Interveiw сэтгүүлийн эрхэмсэг уншигчиддаа зуны эхэн сарын дугаараа өргөн барьж байгаадаа бид баяртай байна. Хүндхэн өвлийн ард гарч, хүн малын зоо тэнийж буй урин цагийн аяс дүүрэн энэ цагаар олон сайхан зочдыг та бүхэнтэй уулзуулахаар сонгож ярилцлаа. Зочин болгон өөр. Учир нь тэдний ертөнц өөр өөр учраас.
Та манай сэтгүүлээс ярилцлага гэх нэртэй дутуу дулимаг ажлуудыг уншдаггүй билээ. Мэргэжлийн түвшинд хийгдсэн, үр өгөөжтэй, сонирхолтой ярилцлагуудыг уншуулах гэж бид хичээн хөдөлмөрлөдөг болохоор би ийн бардам хэлж байгаа юм.
Энэ удаа ч та бүхэн орчин цагийн театрын урлагт гялалзаж буй жүжигчин Т.Сэргэлэн, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар, мэргэжлийн сэтгүүл зүйн талбарт нэгэн тод өнгө болон оршиж буй эрхэмсэгхэн сэтгүүлч, хатагтай Б.Энхцэцэг, манлай уяач Г.Батчулуун, зураач Э.Түвшинтөр, хүүхдийн зурагт номын зохиолч, редактор Б.Чанагнянгар зэрэг олон гайхалтай залуусын ертөнцөөр аялах болно.
Улсын Драмын Эрдмийн театр хавар цагийн нээлтээ алдарт “Анна Каренина” жүжгээр хийж, хотын маань амьдралд өвөрмөц нэгэн агаар сэлт анхилж байгаа яг энэ цагт та бүхэн нэгэн гоёмсог Алексей Вронскийтой уулзаж байна. Жүжигчин Т.Сэргэлэн түүний дүрийг үнэхээр гаажтай урласан билээ.
Сэтгүүл зүйн олон гайхалтай төрлүүд дотроос ярилцлагын төрөл нь тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг төдийгүй, уншигчдыг тухайн зочны оюун бодол, сэтгэл зүрхний нандин ертөнц рүү хөтөлдгөөрөө үнэ цэнтэй юм.
Бид монголд анх удаа ярилцлагын төрлөөр дагнасан сэтгүүл гаргаж уншигчиддаа бэлэг бариад долоо дахь жилдээ ажиллаж байна. Хамт олон маань туршлагажиж, сэтгүүл зүйн ертөнцөд нэгэнт байр сууриа олжээ.
Биднийг үргэлж дэмжиж байдаг уншигч олондоо баярлалаа.