Энэ удаагийн ярилцлагаар та бүхэнтэй Монгол Улсын Гавьяат барилгачин, манай орны ууган архитекторуудын нэг, Монгол Улсын “Шинжлэх ухаан, Технологийн их сургууль”-ийн хүндэт профессор, Б.Дамбийням гуайн мэндэлсний 100 насны ойг тохиолдуулан дэлгэгдэж буй “Миний амьдралын бартаатай замнал” номыг танилцуулах, уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 6-наас 20-ийг хүртэлх өдрүүдэд Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт “Бичиг соёл төв”-ийн үзэсгэлэнгийн зааланд болж байна. Улаанбаатар хотын төвд түүний зураг төслөөр бүтсэн 50 гаруй бүтээл байдаг ба бидний хамгийн сайн мэдэх бүтээлээр “Хүүхдийн урлан бүтээх төв”, “Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт”, “Төв гал команд”, “Цацраг туяа эмнэлэг”, “Халдвартын больниц”, “Сонгинын амралт”, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний төв, Ховд аймгийн “Хөгжимт драмын театр” зэрэг барилгуудыг нэрлэж болно. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан түүний охин Д.Энэрэлтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Унгарын Eötvös Loránd” (Өтвөш Лоранд) их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны факультетийг орос хэл, уран зохиолын мэргэжлээр магистрт суралцан төгсөнний дараа нь АНУ-д номын сан, мэдээллийн ухааны чиглэлээр суралцаж, тус улсын өмнөд Дакотагийн их сургуулийн номын санд мэдээллийн нөөц хариуцсан ажлийн багийн удирдагчаар ажиллаж байна.  

-Таны ажлын туршилгыг уншиж байгаад олж мэдсэн хэд хэдэн Монгол Улстай холбоотой ажлууд байгааг харлаа. Түүний нэг нь саяхан Булган аймагт 0-5 настай хүүхдүүдэд зориулсан ажлыг хийсэн байсан. Энэ тухайгаа танилцуулаач?

-2022 онд Америкийн Монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлэгээр Булган аймгийн Нийтийн номын сантай хамтран хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх насны буюу 0-5 насны хүүхэд багачуудад багаас нь бичиг үсэг танин мэдүүлэх (early literacy) суурийг тавих, үгийн баялагийг нэмэгдүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх төслийг хэрэгжүүлж ажилласан. Саяхан Булган аймагт төсөл хэрэгжүүлж байсан газраа очлоо, төсөл маань амжилттай үргэлжилж байгааг харахад таатай байсан шүү.

-АНУ-ын Конгрессын номын сангаас Дауны хам шинжийг "монголизм" гэж нэрлэсэн хуучирсан нэр томьёог хасуулсан гэсэн. Энэ талаар...

-АНУ-ын Конгрессын номын санд хандаж энэ “Монголизм” гэсэн хуучны нэр томьёог шинжлэх ухааны зөв нэршилээр нь цаашид нэрлэж байхыг уламжлан өөрчлүүлсэн. Дашрамд хэлэхэд манай хамаатны нэг хүүхэд даунтай болохоор энэ асуудал надад маш их эмзэг сэтгэгдэл төрүүлж Конгресс рүү хандахад хүргэсэн. Конгрессд нэг ч бус  маш олон удаа хүсэлт, шаардлага хүргүүлсний үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан.

-Архитектор Б. Дамбийнямыг бид урт цагааны барилгаар мэддэг шүү дээ, гэхдээ бид чухам хувь хүнийх нь тухайд ямар хүн байсан, юу хийж бүтээсэн талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй. Б.Дамбийням гэж хэн бэ? 

-Миний аавын гарал үүсэл их энгийн боловч маш хүнд хэцүү амьдралын замыг туулж ирсэн. Багаасаа өнчирч үлдсэн аавыг минь Нямцуу гэдэг эмэгтэй үрчилж авснаар амьдрал нь өөрчлөгдсөн байдаг. Их цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, нинжин сэтгэлтэй хүний нэг байсан. Аавыгаа уурлаж байсныг хэзээ ч харж байгаагүй, маш тэвчээртэй хүн байсан бөгөөд намайг тун их хайрлаж өсгөсөн. Шинэ зүйл сурахаас хэзээ ч эмээдэггүй байсан. Гарт нь байнга ном, сонин байдаг байлаа. 1946-1956 онд москва хотод одоогийн Архитектурын их сургуулийг архитектур мэргэжлээр төгсөж ирсэн монголын анхны архитекторуудын нэг юм. Сургуулиа төгсөж ирээд 1960-аад оны үед Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ид, эрчимтэй хөгжиж эхлэх үед ажлын гараагаа эхэлсэн монголын хоёр дахь архитектор юм. Монгол Улсын, одоогийн ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийг анх нээсэн эрдэмтэн багш. Амьдралынхаа туршид багшлахдаа 4000 орчим архитектор, инженер, хот төлөвлөгч, барилгачдыг барилгын 16 чиглэлээр сурган хүмүүжүүлжээ.

-Та аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Таны одоогийн хийж байгаа дээрх ажлуудад ямар нөлөө үзүүлэв? 

-Аав минь амьдралынхаа олон сайхан сургамжийг надад уламжлуулан үлдээсэн. Тэр дундаас манлайлах ур чадвар, унших, сурах эрмэлзэл дүүрэн байх нь өнөөдрийн намайг бий болгосон. Би аавынхаа мэргэжлийн өвлөөгүй ч гэсэн намайг өсгөж хүмүүжүүлсэн ухаан нь амьдралын зөв замаар хөтлөн өдий хүргэжээ. Ном унших дадлыг би ааваасаа өвлөсөн. Хүнийг маш их хүндэлдэг, нинжин сэтгэлтэй, аливаад тусч энэрэнгүй ханддаг нь надад тэр чигтээ өвлөгджээ. Агуу хүний хажууд өсөхөд өөрийн эрхгүй аавынхаа үлгэр жишээг дуурайн мэргэжлийнхээ хүрээнд бага зэрэг хувь нэмэр оруулахыг хичээн эрмэлздэг болсон доо.

-Архитектор Дамбийням гуайн зураг төслийг зохиож, удирдан бариулсан бүтээлээс олонд танигдсаныг нь та нэрлэвэл?

-Улаанбаатар хот гэлтгүй монгол орон даяар 200 гаруй төсөл зохион бүтээснээс баригдсан нь 100 гаруй байдаг. Тэр дундаас түмэнд танигдсан бүтээл гэвэл Урт цагаан, Улсын Их дэлгүүрийн фасадны дизайн, хуучнаар Гутлын 22, Монгол банкны байр, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн барилга (хуучин Пионерын ордон) Ховд аймгийн “Хөгжимт драмын театр”,  хуучин Ленин музей, өнчин хүүхдүүдийн Өргөө цогцолбор, МУИС-ийн эсрэг талд, Самбуугийн гудамжинд байрлах хуучнаар Үндэсний архивын байр, онгоцны буудлаас орж ирэхэд байдаг байсан цагаан хаалга, Олимпын гудамж, ГХЯ-ны урд талд байрлах цонхны хооронд чулуун хийц, баганан хэлбэр оруулсан Эрүүл мэндийн Яамны барилга, Улсын Их Дэлгүүрийн урд байрлах Балингийн Цэрэндоржийн хөшөө, Сонгино амралт, Туяа цацрагийн эмнэлэг гээд олныг дурдаж болно. 

-Та эдгээр бүтээлүүдийнх нь өвөрмөц ялгарал нь юу байсан гэж боддог вэ?

-Миний аавын ажлын хамгийн гайхалтай зүйл бол 1950-1980-аад он хүртэл Монголд болон социалист системийн орнуудад ноёрхож байсан Зөвлөлтийн архитектурын өндөр өртэгтэй, үйл ажиллагааны хэв маягаас татгалзсан явдал юм. Ихэвчлэн Монголын уламжлалт хэв загварыг орчин үетэй хослуулах оролдлого хийж байсан. 

-Аавын тань уран бүтээл, амьдралын үнэт баримтыг ном болгох ажил хаанаас эхлэв. Яагаад?

-Аавынхаа мэндэлсэний 100 жилийн ойгоор ном гаргах төлөвлөгөөтэй явах үед, “Урт цагаан”-ыг нураах асуудал яригдаж КАТ-ын залуучууд надад хандаж ярилцлага авснаас хойш бидний санаа нийлж ном болон үзэсгэлэн дээр нь хамтран ажиллахаар шийдсэн.

Энэхүү номоороо монгол үндэсний онцлог, түүхийн нэгээхэн хэсэг болсон архитектурын түүх, амьдрал ахуй, бүтээн байгуулалтын зарим орон зайг хуваалцах зорилгоор аавынхаа хэвлэгдээгүй намтрыг дэлгэрүүлэн өргөн барьж байна. Мөн би аавынхаа нэрэмжит тэтгэлгийн сан байгуулж, номын борлуулалтаас олсон орлогыг түүн рүү чиглүүлэхээр төлөвлөж байна.

-Архитектурын бүтээлийг соёлын өвөөр бүртгэдэг, таны аавын бүтээлүүд соёлын өв мөн үү. Соёлын өв болоход ямар хүндрэл байна гэж бодож байна вэ?

-1982 онд аав маань “Барилгачин” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Архитектур нь урлагийн бусад төрлүүдийн адил яруу найраг, дуу хөгжмөөр хэлэх ёстойг барилга байгууламж, хөшөө дурсгал, хот тосгон, тоосго, төмөр-төмөр бетон чулуу зэрэгт мөнхлөн үлдээж хүмүүст их барилгын гоо сайхны уламжлалаар хүмүүжил олгож байна гэсэн үг” гэснийг уншиж байлаа. 

Түүний олон бүтээл Монголын архитектурын түүх, соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд зарим нэг нь хадгалалт, хамгаалалтын аюулд өртөөд байгаа. Үүний нэг нь өнгөрсөн онд буулгасан Урт цагаан хоршооллын гар урчуудын худалдааны төвийн барилга юм.

Эдгээр барилгуудын зураг төсөл, зохиомж, барьж байгуулахад орсон асар их хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг та бүхнээс цаг гарган үзэж таашаахыг уриалж байна.

-Бидний сайн мэдэх Урт цагаан буюу Үйлчилгээний артелийн барилгын зураг төслийг 1959 онд буюу 65 жилийн өмнө боловсруулжээ. Энэ барилгын зургийг эх хувиар нь үзэсгэлэндээ дэлгэсэн байсан. Үүнээс гадна ямар ховор үзмэрүүд үзэсгэлэнд тавигдсан бэ? 

-Энэхүү үзэсгэлэнд хувийн архивт байсан болоод өөрийн хэрэглэж асан эд зүйлс мөн тавигдана. Гэхдээ 1000 сонсохоос нэг үз гэдэг дээ. Ирээд үзсэн дээр байх гэж бодож байна.

-Та эхэнд дурсан шүү дээ Б.Дамбийням нь дан ганц архитектороос гадна Монгол Улсад барилгын дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэхэд чухал үүрэгтэйгээр оролцсон гэж байсан. Энэ талаар дурдвал...

-Олон шавь нар нь Дамбий багш бидэнд хэлэхдээ бид л хойч үедээ зааж сургаж явахгүй бол хэн энэ мэргэжилийг маань өвлөж уламжилж авч явах билээ гэж байнга хэлдэг байсан нь сэтгэл зүрхэнд минь гүн шингэж үлдсэн гэж ярьцгаадаг. Энэ үг асуултын тань хариуг бүрэн төлөөлж чадах биз ээ.

-Б.Дамбийням гуайн их сургуульд багшлах зуур барилгын салбарт эрдэм шинжилгээний ажил нэлээдгүй хэвлүүлсэн байдаг. Энэ талаар товч мэдээлэл өгөөч, ямар төрлийн судалгааг ихэвчлэн хийдэг байсан бэ?

-Их сургуульд багшлахын зэрэгцээ 1920-1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеэр сүйрсэн сүм хийдийг сэргээн засварлах, хадгалж үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хот, хөдөөгийн барилгын материалын хэрэгцээг хөнгөн дүүргэгч материалаар хангах үүднээс орон нутгийн түүхий эд судлах, районы төлөвлөлтийн асуудал боловсруулах, хөлдөлтийг судлах талаар чиглэн ажилласан байдаг. Мөн перлит гөлтгөний шинжилгээ, газар хөдлөлт, хөрсний талаар ч судалсан байдаг.

-Б.Дамбийням гуайн намтараас харвал МАЭ-ийг үүсгэн байгуулагчдын нэг байсан юм билээ...

-Монголын архитекторуудын эвлэл бол манай улсын хамгийн том, мэргэжлийн төрийн бус байгуулга юм. 1956 онд миний аав уг байгууллага байгуулахад гар бие оролцсон төдийгүй 1963-1972 оны хооронд хоёр дахь ерөнхийлөгчийн албыг хашиж улсаа төлөөлөн олон арван ОУ-ын архитектурын хурал цуглаанд оролцож байсан тухайгаа намтартаа дурдсан байдаг.

-Гэр бүлийнхээ нандин дурсамж, үнэт баримтыг ном болгон хэвлэж бидэнд мэдэх, судлах үүдийг нээж өгч байгаад баярлалаа. Энэ ном архитектурын оюутан сурагчдын ширээний ном, судлаачдын судалгааны эх сурвалж болно гэж найдаж байна. Танд баярлалаа. 

Ярилцсан | КАТ-ийн ТУЗ-ийн дарга, хот төлөвлөгч, судлаач, доктор Б.Ариунжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав