Мал аж ахуйт манай оронд сүү сааль, цагаан идээндээ хэрэглэх сав суулга малчдын гол хэрэглээ. Ялангуяа хорт хавдар, ходоод улаан хоолойн элдэв өвчлөлд ихэд өртөх болсон монголчуудад хуванцар сав эсвэл элдэв түрхлэгтэй гадаадын ганган савнаас татгалзах хэрэгтэйг сануулсаар буй. Тэгвэл бидний мартагдах шахсан хуучны эдлэл хэрэглэл болох модон сав мэр сэр сүүлийн жилүүдэд сошиалд үзэгдэх болсон, сураглагсад ч их байх аж. Ингээд эрэл сурал болоод байгаа модон торхны эрэлд “google”эгчийг нэгжиж Монголд түүнийг хийдэг модон торхны газрын сургийг гаргаад Яармагийн дэнжийг зорилоо.
Модон торхтой холбоотой сайн муу мэдээ, мэдээлэл интернэтийн орчинд их. Эрүүл ахуйн хувьд хайгсад нь давамгай бөгөөд зарим нэг хүмүүсийн гомдлын үг, өгүүлбэр харагдана. “Олддоггүй, хаана, хэн зардаг юм бэ”, “Энийг яг монголд хийдэг юм уу даа” эсвэл “Манайх модгүй учраас гадны зураг” гэх мэт хөвөрнө.
Сошиал дахь модон торхны зургууд бол “Торхондой брэнд”-ийн бүтээгдэхүүнийх юм байна. Захирал нь залгаад ирээд хэрэггүй, сурталчилгаа хэрэггүй, ер нь олон түмэнд зарлаад ч хэрэггүй гэж утсаар саатуулсаар байсан нь бүр сониуч зан чангаасан юм.
Захирлын үгэнд захирагдалгүй “Торхондой”-гийн дэлгүүр дээр давхиад очлоо. Гэвч ганц ширхэг л торх өөдөөс угтав. Бүр гайхаж орхилоо. Яг л миний ирэхийг мэдээд надаас нуусан ч юм уу гэсэн бодол төрөөд амжив. Худалдагч эмэгтэйг ятгасны эцэст цехийн байр эндээс холгүй байдгийг мэдэж авлаа. Хоёр минут алхахад л хайж явсан зүйлээ олов. Үнэхээр л буйдхан юм. Намхан цагаан байшингийнхаа урд үйлдвэрийн ажилчид бололтой хүмүүс цувран зогсжээ. Тэд намайг хүлээгээгүй нь лавтай.
Хэрэг учраа хэлэхэд халгаасангүй. Тоглоом наргиа хийгээд намайг явуулах санаатай. Надаас залхсан уу, бодол нь гэнэт өөрчлөгдсөн үү бүү мэд дотогш орохыг урив. Ингээд л торхны тухай яриа эхэллээ дээ.
Модон сав хийх болсон нь
“Торхондой” ХХК үүсэн байгуулагдах болсон түүх их энгийн. 2015- 2016 оны үед “Торхондой”-н захирал Хавдар судлалын эмнэлгээр хэдэнтээ орж гарах хэрэг гарч. Эмнэлгээр дүүрэн хавдар гэх аймшигт өвтэй хүмүүс, дийлэнх нь хөдөөгийн малчид байсан гэнэ. Хавдрын гол шалтгаан нь урд хөршөөс орж ирдэг хуванцар торх, савнуудаас болсныг сонсоод модон торх хийх санаа төрснөө ярив. Энэ санаандаа түшиглэн 2019 онд албан ёсоор компаниа нээжээ.
Үйлдвэрт 5-6 орчим хүн ажилладаг. Модон торх хийхэд олон хүн хэрэггүй. Хамгийн чухал нь чадвартай хүн л хэрэгтэй байдаг гэнэ. Модон торх хийх явцын бараг 90 хувь нь хүний гар ажиллагаа шаарддаг юм байна.
Торх хийдэг материал буюу модны сонголтын тухай үйлдвэрийн ажилчид тайлбар хийлээ. “Хуучин цагт хар мод, хуш, хус, нарс модоор хийдэг байсан юм. Манайх хар модоор ихэвчлэн хийж байгаа. Одоо хуш, хус мод олдоц муутай байдаг. Хүний эрүүл мэндэд тустай эко торх хийхэд модны сонголтод ач холбогдол өгөх шаардлагагүй. Мод бол байгалиас ургадаг зүйл. Харин модны боловсруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Манайх өөрсдөө торхондоо зориулж модоо боловсруулдаг. Тиймээс манай торхны чанартай хятадын хуванцар торхыг харьцуулан жиших нь илүүц юм. Бид бүгд хуванцар савыг хортой гэдгийг мэддэг. Гэсэн хэрнээ өдөр бүр хэрэглэдэг. Өдөр бүр хорноос балгаж байгаагаа монголчууд ойлгохгүй, тоохгүй байна.
Ялангуяа цагаан идээг хуванцар саванд хийхээ болимоор байна. Цагаан идээ бол органик бүтээгдэхүүн. Тиймээс химийн хэдэн зуун урвалд орсон материалаар хийсэн хуванцар савны хорыг өөртөө хамгийн их татдаг ” гэж тэд ярьж байна.
Захиалгат “Торхондой” болсон нь
Модон торх асууж сурсан хүмүүс цөөнгүй байна. Зах зээлийн эрэлт ч өндөр байна. Гэвч монголдоо торх хийдэг ганцхан компани яагаад энэ боломжийг ашиглахгүй байна вэ? Яагаад дэлгүүр нь барааны хангалтгүй байна вэ? яагаад захиалгаар хийдэг гэсэн нэрэн дор өндөр ашиг олж болох боломжоосоо татгалзаад байна вэ? Үйлдвэрийн жижиг өрөөндөө цугласан ажилчид эдгээр асуултыг таатай хүлээж аваагүй ч хариулт өгөв.
Монголчууд модон торхоо зөв хэрэглэж чадахгүй байна. Үүнийхээ бурууг торхны чанарт, үйлдвэрлэгч бидэнд тохдог. Манайхан зундаа торхоо хэрэглэчхээд, намартаа хураагаад амбаарт хийчихдэг. Хавар гаргаж ирээд ашиглахад торх нь хатсан байдаг. Мөн чанартаа бол модон торхыг удаан хугацаагаар хоосон гадаа тавьж болдоггүй юм шүү дээ. Дотор нь заавал юм хийх ёстой. Ямар ч сайн хатаалгатай мод гадаа удаан байсан нөхцөлд хатдагийг одоогийн хэрэглэгчид ойлгодоггүй. Мэдээж гар ажиллагаа, үнэтэй материалаар хийгддэг, хямд биш үнэтэй эд шүү дээ гэв. Ерөнхийдөө зөв хэрэглэж чадаагүй хүмүүс гомдол гаргаснаар компанийнхан захиалгаар хийх болжээ. Биднийг очиход тэд баруун аймгаас ирсэн 10-аад захиалгыг хийж байсан нь энэ. Өдрөөс өдөрт бид бэлэнчлэх сэтгэлгээний урхинд унаж байна. Хатсан торхны завсар гарсан хэсгийг шар сүүгээр эвлүүлээд айраг цагаагаа хийхэд бэлэн болгодог монгол ухаанаа гээжээ. Урдаас орж ирдэг хөх цэнхэр өнгөтэй 120 литрийн торхыг шар сүүгээр угаагаад зогсож байгаа хүмүүсийг үйлдвэрийхэн хараад их эмзэглэж явдаг аж. Аргагүй биз ээ. Модон торх, хуванцар торх хоёрыг шар сүүгээр угаагаад ходоодонд ордог хоол тэжээл, сүү цагаа идээ хийж хадгалахад асар их ялгаа бий. Бид бүхэн өөрсдийн эрүүл мэндээ хэр өндөр үнээр үнэлж байгаагаа тольдох цаг ирэв. Хэрхэн зөв модон торхоо хэрэглэх зааврыг худалдан авалт бүрт өгч явуулах аргыг хүртэл тус компанийнхан хэрэглэж байжээ.
Торхны үйлдвэрлэл зогсохгүй
Ковидын хоёр жилд “Торхондой” -н борлуулалт хамгийн өндөр цэгтээ очжээ. Эрүүл мэндээс өөр үнэт зүйл үгүй гэдгийг сэхээрсэн тэр эгзэгтэй цаг үетэй, импортоор орж ирдэг орлуулагч хуванцар бараанууд татарсан нь нөлөөлсөн хэрэг. Хэдийгээр захирал эр “хөдөө байна”, “завгүй байна” сүүлдээ бүр “сурвалжлуулахгүй” хэмээн хэдэрлэсэн ч цехийн байранд нь очиход завгүй залуус захиалгаар урласаар байж байсан нь сайхан.
“Торхондой” тоогдохоос айсан нь дээр дурдсан учиртай ажээ. Тэд дэлгүүрт өрөөтэй байдаг бараа шиг торхнуудаа нөөцөлж хүрэлцдэггүй. Сэтгэл зүрхээ шингээн хөдөлмөрлөж хийснийг нь зарим нэг нь чанаргүй гэж гоочилсоор тэд олонд танигдахаас эмээх болжээ.
Хүний нөөц бол компани тоогдохоос айдаг бас нэгэн шалтгаан. Модон торх хийж чадах мужаануудыг эрж сурахад энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Санаа сэтгэл нийлсэн хэдүүлхнээ захиалгаар бүтээгдэхүүнээ баяр хөөртэй хөгжилдөн хийх дуртай гэнэ. Тийм дээ, торхыг хэрэгтэй хэрэглээ гэдгийг мэддэг, хэрэглэж чаддаг малчдаасаа зугтаалгүй хийсээр л энэ хүрчээ. Цаашдаа ч хийсээр байх болно гэдгээ итгэл дүүрэн ярьцгаана. Энэ цехийнхэн 14 хоногт дээд тал нь 180 торх хийх хүчин чадалтай.
Нэгэн цагт захын монгол айлд хоёр гурваараа л модон торх байдаг байсан. Одоо бол ховордсон бараа болжээ. Хийж чадах мужаангүй, хэрэглэж чадах хүнгүй болж дээ хэмээн гуниглангуй бодсоор үйлдвэрийн хаалгаар гарлаа.
"Торхондой" амжилт хүсье.
Сурвалжилсан А.Даваадулам