Ярилцлагын давтагдашгүй байдал, түүн доторх онцлог бүхий сэдвийг бий болгож, уншигчдад мэдлэг боловсрол олгох, цаг хугацаагаа үнэ цэнтэй өнгөрүүлэх агуулгыг хүргэх нь манай сэтгүүлийн эрхэм зорилго. Өвлийн наран буцах болоогүйгээр үл барам жавар ид дундаа тачигнаж байх шиг цастай өдрүүдийг туучиж, XVII дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилээ угтсан хоёрдугаар сар улирлаа. Сайн, муу олон мэдээ ээлжилсэн энэ сарын саарыг гэхээс илүүтэй ирэх сайхныг нь зөгнөж бид энэ дугаарыг бэлтгэв. 

Ирэх гуравдугаар сард Монголын театрын түүхэнд байгаагүй олон жүжиг тоглогдохоор болж, нээлтийн тов зарлагджээ. Тэдгээрээс онцлох нь зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг “Орфей” театрын тайзнаа тоглогдох болсон юм. Уг жүжгийн гол дүрд МУГЖ Сугарын Болд-Эрдэнэ сонгогдсон. Бидний энэ удаагийн дугаарын онцлох зочин ч бас тэр. Гамлет, Фауст, Квазимодо, Эгэрэг түшмэлийн дүрийг тайзнаа амилуулж, үзэгчдийн сэтгэлийн сэнтийд нэгэнтээ заларсан тэрбээр энэ удаа Уинстон Смит болчихоод бидэнтэй ахин уулзах гэж байна. 

Театр хэмээх ариун сүм жүжигчин бүрийн мөрөөдөл байж ирсэн. Гэвч тэнд хүрэх зам, тайз руу гарах шат, найруулагчаас дүр авах мөч гээд жүжигчин хүний хувьд бүгд үнэ цэнтэй, уйгагүй хөдөлмөрийн үр шим агаад олон зүйлээ алдаж, түүнээс илүү олныг өөртөө олж авахын нэр юм. Энэ тухай мөн МУГЖ Ишдоржийн Одончимэгийн ярилцлагаас уншаарай. 

“Алтан Богдын шилд Алтан гургалдай жиргэнэ” гээд уншихаар уртын дууны гайхамшигт нугалаа, урт холын замд үл улдах хөг аялгуу сонсогдоно. Эртнээс эдүгээ хүртэл өвлөгдөн ирсэн энэ гайхамшигт аялгууг уламжлан яваа уртын дуучин Г.Энхбаатарын яриа уншигчдын цааш хөтөлнө. Мөн өв соёлын өвөрмөц заншил бүрийг дотроо багтсаан хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийн тухай адуу судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнайн ярилцлагаас унших боломжтой. 

Өнгөрсөн сарын дугаартаа бид улс төр, эдийн засаг, шүүх засаглал, нийгмийн талаарх сэдвүүдийг илүүтэй хөндөж, онцлох зочдыг урьж ярилцсан бол энэ дугаарын гол агуулгын монголын түүхэн өв, сонгодог урлагийн дэвшилд хамаатуулан зангидаж зочдоо сонгосон болно. 

Тиймээс ч уламжлал ёсоор сонгодог урлаг буландаа гадаадын хоёр томоохон тайзнаас урилга хүлээн авсан МУГЖ, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатарыг онцоллоо. Басхүү уран зургийн нэрт мастер, зураас бүр нь ямар утга шивнэх МУСГЗ, Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн урланд зочлохыг урьж байна. 

“Welcom to Mongolia” булангаас монгол орны өвлийн үзэсгэлэнг тольдож, уулын эзэн гэгддэг цасны ирэвсийн талаарх сонирхолтой баримтуудыг үзэж, өнөө цагийн дэлхийн алдарт найруулагч Йоргос Лантимостой “Free Europe” радиогийн сурвалжлагч уулзсан ярилцлагыг орчуулан хүргэлээ. 

Урлагтай учирсан энэ олон эрхмүүдийн түүх цагийн уртад үл хуучрах сэдэв, үргэлж амьд халуун санагдах яриа болон хувирсан гэдэгт итгэлтэй байна. Уншигч та бүхэн таалан болгооно уу. 

Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав