Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийг бид урьж ярилцлаа. Тэр бол өнөө цагийн дээд зиндааны шилдэг уяачдыг тэргүүлж яваа, олон түмэндээ хүндлэгдсэн, удам дамжсан уяачдын нэг юм.  

-Улсын наадамд хэдэн настайдаа анх уралдаж байв? 

-Олон ярьж байна даа. Анх 1985 онд л морь унаж сурсан шиг байгаа юм. 

-Хэдэн настайдаа гэсэн үг вэ? 

-Гурван настайдаа л анх морь унаж сурсан гэдэг юм. Би чинь дөрвөн нас хүрээд л номхондуу морийг хаашаа л бол хаашаа унаад давхидаг болчихсон байсан гэдэг. Өөрөө бол сайн санадаггүй юм. Манай ээжийн ээж хүүхдээ хамаагүй хаячих юм гэж аав ээжийг загнадаг байсан. Аав ээж хоёр ч залуухан байсан болохоор би том болчихсон юм шиг л санагддаг байсан биз. Намайг таван настай байхад манайх нэгдлийн адуутай байсан. Гүү саана. 40 гаруй гүү байсан юм уу. Адууг бол ерөөсөө анддаггүй. Унага, ээж хоёрыг бүгдийг нь таньдаг, их адуунаас унагатай гүүг нь ялгаад туугаад ирдэг байсан гээд аав ээж минь ярьдаг юм. Тэгээд зургаан нас хүрээд сунгаанд морь унамаар санагдаад л, манайд морь уургалдаг, тэрэгний дэлтэй халтар морь байсан юм. Тэрийгээ байнга унадаг, нэг удаа сунгаанд оччихсон байж байгаад намайг уралдъя гээд шалаад байхаар сүүлийг нь боож өгөөд явуулчихсан юм билээ. Тэрэнтэйгээ араас нь гарч явж уралдаад бараг түрүүлээд ирсэн гэсэн. Тэгээд л тэр жилдээ халтар морьтойгоо улсын наадамд уралдаад 71-ээр орсон гэдэг үнэмлэх байдаг юм. Тэгж л анх улсад уралдаж байсан. Дараа жилийн өвөл нь манайх улсад айрагдсан халзан морь худалдаж авсан юм. Тэгээд л халзан морьтойгоо анх 1989 онд анх улсын наадамд аман хүзүүдэж байсан даа.

-Та бол өндөр эрэмбийн уяачдыг тэргүүлж байгаа хамгийн алдартай уяачдын нэг. Энэ бол олон жилийн хөдөлмөр байх. Нөгөө талаасаа та удам дамжсан уяач. Яг тооцвол хэд дэх үеийн уяач вэ? 

-Ааваас өмнө бол уяач хүн байхгүй байх. Аав л морь уясан, би багаасаа дагаад явсан. Тэгээд сургуульд ч нэг их сураагүй. Тав зургаадугаар анги хүрээд л сургуулиасаа гарчихсан. 

-Анхнаасаа л адуучин болно гэж боддог байв уу. Хүүхэд байхад өөр мэргэжил мөрөөддөг байсан биз дээ?

-Өөр юм нэг их боддоггүй байсан. Нэгдүгээр ангид орох гэж бөөн уйлаан майлаантай л сургуульд орсон. Гуравдугаар ангиасаа сургуулиас нэг гараад, ахиж явахгүй байсаар байгаад нэг хаврыг бараг өнжиж байсан. Тэгээд тавдугаар ангидаа ахиж ороод, тэр үед л бараг их сайн суусан юм шиг байгаа юм. Тэгээд ахиад гарчихсан. 

-Аав ээж хоёр чинь сургуульдаа яв гэж загнаагүй юу? 

-Загнасан ч гэсэн би чинь нэг гэртээ ирэхээрээ явахгүй гэж уйлаад л, нэг бол зугтаагаад л байдаг байсан. Тэр үед чинь машин тэрэг ховор, нэг машин ирэхээр өгөөд явуулна гэнгүүт нь морио унаад л алга болчихдог. Явсных нь дараа хүрээд ирдэг. Гэхдээ яг нэг очоод хичээлдээ суучих юм бол гайгүй хийгээд байдаг. Уг нь хичээлдээ бол гайгүй сурдаг байсан. Тэгээд л сургуулиас гарсан эхний жилдээ хонио төллүүлээд, дараа жилээс нь адуунд давхиад л эхэлсэн. 2005 онд эхнэртэйгээ суусан. 2007 онд Дорнод руу гараад, 2012 он хүртэл адуу малаа харж байгаад хотод ирээд морь уяж эхэлсэн л дээ. 

-Бие дааж морь уяад анхны айраг түрүүгээ хаана авч байсан бэ? 

-Бие дааж гэвэл ерээд онд жаахан хүүхэд байхдаа л дүүгээ дагуулж жижиг наадамд уралддаг байсан. Эхэндээ ч ганц нэг наадамд хоцроод л, манай Болдоо уйлчихсан энэ тэр ирдэг байсан. Бид хоёр тиймэрхүү маягтай яваад л байсан юм. Тэгээд 1997 онд гурван даага уяад, жижиг наадмуудад зөндөө уралдсан. Тэр гурван даага бол олон түрүүлсэн дээ. Хоёр нь бол ерөөсөө түрүү, аман хүзүүгээр л ирдэг. Би даагаа ээжтэй нь хөтлөөд л явдаг, очиж уралдчихаад түрүүлээд л ирдэг байсан. Тэр үеэс л урам орсон ч юм уу, морь уядаг болсон. Энэ гал, уяа гэдэг зүйл 1998 оны үеэс байгуулагдаад 2000 оноос том галууд гарч ирсэн шүү дээ. Тэр үед аавдаа туслаад морь уяад явдаг байсан. Том уралдаанд гэвэл Алтай овооны наадамд 2004 онд морь түрүүлүүлж байсан. Би чинь 2005 оноос талийгаач Гаваагийн Батхүү гуайн морийг уясан юм. 

-Тод манлай гэж цолны болзол гэж байдаг. Та нар ер нь түрүүгээ тоолдог уу. Эсвэл олон жилийн явцад сүүлдээ тоолохоо больчихдог уу? 

-Тод манлайгийн болзол улсын наадмаас дээд нас арван айраг, доод нас хорин айраг гээд болзолтой байдаг юм. Ер нь нэг их тоолоод байдаггүй дээ. Яг миний нэр дээр уралдаад айрагдсан адуу бол тод манлайн болзлоос илүү гарсан байдаг байх. Хүмүүсийн морийг уяад түрүүлүүлсэнтэйгээ бол 200- 300 хүрчихсэн байлгүй.

-Д.Онон гуай таныг ер нь том хүү болохоор зоргоор тань өсгөсөн үү. Танд ер нь хэр их юм хэлдэг вэ? 

-Нэг их учиргүй хэлээд байхгүй ч гэсэн хараад, дагаад байж байхад үлгэрлэх нь илүү хүнд хүрдэг юм болов уу гэж боддог юм. 

-Одоо ч гэсэн танд зөвлөх үү? 

-Одоо ч гайгүй дээ. 

-Хуучин бол цагаан өвсөөр уядаг байлаа л даа. Д.Онон гуай ханагар давхилттай уяа гэдэг уяачийн шинэ дэгийг тавьсан хүн шүү дээ. Олон хүн асуудаг байх, гэхдээ та энэ ханагар давхилттай уяаг нэг тайлбарлаж өгөөч? 

-Одоо хот тойрсон уяач нар гээд бүгд хийж байгаа байх. Ер нь монгол уяаны үндсэн арга барил болчихсон шүү дээ. 2000 оны үеэс ханагар давхилын уяа гэж гаргаж ирсэн. Энэ нь морины давхилыг тогтоох л зорилготой ажил л даа. Урд нь бол морийг барьж аваад л уяна, тэр үед ч цөөхөн морь уядаг байсан л даа. Үсрээд л таван шонгийн уяан дээр л уядаг байсан. Нэг хэсэг бас цагаан өвсний тэжээлийн адуу гээд хэл амтай л байсан юм. Тэр үед тэжээдэг хүмүүс нь хоттой ойрхон байсан. Тэгээд л 2000 оны үеэс эхлээд л ханагар морины давхилыг хийдэг болсон. Тэр үед адууны миль бас удаан байсан шүү дээ. Ханагар давхилтаар 45-тай, энгийн давхилтаар бол 40-тэй л байсан юм. Одоо бол 45 дээр ямар ч морь давхиж байгаа. Эрлийз адуу орж ирсний нөлөө ч бас байгаа л даа.

-Эрлийз адуу, монгол адуу хоёрын хоорондын маргаан ер нь яаж шийдэгдсэн юм бэ. Наадам болохоор л маргаан босож ирдэг? 

-Сэрвээний өндрөөр л явж байгаа. Одоо ч гэсэн сэрвээ нь маргаантай л байна. Зарим нь өндөр, намхан гээд л. Гэхдээ энэ өндрийг уг нь тавьж болохгүй л дээ. Хэрэв өндрийг тавих юм бол угаасаа цэвэр цусны адууны л уралдаан болно. Нэг бол хоёр см нэмээд, эсвэл бүр хасаад уралдуулсан ч болох л юм шиг санагддаг юм. 

-Ер нь эдлэх цэнгэл, авах таашаал нь уяач хүнд ялгаатай юу. Эсвэл эрлийз адуу түрүүлсэн ч, монгол адуугаа түрүүлүүлсэн ч адилхан л байх уу? 

-Уралдаад түрүүлж л байгаа юм чинь, түрүүлэхийн төлөө л уяж байгаа юм чинь адилхан байлгүй яахав. Бүр тэмээ ямаа шиг хоёр юм давхиулчихаагүй юм чинь ялгаа байхгүй шүү дээ. 

-Үзэгчдийн хувьд болохоор яг үндсэн уралдаанаа л илүүд тавиад байх шиг байдаг юм. 

-Үзэгчдийн хувьд морьдыг харахад зарим нь давхиж байгаа үедээ том харагдана. Жишээ нь, П.Батсайхан ахын тогоруу халзан гээд хүрээ байгаа. Хүмүүс бол тэрийг том адуу л гэж боддог. Ноднин хязаалангийн уралдаан дээр маргаан гараад хэмжээд үзэхэд хамгийн жижигхэн нь байгаа юм. Харахад бол том, өндөр толгойтой болохоор давхиж байгаа нь хүмүүст эрлийз маягийн харагдаж байгаа байхгүй юу. 

-Үнэхээр хэмжилт дээр яг уяачид өөрсдөө нарийн сайн хягалт тавьж чаддаг уу. Бөх бол ар өвөргүй камераар гаргаад харуулдаг болсон. Булхай гарах боломжгүй болчихсон. 

-Морин дээр бол бид хяналт тавьж чаддаггүй л дээ. Бид нараас тусдаа хэсэг хүмүүс гараад бүр цаана аваачиж хэмждэг. Хэмжээнд ордог адууг ч бас хасчхаад байдаг. Бид өөрсдөө ч бас өчнөөн дахин хэмжиж байгаад явуулж байгаа шүү дээ. Хүн бол зогсож байгаад нэг хэмжээндээ хэмжүүлчхэж чадна шүү дээ. Адуу бол үргэнэ, догшино, тэгээд байхаар өөр өөр хэмжээ гарна. Нэг хэмжихэд 40-тэй гарлаа гэхэд ахиад хэмжихэд 41-тэй, бүр үргээд 42-той ч гарч болно. Тэрэн дээр хүмүүс нэг бол хасаад л, нэг бол өөр наадамд уралдуулаад л хэцүү. 

-Эрийн гурван наадмаа маргаангүй явуулах нь мэдээж монгол түмэнд сайхан байлгүй яах вэ. Эрлийз, монгол адууны маргаан заавал дагалдачих юм. Дээрээс нь өвлийн уралдаан дээр шүүмжлэл өрнөдөг. Хүний эрхийн байгууллагууд маш их ярьж байгаа. Харин өвлийн уралдааныг хориглох тал дээр уяачид их дургүй байдаг юм билээ. Та юу гэж боддог вэ? 

-Ер нь бол өвөл биш шүү дээ. Хаврын эхэн сар гараад л уралдаж байгаа. Дээхэн үед Дүнжингаравын уралдаан гэж болдог байхад хүмүүс үндэсний дээл хувцсаа өмсөн, бүх л гоёл юмаа зүүгээд, ганган гоё морьдоо унаад зорьж ирдэг ямар гоё наадам болдог байлаа. Сайхан морьд, эр хүний эдлэл хэрэглэлүүд, чамин гоё хөөрөг, хэт хутга юу байдаг юм. Бүх л эрт дээр үеэс уламжилж ирсэн өв соёлыг тэр том уралдааны үеэр харж нүд сэтгэлээ баясгадаг. Ийм том баяр цэнгэл байсан л даа. Машин тэрэгний осол эндэгдэл гээд зөндөө л асуудал гарч байдаг. Барилга байшингийн дээрээс хавтан юм унах гээд. Тэр үед нь ган хийж дугардаггүй мөртлөө яг морь уралдах гэхээр л баахан хүмүүс гарч ирээд хэл ам болгодог. Хэзээний ч юм хүүхдийн ойчиж байгаа бичлэгүүд гаргаж ирж сэвээд л, баяр наадмаа хэл амаар будаад байдаг юм. Хэдэн зуун жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн өв соёл шүү дээ. Өв соёлыг нь устгах, үүгээр дамжуулж үндэсний дархлааг нь үгүй хийх гадны санаархлыг хэрэгжүүлэх хандлагатай хүмүүс байдаг ч юм шиг харагддаг л юм. Гадаадаас санхүүжилт авдаг, хийх юм байдаггүй, үндэстнээрээ хайрлаж хамгаалдаг, үеэс үед дамжуулж явдаг өв соёл руу нь л дайр гэсэн даалгавартай юм шиг л санагддаг.

-Хүчээр морь унуулна гэсэн асуудал бол хаана ч байхгүй шүү дээ. Тийм үү? 

-Манай энд байгаа хүүхдүүдийг нэг нэгээр нь авчраад асуусан ч бараг бүгд л морь унах дуртай л гэнэ. Морь унуулахгүй байхаар уурлаад, гомдоод байдаг. Ерөөсөө мориноос өөр юм бодохгүй, унуулахгүй, боль гэвэл сэтгэл нь шархалж, гомдож сүйд болдог. Ийм л хүүхдүүд байдаг юм шүү дээ.

-Монголын хамгийн өндөр цалинтай хүүхдүүд гэж ярьдаг юм билээ. Хоёр сар орчим энэ морины орчинд байдаг байх. Нууц биш бол сарын цалин нь дунджаар ямар байдаг вэ? 

-Янз янз л байдаг байх. Хоёр сар унана гэвэл өндөр цалинтай ч байж магадгүй. Жилийн дөрвөн улиралд энэ хүүхдүүдийг хувцаслаж ундлаад, хичээл сургуульд нь явуулаад бараг манайхны өөрийн хүүхэд шиг л амьдарч байгаа шүү дээ. Есөн сард хичээлийн хувцас хэрэглэл, дэвтэр ном бүгдийг нь авч өгөөд л байж байдаг. Гэхдээ цалин цаваг гэхээсээ илүү морины хүүхдүүд монгол хүн болж өсдөг юм. Цэрэгт нэг жил явснаас бараг илүү төлөвшиж байгаа юм. Бүр бага наснаас энэ дэг соёл дунд хүмүүжнэ. Ухаалаг сайхан өвгөчүүд, өв соёл, үндэсний гэх юм бүхэндээ хайртай ахмад дунд насны, нэртэй төртэй хүмүүсийн сургааль юмыг сонсоно. Энэ адууны их соёлыг дотор нь амьдарч амьсгалж өснө. Надад энэ их чухал санагддаг. 

-Ер нь сайн унаач хүүхдүүд цаанаасаа л өөр байдаг уу? 

-Янз бүр л байгаа. Ер нь морь унаж өссөн хүүхдүүд айхтар буруу яваад байх нь гайгүй л байдаг. Том болчихсон, ажил амьдралын захад хүрчихсэн залуучууд зөндөө л байна. Зарим нь эхнээсээ тод манлай уяач болчихсон явж л байна. Яахав олон хүүхдүүд дунд алагтай цоохортой л байдаг. Гэхдээ харьцангуй гайгүй сэргэг тархитай хүүхдүүд байдаг. 

-Өнгөрсөн өвөл хүйтэн, хавар нь ширүүн боллоо. Адуу нэлээн хорогдсон байна. Та бүхэн өвлийг хэр өнтэй давав? 

-Манайхны адуу мал Дорнодын Мэнэнгийн тал өөд гарчихсан байсан юм. Манайх бас ч гэж гайгүй ээ. Гэхдээ бас олон адуу цочиж, сарниад ганц нэгээрээ дутсан тохиолдол бий. Зарим газар ширүүн л өнгөрлөө. 

-Яг одоо энд хэдэн морь уяатай байна вэ? 

-Энд 200 гаруй л адуу байгаа даа. 

-Бүгд уралдах уу? 

-Энд унааны морьд бас бий, даагатай гүүнүүд бий. Тэгэхээр нэлээн хасагдана. Яг уралдах нь 200 гаруй адуу байгаа. 

-Та өнгөрсөн жил хэдэн айраг, түрүү авав? Нэлээн сайн наадах шиг болсон. 

-Өнгөрсөн жил чинь хэдэн айраг авсан юм бэ дээ. Төв аймагт лав хоёр гурван айраг авсан, улсаас хоёр гурван айраг авсан, тэгээд бүсүүдээс гээд арав гаруй айраг авсан байх аа. 

-Шоу халзан азарга ер нь ямар уяатай азарга вэ? 

-Халзан азарга бол ер нь бас чанга уяатай шүү дээ. Таргалуулж болохгүй, өөрөө ер нь хөл муутай болоод байгаа. Одоо ч гэсэн жаахан тааруу л байна, тэгээд аргалаад л уяж байна. 

-Ер нь энэ уяач улсуудад онцгой хайртай адуу гэж байх уу. Бүгд л уяж байгаа юм чинь адилхан байх уу? 

-Ер нь номхон адуундаа л хүмүүс дуртай байдаг шүү дээ. Догшин, дэв дов хийсэн адуу хэцүү шүү дээ. 

-Удмыг их чухал гэдэг юм билээ. Хурдан адууг унаганаас нь танина гэж байх уу. За, энэ ч хурд төрчихлөө дөө гээд л...

-Унага чинь угаасаа өөрөө хөөрхөн харагдана шүү дээ. Хүн болгон л унагаа хурдална гэж боддог л доо. Шууд төрөхөд нь хараад энэ хурдан гэж таних хэцүү. Ер нь бол удмаа л дагадаг юм. Адуу бол эх талаа л татдаг. Сайн ээжтэй байж сайн төл гарна.

-Одоо уяачид их усанд уядаг болсон. Танайх морьдоо усанд уяж байхыг би хүүхэд байхдаа нүдээрээ харж байлаа. Зарим нь өвдөгнөөс дээш уяад байх юм, энэ зөв үү? 

-Усан засал гэж байгаа юм. Үений өнчин яс гээд үе хоорондыг холбож байгаа шөрмөс, шандсыг хэлж байгаа юм. Морь ихэнхдээ тэр хавиараа их гэмтдэг болохоор тэрийг л эмчлэх зорилготой л манайх анх уяж байсан юм. Одоо ч гэсэн хүмүүс зөндөө уядаг. Ер нь бол хөлийн гэмтэлтэй адуунд л гэхээс биш зүгээр адуунд ямар ч хэрэггүй. Бүдүүрч байгаа ч юм уу, хөгширч байгаа тийм адуунд л сайн. Түүнээс биш ямар ч хамаагүй адууны явдлыг зогсоогоод байх тийм сайнгүй. Ер нь бол тарган, олон жил уралдаагүй, ганц нэг жил өнжчихсөн адуунд зүгээр байдаг юм. 

-Наадмын морь тавьсны дараа намар яаж эдэлмээр юм бэ? 

-Ер нь арван нэгэн сарын хорьдоор буцаж хашаа руу ороод, цагаан сар хүртэл эдэлсхийж байгаад хэсэг амраад, ахиж ногоон дээр гараад, ногоо эрт гарсан байвал арваад хоног, үгүй бол тав зургаа хоног ногоо идээд буцаад л баригдчихаж байгаа юм. Тэгээд л бүхэл бүтэн найм есөн сар ажилтай байгаа шүү дээ. Морины уяа гэдэг бол хуучных шиг өвөл зүгээр сул байж байгаад, зургаан сард гэнэт гарч ирээд л уядаг байхаа болчихсон л доо. Өчнөөн хүний ажил хөдөлмөр гээд яривал дуусахгүй л дээ. Энэ орчинд чинь туслах хүүхдүүд, уралдаанч хүүхдүүд, морины эдлэл хэрэгсэл хийж байгаа, зарж байгаа хүмүүс, наймаачид гээд л нэлээн том амьдрал явж байгаа л даа. 

-Адууны соёл бол үнэхээр манай өв соёлын доторх томоохон хэсэг л дээ. Хүмүүс зөвхөн эдийн засгийн эргэлт орж ирсэн талаас нь хараад ярьдаг л юм. Гэтэл агуулгаас нь харвал уналга эдэлгээ алг боллоо. Гоё ганган морь унасан хүмүүс үзэгдэхээ болиод бүгд машин дотроо орчихсон. Гоё морь унасан сайхан хосууд ч харагдахаа больчихсон. Адууны соёлыг бүр өргөн хүрээнд өв тэгш байлгамаар санагддаг юм. Жишээлбэл, та морь хэр унадаг вэ? 

-Унахдаа унанаа. Гэхдээ ер нь унахаа болиод л байна. Хөдөө ч бас хүмүүс морь унах нь багасчихсан шүү дээ. Приусээр малаа хариулаад байна. Тэгэх нь ч бас амьдралын үндэслэлтэй. Говийн аймгуудаар өвс багасчхаад байна. Малын даац нь хэтэрсэн гээд л байгаа юм. Даац хэтэрсэндээ ч юм уу, бороо хур орохгүйдээ ч юм уу, өвс муу байхаар морио чөдөрлөж тавиад малдаа явах боломжгүй болчхож байгаа байхгүй юу. Говийн аймгуудаар тийм боломж байхгүй шүү дээ. Морио чөдөрлөөд тавивал өлдөж үхнэ. Тэгэхээр яалт ч үгүй мотоцикл юм уу, машинаар малдаа явж байгаа байхгүй юу. 

-Унах, эдлэх, адуу манах гэх мэт гоё үзэгдлүүд нь байхгүй болчихсон. Тэгсэн мөртлөө адууны соёл гээд л яриад байх юм.

-Одоо энэ хойшоо Зүүнхараад морио унаад байдаг юм байна лээ. Би ноднин Зүүнхараагийн наадамд очихдоо ажиглаж байсан юм. Хүүхдүүд морио унаад наадамлаж яваа харагдсан. 

-Энэ дотор маш олон тэрбумын бизнес явагдаж байдаг. Ялангуяа наадмын дараа түрүү морьд өндөр үнэтэй зарагдлаа гээд яригдаж байдаг. Хамгийн өндөр үнэ хүрсэн адуу ямар адуу вэ?

-Б.Наранхүүгийн монгол хээр л байдаг шүү дээ. Тэр чинь л тэрбум хүрсэн гэдэг юм билээ. Давсан адуу байдаг юм уу, сайн мэдэхгүй л байна. 

-Амгалан Төрийн Ажнай шаргаас өөр өндөр цол хүртсэн адуу байдаг болов уу? 

-Тэрнээс дээшээ гарсан цол байхгүй. Угаасаа улсын наадамд зургаа түрүүлж хоёр айрагдсан адуу. Шарга азарга бол ерөөсөө азарга болоод улсад дөрөв түрүүлж, хоёр гурав аман хүзүүдсэн. 

-Уяачдын холбоо ер нь уяачдынхаа эрх ашгийг яаж хамгаалдаг юм бэ. Нийгмийн даатгал гэх мэт зүйлд уяачид хамрагддаг уу? 

–Тийм юм байхгүй. Холбоо ер нь жинхэнэ холбоо байхаа болиод удаж байна. Уяачдын эрх ашгийг хамгаалахаа больчхоод байна шүү дээ. 

-Барианд морь ороод ирэх л уяач хүнд хамгийн гоё байдаг уу. Ямар үед хамгийн сэтгэл хөдөлгөдөг мөчүүд байдаг вэ? 

-Морьд дөнгөж эргээд зул задарна гэж ярьдаг даа. Тэр үед хүүхэд ойччихгүй, сайхан задраад л явчихаар сэтгэл санаа уужирдаг юм. Тэгээд түрүүлээд орж ирэх бол яалт ч үгүй сайхан байдаг л даа. Ер нь өндөр хурдаар явж байгаа болохоор ойччихвол аюултай. Барианд орж ирэн иртэл л санаа сэтгэл жаахан тогтож өгөхгүй маягтай, хэцүү л дээ. 

-Та бөхөд дуртай юу. Ер нь тухтайхан наадмын барилдаан үзэж байсан уу? 

-Жижиг наадмыг бол үзээд л байдаг юм. Улсын наадам дээр бол морь цоллуулах гээд очиход долоогийн даваа, зааны даваа явж байдаг. Тавын даваа дуусчихсан, зургаагийн даваа болж байхад л бид нар цэнгэлдэх рүү орж морьдоо цоллуулдаг юм. 

-Та дуулдаг уу? 

-Өөрийнхөө хэмжээнд дуулнаа. 

-Хамгийн их аялах дуртай дуу тань юу вэ. Ямар дуунд дуртай вэ? 

- Мэдэхгүй ээ, тэгээд л шинэ гарж байгаа дуу гээд янз бүр.(инээв) 

-Жилдээ ганц нэг гийнгоолно биз дээ. Ганцаараа уяан дээрээ байх үедээ ч юм уу? 

-Учиргүй их гоолохгүй ээ (инээв). 

-Ер нь сайн гоолдог хүүхэд байсан уу? 

-Гайгүй гоолдог л байсан. 

-Таны аав морь их сайн хатгадаг байсан. Та хатгана биз дээ? 

-Хатгана. 

-Манай уяачдыг тойрсон зөндөө л хардлага явдаг. Бөхийн допинг гэдэг шиг моринд тариа шахдаг гээд л... Энэ төрлийн өндөр үнийн дүнтэй наймаа их явагддаг гэх юм. Тийм юм үнэхээр байна уу. Бас л харлуулах гэсэн зүйл үү? 

-Манайх бол тийм айхтар юм хийгээд байдаггүй. Хүмүүс допинг хийлгээд бараг галзуурчихсан морин дээр хүүхэд тавиад явууллаа гээд яриад л байдаг юм. Мэдэхгүй, одоо тэгээд айхтар тариа хийгээд байдаг юм бол байхгүй дээ. Дэмий дэгс яриа алийг тэр гэх вэ. Тариа хийгээд явуулаад байдаг бол уяачдын хэрэг байгаа юм уу.

-Монгол туургатнуудаас манай том уяачдыг бараадаж дэг соёлоос нь суралцах гэж хүмүүс ирдэг гэнэ. Танд гадаадын шавь байна уу? 

-Яг ч тийм ирсэн шавь байхгүй ээ. Гэхдээ Өвөр Монголоос юм асуугаад л байдаг юм. 

-Та Өвөр Монголд морь уралдахыг үзсэн үү? 

- Яг очиж наадмыг нь үзэж байгаагүй. 

-Таныг эрлийз морь авах гээд америк явж байна гээд дуулдаж байсан. Та ер нь америкт болдог тойруулгын уралдаан зэргийг хэр сонирхож байсан бэ?

-Би анх 2001 онд Япон руу тойруулгын уралдаан дээр анх морь унаж гурван сар болж байсан. 2003 онд ‘Макс’-ийн Ганбаа ахын морин дээр америкт таван сар болсон. Хамгийн анхны морийг нь л уях гэж тэр. Тухайн үед жоохон хүүхэд байсан л даа. Одоогоос бараг 20 гаруй жилийн өмнө. 

-Жилийн дөрвөн улирал л морины ажил үргэлжилдэг. Тэгээд яг наадамд түрүүлээд ирэхэд эзэн нь гээд өөр хүмүүсийн нэр цуурайтдаг. Тэр явдал ямар мэдрэмж төрүүлдэг вэ? 

-Цалин хөлс өгөөд л морио уяулж байгаа. Хоёр хүний харилцан тохиролцсоны үндсэн дээр л явна шүү дээ. Нөгөө талаас тэр хүмүүс чинь энэ адууны соёл руу хөрөнгө оруулалт хийж байна. Тэгж л бид нар амьдралаа залгуулж байдаг гэсэн үг. Энэ олон унаач хүүхдүүд, туслах хүмүүсийн цалин хөлс гээд амаргүй шүү дээ. Тиймээс тэр явдалд эмзэглэх юм юу байх вэ дээ. Ер нь манайхан жаахан бэлтэй чадалтай нэгнээ үзэж чаддаггүй муухай зантай. Хөдөлмөрлөж боссон, түүнийхээ үр шимийг олонтойгоо хуваалцаж, өв соёлоо хамгаалахын төлөө бодлого тээж яваа сайхан эрстэй нөхөрлөх чинь тийм муухай зүйл биш шүү дээ. Хажууд сайхан нэртэй төртэй хүн байх надад бол түшигтэй, хамгийн сайхан байдаг. Тулхтай, түшигтэй шүү дээ. Монголд баян хүмүүс улам олон болоосой гэж би хүсэж явдаг. 

-Танайх хэдэн туслах малчинтай вэ? 

- Туслах малчин гэвэл хөдөө адуун дээр л байгаа. Энд бол туслах хүүхдүүд байна. 

-Та улс төр хэр сонирхдог вэ. Улстөрчид таныг сурталчилгаандаа гуйж байна уу? 

-Нэг их гуйдаггүй. Би ч хааяа facebook дээр юм шүүмжлээд байдаг юм. Зарим нь жаахан дургүй байдаг байлгүй. 

-Ер нь залуу уяачид танаас хэр их зөвлөгөө авдаг вэ. Манай хөдөөгийн зарим залуу уяачид миний нүдээр харахад их атаархуу санагддаг? 

-Хүмүүс юм асууж л байдаг юм. Шаравжамцын Бадамжав гээд улсын алдарт уяач болсон Архангайн залуу хамгийн анх надаас морио уячихлаа, одоо яах вэ, ийх вэ гээд асуудаг байсан юм. Би ч тэр үедээ жаахан зөвлөгөө өгдөг байсан. Одоо азарга нь энд тэнд давхиад улс, бүсэд айрагдаад гайгүй сайхан явж байна шүү дээ. МУИС-д сурдаг, оюутан хүүхэд байсан юм шүү дээ. Манайхыг Өлзийт хороололд байдаг байхад надтай цуг морь луу явна. Манайхаар ирнэ, хоёр хүүхдийн хичээлийг зааж өгөөд л явдаг байсан. Одоо уяач болчихсон. Уг нь бол ээж нь нутагтаа англи хэлний багш мэргэжилтэй, хүүхдээ сургуулиар явуулна гэж боддог байсан юм билээ. Нөгөөх нь моринд дуртай байж таараад уяач болчихсон явж байгаа. Моринд дурлах гэж юм хэцүү л дээ. 

-Та үржүүлгийн талаар их гоё ярьдаг шүү дээ. Зөв үржүүлсэн адууны үс нь зөөлөн, чих нь өөр байдаг гээд л. Та үржүүлгийг одоо яаж хийж байна? 

-Адууны үржүүлэг муудах юм бол чихнийх нь холбоос муудаад байдаг юм. Үхэр шиг дэлдэн болоод, холбоос нь унжаад, дэлдэг дэлдэг хийгээд эхэлдэг. Тэгээд эхлэхээр адуу ер нь бол муудаж байна гэсэн үг. Сайжрах тусмаа чихний уг нь бүдүүрээд байдаг. Жижигхэндүү чихтэй байвал чанаржиж байна гэсэн үг л дээ. 

-Танай энэ бундан тамга хэзээний үеийн тамга вэ? 

-Энэ манай аавын үеэс л ирсэн. 

-Улсын наадамд унаган тамгатай адуугаа түрүүлүүлэх гоё биз? 

-Тийм. Унаган тамгатай азарга түрүүлсэн, их морь айрагдсан. Олон адуу маань айрагдсан даа, айхтар тоолдоггүй л болохоос биш.

-Унага тамгалах ёс хэр дэлгэр болдог болсон бэ? 

-Манайх унага тамгалах найраа өргөн дэлгэр хийдэг. Төв халхууд гэх юм уу, манай Төв аймгийнхний адууны соёл нь илүү дэлгэр найрлаж, сайхан дуу хууртай хөгжиж цэнгэж адуугаа тамгалдаг л даа. Тэр нь бүр уламжлал болчихсон. 

-Та айраг хэр уудаг вэ.Танайх айраг хийнэ биз? 

-Манайх хуучин гүү барьдаг байсан. 2007 оноос Дорнод руу гараад гүү бариагүй. Айраг нэг их айхтар уухгүй ээ. Гайгүй уувал нэг хул айраг уучихна. Шамдаад ууя гээд байдаггүй. Намрын айраг гоё л байдаг юм. Айраг чинь орой нь бүрж хоноод, маргааш өглөө нь хөхүүрээс нь уухад л сайхан шүү дээ. Намаршаад ирэхээр чимчигнэсэн сайхан айраг л гэхээс өөр айраг учиргүй уугаад байдаггүй. 

-Таны гэргий хаанахын хүн бэ? 

-Манай хүн бид хоёр чинь нэг сумын, нэг голын хоёр шүү дээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав