Японы суут шүлэгч Шүнтаро Таникава таалал төгсжээ.

Тэрбээр 1931 онд төрсөн бөгөөд 17 настайгаасаа эхлэн шүлэг бичсэн бөгөөд 21 насандаа анхны түүвэр болох "Хорин тэрбум гэрлийн жилийн уйтгар" номоо хэвлүүлсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг утга уянгын илэрхийлэл болж чадсан байна.

Шүнтаро Таникаваг дайны дараах Японы яруу найргийн тугийг өргөсөн манлайлагч хэмээн үздэг. Түүний шилмэл 100 шүлэг бүхий "Сонгомол шүлгүүд" номыг орчуулагч С.Хадаа монгол хэлнээ орчуулан 2009 онд хэвлүүлж байв. Бид түүний дурсгалыг хүндэтгэн суут найрагчийн бүтээлээс дөрвөн шүлгийг сонгон уншигчдадаа хүргэж байна. 

ЦУС
Эр хүн дайнд цусаа урсгана
Эм хүн шинэ амь төрүүлэхийн төлөө цус алдана
Умай бол эгшиглэдэггүй гайхамшигт аялгуу
Умай бол хайрын хамгийн сүүлчийн цайз

МИНИЙ БҮСГҮЙ ХҮНИЙ ОНОЛ
1.
Хөгжим юм чи,
Хөгжмийн мэдрэмжтэй юм би
2.
Могойтой адилхан юм чи
Хаана чамтай адил могойтой таарснаа санахгүй нь
3.
Улаан, цагаан өнгө биш
Хар бас цагаан өнгө биш
Харин улаан, хартай төстэй ч юм уу
Гурван бүлэг ийм онолыг
Хурхирах нойрондоо сонсох
Би дуртай
4.
Тэр гэрэлтэй зүйлсийг
Тайлахын тулд өмсдөг үү
Өмсөхийн тулд тайлдаг уу
Энхрий чиний минь өгзөг том байлаа ч
Эх дэлхий чиний эргүүлдэг сандал юм
5.
Эерэгээр төсөөлөхөд чи бол миний зөрчил
Эсрэгээр төсөөлөхөд би бол чиний гэнэн бодол
6.
Эхлээд нүд рүү тань харсан эрчүүд
Эелдэг сайн хүн
Эхлээд цээж рүү тань харсан эрчүүд
Эргэлзээгүй муу хүн
Эхлээд нүд салгалгүй
Бүгдийг чинь харж, тэвэрсэн эрчүүд
Үнэнч шударга
7.
Чи бол очир эрдэнэ
Би бол нүүрстөрөгч
8.
Эсхүл,
Чи нэгэн байгалийн өнгө бүхий зураг
Би чамд тусгал өгч
Жилийн жилд тасралтгүй гэрэлтүүлсээр...

НАС БАРСАН ХҮНИЙ ҮЛДЭЭСЭН ЗҮЙЛ
Нас барсан эрэгтэйн үлдээсэн зүйл бол
Эхнэр, хүүхэд
Өөр юу ч үлээдээгээгүй
Өөрийн бунхны хөшөөний хэлтэрхийг ч.

Нас барсан эмэгтэйн үлдээсэн зүйл бол
Нэгэн хатаж хорчийсон цэцэг, бас хүүхэд
Өөр юу ч үлдээгээгүй
Өөрийнхөө ширхэг хувцсыг ч.

Нас барсан хүүхдийн үлдээсэн зүйл бол
Булгалан гэмтээсэн хөл ба хатсан нулимс
Өөр бусад ямар ч зүйл үлдээгээгүй
Энх тайван ч үлдээгээгүй.

Нас барсан тэд нарын үлдээсэн зүйл бол
Амьд байгаа би бас чи
Өөр бусад хэн ч үлдээгүй.

Нас барсан түүхийн үлдээсэн зүйл бол
Гэрэлтэх өнөөдөр, гэтлэх маргааш юм
Өөр бусад юу ч үлдээгүй.

ГОЛЫН УРСГАЛ
-Ээжээ, голын урсгал яагаад инээгээд байна?
-Түүнийг нар оролдоод байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад дуулаад байна?
-Болжмор давалгааных нь чимээг магтаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад хүйтэн байна?
-Цастай дурлалцаж байсан үеэ дурсаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал хэдэн настай вэ?
-Цэл залуу хавартай чацуу
-Ээжээ, голын урсгал яагаад амардаггүй юм?
-Далай ээж нь түүнийг ирэхийг хүлээж байгаа


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав