Онцгой Байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянг урьж ярилцлаа.
-Олон генералуудтай ярилцаж байлаа. Өнөөдөр зочдынхоо архивыг хошууч генералаар нэмж байгаадаа баяртай байна. Урилга хүлээж авсан танд баярлалаа.
-Нэгэнт олон хоногийн өмнө ярилцахаар тохиролцсон байсан учраас өнөөдөр би тантай уулзаж байна. Зочноороо урьсан танай редакцид баярлалаа.
-Таны өмнө нь хэвлэлд өгсөн цөөн ярилцлагуудыг харахад дандаа ажил ярьсан байх юм. Алба хашиж байгаа хүн ажил ярих нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдөр арай өөр өнцгөөс ярих хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл таныг надад дотоод сэтгэлээ жаахан нээгээсэй гэж бодож байна. Эхлээд зарчмаа тохирохгүй бол ялангуяа цэрэг цагдаагийнхан ам нээх дургүй, жаахан хэцүү шүү дээ.
- Тийм үү. Болно оо, асуудал байхгүй. Миний хувьд угаасаа айхтар яриасаг, тийм ч нээлттэй хүн биш. Насаараа хашсан алба маань ч ийм болгосон юм болов уу даа.
-Та чинь Дарханы хүн юм билээ. Яагаад ч юм Хэнтийн гаралтай хүн гэж бодож явлаа?
-Тийм үү. Яагаад тэгж бодсон юм бол доо. Би 1968 онд одоогийн Дархан-Уул аймагт төрсөн хүн. Гэхдээ манайх тэнд удаан суурьшаагүй. Учир нь манай аав эвлэлийн ажилтан хүн байсан учраас олон газар томилогдож ажилладаг байсан. Тэр үеийн сэхээтнүүдийг орон нутгуудаар томилон ажиллуулдаг байв даа. Би айлын том хүүхэд. Аав ээж маань анх танилцаад Дарханд амьдралаа эхлүүлж, би тэнд төрсөн. Намайг хоёр настай байхад манайх Хэнтий аймаг руу шилжиж, дараагийн дүү Хэнтийд төрсөн юм. Удаах томилолт нь Улаанбаатар хот. Ингээд хүүхэд нас маань Улаанбаатарт, тэр дундаа Бага тойрууд бужигнаж өнгөрсөн. Сургуулийн хувьд жанжин Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн хоёрдугаар дунд сургуульд сурч байлаа. Тухайн үедээ сайхан нэр хүндтэй сургууль байсан .
-Одоо ч Жанжины нэрэмжит хэвээрээ, эрэмбээрээ ч гайгүй сургуулиудын тоонд ордог. Та сургуулиараа очдог уу?
-Очно оо. Өнгөрсөн онд төгсөлтийн 30 жилийн ойн баяр, сургуулийн тэгш ой тохиосон. Тэгээд бид ярилцаад сургуульдаа үлдэцтэй ажил хийе, анги танхим тохижуулж өгье гээд сэтгэлээрээ арга хэмжээнүүд зохион байгуулсан. Сургууль гэдэг ямар ч насныханд хамгийн дотно, сайн сайхан дурсамжуудаар дүүрэн үлддэг газар нь шүү дээ. Хүүхэд насны гайхалтай, гэгээн ариун дурсамжууд тэнд л хадгалагдан үлдсэн байдаг.
-Танай удамд цэргийн хүмүүс байсан уу. Та яагаад цэргийн мэргэжил сонгосон юм бэ?
-Манай удамд цэргийн хүн байхгүй ээ. Хүүхэд байхдаа би дуу хөгжим их сонирхдог хүү байлаа. Орцонд тоглоно. Ангийнхаа хүүхдийн гэрт очиж тоглоно. Хаана л боломж байна тэр газруудад хэдүүлээ цуглаж гитар балбах хоббитой. Тэгээд аав намайг “Энэ нөхөр ер нь хөгжим, урлаг гээд явчихаж магадгүй” гэж бодсон юм шиг байгаа юм. Аравдугаар ангид орсоны дараа надтай ярилцсан. “Миний хүү цэргийн сургуульд орвол яасан юм. Цэргийн хүмүүс гэдэг ер нь л сайхан улсууд шүү дээ. Гаднаасаа харахад л цэгцтэй, дэг журамтай, хүмүүст хүндлэгдсэн, бүх юм нь хараа булаасан мөн ч сайхан алба шүү” гэж аав маань хэлж байсан юм. Сүүлд манай найз “Хэрэв аав чинь чамайг тэр үед тэгж зөв чиглүүлээгүй бол чи өдийд “Идэр” рестораны хөгжимчин болчихсон байгаа даа” гэж хошигнон бид инээлдэж байв. Аав ээж хоёр маань бидний боловсролд их анхаарал тавьдаг байсан. Найм, ес, аравдугаар ангийн төгсөлтийн шалгалт эхлэхийн өмнө л хичээл хийх орчин бүрдүүлж өгнө. Хоёр өрөө байрныхаа нэг өрөөг суллаад хичээл давтах орчин зориуд бэлдэж өгнө. “Хичээл номоо л давт” гэнэ. Сурлага хүмүүжилд маань маш их анхаарал тавина. Даанч заримдаа хүүхдүүд болсон хойно хичээлээ давтахгүй сахилгагүйтэх үе гарна.
-Тэр үеийн хөвгүүдийн дунд цэргийн мэргэжил мода байж. Цэргийн дарга болно л гэж ярьцгаадаг сан.
-Тухайн үед 10 жилийн сургуульд цэрэгжилтийн хичээл гэж ордог байлаа. Тэндээс л жагсаалын дүрэм, цэргийн анхан шатны мэдлэг олж авцгаасан. Тэгээд аавынхаа зөвлөсний дагуу Цэргийн сургуулийн хуваарь авсан даа. Одоогийн Батлан хамгаалах их сургууль тухайн үед Цэргийн нэгдсэн дээд сургууль гэдэг нэртэй байсан.
-Оюутан болоод л казармд байрлана биз дээ?
-Дөрвөн жил казармд амьдарна, төгсөхөөс гурван сарын өмнө л гадуур гаргадаг байсан. Сүүлд сургуулийн дүрэм, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж сонсогчид гадуур амьдардаг болсон байх.
-Тэр үед армид оны ялгаа, дэглэлт гэх зүйл их байсан. Цэргийн сургуульд ч тэр нь байсан байх аа даа?
-Байна аа. Ахлах курсынхан доод курсийн дүү нараа “шоглоно”. Дөнгөж дунд сургуулийн танхимаас цэргийн орчин руу орж ирж байгаа арван долоо наймтай хүүхдүүд шүү дээ. Олон аавын хөвгүүд газар газраас суралцахаар ирнэ. Цэргийн сургуульд сонсогч болж ирээд л “япон толгой”-д карантинд гурван сар болдог. Карантинаас бууж ирээд хичээл эхлэх анхны өдрөөс л дэглүүлж байгаа юм. Дээд курсийн ах нар гэнэт дуудна. Шөнө босгоно. Команд өгөөд жагсаах гэх мэтээр шоглох асуудал зөндөө. Гэхдээ бид тэр болгонд эмзэглээд байхгүй, цэргийн амьдралын захирах захирагдах ёс, хэм хэмжээ гэж ойлгоод л явдаг байсан. Цэргийн сургууль дотроо манай рот жаахан сахилгагүй, ер нь л хараанд байдаг рот байсан.
-Олны дунд бас нэг яриа явдаг. Жаахан сурлага муутай, зодоон цохион хийдэг, сахилгагүй нөхдүүд Цэргийн сургуульд ордог гэх маягийн яриа бий. Та битгий эмзэглээрэй. Энэ хэр ойлголт юм бол. Жишээлбэл, та сурлагын хувьд хэр хүүхэд байв?
-(инээв) Би дажгүй сурлагатай хүүхэд байсан. Тухайн үед цэрэг эх оронч үзлийг сурталчилсан, дайн байлдаантай кино ч их гардаг байлаа. Дүрэмт хувцастай хүмүүс содон, сайхан харагддаг. Цэргийн сургууль гоё гэсэн тэр итгэл үнэмшил л давамгай байсан. Энэ талын нөлөөлөл илүү хөтөлсөн дөө. Тэгээд гол нь аавынхаа зөвлөгөөг дагасан.
-Байлдагчийн халаасанд генералын пагон явдаг гэж нэг үг бий. Бас эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана ч гэдэг. Нэгэнт л цэргийн мэргэжлийг сонгож сураад, эхний шатаа давчихсан зогсож байхад генералын тухай бодогддог уу. Таны мөрөөдөлд генерал болох төлөвлөгөө байсан уу?
- Огт байгаагүй. Миний дотор, зүрх сэтгэлийн маань хаа нэгтээ генералын алтан мөрдэс зүүх тухай ямар ч мөрөөдөл огт байгаагүй.
-Таны аав одоо байдаг уу?
-80 гаруй настай хөгшин байна. Аав, ээж хоёр маань өндөр настай болсон.
-Аав нь таныг генерал болоход их баярласан байх даа. Хүү болгон аавынхаа үгээр явдаггүй шүү дээ?
-Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 онд цэргийн дээд цол бригадын генерал цол хүртэхэд их баярласан. Хамгийн анх аавдаа л дуулгасан даа.
-Дөнгөж сургуулиа төгсөөд та аль ангид очлоо?
-Сонгинод байрладаг 276 дугаар ангид албаны даргаар анх томилогдож очсон. Тухайн үед манайд арми нийтээрээ цомхотголд орж байсан учраас манай анги 120 дугаар ангитай нэгдэж татан буугдлаа. Тэгээд би 310 дугаар ангид томилогдсон. Тэр үед залуу офицерууд армиас их чөлөөлөгдөж, арилжаа наймаа хөөж эхэлсэн. Би ч бусдын адил хувийн амьдралаа бодъё, цэргийн албанаас гаръя гэж бодоогүй биш бодсон. Гэхдээ ангийн захирагч хүлээн зөвшөөрөөгүй. Нүүрэн дээр минь миний өргөдлийг урж хаяад, дараагийн томилолт хүлээж ав гэж үүрэг өгсөн.
-Хэрэв тэр үед зөвшөөрөөд явуулсан бол одоо нэг компанийн захирал сууж байх байж дээ.
-Мэдэхгүй юм даа. Зах зээлийн шуурганд төөрөөд алга болсон уу. Тэсч үлдээд явах байсан уу, бүү мэд.
-Насан турш тугийн дор жагсаж, тушаалын дор амьдарна гэдэг тийм амар юм биш. Цагдаагийн гэр бүл болохоор би энэ тавиланг сайн мэднэ. Хүний хувийн чанарыг их сорьдог алба гэж хардаг. Дотор хүн нь тэвчээргүй, зан ааш хурц хүнд бол амаргүй алба. Танд ямар нэг дотоод зөрчил огт үүсч байгаагүй юу?
-Даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Манайхны дунд дарга тушаал өгөх тэр агшинд цэрэг зөвхөн “яаж энэ тушаалыг хэрэгжүүлэх вэ” гэж боддог гэсэн яриа байдаг. Энгийн хүн бол эсэргүүцэх, эгдүүцэх үйлдэл үзүүлж магадгүй. Бид бол хууль мэт хүлээж аваад, гагцхүү биелүүлэх л үүрэгтэй. Цэргийн алба амаргүй алба. Цаг наргүй ажиллана.
-Цалин бас бага.
-Цалин сүүлийн үед харьцангуй нэмэгдэж байна. Биднийг анх ажилд орж байх үед бас ч гэж цалин өндөр байсан шүү. Шинэхэн дэслэгч томилогдож ирээд тухайн үеийн аль нэг яамны хэлтсийн даргын хэмжээний л цалин авдаг байсан. Нэмээд хангамжтай. Амьдралаа аваад явах боломжтой. Бас тэрэндээ уягддаг. Бодлого байсан байх.
-Өнгөрсөн 30 гаруй жилийн амьдралд тань юу эс тохиолдсон байх билээ. Албанаас гараад улс төрд хүч үз, нэр дэвш гэх урилга ирж байв уу?
-Хувь заяаны тохиол гэж юм бий. Би бас улс төрд бага зэрэг хутгалдсаан. 2002 онд ХБНГУ-ын Шпайнерийн төр захиргааны их сургуульд суралцаж, захиргааны эрх зүй, төрийн удирдлагын мэргэжлээр магистр хамгаалсан. Мастер хамгаалж ирээд Батлан хамгаалах яамд орох гэтэл тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал их өөр болсон байсан. Томилох эсэх нь тодорхойгүй. Шийдвэр гардаггүй, хүлээлтийн байдалд зургаан сар боллоо. Тэгээд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилд орсон. Би өөрөө энэ өөрчлөлтийг нутгийн удирдлага, захиргааны байгууллагыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулах боломж гэж харсан. Тэр үед эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарынхан гээд тал бүрийн мэргэжлийнхэнтэй харилцаж ажилласан. Салбар салбарынхантай ажилласан даа. Одоо эргээд бодоход мэлмий тэлсэн он жилүүд байж дээ гэж бодогддог юм.
-Энгийн байгууллагад ажиллах хэцүү байв уу?
-Хэцүү. Шаардлага тавихад биелүүлэхгүй, ер нь л эсэргүүцнэ. Германд сурсан мэдсэнээ ажил хэрэг болгоё, тогтолцооны болон хүний хөгжлийн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлье гээд зүтгэсэн. Юм амаргүй л дээ. Зарим хүн ойлгохгүй. Дэмжиж өгөхгүй. Гэхдээ ямар ч гэсэн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүн ч сайн гарсан. Засаг даргын орлогч хүртлээ 7-8 жил ажилласан. Тэр үед дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж, хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж таны асуусанчлан улс төрд багахан хутгалдаад авсан.
-Таныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэж ярьж бичдэг. Та хоёр дунд сургуулийн найзууд уу?
-Ерөнхийлөгч бид хоёр унаган багын найзууд. Юуг нь нуух билээ.
-Нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь генерал болно гэдгээ мэдээгүй, бага насны нөхөрлөл байх нь.
-Бид бол цэвэр хүүхэд насны ариун нандин нөхөрлөлөөр нөхөрлөсөн улсууд. Ёстой гэгээн цагаанаар найзалдаг байлаа.
-Танаас зан чанарын хувьд омголон шинж ер харагддаггүй. Гэтэл Ерөнхийлөгч бол өөр зан чанартай. Их омголон, дүрэлзсэн халуун зан чанартай. Зан чанарын хувьд ийм ялгаатай хөвгүүд бие биеэ олж нөхөрлөсөн байх нь сонирхолтой санагдаад?
-Нөхөрлөлд хувь тавилан байдаг юм болов уу гэж би боддог. Бид багаасаа нэг ангид суралцсан. Нэг ангид сурдаг бүх хүүхдүүд хоорондоо үй зайгүй нөхөрлөнө гэж бас байдаггүй л дээ. Цөөн хэдээрээ хоорондоо дотно нөхөрлөсөн түүх л түгээмэл байдаг. Бид ангиасаа дөрвүүл нөхөрлөдөг байлаа. Манай хүн омголон, цоглог зантай. Хэлэх гэснээ хэлчихдэг, найз нөхөд ангийнхнаа маш их өмгөөлнө. Манай Бага тойрог ч ширүүн газар байлаа шүү дээ. Орц болгоны өмнө атаманууд эргэлдэнэ. Биднийг явж байхад дуудна. Өнгөтэй өөдтэйг маань дээрэмдэх гэнэ. Тэр үеийн нийгэм тийм л байсан. Би бол илүү зөөлөн талдаа хүн. Бие биеэ нөхсөн, нөгөө арга билгэ гэдэг шиг зан чанарын эвцэл бидэнд байдаг байх. Миний найзад олон гайхалтай зан чанар байдаг. Хар багын л хэнээс ч айдаггүй. Үргэлж найз нөхдөө өмгөөлж, хамгаалж явдаг. Энд тэнд явахад атаманууд өдөж шөргөөнө, зарим үед нүүр тулахаас аргагүй шаардлага гарна. Манай хүн бол найзуудаа өмөөрөөд л үзнэ шүү дээ. Дайраад л орно, бүр багаасаа л асуудлыг өөрөө зоримог шийддэг хүү байсан. Гэхдээ тэр нь шууд хүн барьж аваад зодоод байдаг байсан гэсэн үг биш шүү дээ. Биднийг өдөж, хэн нэгийг маань дээрэлхсэн, юм жаахан хэтэрсэн үе гарна шүү дээ. Тийм үед манай хүн шударгаар шийднэ гээд л найзуудаа өмөөрөөд гардан тулаанд ордог тийм халуун сэтгэлтэй хөвгүүн байсан. Бид өнөөдрийг хүртэл 40 гаруй жил нөхөрлөж байна. Нөхөрлөлийнхөө үнэ цэнээр гоёж явдаг юм.
-Та хэд чинь “Андууд” гэдэг хамтлагтай биз дээ?
-“Андууд” хамтлагийг Хүүк маань санаачилга гаргаж байгуулсан юм. Хүүхэд байхын бид нар хамтлагтай болохсон гэж мөрөөддөг байсан юм л даа. Гэхдээ тэр үед гитар тийм элбэг олддоггүй байлаа. Хүнээс зээлнэ. Дамбадаржаад Баска гэж нэг найз маань байдаг байлаа. Гитар олдохгүй болохоор тэр найзынхаа Дамбын хашаанд нь очиж гитар хийж байлаа. Дотор нь радиогийн мембрам суулгаад аккорд өсгөгчтэй холбоод гараар гитар хүртэл хийж явлаа. Бидний хийсэн гитар дуугарахад тэр хавийн хүмүүс сортолзоод л хүрээд ирнэ. Түүндээ их баясдаг байж билээ. Нэг талдаа техник сэтгэлгээ сайтай хүүхдүүд байж. Насанд хүрсэн хойноо бүгд ажил, амьдрал гээд нэг хэсэг мөрөөдлөө хаяад явцгаасан. Тэгээд хожим 2013 онд хүүхэд насны мөрөөдлөө сэргээж хамтлагаа байгуулсан. Манайх амьд хөгжмийн хамтлаг л даа. Тэгээд залуу насандаа дуулдаг байсан шилдэг дуунуудаас бүрдсэн анхны тоглолтоо хийсэн. Дурсамж сэргэж, хүүхэд ахуйн нандин сайхан мөрөөдлөө биелүүлж “Андууд” хамтлагаа байгуулсан маань бидний амьдралд хөг аялгуу нэмсэн сайхан үйл явдал гэж би бодож явдаг.
-Ерөнхийлөгч хамгийн сүүлд Шадар сайд байхдаа л хамтлагтайгаа тоглосон болов уу. Тэрнээс хойш бол боломж олдоогүй байх?
-Тийм ээ. Ерөнхийлөгчийн ажил их юм даа. Миний хувьд хааяа нэг хамт олондоо зориулж гитартайгаа гардаг. Хөгжим тоглох нэг талдаа сэтгэлийн асар их тайвшрал таашаал өгдөг л дөө. Хамтлаг гэдэг бол сэтгэл нийлсэн хүмүүсийн сэтгэлийн нийлэмж гэж боддог. Одоо хамтлагт маань мэргэжлийн хүмүүс ч байна. Урлагт дуртай, хайртай мэргэжлийн бус хүмүүс ч бий. Дуучин Үүрийнцолмон гэж залуу одоо “Андууд” хамтлагийн маань ахлагч. Энэ маягаар хамтлагаа дараагийн хүмүүст өвлүүлэх бодолтой байгаа.
-Ерөнхийлөгч Онцгой байдлын сайд байхаас, Шадар сайд, Ерөнхий сайд байхдаа танай Онцгой байдлын албанд маш их хөрөнгө оруулалт хийсэн.
-Тийм ээ. Ерөнхийлөгч өөрөө анх Онцгой байдлын байгууллагыг байгуулсан. Анхны сайдаар ажилласан. Шадар сайдаар хоёр удаа, нийт гурван удаа энэ байгууллагыг удирдсан. Онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Техник технологийг бэхжүүлэхэд ч жинтэй хувьд нэмэр оруулсан хүн. Энэ зүтгэлийг нь манай алба даяараа маш сайн мэддэг.
-Та Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, даргаар нь ажиллах хугацаандаа ер нь ямар хуулиудыг батлуулав?
-Урьд нь гамшиг болсон хойно хариу арга хэмжээ авдаг, учирсан хохирол үр дагавартай нь тэмцдэг тогтолцоотой байсан. Дэлхий нийтээр одоо гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд илүү чиглэж ажиллаж байна. 2015-2030 онд хэрэгжүүлэх стратегиа бид боловсруулсан. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн батлуулсан. Галын аюулгүй байдлын тухай хуулийг батлууллаа. Цар тахлын үед Улсын онцгой комисс салбар дундын үйл ажиллагааг сайжруулахаар гурван удаа хуулинд өөрчлөлт оруулсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн оролцоотой Үндэсний хөтөлбөр батлах гэх мэтээр хууль эрх зүйн орчинтой холбоотой дэд бүтэц маань сайн бэхэжсэн. Хуулийг дагалдах дүрэм журмыг батласнаар салбарын хувьд эрх зүйн орчин бүрдэж, үйл ажиллагаа тогтворжсон.
-Онцгой байдлын алба аймаг, сум бүрт нэгжтэй болсон уу?
-Аймаг бүрт нэгжтэй. Гэхдээ салбар нэгжийн тоог цаашид нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Гамшиг ослын тоо, давтамж, учруулах хохирол байнга нэмэгдэж байна. Орон нутагт, яг тухайн цагт нь шуурхай очиж тусламж үзүүлэхэд хүндрэлтэй хэвээрээ л байна. Салбар нэгж 100 гаруй сумдад үүрэг гүйцэтгэж байгаа. Үлдсэн 230 гаруй суманд байхгүй.
-Улсын хэмжээнд Онцгой байдлын албанд нийт хэдэн алба хаагч алба хашдаг юм бэ?
-Тэр тоог хэлэх боломжгүй. Нууцын зэрэглэлд багтдаг.
-Онцгой байдлын алба хаагчдыг бэлддэг тусгай сургууль байдаг уу. Яг аврагч болъё гэж мөрөөдөж ирдэг залуус одоо хэр олон бэ?
-Байна. Орж ирж байгаа залуусыг Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд дөрвөн сар сургаад шууд холбооны бага мэргэжилтэн, жолооч, аврагчаар томилж, томилогдсон салбар нэгждээ үүрэг гүйцэтгүүлж байгаа. Гэхдээ уул уурхай, бүтээн байгуулалт явуулдаг зарим компани бэлтгэгдсэн алба хаагчийг маань өндөр цалин амлаж урвуулах тохиолдол бас гарах юм.
-Онцгой байдлын алба тангараг өргөсөн тусгай алба. Үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдах тохиолдол жилд хэр гардаг юм бэ?
-Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан. Онцгой байдлын үйл ажиллагаа бол үргэлж багаар явагддаг. Аюул осолд ч баг хамт олноороо эрсдэх эрсдэл өндөр. 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймэр унтраах гэж яваад манай таван алба хаагч нисдэг тэрэгний ослоор нас барсан. 2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байхдаа газар дээрээ гурав, дараа нь эмнэлэгт нэг алба хаагч маань амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Тэр үед баг ахалж явсан ахлах ахлагч Б, залуу алба хаагчаа биеэрээ дарж хамгаалаад өөрөө нас барсан. Амьд үлдсэн алба хаагч маань одоо ч албандаа зүтгэж яваа. Тэр залуу “Та яагаад намайг доороо дарж байгаа юм бэ” гэж асуухад “Залуу нь амьд яваг” гэж хариулсан гэдэг юм. Энэ үгний цаана ямар агуу зүрх сэтгэл байна вэ гэдгийг та мэдэрч байгаа байх.
-Ямар ч эргэлзээгүйгээр аюул осол руу эгнээгээрээ яваад ордог тэр гайхалтай сэтгэл зүй энэ албанд үйлчилдэг . Саяхан гал түймэр унтрааж явсан цэл залуухан алба хаагч бас амь насаа алдлаа. Танайх төсвийн байгууллага. Яаж ар гэрийнх нь уй гашууг хуваалцдаг вэ. Олон нийт сонирхдог болохоор энэ тухай асууж байгаа юм шүү.
-Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа утаажилтын бүст байсан иргэдийг гаргах гэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Онцгой байдлын байгууллагад их уй гашуу дагуулсан хар өдөр болсон. Ар гэрт нь тохиолдож байгаа уй гашууг хуваалцах нь бидний үүрэг. Мөн хуульд заасны дагуу 10 жилийн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон.
-Хэрүүлийн алим болоод байдаг нэг хээрийн эмнэлэгийн талаар тодруулмаар байна. Д.Сарангэрэл гишүүнийг аваад үгүй хийчихсэн гээд л хэвлэлүүд одоо ч дайрдаг. Энэ эмнэлэг танайд байна уу?
-Польш улсад үйлдвэрлэсэн, 50 орны хүчин чадалтай хээрийн эмнэлэг л дээ. Тэр эмнэлэг манай үндэсний аврах бригадад одоо ашиглагдаад байж байна. Энэ хээрийн эмнэлгийг гамшгийн үед дэлгэдэг л дээ. Хэд хэдэн удаагийн дадлага сургуулилтын үеэр бид ашиглалаа. Хамгийн сүүлд Баянхонгорт болсон олон улсын “Говийн чоно” дадлага сургуулийн үеэр дэлгэсэн. Мөн газар хөдлөлтийн гамшгийн дадлага сургуулилтдаа ч ашигласан. Юу гэж алга болох вэ дээ.
-Ямар үнэтэй эд вэ?
-6.5 сая еврогийн өртөгтэй. Дотроо мэс заслын хэсэгтэй, лабораторидоо бүх төрлийн урвалжуудыг боловсруулж оношилдог иж бүрэн эмнэлэг л дээ.
-Гадаад улсын Онцгой байдлын алба дэргэдээ алба хаагчдаа эмчилдэг тусгай эмнэлэгтэй байдаг. Манайд байдаггүй. Тухайлбал, ковидын цар тахлын үед л гэхэд танайхан үнэхээр өндөр ачаалалтай ажилласан шүү дээ.
-Онцгой байдлын байгууллага дэргэдээ нарийн мэргэжлийн эмнэлэггүй. “Жаргалант” сувилал л гэж бий. Алба хаагчдаа аврах ажиллагаанд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлага бий. Тиймээс цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг болгох чиглэлээр улам өргөжүүлэх шаардлагатай байна.
-Дэлхий дахинаа энэ албанд технологийн хөгжил бол өндөр түвшинд хөгжиж байна. Дэлхийн түвшинтэй харьцуулахад манайх хаана нь яваа вэ. Мэдээж зарим мэдээлэл нууц байдаг байх. Гэхдээ та энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд иргэдийн мэдэж болох хүрээнд хэлж өгнө үү?
-Онцгой байдлын байгууллага манайд байгуулагдаад 20 жил өнгөрч байна. Шинэ байгууллага шүү дээ. Анх байгуулагдаж байхад хувцас хэрэгсэл гэж үзүүлэх юм тун хэцүү байсан нь үнэн. Усны хувцас, аврах ажиллагааны тусгай хэрэгсэл үнэхээр дутмаг. 100 хувийн иж бүрэн стандартаар хангахад 110 жил шаардлагатай гэж тухайн үеийн төсвийн тооцоолол гаргаж байлаа. Гэхдээ төр засгаас анхаарч боломж бололцоогоороо хөрөнгө гаргаж, хувцас хэрэгсэл, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэхийг цаг ямагт зорьж байна. Үүний хүчинд өнгөрсөн хориод жилийн дотор техник хэрэгслийн хангалт 50 гаруй хувьтай болсон. Цаашдаа ч нэмэх хэрэгцээ шаардлага байна. Ковидын үе, үүний дараа Төсвийн хэмнэлтийн хууль батлагдаад хөрөнгө оруулалт үнэндээ бараг зогссон. Гэхдээ зөвхөн төсөв харалгүй олон улсын хэмжээнд хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт татах чиглэлд зорьж ажиллаж байна. Засгийн газар хоорондын гэрээ, буцалтгүй тусламж, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтаа нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын машины хангалт маань бол харьцангуй сайжирсан. Харин усчин аврагчийн хувцас хэрэгсэл хангалтгүй байгаа нь үнэн. Амь насаа золиослон ордог алба хаагчдаа заавал хамгаалах ёстой. Хөгжил гэдэг нөгөө талдаа гамшиг ослыг дагуулсаар байгаа. Өндөр барилга байгууламжууд олноор баригдаж байна. Үүнд хүрэх шатны машинаас авахуулаад хэрэгцээ шаардлага их. Үер усны давтамж жил бүр нэмэгдэж байна. Үнэндээ бид нүцгэн шахам очиж байна. Техник технологи алхам тутамд шинэчлэгдэж байна. Тэдгээр дэвшил ололтыг ажил үүрэг гүйцэтгэхдээ зайлшгүй нэвтрүүлж ашиглах шаардлагатай. Гэхдээ Онцгой байдлын байгууллага үйл ажиллагаа, менежмент, гадаад дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд зарим техник хэрэгслээ өндөр хөгжилтэй орны жишигт хүрсэн.
-Танай зардлаар гадаадад суралцаж байгаа хэдэн оюутан байна вэ?
-Яг одоогоор 50-60 алба хаагч гаднын улсуудад гамшгаас хамгаалах чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд хүмүүс маань суралцаж байна. Эргэж ирээд томилогдсон байгууллагадаа ажиллаад явдаг. Манай байгууллагын хамгийн чухал асуудал боловсон хүчний асуудал.
-Танай албаны бас нэг онцлог нь иргэдтэй ойр байж, тэдэнтэй хамтран ажиллах явдал юм. Бидний үед цэрэгжилтийн хичээл дээр утааны баг өмсөхийг хүртэл сураад төгсдөг байлаа. Одоо тийм анхан шатны мэдлэг олгох ажил орхигдсон санагддаг.
-Хуучнаар иргэний хамгаалалтын сургууль буюу одоо иж бүрэн дадлага сургууль гэдэг болсон. Жил бүр 2-3 аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, 4-5 аймагт команд штабын сургууль зохион байгуулдаг. Иж бүрэн сургууль гэдэг нь аймаг орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиас гадна бүх иргэдийг оролцуулсан дадлага сургууль. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах дадлага хийж байгаа хэрэг. Гамшиг тохиолдвол бэлэн байдлаа хэрхэн хангах, ямар хариу арга хэмжээ авахыг сургуулилдаг. Мөн Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийх, бүх төрлийн сувгаар иргэдэд мэдээдэд түгээх БСШУ-тай хамтран Аюулгүй амьдрах ухаан гэдэг хичээл орж байна. Сургалтын хөтөлбөр, энэ төрлийн хичээлийг заах багш хүртээмжтэй биш, сургалтын агуулга ч сайн биш байна. Ер нь гамшиг ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг арга дадлыг хүүхдэд багаас нь эзэмшүүлэх нь маш чухал. Зайлшгүй сайжруулах шаардлагын хүрээнд саяхан бүх шатны сургалтын байгууллагад гамшгаас хамгаалах агуулгатай хичээл орох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Цаашид багшлах боловсон хүчин сургалтын хөтөлбөрийг шинэчлээд насны онцлогт тохирсон сургалт явуулдаг болно.
-Таны үед танай баг олон улсын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Хэр үнэлэмж авсан бэ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сард Турк улсад болсон газар хөдлөлт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг маань 14 хоногийн турш тэсвэр тэвчээр мэргэжлийн ур чадвар гарган ажилласан. Бурхны авралаар бид газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулж бодитоор хараагүй. Туркид ажилласан бүрэлдэхүүн ажиллагааны үед ямар хүндрэл тохиолдож болдогийг нүдээр харж биеэр мэдрэн туршлага хуримтлуулж ирснээрээ давуу талтай. Түүнчлэн Монгол Улс ядарсан цагт бусдадаа тусламж үзүүлж чаддагаа харуулж чадсан. Манай алба хаагчдыг өндрөөр үнэлсэн. 70 гаруй улсын 11 мянга гаруй алба хаагчидтай мөр зэрэгцэн ажилласан. Ингэхдээ ямар нэг алдаа гаргаагүй маш сонор сэрэмжтэй ажиллаж найман хүний амь аварсан. 19 хүнийг эмнэлэгт шилжүүлсэн. Эмнэлгийн баг маань 650 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Товчхондоо маш өндөр үнэлгээ авсан.
-Бидний мэргэжлийн онцлогийг ойлгоорой. Ерөнхий агуулгаараа том үйл хэрэг явж байвч нөгөө талд нь сөрөг юм гардаг. Турк явах багт танил талаа оруулах гэсэн хүмүүс таны утсыг амраахгүй залгаж байсан гэж тухайн үед сонсож байсан. Энхийг сахиулах ажиллагаанд сүүлдээ танил талтай хүмүүс л явдаг болсон гэх юм билээ. Ийм асуудал байсан уу гэж асуух гээд байна л даа.
-Хэн нэгэн над руу тэгж залгаагүй. Засгийн газар дээр явуулах баг бүрэлдэхүүнээ ярилцаж шийдсэн. Анх 100 хүнтэй баг явуулахаар яригдаж байсан. Миний хувьд 30 хүнтэй мэргэжлийн цомхон баг явуулах хэрэгтэй гэдэг зарчмын саналаа оруулсан. Тэгээд орчуулагч, эмч гээд хэдэн хүн нэмээд 35 болгосон. Тийм асуудал гараагүйг хариуцлагатайгаар хэлье. Шууд утгаараа амь нас эрсдэлд орох үүрэг гүйцэтгэхээр явж буй баг руу ар өврийн хаалга орно гэх хардлага нь өөрөө утга учир муутай хардлага юм даа. Цаашид бид олон улсад ажилладаг мэргэшсэн багтай болох зорилго тавин ажиллаж байна.
-Олон улсад үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн багтай болно гэдэг гоё зорилт юм. Та бүхэнд амжилт хүсье. Уг нь би илүү хувийн чанартай асуултууд асуумаар байсан ч яалт ч үгүй ажил ярьчихлаа.
-Тушаалаар амьдардаг цэргийн хүмүүст хувийн амьдрал ярих төлөвшил ер нь байдаггүй юм даа. Хараад байхад нийтлэг тийм шинж ажиглагддаг.
Үг дуу цөөтэй, дөлгөөн зан авиртай генерал бид ийн хөөрөлдөв. Ярилцлагаа шөнө орой болсон хойно буулгаж дуусаад маргааш өглөө нь сэртэл хэд хоногийн өмнө ярилцлагын ширээний наана цаана сууцгааж байсан мөнөөх генерал гурван алба хаагчаа гэнэтийн гамшиг осолд зуурдаар алдаад эмгэнэл илэрхийлэн толгой гудайн зогсож буй хэцүү мэдээ телевизээр гарч байлаа. Бидний амьдралд маргааш юу тохиолдохыг хэн ч урьдчилан таашгүй юм даа.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан агуу аврагчид, тэдний гэр бүл, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.