Номыг яагаад унших ёстой вэ? Магадгүй хэн нэгэн толгой сэгсрээд өнгөрч болох хамгийн муу асуулт байж мэднэ. Учир нь хүн аливааг ухамсарлаж эхэлсэн цагаас тогтсон үзэл бодол, хүмүүжил, төлөвшлийг олж авдаг. Юмсыг танин мэдэхээс өгсүүлээд алхам тутамдаа “яагаад” гэх асуулттай тулгарна. Чухам үүнд л ном хамгийн сайн хариултыг өгөх болов уу. Өөрийгөө хөгжүүлэх, аливааг таних мэдэх, ухамсарлаж ойлгох, хамгийн гол нь боловсрох, тэр бүү хэл зөвхөн өөртэйгөө ярилцах боломжийг олгох ном ч бий. Нийгэм харанхуй бүдүүлэг, соёлт хүний хөгжлөөс хоцрогдох нь ард нийтийн тэвчээртэй, өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй гэх хандлагад бус боловсролгүйд л оршдог байх хэмээн сэтгэдэг. Тиймээс хүнлэг чанар, хөгжлийн түвшин, ёс суртахууны хэм хэмжээг боловсрол, түүнийг тэтгэдэг номоос авах боломжтой.
Ингээд уншигчдадаа 2023 уншсан номуудаас онцлох 40 номыг танилцуулж байна. Учир нь эдгээр бүтээлүүдийн ихэнх нь тус онд гарсан боловч цөөн хэдийг нь ахин сөхөж харсан, дахин нэгэнтээ уншсан бүтээлүүд орно.
МОНГОЛ ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ
Батсуурийн Баясгалан “ЭТГЭЭД ХҮСЛИЙН ЦУГЛУУЛГА” (өгүүллэг, тууж)
Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалангийн хүүрнэл зохиолын анхны түүвэр нь “Этгээд хүслийн цуглуулга” нэртэйгээр хэвлэгдсэн билээ. Тууж, өгүүллэгээс бүрдсэн тус түүвэр уншигчдын дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байв. Номын өгүүллэгүүд нь үйл явдлын хурц өрнөл гэхээс илүүтэй дүрийн дотоод монологт суурилсан нь анзаарагдана. Мөн үүнээс гадна зохиолчийн эрмэг сайхан монгол хэл, үйлийн хоршоо үгс нь зохиолын хүүрнэлийг найруулгын хувьд ямархан чадмаг бүтээснийг илтгэнэ.
Түүвэрт багтсан “Тохиолт одны гэгээ” тууж, “Халиун морь” өгүүллэгүүд нь уг номыг тун өвөрмөц шигтгээ, бүтэц, эргэлтийн хувьд сонирхол татам бүтээлүүд болжээ.
Сайнбилэгийн Баатарцогт “НОХОЙН ЖИГ” (тууж, өгүүллэг)
Сүүлийн үед Монголын уран зохиолд дүрийн хөгжүүлэлт, зөрчил, туурвил зүйн онцлог бүхий нэлээдгүй хэдэн тууж мэндэлсэн. Үүний нэг нь С.Баатарцогтын “Нохойн жиг” тууж юм. Нэрнээсээ авахуулаад нэг тийм жиг ургасан, содон зөрчил бүхий үйл явдал, дүрүүдиийн гадаад болон дотоод дахь сэтгэлзүйн зөрчлийг нарийн урласан тус бүтээл цаашид илүү өргөн судлагдах болов уу гэсэн итгэл төрүүлнэ. Мөн тус ном зөвхөн тууж бус уламжлалт ахуйн дүрслэл, хөдөө нутгийн онцлог, хүний шунал хийгээд нандин чанарын онцлог, ахуйд суугч хүмүүсийн дотоод эмзэглэлийг өгүүлсэн өгүүллэгүүдийг дотроо багтаажээ.
Харин туужийн хувьд гол дүрийн залуугийн зүүдээр дамжин ирсэн зөв совингийн зүг чиг хааш зааж, юунд хүргэх нь бүтээлийн гол зангилааг үүсгэнэ. Магад тэр зангилаа бий болохоос өмнө уншигчид туужийн үйл явдал хэдийн татагдан орсон байх биз ээ.
Баасангийн Номинчимэд “ГАЛТ ШУВУУ” (роман)
Хайр. Мэдээж уг зохиолын гол сэдэв энэ ч гэлээ харилцан ярианд суурилсан бичлэгийн өнгө аяс нь дүрүүдийн зан чанар, сэтгэлзүйг үйл хөдлөл, дотоод монологоор илэрхийлж түүнээс салаалсан өөр утгыг нээснээр агуулгын цар хүрээ нь улам улмаа тэлж, хүний ёс суртахуун, хайрлан энэрэхүйн тухай хэчнээн өргөн агуулга нээж, асуулт үлдээхийг уншигч бүр өөрөөр сэрж, мэдрэх биз ээ. Харин эр зориг гэдэг ухаарлын модны нэгэн үр жимс болохыг эцэст нь таних биз ээ.
Тус романы дүрүүдийн харилцан яриа илүү давамгайлснаараа онцлогтой. Гол дүрийн залуусын хайр сэтгэлийн илрэл, үзэл санаа, бусдын тухай дүгнэлт, тэр бүү хэл үйл хөдлөлийн зарим мөчлөгүүд нь хоорондын харилцан яриатай хамт нэгэн цэг дээр үүсэн бүрэлдэнэ. Б.Номинчимэдийн өмнөх уран бүтээл болох “Цагаан бороо” романд баримтат тулгуурласан шинжтэй туурвилзүйн онцлог ажиглагддаг бол энэ удаагийн “Галт шувуу” роман цэвэр уран сайхны шинжээрээ эрс ялгарна.
Батхүүгийн Батзаяа “ТАРГАН МУУР” (тууж)
Зохиол хоёр талаасаа уншигдах бүтэцтэй. Хөгжимчин эмэгтэй, зохиолч залуугийн түүхийг тус тусад нь хийгээд бүлгийн дугаарын дагуу уншихгүй байсан ч болно. Гэвч ингэх нь туужийн төгсгөлтэй эрт харгалдах магадлалтай тул дэсийн дагуу уншсан нь зөв болов уу. Туужийн дүрүүдийн эрс үгүйсгэл, олон ургалч санаа, бичлэгийн уламжлалт хэв загварыг үл давтах хандлага зэргийг аваад үзвэл шуудхан постмодернд хамаатуулж болох ч “Тарган муур” тууж нь экзистенциалист төрөлд хамаарах бүтээл хэмээн дүгнэгдэх биз гэдгийг хэлэх хэрэгтэй.
Хэт дэгсдүүлсэн жишээ байж магад ч “Тарган муур” тууж хаос бүтэцтэй. Гэтэл агуулгынх нь цар хүрээ, урлаг хоорондын нийлэгжилт, эр эм хүмүүсийн хайр сэтгэлээс үүдэлтэй хүлээлт, шаналал, цөхрөл зэргийг нэгэн цөмд багтааж бүтээсэн адилтгалын хэмжээнд тулж очно. Гэвч эцэстээ хэр хэмжээний цар хүрээ хамрахыг сайн уншигч, цаг хугацааны дэнс шийддэг хойно доо.
ОРЧУУЛГЫН УРАН ЗОХИОЛ
Салман Рушди “ДОРНО, ӨРНӨ” (өгүүллэг)
Дэлхий дахинаа амьд ахуй цагтаа домог мэт амьдарч, туульсын эринийх шиг адармаат аж төрөхүйг туулж яваа, орчин цагийн үгийн урлагийн томоохон дархчуудын нэг бол Энэтхэг – Америкийн зохиолч Салман Рушди. Шидэт реализмыг өдгөө цагт уран зохиолд үргэлжлүүлэн түүчээлж яваа тус эрхэм ямагт томоохон хэмжээний бүтээлүүд туурвидаг. Харин цорын ганц өгүүллэгийн түүвэр нь монгол хэлнээ орчуулагдсан нь онцлууштай ном гэхээс илүүтэй уран зохиолын онцлох үйл явдлын нэг мөн билээ. Тус бүтээл нь дорно, өрнө ба эдгээр соёлын хоёр уулзварыг хамтатгасан гурван хэсгээс бүрдэнэ. Тиймдээ ч судлаачид метароман ч гэж үздэг.
Рушдигийн энэхүү түүвэрт багтсан өгүүллэгүүд бичлэгийн хэлбэрийн хувьд өөр, өөр соёл хоорондын уулзвар, тэдгээрийг ёгтлон үзүүлсэн нөлөө байхаас гадна шидэт реализмын давамгайлал ч түлхүү анзаарагдана. Ямар нэгэн хүчирхэг ухамсрын талаар дүрслэн өгүүлж байснаа мөнөөх нь гэнэтийн эргэлтийг багтаасан хэдхэн өгүүлбэрийн дараа хамгийн нунж дорой, цөхрөнгөө барсан дүр болоод хувирчих нь ч бий.
Антон Чехов “ЁГТ ӨГҮҮЛЛЭГҮҮД” (өгүүллэг)
Антон Чеховын өгүүллэгүүдээс дүрийн дотоод сэтгэлийн хямрал, гуниг ганцаардал, сэргэлэн цовоо байдал гээд хүний зан араншингийн бүхий л тал ямар ч нууцгүй илэрч харагддаг. Энэ удаад түүний “Ёгт өгүүллэгүүд” түүврийг Б.Дэмчигдоржийн дуун хөрвүүлгээр Монсудар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Номын өгүүллэгүүд ёжлол, ёгөөдлөөр дүүрэн, дүрүүд нь заримдаа элэг хөшөөмөөр зугаатай, бүтэлгүй нэгэн байх нь бий. Нийгэм хүнийг хэрхэн бий болгож, боловсролгүй, өөрийн гэсэн үзэл санаагүй хүмүүс ямархан нийгмийн мөн бүтээж байдаг болохыг Чеховын эдгээр өгүүллэгүүд ёгтлон харуулснаараа онцлогтой.
Тухайн нийгмийн хөгжил, анги давхаргын ялгаа, тэдгээрийн дотроос биежсэн олон янзын дүрүүд Антон Чеховын уран бүтээлд тусгалаа олдог. Магадгүй тэр бүгдээс хамгийн зугаатай эсвээс өрөвдмөөр байж мэдэх дүрүүдийн үйл явдлыг эл номоо унших болно.
Орхан Памук “УЛААН ҮСТ БҮСГҮЙ” (роман)
Орчин цагийн уран зохиолын өвөрмөц дуу хоолой болсон Орхан Памукийн хамгийн сүүлд бичсэн зохиол нь “Улаан үст бүсгүй” юм. Энэ бол бүүдгэр өдрүүдийн дүнсгэр ахуй нь гойд зохицох Истанбулын уй гунигаас залгилж өссөн Памукийн арав дахь роман билээ.
Бүх зүйлс мөнхийн эргэлт, жам ёсны хувиралтай. Гагц түүн дотроос дурсамж цаг ямагт амьд байж хүйтэн хийгээд дулаан, харуусал болоод баяр жаргалын сүлэлдээнээр аж төрөхүйд оршиж, дотоод сэтгэлд тэмтрэгдсээр байдаг. Үүнийг тус зохиолын бичлэгийн арга, туурвил зүйн онцлогоос харж болно. Мөн уг бүтээлд зүүн болон баруун европын хүмүүсийн үзэл санаа, төрөлх хотын газар зүй, иргэншлийн соёлын үндэс зэрэг нь өнөөгийн нийгэмтэй хэрхэн холбогдож буйг харуулжээ.
Тора Хьерлейвсдоттир “МАГМА” (бэсрэг роман)
Энэ бол Тора Хьерлейфсдоттир хэмээх Исландын зохиолч, яруу найрагчийн “Магма” нэрт бэсрэг роман юм. Ерөөс монгол хэлт уншигчид Тора Хьерлейфсдоттир болон түүний бичсэн зохиолтой анх удаа эх хэлээрээ танилцаж буй агаад Улбар паблишингаас эрхлэн хэвлүүлжээ. Санаанд оромгүй амжилт олж, олон улсад хэвлэгдсэн тус романыг ихэнх судлаач болоод уншигчид хосуудын хоорондох хортой харилцааны талаар өгүүлсэн ном гэж дүгнэжээ. Гэхдээ уг зохиол зохиол хувь хүний хүчирхийлүүлсэн сэтгэлзүйн асуудлын цаад мөн чанарыг төнхсөн, бусдын ахуйд бүрнээ тохиолдсон, тохиодог зүйл болохоос бус хувь хүний мөхлийн түүх биш юм.
Гагцхүү хайр, ерөөс амьдрал дээр ч тэд бид заримдаа хүсэж, мөрөөдсөн бүхэндээ хүрч очихгүй байх нь бий. Алхам тутамдаа зорилгынхоо төлөө хийсэн болгон ч хүслийн яг эсрэг цутгал болно. Хувь заяаны, хайр дурлалын бидэнд оноодог хачин шоглоом нь тэр.
Патрик Зюскинд “ТАГТАА” (тууж)
“...Энэ өрөө Жонатаны хувьд барьцгүй дэлхий ертөнц дээрх бат найдвартай арал, хөдөлшгүй түшиг тулгуур, хоргодох нөмөр, хайртай амраг нь байсан, байсаар ч буй”. Үйл явдал тийм сайхнаар эхлээгүй ч хамгийн таатай зүг рүүгээ урсаж байлаа. Ээж нь хорих руу цөлөгдөж, найз эмэгтэй нь өөрийг нь хуурснаас болоод романы гол дүр болох Жонатан ийнхүү хүмүүсээс хол дээврийн 24 дугаартаа өрөөнд суух болно. Цаг хугацаа элэх тусам мөнөөх өрөөгөө илүү тохилог сууц болгож хайртай амрагийн хэмжээнд аваачсан нь энэ. Гэхдээ амьдрал яг тийм амгалан тайванд бүхнийг үрэн таран хийх нь оршихуйн мөн чанар үнэхээр мөн үү? Жонатан юуны учир нийтийн жорлонд байх тагтааг хараад энэхүү бат найдвартай арал, хайрт амраг нь болсон өрөөнөөсөө явахаар шийдсэн бэ?
Асуултын хариулт Патрик Зюскиндийн эл бэсрэг туужид бий. Ямар нэгэн байдлаар зохиолчийн үзэл санаа, бичлэгийн өнгө аяс, Жонатаны дүр нь экзистенциализмын томоохон төлөөлөгчид болох Сартрын “Хурьцал”-ын эмэгтэй, Камюгийн “Хөндлөнгийн хүн”-ий эрэгтэйтэй нэгэн адилд хэмжээнд сэтгэгдэж, мэдрэгдсэнийг л энд дурдсу.
Эдгар Аллан По “БАЧУУРАЛ” (өгүүллэгүүд)
Погийн өгүүллэгүүдэд нэг чанар бий. Хүн юуны учир айдаст эмзэмдүүлж, эсвээс гэнэтийн цочролд ордог вэ? Дээдийн дээд баяр баяслыг эдлэх болоод гутамшигт шаналлыг тэвчин цөхрөх нь эд хөрөнгө өвлөж, урлагийн гайхамшигт бүтээлүүдээр орон зай, цаг хугацаа, бусад хүмүүсийг орлон амьдарсан тэдгээр дүрүүдийн хувьд оршихуйн сонголт гэж бий юу? Ихэнхийг нь дуугүйхэн харанхуй тийш одох замыг сонгодог. Зарим нь үүнээс татгалзаж байсан ч хувьд заяа чухам л харанхуйг ноогдуулах нь бий. Үүний дараа жинхэнэ ээдрээтэй асуудлууд гарч ирнэ. Зарим баатрууд үхлийг мөрдөнө, зарим нь өөрсдөө үхэцгээнэ. Үүний цаад чанар тэгвэл юу юм бэ?
Ийм л хариултыг эрсэн өгүүллэгүүд Эдгар Погийн “Бачуурал” түүвэрт бий. Нэрийг нь ч тун сайхан зохируулж өгсөн мэт санагдана. Харин зохиолчийн бичлэгийн онцлог бүхий зарим урт, нүсэр өгүүллэгүүдийг орчуулахдаа найруулгын алдаа гаргах, заримд нь эсрэг болоод хэт их уянга зонхилох алдаанууд ажиглагдаж байсныг сануулахад буруудахгүй болов уу.
Жером Сэлинжер “ХӨХ ТАРИАН ТАЛБАЙД” (роман)
Уг роман манайд гурав дахь удаагаа орчуулагдаж буй. Энэ удаагийнх нь Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр хэвлүүлжээ. Ер нь Сэжинжерийн уг роман болоод “Есөн өгүүллэг” зэрэг бүтээлүүд нь монгол хэлнээ орчуулагдсан тул зохиолчийн бүтээлийн талаар ярих хангалттай боломж бидэнд олдоно. Юун түрүүнд энэ тууж их ээдрээтэй зохиолын тоонд чухам яагаад багтдаг болохыг сайн мэдэхгүй. Заримдаа ч хэт залхмаар үйл хөдлөл, дүрийн нусаа нийхийг хүртэл орхилгүй тоочоод байх шиг санагддаг. Гэвч тийм онцлог л чухам Сэлинжерийн зохиолын арга барил мэт... Нэрнийх нь англи хувилбар бэйсболын спортын тоглогчийн нэршилтэй холбоотой тул үйл явдал нь өрнөх цөмөөр дамжуулан “Хөх тариан талбайд” гэж буулгажээ. Мөнөөх хоёр орчуулга нь харин “Хөх тарианы харуул”, “Хөх тариан талбайн ирмэгт” нэртэй.
Зохиолын гол дүр болох Холден Колфилд бол өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн байдлыг тод томруунаар илтгэсэн дүр гэж судлаачид үздэг. Тэр амьдралын бүхий л муу муухайг туучин гарахдаа хамтын нийгмийн зарчим хэзээд хувиршгүй худал хуурмагаар дүүрэн болохыг бие сэтгэлээрээ мэдэрдэг.
Густав Флобер “БЭСРЭГ ГУРВАН ТУУЖ” (туужууд)
Уг бүтээл Флоберын бусад зохиолтой харьцуулахад шалихгүй жижиг бүтээл гэхэд болно. Гэхдээ Флоберын уран бүтээлтэй танилцаж эхлэхэд яг тохирох, тухайн цаг үеийнхэн нь таашаан уншиж, шүүмж судлаачид томоохон романуудтай нь эн зэрэгцүүлэн үзэж байсан юм. "Эгэл зүрх" тууж бол Флобер реалист урсгалыг уран зохиолоор хэрхэн дамжуулан илэрхийлж болохыг харуулсан гайхалтай жишээ болох бүтээл юм.
Энэхүү түүвэрт орсон нөгөө хоёр бүтээлийн тухайд харин реалист арга барилаар дүрслэгдсэн дүрүүдийг романтизмд ч хамааруулж болохоор сэдэв, үйл явдал өрнөж буй газруудтай нягт уялдуулан бичсэн нь бий. Дундад зууны үеийн сэдэв, үйл явдлыг ийнхүү хүүрнэх нь романтизмын үеийн зохиолчдод ихээхэн түгээмэл байв. Үүнээс гадна "Гэгээн Жүлианы домог" туужид гардаг хүний хэлээр яригч буга мэтийн дүрслэлийг реалист уран зохиолоос хэрхэвч олохгүй нь мэдээж л дээ.
Михаил Булгаков “МАСТЕР МАРГАРИТА ХОЁР” (роман)
Үнэндээ тус зохиолыг энэ онд долоо дахь удаагаа унших болсон шалтгаан нь тун удахгүй “Мастер Маргарита хоёр” романыг “Орфей” театрт жүжиг болгон тоглох мэдээ түгсэнтэй холбоотой. ХХ зууны шилдэг романуудын нэгд зүй ёсоор тооцогддог Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” олон саад бэрхшээлийг даван туулж уншигчдад хүрсэн гэдэг. Булгаков тус романаа 1928 онд бичиж эхэлсэн ч түүний өөр нэгэн жүжгийн тухайн үеийн Зөвлөлт Орос улсад хориглосны мэдээд буг чөтгөрийн тухай романыхаа нооргийг өөрийн гараар шатаалаа хэмээсэн байдаг. Гэвч гар бичмэл, агуу бүтээл хэзээд үнс болдоггүй аж. Өдгөө тус романы найман ч хэвлэл Монголд бий.
Зохиолд зэрэгцээ ертөнц, болоод тухайн үеийн Москва хотын үйл явдлууд хоёр шугамд давхар өрнөдөг. Нөгөөтэйгүүр уншигчид цаг хугацааны хоёр шугамаар зорчино гэсэн үг. Москва хотноо өрнөж буй үйл явдлууд илбэ шид, жигтэй, санаанд оромгүй адал явдлаар дүүрэн бол нөгөө талд Эртний Ершалаим буюу Йерусалим хотноо Га-Ноцри хочит Иешуаг цаазалж буй дүр зураг, ахуй болоод дүрүүдийн дотоод чанар нь хэтийдсэн гэмээр реалист, бодит өгүүлэмжүүд хөвөрдөг. Унших тусам л уг бүтээлийн үйл явдал, дүрүүдийн зан аашны хувирал бүр улам жигтэй, тэс ондоон болчихсон мэт мэдрэмж төрүүлнэ. Хамгийн гол нь санааг Бродский “Энэ дэлхийн үймээн самуун болдог. Дараа нь энх тайван тогтдог. Хорвоод Булгаковын романы баатрууд цаг мөч бүхэнд гарч ирээд үймээн самуун өдөөж, дараа нь юу ч болоогүй мэт бүх юмс урьдын тайван байдалдаа эргэж орно” хэмээн тодорхойлсон нь бий.
“ҮХЛИЙН ТУУРИУД” (өгүүллэгүүд)
Японы адал явдлын сэдэвтэй бүтээл туурвилуудаас бүрдсэн эл номын өгүүллэг бүхэнд үхэл гарна. Заримдаа үнэхээр л үхчихмээр санагдам тийм мэдрэмжид хүлүүлэх нь бий. Жишээ нь уг түүвэр багтсан Кобэ Абэгийн “Цэргийн сүг” өгүүллэг оргүйд шингэмээр мэдрэмжийг хамгийн их төрүүлдэг. Японы адал зохиолын хаан Эдагова Рампогийн “Хүн сандал”, “Улаан тасалгаа” өгүүллэгүүдтэй уг антологоор монгол хэлт уншигчид анхлан танилцсан билээ. Мөн Мишимагийн “Эх оронч үзэл”, Акутагавагийн “Тамын тарчлаан”, “Хар эх дагина”, “Ширэнгэ” хэмээх чухал бүтээлүүд бий.
Ерөөс энэ төрлийн уран зохиолыг орчуулагч Д.Дашмөнх хамгийн уран, дотоод хийц, зохиолчийн арга барилыг сайтар мэдэрч хөрвүүлдэг. Эл бүтээлүүдийг ч түүний эмхэтгэснээр бид “Үхлийн тууриуд” номоос уншдаг. Туурь бүхэн өөрийн түүх, өгүүлэмж, зохиогчийн ухамсраас үүдсэн давтагдашгүй онцлогтой. Гагц тэнд үхлээс ангид сэдэв, агуулга гэж үгүй.
МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ
Дэжидмаагийн Галсансүх “ТҮҮХИЙН ШҮЛГҮҮД”
Яруу найрагч Д.Галсансүхийн “Түүхийн шүлгүүд”, мөн нөгөө талаас нь хавсарган хэвлэсэн “Контемпорари шүлгүүд” хэмээх тус номыг хоёр эхлэлтэй яруу найргийн түүвэр хэмээсэн ч болохоор. Харин агуулгын хувьд ихээхэн ондоо. Тус түүврээс урьдын адил зөвхөн түүнийх гэх тодотгол уншигчийн мэдрэмжид хүртэх үг хэллэг, бадаглал зүйн өвөрмөц арга барил, эх түүхийнхээ үнэн, түүн доторх мөн чанарыг, үзэл бодлын гагч чигч шулуунаар туурвисан түүхийн шүлгүүдийг унших боломжтой.
Харин “Контемпорари шүлгүүд”-эд илүү эрх чөлөөнд тэмүүлсэн, яруу найрагчийн зөвхөн өөрийн л мэдэрч, олж таних мэдрэмжүүдийг цогцлоосон тийм шүлгүүдтэй тааралдана. Тэр мэдрэмж нь энэ удаад лав цоо шинэ санагдав. Ямагт цоо шинэ өнгө аясыг бий болгож, бүтээн туурвина гэдэг л үргэлж яруу найрагч байхын том жишээ биз ээ.
Хандхүүгийн Нямхишиг “ЖИЙД ХЭЛНИЙ БАДГУУД”
Энэ онд чамгүй олон яруу найргийн түүврүүд гарсан. Ихэнх найрагчид нь өөрсдийн өнгө аяс, ур, шүлгийн үнэн, үзэл санаагаараа уншигчдад хэдийнэ танил болжээ. Тэдгээрийн нэг бол яруу найрагч Х.Нямхишиг. Түүний “Жийд хэлний бадгууд” хэмээх өвөрмөц нэртэй шүлгийн түүвэр яах аргагүй энэ оноос онцлох яруу найргийн түүврийг нэг байв. “...Ээждээ нулимс түүж явахдаа” гээд уншихаар үнэхээр л найрагчийн ээжийн нулимсыг хамт түүлцэж яваа мэт, “...Ээждээ шаналан зүүж явахдаа” гээд үргэлжлэхээр үнэхээр л хэн нэгний эх шаналан суугаа шиг сэтгэлийн зайц руу үгээр шурган орж дотоод орон зайд нь бүхий чанараараа уусах тийм шүлгүүд тус түүвэрт бий.
Нөгөөтэйгүүр шүлгийн хэл. Яруу найраг эх хэлийг амьд байлгаж, баяжуулж, яруу сайханд оршоодог шидтэй. Тиймээс эл номыг 2023 оны онцлох яруу найргийн номын нэгээр нэрлэж байна. Номын өмнөтгөлд яруу найрагч Б.Эрдэнэсолонго “Хэний ч хэлээгүй үгийг олж хэлэх нь яруу найргийн үүрэг биш боловч үнэнийг таних гол сэжим юм. Хязгаар хярхаггүй хэмжээсийн дунд дураар дүүлэн агч яруу найрагчийн эрх чөлөөг шинжлэх ухаан шилжилт гэж тайлбарлах бол урлаг түүнийг сэтгэлгээ гэж дүгнэнэ” хэмээн бичжээ.
Батхүүгийн Батзаяа “СЭТГЭЦИЙН АСУУДЛУУД”
Яруу найрагч, зохиолч, “boobooks” хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч Б.Батзаяагийн “Сэтгэцийн асуудлууд” түүврийг энэ оны онцлох яруу найргийн номоор нэрлэж байна. Уг бүтээлд яруу найраг зөвхөн сайхан үгс, уянгын сэтгэлгээ, хайрцагласан хэлбэрээс илүүтэй чөлөөт сэтгэлгээг эрэлхийлэх болсныг, зөвхөн найрагчийн өөрт хамаатай буюу нэгдүгээр биеийн төлөөллийн үзэл санааг илүү мэдрэх болно. Нөгөөтээгүүр хотын шүлгүүд. Яруу найргийг заавал тэгж ангилах шаардлага байхгүй ч гэлээ ч уг түүврээс Улаанбаатар хотын сайхан, муухайг ялгалгүй нээн үзүүлснээс гадна ямар нэгэн ая дан, цөхрөлт хэмнэлийг ганц шугам дээр сонсож байх шиг мэдрэмж төрнө.
Хэлбэр нь чөлөөтэй, түүн дотор агуулга, үзэл бодол нь нягт эсвээс олон зүг рүү хамаа намаагүй одох атлаа төгсгөлийн цэг дээр эргэн найрсах, мөн хэллэгийн хувьд хоорондоо ижилсэх үгсээр заримдаа хэт чөлөөтэй сэтгэлгээний шүлгүүд нь дотроо ямар нэг хэмжээгээр уянга агуулна. Тийм онцгой яруу найргийг мэдрэхийг хүсвэл энэ номыг зөвлөх байна.
Ороолонгийн Элбэгтөгс “ЖАЗЗ ГАРАГ ДЭЭРХ ЖОН КОЛТРЕИНИЙ ШИЛТГЭЭНД ӨНГӨРҮҮЛСЭН ТАВАН УЛИРАЛ”
“Хөх мэдрэхүй” бүлгэмийн яруу найрагч, зохиолч О.Элбэгтөгсийн яруу найргийн удаахь түүвэр нэгэн бүлэг, сэдэвт хуваарилагдах дан цуврал шүлгүүдээс бүрджээ. “Сахиусан тэнгэрс хийгээд лусын дангины сар”, “Намрын гар хангалга”, “Буддатай уулзсан мянган наст модны яриа”, “Нүдний шил адил хамар дээр тохоотой супермаркетууд” гэх олон нэрсээс үнэхээр өөр гараг, өөр ертөнцийн мэдрэмж тодорно. Учир нь номын нэрийг анзаарвал “Жазз гараг дээрх...” хэмээж буй шүү дээ.
О.Элбэгтөгс найрагчийн шүлгүүд амьдралын цаад үзүүр, заримдаа үхлийн нөгөө талд гарчихаад үлгэр уншиж суугаа хүнийх шиг юм шиг тийм этгээд, тэгсэн атлаа чухам үнэн баймаар, эсвээс зөвхөн яруу найргийн хэл, ертөнцөд тохирох, яруу найргаас л уншиж, мэдэрч, харж, тэмтэрч болох мэдрэмжийг олгодог. Санаа нь туйлын хүчтэй агаад бичлэг, бадаглал зүй, дүрслэл нь тун этгээд. Харин эл номын шүлгүүдэд тэрхүү аяс нь мэдрэгдэх боловч хэлний найруулга талаасаа аваад үзвэл яалт ч үгүй жазз хөгжмийн уянгатай хослох шиг жигтэй аялгуу сонсогдоно. Гол нь номын бүтэц, шүлгүүдийг бүлэг болгон хувааж нэгэн цул чанарыг бүтээсэн зарим уншигчдад хэт нүсэр, ойлгомжгүй, орооцолдсон мэт санагдаж магадгүй юм.
Гантөмөрийн Хашбаатар “ЯРУУ ФЕНОМЕН”
“Өдөр өдөр өөрийн дуутай” гэж Г.Аюурзаны нэгэн өгүүллэг эхэлдэг санагдана. Энэ номын шүлгүүдээс ч бас яг л тийм аж төрөхүй дундаас шүүрч авсан, ажиж таньсан, амсаж ганирхарсан өдөр өдрийн өөр өөр дуун сонтсох шиг болно. Гэхдээ тэр дууны даган урсах аялгуу нь ганц. Зөвхөн өөрийнх, яруу найрагч Г.Хашбаатарынх гэж л хэлмээр тийм мэдрэмж төрүүлэх аялгуу. Хөндүүр атлаа дулаахан, хүчтэй агаад гүнзгий гуниг. Тэнд нь “Жил, сар, өдрүүдийг Жинхэнэ үнэнээр хайрлагчид” гэж бичсэн шиг хүмүүс суудаг болов уу гэж санагдана.
Яруу найргийг илүүтэй мэдрэхэд зориулагдсан, мэдрэмжийн зүйл гэж ихэнх нь тодотгох дуртай. Гэхдээ мэдрэмж давамгайлж болох ч дан ганцхан мэдрэмж буй түүнийгээ өөрийн гэсэн ертөнцийн хөг, өөрийн гэсэн байгаль дундаас олж ажигласан үйл явдалтай харгалдуулах аваас л жинхэнэ яруу найргийн хөг дан дуурьсаж болохыг уг түүврийн шүлгүүд бэлхнээ харуулна.
Лхаадувдангийн Баасансүрэн “ЛИТ ХУАНЛИЙН ЗАВСАРТ”
Энэ онд танилцсан, шүлгийг нь анхлан уншсан хүмүүсийн нэг бол Л.Баасансүрэн. Түүнтэй гар барин мэндлэхээс урьтаж “Гурван цүүр” хэмээх шүлгийн номоор нь учирсан билээ. Тэндээс хөдөө ахуй, нүүдэлчдийн соёлоос гадна тэр л байгаль дэлхий, онгон дагшин газар нутгаас олсон, олж мэдэрсэн нэгэн тунгалаг эрчим шүлгүүдэд нь чимээгүй атлаа яруухан эгшиг чимээлж, үл мэдэгдэм боловч нэн тодхон үзэгдэж байсан билээ.
“Лит хуанлийн завсарт” ном ч мөн тийм. Шүлгүүд нь эгээ л бодож сурсан хүнийх байлтай. Бодож сурна гэдэг уран зохиол, яруу найрагт туйлын чухал санагддаг. Хөдөө тал, буйдхан уулсын тэнүүн дэвсэг хүнийг бодоход, ганцаардаж чаддаг болоход сургадаг. Тэгээд эцэст нь байгалиас авч чадах хамгийн гоё ажиглалтуудыг уран зураг болгон нийтгэнэ. Тэр нь харин бийр багс, өнгө будгаар бус үгсээр найрсан цаасан дээр буусан нь эл номын шүлгүүд болно.
Мөнхцолын Батбаяр “МӨНГӨН БУДДА АВСАН ӨДӨР”
Цэнэн эргэцүүлэх тусам аж төрөхүй, амьдралын хэмнэл огт ондоон болоод үүрээр суран хазаар барьж, шүүдэр өшигчин нарыг угтдаг минь цахилгаан зууханд өглөөний унд бэлдэх болсноос авахуулан хөдөө ахуйгаас нэгэнт алсран оджээ. Амьдралын хэмнэл гэхээс илүүтэй тэрхүү урсгал дунд дураар сэлгүүцэх загас адил өөд, уруугүй сэлэн цэнгэсэн нас минь ард үлдэж хөдөө гэдэг урсан одох жилүүдийн уртхан бугуйл шиг эргэлдэх цаг хугацааны нэгээхэн мөчлөгт бууж мордоод буцаж харих газар төдийхөнд хувирчээ. Гэвч орчлонгийн тухай хөвөрдөж, ганцаардлын үзүүргүй харгуйн талаар анх бодол болон суусан харих л ёстой гэр орон минь угтаа тэнд буй хэмээн хэзээ хамгийн сүүлд цэнэн эргүүлснээ санахыг хичээв. Тийн эргэцүүлэхүйд хүргэсэн найргийн түүвэр нь яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын “Мөнгөн Будда авсан өдөр”.
Эл ном юун түрүүнд тун чамбай түүвэр болсныг онцлон тэмдэглүүштэй. Яруу найрагт яруу сайхан нь, агуулга нь, үзэл санаа нь, энгийн агаад үнэн мэдрэмж нь, эдгээрийг урлах төрлөх хэл нь нэгэн дор цогцлохуйд ийм түүвэр уншигчдын өмнө хуудас нээн шаргалтжээ.
Базаррагчаагийн Дэлгэрмаа “ЦААД ЭРГИЙН ДАВАЛГАА”
Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Дэлгэрмаагийн анхны яруу найргийн түүвэр “Цаад эргийн давалгаа” ном нь шүлгүүдийнхээ гуниглуун атлаа омог бардам аясыг улам ч тодруулах эсвээс гүн рүүгээ нуух шиг байгалийн үзэсгэлэнт зургуудтай. “Ирсэн бүхнийг бичих атлаа бичсэн бүхэн ирдгийг ч мэдэхгүй…” хэмээжээ. Яг л энэ мөрүүд тийм ууч, үгүй аваас мэдэхгүй болохоороо эмзэглэхгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд итгэлтэйхэн боловч чимээгүй алхаж яваа нэгэн шиг төрх номын шүлгүүдээс нэвт анхилна.
Яруу найрагт үзэл санаа, үнэн хоёр л хамгаас чухал санагддаг. Тэрхүү үнэнээ заримдаа сайхан сэтгэлээр хулдаж хөгөө хөлдөө чирэх нь бий. Тийм яруу найргийн гүнээс хахир хүйтэн, хуурмаг чихцэлдсэн үгс ямар нэгэн хөндий зайцаар шургалан гараад дааруулах нь бий. Гэтэл:
“…Хүлээх минь үнэн, хүлээлт шиг минь ийм үнэн сэтгэл
Хүний үрийн зүрхэнд бас төөнөж байгаасай гэж хүснэ”.
Үүн шигээр өөрийн сэтгэл, мэдрэмжээ чин үнэнээр тольдож, бусдыг түүгээрээ ерөөхийн сайхныг яруу найраг хүртээдэг. Үе үе гуниглаж түүндээ дулаацдаг мэдрэмжийг юутай зүйрлэж болох вэ? Яг л хөндүүр зүрхтэй, хэзээ нэгтээ дуудаж, хаа холын гудамд гэнэт гараас атгаад авах хайртай хүнээ мөрөөдөөд байх шиг хэрнээ хагацалд учиргүй дассан мэт хөндий хол яваагаа эвийлэлгүйгээр анир чимээгүй, тэгснээ ийм дулаахан ерөөл хүсээд орхиж чадах хайр л ирсэн бүхнийг бичүүлж, бичсэн бүхнийг ирүүлдэг болов уу.
УРАН ЗОХИОЛЫН БУС МОНГОЛ НОМ
Цэрэннадмидын Гончиг “ЦУЛ МӨНГӨН ГҮҮР” (дурсамж, эсээ)
Яруу найрагч Ц.Гончиг “Цул мөнгөн гүүр” номынхоо цул бүхэллэг чанарыг “Санахын үзүүр хаяаны цагаан чулууд” хэмээх бичил дурсамжаар эхлүүлж, багадаа чулуу олохоор усны гүн рүү шумбадаг асан тоглоомдоо учиг бүхний эхлэлийг зангидсан байна. Тэрхүү зангилааг нэг нэгээр нь хөвөрдөн тайлах бүрт арилшгүй үлдсэн дурсамж, түүн доторх дүрүүд уншигчийн нүдний өмнө улам улмаа тодрох билээ.
Нэгэнтээ уран зохиолын түүх Дильтейгийн үзсэнээр сэтгэхүйн хэв шинжид эртнээс гурван бүлэг дамавгайлсаар ирсэн. Энэ нь позитивизм, бодит идеализм, дуалист идеализм болно. Ерөөс позитивизм буюу энэхүү реализмд оюун ухаанаар зодож бичсэн, бичихээс илүүтэй оюун ухаан давамгайлсан шинж илэрдэг. Тэр нь яг л өгүүлэн буй номын “Цавуудмал түүх”, “Уул шуусан хүн”, “Моторын дуу” харин бодит идеализм буюу мэдрэмж давамгайлсан нь “Дурсамж ямагт хойд зүгийг заана”, “Уран шувууны үүр”, “Нэгэн голын дөрвөн улирал” зэрэг болно. Харин үлдсэн нь болох “Цул мөнгөн гүүр” бол дуалист идеализм буюу хувь зохиолчийн сэтгэлийн хүч, алсыг зорин нисэх Ливингстон цахлай адил тун чиг хүчтэй хүсэл тэмүүллээс үүдэлтэй гэж санана.
Батдоржийн Энхцэцэг “ХӨРӨГ” (хөрөг)
“Хөрөг”. Энэ үгийг, эл төрлөөр бичдэг хүмүүсийг хүний амьдралын зураач гэж хэлмээр санагддаг. Тийм зураачдын нэг, орчийн цагийн “Хөрөг” бичвэрийн гойд сайхан амтыг уншигчдад хүргэж яваа хүмүүсийн нэг бол сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг. Тэрбээр саяхан цав цагаан орон зайд өөрийн хөргийг залсан “Хөрөг” нэртэй анхны бүтээлээ гаргасан билээ. Хувь тавилан нь зурагдсан, тэр л тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн арван дөрвөн хөрөг уг номд багтжээ.
Амьдрал өөрөө олон дүртэй гэж бид ярьдаг. Тэрхүү амьдрал дотор мөн олон дүр бий. Тэдгээрээс эрж, хайж олсон дүрүүдээ ийм онцгойгоор мэдэрч, сэтгэлийнх нь гүн рүү нэвтрэх тусам өөрийнхөө зан чанарыг илүүтэй нээж олохоос гадна тавиланг нь омог бардмаар зурж чаддаг дүр харин бидний дунд цөөхөн. Тэр л цөөнхийн нэг нь сэтгүүлч Б.Энхцэцэг гэж сананам.
Дамдинсүрэнгийн Урианхай “АЗ ЖАРГАЛГҮЙ АМЬДАРЧ БАЙВАЛ МОНГОЛ ХҮН ТА НАМАЙГ УУЧЛААРАЙ” (бодрол, гүн ухаан)
Ер нь XIII дугаар зууны үе гэхээс бусдаар бол урт удаан хугацаанд монголчууд нэгдмэл ойлголт, нэгдэж чаддаг үнэт зүйлтэй байсан нь ховор ажээ. Энэ тухай өөрийн эрхгүй бодоход хүргэсэн бүтээл бол уг ном. Зохиолч, яруу найрагч Д.Урианхайн нийгмийн хөгжил хийгээд монгол хүний тухай философи сэтгэмжит 109 бодрол тус номд багтсан нь бий. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгосон ч бүх нийтийн эрх оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөөнд суурилсан үнэт зүйл алга. Тийм үнэт зүйлтэй болж байж урагшлах учиртай гэх санааг уг бүтээл хөндөнө.
Үүнээс гадна Монголын нийгмийн асуудлыг монгол хүний оюун сэтгэлийн угаас, ул дол болсон үг хэллэгээр бус өдөр тутамдаа тэр бүр сонсоод байдаггүй “амьд” агуулгаар бичсэнд уг номын онцлог оршино.
Энхбаатарын Хүрэлбаатар “ЭРЛИЙН ҮЗҮҮРТ” (сурвалжилга, нийтлэл)
Гудамж талбайгаар нь идэр есийн жавар гуядалсан Улаанбаатарын өвлийн урт шөнүүдэд эл номын эхний хуудсыг сөхөж суусан билээ. Харин өдгөө хотод урин цагийн салхины үзүүр сэвэлзээд эхэлжээ. Тэнгэр нь үд дундаа улам улмаа цэлмэгших нь номын номин цэнхэр хавтсыг санагдуулна. Тэр л тэнгэрээр урт цагаан зам татуулан онгоц өнгөрөх нь номын хавтсан дээрх нэрийг тодруулж харагдуулах шиг болно. Хөндүүртэй атлаа баяр жаргалтай олон өдрүүдийг цэх туучаад ирсэн мэтээр сэтгэгдэнэ. Уяран хайлах, улмаа эр зоригтой байна гэдэг “Ухаарлын үр” хэмээсэн найрагч ахын шүлэг бодогдоно. Эрэн сурвалжилсан тэмдэглэлүүдийг нэхэн санахуй Э.Хүрэлбаатар тун зоригтой сэтгүүлч аж. Тиймдээ ч “Эрлийн үзүүрт” бол хүний тухай, үнэний тухай, эр зоригийн тухай ном юм. Тэгээд ч номд агуулагдсан бүхэн чухамдаа эрлийн эсрэг эрэл билээ. Сэтгүүлч нь, түүний бичвэрийн баатрууд нь ч мөн шууд болон дам утгаар өөрсдийгөө, хэн нэгнийг эрж яваа. Уг эрэл төгсөж уяа дуусах уу гэвэл тийм бус аа.
Macho Young “ТЭНГИС” (намтар)
Иргэн бүрийн намтарын нийлбэр эх орны түүх болдог гэдэг. Ерөөс аливаа нэгэн хүний намтар, туулж өнгөрүүлсэн түүхээс бүр амьдралын шугам дээр өнгөрөгч хэн бүхний л сонирхлыг татдаг. Учир нь бид хамтын нийгмийн хүмүүс. Харин уг бүтээлийн эзний намтар хэн бүхэнд тэмүүлэл, үзэл санааны нугаршгүй хүч, итгэл найдварыг өгнө. Бидний алдаж болохгүй цорын ганц зүйл бол итгэл найдвар.
Хэрхэн бизнесийн салбарт хөл тавьсан болоод ямархан борог амьдралаас урган гарсан тухай нь тун ойлгомжтойгоор, уран зохиолын хэл найруулга, утга яруу үгсээр бичсэн тус ном ерөөс удаахгүй. Өөрийн амжилт ололтоос илүү намтарынх нь амин сүнс аав хэмээх хүн болохыг тод томруунаар илчилсэн ийм дурсамжтай олон тааралдаагүй билээ. Харин Macho Young гэдэг номыг зохиогчийн олон улсад алдаршсан бизнесийн нэр. Чухам учрыг “Тэнгис” номоос хайвал зохилтой.
УРАН ЗОХИОЛЫН БУС ОРЧУУЛГА
Ингмар Бергман “МИНИЙ АМЬДРАЛ КИНО ХАЛЬСАНД” (намтар, дурсамж)
Бүтээл хийхийн төлөөх цуцашгүй тэмцэл, эрэл хайгуул, өөртэйгөө зөрчилдсөн туйлдам санаа бодол, зүүдээ тэмтрэх чанар, хийсвэрлэхүйн гайхамшиг зэргээс үзэхүл үнэхээр л суу билиг нь тэр болов уу гэж санана. Энэ бол алдарт найруулагч Ингмар Бергманы намтар, дурсамжийн бүтээл. “Кинонууд нь ойлгоход бэрх агуулгатай хэдий ч үзэгчдийг суудалд нь хадаж, сэтгэлийг нь ховсдон татаж чаддагт л Бергманы өгүүлэгчийн ур ухааны гайхамшиг оршдог” хэмээн Вүди Аллен бичжээ.
Номд Бергман гол бүтээлүүд хэрхэн бичсэн талаар болон тэдгээрийн тухай төсөөлөл, зохиолын анхны сэдэв тархинд нь яажшуухан бүрэлдсэн талаар ч өгүүлнэ. Улсынхаа театрыг хэрхэн хөгжүүлж, дотроо агуу ихийг бүтээхийн шаналалд хэдэнтээ унаж, хэнтэй найзалж, нөхөрлөж явсан талаар олон гайхалтай дурсамжийг уг номоос хүртэх боломжтой.
Салман Рушди “ҮХЛИЙН ЭСЭЭ” (эсээ)
Өмнө нь олонтоо сонсож байсан уг номыг БНСУ-ын номын дэлгүүрт харсан даруйд нээж ч үзэлгүй шууд авсан юм. Тус номын зарим хэллэг туйлын хүнд учир бүрэн дүүрэн ойлгож уншсан гэдэгтээ итгэлгүй байна. Тэгээд ч заримыг нь тэр чигт нь орхиж, хэсэгчлэх байдлаар олон хоног эргэн сөхөж харсаар ямартаа ч ард нь гарсан сан. Тус бүтээлд Рушдигийн судалгаа, лекц, магад хүмүүсийн ярианаас ч сэдэвчлэн бүтээсэн 20 эсээ багтжээ.
Уг ном дахь зохиолчийн үзэл санааг ихэнх судлаачид “Шөнө дундын хүүхдүүд” романыг бичих үеийнхтэй нь холбон тайлбарладаг. Колончлолоос гарсан шинэ Энэтхэг улс бус урьдын, зохиолчийн өөрийнх нь төрж өссөн нутгийн талаарх үзэл бодол нь “Үхлийн эсээ” номын ихэнх хуудсыг бүрдүүлнэ.
Энд улс төр, нийгмийн амьдрал, хувьсгалын баатрууд, уран зохиол зэрэг асар өргөн сэдвүүдийг хамардаг. Маркес, Кафкагаас эхлэлтэй олон зохиолчид, тэдгээрийн бүтээлийн тухай гаргалгаа, зөвхөн Рушди л тодорхойлж, хамаатуулж болох өнгө аяс ажиглагддаг. Английн уран зохиолчдоос нөхөрлөж явсан хүмүүсийн тухай уншихад тэдгээр нэрсийг алийг нь өмнө дуулаагүй байв. Бага нас нь төрлөх энэтхэгт өнгөрсөн тэр улс орон зүгээр л сургагч, магад уран зохиолын дөр суулгасан төдий агаад эргэцүүлэн бодох шаардлагатай сэдэв санааг англид олж, тэнд л бичиж сурснаа дурдсан буй. Мөн бүтээлийнх нь бичлэгээс ялгаагүй өгүүлэн буй түүх дотор дахин нэг түүх багтаж байдаг нь уг номын эсээ бүрт шингэсэн онцлог юм.
Хэролд Блүм “ДЕМОКРАТЫН ЭРИН” (шүүмж, судлал)
Америкийн уран зохиолын нэрт шүүмжлэгч, утга зохиол судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн “Өрнийн канон” ном нь хоёр мянганы зааг дэхь дэлхийн уран зохиолын шүүмж судлалд хамгийн их анхаарал татаж, шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг.
Учир нь судалгааныхаа гучаад жилийг зарцуулсан энэхүү бүтээлээрээ зохиогч дэлхийн үгийн урлагт сэтгэлгээний охь болсон хорин зургаан зохиолчийн хосгүй гайхамшигт уран сайхны ертөнц, тэдгээрийн дахин давтагдашгүй шинжийг сод бүтээлүүдэд нь тулгуурлан нотлон харуулснаараа сонгодог Өрнийн каноныг үнэгүйдүүлэх буюу задлах тийш хэлбийлгэж байсан хүн төрөлхтний оюуны соёлд ихээхэн уршигтай үйл явцад цэг тавьсан юм.
Франц Кафка “ЭЦЭГТЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ” (захидал)
Уран зохиолын шимтэн уншигчид Франц Кафка эцэгтэйгээ ямаршуухан харилцаатай байсан тухай хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Өмнө нь түүний уг бүтээл орчуулагч Б.Гэрлээгийн дуун хөрвүүлснээр гарч байсан бол энэ удаад “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Харин орчуулагчаар нь Д.Цэмбэл ажилласан байна.
Уг номоос дан ганц эцэг хүүгийн зөрчилдөөнийг бус зохиолчийн дотоод үнэн, чухам юу түүнд нөлөөлсөөр “Хувирал”, “Цайз” тэргүүтэй үл ухаарам эхлэл бүхий бүтээлүүдийг туурвих болсон шалтгааныг ч гадарлаж болох юм. Захидлын анхны хувилбар нь бичгийн машин болон гараар хольж бичсэн нийт 45 хуудас захидал байсан гэдэг. Хувь уран бүтээлчийн дотоод шаналал, ойр дотны хүнийх нь хортой харилцаа түүний зан ааш, үзэл бодолд хэрхэн нөлөөлж, дарамт учруулсныг уншаад үзвэл үүнээс урган гарсан, яс янгинам цөхрөлөөр хучигдсан зохиолуудыг илүү гүн гүнзгийгээр мэдэрч магадгүй билээ.
ХҮҮДИЙН ЗУРАГТ НОМ
Бямбаахүүгийн Нанжид “ОДНЫ ДОМОГ”
Хүүхдийн номын “Жангар” редакциас багачуудад зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон хэвлэж бяцхан уншигчдадаа цувралаар хүргэсээр буй. Гэхдээ үлгэрийн ахин шинээр зохиомжилж орчин үеийн хүүхдийн сэтгэлгээний онцлогт тохируулахаас гадна хэл, найруулгын хувьд ч илүү ойлгомжтой болгосны нэг нь “Одны домог” зурагт ном юм.
Уг бүтээлийг Хөхдэй мэргэн болоод гурван марал одны тухай домгоос сэдэвлэн бүтээжээ. Зохиолчоор Б.Нанжид, зураачаар нь М.Алтаншагай нар ажилласан байна. Эрт цагт Хөхдэй мэргэн харваач тэнгэрийн гурван марал бугыг авлахаар эцэст нь шийтгүүлнэ. Харин харваачийн хүү шархадсан марал бугыг аварснаар аавыгаа хэрхэн суллаж, мангасыг даран сөнөөж өөрсдөө од мичид болон хувирч байгаа тухай өгүүлдэг.
Батбаярын Төрмөнх “ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖАА”
Энэ онд Монголын нэгэн их сод хүмүүн, говийн V догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож буй. Түүний тухай яриа үлгэр домог болон хувилж, үйлс бүтээл, үзэг бийрээр таталсан бичгийн эрдмийнх нь үр шим цагийн уртад охор болсонгүй. Учир нь ноён хутагтын өөрийн арвин их бүтээл туурвилаас гадна монгол, төвд, дорно дахины бичгийн их мэргэд, эрдэмтэн судлаачид уран бүтээлийг нь судалж, бусдад түгээн дэлгэрүүлэхээс гадна намтар дурсамж, баримтат уран зохиолын номуудыг туурвин бүтээсээр ирсэн билээ. Түүний нэг нь зураач, зохиолч Б.Төрмөнхийн “Говийн ноён хутагт Д.Данзанравжаа” хэмээх зурагт ном юм.
Нанжидын Гэгээ “ГЭГЭЭГИЙН ЗУНЫ АМРАЛТ”
Амралтаа чи хаачих вэ? Урин хавар нэгэнтээ айлчилж зуны амралт дөхөх болоход сурагчдын бие биеэсээ хамгийн их асуудаг асуулт энэ байлаа. Одоо ч магад хэвээрээ биз. Хүүхдүүд лекц, дугуйланд явж, зарим нь гэр бүлээрээ аялалд гарч, хэсэг нь хичээл номдоо үргэлжлүүлэн шамдаж, үлдсэн нь аав, ээжийнхээ ахуйд туслах байдлаар зуны амралт өнгөрнө. Тэр бүхэн хүүхдүүдэд амьдралын салшгүй дурсамж, ямар нэгэн утга учрыг бэлэглэж байдаг. Харин "Оюут" сургуулийн 5-ын "А" ангийн сурагч Нанжидын Гэгээ зуны амралт эхлэх бүр гэр бүлийнхээ хамт аялалд гардаг тухайгаа зурагт ном болгон бичжээ. Уг зурагт ном нь “Гэгээгийн зуны амралт” нэртэй агаад хүүхдийн номын зураач Э.Гантулга нэгэн гэр бүлийн хөгжөөнтэй, баялаг зуны амралтыг Гэгээ охины зохиосноор зурагт буулган уншигчдад хүргэсэн байна.
Өвлийн жавартай, цас жингэнэсэн хүйтэн өдрүүдэд зугаатай зуны аялалаар зорчих хүсэлтэй бол уг номыг эргэлзэлгүй цүнхлээд хариарай.
ХҮҮХДИЙН НОМ (ГАДААД)
Кадоно Ээко “КИКИГИЙН ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”
Номын нэрийг унших төдий Хаяао Миязакигийн бүтээсэн анимэйшн шууд санаанд бууна. Кадоно Ээкогийн уг бүтээл долоон дэвтэр бүхий томоохон хүүхдийн зохиол агаад түүний нэгээхэн хэсгээс сэдэвлэн тус алдартай киног хийсэн билээ. Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин гэхээр л тун сонирхол татам эхлэл шүү. Гэхдээ энэ зүгээр ч нэг шулам бус онцгой ид шидэд нь учир бий.
Кики охин ямар ч сорилтод үргэлж бэлэн байдаг. Удалгүй 13 нас хүрмэгцээ шулмуудын уламжлалын дагуу гэрээ орхиж, өөр хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрахаар болно. Мөн түүний хажууд хүний хэлээр ярьдаг өхөөрдөм Жижи муур байгаа. Тэд хамтдаа адал явдлын урт аяны эхлүүлж, түүндээ уншигч хүүхдүүдийг ч мөн татан оруулна.
Юваль Ной Харари “ДИЙЛДЭШГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨН”
“Спиенс. Хүн төрөлхтний товч түүх” хэмээх номоороо дэлхийн олон мянган уншигчдыг байлдан дагуулсан Юваль Харари залуу уншигчдад зориулан уг номыг бичжээ. Хүн төрөлхтөн юунд ч үл дийлдэнэ. Яагаад тэр вэ? Үүний тухай илүү их мэдэхийг хүсвэл үүх, түүх болгоныг гайхамшигт зургуудаар баяжуулсан тус бүтээлийг унших хэрэгтэй.
Хүн ухамсарынхаа тусламжтайгаар юу ч хийж, бүтээж чадсан байлаа гагцхүү амар амгаланг л олохгүй. Өөрсдөд нь байдаг супер хүчийг ашиглан сүн, сахиус, орон зайн төсөөллөөр ямар ч зүйлийн хил хязгаарыг нэвтлэн шунгах гайхалтай хүч дийлдэшгүй хүн төрөлхтөнд бий.
Жорж Роулинг “ХАРРИ ПОТТЕР: ШИДТЭНИЙ ЛАВЛАХ ТОЛЬ”
Дэлхий нийтийн анхаарлын төвд байж, олон орны хүүхэд залуусын дунд хүлээлт үүсгээд байсан тус ном бөмбөрцөг даяар нээлтэй хийж уншигчдадаа хүрсэн тэр өдөр уг номын нээлт ч мөн Монголд болсон билээ. Есөн бүхэл дөрөвний гурав тоот галт тэргэнд сууж шидтэний ерөнц рүү зорчих тасалбараас монгол хүүхдүүд ч бас хоцорсонгүй.
Хүүхдийн номын “Жангар” редакцаас “Харри Поттер: Шидтэний лавлах ном”-ыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Тус бүтээл нь Харри Поттерын ертөнцийн тухай бүхнийг багтаасан баялаг зургуудаар дүүрэн лавлах юм. Эл ном дэлхийн өнцөг булан бүрд нээлтээ хийсэн тэр цагт манай орны хүүхдүүд ч ялгаагүй эх хэл дээрээ уншиж, оюуны гайхамшигт ерөнцөөр аялах үүд тэдний өмнө нээгдсэн нь олзуурхууштай хэрэг. Уг номыг Б.Амарбаясгалан монголчилж,“Жангар” редакцын судлаач, зохиолчид редактораар ажилласан байна.
Ганхилд Паехр “ГАНЦААРДСАН ШУЛАМ”
Германы зохиолч Ганхилд Паехрын эл ном гарсан даруйдаа уншигч хүүхдүүдийн хамгийн дуртай зохиол болоод зогсохгүй, цаашид гарах олон олон зурагт номын хөгжилд ихээхэн хувьд нэмэр оруулжээ. Хүмүүсээс зайдуу, модон байшинд амьдардаг шулам өөрийг нь хэн нэгэн тоохгүй гунихарч, ганцаардан яваад нэгэн удаа дээр сууж буй хар муурыг олж хардаг. Түүнээс өөрийг хүмүүс яагаад тоохгүй байгаа тухай асууж муур түүнд зөвлөгөө өгснөөр үйл явдал эхлэнэ.
Зохиолын сэдэл санаа гэдэг хамгийн чухал болохыг эл бүтээлээс үүдэн хүүхдийн уран зохиолын судлаачид онцлон тавьж байжээ. Нээрэн шулам ч магадгүй ганцаарддаг юм бил үү гэх тэр л сэдлээс зохиол эх ундрагаа авснаар ийм нэгэн бүтээл хүүхдийн уран зохиолд мэндэлсэн юм. Эцэст нь эмгэн шулам муурын зөвлөгөөг биелүүлснээр шүүр унаж нисдэг, үс ширэлдсэн шулам бус энгийн л нэгэн хүн болон хувирч бусад хүмүүсийн адилаар аз жаргалтай болж байгаа тухай зохиолын төгсгөлд гардаг.
2023 ОНД ХАМГИЙН ОЛОН УДАА УНШСАН НОМ
Уильям Фолкнер “БУУГААД ИРЭЭЧ, МОСЕ!”
Фолкнерын эзэмшсэн хэл нь маш баялаг, хоосон цэцэрхэл, утга учиргүй нуршсан уянга үгүй. Бие махбодоос оюун санааны цэнгэл хосгүй хүчирхэг, илүү амьд байдгийг таньж чадсан ухамсар дахь “ориг” илбээр дүүрэн. Түүнийгээ бусдаас тодоор гэрчилж, хурцаар үзүүлсэн нөлөө нь “Баавгай” туужаас гадна “Буугаад ирээч, Мосе!”, “Цутгалан хавийн намар” өгүүллэгүүдээс ч мэдрэгдэнэ.
Уугуул оршин суугчдын хувь тавилан, эртний удмын цусны хүчирхэг ген, байгалийн догшин сүр хүчийг хүний зан чанарын эерүү болоод халшрам харилцаа, эр зоригт тулгуурлан бүтээгджээ. Мөн хүн төрөлхтний хоёр соёлын уулзвар дээрээс олж авсан Фолкнерын хүчирхэг оюун санааны гарцгүй эмгэнэлээс эл бүтээлүүд төрсөн юм.
Ямар ч атугай бие хүний төлөвшил, байгалийг хайрлах жинхэнэ сэтгэлийг уран зохиолоос эрж ахул “Баавгай” туужаас л хайх хэрэгтэй.
Эдгар Аллан По “ХАНС ПФАЛДАД ТОХИОЛДСОН ГАЙХАМШИГТ ЯВДАЛ”
Нэгэн өдөр суурингийнхны нүдийг орой дээр гаргасан үйл явдал тохиож, нарыг халхалсан том шувуу нисэн ирсэн нь агаарын бөмбөлөг байлаа. Гэтэл тэндээс нэгэн эрхэм захирагчид хандсан захидал унагачихаад буцан одов. Мөнөөх захидал олон жилийн өмнө нас барсан хэмээн тогтоогдсон Ханс Пфалдаас иржээ. Ийнхүү захидал өгүүлэх санаанд оромгүй аялал, тэрхүү захидлын худал болохыг нотолсон мөрдөгчийн гаргалгаанаас уг бэсрэг тууж бүрдэнэ.
Зарим талаар Хансын аялал тун ойлгомжгүй, шинжлэх ухааны үг хэллэгээр дүүрэн тул ахин дахин эргэж сөхөхгүй л бол бүрэн дүүрэн гаргалгаанд хүрэхэд эргэлзээтэй. Тиймээс л Погийн зохиолын адал явдалд шимтэгчид уг бүтээлийг ганцаас илүү уншсан болоход огтхон ч эргэлздэггүй. Би ч мөн тэдгээр шимтэгчдийн нэг билээ.