ЭДИЙН ЗАСАГЧ МӨРДӨГЧ
Одоогоос хэдэн сарын өмнө Нобелийн шагнал гардуулах тухай хэвлэлийн мэдээг дагалддаг албан ёсны зурагт хуудас дээр Клаудиа Голдиныг Шерлок Холмсынх шиг малгай өмсөж, гартаа томруулдаг шил барьчихсан Америкийн засгийн газрын архивын баримт материалыг агуулсан томоо гэгчийн шүүгээний урд сууж байгаагаар дүрсэлсэн байв. Энэхүү нөхөрсөг зурагт хуудас бүхий архивын мэдээлэл бол Голдины хамгийн дуртай “нотлох баримт” юм. Учир нь тэрээр олон зуун жилийн өмнө хөдөлмөр эрхэлж байсан эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар болон орчин үеийн эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хэрхэн оролцож буйг харьцуулсан судалгаа хийдэг гэсэн утгыг илэрхийлжээ. “Би багадаа микроскопоор харах дуртай байлаа. Ингэснээр нүдэнд өртөх боломжгүй хэтэрхий жижиг зүйлийг ч олж хараад нарийвчлан судлан, дүн шинжилгээ хийж болдог гэдгийг ойлгосон юм. Тэгээд бүхэл бүтэн бичил ертөнцийг нээх чадвартай микробиологич болохыг мөрөөддөг байлаа” хэмээн Клаудиа Голдин хэлсэн байдаг. Гэвч хувь тавилан нь түүнийг микробиологич болгосонгүй. Харин өөр ертөнцийг тухайлбал, эдийн засгийн ертөнцийг тандан ажиглаж, судлан дүгнэдэг эрдэмтэн,түүхч болгосон юм. Гэхдээ тэрээр өөрийгөө “мөрдөгч хүн” гэж байнга хэлдэг. Тэр ч байтугай, хувийн намтраа өгүүлсэн эссэгээ “Би эдийн засагч-мөрдөгч хүн” гэж нэрлэжээ. Мөн түүнтэй Нобелийн Хорооны олон нийтийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбар, шинжлэх ухааны асуудлыг хариуцдаг ахлах мэргэжилтэн Адам Смит утсаар хэдэн хором ярилцахад дахиад л өөрийгөө “Би эдийн засагч-мөрдөгч” гэж хэлсэн байна. Тэдний хооронд доорх яриа өрнөжээ.
-Юуны өмнө, Нобелийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ мэдээ танд хэрхэн хүрэв?
-Баярлалаа. Өглөө эрт утас дуугарч гэнэт намайг сэрээлээ. Тэгээд утсаа автал Нобелийн Хорооноос надад шагнал олгох шийдвэр гаргасан талаар дуулгасан.
-Энэ бол хэн нэгнийг нойрноос сэрээх сайхан арга юм. Ийм мэдээг сонсоод маш хурдан боссон байх гэж бодож байна.
-Тийм, тэгсэн. Уг нь би их орой унтдаг болохоор эрт босч чаддаггүй юм.
-Сэтгэлд таатай мэдээ сонсоод хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
-Эхлээд энэ тухай нөхөртөө хэлсэн чинь, тэр инээмсэглээд “Гайхалтай юм болжээ. Одоо чи надад зүгээр л юу хийх ёстойг минь хэлээд аль, тэгээд ажлаа бод...” гэсэн. Би түүнд “нохойгоо салхилуулж, өглөөний цай хоолоо бэлдээрэй” гэж хэлээд хэвлэлийн бага хуралд бэлтгэж эхэлсэн дээ.
-Чиний Пика нохойтойгоо цуг авхуулсан зураг хаа сайгүй тарсан байна билээ...
-Тийм үү. Нохой маань яг одоо хажууд байна. Тэр бүхнийг ойлгож байгаа. Их ухаантай төлөвшсөн амьтан. Хэзээ, хэдийд дэргэд минь байж, юу хийхээ сайн ойлгодог.
-Жендэрийн тэгш байдлын түүхэн чиг хандлагыг судалдаг хүний хувьд энэ шагналыг олгох нь ямар утга учиртай зүйл вэ. Эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг өмнө нь чамаас өөр хоёрхон эмэгтэйд олгосон. Гэхдээ тэр хоёр уг шагналыг бусад эдийн засагчийн хамт авсан. Харин чи ганцаараа бие даан хүртлээ...
-Нобелийн шагналыг ихэвчлэн онолын хувьд чухал ач холбогдолтой ололтод, үр өгөөжтэй санаа, бүтээлд өгдөг . Харин миний хувьд хийсэн эрэл хайгуулын минь үр дүнд өгч байгаа болов уу. Миний багш нар ч энэ шагналыг хүртэж байсан.
-Танай сургалтад аливаа юмны цаад мөн чанарыг олж илрүүлэхийг чухалчилдаг...
-Тиймээ. Өөрөөр хэлбэл,мөрдөх ажлыг чухалчилдаг гэсэн үг.
-Тэгвэл энэ нь судлаач хүн мөрдөгч шиг ажиллах ёстой гэсэн үг үү. Сайхан ойлголт байна. Арай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Би 20 гаруй жилийн өмнө “Эдийн засагч-мөрдөгч” гэсэн зохиол бичиж байсан. Би мөрдөгч хийхдээ архивын баримт, их хэмжээний тоо баримтыг түшиглэдэг. Ийм их мэдээлэл дундаас хэрэгтэй баримт нотолгоог хайж олохыг хичээдэг. Заримдаа архиваас өөр газар хадгалагдаагүй байдаг баримт сэлт ч бий. Ийм болохоор эрж хайн олох, учир шалтгааныг тогтоох мөрдөгчийн ажлыг хийж ирсэн. Энэ нь ямар ч төгсгөлтэй байж болно. Гэхдээ мөрдөгчид хариултыг олох арга зам байдаг гэдэгт үргэлж итгэж ирсэн. Энэ нь миний судалгаа хийдэг арга барил юм.
-Гайхалтай. Энэ чинь учир шалтгааныг хайн олж тогтоох хүсэл тэмүүлэл тийм үү?
-Заримдаа гаргаж тавьсан асуултууд өргөн цар хүрээтэй байдаг. Үүнд хариу олохын тулд маш их хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал.
-Хүүхдүүд өөрсдийнх нь хийж чадах зүйлд хязгаар байдаг гэдгийг ойлгодоггүй. Тэгээд л тэд хязгааргүй өөд тэмүүлдэг...
-Тэр ч үнэн шүү. Би ахлах сургуульд сурч байхдаа Пол де Крюифийн “Нянгийн анчид” номыг уншсан юм. Ингээд нэг үе нян судлалын салбарыг сонирхдог байсан.
-Үнэхээр сонирхолтой сайн ном...
-Чи үнэн хэлж байна. Бас энэ ном олон хүнд мэргэжилээ сонгох, нян судлалд амжилт гаргах зэрэгт нь нөлөөлсөн.
-Тийм. Чамаас өмнө энэ чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн үе үеийн хүмүүст нөлөөлсөн... Цаашдаа ч нөлөөлөх болно.
-Надтай санал нэг байгаад баяртай байна. Энэ талаар хоёулаа дараа үргэлжлүүлэн ярья.
ЭДИЙН ЗАСГИЙН ТҮҮХЧ
Хэрэв түүнийг уран зохиолын нэг дүр гэж үзвэл олон арван хуудас бүхий зузаан романд гардаг мөрдөгч гэхэд болно. Тэрээр жирийн нэг еврей гэр бүлд төрж өссөн. Түүний аав нь нэхмэлийн үйлдвэрт менежер, ээж нь дунд сургуулийн захирал хийдэг байв. Багадаа Манхэттений музейнүүдийг их үздэг байсан болоод ч тэр үү нэг үе археологич, дараа нь бактериологич болохыг мөрөөддөг байсан гэдэг. Харин аав, ээж нь түүнд математикч юм уу, эсвэл эдийн засагч болвол зүгээр гэж зөвлөдөг байж. Гэхдээ тэрээр эхлээд Корнелийн Их сургуулийн микробиологийн ангид орж суралцсан хэдий ч дараа нь нийгмийн шинжлэх ухаан ялангуяа түүх,эдийн засгийг ихэд сонирхож эхлэн,эцэст нь энэ чиглэлээрээ мэргэшин Чикагогийн Их сургуульд эдийн засгийн ухааны магистр, докторын зэрэг хамгаалжээ. Клаудиа 1990 онд Харвардын Их сургуулийн эдийн засгийн тэнхимийн анхны эмэгтэй профессор болж байснаас гадна 2013 онд Үндэсний эдийн засгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Клаудиа Голдин ийнхүү эдийн засгийн түүхийн чиглэлээр мэргэшин ажиллахдаа Нобелийн эдийн засгийн шагналт, нэрт эдийн засагч, эрдэмтэн Гэри Беккерийн шавь болсон юм. Түүний багш Гэри Беккер эдийн засаг, сэтгэл судлал, социологийн огтлолцол дээр судалгаа хийсэн анхны хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай байв. Клаудиа Голдин 50 шахам жил эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ялангуяа тэдний авч буй цалин хөлсний судалгааг анхлан эхлүүлж, энэ чиглэлээр ажиллаж ирэхдээ багшийнхаа нэг адил судалгаандаа олон талт зарчмыг баримталжээ. Эдүгээ олны ялангуяа эмэгтэйчүүдийн анхаарлыг ихэд татдаг хүйсийн тэгш эрх, жендэрийн асуудал нь нэгэн сайхан өдөр гэнэт бий болчихоогүй. Энэ нь хэдэн зуун жилийн улбаатай зүйл гэдгийг Клаудиа Голдин эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс судалж тодорхой баримт мэдээллээр нотлон, хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн ялгааны гол хүчин зүйл юунд оршиж байгааг олж тодруулсан байна.
Ингэхдээ тэрээр хөдөлмөрийн зах зээлийн төлөв , эмэгтэй хүний хөдөлмөрийг дүгнэх үнэлгээний байдлыг эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс 200 жилийн түүхийг хамарсан судалгаа хийсэн юм. Клаудиа Голдин нэгэн ярилцлагадаа цалингийн тэгш бус байдлын сэдвийг хэрхэн сонирхож эхэлсэн тухайгаа дараах жишээн дээр тулгуурлан хэлжээ. “XIX зууны эхэн үед АНУ-ын зарим мужид үнээ саах нь зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил” гэж үздэг байв. Гэтэл аажмаар энэ ажлыг эрэгтэй хүн ч хийж болно гэж үзсэн эрчүүд үнээ сааж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын баруун дундад газар нутаг нь үржил шимтэй, фермүүд том байсан нь эрчүүдэд янз бүрийн ажил хийх боломж олгосон юм. Тэгвэл сүүний олон жижиг фермтэй зүүн мужуудад нь ажлын байрны сонголт бага байсан тул зарим үед эрэгтэй хүн үнээ саах болов. Харин тэд эмэгтэйчүүдээс илүү хөлс авдаг байв. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн адилхан л үнээ сааж байхад эрэгтэйд нь илүү цалин олгож ирсэн. Энд хүйсээр ялгаварлан гадуурхах явдал илт харагдсан .Ингээд би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний ялгааг судалж эхэлсэн юм” гэж эрдэмтэн онцлон тэмдэглэсэн байна.
Ийнхүү олон арван жилийн өмнөх энэ баримт Клаудиа Голдины анхаарлыг татаж, улмаар эмэгтэйчүүдийн цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг гүнзгийрүүлэн судлах болов. Тэрээр 1990-ээд онд бичсэн “Жендэрийн ялгааг ойлгох нь” номондоо тухайн үед бусад эрдэмтдийн сонирхолыг төдийлэн татаж байгаагүй эмэгтэйчүүдийг ажлын байранд ялгаварлан гадуурхах асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татжээ. Энэ удаа Клаудиа цаг үе өөрчлөгдөн, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс дутахгүй бүр илүү болж, технологийн хувьсгал мөн жирэмслэлтээс хамгаалах эм гарсан зэрэг нь хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдэд хандах хандлага шинэчлэгдэх үйл явцыг хурдасгасан боловч хүйсээр ялгаварлан гадуурхах явдал хадгалагдан үлдсэнийг онцолсон байна. Тэрчлэн, хөдөлмөрийн зах зээл дэх ялгаварлан гадуурхалтын хамгийн гол хүчин зүйл бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, хүүхдээ асран өсгөхөд эрэгтэйчүүдээс илүү цаг зарцуулдагт оршдог. Нөгөө талаар ихэнх ажил олгогчид эмэгтэйчүүд хүүхдүүдийнхээ төлөө ажлаа орхихоос буцдаггүй гэж үздэг зэрэг нь хүйсийн ялгаварт нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Профессор Голдины судалгаанд тэмдэглэснээр, эмэгтэйчүүд анхны хүүхдээ төрүүлснээс хойш цалингийн зөрүү үүсдэг байна. Жишээ нь, яг нэг хугацаанд ижил албан тушаалаас ажлын гараагаа эхэлсэн ч 10 орчим жил өнгөрөхөд ялангуяа хүүхэд төрүүлж, түүнийгээ асарч өсгөж ирсэн эмэгтэй хүний цалин эрэгтэй хүнийхээс зөрүүтэй болдгийг Клаудиа судалгаандаа дурджээ.
ЦАГ ХУГАЦАА НЬ ЧИГ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ БАЙГАА БОЛОВЧ...
Клаудиа Голдин “Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр чимээгүй хувьсгал хийсэн, үүнийг өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй тэдний байдлаас төвөггүй олж харж болно” гэж өөрийн нөхөр Харвардын Их сургуулийн профессор, эдийн засагч Лоуренс Кацын хамт бичсэн “Боловсрол болон технологи хоорондын өрсөлдөөн” гэсэн номондоо өгүүлжээ. Ташрамд хэлэхэд, тэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний асуудалтай холбоотой эдийн засгийн олон нийтлэл, хэд хэдэн ном хамтран бичсэн байна. Клаудиа Голдин 1970- аад оноос АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгаа болон гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо нэмэгдсэнийг тодорхойлохын тулд “чимээгүй хувьсгал” гэсэн нэр томьёог бий болгосон юм. Голдин энэхүү чимээгүй хувьсгалд хоёр гол бүрэлдэхүүн хэсэг байдгийг харуулсан байна. Тухайлбал, Клаудиа тэр үед боловсролд хөрөнгө оруулалт хийж, гэрлэх насыг хойшлуулах болсон мөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглээнд нэвтэрсэн зэрэг нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нааштай нөлөөлсөн юм гэж үзжээ. Нөгөө талаар эдүгээ эмэгтэйчүүдийн ажлын байрны нөхцөл байдал хагас зуун жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн боловч хөдөлмөрийн зах зээл дээр эрэгтэйчүүдийг урьдын адил эмэгтэйчүүдээс эн түрүүнд авч үзэж байгааг үгүйсгэх аргагүй. Энэ үзэгдлийг эдийн засгийн хүчин зүйлээс гадна сэтгэл зүй, түүхийн үүднээс олон талаар авч үзэн судлах нь чухал гэдгийг Голдин онцлон тэмдэглэсэн байдаг. Клаудиа Голдины хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог салбар хоорондын уялдаа холбоотой хамааруулан, түүхчлэн хийсэн судалгаа нь урьд өмнө эдийн засагчдын гаргаж тавиагүй байсан асуудлуудыг дэвшүүл эн бодит байдалд ойртуулж, энэ чиглэлээр цаашид ч ажиллах боломжийг хойч үеийнхэнд олгосон юм.
Голдины нээлтүүд олон хэвшмэл ойлголтыг няцааж, ямар тохиолдолд хүйсээр ялгаварлан гадуурхах, ямар тохиолдолд эдийн засгийн объектив үйл явц явагддаг гэдгийг ялган салгаж дүгнэхэд тус болдог байна. Цаг хугацаа нь чиг хандлагыг өөрчилж байгаа боловч тэгш эрх, жендэрийн асуудал дэлхий нийтийн анхаарлын татсан асуудлын нэг хэвээр байгаа юм. Хэдийгээр Клаудиа Голдин “цаг хугацаагаар аялан” явуулсан судалгаагаа дан америкийн цагаан арьстан эмэгтэйчүүдийн байдалд тулгуурлан хийсэн ч гэсэн энэ нь өндөр хөгжилтэй улсууд төдийгүй дэлхийн бусад орны хөдөлмөрийн зах зээл дээр ажиглагддаг нийтлэг зүйлийг бодит жишээтэй харьцуулан харуулсан өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны ажил юм гэж нөлөө бүхий эдийн засагчид үнэлдэг юм.