Ардын дуу бүжгийн чуулга хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдийн ертөнц байсан газар. Бидний үеийн өвөрмөц чамин хоолой, үзэмж гоо төрх, авьяас чадвараараа содон бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй дуучин Д.Оюунжаргал билээ. 

Энэ удаа би түүнийг онцолж зочноороо урьсан юм. 

-Саяхан хэсэг эмэгтэй дуучид хамтарсан тоглолт хийлээ. Та тэдний нэг. Чуулгын нэгэн үеийн алдартай бүсгүйчүүдийн тоглолт сонирхолтой байсан. Ингэхэд та чуулгаасаа гарчихсан юм уу? 

-2015 онд уртын дуучин, гоцлол дуучин, бүжигчид хуулиараа 20 жил ажиллаад өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гардаг шийдвэр гарсан шүү дээ. Миний хувьд 26 жил ажиллаад чуулгаасаа тэтгэвэртээ гарсан. Норовоо багш маань ( Н.Норовбанзад ) хэлдэг байсан. Та нар 50 хүрээд л гоё дуулна даа, ухаан жигдэрч , амьсгал ч жигдэрч, ар гэрийн амьдрал бүх юм тэгшрэх насанд илүү гоё дуулж эхэлдэг юм даа гэж. Багшийн маань хэлсэн тэр үг надад их санагддаг. Одоо бол яг тэр үедээ л дуучид тэтгэвэртээ гарч байгаа юм. Хараад байхад энэ хууль нь дуучин хүнд тохирохгүй хууль юм шиг санагддаг. Бид жинхэнэ дуулдаг насан дээрээ тэтгэвэртээ гардаг.  

-Та анх Ардын дуу бүжгийн чуулгад хэдэн онд орж байв ?

-Би 1989 онд чуулгад орсон. Өнөөдөр миний араас 5-6 жилийн дараа чуулгад  орсон дуучид бүгдээрээ тэтгэвэрт гарсан. Хүмүүс биднийг тэтгэвэртээ гарсан гэдгийг мэддэг ч үгүй. Эд нар маань дуулж, гялалзаж яваа л гэж боддог байх.

-Саяхан хэсэг эмэгтэй дуучид хамтарсан тоглолт хийлээ. Та тэдний нэг. Чуулгын нэгэн үеийн алдартай бүсгүйчүүдийн тоглолт сонирхолтой байсан. Ингэхэд та чуулгаасаа гарчихсан юм уу?

-2015 онд уртын дуучин, гоцлол дуучин, бүжигчид хуулиараа 20 жил ажиллаад өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гардаг шийдвэр гарсан шүү дээ. Миний хувьд 26 жил ажиллаад чуулгаасаа тэтгэвэртээ гарсан. Норовоо багш маань ( Н.Норовбанзад ) хэлдэг байсан. Та нар 50 хүрээд л гоё дуулна даа, ухаан жигдэрч , амьсгал ч жигдэрч, ар гэрийн амьдрал бүх юм тэгшрэх насанд илүү гоё дуулж эхэлдэг юм даа гэж. Багшийн маань хэлсэн тэр үг надад их санагддаг. Одоо бол яг тэр үедээ л дуучид тэтгэвэртээ гарч байгаа юм. Хараад байхад энэ хууль нь дуучин хүнд тохирохгүй хууль юм шиг санагддаг. Бид жинхэнэ дуулдаг насан дээрээ тэтгэвэртээ гардаг.  

-Та анх Ардын дуу бүжгийн чуулгад хэдэн онд орж байв ?

-Би 1989 онд чуулгад орсон. Өнөөдөр миний араас 5-6 жилийн дараа чуулгад  орсон дуучид бүгдээрээ тэтгэвэрт гарсан. Хүмүүс биднийг тэтгэвэртээ гарсан гэдгийг мэддэг ч үгүй. Эд нар маань дуулж, гялалзаж яваа л гэж боддог байх. 

-Одоо та чөлөөт уран бүтээлч үү ?

-Францын “Феникс” гээд дэлхийд маш алдартай цирк байдаг. Тэр циркт албан ёсны жүжигчнээр ажиллаж байгаа. Монголын бүх урлаг, тэр дундаа бүжиг, уртын дуу, хөөмий, морин хуурын номеруудтай. Өргөн хүрээг хамарсан уран сайхны бодлоготой байгууллага л даа. Би бас ардын урлагийнхаа менежерээр ажиллаад, ардын урлагийн багаа хариуцаж явдаг юм. Ингээд Францын харъяа жүжигчин болоод явж байна даа. Бид Франц улсыг бүтэн тойрч тоглолт хийсэн. Сая Саудын Арабыг тойрч тоглох явцад омикрон гараад буцаж ирсэн. Дахиад үргэлжлүүлээд европын орнуудыг тойрох төлөвлөгөөтэй байгаа. 

-Таны үеийн дуучдаас яг одоо  Үндэсний их театрт байгаа юу ? 

-Миний үеэс гэвэл Д.Ширмэнтуяа, Б.Батмэнд, Д.Амаржаргал гурав ажиллаж байгаа. Б.Батмэнд тэтгэвэрт гарах хугацаа нь болсон. Д.Амаржаргал, Д.Ширмэнтуяа хоёр хэдэн жилийн дараа тэтгэвэртээ гарах байх. Миний үеийн дуучид бараг байхгүй болсон. 

-Та анх жүжигчин мэргэжлээр СУИС-д элсэж байсан гэсэн. Тэгээд дууны анги руу “урвачихсан” гэж сонсож байсан. Ер нь л урлагийн хүн болно гэж боддог байв уу ?

- Арван жилд байхдаа л Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр арван жилийн “Мөнгөн хонх” чуулгад дуулдаг байсан. Дөрөвдүгээр ангид байхад маань багш надад “Хөөрхөн халиун” дууг төгөлдөр хууран дээр зааж өгөөд,  уртын дуу дуулж сурч байлаа. Жаахан байхдаа гэрийнхээ орыг тайз болгоод,  хөшигний араас өнгө өнгийн алчуураар нөмрөг, юбка болгон гоёж гарч ирээд ээждээ урлагийн номер үзүүлдэг охин байлаа.  Би яагаад ч юм цэргийн хувцсанд их дуртай  байсан. Ардын цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Н. Отгон гуайг их дуурайж дуулдаг. Адуучин аавын хүү билээ, Агтны тоосонд төрсөн билээ...гээд л дуулж өгнө.  Ботгоны тухай дууг нь ч их дуулдаг байсан. Тэр олон дуучдаас Н.Отгон гуай л их таалагдсан юм шиг байгаа юм. Тэгээд “Ийм гоё цэргийн хувцас өмсөөд сумдаар тоглолт хийгээд, ээждээ ирж концерт тоглоод нэг үнсүүлчихээд явна” гээд ээжийгээ уйлуулдаг хүүхэд байсан. Би багаасаа л адтай, авьяастай хүүхэд байсан. Нэгдүгээр ангидаа л сумын радиод дуу бичүүлээд дуулж байсан. Бүх цаг үедээ л  урлагийн хүн болно, гоё жүжигчин, дуучин болно гэж боддог байсан. Тэгээд 1988 онд аравдугаар анги төгсөөд байж байхад Г.Доржсамбуу багш ирж жүжигчин болох хүүхдүүдийг шалгаж авсан юм.  Би шалгараад хотод конкурс өгөхөөр ээжтэйгээ хамт ирж шалгалт өгөөд жүжигчний ангид орсон. Аравдугаар анги төгссөн тэр хавар хамгийн түрүүнд хуваарь авсан нь би байсан. Ийм түүхтэй би СУИС-д элсэж орсон юм. Манай ангийнхан одоо мундаг жүжигчид болсон. Талийгаач болсон Ц.Ганхуяг, Л.Дэмидбаатар, хошин урлагийн Д.Хүрэлхүү, Д.Бямбацогт, С.Өлзийхүү, Ж.Оюундарь гээд бүгдээрээ монголын ард түмний хайртай гавьяатууд. Үнэхээр мундаг хүүхдүүд нэг ангид төгссөн.  Алтан үеийн мундаг багш нараар бид хичээл заалгаж байсан даа. Би их азтай, хувьтай хүн гэж өөрийгөө боддог. Кино драмын ангид байхад Г.Ренчинсамбуу, Г.Доржсамбуу, Д.Маамхүү, С.Сугар, Н.Мягмар багш гээд мундаг профессоруудаар хичээл заалгаж байсан. Тэр үед Г.Доржсамбуу багш хоёр мэргэжилтэй болох хэрэгтэй. Чи нэг бол хөгжмийн ангид ор, эсвэл дууны ангид ор гэж хэлдэг байсан. Тэгээд  Л.Дэмидбаатар бид хоёр Н.Норовбанзад багшийн шавь болно гээд хоёрдох мэргэжлээрээ уртын дуучин болох сонголт хийгээд багш дээрээ очиж байлаа. Норовоо багш маань шалгаж үзээд ямар хөөрхөн дуулдаг юм бэ, анхнаасаа дуулаачийн ангид шалгалт өгөхгүй яасан юм гэж байсан. Кино драмд орохоосоо өмнө дуулаачийн ангид би бас шалгалт өгч байсан юм. Дуучин болох санаатай П.Цэвэлсүрэн багшид шалгуултал “Яасан хөөрхөн жоохон хүүхэд шиг хоолойтой юм. Чи хүнтэй суугаад хүүхэд гаргачихаад дараа нь хүрээд ир. Тэрний дараа хоолой чинь задарна. Тэгээд дуулаачийн ангид шалгуулаарай” гэж хэлсэн юм. “Ардын элч” киноны Ариунаа шүү дээ. Чи мэдэх байх.  

- Та Н.Норовбанзад гуайн отгон шавь уу ?

- Отгон шавь, хайртай шавь нь, бараг охин нь байж дээ. Үргэлж л багштайгаа цуг явж байдаг. Хичээлдээ ирэхдээ багштайгаа амт алхдаг байлаа. Багш аягүй гоё хоол хийдэг . Тэр үед ус цэвэршүүлэгч гэж байдаггүй байсан, тэгэхэд багш огурцы-ны шилэнд, мөнгөн аягануудад ус хийгээд тавьчихдаг.  Усаа хүртэл буцалгаж, цэвэршүүлж уудаг байсан. Айхтар мундаг ухаантай хүн байсан даа, миний багш.  Н.Банзрагч гуай гэдэг мундаг түшиг тулгуур тэр хүнд байлаа. Н.Банзрагч гуай бол агуу зохиолч. Тийм агуу гэр бүл ховор.  

 - Тийм шүү. Н.Норовбанзад гуай их чамин хэрэглээтэй хүн байсан. Багшийн тань бэлэглэсэн ямар эд зүйл танд байдаг бол?

- Багшийн маань үлдээсэн ном надад бий. Бид хоёр багшийн хуучин өмсөж байсан нэг эртний малгайг задлаад шинээр малгай хийсэн юм. Суусрын арьсаар хийсэн малгай л даа. Хоёулаа эд нэг бүрээр нь задлаад нарийн үзсэн. Багшийн суусар жаахан цагаандуу байгаад байдаг. Тэгэхээр нь хоёулаа үсний будаг авч байгаад сайхан будаад, үсний сэнсээр хатаагаад хартал янзын сайхан хүрэн өнгөтэй болчихсон. Ингэж багшийн малгайг эхэлж хийгээд, дараа нь минийхийг хийж байсан. Багшаас минь надад энэ сайхан үеийн дурсгал болж суусрын арьсаар урласан сээтэн малгай үлджээ. Энэ бол багшаас минь үлдсэн хамгийн эрхэм, хамгийн нандин бэлэг юм даа. 

- Тэр таныг ямар дуу дуулахад дуртай байв?

- Манай багш ер нь нэг их хүн магтдаггүй. Анх “Тэнгэрийн тамга”-ыг Хар сарнай хамтлагтай дуулаад хамгийн түрүүнд багшдаа сонсгоход маш их баярлаж хүлээж авсан. “За, энэ их сонин содон хувилбар болсон байна шүү. Энэ стилээрээ өөр олон дуу хийгээрэй” гээд баяр хүргэж байсан нь санагдаж байна. 

- Таны хоолой ямар төрөлд ордог вэ. Маш нарийн, өвөрмөц хоолойтой? 

- Минийх тунгалаг сопрано. Багштайгаа адилхан нарийнхан, дээд өнгө рүү мөн доод өнгө рүүгээ сайн гарна. Багш маань амьсгал сайтай гэж маш их магтдаг байсан. Хүн жирэмсэн байхдаа амьсгал багатай болдог доо. 1992 онд хүү маань гэдсэнд байсан. Багш маань “ Ийм гэдэстэй байж амьсгал нь алга болж өгдөггүй, сонин хүүхэд шүү”  гэж байдагсан. 

- Их залуудаа, дөнгөж 22 настайдаа хүний эхнэр, хүүхдийн ээж боллоо гэхэд багш нар нь хориглож зэмлэж байсан уу. Дуучдад энэ талын асуудлууд нэлээн тулгардаг юм шиг санагддаг?

- Намайг анх элсэж орж байх үед бол сургууль нэлээн хориглодог байсан. Жилийн чөлөө өгдөг, эсвэл сургуулиас хөөдөг тийм хатуу үе байлаа. Намайг хүүгээ төрүүлэх тухайн үед гайгүй зөөлөрсөн үе байсан л даа. 1990 оноос өмнө байсан бол аль хэдийнээ хөөгдөх байсан байх. 

-Энэ танд их олон ирсэн асуулт байх. Зөрөөд өнгөрсөн хүн эргэж хардаг байсан гэгддэг тийм гоё охин өөрөөсөө олон ах, цуутай эр Сэвжидийн Сүхбаатарын эхнэр болсон нь тэр үедээ шуугиан дагуулсан гэдэг. Таны амьдралын энэ сонголт, энэ эхлэлийн талаар ярьж болох уу ? 

- Ээжийн сургаж заасан хүмүүжил гэдэг юм уу, нэг сонин зан надад байдаг юм. Ямар нэг бохир, цэвэр биш зүйлийн хажуугаар би ерөөсөө зүгээр орхиод өнгөрч чаддаггүй. Заавал засаж залруулах гэдэг, арчиж  цэвэрлэж, угааж байж салдаг тийм зуршилтай байхгүй юу. Жаахан хошигнож хэлэхэд энэ зуршлаасаа л болсон. ( инээв ) Тэр үед Сүхээ багш нартай маань хуйвалдаж, надтай танилцах боломж гаргаж байсныг ч би мэдээгүй. Дуулаачийн ангийн Гүндэгмаа эгч бид хоёрыг октябрын баяр тэмдэглэе манай гэрт хүрээд ирээрэй гэж анх гэртээ дуудсан юм. М.Лхагвасүрэн багш,  Г.Доржсамбуу багш, Сүхээ нар сууцгааж байсан. Бид хоёр архи дарс ууж мэдэхгүй.  Архи хийгээд өгөхөөр нь дээрээс нь варень хийж хутгаад компот шиг болохоор нь уучихаад, хийх юм олддоггүй. Тэр хэдийн яриа надад ерөөсөө сонирхолтой биш байсан. Сэмхэн босоод ванны өрөөнд нь орсон чинь С.Сүхбаатар эхнэрээсээ салчихсан байсан үе л дээ, дүүрэн угаагаагүй цамц байсан. Тэгээд л нөгөө “ өвчин ” хөдлөөд бүгдийг нь угааж өлгөөд, том өрөөнд нь орсон чинь аягүй их бурхан тахилтай, бүгдийг нь газар тавьчихсан, тэр нь тоосонд дарагдчихсан байсан. Бүх бурханых нь тоосыг арчиж тавиад,  шавар шавхайг нь угаагаад зочилж очсон айлынхаа гэрийг хуу цэвэрлэчихсэн байсан. Дараа нь Сүхээ байн байн багшийнхаа гэрийг цэвэрлээд өгөөрэй гэнэ, тэгье тэгье гэж цэвэрлэж өгсөөр байгаад нэг мэдсэн эхнэр нь болчихсон. Манай ах дүүс эсэргүүцээд, намайг гэртээ цоожилж хүртэл тэмцсэн. ( инээв ) Өглөө хичээлд хүргэж өгчихөөд, орой нь авдаг. Сүхээтэй уулзуулахгүй. Тэгээд хорионд байж байхад л орой цонхны доор Оюунаа... гээд Г.Доржсамбуу багштай ирчихсэн дуудна. Гарахаар нөгөө хэд чинь шүгэлддэг, тэр үед тэд 37-38 настай л байсан байх. Одоо бодоход залуу л байсан байгаа юм. Надаас 18-19 насаар ах, тэр том нэр алдартай хүмүүс ирээд байрны гадаа шүгэлдээд орилдог байсан гээд бод доо. 

- Насны зөрөөтэй гээд ах дүүс тань дургүй байсан юм уу?

- Одоо үед бол ийм хосуудыг тоохоо больсон. Миний үеийн найз нараас маань  15-16 насаар дүү залуучуудтай гэрлэсэн улсууд зөндөө байна. Тэр үед бол настай хүнтэй суух ховор байсан. Хожим яагаад би ийм настай хүнтэй суучихсан юм бол гээд боддог байсан. Намайг 1989 онд оюутан байхад ээж минь бурхан болсон л доо. Би дэндүү эрх охин байсан. Тэгээд ээжийгээ гэнэт байхгүй болчихоор өмөг түшиг  хайгаад байсан юм болов уу.  Би илүү ихийг боддог, илүү их хүсэл тэмүүлэлтэй, үеийнхээ залуучуудыг тоодоггүй, тэдэнтэй нийлдэггүй охин байсан. Сүхээ, түүний найзууд нь аягүй гоё юм ярьдаг.  Ихэвчлэн манай багш нар байсан л даа. 

- Тэр үед тохиолдож байсан, хүмүүсийн зүгээс ирж байсан хандлагуудаас хамгийн хэцүү нь юу байсан бэ?

- Мэдээж Сүхээтэй суусны дараа олны хэл ам идэлгүй яахав дээ. Хөгшин хүнтэй суулаа, ийм сайхан охин байж гээд л ...Багштайгаа суусан барьсан гээд зөндөө хэмлүүлсэн. 

-Та хоёрыг гэрлэхэд “Хар сарнай”-гийн Амараа хэдэн настай байсан бэ?

- Би 19 настайдаа Сүхээтэй ойр дотно болсон. Амараа надаас гурав дүү. 16 настай байсан. 

- Амараатай анх харилцахад ямар байсан бэ?

- Амараа бид нар найзууд байсан. ( инээв )

- Тийм үү. Сонирхолтой тохиолдол байна?

- Яаж найзууд болсон бэ гэхээр “ Залуучуудын анхдугаар чуулга уулзалт” гэж 1989 онд улс орон даяар том их наадам болж, манай ангийнхан оролцож байсан юм. “Хар сарнай”  хамтлаг дөнгөж байгуулагдаж байсан. Тэр үед чинь жинхэнэ би нүд сормуус болсон, хөөрхөн охин байсан юм байлгүй.  Амараа намайг тоглолт тараад орой “ Би таныг хүргэж өгье, танай гэр хаана байдаг юм” гэсэн. Би юу гэж хариулахаа мэддэггүй. Ямар танай гэртэй ойрхон гэлтэй биш. “Манайх хүүхдийн 100-гийн хажууд байдаг” л гэсэн.  Тэгсэн чинь Амараа “Өө, тийм үү манайх бас тэнд байдаг”  гээд цуг явсан. Би танай аавынд амьдарч байгаа гэлтэй биш, тийм л инээдтэй сонин тохиолдлоор танилцаж байсан. 

 - Амраа та хоёр одоо ч гэсэн хамт дуулдаг юм байна билээ... 

-Тийм. Дараа нь би дүүг нь төрүүлж өгсөн. Манай Амараа чинь маш олон найзтай, багаасаа л нийтэч, хүмүүстэй маш сайхан харилцдаг. Цэвэрлэгч байсан ч,  дарга байсан ч тэр хүн нэг л зангаар хүмүүстэй харилцдаг.  Маш олон найз нартай, одоо болтол багынхаа найзуудтай харилцаа холбоотой байдаг. Би дүүтэй болсон гээд бөөн баяр болж байсан. Найзуудтайгаа бүгдээрээ цэцэг бариад над дээр ирээд  “ Энэ өдрөөс эхлээд удам залгах дүүтэй боллоо. Би хүнтэй сууж, гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэдтэй болно гэхээс айдаг . Та намайг эрх чөлөөтэй болголоо, надад  дураараа амьдарч, уран бүтээлээ хийж, хүнтэй гэрлэх гэж яарахгүй ажиллах бололцоо гаргаж өгсөнд баярлалаа. Энэ өдрөөс хойш би таныг ээж гэж дуудаж байя” гэж хэлж байсан. Тэр цагаас эхлэн намайг ээж гэж дууддаг болсон. Хожим бид хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. “Миний ээж” гэдэг дууг анх хийж байлаа. Тэгээд “Тэнгэрийн тамга”, “Би монгол хүн”, “Баатарын домог” гээд маш олон дууг хамтран дуулсан. Бид хоёрын хийсэн бүх дуу хит болдог, бид хоёрын хийсэн бүх дуу ард түмэнд хүрдэг. Байгууллагын ой, намуудын ой бүгд л бид хоёрын дуулсан “ Би монгол хүн “,  “ Тэнгэрийн тамга”  дуунуудаар нээлт хийдэг. Чингисийн 800 жилийн ой,  дэлхийн том үзэсгэлэнгүүд дээр ч бид хоёр очиж нээдэг байсан. Бүх монголч  эрдэмтэд 800 жилийн ойгоор цугларсан байсан. Тэнд уртын дууны тухай тайлан концерт хийж байлаа. Буцаж ирээд дахин явж Германд хаалтын тоглолт хийж байсан гээд яривал зөндөө түүх бий.  

- Та урлагийн том удамтай гэр бүлийн бэр болсон. Тэр үед Сэвжид гуай байсан уу?

- Байгаагүй, 1986 онд бурхан болсон байсан. Ээж нь байгаа.

-С.Сүхбаатар гуай алдартай хүн, бас их ааштай ч гэж сонсож байсан.  Зан араншингийн хувьд босго давах хэцүү зүйл тохиолдож байсан уу ?

-Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүн урлагийн төлөө л төрсөн хүн.  Бүжгийн урлаг, монголын ёс заншил өв уламжлалын төлөө их зүйлийг хийх гэж, тэр бүхний төлөө амьдрах гэж ирсэн хүн. Хүн чинь бурханаас ирэхдээ даалгавартай ирдэг . Сүхээгийн бүжиг аавынх нь бүжиг хоёр хоорондоо маш их ялгаатай. Сүхээ бол маш их түүх уншиж, маш их домог судалж тэр судалгааныхаа үндсэн дээр уран бүтээл хийдэг.  "Нарны домог" , "Алтан ураг", “Монгол бөхийн дуулал”, “Монгол сурын дуулал” , “Морины эх өлгийн дуулал” гээд монгол бүжгийн уламжлалт цоморлог хийсэн хүн түүнээс өөр байхгүй. Монгол улсад гэр бүлээрээ зүтгэсэн,  Сэвжид гуай, Сүхбаатар, түүний хоёр хүү нь, дээрээс нь Б.Цэрэннадмид эгч, би гээд ажилласан жилүүдийг нь нэмэх юм бол 200 гаруй жил урлагийн төлөө амьдралаа зориулсан хүмүүс цөөн л байх. С.Сүхбаатар гэдэг хүн ардын урлагийн төлөө, бүжгийн төлөө л төрсөн хүн. Түүнд ар гэрт нь амьдрал нь болж байна уу, гэрийнх нь хөргөгчинд хоол байгаа юу, үр хүүхдэд нь юу хэрэгтэй байна,  өмсөж, зүүх юмтай юм уу, үгүй юм уу гэх зүйлс ямар ч хамаа байхгүй. Хэзээ ч хамаатай байгаагүй. Зөвхөн урлагийнхаа төлөө л юмаа хийдэг. Тэрнийхээ төлөө л амьдардаг, ядахдаа оройн хоолоо ширээний ард цуг суугаад идэх тохиолдол ховорхон. Хоолоо босох, суух хоёрын хооронд идэж уучихаад гараад л урлагийнхаа төлөө явдаг. Ийм л хүн. 

- Тэр үнэхээр тийм ааширхаг хүн үү ?

- Сүхбаатар ааштай хүн биш ээ. Ааш нь олддоггүй хүн. 

- Та харамсахааргүй хайрлуулсан гэж хэлж чадах уу? 

- Хэтэрхий нэртэй, алдартай хүнтэй амьдрахад өөрийн авьяас дарагдаж золиос болдог юм болов уу даа гэж би боддог. Би энэ хүний төлөө хайрлам сайхан залуу насаа зориулсан. Муудалдсан хүнтэй нь муудалдаж, үзэн ядсан хүнийг нь үзэн ядаж урлагийн салбарт олон жил явлаа. Янз бүрийн харилцаатай, таарч нийцдэггүй дарга, цэрэгтэй нь хүртэл С.Сүхбаатарын өмнөөс шулмас, мангас гэж хэлэгдэн хамт сөрөн зогсож, хөдөлмөрийн баатар болтол нь би хажууд нь өмөг түшиг болсон. Бүх ар тал, аж амьдралыг нь авч явж байсан. 

-Тэр танд салахдаа юу гэж хэлсэн бэ ? 

- Хүүдээ бол “Ээж чинь чадалтай, мундаг эмэгтэй. Би хайрыг нь даасангүй. Хэтэрхий хүйтэн хөндий явж байгаад хань ижлээ алдлаа” гэж  хэлсэн байсан. 

- С.Сүхбаатар гуай  хоёр л хүүтэй юу? 

- Нэг охин байгаа. Том Амараагийн дараа, Б.Цэрэннадмид эгчээс салаад Эрдэнэцэцэг гэдэг хүүхэнтэй сууж байсан. Тэр эмэгтэйн төрүүлсэн нэг охин бий . Гурван хүүхэдтэй. 

- Залуу бүсгүй гэхэд Д.Оюунжаргал маш олон зүйлийг тэвчсэн. С.Сүхбаатар бол эмэгтэйчүүдээс хол байгаагүй, маш олон хууралт амьдралд нь байсан. Сүүлдээ аргагүй салахад хүрсэн гэж урлагийнхан ярьдаг.  Энэ хэр үнэний ортой вэ?

- Тийм ээ, бидний амьдрал бүхэлдээ аз жаргал байсан гэж би хэлж чадахгүй. Сүүлдээ би бараг хууралтын эмгэг өвчтэй болсон. Одоо ханилсан ханьдаа би хэлдэг. С.Сүхбаатар намайг олон удаа хуурч зовоосон. Чи үүнийг л давтаж намайг битгий зовоогоорой гэж . Надтай суух гээд байж байхдаа хүртэл нэг бүжигчин охинтой үерхээд, бид хоёрыг хооронд нь зөрүүлээд уулздаг байсан. Тэр цагаас хойш гайгүй болох байх, явдал суудлаа төвшитгөх байх гэж найдсан. Харамсалтай нь үгүй байсан. Би багаасаа аавтайгаа цуг өсөөгүй учраас гэр бүлийн хэрүүл маргаан,  эрэгтэй хүнээс ирдэг архи дарс, хүүхэн шууханы дарамт гэх мэт тийм зүйлүүдийг мэдэхгүй. Эрэгтэй хүн гэж ямар хүн байдгийг ч мэдэхгүй гэнэн танхил охин байхдаа  С. Сүхбаатартай учирсан. Дөнгөж гэр бүл болчихоод, хүүгээ гараагүй байх тэр үед  Сүхээ хөдөө томилолтоор явж ирээд л гэрээ нэгжээд байдаг байсан. Палкон, ор дэрэн доогуур юм хайж үзээд байхаар нь би гайхдаг байсан. Би учрыг нь ойлгохгүй цуг хайлцдаг байсан. Хардаад байгааг нь мэдэхгүй, юу алга болсон юм би хайгаад өгье гээд аягүй инээдтэй байгаа биз. Хүүхэд юм чинь юу ч мэдэхгүй. Ийм л хөөрхөн хүүхэд зангаараа Сүхбаатартай суусан. Хууралт, худал хуурмаг, араар тавилт гэж  юу ч мэдэхгүй. Хүн нэг тэвчинэ, хоёр тэвчинэ, гурав тэвчинэ. Би бол арай л тэвчсэн.  Ямар сайндаа явалддаг хүүхэн нь ирээд манай хаалгыг балбаад байхад нь би Сүхбаатарыг нууж байгаад хаалгаа онгойлгож байгаа юм. Тэр гэртээ байхгүй гээд гаргаж байсан удаа ч надад байдаг. Ийм хүн ер нь байдаг уу.  Би хэт амар амгалан хүн юм шиг байгаа юм. Ингэж явсаар сүүлдээ бүх хил хязгаарыг давж, уучилж өнгөрөөж явах сэтгэлийн тэнхээг дуусгасан л даа.  

Хүний сэтгэл явсаар эцэстээ үл хүндлэх, үл тоох, хэзээ нэгэн цагт би гараад явна даа гэсэн бодолтой болсон байдаг. Хүний тэвчээрийн хязгаар алдагдана гэдэг энэ байх. Тэгээд л би шийдвэрээ гаргасан.

-Танай амьдралд орж ирсэн тэр хамгийн сүүлийн эмэгтэй нь театрын ажилтан гэж дуулсан ? 

- Тийм. Тэр эмэгтэй надад “ Чи гэрээсээ зайл" гэсэн л дээ. Би энэ хүнтэй амьдраад 20 жил болсон. Миний хүүхэд 16 настай болчихсон байсан. Миний хүү төрөхөд бидэнд улсаас өгсөн байрыг авна гэж дайрсан. Тийм сонин ухамсартай хүн байсан. Би тэгээд “ Чи Сүхбаатарыг хувцастай нь аваад яв даа” л гэж хэлсэн. Би бас урлагийн хүүхнүүд дундаа ганган гоё хувцас өмсдөг, өдөр бүр өөр өнгийн даашинз, гутал, цүнх барьдаг. Хэзээ ч халтар явж үзээгүй эмэгтэй л дээ. Тэгээд энэ С. Сүхбаатартай суучихвал л Оюунжаргал шиг болно гэж бодсон юм шиг байгаа юм. С.Сүхбаатарын мөнгөөр л ганган сайхан явдаг гэж боддог. Би Сүхбаатараас нэг ч удаа юм аваад өг гэж хэлж байгаагүй. Нэг ширхэг пальто авахуулж үзээгүй. Гадагшаа явахдаа бэлэг авчирч өгдөг байсан ч 99 хувь нь би өөрийнхөө хөдөлмөрөөр өөртөө зориулдаг зүйлс. Эмэгтэй хүний өөрийнх нь хичээл зүтгэл шүү дээ. Би өөрөө өөрийгөө л авч явж исрэн.  Би С.Сүхбаатараас болоод одоог хүртэл хөдөлмөр зүтгэл, авьяас чадвараа үнэлүүлж чадаагүй. Тодорхойлолт оччихсон, гардуулна гэж байхад л  С.Сүхбаатар гавьяат болсон, анхных нь эхнэр Б.Цэрэннадмид гавьяат. Дээрээс нь  Д.Оюунжаргал авбал нэг гэрээс гурван хүн гавьяат авах гээд байна гэж манай нэг удирдлага эсэргүүцэж байсан. (инээв) Энэ одоо юу гэсэн үг вэ. Би бүр гайхаж байсан.  Манай ажил дээр бөөн хэрүүл болоод байна гэж Сүхээ надад хэлж л байсан. Хүмүүс хоорондын өс хонзон, хэрүүл тэмцлээс нь болж бүхэл бүтэн театрын ажилчдын шагнал олон жил дарагдсан. Удирдлагын тэр олон жилийн тэмцлийн золиос сүүлдээ би болж үлдсэн. Гавьяа шагнал өгч байгаа хүмүүст тодорхой цензур тавих ёстой. Монгол улсынхаа төлөө юу хийсэн юм, Монгол улсаа дэлхийд яаж сурталчилж байсан юм. Хэдэн удаа төрийн концертод оролцож байсан юм. Хэдэн удаа төрийн наадам нээж байсан юм. Ямар хэмжээний хөдөлмөр хийсэн юм гэх мэт зүйлүүдийг нарийн тунгааж хардаг байгаасай гэж боддог . 

- Танай театрын цалин хэдэн төгрөг вэ ? 

- Миний үед 300 – 400 мянган төгрөг байсан. Одоо дээд тал нь 800 мянган  төгрөг авч байгаа. Одоо нэмэгдэнэ гэж сонссон. 

- Та яагаад хайрын тухай дуунууд дуулаагүй вэ. Ардын дуунуудыг эс тооцвол... Эсвэл тэр таныг хайрын дуу дуулуулах дургүй байсан уу ? 

- Дуулсаан, дуулалгүй л яахав. Клипүүд харин хийгээгүй. Би боддог юм. Өөрийнхөө төлөө чи юу хийсэн юм бэ гэж. Хэтэрхий өөрийгөө хаясан. 

- Таны нэг ярилцлагыг уншиж байсан. Та “Жолоогоо алдаж дахин дурласан үедээ хажуудах ханиа гомдоож зовоохгүйн төлөө өөрийгөө сайн цэнэ” гэж хэлсэн байсан.  

- Хайрыг зөв залж чадвал зовлон болохгүй шүү дээ. Би бас хүн л юм болохоор нууцхан хайрлаж байсан. Миний амьдралд хэн ч байгаагүй гэж би худлаа хэлэхгүй.  Тэр сэтгэлийн хүчээр би олон юмыг туулж гарсан. 

- Өөрийнхөө дуулдаг ардын дуунуудаас та алинд нь илүү хайртай вэ. Жишээлбэл, та “Сүнжидмаа” дуулалт жүжигт дуулж байсан. Яг дуулахад хамгийн гоё үгтэй дуу юу вэ?

- Миний дуулдаг дуунуудаас бол 

Будармаар, будармаар салхи нь 
Бут л цантмаар хүйтнийг яана
Буцахдаа уулзаагүй ахыг 
Бодсон нь миний буруу юу


Садармаар, садармаар салхи нь
Сахал цантмаар хүйтнийг яана
Салахдаа уулзаагүй ахыг
Санасан нь миний буруу юу


Минжийн хангайн оройд
Мичид түгтэл хүлээлээ
Мэндгүй зөрсөн ахыг
Минийх гэж бодсон нь буруу юу...

гээд гоё үгтэй дуу байдаг. Ер нь ардын дуунууд бүгд чамин , үнэн үгтэй шүү дээ. 

- Дуучин Д.Гэрэлмаагийн талаар танаас асуумаар байна. Бас л содон хоолойтой, содон тавилантай бүсгүй явсан. Та хоёр олон жил хамт ажилласан байх?

- Намайг чуулгад ороход Д. Гэрэлмаа маань 1988 онд түрүүлээд орчихсон байсан. Би 1989 онд Г.Доржсамбуу багш манай чуулгад “Бадарчин”  гээд дуулалт  жүжиг тавихад лусын дагинын дүрд тоглож, Самгалдай гэдэг дууг дуулж чуулгад анх орж ирж байлаа. Тэр цагаас хойш хамт нэг чуулгад ажилласан. “Хоёр нутгийн эрх”  зэрэг дуунуудыг Д.Гэрэлмаа шиг дуулах хүн бараг байхгүй дээ. Бид хоёр найзууд байсан. 

- Салья аа гэж салсангүй дээ маанам
Салангад нутгийн эрхээр саллаа даа
Холдъё оо гэж ээ холдсонгүй дээ маанам
Хоёр нутгийн эрхээр холдлоо доо... гээд мөн үү?

-Мөн. Тэр минь жаргал үзсэнгүй дээ гэж би найзынхаа төлөө дотроо харамсдаг. Сүүлд нэг хэсэг чуулгаас гараад уран бүтээл хийхгүй явж байхад нь би С.Сүхбаатараас  “ Д.Гэрэлмааг буцаагаад авчих” гэж гуйж байгаад чуулгад эргээд авчирч байсан. Найз минь алдарсаар байгаад л явсан. Дурсан санаж, харамсаж явдаг.

- Сүүлд төрүүлсэн охин нь одоо том болсон байх ? 

- Дүү дээр нь байгаа. Сая найман уртын дуучин эмэгтэй хамтарч тоглолтоо хийхэд тэр бага охин нь ирсэн. Эхний дууг сонсоод л цаашаа үзэж чадахгүй нь гээд уйлаад явсан. Ээж минь байсан бол гэж бодохоос хэцүү байсан байх. Саяхан 12 дугаар ангиа төгссөн.  

- Нэг сэдэв рүү орох гээд л тойроод байна. Та өөрөө ч гадарлаж байгаа болов уу. Таныг амьдралаа ахин шинээр эхлүүлсэн гэж сонссон. Урлагийн ертөнцөөс тэс өөр мэргэжилтэй хүн гэв үү? 

-Тийм ээ, би сайхан хайртай учирсан. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн  гэдэг шиг л даруухан, дөлгөөхөн хүн байгаа. Би хурц зан чанартай хүнтэй амьдарч байсан болохоор энэ амьдрал маань маш амар амгалан байдаг. Инженер хүн л дээ.  Бид хоёр бие биенээсээ нэг ч алхам холдохгүй амьдардаг. Хөдөө явсан ч цуг, гадаад явсан ч цуг. ( инээв )  Хэлхээтэй юм шиг хаа ч явсан хөтлөлцөөд, амар амгалан амьдарч байна. Эр хүний ноён нуруу, эр хүний түшиг тулгуур гэж ямар зүйл байдгийг амсаж мэдэрч явна даа.

- Нөхөр тань дуунд дуртай юу. Танаар ямар дуу дуулуулах дуртай вэ? 

- Бид хоёр дуучин Г. Эрдэнэтунгалагийн “Зангаараа амраг” дууг дуулах дуртай. 

- Та түүнтэй анх яаж танилцсан бэ?

- Их сонин тохиолоор танилцаж байсан. Манай хүүгийн үерхдэг байсан охины аав, манай хүн хоёр найзууд байсан юм билээ. Бараг миний бэр болох гэж байсан охин л доо. Одоо энэ жүжигчин Б.Сансармаа шүү дээ. Тэр үед  Б.Сансармаагийн маань аав нас барж хэцүү явдал тохиосон юм. Ажил явдлаар нь би очоод байж байтал аавынх нь ангийн найзууд гээд хүмүүс ирсэн. Тэдний дунд нүдэнд дулаахан нэг залуу байсан нь манай хүн л дээ. Ингэж бид хоёр анх бие биеэ харсан юм. Тэгж танилцаад , дараа нь утсаар ярьдаг, уулзаж ярьж сууцгаадаг болсон. Сүүлдээ бие биедээ  дассан. Надад сайхан хань заяаж, аз жаргалтай, амар тайван амьдрал ирсэнд би бурханд баярлаж явдаг. 

- Өөрийг тань их уран бүсгүй гэж найзуудаас нь сонсож байсан. 

- Би маш нарийн нандин шүр сувд , эрдэнийн чулуугаар юм оёдог хоббитой. Эмэгтэй хүний гоёл чимэглэл хийдэг. Багшийнхаа ээмгийг урлаж өгч байлаа. Ш.Чимэдцэеэ эгч, Д.Ширмэнтуяа гавьяат, С.Цогтсайхан гавьяат, Г.Бямбажаргал гавьяат гээд хүүхнүүддээ ээмэг урлаж өгч байсан. Тухайн хүний төрсөн жилийнх нь өнгө, торгыг сонгоно. Дээрээс нь төрсөн он сар өдрийг нь асууж байгаад ивээл чулууг нь олж байгаад яг өөрт нь зориулж оёж өгдөг юм. 

- Бүсгүй хүн ямар үед даалин урламаар санагддаг юм бол. Та нөхөртөө даалин урлаж өгсөн л биз дээ?

- Даалин оёх, ээмэг зүүлт хийх энэ бүх үйл өөрөө маш том бясалгал болдог. Гав ганцаарханаа бүх юмыг мартаж, орчлон ертөнцөөс тасарч, тэр сайхан зүйлсийг шаглаж хэлхэж суух чинь тэр чигээрээ бясалгал. Нөхөртөө хөөрөгний уут оёж өгсөн. Одоо даалин оёж өгнө дөө. 

- Хэдхэн хоногийн өмнө “Хар сарнай” хамтлагийн Амараа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Та мэдээж хамгийн түрүүнд баяр хүргэсэн байх ?

- Хүргэлгүй яахав дээ. Дүү нь тэр өдөр гадаадаас ирж таарсан. Тэгээд дүүг нь тосож аваад хамт очиж баяр хүргэсэн. Амраа маань маш их баярлаж байсан.  

- Гоо сайхны мэс заслын тухайд таны бодлыг сонирхмоор байна. Өөрийг тань засвар хийлгээгүй гэж онцолдог л доо?

- Гоо сайхны мэс заслаас айдаг. Бас аав ээжийн минь өгсөн энэ дүр төрхөө эвдэхийг хүсдэггүй. Өөр нэг утгыг санаж явдаг юм. Дүр төрхөө өөрчилбөл хожим бурхан танихаа больчихдог гэсэн. Бас хойд насаа бодоод байнаа. (инээв) Энэ бол эргээд уулзахад эцэг эх маань танихаа байчих вий гэх айдас юм л даа. Ер нь бол хүн ертөнцийнхөө жамаар нас насандаа өтлөх шиг сайхан юм байхгүй. Нөгөө талаар нүүрээ янзлууллаа гээд хүзүүгээ янзалж чадахгүй. Гараа янзлуулж чадахгүйгээс хойш яах билээ. Бас нүүр төрх, хамаг юмаа өөрчилж янзлуулсан хүмүүс улам л муухай болчихсон байхыг харж байснаас биш гоё болчихсон хүн хэзээ ч харж байгаагүй.

- Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Ер нь ямар төрлийн ном унших дуртай вэ ?

- Би далд ертөнцийг их сонирхдог. Тооны ухааныг олох гэж их боддог. Гарын алганы энэ зураасууд ямар учиртай юм бол гэх мэтчилэн энэ төрлийн зүйлсийн талаар их сонирхож боддог юм. Тэгээд энэ чиглэлийн номнуудыг бүгдийг нь олж авсан. Сүүлийн үед тэднийгээ л их уншиж байна даа. Яг одоо бол “Тоон зурахуйн ухаан ба Та хэн бэ” гэж Самбуугийн Нарангэрэл гэж хүний бичсэн номыг уншиж байна. 

- Таныг “Тоорой банди” гэж сайхан дууг дуулахыг нэгэнтэй дэргэдээс нь сонссон юм. Яагаад энэ дууг дуулсан бэ гэж тэр үед асууж амжаагүй ...?

- Орчин цагт Тоорой банди шиг эр хүн байхгүй болж дээ. Тэр дууных нь утга, агуулга маш үнэн. 

Тоорой бандийг байхад 
Торгоны сайхныг эдэллээ
Тоорой бандиас хойш
Тостой даавуу ч олдсонгүй ...

гээд маш утга гүн дуу шүү дээ. Тэр цагт тийм л сайхан эрчүүдийнхээ буянд эмс охид нь жаргадаг байж. Одоо бол хулгайч нарын буянд жаргадаг хүүхнүүд л их болж дээ. Хулгайч нарын хулгай хийж олсон эд хөрөнгийг эгэл ард түмэндээ тарааж өгдөг домогт эр шүү дээ, Тоорой банди чинь...

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (7)

зочин
зочин
5 April 2024 19:56

сайхан ярилцлага болжээ, алдар нэртэй хүнтэй хамт амьдрах хэцүү байх аа. Ямар ч байсан төлөв даруу сайн ханьтай болж сэтгэл дүүрэн амьдарч байгаад баяр хүргэе. Их гоё хоббитой юм байна, даалин урлах, гоёл хэлхэх нэг төрлийн бясалгал гэдэг үг надад ихийг бодуулж , оролдож үзэхсэн гэсэн хүсэл төрлөө. Залуудаа ямар ч хөөрхөн охин байсан юм, яасан ч сайхан эмэгтэй сайхан дуучин болсон юм бэ. Аз жаргал амжилт хүсье, гавьяат цол аваарай гэж ерөөе 

Зочин
Зочин
5 April 2024 22:36

Урлагыхан дотроо л нэр алдартай гэх юм бхдаа, түүнээс бүжиг мэдэхгүй хүмүүст тэр хөгшин өвгөнг тоох нэг ч хүүхэн бхгүй. Олон сайхан охидоор тоглосон тиймэрхүү хүнд битгий шагнал өгч бай. Дээр үед бол юун шагнал нутаг заагаад хөдөө цөлнө шдэ

Мөнхөө
Мөнхөө
6 April 2024 00:03

Ухаалаг, хүч чадал энерги ихтэй сайхан эмэгтэй байна, сайн ханьтай болсонд нь баярлаж байна, ханьтайгаа олон жил сайхан амьдраарай. 

Zochin
Zochin
6 April 2024 01:25

Ene egch bas zugeer bdggui bsan bizdee.batzandangiin ah naryn 1 taliigaach batsurentei yavalddag bsan bizdee.hezee nuguu hugshinuus salchihsan um be.

Зочин
Зочин
6 April 2024 13:19

Ийм сайхан эмэгтэй, тэр муухай Сүхбаатартай учирч зовох тавилантай байж дээ, бас Гэрэлмаа байна, харамсмаар…Сайхан хүүхэн жаргадаггүй гэж үнэн юм боловуу, сайхан хүнтэй учирч жаргаж яваад нь баярлаж байнаа, ,,Урт удаан жаргаарай”., Сайхан ярилцлага болж.

Зочин
Зочин
6 April 2024 21:53
6 April 2024 13:19, Зочин

Ийм сайхан эмэгтэй, тэр муухай Сүхбаатартай учирч зовох тавилантай байж дээ, бас Гэрэлмаа байна, харамсмаар…Сайхан хүүхэн жаргадаггүй гэж үнэн юм боловуу, сайхан хүнтэй учирч жаргаж яваад нь баярлаж байнаа, ,,Урт удаан жаргаарай”., Сайхан ярилцлага болж.

Ааш муутай балай авгай

Лэжү
Лэжү
7 April 2024 15:39
6 April 2024 21:53, Зочин
6 April 2024 13:19, Зочин

Ийм сайхан эмэгтэй, тэр муухай Сүхбаатартай учирч зовох тавилантай байж дээ, бас Гэрэлмаа байна, харамсмаар…Сайхан хүүхэн жаргадаггүй гэж үнэн юм боловуу, сайхан хүнтэй учирч жаргаж яваад нь баярлаж байнаа, ,,Урт удаан жаргаарай”., Сайхан ярилцлага болж.

Ааш муутай балай авгай

Өө хөөрхий бас салчихсан юмуу

Хамт амьдардаг л гэж ойлгодог ш дээ 

Салалт хөгшин залуу эмээ өвөөг ч тойрохгүй юмаа

Одоо 60 дөхөж яваа биз дээ 

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав