Муухай юм уншлаа. Хэрэггүй ч уншив уу. Мартчихаад за, ямар намайг ингэсэн биш гээд алхъя гэтэл сэтгэл давчдаад чадахгүй нь. Маргааш намайг энэнээс ч илүүгээр харааж зүхнэ гэдгийг мэдэж байвч, тэвчихгүй нь.

“Өдрийн сонин”-ы талаар нэгэн бичлэг гарчээ. Ёстой огиудас хүр­мээр хараал зүхлээр дүүрэн бич­лэг. Ийм юм ер нь үзээгүй санагдана. Сонинууд хэзээ ч нэг нэгнээ ингэж байгаагүй. Хэдийгээр манай чөлөөт хэвлэл нас залуу ч туулж ирсэн цөөн жилийн түүхэндээ сэтгүүлч хүнийг сэтгүүл зүйн индрээр ингэтэл ха­рааж байсан удаа байхгүй. Сони­нууд хүн “барьж идэж” дуусаад, бие биенээ барьж идэх шахаж байгаа нь энэ үү.

Сүүлийн үед хэсэг сэтгүүлчийг түүж байгаад авлах хандлага үнэ­хээр гаарч байна. Энд тэнд үгийн зэвээр харвах, интернет ашиглан байж болшгүйгээр доромжлох, гүтгэх, нэр хүндэд нь халдах тэв­чиш­гүй үзэгдэл газар авлаа.

Энэ зовлонг цөөн биш жил амсч, уйлахдаа уйлж дуулахдаа дуулж яваа хүний нэг нь би. Сэтгүүлч хүний амьдрал тэр чигээрээ хатуу бэрх хэмнэл дунд хэрчигдэн өнгөрдөг. Сэтгүүлч хүн бусдыг мандуулж, өөрийгөө хөшигний ард үлдээдэг тэсвэрлэг хувь тавилантай улс.

Би өдөр тутмын сонины гал тогоонд буцалж, өглөөний ургах нарнаар гараад шөнө дунд гэрийн ба­раа харж арван хэдэн жил амь­дар­сан сэтгүүлч хүн. Бидэнд хувийн гэх амьдрал бараг байдаггүй. Хагас цэргийн шахам зохион байгуу­лалтад амьдардаг, үйл ажиллагаа нь дандаа нийгмийн ашиг тусын төлөө зориу­лагддаг ийм л салбарт амьдралаа зориулдаг. Би бас “Өд­рийн сонин”-ыг анхны дугаараа гаргахаас нь эхэлж тэртээ төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхаас нь хувь заяагаа холбож, залуу насны­хаа арван хэдэн намрыг энэ том айлд өнгөрөөсөн, тэдний тасархай. “Өдрийн сонин” бол өлгий минь юм. Өсч өндийгөөд нисч одсон шувуу би тэднийг минь ийм муу­хайгаар дайрч давшихыг хараад тэвчсэнгүй.

Өнөөдрийн сэтгүүл зүйд “Өд­рийн сонин”-ы гал голомтоос тасар­сан өдий төдий тасархай ажиллаж амьдарч яваа. Тэдний минь зүрх яг минийх шиг хатгасан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хамаг дурсамж, хамаг залуу нас минь шингэсэн энэ газрыг хамаа намаагүй дурын амь­тан нулимахыг би хувьдаа тэвчих­гүй. Өнөөдрийн сэтгүүл зүйд хам­гийн хүнлэг, хамгийн шударга, хам­гийн хүчирхэг үнэр хаанаас эхэлж хан­­халд­гийг мэддэг учраас би сони­ноо өмөөрнө. “Өдрийн сонин” бол эрх нь зөрчигдсөн, ядарсан, дар­лагд­сан болгоны эрхийг хамгаалж, зай тал­байгаа найр тавин өгдөг хүмүүнлэ­гийн элч сонин. Алга бол­сон хүүхэд, алдагдсан эрх чөлөө, аврал эрсэн нэгний хойноос “Өд­рийн сонин”-ы сэтгүүлчид л нойр хоолгүй явдаг юм. Хонгорт хордож, хогон дунд сурвалжлага хийж, нийгмийн хамгийн ядарсан түвш­нийх­ний төлөө ялар­халгүй явж ирсэн тэднийг минь ингэтэл их үзэн ядсанд гайхмаар. Эрх мэдэлтнүүдэд нумнаас тавьсан сум шиг үгтэй явсных нь төлөө ийм зэм оноож байгаа хэрэг үү.

“Зууны мэдээ” сонины хуудсаар нэгэн эрхэм сэтгүүлч Г.Дашрэнцэн, Г.Жамъян, залуу сэтгүүлч Л.Мөнх­баясгалан нарыг нэр цохон байж болшгүй үгээр дайрч давшилсанд мэргэжил нэгтний хувьд, басхүү эдгээр сэтгүүлчдийг удирдан ажил­лаж байсан багийн ахлагчийн хувьд ийнхүү өрвөлзөж байна, би.

Сүүлийн үед хэдэн эмэгтэй сэтгүүлчийг зүхдэг бүхэл бүтэн баг сайтуудад “ажиллаж” байна. Шорон­гийн хулгайчдад хүртэл нэг нэгнээ хайрлах хайр байдаг. Сэтгүүлчдэд харин үгүй бололтой.

Г.Жамъян гуайг л ингэж хэлэ­хээр биднийг арга ч үгүй юм даа гэж нэг талаас навс гутарлаа. Тэр хү­нийг ямар амьдрал туулсан гэдгийг одоогийн залуу сэтгүүлчид мэдэх­гүй. Нулимстай л амьдрал шүү дээ. Насных нь эцэст ингэж голыг нь гогодох хэрэг хэнд байна вэ гэж асуумаар байна.

Г.Дашрэнцэн бол хэнэггүй хүн. Нэг ч их эмзэглэхгүй байж мэдэх товарищ. Угаасаа хатуу амьдралын хуулийг даах л эрчүүд сэтгүүл зүйд амьдардаг. Чадахгүй нь хог болоод дуусна. Чаддаг нь ачаагаа үүрээд л зүтгэнэ. Өөр хууль байхгүй. Тэр ачааг даасан хэдийнх нь нэг яах аргагүй тэр. Мөн ч олон нийтлэлээ Г.Эрдэнэбат Г.Дашрэнцэн хоёртой­гоо уралцаж бичсэн дээ. Эргээд дурсахаар нулимс эгшмээр сайхан дурсамж бидний дунд үлджээ.

Л.Мөнхбаясгалан бол сэтгүүл зүйд бас л олон жил зүтгэсэн эмэг­тэй. Өдөр тутмын сонины гал то­гоонд харин хожуу ирсэн хүн. Сүү­лийн үед маш амжилттай ажиллаж байгаа. Би түүний нийтлэлийг ан­хаа­ралтай уншдаг. Заримтай нь санал огт нийлдэггүй, заримд нь баяр хүргэдэг. Уншигч хүн үүнээс өөр яаж хандах үүрэгтэй юм бэ. Ер нь бол сэтгүүлч хүнийг зориг нь л авч явдаг. Би түүнийг зоригтой сэтгүүлч гэж боддог. Ингэж залуу хүний зоригийг мохоож яах юм бэ гэж өнөөдөр халаглан харамслаа.

Бид чинь урсах нулимс, уярах зүрхээрээ адилхан л хүн шүү дээ. Ганцхан амьдрах хорвоод ингэтэл нэг нэгнээ үзэн ядах хэрэг байна уу гэж асуумаар байна.

Уг нь сэтгүүлч хүн уураа гара­хаар бичих үүрэгтэй байдаг юм. Харин би уураа гараагүй байхад, оволзож байгаад биччихлээ, ууч­лаарай. Учир нь өлгийгөө нэхий гэж голдоггүй монгол хүн юм аа, би. “Өдрийн сонин”-нд өдөлж, да­лав­чаа ургахаар нисч одсон шувуу юм аа, би.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав