|“Нүд чинь миний тэнгэр” номын тухай|

Урлаг, утга зохиол үүссэнээс хойш яван явсаар өдгөө ямар нэгэн зүйлийг хүнд шууд тулгахаа больжээ. Учир нь хүний сэтгэл ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг болохоор тэр. Магад зөвхөн өөртөө эсвээс өөрөө ч мэдэхгүйгээр туурвисан бүтээлүүд олон байдаг. Түүнээс уншигч юуг мэдрэх, таних, ойлгох, бие хүнд нь дөт мэдрэмжийг хүлээн авах нь хувь бодгалийн асуудал. Харин яруу найраг бол анхнаасаа ямар нэгэн ухаарал, сэтгэлийн дотоод дахь хөг эгшгийг хүмүүст гүн ухааны адилаар номчилж ирсэнгүй. Зөвхөн өөртөө зориулж бичих, сэтгэл дэх олон өнгийн гунигаа юүлэх, зүрхэндээ мэдэрч буйг бичих, уйтан ганцаардлаа усан бороо, цасны гэгээ, навчсын сэрчигнээтэй харьцуулах шиг...

Ахуйгаас мэдэрсэн нь хүний амьдралаас гадна байгалийн чимээтэй л ойр. Ээжлэн солигдох дөрвөн улирлын гэгээнд хүн бус байгалийн араншинг дотооддоо сонсож, ярилцаж, үзэгдлийнх нь өнгөнөөс сэтгэлийн хэлээ олоод цаасан дээр буулгадаг мэт. Энэ чанар яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн шүлгүүдээс тодхон анзаарагдана.

Тэрбээр яруу найргийн “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур”, “Нүд чинь миний тэнгэр” түүврүүдээ хэвлүүлжээ. Мөн “Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг тууж, “Хөх мэдрэхүй” шүлгийн /хамтын/ цоморлиг уншигчдад хүргэсэн юм.

Түүний хэвлүүлээд удаагүй байгаа “Нүд чинь миний тэнгэр” яруу найргийн түүврийг уншихад өмнө удаад шүлгүүдээс нь анзаарсан бодлууд улам улам аа тун чиг бодитой болох нь мэдрэгдэнэ.

Найрагчийн өртөө зориулж босгосон орон зайн дундах бодлууд нь тунгалаг бөгөөд ухаарал нь ямархан гэгээн өнгөтэй болохыг шүлгүүдээс нь анзаарна. Тэгснээ хачин гунигтай, тэр гуниг нь яг л түүнд зохих шиг эрхэмсэг дүрээр яруу найрагт заларна. Эмзэглэл, зовиур, гарах гарцгүйд тулсан нэгний шаналал ч бий.


УЛИРЛЫН НҮД

Яруу найрагч юуг онцолж харав. Бүр тодорхой хэлбэл амьдралаас, хүмүүсийн дундаас, орон хотоос, ээлжлэх улирлуудаас ямар нүдийг, гунигийг, хайрыг онцолж хараад зүрхнийхээ хэмнэл шиг лугших амьд халуун мөрүүд тэрлэв.

Ц.Дэлгэрмаа номынхоо шүлгүүдэд туссан өөрийн гунигийг гурван хэсэг болгон хуваажээ. Тэдгээр нь навчин судалтай цагаан хуудас дээр таталсан өөрийнх нь шүлгийн мөр, Орхан Памукын “Хар судар”, Д.Нацагдоржийн бүтээлээс авсан эшлэлүүдээс харагдана. Энэ ном ч өөрөө хэчнээн харагдахгүй боловч дулаахан нь мэдрэгдэх улирлын гэгээ, амь явахын сайхныг дуулсан тийм шүлгээр эхэлдэг.

Үдэш надад нөмрөг зэхжээ
Үл үзэгдэх дуслуудаар нэхсэн
Үнсэлт шиг дулаахан нөмрөг байнам.
Үнэндээ агаар жиндүү ч
Өлмий дороос бүлээхэн дэлхий ивнэм.
Анхилхан хаврын тэнгэр өөд
Алгаа хандуулбаас шүлэг хайрланам.
Амин чанарт нь шүтэж гэмээнэ
Амьсгал шинэдэм улирал байнам. /6-р тал/

Ирж буй улирал. Хавар монголчуудын сэтгэлгээнд эртнээс урин цаг наашилж, өвс ногоо өндийж, байгаль эх ахин амилж буйн шинжийг дохиолсон мөн чанарын үрийг ямагт тарьж, ургуулсаар ирсэн. Байгалийн мөн чанарт нь үнэн сэтгэлээсээ шүтэж гэмээнэ хүний сэтгэл ч бас түүнтэй хамт цэцэглэж, амьсгал хүртэл шинэхнээрээ санагдаж агаарын жиндүүг дулаанд хувиргах шидтэй ажээ. Магадгүй тэр жиндүү агаар сэтгэлд нь зуурдынх бус шигээр шигдэж зовоосон ямархан нэгэн эмзэглэлийн үр биз. Гэтэл хавар болохоор сэтгэлд нь шүлэг тэмтрэгдэж, дэлгэсэн алга дээр нь тунгалахан улирал тэрлэх шүлгийн мөрүүд үлдээх шиг мэдрэмж яруу найрагчийн л ухаарах эгшин шиг бодогдоно. “Үл үзэгдэх дуслуудаар нэхсэн Үнсэлт шиг дулаахан нөмрөг” -гийн тухай бодоход шүлгэнд гарах ахуйг хаврын анхны бороотой өдрөөр ч төсөөлж болмоор. Уран бүтээлчийн хамгийн торгон мэдрэмжийг хавар хөглөдөг юм шиг. Уй гунигаа өвлийн урт өдрүүдэд бие сэтгэлийнхээ дотор хураасан нэгэн улмаар тийм л амьсгал шинэдэм мөчүүдэд амьдралын анхилхан юмсыг илүүтэй танин ойлгоод алсран одсон оюун бодолдоо ахин шинээр төрөх шиг...

...Газрын хаанаас ч юм тунгалагхан шувуу нисэн ирж
Гар дээр минь буугаад салхи, навчсын тухай дуулна.
Хаврууд нахиалж, цэцэглэх олон зун, цэнгэг намрууд улирч
Хариг хүйтэн өвлүүдийн гүнд амь тавьчихалгүй сая сэрсэн
Өнжмөл өвс шиг л өөртөө сэтгэгдэнэ...
Үндэс тэтгэх урь мэдэрч, өндийн буй юм сан уу,
Өөрөө ч мэдэлгүй гар хуруу шүлгийн аясад хөтлөгдөнө. /7-р тал/

Огт ондоо бодол санаа, орчлон ертөнцийн тухай мэдэрч, уншиж зогссон найрагч гэнэтэд үгүй болсон аавынхаа тухай бодохдоо улирлаас өөрт нь чимээлсэн ахуйн өнгийг бие сэтгэлдээ хоромхон зуур нэвчүүлж, өөрөө ч мэдэлгүй гар хуруу нь шүлгийн айзамд хөтлөгджээ. Салхи, навчсын тухай дуулж буй тэр тунгалагхан шувуу бол мөнөөх хаврын улирал юм. Бичих гэж яараагүй, үзэг атгах гэж адгаагүй атал шив шинэхэн улирал айлчлан ирэх нь шүлэг л хөвөрдөх замын тийш урина. Бүхний ард цөхөрсөн, шаналсан сэтгэлтэйгээ зууралдсан ч тэсээд үлдсэн өнжмөл өвс шиг сэтгэгдэхэд өндийгөөд босмоор зориг төрнө. Орчлонгийн хуран үймээнд няцарч, балбуулсан зүрх нь аанай л амьд хэвээрээ цохилохыг хаврын улирал түүнд мэдрүүлдэг ч юм шиг бодогдоно.

Байгалийн зураглал яруу найрагт нэг бол дүрслэл, харин нөгөө талдаа хувь уран бүтээлч түүний нэг хэсэг болсон байх түлхүү зонхилдог. Гэтэл Ц.Дэлгэрмаагийн шүлэгт байгаль яг л өөрийн энгүүн чанараараа дүрслэгдэх агаад илүү дотоод сэтгэлийн мэдрэмжтэй уялддаг.  Улирлын хүчээр өндийн босох, шүлэг бичих тийм чанар.

Эл номын шүлгүүдэд хавраас төрсөн амьдрал, өвлөөс үлдсэн цөхрөл, намраас үүдсэн дулаахан гуниг бий. Улирал бүр өөр өөрийн араншин, харцтай байдаг ажээ. Түүнийг онож хараад, тэмтэрч чадсан хүнээс бүгд ойлгохгүй ч бүгдийн мэдэрч болох шүлгүүд төрдөг байна.


ХАЙРЫН НҮД

Хайрыг олон тодорхойлолт дагалддаг. Бүр бичвэрээс нь үл гажиж болох мэт дүрмийг цогцлоосон онолын номууд ч тоймгүй. Зарим нь Фроммын онолын сэтгэлгээний үүднээс загварчилсан хайрыг дүрэм болгоод ухвар мөчид боловсролын хүрээнд дулдуйдан бүтээснээ нийтээр уншиж ойлгож, тус замаар цаашид бэдэрвэл жинхэнэ хайрыг атгаж, зүрх сэтгэлийн аз жаргалд хүрнэ хэмээн номлох нь бий. Гэтэл хайрын тухай ойлголтууд анхнаасаа л хүн төрөлхтний харилцаа, хурьцал, амьтадтай адил байгалийн зөнгөөр үр удмаа үлдээх үйл явцаас ч хэдийтсэн өргөн цар хүрээтэй болохыг уран зохиол, яруу найраг л бидэнд тайлбарлаж, төсөөлшгүй, хэзээ ч бодож олоогүй тийм ахуйд оруулдаг.

Ц.Дэлгэрмаагийн шүлэгт хайр хоёр янзаар тусжээ. Нэгдүгээрт гуниг. Хайр ямагт гуниг, цөхрөл дагуулж түүнд айлчилна. Гэтэл тэр цөхрөл, шаналал найрагчийг үхүүлэлгүй амьд байлгаж, Мишимагийн романы зарим дүрүүд шиг хорвоог өөрөөр ажих, зөвхөн “хоёрхон биенийхээ тухай ердөө ч биш” болох тийм эгээрэлд хүргэнэ.

Уулзахгүй, харахгүй тусам улам зүс нэмэлтэй
Ухаан хэрэв самуурваас ганц л нэрийг саналтай
Дэмий бодлууд өдөрт өчнөөн л төрдөг хойно доо?
Дэвэргэж, улам санааширсаар хайран амьдралаа үрэлтэй...

Хүүрнэл зохиолоос ялгарах нэг онцлог нь яруу найрагт эзэн бие заавал дүрслэгдэх бус үгсээр, найрагчид өөрт нь зориулагдсан мэдрэмжээр амилах боломжтой. Хандаж буй эзнийг нь уншигчид нарийн тодорхойлох ямар нэгэн сэжүүр үгүй атал тодорхой мэдрэгдэнэ. Ойлгомжгүйг тун ойлгомжтой болгон тайлах. Хэдий уулзахгүй байсан улам зүс нэмж, ухаан санаа нь самуурахад нэрийг нь л санахад ханах тийм зүрх зориг яруу найргийн хэлээр хайрыг илэрхийлдэг хүнээс л гарах болов уу. Харин энд төрж буй бодлууд нь дэмий, цаг үрсэн ч шигээр огт санагдахгүй. Өдөрт өчнөөн л дэмий юмс бодогдох тул харин ч эхний мөрүүдийн хандсан эзний тухай бодсоор амьдралаа үрэх нь утга учиртай гэх дэвэрсэн санаа алдалт, зоримог шийдвэрээр дүүрэн.

Санаж байгаа болов..,
шаналж?
Санахаар, шаналахаар ч юм болоогүй л дээ,
гэхдээ л
Сар, жилүүдийг бодохоос зүрх өвдөнө.

Ихэнхдээ л цөхөрсөн, шархиртал өвтгөсөн хайрын тухай уншиж байв. Нөгөө талдаа аз жаргалаар дүүрэн, амьдралд нь зөвхөн нар туссан хайрын тухай. Гэтэл уг мөрүүдийн эмзэглэлд ижилссэн уудам сэтгэлийн орон зай нь “Санахаар, шаналахаар ч юм болоогүй л дээ” гэх мөрүүдээр илэрч байна. Дараагийн мөр нь харин “Сар, жилүүдийг бодохоос зүрх өвдөнө”. Магад энэ өвдөлт нь хайртай хүнийхээ тухай бодох, эхний мөрийн асуултын тухай эргэцүүлэх шалтгааныг үүсгэжээ. Шүлгийн мөрүүдэд ижилсэн буусан найрагчийн дотоод дахь нэгдмэл чанарыг тодорхой үзэгдэнэ. Шаналал, санагалзал, өвдөлт, энэ бүхнийгээ эргэцүүлэн бодох тусам тэлэх сэтгэлийн уужим орой зайг бүгдийг нь ийм цөөхөн мөрөнд багтааж болох аж.

...Амьдрал гэгч чухам юу болохыг, хэрхэн амьдрах тухай
Амлаад хэлчих үг даанч үгүй ээжид нь
Амь халуун хайраас өөр, энэ гээд
Аваад өгөх юу ч үгүй л, ээж нь...
Өдрөөр чамгүй бол жаргалгүй, шөнөөр шүлэггүй бол нойргүй
Өчүүхэн нэгэн шувуу мэт чиний ээж
Өдөө ч засалгүй яаран нисээд тэнгэрээс олсон эрдэнэ нь
Өөдөсхөн чи л байлаа, өвдөж унагасан үгс л байлаа.

Өдрөөр жаргалгүй, шөнөөр нойргүй байгаагийн шалтгаанаа үнэнээр нь өчсөн эдгээр мөрүүд ямар ч мөргөлийн үгсээс илүүгээр уншигчдын сэтгэлд гэрэл гийлгэнэ. Охиндоо өгч буй хайр бус охиндоо өөрийнхөө аз жаргал, амьдралаас авдаг хайрынхаа тухай л өчиж буй найрагч. Зориулж чадах амь халуун хайраас өөр юу ч үгүй атал өөдөсхөн охин, өвдөлтөөсөө унагасан шүлгүүдээр л аз жаргалыг мэдрэх тийм гоёмсог зүрх. Таньж мэдэх зам нь хоосон, хүнд хэцүү байлаа ч эцсийн үзүүрт нь л жинхэнэ аз жаргалыг таних утга оршдогтой адил.

Нөгөө нь баяр баясал, аз жаргал. Магад хайрлах сэтгэлээр дамжин ирэх амьдралын баяр баяслын мэдрэмжээ тэрээр яруу найргийн хэлээр хамгийн сайн илэрхийлж чадах болов уу.

...Илбэчин гэдгийг нь мэдэвч цаг хугацаанд
Итгэхдээ л бид хүүхэд шиг гэгээрнэ.
Инээмсэглэхдээ бас агшныг зогсооно.
Ийм болохоор л учрал гэдэг
Санаж санаж уулзахад дулаан алганы илч болно
Салахдаа хүртэл гэрэвшиж хацарт үлдээх зурвас болно
Хайрлах нь удаан ч
Хамт байх хугасхан тохиолд
Биднийг, бяцхаан дурсамжууд л жаргалтай болгоно.

Бүх юм хуурмаг, түр зуурынх. Тэр мэдээж үүнийг мэдэх боловч тэрхүү зуурдын илбэчин адил цаг хугацааны гүнд тохиох агшны учралууд л дулаахан, аз жаргалтай болгоход итгэнэ. Ийм л итгэлээр бие сэтгэл нь яг л хүүхэд шиг ариусна, цаашид ахин дахин учрах богинохон дурсамжуудыг илчийг мэдэрнэ. Уулзах мөчдөө гараас нь атгасны халуун илч, салан одоход хацарт нь ирэх зурвас шиг үнсэлт дүрслэгдээгүй атлаа шүлгээс нэвт мэдрэгдэнэ. Энэ мэт учрал тохиолоос үлдсэн дурсамжуудын гэгээнд, үнэнд хайр оршино. Тийм л хайр бусдыг жаргалтай байлгадаг биз.


ААВЫН НҮД

“Хүн, байгаль, хайр хэмээх гурван үгийг дотроо тарни мэт шившин байж энэхүү номоо эмхэтгэлээ” хэмээн яруу найрагч Ц.Дэлгэрмаа түүврийнхээ өмнөтгөлд дурджээ. Харин уг бүтээлийн дотроос аавын тухай шүлгүүд нь зүрх хөндөнө. Г.Аюурзана нэгэнтээ “Өнгөрсөн юм гэдэг дандаа сэтгэл шимшрэм” гэж бичсэн байдаг. Аавыгаа санах нь эл түүвэрт өөрт нь өвлөгдөж ирсэн чин хайр, түүгээр дамжин нэхэгдэх дурсамжууд, тэгэх бүр өөрийгөө хэчнээн нялх болохыг ухаарсан харуусалт зүрхний дуун сонстоно.

Аялгуу сайхан эгшиг дор
Аав л юугаа санана...
Хур холдсон өдрийн нарандаа
Хурмаст зүг рүү мордоод одсон нь...
Хуучрын эгшиг цээж урна л...

Заримдаа яруу найргийг уншиж мэдрэхэд л хангалттай. Тайлбарлан нурших нь магад маанаг хүний л ажил хэмээсэн нэгэн найрагчийн үг ч бий. Яруу сайхан эгшиг аавыг нь бодогдуулах эсвээс ерөөс монгол хүнд үрэгдсэнийг нь илүүтэй санагдуулах ийм чанар бидний үндэстэнд л байдаг болов уу. Шүлгийн эхлэлд аавыг нь санагдуулсан эгшиг хуучир хөгжим болохыг, хур холдсон цагаар хурмаст руу мордсон гэхээр намар цагийн гунирхал нэвт мэдрэгдэнэ. “Цээж урна л...” гээд хэлчихээр байж суумгүй тийм л давчдам харуусал бие орооно. Урагдаад байгаа цээжний шалтгаан нь болсон аавынхаа өмнө гэмтэй шиг мөрүүд цааш хөврөх шалтгааныг ийнхүү эхлүүлжээ.

Эгшиг дуугаа зориулж амжаагүй,
Инээлгэж дандаа бүтэн жаргаагаагүй
Хайрын нэхэлтэй өдөр хоногуудад
Хажуудаа байгаа бурхныг хараагүй.
Үрс нь дандаа гуниг л мэдрүүлсэн, гэтэл
Өөдөө заяатай гэж өлмийгөөс ивээд
Өвөр дээрээ аав минь цэцэг шиг ургуулсан.

Дээрх мөрүүдэд сул үг үгүй. Мөн найрагчийн харуусал, сэтгэлд нь хурсан гуниг, дурсамж доторх аавынх нь мөн чанар, үрсээ гэсэн амь халуун сэтгэлийг илтгэн харуулна. Аав, ээж гэх хүмүүс аль ч ялгаагүй үрсийнхээ төлөө зовниж явдаг. Тийм л чанарыг “үрс нь дандаа л гуниг мэдрүүлсэн” гэх ухаарлаар үгийн шидэд хувилгажээ.

...Та хаа нэгтээгээс үргэлж биднийг хардаг уу?
Тамирдахын цагт аргадаж, таагүй бүхнээс нөмөрлөдөг үү?
Хүрмийг тань нөмрөн зогсоод, захидалтай тань ярилцахад
Хүүхдүүддээ үлдээсэн итгэл, чинхүү хайр л мэдрэгдэнэ...

Ямар нэгэн сайн сайхан чанар үр удамд өвлөгдөн үлддэг гэх язгуурын сэтгэлгээ бидэнд бий. Харин түүний адилаар тэнгэр болсон нэгэн нь үргэлж харж, ивээдэг үзэл санаа, итгэл найдварын хөтчөө бид мөн чанартаа хадгалж буйгийн илрэл нь “Тамирдахын цаг аргадаж, тээгүй бүхнээс нөмөрлөдөг үү?” гэх мөрүүдэд шингэжээ. Ерөөс эд хөрөнгө, элдэв чамин зүйлсийн аль нь ч энд хэрэггүй. Гүр.Нямдоржийн нэгэн хайку бий.

“Олоон жил дэрлэсэн
Энэ дээлийг угааюу гэтэл
Саалийн үнэр нь хайран”.

Энд саалийн үнэр чухал. Харин Ц.Дэлгэрмаагийн шүлэгт өмссөн асан хүрмийг нөмөрч байгаад бичиглэсэн захиаг уншихад мэдрэгдэх итгэл, чинхүү хайр л хамгаас эрхэм. Мэдрэгдэж аавын хайр, үлдээсэн итгэл нь магад түүнийг ийм ухаарал дүүрэн мөрүүд тэрлэх шалтгааны үүдэл ч байж мэдэх юм.

 

Түүний шүлгүүд гунигаар дүүрэн шиг санагддаг. Гэхдээ ухаарсан, таньж мэдэрсэн бүхэнд нь шингэсэн эмзэглэлээс үүдэж бүрэлдэхдээ дулаан, хүйтнийг ижилсүүлэн тээсэн тийм гуниг. Амьдралын нэгэн мөчлөг дээр зогсоод орчныг ажихад утга нь тодрох тийм гуниг. Сэтгэлийнхээ гүнээс тэр тийм гунигийг түүдэг шиг бодогдоно.

Орчин үеийн дэлхийн яруу найргийн нэгэн хүндтэй эрхэм Эмили Дикинсоны шүлгүүдийг анх монгол дээрх орчуулгаар нь уншихад надад яг л нэг цөхрөл шаналан, уйтгар гунигийн цөөрөм дундуур сэлээд гарчих шиг мэдрэмж төрж билээ. Түүнтэй адил “Нүд чинь миний тэнгэр” түүврийг уншсаны дараа нахиалж амжаагүй хаврын хоосон эсвээс намрын бүүдгэр сөрчилд хучигдсан ой дундуур таваргаж яваад гэртээ ирэх шиг санагдана. Тэндээс олсон бүхэн минь намайг амьдралд улам хайртай, илүү хүнлэг нэгэн болгосон шиг мэдрэмж эцэст нь төрнө. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав