Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ. Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг “групп”, “пэйж хуудас”-ууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.

Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын соёлт ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Ийнхүү 35 дахь удаагийн номын баяр удахгүй болох гэж буйтай холбоотойгоор “Номын баяр”-ын санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдтай ярилцлаа.

-Тун удахгүй 35 дахь удаагийн Үндэсний номын баяр болох гэж байна. Энэ жилийн номын баяр өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлогтой вэ? 

-Юун түрүүнд 35 дахь удаагийн номын баярын мэндийг уншигчид болоод хэвлэн нийтлэгч, зохиолчид, номд хайртай хэн бүхэнд хүргэе. Сүүлийн үед гадаадын хэвлэн нийтлэгчид Монголын номын баярыг сонирхох хандлага өсөж байна. Учир нь гурван сая гаруй цөөхөн хүн амтай боловч хамгийн орчин үеийн, сүүлд хэвлэгдсэн номуудыг уншдаг, дэлхийн номын ертөнцтэй хөл нийлүүлэн алхдаг уншигчидтай монголын номын зах зээл сонирхлыг нь ихэд татаж буй. Энэ тухайгаа манайд уламжилж, номын баярт оролцох хүсэлтийг цөөнгүй орны хэвлэн нийтлэгчид, утга зохиолын агентлаг тавьж байгаа. 

Тиймээс энэ удаагийн номын баярт Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид ирж монголын хэвлэн нийтлэгчдэд сонирхолтой номуудыг санал болгох, гадны зах зээлд номоо гаргах хүсэлтэй зохиолчийн бүтээлтэй танилцана.  Энэ нь монголын ихэнх паблишингд шинэ боломжийг үүсгэх үйл ажиллагаа болно гэж бид харж байгаа. Мөн Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирэхээр болсон.

-Номын баяр үйл ажиллагаагаа гадагш тэлж байх шиг байна. Зохиолч, уншигчид ч энэ чиглэлийн ажиллагаа түлхүү хийгдээсэй гэж их ярьдаг шүү дээ...

-Бид 2015 оноос хойш гадаад харилцаа тал дээрээ алхам алхмаар хичээж л ирлээ. Уг баярыг монгол орон, Улаанбаатар хотынхоо нэр хүндийг, хүмүүсийн оюун сэтгэлгээг бусдад таниулдаг сайхан баяр байгаасай гэж хүсдэг. Иргэд маань оюунлаг, мэдлэгийг шүтдэг ард түмэн гэдгийг гадны иргэдэд харуулахыг зорьдог. Тиймээс үйл ажиллагаа гадагш тэлэхийг хичээж, гадны баяруудад оролцох, туршлага судлах, харилцаа үүсгэж ирсэн. 

Зохиолч, хэвлэн нийтлэгчдийн зүгээс хэвлэлийн газар, уран бүтээлээ сурталчлахаас гадна сонирхол татсан үйл ажиллагаанууд дээр хамтардаг, илүү нягт оролцоотой байгаасай гэж боддог. Үүний сайн жишээ бол “Дэлхийн зохиолчид Монголд” төсөл шүү. Энэ бол зөвхөн баяр бус соёл танин мэдэхүйн чухал ажил гэж хардаг, ханддаг байгаасай, уншигчидтайгаа холбогдох гүүр, нийтлэлийн бодлогоороо өрсөлддөг талбар болгоосой хэмээн хүсдэг. 

-Мэдээж хилийн дээс алхаж, хүмүүстэй хамтран ажиллахаас гадна, эх орондоо зохиолч болоод гадаадын томоохон агентлаг, паблишинг урьж авчрахад санхүү нэлээдгүй шаардагдах байх...

-Мэдээж хэрэг гадны баярт очиж оролцохоос гадна, тэндхийн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг эх орондоо урих дайны нөхөрлөлийн харилцаа бидэнд тун чухал. Харин уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл зайлшгүй гардаг.  Өнгөрсөн жил Аялал жуулчлалын яамнаас нэг хүний зардлыг дэмжинэ гэж гэрээ энэ хийснээ яг явах болоход зээлээд яваад ир удахгүй өгнө гэж амлаад, гэтэл тэндээ ажил хийж зардлаа олоход хүргэсэн шд. Юм үзэж нүд тайлах шахуу юм болсон \инээв\ Тиймээс номын баяртай хамтран ажиллахыг хүсдэг, номд хайртай бизнесийн байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна. 

Ний нуугүй хэлэхэд номын баяраас гадна бидний зохион явуулдаг хөтөлбөр үйл ажиллагаанд хамтран ажиллахад нээлттэй. Энэ удаагийн баяр дээр ч бас спонсор, дэмжигч байгаагаа уламжилъя. 

-Хүндрэлтэй асуудал өөр юу байна вэ? 

-Яахав, санхүүтэй холбоотой хүндрэлтэй асуудал ярихаар гайхаж байж магад. Бусдаар бол сэтгэл байхад бүх зүйл болно, болдог шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Номын баярын төрөөс дэмждэг, УИХ -ын даргын ивээл дор зохион байгуулдаг биз дээ.

-Номын баярыг төр засгаас дэмждэг гэж их ярьдаг. Үнэндээ бол хамтын ажиллагаа байгаа ч тэр нь мөнгө төгрөгөөр дэмжүүлдэг гэсэн үг биш. Ингэж харагддаг болохоор спонсор, дэмжигч гарч ирдэггүй байх. Төрийн байгууллагын шугамаар хөөцөлдөх ажил их байдаг. Үнэхээр их ажил ч бий. Үүнийхээ хариуд төрийн байгууллагуудадаа хөнгөлөлтэй үнээр оролцох оролцооны төлбөрийг өнгөрсөн жилээс өгч байхаар болсон. Өмнө нь ийм байгаагүй шүү дээ. Шууд л тэдэн асар үнэгүй өг гээд тулгаж, багагүй өр төлбөрт оруулдаг байв. Тиймээс хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тухай бүрт нь шийдэл хайж харилцан дэмжин ажиллаж байхаар тохиролцсон юм. 

Мэдээж хамтын ажиллагаа нь зүй зохистой хэмжээгээр байснаараа эерэг нөлөөлөл бий болдог.  Ер нь бол тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаагаа удаа дараа уламжилсаар ирсэн. Дорвитой бодлогын чанартай хариу авч байгаагүй.

Одоогоор бол гадаадын хэвлэн нийтлэгчдийг монголд урьж авчрахтай холбоотой санхүүгийн асуудал тулгараад байгаа. Түүн дээр л спонсор хайсаар л байна.

-Гуч гаруй удаа тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг амаргүй. Жил бүрийн номын баяраар асрын асуудал их сөхөгддөг. 

-35 удаа номын баярыг зохион байгуулахад амар хялбар үйл ажиллагаатай баяр гэж байгаагүй. Зохион байгуулалтын ажил хийж үзээгүй улс аливааг амархнаар харж, элдэвлэдэг. Тэр болгон дээр хэзээ ч тайлбар хэлэлгүй өдийг хүрсэн. Хувь хүний болоод байгууллагын нэр хүндэд халдах асуудал гардаг. Магадгүй зохион байгуулалттайгаар тийм зүйл хийдэг болов уу гэж харж байгаа. Энэ баярын ард олон хүний эв нэгдэл, номын соёлыг түгээх чин сэтгэл бий. Яг номын салбарынхан дундаас гомдол ирдэггүй хэрнээ мэддэггүй улсаас тийм хардлага гардаг. Тэр нь тодорхой төрийн байгууллагын дарга, даамал солигдох үед л онцгой чимээ шуугиан дэгдээдэг. Энэ удаад хотын дарга болон баг нь солигдсныг эс тооцвол бусадтай нь сайндаж муудаж явсаар таньдаг ч болж, ойлголттой ч болж, гайгүй байх. 

-Номын баяраас ашиг олдог тухайд? 

-Уг нь ашиг олбол байгууллагын цаашдын үйл ажиллагаанд тустай байдаг. Гэтэл  өнөөдөр ч тулгамдсан зардалдаа бид спонсор хайгаад явж байна. Бидэнтэй бартераар ажилладаг, төлбөр төлдөггүй оролцогчид, гадны зочид, тусгайлан урьсан зочин, хамтын ажиллагааны хүрээнд төлбөргүй оролцуулдаг газрууд гээд зөндөө л зохицуулалтууд ард нь  явдаг. Үүнээс харахад ашиг олдог тухайд тун ойлгомжтой хариулт болох болов уу. Тухайлаад нэг жишээ хэлэхэд, танай хэвлэл мэдээллийн байгууллагатай бартераар хамтран ажиллаж байна. Өөр хэд хэдэн мэдээллийн байгууллага бий. Ер нь асрын зардлыг өөр байгууллагат төлж, түрээсээр авдаг тул хувь уран бүтээлч, байгууллага зуун хувь төлөх нь номын баяраа дэмжиж, хүндэтгэж байгаа хэлбэр. Зөвхөн асар түрээслэхгүй, тайз, хөгжим, хамгаалалт, зохион байгуулалт, сэтгүүл, брошур, эвентийн хөтлөгч, орчуулагч, үзүүлбэр, урьсан гадаад зочдын хоол унд, ажиллаж байгаа 18 багийн цалин урамшуулал гээд бүгд л зардал. Оролцогч нэг бүр өөрийгөө ч бусдын хөдөлмөрийг үнэлээд зохих ёсоор төлбөр тооцоогоо төлөөд оролцдог соёлтой байгаасай. Олон ч байгууллага бартераар ажиллаад олон жил боллоо. Зарим байгууллага юун төлбөр бид хэзээ ч төлбөр төлж байгаагүй гээд уурладаг шд \инээв\ Нэр бүхий том газрууд дараа төлье гэж оролцоод баярын дараа нэхэл дагал болгож байгаад алга болно. Дараагийн баяраар юу ч болоогүй юм шиг гараад ирнэ. Нэг тийм муу зуршил байна. 

-Ахмад зохиолчид болон сэтгүүлчдэд уг нь асар үнэгүй олгодог гэдэг. Гэтэл зарим нь суух газарч олддоггүй зэргээр шүүмжлээд байдаг. Бүртгэл мэдээллийн тухайд...

-Өнгөрсөн жилээс бид Нийслэлтэй тодорхой хэмжээний ойлголцолд хүрсэн. Тиймээс зарим асрыг төрийн байгууллагуудад өгдөг. Тэнд төрийн байгууллага өөрсдөд хамааралтай зохиолч, уран бүтээлчдийг суулгадаг. Тэгсэн ч цаана нь дахиад олон уран бүтээлчид үлддэг. Үнэхээр боломжгүй, ар гэрийнхэндээ хаягдчихсан, харж хандах хүнгүй мөн сайн уран бүтээл туурвисан уран бүтээлчдэд боломж олгодог. Бид үүнийгээ зохион байгуулагчдын зүгээс спонсорлон дэмжиж байгаа хэлбэр гэж үздэг. Зарим нөхцөлд ном уран бүтээлээс нь авч, тэдгээрийг хандивлах, үйл ажиллагаагаа сурталчлах, хүүхдүүдэд бэлэглэх зэргээр ажилладаг. Үнэн байдал нь энэ. Өмнө нь бүгдийн хамруулахын тулд нэвтрүүлгээсээ олсон орлогоо хүртэл оруулж байж зохиолчдоо суух асраар хангадаг байлаа. Гэтэл баяраас бусад үйл ажиллагаанд зарцуулагдах төсөвгүй болчихдог. Ядаж л номын клубийнхээ 7 хоног тутамд цугларахад нь хүүхдийнхээ цай, боорцогийг авч чадахгүйд хүрчихдэг.

Номын баярыг бүртгэлтэй болгож эхэлснээр хэн хэрхэн оролцох вэ гэдэг нь тодорхой болчихож байгаа юм. Өнгөрсөн жилээс эхлээд бид цахимаар бүртгээд, тодорхой цагуудыг олгож цахимаар болон биеэр уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцдаг болсон. Ямар шинэ ном нээх, ямар чухал ажлыг хийх вэ гэдэг мэдээллээ солилцоно. Бие биедээ илүү хүндэтгэлтэй харилцдаг болж байна. Зарим шинэ оролцогчид маань мэдэхгүй байж магадгүй. Урьдчилсан захилга өгөх, оролцох эсэхээ мэдэгдэх, цахимаар бүртгүүлэх соёлын дагаасай гэж хүсмээр байна.

-Танай байгууллагаас зөвхөн үндэсний номын баяраас гадна, залуусын хөгжүүлэх, ном унших соёлд суралцах нэлээдгүй ажлууд зохион байгуулдаг. Энэ талаар ярихгүй юу? 

-“Номын соёлт ертөнц” ТББ маань сүүлийн долоон жил өсвөр насны хүүхдүүдээс бүрдсэн “Номын ертөнц” клубыг ажиллуулж байгаа. Уг клубын нөлөөгөөр номын баяр хүүхдүүдийн дунд өргөжин тэлж байна. Хүүхдүүдийн хувьд зорилготойгоор ном унших ажлыг түлхүү чиглүүлэн ажиллаж байгаа. 

Жил бүр бид өөр, өөр сэдэв бүхий 50 номыг нэрлэдэг. Энэ нь залуучуудыг уншаасай гэж зөвлөх хэлбэрээр гаргаж байгаа. Түүнээс заавал унших ёстой гэж тулгадаггүй. Өнгөрсөн жил бид өсвөр насныханд зориулсан “Амттай 50 ном”-ыг нэрлэсэн бол энэ жил “Амьтдын сэдэвтэй 50” номыг нэрлэж байна. Яагаад амьтдынх вэ гэвэл энэ дэлхий зөвхөн хүнийх биш. Нөгөөтээгүүр 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд манай улс гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хуультай болсон. Бид удахгүй бие хүн болон төлөвшиж байгаа залуус нийгэм, цаг үеийнхээ тухай мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхдаг байгаасай гэж хүссэн. Мөн хүн, амьтныг хайрладаг, ирээдүйн гумманистууд бас бэлтгэж байгаа учраас хэзээд бусдыг ойлгох, амьтныг хайрлах өр нинжин сэтгэлийг суулгах үүднээс амьтны тухай өгүүлэх номуудыг нэрлэж байна. Цаашлаад бид тус номуудын зөвхөн нэрлээд орхичихгүй. “Номын ертөнц” клубын хүүхдүүд 50 номын тухай 50 подкастыг өсвөр насны найзууддаа зориулан цацахаар бэлдэж байгаа. Бүтээлч тэмдэглэлийн уралдаан, үзэсгэлэн, илтгэл яриа зэрэг ажлуудаа зохион байгуулна. 

-Мэдээж тэдгээр ажлууд үр дүнгээ хэр хэмжээнд өгч байгаа бол. Сургуулиудтай холбоотой явуулсан ажлуудын нөлөө номын баярын үеэр илүүтэй мэдрэгддэг үү? 

-“Үндэсний номын баяр” бол бидний сэтгэл зүрхээ зориулан хийдэг томоохон ажлуудын нэг нь юм.  Бид долоо хоног болгон тогтмол үйл ажиллагаатай байхыг эрмэлзэж номын нэвтрүүлэг, бичлэгүүдээс гадна “Номын ертөнц” сэтгүүл, өсвөр насныханд зориулсан номын клуб, редактор клуб, ном зүйн сургалт зэрэг яг л номын салбарт дутагдаад буй олон чиглэлүүд дээр үйл ажиллагаа явуулдаг. Хийж байгаа ажил бүр маань ашгийн төлөө бус байгаа. Хүүхдүүдийн хувьд зорилготой уншилт гэдгийг бий болгоё, бусаддаа мэдээлэл түгээе, “би энэ хүний оронд байсан бол” гэх гумманист хандлага бүхий соёлыг тэдэнд суулгах ёстой гэж үздэг. 

Жил бүрийн 11 сард хүүхдийн номын өдөрлөгийг угтан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг илүү идэвхтэй хамрагдуулахын тулд лекц, уншлага, ном уншихын ач холбогдлын талаарх уулзалтыг тогтмол хийдэг.

Өдгөө зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг зав зарцуулах нь хомс болсон. Ажлын шаардлага илүүтэй нөлөөлдөг байх. Тиймээс хүүхдээ манай клубын гишүүн болгох боломж бий. Яаж номтой нөхөрлүүлэх вэ гэдэг маш том асуултын тэмдэг байгаа бол бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй.  

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд номын баярыг хүүхдүүд сайн мэддэг болсон. Чанарын судалгаагаар номын баярт ирсэн хүмүүсийн 50 орчим хувь нь өсвөр насны хүүхэд залуус болох нь батлагдсан. Жил болгоны номын баяр дээр судалгаа авахад иргэдээс ирж байгаа хандлага, мэдээлэл нь биднийг ажлаа сайжруулахад түлхэж болж өгдөг учраас баярын дараа судалгаатайгаа танилцах бүртээ л хүүхэд залуусын маш гоё эвент болжээ гэдэг батлагддаг. Номын баяр дээр сайн дурын ажил хийе, энэ гоё үйл ажиллагааны нэг хэсэг болохыг хүссэн хүсэлт ихээр хүлээн авдаг. Үүнийгээ бидний явуулдаг үйл ажиллагаа хүүхдүүдийн ном унших, юмыг эерэгээр харах хандлагад сайнаар нөлөөлж байна гэж хардаг.  

Мөн номын баярт хэрхэн оролцох, ном унших ач холбогдлын талаарх нөлөөллийн ажлуудыг ЕБС-иудтай хамтран хийдэг. Бид өөрсдийн гэсэн автобустай сургуулиудыг номын баярт урьдаг. Учир нь хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангаж ажиллах ёстой. Даанч сургууль бүхэн автобусгүй, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангах боломж хомс байна. Өнгөрсөн онд бид сургуулийн 5 автобусаар хотын захаас сурагчдыг зөөж, гарсан бинзений төлбөрийг төлж байсан. Баярт ирж үзэхийг хүсдэг хүүхдүүд их байдаг тул цаашид сургууль бүр үүнийг соёл болгоод төсвөө өөрсдөө шийдэх боломжтой санагдаж буй.

Нэг гоё жишээ гэвэл хүүхдүүд өөрсдийн “хүүхдийн зуун мянга”-н төгрөгөө цуглуулж, номын баяраас ном авна гэсэн байдаг. Энэ бол хайр хүрэм гоё зүйл. Эцэг эхчүүд хүүхдүүддээ чөлөөтэй номын сонголт хийх боломжийг нь олгоосой гэж хүсэж байна. Хүүхэд өөрөө сонгосон ном, өөрөө авсан юм аа хэрэглэдэг, уншдаг. 

Мөн бид хүүхдүүдээс 50 үгтэй захидал хүлээн авч буй. Номын баярыг гэр бүлийн баяр шиг хүлээн авдаг, аав ээж нь цаг гаргадаг чухал үйл ажиллагаа, тухайн жилийн хамгийн супер аялал, дурсамжтай өдрүүд гэж бичсэн байх жишээтэй. Энэ бол уг үйл ажиллагааг зохион байгуулдаг хүний хувьд үнэхээр тайлбарлах аргагүй гоё мэдрэмж байдаг юм байна. Тийм сайхан мэдрэмжийг харамгүй өгдөг хүүхдүүддээ, цаг заваа зориулан ирдэг гэр бүлүүд дээ, ном уншиж буй бүх хүүхдүүдэдээ баярлалаа. 

-Хотын Төв номын сан болон, Нийтийн номын сан энэ баярт ямар үүрэгтэй ажилладаг вэ. Танай зүгээс тэдгээртэй яаж харилцан ажилладаг бол...

-Номын сангуудтай тэр болгон өргөн хүрээтэй ажлуудыг хийж чаддаггүй. Гадны номын баяруудыг үзэж олон улсын номын баяруудад номын сан нь хэрхэн оролцдог вэ гэдэг туршлагыг судалж ирээд хамтран ажиллах санал тавьж үзсэн. Тодорхой үр дүнд хүрч чадаагүй л байна. Бүтээлчээр хийж болох өөр олон ажлууд дээр хэзээ нэгэн цагт сайхан хамтарч ажиллах биз ээ. 

-Саяхан танайхаас гаргасан, уншигчдын дундах судалгааны тайланг харсан л даа. Номын баярт оролцсон хүмүүс дунджаар 2-4 ном зайлшгүй авдаг талаар дурдсан байсан. Нөгөөтээгүүр ном унших ач холбогдлын талаар залуус руу чиглэсэн ямар ямар ажлууд номын баярын үеэр зохион байгуулдаг вэ. Зарим нь номын баяр бус номын худалдааны зах болоод байна гэх шүүмжлэл хэлдэг шүү дээ? 

-Номын баярын судалгаа гэдэг их чухал. Мэргэжлийн баг судалгаа хийдэг. Судалгаа гэдэг ажлаа улам чанаржуулахын үндэс шүү дээ. Мэдээж хүмүүс ном авах, хайртай зохиолчтойгоо уулзах, гоё эвентүүдэд оролцохыг хүсэж ирдэг. Эдгээр нь бүгд зөв. Тэдгээрийг чадлынхаа хэрээр зохион байгуулдаг.  Гэхдээ таны асуусан яриа хэдэн жилийн өмнө дууссан байхаа. Харлуулах гэсэн компанит ажил явагддаг байсан юм. Одоо тэгэх нь утгагүй гээд больсон шиг санагддаг. 2020 онд Г.Аюурзана зохиолч “Монголчууд өөрсдийн дээдэлдэг ёслол хүндэтгэлийн талбай дээрээ номыг дэлгэн тавьж буй нь түүхэндээ хэзээ ч байгаагүй хүндэтгэл юм” хэмээж байсан удаатай. Энэ баярыг хэн яаж харахыг хүснэ, түүгээрээ харах байх. Бид бол арай өөр мөрөөдөл, хүсэл тэмүүллээр хардаг учраас илүү олон хүн ном уншиж, боловсорч, боловсрохын хэрээр амьдралын чанар нь сайжраасай гэж хүсдэг. Тиймээс номын баярыг мэдлэгийн төлөөх чухал дуу хоолой байгаасай гэж боддог. 

Харин тогтмолжоогүй ч зарим өгөөжтэй ажлыг тогтмол хийдэг болгоё гэж боддог болсон. Жишээ нь номтой холбоотой үйлчилгээг илүү сурталчлах, түншлэлээ өргөжүүлэх орон зай гаргах, “Ном хож” нэвтрүүлгийг шууд бичих, гадныханд зориулсан нөхөрлөлийн хөтөлбөр гэх зэрэг. Энэ жил дахин автобустай аялалд хамрагдмаар, динозавртай ахин уулзмаар, Тандар ирээсэй гээд зөндөө л хүсэлт байна. Гэхдээ энэ бүгд мөнгөөр шийдэгдэх ажил тул чадна гэж хэлэх хэцүү. Спонсор гараад ирвэл динозавраа авчирмаар л байна.

Номын баяр дээр ирээд гоё мэдрэмжийг авч, нандин дурсамжийг хүмүүс бүтээгээсэй гэж боддог. Эвентүүдийг тогтмолжуулж, илүү гоё, өргөн цар хүрээтэй болгохын тулд  нэмэлт зардал гарах тулд менежментээ л сайжруулахыг хичээе.  

-Номын баярт цаашид гадаадын зохиолч болоод хэвлэн нийтлэгчид түлхүү оролцож монгол уран бүтээлчдийн номыг тусгай шалгуурын дагуу гадагш хэвлэдэг, дэлхийн уншигчдад таниулах нь чухал гэдэг. Үүн дээр ямар байр суурьтай ажиллаж байгаа вэ? 

Яах вэ бага багаар алхам хийгдээд л явж байна. Илүү хийг гэвэл мэдээж эхэнд ярьсан санхүүгийн хүндрэлтэй л нүүр тулчихаад байгаа юм. Ерөөс уг үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд тодорхой зардлууд хэрэгтэй байдаг л даа, аль ч улсад. Сая Euroasian book fair -ийн нөхөрлөлийн silver хөтөлбөрт хамрагдан зохион байгуулагчидтай уулзаж байхад бидэнтэй мөн адилхан бэрхшээлээ ярьж байсан. Гадаадаас ирсэн зочдоосоо судалгаа аваад түүнийгээ төр засагтаа үзүүлж, дэмжлэг авахад хэрэгтэй гэсэн. Гэтэл бидэнтэй харьцуулашгүй үнэхээр том дэмжлэгтэй зохиогдож байсан. Бид боломжийг хүлээлгүй бий болгохоор ажиллаж байгааг энэ удаагийн баяраас харж болно. Яахав гадаад харилцаатай холбоотой ийм төрлийн зардлыг төрийн зүгээс дэмжиж ажиллаж буйг Сөүлийн номын яармагаас хараад яамандаа хүсэлт өгсөн ч одоогоор ямар нэг шийдэлд хүрээгүй байгаа болохоор өөрсдийн хэм хэмжээнд, шийдчих гээд хичээж л байна даа. 

-Мэдээж дэлхийн өндөр хөгжилтэй орнууд номын худалдаа, номтой холбоотой үйл ажиллагааг сард 2-оос 3 удаа ч зохион байгуулдаг нь бий. Үндэсний номын баяр тасралтгүй зохион байгуулагдсаны хамгийн чухал ач холбогдол юу вэ? 

-Гуравхан сая хүнтэй ч ямар их уншигчидтай юм бэ гээд Англи, Орос, Казахтсан, Турк гээд олон орны хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн агентлагийн удирдлагын түвшний хүмүүс гайхаж байсан. Тэгэхээр манай орны ном унших соёл олон улсад гайхагдана гэдэгт итгэж байгаа. 

-Цаашид зохион байгуулахдаа юуг анхаарч, юун дээр илүү төвлөрч ажиллах вэ?

-Цаашдаа менежментээ сайжруулаад олон гоё зүйл дээр анхаарна. Олон улсад үүсэж байгаа гоё харилцаануудыг улам хөгжүүлэхийг хүсэж байна. Мэдээж бодлогын болон бодит дэмжлэг авахын тулд төртэйгээ хамтран ажилламаар байгаагаа ахиад хэлье. 

-Сүүлд та “Номтой болзоо” хэмээх шинэ, цуврал контентоо цацсан. Нэвтрүүлгээ хийхээ больчихов уу даа... 

-“Номын ертөнц” нэвтрүүлэг бүхэл бүтэн 2005 оноос хойш тасралтгүй явсан. Сүүлд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэйгээр 740 дэх дугаараа хийгээд 2023 оны 12-р сард зогсоосон. Одоо эрүүл мэнд сайжирсан учраас “Спонсор” гараад ирвэл хийхэд бэлэн. Бид номын талаарх мэдээллийг нийгэмд хүргэдэг ажлаа тууштай тасралтгүй хийх сэтгэл байна.  Яах вэ харилцагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Номтой болзоо” цуврал контентийг эхлүүлсэн. Зурагтаар цацахгүй, сошиал орчинд контентоо цацаад хүмүүст хүргэх юм. Учир нь уулзъя, номын тухай яръя гэсэн хүмүүс олон бий учраас тэднийхээ хүслийг биелүүлээд оюун ухааны ресторан “Мажестик” номын дэлгүүртэй хамтраад тус контентоо хийж байна.

Бид нэгнийгээ хийж буй ажлаар нь дүгнэдэг бол тус блог нь дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь таниулах зорилготой, чөлөөт хэлбэрээр хийгдээд явж буй. Мэдээж хамтран ажиллах хүн бүхэнд нээлттэй, үүнээс орж ирэх орлого маань яг манай байгууллагын төсөв болж өгдөг учир номын соёлыг түгээхэд чухал үүрэгтэй гэсэн үг.  Нөгөөтэйгөөр редактор клубтэй хамтран ном бичихийг хүссэн хүн бүхэнд боломж нээлттэйг хэлье.  Номын баяраар ”Book market” асарт зочлон ирвэл хамтын ажиллагааны олон боломжийг мэдэх болно. Мөн манай байгууллагын мэдээллийн хэсэгт хүрэлцэн ирж биеэр уулзах боломжтой. 35 дахь удаагийн номын баяраар уулзацгаая.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав