүү дээр буусан. Одоо эргээд харах нь ээ, ямар азаар Т.Бархүүг тоглуулчихсан юм бэ гэж би боддог. Т.Бархүү хийж чадсан. Би чинь бас өдий хэмжээнд иртэл олон жүжигчидтэй хамтарч тоглолоо, ажиллаж үзлээ. Олон найруулагчийн гар дор нухлагдаж үзлээ. Хэн, ямар чадвар гаргаж байна, хэн юун дээр яаж ажиллаж байна вэ гэдгийг олж харах мэргэжлийн нүдтэй болсон болов уу. Ингээд эргээд харахад “Солиот эх” дээр гоё ансамбль бүрдэж чадсан.

- Бороогийн дүрд тоглосон хүүг хаанаас олсон бэ?

- Бас л проб хийж байгаад  олсон. Гармаа гээд найруулагч залуу байдаг. Түүний хүү. Бороогийн хоёр янзын насанд тоглосон хоёр хүү чинь ах дүү хоёр шүү дээ. Яг харах юм бол нүдний харц нь их адилхан. Тэгээд хоёуланг нь авсан. Нэг айлд хоёр хөөрхөн авьяастай хүү байж байна гэдэг чинь бас өгөгдөл биз дээ.  Ер нь тэгээд бүтэх ёстой бүтээл бүтдэг. 

- Одоо та ямар кинон дээр ажиллаж байгаа вэ? 

- Одоо би 16 ангит сериал дээр бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Гол дүрүүдээ сонгочихлоо. Монголд гэр бүл салалт бол ерөөсөө гамшгийн хэмжээнд хүрчихсэн юм байна. Жилд арваад мянган гэр бүл шүүхээр гэрлэлтээ баталгаажуулдаг юм байна. Гурваас дөрвөн мянган гэр бүл шүүхээр салдаг юм байна. Цаана нь батлуулаагүй амьдарч байгаад салсан гэр бүл зөндөө. За, тэгээд хүүхдээ тэврээд үлдэж байгаа ганц бие залуу ээж аавууд маш олон байна. Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг судлаад үзсэн чинь 100 мянга даваад явж байна. Энэ бол асар өндөр тоо. Үүний ард хэдэн зуун мянган нүдэндээ гунигтай хүүхдүүд байна вэ. Дандаа сэтгэлийн шаналал амссан, хүүхэд насныхаа баяр жаргалыг эдэлж чадаагүй хүүхдүүд. Энэ бол манай нийгмийн жинхэнэ харанга дэлдэж байгаа далд асуудал болоод байна. Ямар хүмүүс монголыг цаашаа авч явах вэ. Бид нар чинь хугацаатай ирсэн, яваад л өгнө. Гэтэл ард маань ийм харанхуй орчинд хүүхдүүд өсөж байна. 


- Таны дургүйг хүргээд нэг асуулт тавьчих уу. Хэн та нарыг нийгэмд багшил гээд байгаа юм бэ. Жишээлбэл, та одоо Кейт Уинслет шиг, Мэрил Стрип шиг цаашаа хүч тамир сорьсон дүрүүд рүү алхаач. Жишээ нь, Кейт Уинслетийн “Чтец” шиг кино руу, Ханна Шмицийн дүр шиг галзуу тавцан руу харах ёстой биш гэж үү. Яагаад нийгмийн моральтай ноцолдох гээд байгаа юм бэ. Ийм үүрэг танд байхгүй шүү дээ?

- Үгүй ээ, энэ ийм юм байна. Би үүнийг бага залуудаа бас боддог байлаа. Ер нь би хэнд заавал таалагдах ёстой юм, би зөвхөн ажлаа хийнэ гэж боддог байсан. Гэтэл нийгмийн энэ олон жилийн гажуудал хүссэн хүсээгүй хүмүүсийг өвтгөдөг юм байна. Нөгөө талаас би нөлөөлөгч юм байна. Би өөрөө нөлөөлөхийг хүсэхгүй байсан ч би нөлөөлөгч болсон байгаа байхгүй юу. Хүссэн хүсээгүй нөгөө эрх байдаг гэдэг шиг чи үүргээ ойлгох ёстой гэх нэг хариуцлага хүнийг шахдаг юм байна. Олон түмэнд хайрлагдахын ард өөрийн эрхгүй ингээд нэг үүрэг хүлээчихдэг юм байна.

- Та Т.Бархүүд хэр их нөлөөлдөг вэ? 

- Би нөлөөлдөг байх гэж боддог. Бараа чинь уран бүтээлч хүн шүү дээ. 

- Мань эр хэр автамтгай вэ? 

- Ер нь бас өөрийнхөөрөө шүү. Гэхдээ ухаалаг, их зөв хүн. 

- Хайртай бүсгүй биш, багш нь юм уу эгч нь болчих вий гэж та айдаг уу?

- Айдаггүй. 

- Бас нэгэн гоё Отеллог та энд бариад байгаа юм биш үү. Түүнийг театрын тайз руу явуулаач ?

- Отелло юу... Сонирхолтой асуулт байна. Т.Бархүүг драмд орооч гэх санал ирж байсан. Ер нь олон хүн чи драмын жүжигт тоглооч гэдэг юм. “Фауст”-д тоглосных нь дараа ийм санал их ирдэг болсон. Би театрт 10 жил ажилласан хүн шүү дээ. Бас л хүнд орчин. 10 жил ажиллахдаа нэг л удаа “Би энэ жүжигт ормооргүй байна” гэж хэлснийхээ төлөө хурлаар орж байсан. 

- Тийм үү. Ямар жүжигт тогломооргүй байсан юм бэ ?

- “Улаан дарвуулт хөлөг онгоц” ч бил үү нэг тийм жүжиг байсан. Би чинь бас хүссэн юмандаа тогломоор байгаа байхгүй юу. Дурласан зохиол, дурласан дүрдээ тогломоор байна шүү дээ. Гэтэл тэнд хүссэн хүсээгүй чи улсын цалин авч байгаа учраас тоглох ёстой гэх хууль л үйлчилдэг. Энэ нь жүжигчин хүнд сэтгэлзүйн асар том дарамт болж байдаг.

- Гэхдээ театрын гэх өвөрмөц дарамт бол байх ёстой юм биш үү ? 

- Тийм л дээ. Би хөлс хүчээ шингээн бүтээсэн олон сайхан дүрээ үлдээгээд уйлаад л, Найдаа найруулагч, Онон хоёроор чирүүлж чирэгдээд л гарч байсан. Б.Баатар найруулагч маань намайг дуудаад “ Чи энэ театрт байх ёстой хүн, би чиний орон тоог заавал хадгалж үлдээнэ. Чи нэг жил явчихаад, санаа сэтгэлээ сайхан чөлөөлчихөөд  ир дээ. Эргээд ирэхэд чинь энэ театрын хаалга нээлттэй” гэж хэлж байсан. Бас л агуу сайхан сэтгэл шүү. Ам нь их хатуу, гаднаасаа бүдүүлэг, зэвүүн ч юм шиг харагддаг юм. Тэгсэн атлаа хайрлах хүнээ хайрладаг, бас дэвсэх хүнээ дэвсэлж ч  чаддаг өвөрмөц найруулагч байсан л даа. 

- Жүжигчдийн дунд нөхөрлөл гэж байдаг уу. Өрсөлдөөнөөр тодорхойлогддог харгис ертөнц шүү дээ.

- Ер нь бол бас авьяастнуудын дунд айхавтар л юм явагддаг юм шүү дээ. Тэнд зүгээр ч нэг авьяастай хүн орчихдоггүй байсан үе. Бас л авьяастнуудыг цуглуулдаг байсан. Би арга барагдаад, цөхөрчих гээд л театраас гарлаа гээд Ч.Найдандорж найруулагч дээр ороход урдаас ширээгээ алгадаад л хэлж байсан. “Ганцхан чи энэ амьдралыг туулж байгаа юм уу. Чиний өмнө алдарт Т.Цэвээнжав ч ингүүлж байсан. Театр ийм л байсан. Б.Цэрэнпагма ч ийм юмтай тулж л байсан. Ганцхан чи ингэж зовж байгаа юм уу, хуцалгүй гар чи” гээд хашгирч байсан. Ер нь театрын амьдрал амар биш шүү. Их атаархал ч гэдэг юм уу, алга ташилтын тэр их нүргээн, үзэгчид шүтэн бишрэгчдийн хайр хүндэтгэл бүгд бас л хүнд хэцүүгээр ирнэ шүү дээ. 

- Дурласан үедээ тоглох бас л өөр байдаг байх, тийм үү ?

- Дурласан үедээ тоглох уу. Сайн мэдэхгүй байна.

- Т.Бархүүд дурласан үедээ та бас нэгэн онцгой дүрдээ тоглож байсан юм шиг ээ ? 

- “Сэрүүн хасын нууц” дээр үү. (инээв) Тийм юм байна. Гэхдээ эсрэг дүрд тоглосон. Жүжигчний ажил чинь бас их сонин ажил. Яг үнэндээ тархиа хоёр хувааж байгаа байхгүй юу. Тархийг хоёр хуваах ёстой. Нэг нь яг дүр дээрээ, нөгөө нь  өөрийнхөө контролыг барьж явах ёстой. Энэ өөрөө бас аюултай ажил. 100 хувь тархиа алдвал солиорно шүү дээ. Солиорохгүйн тулд мэргэшнэ. Энэ тархийг хоёр хувааж сурна гэдэг чинь өөрөө чадвар. Бараатай тоглож байхдаа би энэ дүрмийг яс барьж явж, тэр жүжгээ давсан. Жүжгийн төгсгөлд нэг тийм сонин мэдрэмж намайг эзэмдэж байсан. “ Сэрүүн хасын нууц” үнэхээр гоё жүжиг шүү.

-Олон жилийн дараа тантай цаг гарган, тухтай ярилцах сайхан байлаа. Таны ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. 

-Надад ч гэсэн маш таатай байна. Танай сэтгүүлийн хамт олонд амжилт хүсье. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (4)

Choijoo
Choijoo
26 March 2024 19:58

Ямар гоё ярилцлага вэ? Маш сайхан бна. Амттай, хэлэх үг алга. Баярлалаа

Zochin
Zochin
26 March 2024 21:44

Маш завгүй хэмнэл дунд мааш гоё ярилцлага уншчихлаа. Ярилцагч хоёрт баярлалаа. 

z
z
26 March 2024 23:54

ингэж гүйцэд тухтай ярилцлага ч тэр ном зохиол ч тэр уншилгүй уджээ. Салахын аргагүй байлаа баярлалаа

Зочин
Зочин
29 March 2024 08:26

Үнэхээр сайхан ярилцлага болжээ.

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав