|“Тан руу нүүж явна” киноны 40 жилийн ойд зориулав|

“Эхийн сэтгэлээр бичсэн минь үнэн”.
Донровын Намдаг


I.

“Хүн бүхэнд хувь тавилан бий. Түүнтэй адил уран бүтээлд ч мөн өөрийн хувь тавилан байдагт итгэдэг. Энэ кино тийм л хувь тавиланг онож бүтсэн юм. Магадгүй ингээд хэлчихээр зарим хүмүүс бүтээсэн гэх байх. Тиймээ, бүтээсэн нь үнэн, бүтээлцсэн хүмүүсийнх нь нэг нь би өөрөө шүү дээ. Гэхдээ л тухайн үеийн хатуу чанга цензур дундуур кино зохиол маань цэх шулуун туучаад гарсан даа”. 

Илэрхийлж чадамгүй тунгалаг, илж байгаа ч шиг дулаан харцаар өмнөөс минь ширтэн суугаад ингэж хэлэв. Би зочныхоо сэтгэл рүү, сэтгэлийнх нь доторх дурсамж руу уран бүтээлээр нь дамжин нүүдэллэхээр зорьж уулзсан юм. Гэтэл зочин маань харин үзгээр зурчихаж дөнгөмгүй харцаараа өөрийн минь дотоод руу шургаад орчих шиг мэдрэмж төрүүлнэ. Тийм мэдрэмжийг зөвхөн ярьж байхад нь, дурсамжаа эргэн санахдаа гаргадаг харц нь үүтгэнэ. 

Энэ хүн бол Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун. Тэрбээр Булган аймгийн Могод суманд бага насаа өнгөрөөжээ. Шүлэг бичиж, эх нутгийнхаа байгалийн сайхнаас энгүүн дулаан мэдрэмжийг өвөрлөж явахдаа нутгийн хөгшин Танзав гуайтай хааяа нэг уулзана. Танзав хөгшин ганц биеэрээ тул айл саахалтын хүүхдүүд ус түлээг нь зөөж өгөх, өвлийн цагаар нутгийн залуус, эмэгтэйчүүд идшийг нь төхөөрөлцөх зэргээр үргэлж туслана. Хүн хүнээсээ хол унадаггүй, хэзээд нэгэндээ цайлган сэтгэлийн гар сунгадаг уламжлалт ёсноос нутгийнхан гажсангүй. 

Харин С.Оюун 1958 онд буюу дөрөвдүгээр ангид сурдаг жилээ гэр бүлийн хамт Улаанбаатар хотноо суурьших болсноор нутгаас нь ирсэн гийчдийн амнаас хаа нэг унах үгсээр Танзав хөгшний сургийг дуулах болов. Нэгэн удаа “Мөнөөх хөгшин чинь хүүхэд өргөж авна гэх юм. Хөгшин хонины насгүй болсон хүн шүү дээ” гэх ёозгүйхэн үгс чихэнд нь сонстлоо. Тэр “Аан, тийм үү” гэсхийгээд л өнгөрөв. Харин дотроо бол хүн хэзээд л хүнээр дутдаг. Ялангуяа эх хүний сэтгэлийн дотоод зовиур, ганцаардлын тэсвэрлэшгүй уйг хэн нэгэн амархан дүгнэчихэж болохгүй л юм сан гэж бодно. 

Өдөр, хоногууд өнгөрсөөр С.Оюун арван жилээ төгсөж ээжийнхээ захиснаар эмч болох шийдвэр гаргаж Анагаахын сургуульд элсэн оров. Ээж Д.Цэрэндулам нь төрөлхийн зүрхний өвчтэй. Тиймээс эмч болчихвол л ээжийгээ эдгээчих юм шиг санана. Өглөө сургууль руугаа харайлгаж, үдэш гэртээ ирж хичээл, номдоо шамдана. Он жилүүд улирахын хэрээр Танзав хөгшин ч мартагдаж, өөрт ноогдсон хувь тавилан, ахуйг туучсаар явтал “Танзав хөгшин Дарьсүрэн гэдэг хүүтэй болсон. Хүү нь бөх барилддаг, малын эмч мэргэжилтэй. Нутгийнхан ч их сайхан залуу болжээ гээд л магтах юм” гэсэн үгс дуулджээ. Хэдий хотод суурьшаад удсан ч нутгийн хүн таарвал сум орныхоо сонин сайхныг хуучлалгүй өнгөрдөггүй байлаа. 

Тэдгээр өдрүүдийн нэгэнд улсын Нэгдүгээр эмнэлэгийн хаалгаар хөгшин ээжийгээ үүрсэн залуухан эмч Дарьсүрэн орж ирэв. Тэнд суугаа хүмүүс хачирхан харснаа эвийлэх нь эвийлж, ерөөс урьд үзэгдээгүй дүр зураг аятай харцаар ширтэнэ. Танзав эмгэний хоёр нүд хараагүй болж өргөмөл хүү нь болох Дарьсүрэн ээжийгээ эмчлүүлэхээр үүрч яваа нь тэр. 

Эмчилгээ ч үр дүнгээ өгснөөр Танзав хөгшний нэг нүд хараа оржээ. Харин нөгөө нүд нь орчлонг харах хувь дутав. Харин хөгшин үүнд огтхон ч санаа сэтгэлээр унасангүй. Таарсан хүн болгонд “Миний нэг нүдийг хүү минь орлоно” гэж ярих болов. Тэгтэл хүний амьдралд тохиох зовлон жаргалын эргэлтүүд ээлжлэхдээ ахин нэг хагацлын гашууныг хөөрхий буурайд амсуулжээ. Харах мэлмийг нь орлож, хайрлах сэтгэлийнх нь хойморыг дүүргэсэн хүү Дарьсүрэн нь мотоциклын ослоор эндчихэв. 

“Танзав хөгшин гэж байсан. Дарьсүрэн гэж хүн ч байсан. Гэхдээ би унасан нутгаасаа хол Улаанбаатарт суусан болохоор нарийн явдлыг сайн мэдэхгүй. Хааяа хөдөөнөөс хүн ирэхээрээ л тэдний тухай сонин болгож ярина. Олны салхинаас дуулсан минь энэ л дээ. Сүүлд би ээжийгээ бурхан болсноос хойш урьдын тэрхүү явдлыг нэхэн санаж улам ихээр өмөлзөх болсон. Тэгээд л энэ чинь ерөөсөө кино зохиол байна шүү дээ гэж бодсон”.

1990 оноос өмнө Ар Жанчивланг нийтээр “Нэгдэлчдийн амралт” гэж нэрлэдэг байв. С.Оюун тухайн үед олон жил дотроо бодож явсан бүтээлээ кино зохиол болгохоор тус газрыг зорин очжээ. Энэ үед тэрбээр улсын “Ариун цэвэр, гэгээрлийн ордны арга зүйч”-ийн албанд томилогдон ажиллаж байлаа. Хүмүүст эрүүл мэндийн зөвлөгөө өгөх гарын авлага гаргана. Заримдаа богино хэмжээний баримтат кино хийж иргэдийг ухуулах ажилд идэвхийлэн оролцоно. Нэг л өдөр олон жил дотор нь тээгдэж явсан дурсамжийг кино зохиол болгохоор зориглох мөчдөө Монголын Зохиолчдын Эвлэлийн байгууллагын дарга Сономын Удвалаас бүтээл туурвих цаг хугацаа олгох зөвшөөрөл гаргуулж авчээ. Ажлын газраас нь уран бүтээлч С.Оюунд цалинтай чөлөө олгов. Тухайн үед уран бүтээлчдийг бүтээлээ туурвих хугацааг бодолцон цалинтай чөлөө олгож, Ар Жанчивлан, Дарханы Зулзагын гол зэрэг амралтад хуваарилан ажиллуулж бүхий л боломж бололцоог улсаас хангадаг байжээ.

“Би өглөө дөрвөн цагт сэрээд л кино зохиолоо бичнэ. Тээг болох зүйл нэгээхэн ч байхгүй. Тэгээд хажуудаа халуун цай тавьчихаад бүтээлээ бичээд суучихна. Өглөөний найм хүртэл тасралтгүй дөрвөн цаг сууж бүтээлээ туурвидаг байсан. Тэр үед Ар Жанчивлангийн магтаал гэж байлаа. 

“Өөх голдуу хоолтой
Өвгөчүүл голдуу амрагчтай
Нүүр угаас усгүй
Нүд хужирлах хүүхэнгүй” гээд л хүмүүс хоорондоо аялгуулдаг сан. Ариун тунгалаг рашаан хөрснөөс нь боргилон урсдаг болохыг нь тодотгох гэж л “нүүр угаах усгүй” гэцгээсэн байх даа. Тухайн үед намайг “Тань руу нүүж явна” кино зохиолоо бичиж байх үед манай том зохиолчдын нэг С.Дашдооров, орчуулагч Ө.Дугарсүрэн нар тэнд мөн бүтээлээ туурвиж байсан юм. Хоорондоо нэг их уулзаж ярилцаад байхгүй. Тус тусын бүтээл дээрээ л хариуцлагаа ухамсарлан ажиллаж, амралт болгож улсаас олгосон тэдгээр өдрүүдийг үр дүнгүй, хоосон өнгөрөөхгүйг хичээнэ”.

 

“Тан руу нүүж явна” киноныхоо зохиолыг биччихээд уншиж суухуйд нэг л кино болгочихож болмоор санагдаад цаасан дээр цэнхэр бэхээр зурайтал татсан зохиолоо ажлын газрынхаа хүнд өгч бичгийн машинаар цохиулав. Ийнхүү зохиолоо хэвлэж дуусгахад дотоодод нь айдас, догдлол хоёр зэрэгцэж байжээ. Харин залуу насанд айдсыг ямагт эр зориг дийлдэг. Тийнхүү бичгийн машинаар зохиолоо шивж дуусгав уу, үгүй юу босгыг нь давах бүү хэл үүднийх нь өрөөнд орж үзээгүй “Кино үйлдвэр”-ийн уран сайхны киноны бүтээлчид цаг ямагт хөлхөлдөж байдаг газрын хаалгыг зориглон татсан нь тэртээ 1983 он. 

“Ингээд л би хаалгыг нь татаж оронгуутаа “Найруулагч байна уу?” гээд л асуугаад тавьчихлаа. Мөн ч зоригтой байж дээ” гээд С.Оюун дөлгөөхнөөр инээнэ. 

Тухайн үед, хожмоо Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч хэмээн мөнхөрч үлдсэн Бадрахын Сумхүүтэй уулзуулжээ. Тэр том найруулагч олон юм ярьж, олигтой хэдэн асуулт ч тавьсангүй. “Чи хэдэн настай юм, ямар зохиол биччихээд найруулагч хайж яваа том хүн бэ?” гэж яргасангүй. Ердөө л зохиолыг нь уншихаар аваад үлджээ. 

Гурав хоногийн дараа ажлын газрын утасны цаанаас гэрэлт мэдээ сонстов. Б.Сумхүү найруулагчийн туслах “Найруулагч ирж уулз гэлээ” гэх дөрвөн үг хэлжээ. Энэ дөрвөн үг С.Оюун зохиолчийн цээжинд нэг бол зохиолыг нь кино болгохоор шийдвэрлэсэн баярын далавч, нөгөө бол огт хэрэггүй юм сараачсаны зэмлэлийг хүртээх гэсэн дуудлага болохын аль нь гэдгийг үл ялгах сайн, муу хоёр зэрэгцсэн мэдээ байлаа. Харин түүнийг хүрээд очтол найруулагч тосож аваад “Чиний энэ зохиол кино болж магадгүй юм шиг байна” гэв.

Ингээд хэдхэн хоногийн дотор л Соёлын яамны “Жүжиг, киноны уран сайхны зөвлөл”-ийн хурлаар ороод батлагдчихав. Тэр хурал дээр зохиолч Д.Мягмар, Э.Оюун зэрэг мундагуудаас “Кино үйлдвэр”-ийн уран сайхны кинонд хяналт тавих хүмүүс болоод удирдлагын түвшний зарим нэг хүмүүс байлцав. С.Оюун тэдгээрийн ихэнхийг танихгүй. Харин зүс мэдэх, зохиол бүтээлийг нь шимтэн уншдаг Д.Мягмар шинэхэн кино зохиолтой танилцаад “Нэг бол хүн үздэг, нэг бол хэн ч үздэггүй кино болно” хэмээн хэлж байв. Учир нь тухайн үед олноор үйлдвэрлэгдэж байсан киноны адил шинэхэн зохиолд нэгдлийн ач тус, хүмүүсийн эв хамтын хөдөлмөрийг онцлон харуулсан үйл явдал хомс байснаас тэр. Мөн Э.Оюун “Одоогийн малчид ядаж л шинжлэх ухаанчаар мал малладаг болсныг тусгах хэрэгтэй” гэв. Өөр хэн ч шүүмжилсэн, зэмлэсэн үгс амнаасаа унагасангүй, ярьсангүй. Магад С.Оюун тухайн үеийн баярласан сэтгэлийнхээ мэдрэмжид илүү дийлдээд байсан тул одоо тэр талаар нэхэн дурсахад санаанд нь тод үлдэх зүйл үгүй байсан байж мэднэ. Ямартаа ч уран бүтээлийг цензурдаж, тэр бүү хэл анх зохиол дээр амилуулсан дүрийг тэс өөр болгож хувиргадаг систем энэ уран бүтээлийн хувьд лавтай тохиогүй гэнэ.

 

II.

Нэгэн удаа “UB Life” сайтын сэтгүүлч номын баяр дээр таараад “Таны хамгийн дуртай кино юу вэ?” гэж асуусан юм. Тухайн мөчид тулгамдахдаа “Old Boy” гэж хариулсан санагдана. Орой нь мөнөөх асуултын талаар тунгааж бодов. Нээрэн миний хамгийн дуртай кино юу билээ. Магад хамгийн олон үзсэн кино байж таарах нь... Тэгвэл хамгийн олон үзсэн кино маань ямар бүтээл байв. “Тан руу нүүж явна”. Тийм ээ, энэ киног магад сүүлд “YouTube” хуудсанд байрлуулснаас хойш сард заавал хоёроос гурван удаа үзжээ. Үзэх бүрийд л Дулам хөгшин хүүгээ алдсаны дараа Цэрэнгийнд хэд хэд очиж, нэг удаа зочлохдоо хүүг нь гуйх гэж яваагаа хэлж чадалгүй үүд зүглэхдээ буцан эргэж, шинэ дээлээ өгөөд яахаа мэдэхгүй тэрүүхэн хооронд сандчих, Жаргал түүнийг мэдэх тул хүүгээ сандран, булаах шахуу аваад тас тэвэрч, харцанд нь гэмшил, айдас, өрөвдөл нэгэн зэрэг үзэгдэхийг, үүдээр морьтойгоо цаашлан одож буй Дулам хөгшний дотор хэрхэж буйг нэхэн санах тоолон цээж рүү ямар нэгэн хөндүүр зүйл түрэн өгсөж ирээд хоолой зангираад болдоггүй юм. Тэгээд л энэ уран бүтээлийг хийсэн хүмүүсээс амьд тунгалаг, зохиол бүтээлээ туурвиж, хэд хэдэн удаа хотын төвд бичиг номын ажлаа амжуулж явахад нь гар барин мэндэлж, ойр зуурын үг солилцож байсан зохиолч С.Оюун гуайг санасан хэрэг. 


“Тан руу нүүж явна” киноны ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн шагналт, эх орныхоо кино урлагийн түүхэнд үнэхээрийн цаглашгүй ихийг туурвиж үлдээсэн Бэгзийн Балжинням ажиллажээ. Ерөнхий редактор нь мөн л Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, хүүрнэл зохиолын нэгэн том төлөөлөгч болох Сормууниршийн Дашдооров. Харин хөгжмийн зохиолч нь Монгол Улсын Төрийн шагналт Зундуйн Хангал. Өдгөө зохиолч С.Оюун ч мөн энэ эрхэм алдрын эзэн болсон. 

Ингээд бодохоор уг киноны бүрэлдэхүүн хүртэл ямар том, хэчнээн аварга уран бүтээлчидтэй байсан нь бэлээхэн харагдана. Б.Балжинням найруулагч тэр үед “Гарын таван хуруу” киногоо бүтээчихсэн, “Говийн зэрэглээ”-гийн зохиолч, өөр олон ч уран бүтээлд зураглаачаар ажилласан туршлагатай нэгэн байв. Тиймээс ч “Тан руу нүүж” явна кинон дээр дүрүүдийн дотоод илэрхийллийг ихэнхдээ дүрсээр шийдэж өгсөн нь ажиглагддаг. 

Кино нь яаж яваад, хэрхэн зөвлөлийн хурлаар ороод батлагдсан болохыг төдийлөн сайн ойлгоогүй С.Оюун кино үйлдвэрийн нэгэн жижиг өрөөнд кино зохиолынхоо засварыг хийж гурав хоножээ. Учир нь кинонд орчин үеийн малчин хүн гарах ёстой байв. Хуучин цагийнх шиг өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэж, бэлчээр сайтай газар малаа зөнд нь орхиж, ууланд гарсан адуугаа сардаа нэг эргэж унаагаа юүлдэг бус зэргээс гадна эртнээс уламжлагдсан зан заншлын заримыг өөрчилж, шинжлэх ухаанчаар малын ажилд ханддаг дүр хэрэгтэй болов. Ийм л засвар. С.Оюун зөвхөн бие засах, хоол идэх гэж л өрөөнөөс гарна. Бусад үед нь зохиолынхоо засварыг оногдсон хугацаанд амжуулахын тулд оюун санаагаа уудална. Бодно, бичнэ, бичсэнээ орхино, дахин бодно, цаадуул нь юу гэх бол гэж бэргэнэ, үзүүлэх гэснээ болиод ахин бичнэ, ахин бодно. 

Энэ хугацаанд дотроо нэлээдгүй шаналж, тэрхүү шаналал нь улам ихээр шамдан ажиллах хүч болсон нь аль хэдийн натурт гарахад бэлэн болчихоод хүлээж байсан кино багийнхантай холбоотой. Түүнд өндөр хариуцлага ноогджээ. Бүгд зохиолчийн засварыг хүлээж байлаа. Мөнөөх бэлэн болчихоод хүлээж буй кино багийнхныг бодохоор өөрийгөө зэмлэх, оюуных нь мухарт далд нөмрөг дор бүгээд суучихсан санаагаа онгичиж ядна. 

Гурав хоногийн дараа зохиолын засвар бэлэн болж, найруулагч, шүүмжлэгчдийн сэтгэлд яв цав нийцсэн орчин цагийн малчны дүрийг бүтээлдээ амилуулж чадав. Э.Оюун зохиолчийн шүүмжилсэн орчин цагийн малчны дүр л түүнийг тэнд гурав хонуулсан юм. Бүр гаднаас нь цоожилчихдог байсан гэж байгаа. 

“Өдгөө бол хүний эрх яригдах байх. Тэр нь буруу ч биш. Гэхдээ би тэнд яс гурав хоног суугаагүй бол ард нь хүлээж буй олон уран бүтээлч, энэ киноны хувь заяа хэрхэх байсныг мэдэхгүй юм. Намайг хоол идэхээр өрөөнөөс гарахад кино багийнхан, тус газарт тааралдах хүмүүс “Сайн уу, Оюун зохиолчоо” гээд тун их хүндэтгэлтэй хандана. Зохиолчдоо их сайхан хүндэтгэдэг байсан. Гэтэл би чинь залуухан эмэгтэй шүү дээ. Бусдын их хүндэтгэл, олон хүмүүсийн хүлээлтийг дуусгахын тулд ихэд шамдсан. Үүрэг хариуцлага гэдгийг тэр үед ойлгож авсан. Одоо ч хүүхдүүд дээ аливаад хариуцлагатай хандахыг захидаг. Зөвхөн өөрийн хүслээс гадна бусдын сайхан сэтгэл, надад хүлээлгэсэн итгэлийн цучлыг унтраахгүй гэх эрсхэн шийдвэрээс, хичээнгүй хөдөлмөрөөс бүтээл төрж болдог юм байна лээ шүү дээ” хэмээн С.Оюун өгүүлнэ. 


Зохиолчийг засвараа дуусахтай зэрэгцээд л гар бичвэрийг нь тэр даруйхан бичгийн машинаар цохиулж, Б.Балжинням найруулагчийн кино зохиолыг мөн бэлэн болгож аваад кино багийнхан хугацаа алдалгүй хотоос хөдөлжээ. Алгуурлах зүйл байсангүй, бүгдийг жин тан бэлдчихсэн байв. 

III.

Холын бараанаас хөхөртөн үзэгдэх нь зэрэглээний хөлд хөх асар салхины хэлээр амь орон давалгаалж байх шиг их говийн сүрлэг уулсын наадах элсэн манхан дундуур ханын хэцийн хүрэн тэмээд таатайяа идээшилж, зарим нь усан тунгалаг нүдээрээ уужмын холыг ширтэнэ. 

Говийн наран тэнгэрийн уудмыг эмгэн хумс адил эмжсээр үл мэдэгдэм, алгуурхан доошлоход шаргал цацраг нь тэнгэрт олон өнгийн гэрэл зурна. Ээрэм газрын эль хульхан тэр л орчин, нарны халуун туяанд шарагдаж байна уу гэлтэй хорхой шавьж бужигналдах нь хүртэл ер бусын үзэгдэл болж сэтгэлд бууна. 

Кино багийнхнаас зайдуухан, тусад нь барьсан том цагаан гэрийн хаяанд нэгэн хүн өдөр бүр нар хэрхэн тэнгэрийн хээлээр гулсан доошлохыг ажин суух агаад түүний дотор ямархан бодлууд далавчлан нисэж, аль нь далавчаа хумин газардаж буйг хэн ч тааж үл дөнгөнө. Тэр хүн бол “Тан руу нүүж явна” киноны найруулагч Бэгзийн Балжинням. 

С.Оюун кино зураг авч буй Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд очиж арав хоног тэнд байрлахдаа эл зураглалыг нар жаргах бүрийд хардаг байв. Харин одоо дурсамжийнхаа аглагаас хааяахан тэмтэрч олоход хачин дулаахнаар сэтгэлийнх нь дотрыг бүлээцүүлнэ. 

“Найруулагч ганцаараа том цагаан гэрт байрлана. Тэр хүн зохиолоо л бодно. Бид тэгж л санадаг байлаа. Тэгэхээс ч аргагүй. Б.Балжинням найруулагч их бодож, дотроо бүтээлээ сайтар амилуулдаг хүн байсан шиг санагддаг. Хоол ундыг нь хүмүүс оруулаад өгчихнө. Нэг л мэдэхэд нар шингэх болчихсон, найруулагчийн гэрийн зүг харвал гаднаа гараад шингэх наран луу ширтээд сууж байдаг сан. Тэр хүнийг би тун их хүндэлдэг байсан. Одоо ч тэр хүндлэл минь хэвээрээ. Цаглашгүй их авьяас билэгтэн болох энэ хүний бүх л гайхалтай бүтээлүүд нь 1993 оноос өмнө дэлгэцэнд гарсан. Тэгэхээр нь оюуны үр шим нь үр хүүхдүүд нь хүртээлгүй болчихсонд жаахан харамсал төрдөг”. 

Түүнийг ийнхүү зохиолчийн хувиар киноны зураг авч буй говийн уужим дэвсэгт аваачиж амрааж байжээ. Энэ бол тухайн үеийн “Кино үйлдвэр”-т тогтсон уламжлалын нэг. Киноны зохиолч залуухан хүн байна уу, нэр устай нэгэн үү гэдэг хамаагүй. Бүгд түүнийг хүндэтгэж харьцана. Оюун санааг дээдлэнэ. С.Оюун тэнд хөгжмийн зохиолч З.Хангалтай хамт арав хоног байрлажээ. Харин энд ирэх гэж замдаа бас чамгүй хөглөсөн түүхтэй. 

З.Хангал, С.Оюун нарыг “Кино үйлдвэр”-ийн машин Буянт-Ухаад хүргэж өгчээ. Онгоц нисэх цаг дөхчихсөн, тэд яаравчлан билетээ аваад онгоцондоо суухаар цардмал зам дээгүүр гүйж явлаа. Тухайн үед кино багийнхан нэр хүндтэй, тун онцгой зочид байсан тул зорчигчид хэл ам хийсэнгүй, ямар нэгэн уур уцаар унтуу төрсөн бол түүнийгээ гаднаа лав ил гаргаж олныг тавгүйтүүлэх үйлдэл гаргасангүй. 

Онгоцны сэнс зугуухан эргэлдэж, цонхоор зорчигчид хөгжмийн зохиолч, зохиолч хоёрын гүйж явааг харна. Хаалган дээр залуухан эмэгтэй үйлчлэгч тэднийг тосохоор инээмсэглэн хүлээж зогсоно. Гэтэл З.Хангалын барьж явсан дипломат цүнх гэнэтхэн онгойж дотор нь байсан гурван шил архи унаж, яах ийхийн зуургүй цардмал зам дээгүүр тал тал тийш өнхрөн одов. С.Оюун нэгийг нь барьж авахаар араас нь гүйж, З.Хангал нөгөө хоёрынхоо хойноос тонгойно... Онгоц дүүрэн хүн тэднийг харж байгаа. 

“Тэр үед би их ичиж, сандарч билээ. Зорчигчид харин нүүр дүүрэн инээмсэглэлтэй угтсан” хэмээн С.Оюун дурсамжаа хөвөрдөнө. Ийнхүү тэд Буянт-Ухаагаас онгоцонд сууж Баянхонгор аймгийн төвд очиход УАЗ 69 маркийн хоёр машин тосож авчээ. Учир нь онгоцоор кино багийнханд хэрэгтэй техник, төхөөрөмж мөн хүргэгдсэн юм. 


Ингээд тэд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум руу хөдлөв. Цаг ч нэлээн орой болж тэнгэрийн хээл талын уужимтай уусан нэгдсэн хязгаар дундуур хэдий хурдлавч газар хорохгүй байгаа мэт санагдана. Удалгүй нарны түмэн живаа цацраг өнгийн солонго цацраан газрын гүн рүү живж өтгөн бүрэнхий залгалаа. Хөдөөгийн энхэл донхол замаар тэд жирийлгэсээр. Газрын байдал солигдож говь нутгийн ургамал, хөрс үзэгдэж ахуйд нэгэнт харанхуй болж замдаа төөрчээ. Хааш л явна харгана, бударгана, элчилгүй говийн дураар салхинаас өөр юмс үл үзэгдэнэ, мэдрэгдэнэ. Байдал нэгэнт иймд хүрсэн тул тэд хээр хоноглохоор болов. 

Өглөө босоод хартал ойрхон айл үзэгдэх нь тэр. Хотоос ирсэн зорчигчдыг тосох ажлыг ахалж явсан кино багийн зургийн дарга Д.Эльбрус хүмүүстээ ачаа бараагаа цэгцлэхийг тушаагаад мөнөөх айлд очиж цай унд ууж аваад цааш хөдлөхийг үүрэгдэв. 

“Ёстой л говийн ганц айл байсан даа. Гадуур нь мал хунар, хүн амьтан үзэгдээгүй. Бид бэлчээртээ яваа болов уу гэж таамагласан. Гэрт ортол сайхан цай чанаад данх, халуун саваа дүүргэчихсэн. Ширээ дүүрэн ааруул өрөм, боорцог хийгээд түүнийгээ марлаар бүтээгээд тавьчихсан байлаа. Ундаасч ядарсан аяны хүн ирвэл хоол цай идээд яваг гэх сэтгэлээр зэхсэн нь илт. Монголчууд тийм сайхан уламжлалтай байлаа шүү дээ. Цоож, цуургагүй монгол сэтгэл гэдэг чухам тэр юм. 

Бид хоол унд идэж, сайхан халуун цай ууж, замын алжаалаа тайлж аваад цааш хөдөлсөн. Зургийн дарга Д.Эльбрус монгол хүний тэр зан чанарыг ихэд хүндэтгэж, баярлаж байсан учраас мөнөөх айлд мөнгө төгрөг үлдээсэн байх. Чухам юу орхисныг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан тэр үед талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож нэг зүйл орхисон гэдгийг санаж байна”. 

Ингэж л З.Хангал, С.Оюун хоёр кино зургийн газарт ирсэн юм. З.Хангал тухайн үедээ Г.Жигжидсүрэн найруулагчийн “Суварган цэнхэр уулс”, Ж.Бунтар найруулагчийн “Гэрлэж амжаагүй явна” зэрэг хэд хэдэн киноны хөгжмийг зохиочихсон байлаа. 

“Би өдгөө ч киноны хөгжмийн талаар дорвитой тодорхойлолт хэлж чадахгүй. Яг оноогоод нэрлэчих тодорхойлолт байхгүй. Энэ чинь тийм төрлийн хөгжим шүү дээ гэхээр их хэцүү. Уянгын ая л гэдэг. Гэтэл түүн дотор нь өөр олон хэмнэлүүд байгааг судлаачид их ярьдаг. Би хөгжмийн боловсрол сүрхий эзэмшээгүй тул мэдэхгүй. Харин энэ хөгжим яг л бусдын дотоод сэтгэлийн яруу найраг шиг санагддаг. 

Жаахан охин явсан болохоор З.Хангалтай тийм ч ойр дотно ярилцаж байгаагүй л дээ. Хүн бүр дор дороо хийх ажилтай байлаа. Хөгжим нь хэрхэн бэлэн болсон, яаж бүтээснийг нь мэдэхгүй. Киногоо анх үзэхдээ аялгуунд нь автаад уйлчихсан байснаа санадаг. Ёстой л дуулсан дуундаа өөрөө уяраад л гэдэг шиг юм болсон доо”. 

С.Оюун ийнхүү дурсахад нь “Нээрэн л эмзэглэлээс урьтаад ярихад хүн гаднаа илэрхийлж чадахгүй байгаа дотоод сэтгэлийн чимээгүй баяр хөөр, наашилж яваа сайн сайхны гэрэлт бяцхан оч тус аялгуунаас ундрах шиг мэдрэгддэг шүү. Танд хүний сэтгэлийн зовнил гэхээс илүү зүгээр л сэтгэл хэрвээ хөгжим байсан бол ингэж л уянгалах болов уу гэмээр эгшиглэн сонсогдож байсан уу?” хэмээн асуув. 

“Тийм. Магадгүй найруулагч санаагаа сайтар хэлж, зөвлөлдсөн байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ хүний сэтгэлийн хөндүүр, хөндүүрийн цаанаас түрэх гэрэлт ирээдүйг нэгэн зэрэг хослуулсан эгшиг бүтээсэн нь З.Хангалын өөрийнх нь авьяас билэгтэй л салшгүй холбоотой болов уу даа. Тэр натураас ирээд л хөгжмөө биччихсэн. Тэр гайхалтай аялгууг одоо ч олон хүн тоглодог. Гэтэл нөгөө л зохиогчийн эрх түүнд ч мөн үлдээгүй нь харамсалтай.

Ерөөс 1993 оноос өмнө бүтээгдсэн бүх бүтээлийг төрийн өмч гэж үздэг. Ийнхүү төрийн өмч гэх нэрийн дор олон сайхан бүтээлүүд эзэнгүй хөсөр хаягджээ. С.Оюун ч энэ талаар “Эзэнгүй төрийн оюуны өмч” нэртэй нийтлэл бэлтгэж, хүмүүст энэ чиглэлээр оюун өмчийн шинэ хууль хэрэгжүүлэх талаар сануулан хэлж байсан удаатай. 

“Ер нь бол миний кино зардлаа арав хоногийн дотор л нөхөөд олчихсон доо. Төрийг өргүй болгочихоод байхад бүтээлийг нь эзэд нь бус төр өөртөө эзэмшдэг заалт угтаа буруу юм. Гэтэл зах зээлийн нийгэм рүү шилжихдээ малыг нь малчдад, орон сууцыг эздэд нь өгсөн. Улс юу ч аваагүй. Жүжиг, кино, зураг, хэдэн дуурь бий. Оюун санааны үнэт өв болсон тэдгээр бүтээлүүд эзэнгүй хэвтэж байгаа шүү дээ” хэмээн тэр эрс шулуун өгүүлнэ. 

Түүний найруулагч Б.Балжинням, хөгжмийн зохиолч З.Хангалтай учирсан үе, түүнээс үлдсэн дурсамж нь ердөө л энэ. Магад хэт их хүндлэл, бишрэлээс болоод тухайн үедээ сайтар ярилцаж, ах дүү болоод хэлхэлдэж яваагүй биз. Гол нь эдгээр мундаг хүмүүсийн бүтээл төрийн өмч нэрийн дор эзэнгүйдэж байгаад тэр хааяа хааяахан учиргүй их эмзэглэх ажээ. 


IV.

“Найруулагч Б.Балжинням зураг авалтаас ирснийхээ дараа киноны гол утгыг илэрхийлэх дөрвөн мөр шүлэг бичих даалгавар өгсөн. Кино багийнхан эвлүүлгийн ажлаа хийж байх хугацааны турш мөнөөх дөрвөн мөр шүлгийг хэд хэдэн удаа бичих гэж оролдоод чадахгүй явсан. Одоо яг болчихлоо гэж бодоод найруулагч дээр аваад очвол “За, энэ ч арай л биш байна даа” гээд буцаачихна. Сарын турш дөрвөн мөр шүлэгтэй ноцолдож байгаа юм. Нэг удаа одоо яах бол гэж дотроо гэлмэсээр бичсэн шүлгээ аваачиж уншуултал сэтгэлд нь жигтэйхэн их нийцэж, намайг магтаж билээ”. 

“Эрхэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд
Эдүгээ хүртэл мянга мянган жил нүүж явна.
Хүрэхүйеэ бэрх сэтгэл гэгч өндөр оргил
Хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулна”.

Киноны эхэнд уншдаг, С.Оюун зохиолчийн сарын турш бичсэн шүлэг нь энэ. Үнэхээр л бид төрөх үхэхийн хооронд нүүдэллэж яваа шиг... Тэрхүү урт, богино цаг хугацааны мөнхийн эргэлтүүд дунд бие биеэсээ хэдийнэ холдлоо ч өөр нэгэн рүү тэмүүлж, магад өөрийн дотоод руу л нүүдэллэсээр байдаг шиг санагдана. Түүн дотроос хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулдаг нь үнэн агаад өр зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ. 

“Тан руу нүүж явна” кино анх “Хүний үр” нэртэй байжээ. Гэтэл найруулагч Б.Балжинням “Оюун аа, чи боддоо! Энэ нэрийг орос руу орчуулаад үзье л дээ, “спирм” гэх нь байна шүү дээ” хэмээн ёжилжээ.

“Тэр үед би нээрэн юу билээ гэж дотроо бодсон. Найруулагч Б.Балжинням ямар агуу хүн болохыг тэгэхэд бүр ч илүү ойлгосон. Киноны нэрийг гадагш орчуулахыг, эл кино хилийн дээс алхаж чадах бүтээл болохыг урьдчилаад харчихсан байгаа юм. Киноны төгсгөлд Цэрэн хүүгээ өвөртлөөд Дулам хөгшнийд очдог шүү дээ. Тэрхүү нүүдлийн уран аргыг найруулагч бодож олсон. Эх зохиол маань бол тэс ондоо төгсгөлтэй. Дулам хөгшин сохорч байгаа хэсэг ч бий. Харин найруулагч “Олон зовлонг нэг хүнд үүрүүлэх дэмий. Ганц л оргил үйл явдал байхад болно” гэсэн. Мөн монгол хүний мөн чанар, асуудлыг нүүдлээр шийддэг философийг мэддэг байсан учраас киногоо тийм сайхан төгсгөлд хөтөлсөн. 

Би киногоо анх удаа хяналтын багийнхантайгаа цуг, тэр үеийн Элдэв-Очирын нэрэмжит кино театрт үзсэн. Өөрийн мэдэлгүй уйлаад л байж билээ. Юун зохиолч, үзэгч л болчихсон уйлаад, уйлаад л байснаа тодхон санадаг.

Кино эхлэлийн өмнө хүмүүс хоорондоо “Жавзмаа ирчихсэн байна шүү дээ” гээд л жиг жуг хийлцэнэ. Тэр хүн бол Хэвлэл, Утга зохиолыг хянах газрын асуудал хариуцсан мэргэжилтэн. Хүмүүс их зарчимч, хатуу чанга хүн гэлцэнэ. Тэр хүнийг л давчихвал болох нь тэр гэж уран бүтээлчид хоорондоо сэм ярилцдаг байсан. Би уулзаж үзээгүй л дээ. Киноны дараа юу ч хэлээгүй, хүмүүс алга ташаад л, ихэнх нь нулимсаа арчиж харагдсан даа”. 

Өдгөө Улаанбаатар хотын төв талбайн хажууд байрлах “Монголын хөрөнгийн бирж” тухайн үед Элдэв-Очирын нэрэмжит кино театр байв. Орой бүр хаалгаар нь уйлсан, уярсан, эмзэглэсэн олон монголчууд шахцалдаж орсон хаалгаараа уярсан сэтгэгдэлтэй гарч ирцгээнэ. Зарим эмэгтэйчүүд алчуураар нүүрээ дарж, эрчүүд нь хааяахан нэг нүдээ нухалж, нулимсаа нууцхан үрчинэ. Энэ бол “Тан руу нүүж” явна бүтээл гарсны дараа театрын гадна орой бүр үзэгддэг дүр зураг. 

С.Оюун ийнхүү монгол хүний сэтгэлийн мөн чанар, хүн хүнээ гэх урт холын нүүдлийг дэлгэцэд амилуулсан зохиол бичсэнийхээ дараа жил ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит дээд сургуульд суралцахаар алс хол эрдмийн жолоо залсан юм. Түүнд кино зохиолын шагнал болгож 4000 төгрөг олгосон нь одоогийн ханшаар 40 саятай тэнцэх хэмжээний мөнгө. Тэрбээр шагналын мөнгөөрөө гэртээ тухайн үедээ чамгүй үнэтэй, ид “моод” болж байсан “Москвич” нэртэй хөргөгч, өөртөө булган захтай пальто авчээ. Уг хөргөгчөө 1990 он буюу Ардчилсан хувьсгал хүртэлж хэрэглэж байв. 

Харин Москвад очсоныхоо дараа сургуулийн байрнаас холгүйхэн нэгэн кино театрт “Тан руу нүүж явна” хэмээх монгол кино гарах болсон гэх зарыг олж үзэв. Хүний нутагт яваа тул эх орноо, элгийг нь дэвтээсэн дөрвөн хүүхдээ санасан сэтгэлээ жаахан ч атугай тайвшруулах гэхдээ зохиолыг нь бичсэн киноныхоо тасалбарыг гурван рублээр худалдаж аваад театрт орлоо. Монгол хүн олон үзэгдсэнгүй. Дандаа гадны үзэгчид сууж байна. Дэлгэцэнд Дарьсүрэн, Дулам хөгшин, Жанчив гуайнх, Хандмаа, Жаргал, Цэрэн гээд л дүрүүд ээлжлэн үзэгдэж, жилийн өмнө тэдэндтэй хамт говийн ер бусын үзэсгэлэн дунд өнгөрөөсөн өдөр хоногуудын дурсамж дурайтал тодорно. Аялгууг нь сонсоод тэр ахиад л уйлчихжээ. Киноны төгсгөлд нүд дүүрэн нулимстай суугаа түүнийг театрт суугаа үзэгчдийн хэн ч нь тус киноны зохиолч гэдгийг мэдэхгүй. Энэ л өөрт нь амар амгалан, эрх чөлөөг мэдрүүлж байлаа. 

V.

Улсын гуравдугаар эмнэлгийн Дотрын тасагт Д.Цэрэндулам хөгшин хэвтэн эмчүүлж байв. Төрөлхийн зүрхний өвчин нь улам даамжирсаар түүнийг хэзээ ч зүглэхийг хүсдэггүй эмнэлгийн цагаан орон дээр өндийх тэнхэлгүй хэвтэхэд хүргэв. Охинтойгоо элдвийг хуучилж, ач нараа тойруулаад унтахынх нь өмнө үлгэр хэлж өгөхийг хэдий хүсэвч хүсэл нь энэ л эмнэлэг, цагаан оронд боогдож, зангирсан эмзэглэлээ нулимсаараа гадагшуулахгүйг хичээн буцаагаад залгина. Охин С.Оюун нь ээжийгээ асарч, тойлно. Өвчнийх нь онош юу болохыг, цаашдаа хэрхэхийг гадарлаж байсан ч удахгүй эдгэрнэ гэх итгэл хором ч унтарсангүй. Тэр итгэлийн хүчээр тун удалгүй сайхан мэдээ дуулдаж, Д.Цэрэндуламыг эмнэлгээс гарч болно гэж эмч хэлжээ. Ээж, охин хоёрын баяр бялхсан, зүрх сэтгэл нь аж жаргалд умбасан өдрүүд ойртож байлаа. 

1979 оны тэр нэгэн өдөр С.Оюуны зулайг гишгэж төрсөн ах нь Улаанбаатараас Булган аймгийн Могод сум руу ачаа тээвэрлэх болжээ. Тэр үед хот хоорондын унаа олно гэдэг тун бэрхтэй. Заримдаа замын унаанд эсвээс тээврийн жолоочийн бүхээгт суух аз тохионо. С.Оюун амралтаа авчихсан байсан тул нутагтаа очоод ирэх сэн гэж боджээ. Ээжийнх нь бие тэнхэрч, удахгүй эмнэлгээс ч гарна. Энэ тухайгаа ээждээ хэлтэл “Миний охин яваад ир ээ, ээж нь удалгүй гарах гэж байна” гэв. Ингээд л хотын үймээн шуугианаас холдож төрсөн нутгийнхаа салхинд илбүүлж, үүлсийн сүүдэрт дайруулж, өвсний сайханд тэврүүлэхээр аяны жолоо залжээ. 

Хэдхэн хоногийн дараа цахилгаар түүнд нэгэн зурвас ирсэн нь хотоос хаягласан байлаа. Захидлыг задлаад С.Оюуны дотор үймж, асар их гэмшил, харуусал биеийг нь хулдав. Ээж нь бурханы оронд морилжээ. Тэгэхдээ эмчийн хэлснээр эмнэлгээс гарах яг тэр өдрөө мөнх бусыг үзүүлсэн байв. Өвөртөө бөөцийлж, өөрийнхөө дотроос ургуулсан үр нь дэргэд нь байж, эзэмшсэн мэргэжлийнхээ үрээр ээжийгээ өндийлгөж чадаагүйг бодох тусам алаг нүднийх нь нулимс аньсагаа дүүрч мэлмэрнэ. 


“Би тэр үед маш их гэмшсэн. Ядахнаа яах гэж орхиж гарав даа гээд л... Ээж минь их залуухан, тавин хэдхэн насандаа бурхан болсон доо. Эргээд ирэхэд ээж минь зүгээр болчихсон, эдгэчихсэн инээмсэглээд угтана л гэж санасан. “Миний охин явчихаад ир дээ” гэж хэлсэн тэр дуу хоолой одоо ч хааяахан хачин тод сонстдог. Ээжийгээ алдсанаас хойш дөрвөн жилийн дараа “Тань руу нүүж явна” кино зохиолоо бичсэн. Тэнд эх хүний хоёр дүр гардаг. Энэ нь ээжийнхээ өмнө хийсэн алдаа, гэмшлээ цайруулах гэсэн сэтгэлийн минь өргөл юм уу даа. Ер нь эхийн сэтгэл хүнд тодорхой ойлгогддог зүйл биш”.

Нэгэнтээ Д.Намдаг “Эхийн сэтгэлээр бичсэн минь үнэн” хэмээсэн нь бий. С.Оюун зохиолчтой ярилцсаны дараа хамгийн түрүүнд эдгээр үгс дотор минь гэнэтхэн харваж билээ. Хэн нэгэн хялбархан тодорхойлж болдоггүй эхийн сэтгэлийг тэр ээжийнхээ сүүлчийн мөчид дэргэд нь байгаагүй алдааныхаа харууслаас ургуулжээ. Сайн уран бүтээл хүний зүрхэнд хэзээ нэгэн цагт арилшгүй сорви болж үлдсэн үнэн эмзэглэлээс төрдөг шиг бодогдоно. 

Хамгийн сүүлд түүнийг сугадан таксинд суулгаж өгөхөөр Төв номын сангийн үүдээр алхаж явахдаа “Та өнгөрсөн онд гарсан “Шар гэгээ” киног үзсэн үү” гэж асуув. Ингэж асуусан нь учир шалтгаантай. Уншигч, үзэгч та бүхэн дотроо нэгийг тунгаасай гэж дахин сануулмаар байна. “Шар гэгээ” кино олон хүний хүч хөдөлмөр, нөр их сэтгэл шингэсэн бүтээл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэнд ч бас хоёр эх хүн гарна. Мөн нүүдэл, халуун хошуутай малаа дөнгөж хорвоод ирсэн үрдээ зүсэлж буй өгүүлэмж ч давхар тусгагдсан. Гэтэл Дулам хөгшин ч бас Цэрэнгийнд очоод хүүг нь гуйж чадахгүй тэвдэн, сэтгэлээ буруутгаж суухдаа “Хүүгээ том болохоор манайхаар очоорой, эмээ нь нэг хонь зүсэлчихсэн юм сан” гэж хэлдэг шүү дээ. Харин зохиолын гол үнэт зүйлс болох монгол хүний нинж сэтгэл, ухаарлыг төгсгөлийн хэсэгт харуулдаг. Энэ бол тэртээ 40 жилийн өмнө “Тан руу нүүж явна” киногоор харуулчихсан зүйл шүү дээ. Тиймээс миний тавьсан сүүлчийн асуулт мөн л эмзэглэлээс гарчээ.

“Харин хүмүүс тэр киноны тухай их ярьж байна. “Таны киноноос хуулсан төгсгөлтэй байсан шүү” гээд л... Зохиолыг нь Ш.Гүрбазар маань бичсэн гэж дуулсан. Хүний сэтгэлд үлдсэн сайхан зохиол, дүр, үйл явдлын алийг тэр гэхэв дээ. Магадгүй өөрийн мэдэлгүй тэгээд оруулчихсан байж болох шүү дээ”. 

Тэр сүүлчийн минь асуултад яг л эх хүний хэн нэгнийг амархан буруутгаж зэмлэдэггүй, ямагт уучлан хэлтрүүлдэг сэтгэлээр ингэж хариулсан. Одоо бол олны яриа, оргүй хоосон цэцэрхэлийн аль нь ч түүний уран бүтээлд, дотоод сэтгэлийн нууранд булингар хөдөлгөхгүй. Тэр “Тан руу нүүж явна” хэмээх уран бүтээлийн мөнхийн нэгэн суварга босгосон. Тэр суварга бусдыг алгаа хавсарч, залбирал үйлдэхэд бус өөрсдийнхөө уугуул мөн чанарыг, дотоод сэтгэлийг, хүн хүнээ гэх тасрашгүй нандин холбоог ойлгож, ухаарахад зориулагдсан юм. 

Амьдралаа хайраар дүүргэж, бичсэн бүхэндээ эхийн сэтгэлээр хандаж, унаж байгаа навчсыг алгандаа тосож зогсоо бяцхан охин, ургах нарнаар араг дүүргээд ирж яваа эмгэдийг дотроо төсөөлөн бодож бишрэх сэтгэлд автан зогсохуй ногоон гэрэл асчээ. Замд хөндлөн гарахдаа С.Оюун гуайн зээ рүүгээ яаран “Одоо бушуулахгүй бол болохгүй. Зээ минь бүлтийгээд хүлээж байгаа. Би чинь тэтгэвэрт гарчхаагүй. Харин ч шинэхэн, том албан тушаалтай болсон шүү дээ” хэмээсэн бидний энэ удаагийн уулзалтын сүүлчийн үгсийг санаж явлаа. 

Гэрэл зургийг | Баярсайханы ТАМИР
Гэрэл зургийг "CHUU CHUU" house - д авав.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав