Хүн бүр өөртөө хэзээ ч дэргэдээс нь холдомгүй нандин дурсамж, түүхийг агуулдаг. Тэднээс гэрэл цацарч, заримдаа гуниг сэвэлзэх нь бий. Харин энэ бол тэдний хайрын түүхүүд. Уншигч та бүхэнд гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэхийн ташрамд тэдний хайрын түүхийг хуваалцаж байна.
60-аад жил ханилж буй Ц.Ядамсүрэн ба түүний гэргий Р.Нямханд
Бид ханилаад хэдийн 58 жил болсон байна. Анх 1965 онд би аавынхаа хөдөлмөр өдрийн хөлсийг авах гээд сумын даргын өрөөний үүдэнд хүлээгээд сууж байсан юм. Тэгсэн манай хөгшин тухайн үедээ тэв тэгшхэн цагаан шүдтэй жаахан хүүхэд, нүүр дүүрэн инээчихсэн санхүүчийн өрөөнөөс гараад өөр өрөөнд ороод л, урд хойгуур гүйгээд байсан юм. Би ч багшийн сургуулийн хуваарь авчихсан, явах гэж байсан учир их юм бодсонгүй. Дараа жил нь боловсролын хэлтэс орж хуваариа сонсох гээд алхаж байсан чинь өнөө жилийн өмнө харсан хүү минь урдаас ирж явдаг байгаа. Тэгсэн нэг их инээчихсэн ойртож ирээд ‘Сайн байна уу’ гээд гар барьдаг юм.
Үргэлжлүүлээд нөхөр Ц.Ядамсүрэн ярьлаа…
-Жилийн дараа би гудманд явж байсан нэг их таньдаг хүн шиг харагдаад л сайн, муу асуугаад орхисон. Ярилцаад байсан чинь миний таньдаг малчны охин байж таарлаа. Тэгээд гэв гэнэтхэн л гэр бүлийн хоёр болчихсон. Бараг тэр өдөр тааралдчихаад л суух тухай ярьсан юм биш үү. Би тухайн үед хот хүрээ орж эрдэм шинжилгээний ажил хийх бодолтой байсан юм. Үүнийгээ ч тайлбарлаад ‘аав ээждээ хэлээрэй’ гээд захисан чинь хэлээгүй байсан. Улаанбаатарт шилжих болоход хадам аав минь жаахан халамцуу орж ирээд асууж байна: “Та хоёр чинь хотруу шилжих гэж байгаа хэрэг үү?” Би ч “Тийм ээ” л гээд жаахан хулганаад хэллээ. Гэтэл аав минь: “Зүйтэй, миний хүүхдүүд. Биднийг амьд дээр замаа шулуутгаад авах хэрэгтэй” гэдэг юм. Тухайн үед бол тийм бодолтой хөдөөний малчин эцэг ховор шүү. Тэгээд л хотод шилжиж орж ирээд би хотын тээврийн газарт хэлтсийн дарга, хань минь Монгол улсын их сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилд ороод хамтдаа урагш зүтгэсэн. Заяаны хань зам дээр гэж.
Анх алхаж яваад тааралдах тухайн мөчид бидний харц л бүгдийг шийдчихсэн дээ.
ЭР ХҮНИЙ ЁС ЖУДГААР ЭХНЭРЭЭ ГУЙЖ АВСАН
Бид ханилаад арваад жил болж байна. Анх Хөвсгөлийн мөрөн гол дээр танилцаж байлаа. Их даруу, төлөв төрх нь таалагдсан юм. Гэмгүй сайхан учраад эр хүний ёс жудгаар эхнэрээ гуйж авсан. Хөдөө амьдардаг учир валентиний баярыг жил болгон тэмдэглээд байж чаддаггүй ч чихэр жимсхэн бэлэглээд алдаг оног тэмдэглэхийг л хичээдэг дээ. Энэ жил хот хүрээ газар ороод ирчихсэн болохоор хамт кино үзээд, тэмдэглээд явж байна.
О.Итгэл болон П.Долгормаа хүүхдүүдийн хамт
2012 онд ангийн охины найз гээд яриа хөөрөөтэй, цэвэрхэн хүүтэй танилцаж байлаа. Үргэлж л утсаар залгадаг, байгаа газар минь ирээд уулзна. Үерхээд удаагүй байхад бээжинд амьдардаг багын найз минь бид хоёрыг ирэхийг урьсан юм. Буцах болсон чинь вагоноосоо хоцорчихсон, харих мөнгөгүй хөглөж байсан минь санаанаас гардаггүй. Тэгж явсаар 2014 онд анхны хүүгээ өлгийдөн аваад байр түрээслэн тусдаа гарч, хамтын амьдралаа эхлүүлсэн дээ. Хангалуун чинээлэг биш ч жаргалтай цаг үе. Удалгүй ахиад охинтой боллоо. 2019 онд хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод гадаад улсыг зорихоор шийдсэн.
Хүний нутагт амаргүй ч, хүүхдүүдийнхээ төлөө хүнд хэцүү ажлуудыг торолгүй хийдэг.
Энд ирээд бага хүүгээ төрүүлээд манайх гэдэг айл өнөр өтгөн сайхан амьдарч байна. Намайг байгаагаар минь хайрладаг ханьдаа хамгийн их баярлалаа.
Залуу гэр бүл О.Тэгшжаргал болон Д.Уранбилэг
Анх уулзсан өдрөө шууд л үерхэх санал авсан. Тухайн үед нөхөр минь хөдөө бүтэн сараар явж ажилладаг байсан учир уулзаж чадахгүй, маш их санана. 2022 онд тусдаа гарахаар шийдээд амралтын өдрүүрээр өглөөнөөс орой хүртэл чадахаараа өөрсдөө засвараа хийгээд л, энд тэндээс хуучин тавилгууд цуглуулж аваад амьдрал эхэлсэн. Хол явж олон хоногоор ажиллах үед нь хүлээх л хэцүү. Эхэндээ бол хүүтэйгээ хоёулахнаа хоноход айдастай, хэцүү байсан. Хол байх үед нэгнийгээ буруугаар ойлголцож гомдох үе ч гарна. Тийм үед шууд ярилцаад эргэлзээгээ арилгах чухал юм байна лээ. Бид хоёр валентиний баярыг аль болох боломжоороо тэмдэглэхийг хичээдэг. Ер нь баярын өдөр гэлтгүй манай хүн их романтик. Үргэлж л надад санаа тавьж халамжилна. Өнгөрсөн жилийн валентиний баярын өдрөөр надад гэрлэх санал тавьсан юм.
Зөв хүнтэйгээ учирвал өдөр бүр валентин гэдэг үнэн юм байна лээ.