“Ярилцъя” та бүхэнтэй нэгэн ховор зочныг уулзуулахаар урилаа. Тэр бол “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал асан ноён Д.Батбаатар.
-Сүүлийн үед миний урьж байгаа зочид тэр бүр ил гарч ирж давхиад байдаггүй ховор хүмүүс таарч байгаа нь таатай байна. Тухайлбал, академич Ж.Болдбаатар. Түүнээс “та УИХ-ын гишүүн байлаа. Харин улс төрөөс яагаад тэр эрт гарчихсан бэ” гэж асуусан юм. Энэ асуултаа танд бас тавимаар байх юм. Тухайн үедээ та парламентын хамгийн залуу гишүүн харагддаг байсан. Та нарын ажиллаж байсан тэр УИХ их сонирхолтой, эдийн засгийн бүлэглэлүүдийн сураг чимээ ч байхгүй, тунгалаг, гоё хурал байсан юм шиг ээ?
-Дөнгөж олон ургальч үзэл бууриа засч байсан их тийм өвөрмөц парламент. Үндсэн хуулийн дагуу анх байгуулагдсан УИХ. Нам итгэл хүлээлгэж, залуу хүн, тур тусмаа хуульч хүн ийшээ орж ирж ажиллах ёстой гээд дэвшүүлж байлаа. 1992-1996 оны парламент шүү дээ. Үндсэн хуулийг боловсруулахад би бас тэр багт ажиллаж байсан л даа. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг би яг гардаж хариуцаж ажилласан. Энэ үед бас хүмүүсийн хараанд өртсөн юм байлгүй дээ. Тэр үеэ бодохоор үнэхээр заримдаа инээд хүрдэг юм. Дөнгөж 28 настай байлаа. Хүүхэд байсан байгаа биз дээ. Учраа мэдэхгүй хүүхэд орж ирж байлаа.
-Та хаанаас сонгогдож байсан юм бэ?
-Баянзүрх, Налайх, Багануураас. Эргээд бодоход тэр үе үнэхээр сайхан үе байсан байгаа юм. Одоогийн энэ их хурал энэ тэртэй харьцуулшгүй. Тэр үеийн УИХ-ын гишүүд ямар бодол сэтгэлтэй хүмүүс байсан бэ. Энэ ганцхан миний ч бодол биш, одоо асуухад бүгд л хариулах байх. Улс орон маань нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжих гэж байна. Биднийг их гоё, цоо шинэ нийгэм хүлээж байна. Тийм учраас тэр нийгмийн үндэс суурийг бид сайн сайхан тавьж өгөх ёстой гэсэн ийм л бодолтой хүмүүс байсан. Бүгд л ийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан. Тэр дотор одоогийнх шиг элдэв ашиг сонирхол, бохир муухай зүйл, давхар санаа ерөөсөө байгаагүй. Тийм учраас тэр үеийн баталсан хуулиуд үндэслэл сайтай, углуургатай хуулиуд гарч байсан. Одоо ч гэсэн гол гол хуулиуд өөрчлөгдөөгүй л явж байна шүү дээ. Энэ үүднээс нь үзэх юм бол би тэр үеийн Их хуралд сууж байснаа амьдралынхаа хамгийн аз завшаантай, сайхан үе гэж боддог. Маш мундаг эрдэм боловсролтой хүмүүстэй ажиллаж байлаа. Тэр дөрвөн жил бас нэг том их сургууль төгссөн гэж үздэг. Амьдралын их сургууль, төрт ёсны их сургуульд давхар суралцсан дөрвөн жил гэж боддог юм даа.
-Та нар далуулаа байсан бил уу?
-Тэр үед олонхи цөөнх гэж хүчтэй ойлголт байгаагүй. Ардчилсан намаас талийгаач С.Зориг, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд тав зургуулаа л байсан.
-Одоо бид тавуулаа байна. Тавиулаа эргэж ирнэ ээ гээд Ц.Элбэгдоржийн хаалгыг нь хаагаад гарч байсан парламент.
-Тэр үеийн УИХ-аас нэг хүнийг бүр онцолж дурсмаар байдаг юм. Ц.Намхайнямбуу баатрыг. Зүгээр л малчин хүн шүү дээ. Одоо ер нь явж явж Монголын хууль тогтоох байгууллагад хамгийн сүүлд суусан малчин хүн нь Намхай баатар юм болов уу даа. Намхай баатар өвөрмөц дуу хоолойгоороо л цангинуулна. Одоо ер нь энд сууж байгаа улсуудаас хамгийн боловсрол, соёл муу нь би байх гэж байгаад л үгээ хэлнэ. Тэгээд л нэг хэлэхэд асуудлыг эргүүлдэг байсан байхгүй юу. Тэр хүн амьдралын үнэнийг хэлдэг байсан.
-Амьдралын хурц соргог ухаантай хүн байсан л даа.
-Хар ухаан гэж хэлдэг л дээ. Н.Багабанди дарга яг нэг эгзэгтэй үед за тэгвэл бүгдээрээ Намхайнямбуу баатрын үгийг нэг сонсъё гэж хэлдэг байсан. Ийм гоё хүмүүстэй ажиллаж байсан. Тэдний нэг нь Ж.Болдбаатар академич. Бас л дүнжгэр хүн шүү дээ. Ийм улсуудын дэргэд би юу ярих юм бэ. Сүрд нь дарагдаад л явж байсан байхгүй юу. Бүгд эх оронч сэтгэлгээтэй улсууд байсан. М.Зэнээ гуай байна. Мөнхөө гуай байна. Танай эрхлэгч Баасанжавын Ганболд байна. Их өвөрмөц зан чанартай, сонирхолтой улсууд байсан. Н.Жанцанноров гуай байна. Бавуугийн Лхагвасүрэн гуай байна. Үнэхээр гоё улсууд байсан. Бүгд ямар нэгэн цаад санаагүй эх орныхоо төлөө цохилдог улсууд байсан.
-1996 онд танай нам навс ялагдсаан.
-Навс ялагдсан.
-Та ахиж нэр дэвшсэн үү?
-Бага хурал дээр заалнаас нэр дэвшсэн. Миний огт санаанд ороогүй хүн миний нэрийг дэвшүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгч байсан Моломжамц гуай. Яагаад энэ залуучуудын нэрийг дэвшүүлэхгүй байгаа юм бэ гэж хэлээд миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд би нэр дэвшээд тойрог дээрээ очсон. Ёстой чадан ядан зүтгэсэн. Элдэв арга тактик, ов заль гэж мэдэхгүй. Намынхаа бодлого зорилтыг яриад л явсан. Автобус автобусаар хүн ачаад авчирч байхад зүгээр амрах гэж ирж байна гэж ойлгож байлаа шүү дээ. Ингэж яваад ялагдчихлаа.
-Хэнтэй өрсөлдсөн юм?
-Талийгаач С.Батчулуунтай.
-Хууль зүйн сайд байсан уу?
-Тийм. Бид хоёр бас бие биенээ мэднэ л дээ. Би Багануурт хамгийн их айж байсан чинь Багануурт ялчихдаг юм. Баянзүрхэд ялчихлаа. Налайхад чинь бас би тодорхой хэмжээгээр газар нутгийнх нь асуудлыг шийдээд өгчихсөн, нэлээн юм хийчихсэн, баталгаатай л гэж бодож байсан. Яг дүн гарсан чинь Налайх дээр эргэчихдэг юм. Тэгээд л яаж намын хамт олны нүүрийг харна даа гэж халширсаар л ирсэн чинь нам дээр нэг ч хүн байдаггүй. Энэ чинь одоо яасан сонин юм бэ гээд алмайраад зогсч байсан чинь нам навс ялагдчихсан байдаг юм. Ингээд уналаа. Тэндээс надад хатуу ойлгож авсан зүйлс бий. Нэгдүгээрт, хүн өөрийгөө таниулж байж улс төрд орох ёстой юм байна. Хоёрдугаарт, улс төр цаашдаа нэлээн тийм бохир замаар явах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ерөөсөө улс төрийн халуун амьдралаас өөрийгөө шууд татаж авсан. Хүн чанартай маань ч нийлэхгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Ерөөсөө л төрийн хар хүн байя гэсэн сонголт хийсэн.
-1996-2000 оны хооронд та юу хийв?
-Өөрийгөө хүмүүст таниулъя, бас сурсан мэдсэнээ хүмүүстэй хуваалцъя гэдэг үүднээс шийдвэр гаргаж Удирдлагын академид багш хийсэн. Өмгөөлөгч хийсэн. Дараа нь ерөөсөө өөрийгөө голж эхэлсэн. Мэдлэг боловсролоо дээшлүүлье гэж шийдсэн. Германд мастер хамгаалахаар явсан. Тэнд хоёр жил суралцсан. Сонирхуулаад ярихад, Бундестагийн Тамгын газарт дадлага хийж байтал тухайн үеийн УИХ-ын гишүүд болох Ц.Элбэгдорж, Л.Болд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт эд нар ирдэг юм. Тэгээд Бундестагийн Тамгын газарт дадлага хийж байгаа учраас тэдэнд үйлчилж, орчуулга хийх болсон. Миний орчуулах ч гэж юу байхав, гэхдээ тэгээд хэд хоног явцгаалаа. Тэр үед надад тэд “Чи цагийг их зөв ашиглаж байгаа юм байна” гэж хэлж байсан юм. Дараагийнх нь сонгуулиар Ардчилсан нам хуйгаараа ялагдсан. Харж байсан чинь яг тэр залуучууд бүгд Америк руу сургуульд явцгаасан. Тэгэхэд нь би бодож байсан, нөхдүүд надад тэр үед тэгж хэлж байсан даа. Эд нар зөв шийдвэр гаргацгааж байна даа гэж харж байсан. Тухайн үед ахин сурч боловсрохоор явцгаасан. Сурч боловсроод ирсэн. Одоо улс орныг аваад явцгааж байна.
-2000 онд та чинь УИХ-ын Тамгын газрын даргаар ажилласан бил үү?
-Германд хавар сургуулиа төгсөөд байж байтал надад Л.Энэбиш даргаас захиа ирсэн. Сонин юм шүү, бүр захиа явуулсан. Одоо ч надад бий. Чи сонгуулийн системийн талаар наанаа сайн судлаадах. Ирэхдээ материал юмнууд авчирна шүү гэсэн байна. Эби дарга чинь миний хувьд бол тээр дээр байгаа Гималайн оргил шүү дээ. Намайг тэнд байгааг яаж мэдсэн юм. Яагаад тэгж захиа бичсэн юм. М.Зэнээ гуай нэг очсон юм. Сайн байна, за тэгээд залуучууд та нар өндөр хөгжилтэй оронд сурч боловсорчихоод, эсвэл эндээ шигдэж үлдээд, эсвэл оччихоод эх орноо голоод муу хэлээд байв гэж байж билээ. Тэгээд ирээд Эби даргад намайг тэнд сурч байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд ирлээ. Захисан зүйлсийг нь авчраад Эби даргад аваачиж өгсөн. Сонгууль ч дөхчихсөн байсан. Энэбиш дарга намайг чи ерөөсөө миний сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаач гэж урьсан. Би зөвшөөрсөн. Ингээд Булган гараад давхилаа. 45 хоног яг тэр хүнтэй нэг майханд хамт хоноод, хоолоо хувааж идээд явсан даа. Нэг майханд амьдарч байгаа хоёр эр хүн юу эсийг ярихав. Их ч зүйлийг ярьсан. Бүх л нарийн ширийн юмаа ярьж байж дээ гэж бодогддог.
-Тэгээд та хоёр чинь том ялалт байгуулаа биз дээ. Хамгийн өндөр хувиар гарч байсан?
-Хамгийн өндөр хувиар. Дараа нь Эби дарга УИХ-ын дарга болсон. Намайг ир гээд, би зөвлөхөөр нь ажиллаж байгаад, тэгээд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.
-Удалгүй дарга тэнгэрт хальсан. Та хаачсан билээ?
-Тэгээд С.Төмөр-Очир дарга УИХ-ын дарга болсон. Энд би харин хэнд ч ярьж байгаагүй нэг юмыг ярьчих уу.
-Тэг л дээ. Та байнга ярилцлага өгөөд явдаг хүн биш шүү дээ?
-Л.Энэбиш дарга нас бараад би оршуулгын комиссын нарийн бичгийн даргаар ажилласан. Тэгээд нэг л юм надад бодогдоод ерөөсөө болохгүй байсан. Яагаад гэвэл Монголын төрд арай л өөр өнцгөөс дуугардаг хүмүүс ойр ойрхон өнгөрөөд байсан байхгүй юу. Гончиг гуай, Зуунай гуай, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Эби дарга гээд. Моголчуудын төлөө өөр өнцгөөс дуугардаг хүмүүс л гэнэт гэнэт яваад байсан. М.Зэнээ гуай гээд л. Яагаад ингээд байна вэ гээд бодогдоод байсан. Монгол хүнд нэг тийм сонин мэдрэмжүүд төрөөд байдаг даа. Тэгээд болдоггүй. Ингээд бодож байгаад Их хуралд байсан хамгийн ахмад хоёр хүнтэй уулзсан. Хоёулаа Ерөнхий сайд байсан. П.Жасрай гуай, Ш.Гунгаадорж гуай хоёртой. Надад нэг ийм юм бодогдоод байна, би энэ танхимд лам нар авчраад ном уншуулчих уу гэж. Хоёулаа дэмжсэн. Маш зөв. Гэхдээ чи өөрөө залуу хүн, дараа нь хэл аманд орчихов. Маш чанд хийгээрэй гэж зөвлөсөн. Ингээд шийдээд би хийсэн. Энэ явдлыг хэн ч мэдээгүй. Ордонд надтай нийлээд гуравхан хүн л мэдсэн. Гандан дээр очоод Чойжамц хамбатай уулзсан. Хамба зөвшөөрсөн. Тэгээд дэд хамба Амгалангаар ахлуулсан хэдэн настай лам нар гаргаж ирсэн. Нөгөө хэдийгээ бүхээгтэй машинд суулгаж авчраад, хэнд ч харагдуулахгүйгээр ордонд нэвтрүүлсэн. Ингээд харанхуй шөнө хэн ч байхгүй танхимд лүүжин тавиуллаа. Лүүжин тавиулахад чинь эзэн нь заавал байдаг. Эзэн нь гэхээр би өөрөө сууж байгаа байхгүй юу. Хав харанхуйд зул асаачихсан, нүүрнийхээ урдуур юм унжуулчихсан лам нар баахан бүрээ бишгүүр дуугаргаад уншиж гарсан. Сүүлдээ өөрөө бараг айж байгаа юм чинь. Ингэж л явлаа. Сэтгэл дагаад тэгсэн үү, нээрээ л шил шилээ дагаад төрийн өндөр албанд зүтгэж явсан хүмүүс өнгөрөх нь зогссон. Дотроо бас тэр үед өөрийгөө зөв юм хийсэн гэж бодож явдаг юм.
-С.Төмөр-Очир даргатай та ер нь ажиллаагүй юу?
-Зурвасхан л ажилласан. Тэгж байтал Н.Энхбаяр дарга намайг дуудаад Мэгэжлийн хяналтын газар гэж байгуулах гэж байна. Чи залуу хүн, хуульч хүн, чи аваад яв гэж хэлсэн. Тухайн үед шийдвэрээ гаргахдаа өөрийн төрсөн ахаас өөрцгүй хүндэлж явдаг нэг ахтайгаа зөвлөсөн. Одоо Хүний эрхийн үндэсний комисын даргаар ажиллаж байгаа Ж.Бямбадорж ахтайгаа зөвлөсөн. Санаанд чинь багтаж байвал хий гэсэн. Ингээд л тэр байгууллагыг байгуулаад л ажилласан.
-Мэргэжлийн хяналтын газрын анхны дарга байх аа?
-Анхны. Улс төрөөс болж дунд нь долоон сар завсарласан байх. Нийтдээ таван жил ажилласан. Ер нь бол хяналт суларснаас болж төрийн ажил жаахан цалгардсан байдаг юм. Ардын хянан шалгах хороо гэж байлаа. Тэр ч яахав, системтэйгээ хамт алга болсон. Ард нь сул орон зай үүснэ биз дээ. Хяналтын систем нэлэнхүйдээ суларсан. Ийм хөрсөн дээр Мэргэжлийн хяналтын газар үүссэн. Тодорхой ажлуудыг хийсэн.
-Тэгж яваад алдарт Хонгорын асуудлаар чөлөөлөгдсөн байх аа. Та чинь уурандаа өөрөө огцорчихоо биз дээ?
-Өөрөө ажлаа өгье гээд өгсөн. Уурлах юу байхав. Өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр л шийдвэрээ гаргасан.
-Би тэр Хонгорын асуудлыг нэлээн барьж бичсэн сэтгүүлч байгаа юм. Явж очоод хүмүүстэй нь уулзахаар биеэр нь дүүрэн юм туурчихсан. Нэг нөхөр гахайгаа хүү татаж харуулаад л. Сүүлдээ экспертүүд арьс өнгөний өвчин гэж дүгнэлт гаргасан. Учраа олохоо байсан шүү. Хонгор гэдэг тэр “вирус” юу байсан юм бэ?
-Хонгор гэдэг вирус уу, хамуу л байсан шүү дээ.
-Зургаан жил халуун ус нь ажиллаагүй байдаг бил үү?
-Тийм. Хонгорын асуудал гээд базаад хэлэхэд ерөөсөө мэргэжлийн хяналтыг нэгтгэсний үр дүн тэнд гарсан юм. Урьд нь бол шил шилээ харсан тусдаа хяналтууд л яамдад байлаа шүү дээ. Нэг нь нэг шийдвэр гаргахад дараагийнх нь очоод үгүйсгэдэг. Ингээд л нэг хөл толгойгоо алдсан систем байсан. Тэгээд 13 яам, агентлагаас нэгдсэн байхгүй юу. Хонгорыг тэгж яривал манай боловсролын байцаагч анх илрүүлсэн юм шүү дээ. Хүүхдүүд хамуурчихсан байсан. Багшийнх нь гараар юм туурчихсан байсан. Ингээд л бөөн асуудал үүссэн. Алт угаасан шорооноос болсон л гэлээ. Яах аргагүй хятадууд орж ирээд хууль бусаар алт угаасан байсан. Яах аргагүй мөнгөн ус ашигласан байдаг юм. Цианит ашиглахаар бэлтгэсэн байсан. Нөгөө муу Даш генерал бид хоёр очоод ажилласан. Хоргүйжүүлсэн. Шуугиад л явчихсан. Чиний үүрэг ч их оролцсон байх. Хэвлэлүүд дуулиан болгосон. Улс төр ч их өлгөж авсан байх. Эцсийн дүндээ монголчууд бүгд химич болж хувирсан. Би өөрөө ч химич болж хувирсан. Монголын толгой гэсэн бүх химичдийг цуглуулсан. Монголын гайгүй бүх лаборторийг нэгтгэж байгаад шинжилгээ хийлгэсэн. Энд цианит байхгүй байна. Алт угаасан нь үнэн байна гэж тогтоосон. Хоргүйжүүлээд л байдаг. Хүмүүс нь туураад байдаг. Тэгсэн эрүүл мэндийнхэн очсон. Хамуу байна гэдгийг тогтоосон. Хамуу байна гэдгийг ил тод хэлчихсэндээ л алдчихсан.
-Гудамжаар явж байгаа хүмүүстэй уулзаад хувцсыг нь гуйж байгаад сөхөөд харахад л иржийсэн тууралтууд байсан. Үнэхээр гайхширч байсан шүү?
-Ардын эмч Долгор гуай хүтэл очсон. Бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн шүү дээ. Хүүхдүүд ээ, битгий санаа зов. Энэ хамуу байна шүү дээ. Энэ чинь эдгэдэг өвчин гэж. Бас л манайхан ичмээр шүү. Сүүлдээ НҮБ-аас хүртэл шинжээчид ирсэн. Даш генерал, онцгойгийн ажилчид би гээд бүгд л хордоно биз дээ. Даш генерал бид хоёрын үс хумснаас хүртэл НҮБ шинжилгээ авсан даа. Тэгээд энд ямар нэгэн цианит алга гэсэн.
-Таны ажлаа өгдөг нь үнэхээр хувийн шийдвэр үү?
-Засаг төр солигдлоо, С.Баяр дарга Ерөнхий сайд боллоо. Нөгөө Хонгорын асуудал бас л сөхөгдөөд ирсэн. Харамсалтай нь, лаборатори хэзээ ч худлаа хэлэхгүй, химийн урвал хэзээ ч худлаа хэлэхгүй. Хүн бол худлаа хэлдэг. Нөгөө улстөрчид чинь сонин дээр Ганчимэг гуай ингэж бичсэн байна, тэр гуай ингэж хэлсэн байна гээд сонины хайчилбар бариад үзүүлээд байдаг. Би зөрүүлээд лабораторийн шинжилгээ үзүүлээд байдаг. Үнэмшдэг амьтан байдаггүй.
-Хачин тугал гараад л... Байсхийгээд л асуудал босдог?
-Гахайнаас тугал гарна, үхэрнээс гахай гарна. Ийм л юм болсон шүү дээ, сүүлдээ. Одоо бодохоор инээдтэй. Хонгорт С.Баяр дарга очлоо, уулзалт хийлээ. Нэлээн хатуухан ярьсан. Яг тэр хурал дээр л би бодсон. Намайг хэн ч шахаагүй. Зүгээр бодоод л шийдсэн. Ард иргэд маань ч ойлгодоггүй, төр, засаг маань ч ойлгохгүй бол би энд энэ ажлыг хийнэ гэж юу байх вэ дээ. Уг нь ажлын бүрэлдэхүүнд ороод цаашаа Дархан, Булган явах байсан. Тэгэнгүүтээ Хонгороос хэнтэй ч ярилгүй шууд буцаж ирсэн. Би ерөөсөө мэргэжлийн хяналтын энэ ажлыг өгөх нь зүйтэй юм байна гэж л бодсон. Өгье. Яагаад гэвэл миний зүтгээд хэлээд байгааг хэн ч ойлгохгүй юм чинь би тэнд овойж суугаад яах юм. Тэгээд л мэдэгдэл хийгээд ажлаа өгчихсөн. Тэгсэн чинь С.Баяр дарга орой нь дуудаж намайг загнаад, чи хэнтэй зөвлөсөн гэж байна. Хэнтэй ч зөвлөөгүй гэсэн чинь “Чи яасан том толгойтой хүн бэ. Төрийн ажлыг дур мэдэн өгч байдаг. Хэн юм чи” гэж ирээд л намайг баахан загнасан. Дараагийнхаа хүнийг тодортол чи ажлаа сайн хийгээд байж бай гэсэн. Ингээд ажлаа өгснийхөө төлөө загнуулаад л. Тэгж ажил албан тушаалаа сайн дураараа өгсөн хамгийн анхны хүн би байх. Сэтгүүлчид тухайн үед надаас асуухаар нь дараа ярилцлага өгнө гээд юу ч яриагүй гараад явчихсан. Тэр ярилцлага маань өнөөдөр та бид хоёрын дунд одоо болж байна даа.
-Дараа нь юу хийсэн бэ та, хувийн хэвшилд байсан уу?
-Бас л инээдтэй юм даа. Хүнийг чинь үндсэн мэргэжил нь л тэжээдэг юм шүү дээ. Би өөрөө хуульч, өмгөөлөгч хүн. Өмгөөлөл хийгээд л явсан. Тэгсэн нэг өдөр их сургуулийн урд талаар Чойбалсангийн хөшөөний хажуугаар явж байтал утас дуугардаг юм байна. Тэгсэн чинь С.Баяр дарга залгадаг юм. Чи хаана явна гэсэн, би ч үнэнээ л хэлсэн. Даргаа би гудамжинд явж байна гэсэн чинь “Битгий дэмий юм яриад бай. Чамайг гудамжинд явааг чинь мэдэж байна” гэхээр нь би нээрээ их сургуулийн энд алхаж байна гэсэн чинь чи ороод ир гээд. Тэгээд орсон чинь чи гудамжинд явж болохгүй ээ, миний зөвлөхөөр ажилла гэсэн. Тэгээд л С.Баяр даргын зөвлөхөөр ажиллаад, дараа нь С.Батболд даргатай ажиллаад. Тэгж байтал Өмнөговьд ерөөсөө хөл толгой нь олдохгүй баахан юм болоод байна. Чи тэнд очоод цэгцлээдхээч гээд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр намайг томилсон. Тэнд нь очиж баахан бужигнуулах шив дээ. Тэгээд л тэр их шороо, тэр их машин тэргийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн дээ. Төр, засгийн удирдлагуудад юу хийх, яах шаардлагатай байгааг нь ойлгуулсан. Ямар ч байсан Шивээхүрэн дээр 56 км замыг нь тавиулсан, Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 250 км замыг тавиулсан. Ажиж байхад монгол хүний сэтгэл гэдэг арай л өөр. Ямар ч шаардлага тавихад Монголын компани хамгийн түрүүнд хөдөлдөг юм шүү дээ. Би тэнд ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн удирдлага залууст их баярладаг юм.
-Бүрэн эрхт байж байгаад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал болсон. Та хэзээ томилогдлоо?
-Яг нэг жил болж байна. Тэнд ажиллаж байсан чинь ахиад С.Батболд дарга дуудсан. Би чинь үндсэндээ Бүрэн эрхт төлөөлөгч гээд хоёр жил Оюутолгойн гадна талаар давхисан байгаа юм. Дотоод аж ахуйн үйл ажиллагаанд орохгүй гадна талаар нь явж байгаа байхгүй юү. Тэгж ажиллуулаад одоо дотор талд нь орж ажилла гээд намайг оруулсан юм болов уу гэж боддог юм. Ингээд “Эрдэнэс Оюутолгой” гэж компанийг байгуулаад намайг хариуцлагатай ажиллах даалгавартайгаар томилсон. Үнэхээр хариуцлагатай компани. Яагаад гэвэл монголчуудынхаа 34 хувийг л атгуулсан газар юм шүү дээ. Энийг чи бариад яваач л гэсэн. Дотор нь ороход миний төсөөлж байснаас шал ондоо байсан. Тэгээд яахав ажиллалаа. Энэ ажлыг аваад бүтэн жил ажиллаж байна даа. Хэвлэл мэдээллээр заримдаа яримаар, заримдаа яримааргүй ч юм байх юм. Одоо бол Оюутолгойн талаар ард түмэндээ зөв ойлголт өгөх нь зүйтэй гэж би бодож байна.
-Оюутолгой эрх мэдлийн гадна яваа улс төрийн хүчнүүдийн барьж авч шуугиулдаг хамгийн том сэдэв болчихлоо. Хэвлэл мэдээллийнхэн ч төдийлөн хүндэтгэлгүй, хөндлөн гулд шүүрч бичдэг.
-Үнэхээр тийм.
-Өчигдөр Ерөнхийлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө Оюутолгойн талаар нэлээн дэлгэрэнгүй байр суурь илэрхийллээ. Охиноо хадамд гаргасан. Эргэж зууралдаад байх шаардлагагүй ээ гэж хэлэв үү дээ. Зарим нь бол улсын Ерөнхийлөгч гэхэд яасан харь хөндий дуугарав гэж шүүмжилж байна, хэвлэл мэдээллийнхэн маань болохоор шинэ жил рүүгээ анхаараад анзаарсангүй юу даа. Дарга нарын амнаас унаж байгааг тунгаадаг сэтгүүл зүй ажиллахгүй байна. Та үүнийг анзаарсан уу. Та яг голомтон дээр нь ажиллаж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Яг чин үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч маань их хариуцлагагүй үг хэлсэн. Ер нь Оюутолгой гэсэн үг үсэг болгоныг манай компанийн залуучууд шүүж үздэг юм. Яагаад гэвэл монголчуудын маань, бидний үр хүүхдийн маань ирээдүй учраас хариуцлагатай ханддаг. Ерөнхийлөгч Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн гэхэд туйлын хариуцлагагүй үг хэлсэн. Арай л тийм харь элгийн өнгө аясаар дуугарчихсан. Болохгүй шүү дээ. Арай л тэгж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр маш торгон эгзэгтэй агшинд байгаа юм. Бид охиноо хадамд гаргаад одоо боллоо, дараагийнхаа охиныг хадамд гаргахдаа л сайн бодъё гэж юу гэсэн үг вэ. Охиноо хадамд гаргачихаад архичинтай нь суулгачихсан байна уу, хэнтэй нь суулгачихсан байна, хамаагүй. Одоо манайд тэр охины хувь заяа падгүй гэж хэлдэг эцэг байхгүй байх. Дуусан дуустлаа түүний хойноос тэрний төлөө анхаарал тавих ёстой. Ам нээвэл уушиг нээ гэдэг. Ер нь энэ Оюутолгойн талаар би өөрийнхөө бодлыг хэлчихье гэж бодож байна.
-Та төрийн албанд ажиллахдаа нэг тийм сонин арга барилаар ажлаа хийгээд явчихдаг хүн л дээ. Ерөөсөө л чимээгүй. Урдахь ажилтайгаа ноцолдоод явчихдаг. Таны найз нөхөд хэлдэг юм билээ. Юу л барьж авна түүнийгээ нугалдаг. Тэр бол “ажлын мал” гэж. Тэгэхээр ажил л хийж байвал тэр нь жижиг том байна уу. Гадна талдаа миний нэр хүнд өсч байна уу яаж байна гэж анхаардаггүй. Эсвэл би тийм юм хийчихлээ шүү гэж ер ярьдаггүй. Бүтэн жил нэг тамга атгачихсан л бол бүтэн жил ярилцлага өгөх л ажил хийдэг шүү дээ, манай дарга нар.
-Хүн хүний ажил албанд хандах хандлага, арга барил өөр шүү дээ.
-Миний хувьд энэ цаг бол хайран цаг. Бүр өмнөх үе рүү тань гүйж орж асуухаас аргагүй байдалд орж байна. Стратегийн чухал ийм орон зайд ажиллаж байгаагийн хувьд ам хэл нь няхуур байх хэрэгтэй байдаг байх л даа. Би хувьдаа Оюутолгой гэсэн сэдвээр УИХ-ын хоёр гишүүний өрнүүлсэн мэтгэлцээнд таагүй хандаж байгаа. Оюутолгой бол том шоуны сэдэв байж болохгүй. Гадна дотнынхны өмнө элэг бөөрөө дэлгэж тавилаа гэж л ундууцсан. Ийм төвшинд ярих хэрэг байсан уу, үгүй юу. Энэ хоёр хүн тантай зөвлөсөн үү. Та мэтгэлцээнийг юу гэж үзсэн бэ. Хэн нь яг ялагч болчихсон юм бол?
-Тэр хоёрын хэн нь ялагч болох нь өөрсдийнх нь л асуудал байх. Ер нь бол хэн нь ч ялагч болоогүй. Үүний цаана “Эрдэнэс Оюутолгой” компани байсан. Манай компани байсан. Хоёуланд нь адилхан мэдээлэл өгсөн. Тэр ярилцлагыг бид бараг дэмжиж хийлгэсэн гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл бид ард түмэндээ бодит мэдээллийг хоёр талаас нь өгөх гэсэн юм. Юу гэж хараад байгаа юм. Гэрээг юу гэж төсөөлж байсан юм. Ард түмэн яг бодитойгоор харсан. Энэ бодит мэдээллийг ард түмэнд өгөх гэж хичээсэн. Манай компанийн зорилго биелсэн. Ард түмэн бол бодит мэдээлэл авсан. Оюутолгой юу болчихоод байгаа юм, ямархуу янзтай байгаа юм гэдэг талаар. Ер нь бол Оюутолгойн гэрээ бол монголчуудын хувьд анх хийсэн хамгийн том хариуцлагатай гэрээ. Нэгэнт төр шийдвэрээ гаргаад яриа хэлэлцээрт ороод хийчихсэн. Тэрэндээ үнэнч байх ёстой. Тэрнийхээ дагуу ч явж байгаа. Хамгийн гол нь байгуулсан гэрээ маань хэр зэрэг хэрэгжиж байна вэ гэдэг дээр л бид маш хатуу анхаарал тавих ёстой. Үүнийг л ард түмэндээ ойлгуулах гэсэн юм. Ард түмэн ч тодорхой ойлголт авсан. Түүнээс тэр хоёр улстөрчийн хэн нь буруу хэн зөв гэдэг тийм их ач холбогдолтой биш.
-Гэрээний биелэлт хэдэн хувьтай явж байна гээд асуучихвал?
-Тэдэн хувь гэж хэлэхэд хэцүү юм даа.
-Маш хангалтгүй л гэж дүгнээд байгаа юм биш үү, ер нь?
-Хувь хүнийхээ хувьд би хангалтгүй гэж хэлэх гэж байгаа юм. Туйлын хангалтгүй. Яагаад гэвэл мөнгөтэй хүмүүс биднийг чирээд байна. Тийм учраас чирэгдэхгүйн тулд бид цахалж хэвтэх ёстой. Ёстой нөгөө адуу уургалсан хүн хойшоо жийгээд суудаг шүү дээ. Яг л тэрэн шиг суух цаг нь яг өнөөдөр мөн. Тийм учраас гэрээгээ дүгнэ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Оюутолгойн компанийнхан маань эхлээд ерөөсөө “үгүй” гэж байсан бол одоо бол ойлгож эхэлж байгаа. Ярих юм байгаа юм байна гэж ойлгож эхэлж байгаа. Тиймээс ярих ёстой цаг үе нь мөнөөсөө мөн. Тиймээс он гараад тууз хайчлаад явчихвал бид алдана. Тууз хайчлах юм бол бид ярьж байж туузаа хайчлах ёстой. Ийм хариуцлагатай үед Ерөнхийлөгч их хариуцлагагүй үг хэлж байна лээ. Тийм учраас өнөөдрийн энэ засаг уул уурхай хариуцсан сайд дарга нар үүнийгээ ойлгож маш хатуу байр суурьтай байх ёстой. Нөгөө улстөрчид чинь одоо л энд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Өөрөө сая хэллээ, хүмүүс шинэ жилд дарагдаад энэ рүү анхаарлаа хандуулахгүй байна гэж. Өнөөдөр монгол хүн болгон шинэ жилийн өмнө энэ дээр анхаарлаа хандуулах ёстой. Хэрвээ тууз хайчлах юм бол монголчууд гудамжинд гарч зогсох ёстой. Яагаад гэвэл бид тавьж туух гээд байгаа учраас. Яагаад гэвэл он гарангуут дараагийн санхүүжилт мөнгөний урсгал орж ирэх гээд байгаа учраас. Тэр мөнгөний урсгал ороод ирвэл монголчуудын хүртэх үр өгөөж тэр хэмжээгээр багасах гээд байгаа юм. Тиймээс өнөөдөр бид чи юу хийчихэв, би юу хийв гэдгээ дүгнэх ёстой байгаа. Таны асууснаар өнөөдөр хэдэн хувьтай байна гэдгээ дүгнэх ёстой. Нөгөөдүүл чинь бид 100 хувь биелүүлсэн гэж ярьж байна. Мөнгө хэдийгээр ороод байгаа нь сайн мэт боловч бидний бодож байгаа, монголчуудын хүртэх хувь тэр хэмжээгээр алга болоод байгаа байхгүй юү. Өнөөдөр хувь нийлүүлэгч нөгөө тал маань юу гэж ярьж байна вэ гэхээр 71 хувийг та нар эзэмшиж байгаа гээд л яриад байгаа шүү дээ. Яг бодит тоон дээр аваад үзвэл тийм юм байхгүй. Энгийн жишээ хэлэхэд бид Оюутолгой ашиглалтад орвол монгол хүн болгон ажилтай болно, монгол хүн бүрийн аж амьдрал дээшилнэ гэж байсан. Өнөөдөр та болоод ойр орчныхон чинь мэдэрсэн үү. Хэн ч мэдрэхгүй байгаа. Хэдхэн компани үүний үр шимийг хүртэж байгаа байх. Монголчуудын нэрийг барьсан гаднынхан эзэмшээд байгаа учраас үүн дээр бид маш хатуу байр суурьтай үзэх ёстой. Энд нэг зүйлийг хэлэхэд Монголын төрийг төлөөлж Оюутолгойн туузыг хайчилж байгаа манай Н.Багабанди ерөнхийлөгч, П.Цагаан зөвлөх, нэн ялангуяа П.Цагаан дарга, Ч.Ганболд гишүүн энэ хэд бол маш хатуу байр суурьтай байдаг. Ард түмэн бол үүнийг мэддэггүй. Тийм ч учраас хэвлэлийнхэн тэднийг нэг их өндөр цалинтай хүмүүс гэх маягаар бичдэг. Цалин тийм их өндөр биш шүү дээ. Сарын 45000 ам.доллар авдаг энэ тэр бүгд худлаа. Энэ хэвлэл мэдээллийнхэн бас баллаж байна шүү. Тийм учраас бодитой мэдээлэл өгөхийн тулд бид хоёр гишүүний ярилцлагад ач холбогдол өгч мэдээллээр хангасан. Ард түмэн бодитой мэдээллийн захаас нь сонсоод авсан. Тэр гурван гишүүн маань монголчуудынхаа төлөө ямар хатуу байр суурьтай байдаг вэ гэдгийг манай ард түмэн мэдэх ёстой. Энэ дээр би дахиад хэлье. Н.Багабанди ерөнхийлөгч, П.Цагаан зөвлөх, Ч.Ганболд гишүүн энэ гурав монголчуудынхаа төлөө их үздэг. Энэ дээр манай компанийн залуучууд нэмэгддэг. Чадан ядан хүч тэнцвэргүй тулалдаанд ордог. “Эрдэнэс Оюутолгой” ХХК гэдэг энэ компанид засаг өнөөдөр хангалттай мөнгийг нь өгөх ёстой байхгүй юү. Яагаад гэвэл энэ чинь ирээдүй болоод өнөөдрийн үнэ цэнийг чинь хамгаалахын төлөө үзэж байгаа газар юм. Жишээлээд хэлэхэд, буу шийдэмгүй, хоол ундгүй хэдэн нялх хүүхдийг энэ хашаатай баялгийг манаж бай гээд тавьчихсан л байхгүй юү. Гэтэл цаана нь бульдозертэй, том том сүрлэг машинтай хүмүүс ирчихээд хашааг нь эвдэх гээд үзээд байгаа байхгүй юү. Хашаа гэдэг чинь гэрээ. Бид хашаагаа эвдүүлэхгүйн төлөө гэрээн дээрээ хатуу зогсч байгаа.
-Эрдэнэс Оюутолгой тэгээд өөрийн гэсэн юутай компани юм бэ?
-Юу ч үгүй. Эрдэнэс Оюутолгой компани хувьцааны тодорхой хэсгийг эзэмшиж байна. Монголын хувьцаа болох 34 хувиа эзэмшиж байгаа компани. Тэрнийхээ үр шимийг бид хүртэх юм. Түүнийг хэзээ хүртэх вэ. Нэг хоногийн өмнө ч гэсэн хүртүүлэхийн төлөө бид тэмцэж байгаа. Гэтэл 2019 оноос эхлээд бид үр шимээ хүртэнэ гээд хүлээж байтал одоогийн энэ нэмж оруулах гээд байгаа хөрөнгө санхүүжилтийг шууд л үг дуугүй авчих л юм бол бидний хүртэх үр өгөөж 2033 он хүртэл хойшилж байгаа юм. Бод доо. 2019 онд хүртэх гээд байгаа юм нь 2033 он болно гээд. 2033 он гэхэд ашиглаад дуусчихна. Уурхай хаалтаа хийчихнэ. Ойлгож байна уу. Тэр үед бид ямар юмныхаа үр шимээ хүртэх юм. Өрөө өгнө, одоо нэмж авах гээд байгаа санхүүжилтийнхээ өрийг өгнө. Тэгсэн хойно дараа нь бид үлдсэнээс нь ашгаа хүртэнэ. Тэгэхээр ямар ч монгол хүн үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй байхгүй юү. Үүнийг би ярих ёсгүй байж ч магадгүй. Гэхдээ өнөөдөр ярих хугацаа нь мөн байна. Яагаад гэвэл энэ торгон агшинг алдаж болохгүй. Яагаад гэвэл монгол хүн болгон үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Хэрвээ тууз хайчлах юм бол монголчууд гудамжинд гарах ёстой. Яагаад гэвэл тууз хайчиллаа гэхэд баяжуулах үйлдвэр зогсолтгүй ажиллана. Энэ хэрээр баялаг чинь гадагшаа урсах гэж байна. Хэрвээ тэр үйлдвэрлэлийг зогсоох юм бол хоногийн зуу зуун саяар бид торгууль хүлээнэ. Тиймээс үүнийг ажиллуулж болохгүй гэж, төсвийг нь батлахгүй өнөөдрийг хүртэл би хөндлөн сууж байгаа байхгүй юү.
Д.Батбаатар эрхэм бид хоёрын энэ ярилцлага хойшилж явсаар 12 сарын 22 нд уулзалдсан юм. Харин өчигдөр ярилцлагаа хэвлэлтэд өгч байтал түүнийг ажлаас чөлөөлсөн тухай мэдээ ирэх нь тэр. Ингээд юм юмны ар өврөөс элдэж, үргэлж сониучирхаж байдаг өвчиндөө автаад ичиж зовсон ч үгүй утас цохилоо.
-Таныг ажлаас тань чөлөөлж байна гэж сонслоо. Гэнэт юу болов оо?
-Ажлаас чөлөөлөх боллоо л гэсэн.
-Улс төрийн шалтгаанаар өөрчилж байгаа юм уу. Таны оронд ямар хүн очиж байгаа юм бэ?
-Гэв гэнэт л ийм юм болчихлоо. Ямар ч байсан төсвийг нь батлаагүй. 24-нд ТУЗ-ийн хурал хуралдсан. Түүн дээр би маш хатуу байр суурьтай байсан. 2013 оны төсвийг нь батлахгүй гэсэн. Хоёр сараар төсөв батал гэсэн батлахгүй гэсэн. Энэ сарын 27-нд туузаа хайчилж нээлтээ хийх гээд байна. Төр засгийн удирдлагуудыг очуулж болохгүй гэсэн байр сууриа би илэрхийлсэн. Тууз хайчилж ерөөсөө болохгүй, ашиглалтад хүлээж авч ер болохгүй. Улсын комисс ажиллуулж болохгүй гэсэн хатуу байр сууртай байсан.
-Тийм үү. Таны байр суурийг мэдэж байсан л даа. “Шар толгойтнууд”-ын лобби явчихаж байгаа юм биш үү. Таныг бушуу холдуулах тэдэнд л ашигтай байгаа шүү дээ?
-Үгүйсгэхгүй. Мөнгөтэй хүний хажууд мөнгөгүй би хэн ч билээ дээ.
-Таны ажлыг одоо ямар хүн авах вэ, тэгээд?
-УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдванчиг. Яг одоо ажлаа хүлээлцэж байна.
-Хүлээлгээд өгчихөж байгаа юм уу?
-Өгчихлөө.
-Та тэгээд яасан сийхгүй ярьж байх юм бэ?
-Сийнэ гээд ч яах юм билээ дээ. Төрд зүтгэснийхээ шагналыг авчихлаа. Шагнал юм байлгүй. Төрийн хүн байх гэж оролдлоо. Ерөөсөө болохгүй юм байна. Одоо улс төр рүү оръё доо.
-Ц.Сэдванчигийг та өмнө нь танина биз дээ?
-Танина, танина.
-Та ямар данс хүлээлгэж өгөв дөө?
-Ажил хүлээлцэнэ гэхээр дансанд чинь хэдэн төгрөг байна гэх юм. Та нар чинь яахаараа дандаа данс ярьдаг юм бэ. Ажил авч байгаа хүн ч шууд л тэгж асуух юм. Сэтгүүлч нь ч тэгж л асуух юм. Ерөөсөө та нар эхлээд тамга, данс хоёр асуух юм аа. Эхлээд ажлаа бодох ёстой биз дээ. Ажил авч байгаа хүн маань хүртэл дансанд чинь хэдэн төгрөг байгаа юм, тамгаа өгөөч гэсэн. Тэгээд өгсөн. Дансанд маань угаасаа юм байхгүй шүү дээ. “Эрдэнэс Оюутолгой” компанид юу ч байхгүй гэж. Би дээр хэлсэн шүү дээ. Угаасаа буугүй, сумгүй, хоолгүй хэдэн хүүхдээр хашаа мануулаад гүйлгэж байгаа юм аа гэж. Тийм л монгол компани тэнцвэргүй тулалдаанд орж байлаа. Засаг энэ компанийг маш сайн дэмжих ёстой юм шүү. Хэн байх нь хамаагүй. Энэ чинь монголчуудын ирээдүй. Энэ компанид маш яаралтай асар их мөнгө хийх ёстой. Ёстой хоосон дансанд нь мөнгө цутгаж өгөх ёстой. Тэгж байж гаднын чадалтай хуульчдыг урьж ажиллуулах хэрэгтэй. Тэгж байж дотоодын сайн эдийн засагчдыг авах ёстой. Тэгж байж дотоодын сайн баг ажиллуулах ёстой. Миний 16-хан залуу үзээд яах юм бэ. Манай залуучууд үнэхээр сайн. Дан баруунд боловсрол эзэмшсэн үнэхээр сайн залуучууд. Гэхдээ тэдний хүч хүрэхгүй байна. Залуустаа хэлье, та нар сайн байсан шүү гэж.
-Танд ч гэсэн амжилт хүсье. Амьдрал урт шүү дээ. Дараагийн шинэ аяндаа гарч байгаа юм байна. Та үүргэвчээ үүрээд аяндаа гарахдаа сийдэггүй хүн. Маргаашаас ахиад л ажилгүй сул хүн болчихож байгаа юм байна. Тэгэхээр арай завтай болох байх. Дараа тухтай дахин уулзаж ярилцъя. Олон жил дуугүй явсан хүнд ярих юм зөндөө байгаа байлгүй дээ.
-Дахиад уулзах боломж гарах байх аа.
-За баярлалаа. Амжилт хүсье.