Өнөөдрийн миний зочин УИХ-ын гишүүн асан, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир. Удтал дуугүй байсан түүний араас хэвлэлийнхэн бид нэлээдгүй хөөцөлдөж байсан юм. Байр сууриа бөөрөнхийлж, хэн нэг лидерийн халхавчин дор бэмбэлзэж явдаггүй, шударга шулуун араншин нь түүний нэгэн тод имиж юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя. 


-Уулзаагүй удсан байна. Таныг олж уулзах нэлээд амаргүй бололтой. Гэхдээ улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. МАН гэдэг энэ том институц нэр дэвшигчээ тодруулахдаа улс төрийн ажиглагчдийн нүдийг жинхэнэ орой дээр нь гаргасан хачирхалтай шийдвэр гаргалаа. Лидерийн хомсдолд орсноо хүлээн зөвшөөрч, арга буюу ийм борог гэмээр шийдвэр гаргав уу даа. Энэ сонголтын хаах нь талд таны байр суурь байв аа. Таныг Удирдах зөвлөл доторх хамгийн “эсэргүү”, хэний ч нөлөөнд ордоггүй гишүүн гэж ажглагчид үздэг . Үнэхээр гайхаад байна л даа?
-Үнэхээр нэлээн хугацааны турш би сонин хэвлэлийнхнээс дөлж явлаа л даа. Ярилцлага өгөлгүй удсан байна. Яагаад дугарахгүй байгаа юм бэ гэж зарим нь асууж л байдаг юм. Миний байр суурийг нэг их сонирхохгүй байгаа юм болов уу гэхээр бас үгүй юм шиг байгаа юм. Хэвлэлийнхнээс утасдаад ярилцлага  авъя л гээд байдаг. Тэгээд өөрийн тань хэлж байгаа энэ “эсэргүү” гэдэг тодорхойлолтоос болоод л сонирхоод ярилцлага авах гээд байдаг юм болов уу гэж хүртэл боддог байлаа. Өөрөө бол их зальжин асууж байна л даа. Энэ нь ч миний сонирхлыг бас татаж байна. Би өчигдөр өөрийн чинь хэвлэл, сайтуудад өгсөн ярилцлагыг бас уншлаа. Яг энэ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ч юм байна. Манай нутаг устай холбоотой, улс төртэй ч холбоотой, хүмүүсийн хоорондын харьцаатай ч холбоотой олон чухал зүйлсийг өөрөө хөндсөн байна лээ. Тэгээд бодлоо. Ер нь яг ийм том олны өмнө гарч өрсөлддөг өрсөлдөөний түүхэн цаг үед өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийн байр суурь тодорхой байх ёстой юм болов уу гэж. Ер нь ч тийм ш дээ. Өөрөө хэлсэн байна лээ. Хүний түүх үнэн байх ёстой. Хүн түүхээ халхавчилж, нууж, түүхээсээ ичиж болдогүй. Хүний нуусан, далдалсан түүх бол эцэгтээ хаягдсан хүү шиг шазруун зүйл байдаг. Хэзээ ч юм гараад л ирдэг. Тийм учраас хүний түүх тодорхой, үнэн байх ёстой гэж. Энэ үнэн. Мэдээж нууж дарах гэсэн юм гараад л ирдэг. Нууж идсэн хөрөнгө мөнгө ч бай, өөр бусад хувийн амьдралтай холбоотой зүйлс бай гараад л ирдэг шүү дээ. Тэгэхээр хүн энийгээ их бодож байж улс төрд явах ёстой юм шиг байгаа юм. Манай хуучцууд ч хэлдэг. Нэр хугарахаар яс хугар гэж. Тийм болохоор монголчууд нэр төрөө эрхэмлэдэг. Энэ үүднээсээ ард түмний өмнө анх гарч ирэхдээ л хүн маш сайн бодсон байх ёстой. Тийм учраас энэ нэр дэвшээд явж  байгаа зарим нэг хүнийг хараад хуучнаа яагаад орхиод, хуучнаасаа огт өөр, цоо шинэ хүн болох гээд ингээд яваад байдаг юм бол гэж бодох юм. Манай нэр дэвшигчийн талаар нийгэмд олон л асуулт гарч ирсэн. Одоо ч тэр асуултууд лавширч, зарим талаар бүр ээрч байна гэж хэлж болно. Та асуулаа. МАН гэдэг энэ том улс төрийн хүчин яагаад ийм сонголт хийв ээ гэж. Мэдээж Удирдах зөвлөл болон бусад эрх бүхий бүтцүүд дотор яригдсан. Би бол яг тэр шийдвэрийг гаргасан бага хуралд оролцоогүй. Яагаад гэвэл хүсч байсан хүн нэр дэвшээгүй. 

-Бага хурлын өмнө тодорхой болчихсон байсан учраас оролцоогүй гэсэн үг үү?
-Тийм. Ойлгомжтой болчихсон байсан. Ямар бодлого барих нь тодорхой л болчихсон байсан шүү дээ. 

-Улс төрийн намын өөрийнх нь  тогтсон жаяг, жам, уламжлал гэж зүйл бий шүү дээ. Тэрийгээ алхаж гарсан шийдвэр л болчихсон. Хэрэв ийм маягаар явах юм болулс төрийн  намд дарга гэж байгаад яах юм бэ?  
-Харин тийм. Бага хурлын өмнө л хүмүүсийг хөдөө илгээгээд л, Б.Бат-эрдэнэ аваргыг ингэнэ шүү тэгнэ шүү гээд л эхлэхээр нь миний дургүй хүрсэн. Зохион байгуулалттай юмны эсрэг л би ер нь байнга явж ирсэн. Миний тэмцэл хайрцагласан, зохион байгуулсан юмыг сөрөх л байж ирсэн. Цаашдаа ч тийм байх болно. Мэдээж намын гишүүний хувьд үүргээ хүлээнэ. Намынхаа төлөө ажиллана гээд гишүүд нь бодоод явж байхад урдаас зарчимгүй, тулгасан, уламжлалд нь, өөрийнх нь соёлд байгаагүй юмыг тавиад эхлэхээр л гишүүдийнх нь сэтгэл хөрөөд эхлэдэг байхгүй юу. Би ийм л гишүүдийн нэг. Ийм учраас бүх асуудлуудад оролцоогүй. Одоо бол дугарахаас аргагүй болоод ирлээ. Яагаад гэвэл энэ чинь намын асуудал биш болчихоод байна. Яагаад гэвэл угаасаа Ерөнхийлөгч гэдэг хүн чинь гарч ирснийхээ дараа улс төрийн намаасаа түдгэлзээд, улс орныхоо төлөө ажилладаг ёстой. Тэгэхээр улс оронд, ард түмэнд маань ямар хүн очих ёстой вэ гэдэг дээр нам өөрөө асар хариуцлагатай шийдвэр гаргаж байх ёстой юм. Хэрэв улс төрийн байгууллага мөн л юм бол шүү дээ. Өнөөдөр л гэнэтхэн өөр хүн болж, өөрөөсөө огт өөр шинэ хүний дүрд тоглож явж байгаад Ерөнхийлөгч болох гээд байгаа ч юм шиг тийм хүмүүс улс орны шаардлагыг хангах юм уу. Энэ тухай л дотроо бодоод суугаад байна л даа. Удирдах зөвлөл дээр би байр сууриа зөндөө л илэрхийлдэг байсан. Гэнэтхэн л баахан шинэ хүмүүс дээд доодгүй бүр төвшинд орж ирээд амбицаа тулгадаг яагаад болчихов оо. Яагаад бид хуучнаасаа сайн жишиг, сайн соёл, сайн хүмүүсээ авч явахаа болчихов оо. Яагаад байнга л энэ намыг будлиулж, жонхуу болгож байдаг ийм бүлэглэлүүд нь асуудлыг шийдвэрлээд яваад байдаг юм бэ. Энэ бол байнга л миний асуудаг асуулт. Энийг асуусныхаа төлөө ч тэр “эсэргүү” гэдэг нэрийг зүүгээд явж байгаа байх л даа. 

-Танай намыг лидергүйтлийн гэх том зовлонд нэрвэгдчихлээ гэж олон нийт үзэж байгаа. Үнэхээр 200-аад мянган гишүүнтэй, 100-гаад жилийн бараг түүхтэй ийм нам  насаараа хувийн амжилтынхаа төлөө явсан нэг бөхөөс өөр дэвшүүлэх хүнгүй болчихлоо гэж үү?
-Манай нам 240 мянган гишүүнтэй л дээ. 

-Өө, 240 мянга болчихсон юм уу?
-Бололгүй дээ. Манай гишүүдийн тоог дарах гээд л үзээд байдаг юм, зарим нь. 

-Таны аав Л.Энэбиш энэ намын маш том лидер байсан. Та ч хар багаасаа энэ намын амьдралд орсон хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л дэвшээсэй гэж хүсч байсан хүн бий юу?
-Нам өөрөө дотроо ярилцаж, тунгааж, шүүлтүүрээр оруулж шийдвэрээ гаргадаг тэр чадамжаа алдчихсанд л хамаг учир байна. Ерөөсөө дотроо юмаа ярьж чадахгүй байна шүү дээ. Хэнийгээ нэр дэвшүүлэх юм. Хэн бидний итгэлийг дааж чадах юм. Хэнийгээ энэ ард түмний төлөө зүтгүүлэхээр илгээх юм. Бид энэ сэдвээрээ ерөөсөө ярилцаж чадаагүй. Худлаа л ард түмнээсээ асууж байна гээд яваад байсан. Манай намд улс орондоо танигдсан зөндөө лидер байна. Тэгж яривал өнөөдөр ард түмэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гуай нарыг аргагүй л төрийн зүтгэлтнүүд юм даа гэж ярьж байгаа шүү. Б.Бат-Эрдэнэ гуай гэж хэн ч ярихгүй байна шүү. Энэ төрийн нуруу нь болон зүтгэж ирсэн улсууд шүү дээ. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн амьдрал нь байна. Тэр түүхийг зүгээр нэг ийм шийдвэрээр гишгэж болдог юм уу. Би мэдэхгүй байна, үнэндээ.  Парламентын гишүүнийхээ хувьд ч Бат-эрдэнийг яаж энэ улсуудтай жиших юм бэ. Ц.Нямдорж шиг лидертэй жишиж болох уу. Тийм болоцоо байна уу. Та өөрөө улс төрийн сэтгүүлч хүн хэл л дээ. Мэдэж л байгаа шүү дээ. Манай гишүүд бүгд л ярьж байгаа. Одоо тэгээд яая гэхэв гээд л явцгааж байгаа байх. Би намынхаа даргыг л нэр дэвших ёстой гэж үзэж байсан. Энэ бол тогтсон ёс горим шүү дээ. Тийм учраас Ө.Энхтүвшин дарга дэвших ёстой байсан. Намын даргыг нэр дэвшээгүйд би харамсаж байна. 

-Танай нам дотор хариуцлага тооцдог систем хэр ажилладаг вэ?
-2003 оноос хойш хариуцлага тооцохоо байчихсан юм. 2003,2004 оноос энэ намын дотоод хяналт гэдэг юм байхгүй болсон. Ажлаа дүгнэдэг, тайлангаа тавьдаг тогтолцоо байхгүй болсон. 

-Орон нутгийн сонгуульд гэхэд танай нам амжилтгүй оролцсон. Энэ сонгуулийг удирдсан хүмүүстэй яагаад хариуцлага тооцоогүй вэ?
-Байхгүй. Одоо цаашаа ч байхгүй. Хурлаар шийддэг номтой. Хурлаар шийдье гэхээр нөгөө л нэг ирдэг, хайрцаглагддаг хүмүүс нь ирээд хаадаг. Тийм болохоор энийг өөр л аргаар өөрчлөх цаг нь болчихсон юм шиг байгаа юм. Намынхаа хүмүүстэй яриад л байгаа. Юу болох юм бүү мэд. 

-Би танд нэг зүйлийн тухай асуулт тавих гэсэн юм.  Энэ асуултаараа би нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулах санаа өвөрлөөгүй гэдгийг та ойлгоорой. Би таны аавын хэвлэл мэдээлэл хариуцсан хувийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд нэлээн сайн мэддэг. Б.Бат-эрдэнэ аваргатай холбоотой олон түүх дурсамж ярьдаг байсан санагдах юм?
-Зөндөө бий. 

-Уг нь тийм. Гэхдээ сурталчилгааныхаа сонин дээр аймгуудтай яаж холбогдсон түүхээ бичиж л дээ. Манай нутагтай зөвхөн олимпийн аваргыг хүүхэд байхад ивээлдээ авснаар учирсан гэж өгүүлжээ. Тэгээд жаахан хачин санагдаад болдоггүй. 
-Энэ хоёр хүний харилцааны тухай би мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ гэж би бас асуумаар л байна. За, яахав. Лхамсүрэнгийн Энэбиш гэдэг тэр хүнийг мартаж гэхэд самбо гэдэг бөхийн спортоо яах юм бол. Самбо гэдэг спортыг нь энэ хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр наадмын тэдэн удаагийн түрүү л гэж яриад яваа болохоос олон улсын дэвжээ гээд ярих юм бол самбо бөхийн спортыг л яримаар юм. Гэвч яагаад тэр спортыг энэ хүн ярихгүй байгаа юм бол гэдэг л сонин санагдаад байгаа юм. Би өөрөө яг энэ самбо бөхийн азийн дэд ерөнхийлөгч, монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд самбогийн тамирчин байсан гэдэг утгаар нь энэ хүнийг дэмжие гэтэл хөдөлж өгөхгүй байна ш дээ. 

-Самбогийнхон нь жаахан харсан бололтой байсан?
-Харин тэднийгээ огт ярихгүй болохоор нөгөөдүүл нь гайхаад байна шүү дээ. Цөмөөрөө яах вэ гээд над руу зөндөө ярьсан, ирсэн. Тэгье, цөмөөрөө Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжих ёстой байлгүй яахав гээд  хоёр ч хандлаа. Хариу байхгүй. Энэ материалууд дээр нь харлаа гарч ирэхгүй юм. Тэгэхээр одоо яах ёстойноо мэдэхгүй л сууж байна. Бидний дуу хоолой бол хэрэггүй юм байгаа биз дээ. Энэ спортоор яваагүй юм шиг, энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцаж аваачиж наах гээд ч яах юм билээ. Өнөөдрийг хүртэл энэ бөхийн холбоог ааваас маань хойш С.Төмөр-Очир гуай авч явж байгаад, дараа нь залгуулаад би хүлээж аваад ажиллаж байна. Ордон дотор анх уулзаад би энэ холбоог авах гэж байна гэж нэг ярьсан. Аа, тийм үү. Чи авсан нь зөв өө гэж хэлсэн. Авчихлаа гээд ахиад нэг ярьсан. Аан, авчихав уу гэсэн. Энэнээс цааш яриа байдаггүй. Цаагуураа дэмждэггүй. Гэтэл Х.Баттулга сайдыг хар. Хичнээн жүдо бөхийн төлөө явж байгаа мөртлөө давхар сургууль дээрээ самбогийн хүүхдүүдийг аваад л явж байна. Энэ бол сэтгэл зүрхний л асуудал. Хэн нь ямар хүн бэ гэдгийн л илрэл. 

-Л.Энэбиш дарга маань тэмцээнд авч явж байснаа, залуухан хүүхэдтэй хэрхэн яаж учирч тусалж дэмжиж явснаа их л ярьдаг байсан.
-Тэр Энэбиш гэдэг хүнд хөөрхий монголынхоо хэдэн сайхан залууг дэмжээд явж байна даа гээд зүтгэж байх өөрт нь сайхан байдаг байсан юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь юу бодож явдаг байсан нь бүү мэд шүү дээ. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй л дээ. Тэр хүмүүс өөр шиг нь тэр чин сэтгэлээр биш өөр зорилгоор наалдаж явсан юм болов уу даа. Тийм ч болоод тэр түүхээ дурсамж болгож ч ярихгүй, нууж хааж яваа юм болов уу. Хүний чанарын л асуудал шүү дээ. 1997 оны оны цагаан сар байх аа. Нам нь ялагдчихаад л байж байсан юм даг. Би байж байсан. Аварга ер нь жил болгон ирж золгодог л юм байна л даа. Тэр жил цонхоор харж байснаа алив малгай аваад аль. Б.Бат-Эрдэнэ ирж байна гэсэн. Аан, тийм үү гээд малгайг нь аваад өгсөн. Манай байрны цонхоор угаасаа харагдана л даа. Гадаа ирээд л зогссон. Орж ирдэггүй. Манай хажуу орцонд Д.Бямбасүрэн гуайнх байдаг байсан. Тэр үед чинь АН ялчихсан. Бодвол Бямбасүрэн гуайд л золгосон байх л даа. Хараад байсан орж ирдэггүй. Г.Эрдэнэбат гавъат, Ц.Түвшинтөгс, Б.Бат-Эрдэнэ гурав гараад л машиндаа суугаад явчихсан. Тэр өдөр аав маань хүнтэй золгоогүй. Малгайгаа авч тавьчихаад л дуугүй болчихсон. Ийм юмнуудыг хүн мартаж болдоггүй юм аа. Мартах ч ёсгүй. Миний хувьд нам маань юу гэх бол гэх нь сонин биш байна. Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй. Энэ бол миний л эцгийнхээ дэргэдээс харж,мэдэрч,  таньсан түүх байхгүй юу. Тэгэхээр хүмүүс хүнийхээ хувьд ямар хүн төрийн тэргүүн байх ёстой вэ гэдгийг л сайн бодох ёстой юм даа. 

-Сүүлд  УИХ-ын дарга болсных нь дараа бүгдээрээ л ирдэг болчихсон байсан. Харин оршуулганд аварга ирээгүйг санадаг юм.
-Хүн гэдэг амьтны чанар ямар үед яаж гарч ирдгийг би хар багаасаа мэднэ. Улс төрд зан араншин нь ямар ч байж болно. Гагцхүү энэ зүрхээрээ, дотоод хүнээрээ жинхэнэ “хүн” мөн үү, биш үү гэдгээр л хэмжиж баймаар байгаа юм даа манай ард түмэн.  

-Өнөөдөр Булганы хоёр хүн өөд өөдөөсөө хараад ярилцаад сууж байна. Өглөөнөөс хойш сэтгүүлчид утасдлаа. Танай гишүүн Ё.Отгонбаярын нэр холбогдсон дааж давшгүй их мөнгөний асуудал дэгдлээ. Юу бодож байна, ийм хэрэг үнэхээр байгаа юм уу гэсэн асуултууд ээрч байна л даа. Танд энэ талаар авсан мэдээлэл байна уу?
-Би ямар ч мэдээлэл алга. Сайтуудаас л харлаа. Их олон жил л тэгжээ, тийм юманд орооцолдсон байж болзошгүй гээд бичээд байсан шүү дээ. Шалгаад л энийг нэг тийш нь болгочих хэрэгтэй. Сүүлдээ бүр нам дотор аан, тэр Мөнх-Очир зохион байгуулаад байгаа юм гэнэ лээ гэж хүртэл ярьдаг болсон. Надад ер нь ямар хамаа байх вэ дээ. Хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу надад хамаагүй шүү дээ. Намайг  сонгуулийн өмнө Ё.Отгонбаярыг ямар нэг асуудалд холбогдсон мэтээр мэдээлэл тарааж, зохион байгуулж байна гэж нам дотор хэлж ярьж явсан л байсан. Би үнэхээр гайхдаг. Тийм гүтгэлэгт өртөж байсан хүн болохоор шалгуулаад, хурдхан холбогдолгүйгээ тогтоолгочихоосой гэж бодож байна. Ё.Отгонбаярт өөрт нь ч төвөгтэй байгаа шүү дээ. Байнга л араас нь ийм юм дагаж байх. Намайг бас гольфын талбай гэж нэг юмтай холбоод л баахан явсан. Бичээд л, яриад л байсан. олон жил би ингэж сэрдүүлж явсан. АТГ, цагдаа нь хоёр удаа шалгаад үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон. Ийм юманд хардуулж сэрдүүлээд явах хүнд өөрт нь ямар хэцүү байдгийг би биеэрээ амссан учраас л шалгуулаад л ард нь гарах хэрэгтэй гэж хэлж байгаа юм шүү дээ. Бас мушгиад явчих вий дээ. Манай Булганыхан ч бас будлиулна шүү. Нөгөө Э.Мөнх-Очир чинь Ё.Отгонбаярыг мөнгө авсан гэж гэнээ гээд явчих вий. (инээв) Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэчихээд тэрийгээ өчнөөн жил яриад бичээд л байдаг. Тэгээд холбогдолгүй нь тогтоохоор эргэж нэр хүндийг нь цагаатгаж нэг үг цацдаггүй. Би үнэхээр биеэрээ амссан учраас л бушуухан нэг тийш нь болгоод, шалгуулаад, нотлуулаад явчих нь өөрт ядаж амар гэдгийг л хэлэх гээд байна. Нотлуулчихаад эргээд сонгогчдодоо нүүр бардам тайлбар хийх хэрэгтэй. 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав