“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2024 арга хэмжээн дээр хотон ястан, батламжит өв тээгч Д.Балгантай цөөн хором ярилцлаа. Угсаатан ястан хоорондоо даяаршиж, онцлог шинжүүд нь бага багаар алга болж буйд эмзэглэж явдаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Д.Балган гэдэг. Би Увс аймгийн тариалан сумын уугуул, Монгол Улсын батламжит өвлөн уламжлагч хүн. Хотон ястны бий биелгээг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн. Цаашлаад түгээн сурталчлах, хойч үедээ уламжлуулах үүрэгтэй. Хоёр өв тээгч гэж албан ёсоор бүртгэгдсэн. Улаанбаатар хотод ирж суурьшаад 20 жил болж байна.
-Та бий биелгээнээс өөр ямар өв тээгч вэ?
-Икэл хуур.
-Та эдгээр өвийг удмаасаа өвлөн авсан юм байна шүү дээ. Энэ тухай яриач?
-Хотон угсаатны Шаавай овгийн хүн. Дээш ургаасаа 13 дахь үе, өөрийн галаасаа тав дахь үеийн бие биелээч хүн юм л даа. Миний зургаан хүү зургуулаа бий биелгээ хийдэг, икэл хуур тоглодог. Манай ураг удам дотор олон сайн бие биелээч, икэл хуурчид байгаа. Гэхдээ гал нь бол өөр хүмүүс юм. Жишээ нь Увс аймгийн "Улаан гэр" одоогийн “Соёлын Ордон Драмын театр”-ыг үүсгэн байгуулсан Д.Авирдай гэж хүн манай ургийнх.
-Одоо хэдхэн цагийн дараа таны номын нээлт болох гэж байна. Ямар учиртай ном вэ?
-“Үл тасрах өв” гэсэн нэртэй ном байгаа. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн бие биелгээ болон бусад ёс заншлыг ном болгон сударлалаа. Өвлөн уламжлагчид дотроосоо анхныхаа номыг гаргаж байна. Хотон угсаатны бий биелгээний гарын авлага.
-Бий биелгээ, икэл хуур тоглохын ач тус нь юу вэ?
-Бидний монголчуудын мөрдөж явах, цаашдаа сурах зүйл бол бие биелгээ мөн. Судлаачид бие биелгээг хүн хэлд орохоос өмнө үүссэн гэдэг. Дэлхийн хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөн гэж ч нэрлэдэг. Баруун Монголын зургаан ястны уламжлалт бий биелгээ болж, язгуур урлагийн төрөл болсон. Үүнийг бид мартахгүй, түгээх, таниулах, өвлүүлэх эрхэм зорилготой. Бий биелгээ бол өглөө сэрээд нүдээ нээхээс орой унтах хүртэл хийдэг ажлуудыг харуулдаг учиртай урлаг юм. Хамгийн товчхондоо шүү.
Ач тус гэж ярих юм бол нэг л зүйр үгээр хариулъя. “Эрүүл биед саруул ухаан оршино”.
-Урьд цагийн бий биелгээг утгаар нь орчин цагт хийж чадаж байна уу?
-Үгүй, натур хэв шинж нь алдагдах гээд байна. Икэл хуурын татлагыг л гэхэд дөрвөд, баядаар татаж байгаа юм шиг холимог болчихсон. Энэ сайхан олон ястныхаа онцлог шинжийг дангаарчилж, ялгааг нь гаргаж хойч үедээ таниулах цаг иржээ.
-Заавал дангаарчлах ёстой юу?
-Тэгэлгүй яах вэ. Ондооших ёстой. Улсаараа, нийгмээрээ даяаршиж байна шүү дээ. Солонгос ч юм шиг, америк ч юм шиг, монгол гэхэд хэцүү хүмүүс боллоо. Тиймээс монгол гэх нэрэн дор оршин тогтнож байгаа 23 угсаатны өв соёлыг дангаарчлах хэрэгтэй. Холилдоод ирвэл юу болох билээ. Тэр ястанд өөрийн гэсэн онцгой зүйл үлдэх үү. Өөрөөр хэлбэл угсаатан, ястнаараа даяаршаад ирвэл юуг өв соёл, уламжлал гэх юм. Манай бүх ястан өөрсдийн гэсэн гайхалтай онцлогтой. Энэ бүхэн тус тусдаа орших ёстой юм аа.
Хэл байхгүй боллоо. Залуучууд ном уншихгүй байна. Сайхан монгол зүйрлэл байхгүй. Ном уншихгүй болохоор аргагүй юм даа.
-Хотон угсаатны гарал үүслийн тухай олон маргаан байдаг шүү дээ?
-Хотон угсаатан монгол нутагт хаанаас ирж суурьшсан тухай олон судлаачдын таамаг байдаг. Зарим нь туркээс ирсэн, зарим нь шинжаанаас ирсэн гэдэг. Казакстанаас ч тасарсан хүмүүс ч гэж хэлдэг. Энэ бүхэн бол түүхийн эргэлзээ. Одоо бол Монголын хотон ястан гэдэг л миний мэдэх ганц үнэн байна даа.
-Та икэл хуурын тухай яриач?
-Икэл хуур бол арьсан цартай, дээрээ морин толгойгүй шулуун, ямааны илгээр хийдэг. Морины сүүлээр чавхдасыг нь хийдэг дээ. Хурууныхаа өндгөөр тоглодог эд.
-Та хэдэн настайгаасаа хуур тоглож, бий биелгээ хийж сурсан бэ?
-Ген гэж нэг зүйл байдаг. Энэ зүйл хөтлөөд оруулчихдаг юм. Заагаагүй байхад сурчихдаг. Сонсож,харсан мэдрэхүйгээрээ сурсан даа. Манай хүүхдүүд ч гэсэн заагаагүй байхад л сурчихсан.
Ярилцсан | А.Даваадулам