Манай залуу зочдын нэг болох кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанааг та бүхэндээ танилцуулж байна. Тэрээр Хятад улсын Нанжин их сургуульд (Nanjing university) англи хэл уран зохиолын мэргэжлээр бакалаврын зэрэг, ФүДан их сургуульд (Fudan university) хятад хэлний хэл бичгийн ухааны мэргэжлээр мастерийн зэргийг хамгаалсан. Харин одоогийн байдлаар тэрээр Нанжин их сургуульд харьцуулсан уран зохиол мэргэжлээр докторын зэргийг горилон суралцахын зэргэцээ кино шүүмжлэгчээр ажиллаж байна. Түүний бичсэн шүүмж нийтлэл болон бусад ажлуудыг доорх холбоосоор дэлгэрэнгүй үзээрэй.

 -Юун түрүүнд Монголдоо ирсэн сэтгэгдэл хэр байна, өөрчлөлт харагдаж байна уу?

-Монголд яг дөрвөн жилийн дараа ирж байна. Сайнаар өөрчлөгдсөн зүйлс гэвэл үйлчилгээний байгууллагын хүмүүсийн харилцаа, гадуур хүмүүсийн биеэ авч явж байгаа байдал гэх мэт, хүмүүс алхаж явахдаа тамхи татаж шүлс цэрээ хаяхаа бараг больчихсон нь таалагдаж байгаа. Биет бодит өөрчлөлт гэвэл хотод орон сууц барилгууд эрс нэмэгдсэн байна. Зайсан уруу очсон чинь бүр утгаа алдчихсан газар байна лээ. Харин хөдөө явахад үнэхээр сайхан байсан. Гэхдээ манай улс хаагдмал болоод байгаа юм шиг санагдсан. Би Хятадад байж байгаад Монголд ирсэн мөртлөө ардчилсан оронд ирсэн юм шиг санагдахгүй үеүүд байсан. Хууль зүйн эрх орчноос эхлээд л..

-Тэгвэл бид хувь хүнийхээ хувьд үүний эсрэг хийж чадах зүйл юу бол?

-Хамгийн энгийн хэрнээ шууд нөлөөлж чадах зүйл бол сонгуульд саналаа өгөх. Би Хятадад байхдаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр очиход тэнд 50-хан хүн байгааг хараад бага зэрэг  урам хугарсан. Хэрвээ сонгуульд саналаа өгч чадахгүй бол гомдоллох эрхгүй гэж боддог. Тэрнээс бусдаар бол шударга байдал.

-Гол яриагаа бага насны чинь талаар эхлүүлэх үү?

-Би багадаа улсын сургуульд нэг жил сураад Монгол хятадын хамтарсан Найрамдал сургуульд шилжиж орж байсан. Тэндээ тасралтгүй 11 жил сураад төгссөн. Бага байхдаа… мэдэхгүй ээ, нэг их сайн санадаггүй юм аа. Зураг хөрөг ч бараг байхгүй. Гэхдээ аав ээж минь намайг багадаа өөрөө хятад хэл сурмаар байна гэсээр байгаад сургуулиа сольсон гээд байдаг. Одоо бодоход зөв сонголт байсан байгаа юм. Бага байхад гэртээ байнга ганцаараа үлддэг байсан болохоор телевиз их үздэг хүүхэд байсан. Тэр үед 25-р телевиз кинонуудыг ямар ч орчуулга, дуу оруулгагүй гаргадаг байсан даа. Тэгээд л тэрийг нь би хичээлээ тарчихаад өдөржин үзчихдэг. Тэгж л ер нь киног сонирхдог болсон. Нэг зун хийх юм байхгүй гэртээ өнжиж байхад аав нэг удаа намайг кино түрээслэдэг газар очоод кино авч үзээч гээд иргэний үнэмлэхээ үлдээгээд, тэрийг нь авж очоод л хана дүүрэн өрчихсөн кинонууд дундаас алийг нь үзэхээ ч мэдэхгүй, ажиллуулдаг ахаар нь нэг кино сонгуулаад л үзэж эхэлсэн. Түүнээс хойш бараг бүх киног татаж аваад үздэг болсон, дагаад англи хэл ч сайжирсан. 

-Арван жилд байхдаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

-Багадаа ухаантай хүүхэд бол байгаагүй(инээв). Гэхдээ их дуулгавартай, номхон хүүхэд байсан. 

-Тэтгэлэг авсан сургуулийнхаа тухай яриач?

-2015 онд арван жилээ төгсөөд шууд Няньжин хотын их сургуульруу явсан. Тухайн үед хятадын засгийн газрын тэтгэлэг зөвхөн эхний хоёр жил эсвэл хэлний бэлтгэлийн оюутнуудад өгдөг байсан учир надад тохирохгүй байсан. Би жил алдмааргүй байсан болохоор шууд мужийн тэтгэлэгт бүртгүүлсэн. Гэхдээ тэр үед бол одоогийх шиг амар байгаагүй, бүх материалаа өөрөө бэлдээд сургуулиуд руу мэйл бичдэг байсан. Харин нэг зүйл болсон нь боловсролын үзэсгэлэн их зохиогддог, би тэнд очиж сайн дураар орчуулга хийдэг байсан юм. Нэг удаа сонирхоод очсон чинь Няньжин их сургуулийн багш нар ирчихсэн, тухайн үед азаар ч гэх юм уу тэдэнд орчуулга хийж өгөх ёстой байсан хүүхэд ирээгүй байж таараад, тэгэнгүүт нь уухайн тас би тусалъя гээд хажууд нь суугаад орчуулга хийж өгсөн. Би ч тэр сургуульд хүсэлтээ өгчихсөн байсан тул багш нарт нь хэлээд материалаа ахиад өгсөн. Мэдээж тийм байдлаар танилцсан болохоор нүдэнд нь өртсөн байх. Миний хятад хэлний түвшин тогтоох шалгалтын оноо сайн, тэмцээн уралдаанд ордог байсан учир асуудалгүй тэнцээд тэтгэлэгээ авсан.


-Анх сургуульдаа очиход ямар байсан бэ?

-Хүчээлийн хувьд бол манай IT инженерийн мэргэжлийнхэн дээд математкийн 1-р үеийг үздэг байсан. Тэр нь хамгийн хүнд шат байдаг. Хамгийн эхний хичээл дээр бол үнэхээр юу ч ойлгоогүй. Ойлгоогүй шалтгаан маань хятад хэлэндээ биш тоондоо байсан байхгүй юу. Бүтэн нэг семестер ойлгохгүй явж байгаад хоёрдугаар семестерээсээ ер нь мэргэжлээ солих хэрэгтэй юм байна гэж бодсон. Уг нь яахав би хоёрын хооронд сураад жилээ уртасгаад ч болов тэр мэргэжлээрээ төгсөж болох байсан л даа. Гэхдээ тэгж төгсөөд яах билээ. Би тэр улсруу диплом авах гэж биш сурах гэж л очсон болохоор халтуурдаж төгсөхийг хүсээгүй. Соёлын хувьд би хэл сурч байх үедээ давхар соёлыг нь судалдаг байсан тул асуудал гараагүй.

-Гадаад улсад сурч амьдрахад хэцүү үеүүд бишгүй гардаг байх, шантарч байв уу? 

-Манай сургуулийн кампус хотынхоо нилээн захад байдаг, дээрээс нь Монгол оюутнууд бараг байдаггүй. Тийм болохоор хичээлээ ойлгохгүй, хүнээс зөвлөгөө авъя гэхээр хэн ч байдаггүй. Ялангуяа миний мэргэжлээр хятадад сурах гэж очдог гадаад оюутан байдаггүй юм байна лээ. Тийм учраас үнэхээр шантарсан. Гэхдээ гүрийж эхний жилээ дуусгачихаад мэргэжлээ солихоор шийдсэн. 

-Тэр хэцүү байсан үеэс санаанд чинь үлдсэн дурсамж байдаг уу? 

-Нэг инээдтэй ч юм шиг дурсамж байдаг. Манайд компьютерийн сэтгэлгээ гэх юм уу математик дээр суурилсан биш хэрнээ өгүүлбэртэй бодлого боддог тийм сонин ‘абстракт’ хичээл ордог байсан юм. Тэр хичээл тавдах өдөр болгоны өглөө ордог, би ойлгох гэж бараг сэтгэл гутралд орохоос наагуур юм болдог байсан. Нэг удаа тэр хичээлдээ орохоосоо өмнө сэтгэлээ бэлдээд зуу татчихаад оръё гэж бодоод архи, дарс ууж ч үзээгүй мөртлөө нэг шил виски авчихсан, өглөө 9 цагийн үед бага багаар уусаар байгаад нэг харсан чинь бараг талыг нь уучихсан байдаг юм. Тэгээд л за хичээлдээ явъя даа гэж бодоод өндийсөн чинь шууд толгой эргээд, орон дээрээ хэвтчихсэн. Нэг сэрсэн чинь бүр оройны 8 цаг болчихсон, хичээлээ тасалчихсан байна. Тэгж анх удаа хичээлээс болж согтож үзсэн. Одоо бодохоор үнэхээр хэцүү байсан хэрнээ инээдтэй санагдаад байдаг юм. Энийг одоо хүмүүст хэлж болох юмуу үгүй юу бүү мэд(инээв).

-Англи хэлний ярианы шалгалтын үеэрээ Хятад улсын ерөнхийлөгч Ши жинь Пинтэй гар барьсан талаараа ярьсан байсан, тэр үйл явдал их сонирхолтой санагдаж байна л даа. 

-Аан тийм, бараг 2013 онд. Тухайн үед Ши Жинь Пин анх удаа Монголд айлчлал хийхээр болоод хүлээн авах хүүхдүүдийг л цуглуулж байсан юм байна лээ. Нэг удаа хичээлийн шинэ жилийн өмнөхөн сургуулиас цагаан цамц өмсөөд бэлэн байж байгаарай гээд л залгасан. Ахлах ангийн 11р ангийн хүүхдүүд гэдэг чинь тийм юмыг бараг тоохгүй, би яваад очсон чинь ангиасаа бараг ганцаараа оччихсон байсан. Тэгээд л автобусанд суугаад онгоцны буудал дээр очих үед гадаа бороо орж байсан ч бидэнд шүхэр барихыг зөвшөөрөөгүй. Шүхрийг зэвсэг гэж үздэг юм байна лээ. Тэгээд л бараг 30 минут бороонд норж зогссоны эцэст яг урд баахан машин ирж зогсоод бууж ирээд л, бүх хүүхдүүдтэй гар барьсан. Тэгсэн чинь яг надтай гар барих үед зураг авсан байсан. Тэр зургийг харсан Хятад хүмүүс хүртэл гайхаад байдаг. Тийм л зүйл болсон доо.

-Хэзээнээс кино салбарыг сонирхож, мэргэжил болгохоор шийдсэн бэ?

-Мастерт суралцаж эхэлсэн үеэс л юм даа. Киноны талаар хичээлүүд үзэж эхлээд маш сонирхолтой санагдаж байсан. Хятад хэлний тэнхимд сурч байсан болохоор хятад кино их үзээд, түүнийхээ талаар бичдэг болсон. Нэг удаа онлайн хичээлд оролцох боломж олдоод, тэр нь кино шүүмж, кино сэтгүүл зүй гээд мэргэжлийн батламж олгож байсан. Тэр сургалтын төгсөх шалгалт дээр би дээр үеийн Хятад киноны талаар бичсэн чинь шүүж байсан хүн нь надад: “хэрвээ чи хэвлүүлж эхлээгүй бол хэвлүүл, чанартай болсон байна” гэж хэлсэн нь надад маш том урам өгөөд би ч шууд хэвлүүлэх гээд нэг газар орсон чинь шууд хэвлэгдчихсэн. Тэр үед л мэргэжил болгоод явж болох юм байна гэж ойлгосон. Эхний бараг хагас жил ямар ч цалингүй бичиж байсан. Гэхдээ ямар нэг зүйлийг хийгээд эхэлчих л юм бол олон боломжууд харагдаад эхэлдэг. Одоо бол тогтвортой бичээд л явж байгаа.

-Одоо доктороор суралцаж байгаа гэсэн, ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Харьцуулсан уран зохиол гэдэг мэргэжлээр сурч байгаа. Би бакалавраа англи хэл, уран зохиолын мэргэжлээр, мастераа хятад хэл, соёл урлагаар сурчихсан, харин одоо доктортоо яг тэр хоёрыг нийлүүлсэн мэргэжлээр сурч байгаа шиг санагддаг. 

-Кино шүүмжлэгч байхын ач холбогдол нь юу вэ?

-Кино шүүмж бичихээр киног анхааралтай үздэг болчихдог. Би ихэнхи киног хоёроос гурван удаа үздэг. Зарим хүмүүс ‘кино шүүмж бичихээр киногоо мэдэрч үзэж чадахгүй юм биш үү, ажил шиг болчих юм биш үү’ гээд байдаг. Надад бол тэгж санагддаггүй. Кино шүүмж, ер нь урлагийн шүүмж гэдэг урлагаа эргүүлээд баяжуулж байдаг болохоор надад таашаалтай байдаг.

-Хамгийн таалагддаг төрөл эсвэл кино байдаг уу?

-Би киног ер нь таалагддаг, таалагддаггүй гэж ярьдаггүй. Ялангуяа сайн уу, муу юу гэж ярихад дургүй. Харин сонирхолтой юу, үгүй юу гэж ярих дуртай. Заримдаа маш муу кинонууд хүртэл аймар сонирхолтой байдаг. Яагаад тийм муу болсон юм бол гэж бодохоор. Хятадад жилд маш их кино гардаг. Долоо хоногт л гэхэд дунджаар 4 шинэ кино нээлтээ хийдэг. Тэдний дийлэнх нь цаг, мөнгөндөө харамсахаар муу кинонууд байдаг. Гэхдээ л тэдгээр кинонууд зах зээл, уран бүтээлчдийн орон зайг маш сайн харуулж өгдөг. Хятад улс өөрөө уран бүтээлчдэд маш хахир, хатуу газар байхад цөөн тооны ч гэсэн сайн кинонууд яаж гараад байгааг гайхдаг. Зарим киног үзэхэд зүгээр л энгийн кино юм шиг хэрнээ, яг ухаад үзэхэд төр засаг, нийгмээ шүүмжилсэн элемэнтүүдийг оруулсан байдаг. Хавчих тусам улам бүтээлчээр хандаж байгааг нь харахаар биширдэг. Тийм учраас Хятад кинонуудад дуртай.

-Тэгвэл Монгол уран бүтээлчдийн кино бүтээлээс дурдвал?

-Сүүлийн үед гэвэл “худалдагч охин” их сонирхолтой байсан. Диалогоо уншиж байгаа байдал нь бага зэрэг модон байсан ч сонгож авсан сэдэв бол маш сайн. Өөр гэвэл саяхан Каннын кино наадамд шалгарсан Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” киног онцолмоор байна. Монголд миний хамгийн их харахыг хүсдэг зүйл бол ‘political cinemaгээд улс төрд шүүмжлэлтэй ханддаг төрөл байдаг. Ардчилсан улс мөртлөө тийм төрлийн кино хийхгүй байгаад нь бага зэрэг эмзэглэдэг. Золжаргал найруулагчийг энэ төрлөөр хийхэд хамгийн ойрхон байгаа уран бүтээлч гэж харж байна. 

-Хятад хүмүүстэй хамт сурч, ажиллахад өөр санагддаг уу?

-Өөр л дөө. Дийлэнх Хятад хүмүүс үргэлж өрсөлдөөнтэй байдаг учраас олон зүйл хийж үрэх цаг байхгүй гэдгийг бүр багаасаа ойлгочихсон байдаг. Манайхан их сургуульд орохоосоо өмнө л мэргэжлээ сонгох тохиолдлууд байдаг. Гэтэл Хятадад бүр эхнээс нь аав ээж нь нэг мэргэжил сонгоод өгчихсөн, өөрөө дургүй байсан ч тууштай нэг зүйлдээ төвлөрдөг. Надад бол энэ систем таалагддаг. Бас их сайн цаг барьдаг хүмүүс байдаг.

-Маш их өрсөлдөөнтэй нийгэмд хүмүүс хоорондын харилцаа ямар байдаг бол? 

-Өрсөлдөөн ихтэй болохоор хүмүүс хоорондын харилцаа тогтоход бага зэрэг хэцүү юм шиг санагддаг. Харин тогтсон хойноо бол хамаагүй. Надад хамгийн их хэцүү зүйл нь нийгмийн давхаргын ялгаа юм шиг санагддаг. Би чинь өөрөө ажилчин ангийн хүн байхгүй юу(инээв). Би кино салбарт ихэнхдээ өөрөөсөө дээш нийгмийн статустай, өөрөөсөө илүү хөрөнгөтэй хүмүүстэй харьцдаг. Тийм хүмүүс бусдыг өөртэйгөө адилхан, тэнцүү гэж бодож харьцдаг юм шиг санагддаг. Тэр хэмжээрүү нь ‘мацаж’ ажиллах хааяаа хэцүү санагддаг. Зарим хүмүүс намайг ‘цалингүй дадлагажигчаар ажиллачих, чи олон зүйл сурна’ гээд байдаг. Гэтэл надад цалин мөнгө нь илүү чухал байгааг ойлгодоггүй. Энэ зүйл Монголд ч, Хятад ч байдаг. 

-Өөрт чинь баримталдаг үзэл байдаг уу?

-Шударга л байх ёстой гэж боддог доо. Ёс суртахуунтай, этиктэй байх хэрэгтэй. Энэ нь гэхдээ хааяаа надад гай болох ч үе байдаг л даа. Жишээ нь кино салбарт гэхэд шүүмжлэгчид нь кинонд өөрсдөө ажиллаад байдаг. Энэ нь этикийн хувьд, ашиг сонирхолын хувьд ч зөрчилдөөнтэй болчихож байгаа юм. Зохимжгүй санагддаг. Кино шүүмжлэгч бол кино зах зээлийн хамгийн захад, бүр гадна нь байх ёстой хүн байхгүй юу. 

-Монгол, хятадын кино салбар болон шүүмж хэр ялгаатай санагддаг вэ? 

-Ерөнхий ажиллаж байгаа зарчим нь төстэй санагддаг. Гэхдээ аль аль нь шүүмжлэл авах дургүй. Хятад кино шүүмжлэгчид гадаад киног маш их шүүмжилж бичдэг хэрнээ өөрийн орны киноны талаар барагтай бичдэггүй, ялангуяа муу гэж бүр ч бичихгүй. Олон хүний эрх ашиг тэнд хөндөгдөж байдаг. Хамгийн хэцүү нь ямар нэг киног сөргөөр шүүмжлээд биччихвэл өс санах хандлагатай байдаг. Хятадад хууль чанга учраас кино салбартаа маш их нөлөөлдөг. Жишээ нь хятад кино үзэхээр л эхэнд нь ногоон дэлгэц дээр луугийн дүрс гардаг даа. Тэр лого байхгүй л бол тухайн киног гаргаж болдоггүй. Кино шүүмж Монголд бол хөгжихөд асар хол зай байгаа гэж боддог. Шүүмж хэвлэх, нийлүүлэх газар байхгүй. Тэгэхээр шүүмж бичиж байгаа хүн нь орлогогүй болчихож байгаа юм. Киноны талаас бол орлого орж ирж болохгүй. Хэрвээ ороод ирэх л юм бол шүүмж биш сурталчилгаа болно. Зарим продюсерүүд манай киноны талаар бичээч гээд байдаг. Тийм харилцаа бол кино шүүмжид байж болдоггүй. Харин Монголд кино шүүмж бичиж байгаа хүмүүсийн хамгийн энгийн ганц дутагдал байгааг анзаарсан. Кино шүүмж уран зохиолын шүүмжээс ялгаатай байх ёстой. Кино өөрөө маш холимог урлаг. Тэнд зохиол гэх хамгийн эхний шатаас эхлээд зураг авах, киноны хөгжим, тайз засал, жүжиглэлт гээд олон талын ажил байгаа. Тэр бүгдийн талаар бичиж ялгааг нь гаргахгүй юм бол зүгээр уран зохиолоо бичсэн нь дээр л гэж боддог. 

-Саяхан шинэ Монгол кино нээлтээ хийгээд кино театруудаар гарч эхлээд удаагүй байх үед нь нэгэн кино шүүмжлэгч тэр киног нь цагийн гарз гээд биччихсэн байсан дээр хүмүүсийн санал нилээн хуваагдаж байсан. Зарим нь кино багийн хайран хөдөлмөрийг нураалаа гэж байсан бол зарим нь мөнгө, цагаа үрэхээс сэргийллээ гэж байгаа юм. Гэтэл яг хэнийх нь зөв юм бэ?

-Шүүмжлэгчийн зөв. Кино шүүмжлэгч киног хийсэн багийн өмнө ямар ч өргүй хүн байхгүй юу. Хүмүүс киног ядаж театраас буусны дараа нь бич л дээ гэж маш их хэлдэг. Гэтэл буусны дараа нь бичээд ямар хэрэг байгаа юм бэ. Кино шүүмжийн хамгийн нэгдүгээр үүрэг бол ‘санал болгох’, энэ киног үзэх хэрэгтэй юу үгүй юу гэдгийг хэлж өгөх. Маш их кино хийгдээд гарч байгаа. Гэтэл тэнд кино багийн мөнгө, цагаас гадна үзэгчдийн мөнгө, цаг зав ч бас орж байгаа. Кино хийгээд үнэхээр орлого олмоор байгаа юм бол ‘сайн’ л кино хий л дээ. Дэлхийн кино шүүмжийн мэргэжлийн жишигт бол ямар нэг кино нээлтээ хийхээс хоёр хоногийн ч юм уу өмнө нь хэвлэлийнхэн болон шүүмжлэгчдэд зориулсан тусгай үзвэр зохиогддог. Тэр хоёр хоногийн хугацаанд шүүмж нь бичигдээд яг нээлтээ хийх үед нь нийтлэгддэг. Түүнээс биш орлогоо олж амжаагүй байхад нь шүүмж бичиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Шүүмжлэгчид киног шүүмжилж байж салбар нь хөгжинө. 

-Тэгэхээр Монголд кино салбарт мэргэжлийн шүүмж дутагдалтай байгаа учир хөгжил удаан байна гэж ойлгож болох уу?

-Яахав нэг шалтгаан нь бол мөн, гэхдээ түүнээс том шалтгаанууд бас бий. Жишээ нь, Монголд киноны дууг хурааж бичдэг мэргэжлийн хүн ховор. Найруулагч бол их байгаа, жүжигчид их байгаа. Гэтэл яг нарийн мэргэжлийн хүн цөөхөн байна. Дээрээс нь кино гэдэг өөрөө удаан хугацааны төсөл шүү дээ. Гялс хийчихээд гялс мөнгө олчихдог зүйл биш. Хөрөнгө оруулагчдын талаас түүнийг нь ойлгодоггүй юм шиг байна лээ. 

-Цаашдаа энэ мэргэжлээрээ ажиллах уу, тавьж байгаа зорилго тань юу вэ?

-Зорилго гэвэл доктороо дүүргэх л байна. Гэхдээ Хятад улсад төгсөх эсэхээ шийдээгүй байна. Учир нь би өөрөө улс төр, нийгэм, эрх тэгш бус байдлын талаар бичих сонирхолтой. Гэтэл иймэрхүү сэдвээр Хятад улсад судалгааны ажил хийхэд хэцүү. Тийм болохоор сурч байгаа газраа өөрчлөх бодол байна. Киноны талаар бол бичээд явна. Намайг кинонд ажиллах уу, зохиол бичих үү гэж хүмүүс асуудаг. Гэхдээ би ерөөсөө тийм зүйл хийхгүй, сайн хийж чадахгүй гэдгээ ч мэдэж байгаа. Харин кино наадам, түгээлтийн салбарт ажиллах сонирхол байгаа. 

-Монголдоо ажиллах уу?

-Шалтгаална даа. Хаана боломж байна тэр газарлуу л явна даа. Одоо бүх юм хөгжчихсөн үед бол заавал Монголдоо байж байж л хэрэгтэй зүйл хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хаанаас ч хийж болно. Би одоохондоо залуу байна. 30 нас хүртлээ өөрийгөө л сайн хөгжүүлнэ гэж боддог. 

-Өөртэй чинь ярилцах үед хийж бүтээснээ нилээн дарж яриад байгаа юм шиг санагдлаа. 

-Мэдэхгүй юм, би ер нь өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Шүүмжлэл гэдэг муулах гэсэн үг биш л дээ. Аливааг муулах амархан, магтах бүр амархан. Шүүмжлэх л хэцүү гэж боддог. Өөрийгөө, ажлаа магтахад бол сайшаалтай ханддаггүй. Гэхдээ энэ нь одоо үед  бараг хэрэггүй зан л болчихоод байна. Өөрийгөө сурталчилж, зарж чадахгүй болохоор ажилд горилох ч юм уу тэр тал дээр дутагдалтай байдаг юм шиг байгаа юм. 

-Кино гэж ер нь яг юу вэ? Таны бодлоор?

-24 кадр дахь амьдрал гэх юм уу. Кино яг зүүд шиг санагддаг. Дэлхий гэдэг ийм том газар нутагт 8 тэрбум хүн амьдарч байхад бид хэсэгхэн газар төрөөд жижигхэн хотдоо хязгаарлагдмал амьдардаг. Тэр амьдралыг л тэлж өгөх зорилготой гэж боддог. Ондоо улсын, өөр хүмүүсийн амьдралд орж үзэхээс гадна өөрийнхөө тухай илүү ойлгох боломжыг олгодог зүйл шиг санагддаг. Кино өөрөө бүх урлагийг өөртөө шингээж чадсан демократик урлаг. Тийм учраас би кинонд их хайртай. 

-Ярилцлагын төгсгөлд хэлж амжаагүй зүйл байгаа юу? 

-Кино шүүмжлэгч гэдэг хүн кино салбарын бусад хүмүүстэй адилхан л хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Тэрнээс хүний хийсэн хөдөлмөрийг үгүйсгээд байгаа зүйл байхгүй гэдгийг хэлмээр байдаг. Кино шүүмж бичихээр хүмүүс өөдөөс “чи өөрөө юу хийсэн юм?” гээд байдаг. Би кино хийж үзсэн байх шаардлага уг нь байхгүй. Би нэг газар ороод мөнгөө төлж хоол идлээ, гэтэл тэр хоолонд үс орчихсон байлаа гэж бодвол би тэрийг нь хэлэхэд өөдөөс “чи хоол хийж үзсэн юм уу?” гээд байвал утгагүй шүү дээ. Зарим хүмүүс нэгнийхээ хийж байгаа зүйлийг битгий муулж бай гээд байдаг. Тийм зүйл байдаггүй юм аа. Аль болох зоригтой шүүмжилж байж л хөгжинө.

-Нээлттэй ярилцсанд баярлалаа. Тантай ярилцахад үнэхээр таатай байлаа. Бүх зүйлд тань амжилт хүсье.  

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав