2024 онд улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Тус оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог текникийн чиглэлээр  нийт  118 уран бүтээлчийн 149 бүтээл иржээ.

Эдгээр бүтээлээс орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг хоёр үе шаттайгаар шалгаруулав. Эхний шалгаруултад тэнцсэн 58 шилдэг бүтээлийн “Оны шилдэг бүтээл - 2024” үзэсгэлэнг зохион байгуулж үзэгчдэд толилуулсан бол хоёрдугаар шатны шалгаруултаар олон нийтэд нээлттэй танилцуулав. Эдгээр бүтээлээс орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлэх “Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл”-ээр гурван бүтээл шалгарсан юм. Тэдгээрийг нэрлэвэл:

Д.Дорждэрэм “Орон зайд”2024 он, орчин үеийн урлаг
Г.Төмөр “ Хан Баянзүрх хайрхан” 2023 он, уран зураг
Э.Жанцанхорол “ Хадгалагдсан зовинол” 2024 он

Харин монголын уран зургийн галерей нь “ Оны шилдэг бүтээл - 2024” үзэсгэлэнгийн уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд “Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал”-ыг гардуулж ирсэн. Энэ удаа тус  нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” бүтээлээр хүртлээ. 

Энэхүү шагналыг хүртсэнээрээ залуу уран бүтээлч маань Монголын уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодорсон юм. Уг хүрэл цомыг уран бүтээлч хүний харааны болон гарын ур, түүнчлэн оюуны урыг бэлгэдэн уран барималч Б.Ганбаатар урлажээ. 

Ийнхүү шилдэг бүтээлийн эзэд болох Э.Жанцанхорол, уран бүтээлч Д.Дорждэрэм нартай ярилцсанаа уншигчдад хүргэе. 

-УРАН БҮТЭЭЛ ЭНГИЙН ЭГЭЛ ЗҮЙЛСЭЭС ТӨРДӨГ-

“Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл”-ийн эзэн Д.Дорждэрэмтэй уулзаж бүтээлийх нь талаар цөөн хором  ярилцлаа. Түүний бүтээлийг  бусад уран бүтээчид  орчин үеийн, байгальлаг, мөн туульслаг, зөөлөн бөгөөд хүчирхэг, нууцлаг болоод ил, сүнслэг шинэ өнгө төрхийг илэрхийлдэг хэмээн  тодотгодог байна.

 -Та бүтээл шилдэгээр шалгарч улсын сан хөмрөгт хадгалагдах боллоо. Баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Та бүтээлийнхээ тухай ярьж өгөөч. Бүтээлээ хийх санааг хаанаас олов?

-Энэхүү бүтээлийг хийх санаагаа энгийн зүйлсээс буюу дусал дээр тусаж байгаа нарны гэрлээс олж авсан. Бүтээл энгийн зүйлсээс төрөх нь бий. Миний бүтээл хүмүүст олон янзын сэтгэгдэл төрүүлдэг байх. Тухайлбал, таны өмнө байгаа энэ бүтээлийг сайн харах юм бол огторгүй дээр одод  харагдаж байгаа юм шиг металл хайлмагууд үзэгдэнэ. Мөн зарим хүмүүс оддыг дүрсэлж хийсэн бүтээлийг маань алт гэж андуурдаг тал бий.  Оддоо шар металлаар хийсэн нь ийм сэтгэгдэл төрүүлсэн байх. Би уран дарханы ангид суралцаж төгссөн учир энэ нь бүтээл хийхэд маань их нөлөөлсөн. Тиймээс ганцхан дарханы гар ажилгаагаар эд зүйлс хийхээс илүү шинэ ертөнцийг нээж бүтээл болгохыг хүссэн.

-Таны уг бүтээлийг нарийн ажиглавал хана дагаад ус бөнжигнөж байгаа юм шиг харагдаж байна. Энэ ямар учиртай вэ?

-Тиймээ, ерөнхийдөө энэ бүтээл маань анх харахад усаар норгочихсон, нойтон ч юм шиг харагдах болов уу. Гэхдээ усан дуслууд бөнжигнөөд байгаа биз. Энэ бол усны дуслын  перфектийг  ашиглаж байгаа орон зай юм.  Яагаад перфектийг ашиглаж байгаа вэ гэхээр би өөрөө өмнө нь тийм орон зайн гэрэл болоод оддыг дүрслэх гэж үзээд бүтэлгүйтчихдэг байсан. Харин уг бүтээл маань  өөрөө жижигхэн дусал дээр туссан гэрлийн тусгал юм л даа. Түүнийг хэрхэн, бүүр жижигхэн болгох, аль эсвэл од шиг гэрэл гэгээ цацруулж  болох зэрэг нь уг гэрлийн тусгалаас хамааралтай. Бүтээл дээр туссан хүчтэй гэрлийг унтраачихвал зүгээр нэг хөлөрсөн хана болно. Тэгэхээр гэрлээсээ шалтгаалж, эффект тоглолттойгоор үзүүлж болохоор бүтээл. 

-Таны бүтээлийг бусад уран бүтээлчид туульслаг гэж дүгнэсэн нь сонирхолтой санагдаж байна?

-Хүмүүс янз бүрийн өнцгөөр л намайг дүгнэдэг байх. Өөрийнхөө хийж чадах зүйлийг л хийгээд явж байгаа. Учир нь би уран бүтээлээс өөр юм хийхээр бүх сэтгэлээ зориулж чаддаггүй. Тиймээс өөрийгөө туульслаг гэж тодорхойлж хүчирдэггүй юм л даа. Харин хийх юмаа л хийгээд явж байна. 

-МИНИЙ БҮТЭЭЛД БУЙ ЭВЭР БОЛ ЭРГЭН ИРЭЛТ, ҮНДЭСНИЙ ДАРХЛАА, ХАМГААЛАЛТ, ДАСАН ЗОХИЦЛЫГ ИЛЭРХИЙЛСЭН-

Дараагийн уран бүтээлч маань Э.Жанцанхорол байлаа. Түүний бүтээл нь бэлгэдлийн чанараар дархлаа, хамгаалалт, дасан зохицол гэх цогц санааг илэрхийлжээ.  Тиймээс ч бүтээлээ “Хадгалагдсан зовинол” гэж нэрлэсэн байна. Уг бүтээлээ шатамхай бензин агуулдаг, ЗХУ-д үйлдвэрлсэн, хуучин нийгмийн олдвор мэт эд зүйлээс монгол дархлаа урган гарч буй хүүрнэл асуулт дэвшүүлэн туурвижээ. Уран бүтээлч Э.Жанцанхорол нь 2019 онд эх орноо төлөөлөн Венецийн биеннальд оролцож байсан бол 2023 онд Хонгконгийн арт Базельд амжилттай оролцжээ. 

Түүний бүтээлүүд Нью-Йорк, Лондон, Майами, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад дэлгэгдэж байсан байна. 

-Таны бүтээл нэрээсээ авхуулаад сонирхол татаж байна. Яагаад бүтээлээ “Хадгалагдсан зовинол” гэж нэрлэсэн  бэ?

-Миний бүтээлийн  утга санаа бол дархлаа эсэргүүцэл, дасан зохицол зэрэг сэдвүүдийг илүү нийгэм, хүн төрөлхтөн, байгаль хувьсалын үе шатуудад хуваан авч үздэг. Тухайлбал, миний яриад байгаа дархлаа бол бие физиологийн хувьд гардаг өөрчлөлт юм. Мөн байгаль  орчин, цаг үе нийгмийн шинж чанараас шалтгаалж бидний нүдэнд харагдах болон үл үзэгдэх өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал,  мэдлэг, соёл уламжлал, түүх домог хэрхэн дамжуулагддаг, ямар хэсэг нь гээгдээд, аль хэсэг нь давслагдаад явдаг вэ гэсэн үргэлжийн хөгжлийн үе шатны хөдөлгөөнд оршиж байдаг гэж хэлж болно. Иймээс энэ бүхнийг бүтээлээрээ харуулахыг хүсэж “Хадгалагдсан зовинол” гэж нэрлэсэн..

-Уг бүтээлээр дамжуулан таны илэрхийлэхийг зорьсон гол санаа юу вэ?

 -Уг баримлыг харахад хуучны оросын бензины сав  байна. Энэ бензины савнаас эвэр  урган гарч ирсэн мэт харагдаж байгаа биз. Сайн ажвал хөдөлгөөнтэй ч юм шиг аль эсвэл царцчихсан шиг дүр төрхийг харуулж байгаа юм л даа. Ерөнхийдөө бол өнгөрсөн нийгмийн доголдолыг илэрхийлсэн эвэр урган гарч ирж байгаа нь миний бүтээлийн ерөнхий утга санаа, зангилаа юм. Тодруулбал, эврээр төлөөлүүлж дархлаа, эргэн сэргэж, гарч ирж байгаа гэсэн санаа л даа. Нөгөө талаас байгаль дээр оршиж байгаа зүйлсийг өөртөө нэгтгэж авдаг гэх давхар санааг ч гаргасан.

-Та бүтээл хийх санаагаа хаанаас, өөрөө хэлбэл юунаас илүүтэй олдог вэ?

-Нийгмийн сэдэв дээр тулгуурлаж олдог гэх юм уу даа. Учир нь хүмүүс дотроо  юуг тээж явдаг, тэр тээж яваа зүйлс нь яаж дотроос нь өвтгөдөг гэх мэтчилэн... 

Тухайлбал, би гадаадад сурч ажиллаж, амьдраад олон жил болсон. Гэхдээ монгол руугаа эргэж ирэхийг үргэлж бодсоор байдаг байсан. Яагаад гэвэл бүтээл хийх сэдэл тухайн орчинд, нийгмийн өдөр тутмын амьдралд оролцож байж тэр дундаас бүрэлддэг. Миний явах дуртай газар гэвэл зах, барилгын материалын дэлгүүр зэрэг л дээ. Хүмүүс  хэрхэн эвдэрсэн зүйлээ янзлах, шинэ зүйлийг бүтээх гэсэн түүхий эд материалууд тэнд байж байдаг. Түүнийг хэрхэн хийх аргачлал, нээлттэй боломжуудыг тэндээс ажиглаж болно. Нөгөө талаас дийлэнх хүмүүсийн ахуйн асуудал юунд байна гэх судалгаа ч хийж болохоор санагддаг. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав