Гагцхүү төгсгөл нь ирчихсэн амьдрал
дээр л мөнхрөлийн тамга дарж болно.

Карл Ясперс

I.

Бидний сэтгэл дотор агуулагдах олон өнгийн салаа юмс бүхэн ердөө л тэнд хуримтлагдсан дурсамж, гурван цагийн аль нэг цэгт орших төсөөллөөс бүрэн гүйцэд ангижирч чадах болов уу. Магад хувь хүний доторх бие махбодиос ангид сэтгэлзүйд хамаарагдах зүйлс нь төсөөлөл, оюун ухааны өчүүхэн эсвээс агуу их болоод бодитоор бус зөвхөн мэдрэмжид хүлээстэй чанар байж болно. Яг л Маагийн зүүд, зохиолч залуугийн төсөөлөлтэй адил. Тэр нь Акбар нэгэнтээ Жодхаг биежүүлж, Аго руу яг шөнө дунд нарны хурц туяа туссантай адил юм уу даа. 

Энэ бол зохиолч, яруу найрагч Б.Батзаяагийн “Тарган муур” туужийн өрнөлөөс үүдсэн бодол. Тиймээс уншиж дууссаны дараа бус гэсэн үг юм. 

Зохиол хоёр талаасаа уншигдах бүтэцтэй. Хөгжимчин эмэгтэй, зохиолч залуугийн түүхийг тус тусад нь хийгээд бүлгийн дугаарын дагуу уншихгүй байсан ч болно. Гэвч ингэх нь туужийн төгсгөлтэй эрт харгалдах магадлалтай тул дэсийн дагуу уншсан нь зөв болов уу. Нэг талаас “Хүн гэдэг өчүүхэн сул дорой” болохыг Маа өрөөний хамтрагчдаа, магадгүй өөртөө хэлснээр уншигчийг адармаат оршихуй өөд замчлах бол нөгөө талаас зохиолч залуугийн “Хүн бүхэн ахин давдагдашгүй, хурууны хээ шигээ ганцхан хувь байдаг” гэсэн эгоист санаа хэрхэн хувирамтгай чанартай болохыг үнэнээр илчилж, бид аливаа буй юмсын өмнө хоорондоо ялгарах зүйлгүй адил. Гаднаасаа хэчнээн хүчирхэг, өөр харагддаг ч дотроо мөнөөх л сул доройгоо халхавчлахаас ялгаагүй болохыг хүүрнэсэн цогцолбороор эхэлж байна. Ерөөс сайн бүтээлийн учиг эхний өгүүлбэрээс уншигчдад мэдрэгддэг гэх совин билгийн шинжтэй үзэл хэр үнэмшилтэй вэ? Угтаа дээрх эхлэлүүд бол үргэлжилсэн цул текстийн шинжтэй агаад нэг санааг нөгөө нь хожимдож тайлбарласнаас өөрцгүй. Магадгүй залуугийн хэлэх санаагаар тууж эхэлж дараа нь бидний сул дорой шинжийг ямар ч баримт өгүүлэлгүй дурдсан бол илүү тодорхой болох биз. Гэхдээ ойлгомжтой болоод ирэхээр л зохиол муу тал руугаа жин дардаг. 

Туужийн дүрүүдийн эрс үгүйсгэл, олон ургалч санаа, бичлэгийн уламжлалт хэв загварыг үл давтах хандлага зэргийг аваад үзвэл шуудхан постмодернд хамаатуулж болох ч “Тарган муур” тууж нь экзистенциалист төрөлд хамаарах бүтээл хэмээн дүгнэгдэх биз гэдгийг хэлэх хэрэгтэй. Давын өмнө аливаа бүтээлд төрөл зүйлийн титэм, байгаа оноогүй онолын зүүсгэл өмсгөлөө гэх үг хурцлагчдад хандахад ямартаа ч эл бүтээл структурализмтай огт хамааралгүй болохыг онцолмоор байна. 

Угтаа зохиолч залуугийн дотор хэчнээн их зөрчилдөөн байлаа ч түүнийг ямагт ууч сэтгэл дагалдана. Тэр ууж, мансуурч, жазз клуб орж, бүтээл туурвих асар их тэмүүллийн өмнө цөхрөн буй дотоод хүнээ тайвшруулж, өр зүрхний гүнээс хайж, мөрөөдөх тэр хүнээ өөр нэгнээр орлуулсан ч “Сайхан уужим, санаа амрам хоосон”-д хэзээд хүрнэ. Хөгжимчин Маа ч мөн эцэстээ өөрийг нь зовоож буй зүүд, совин билиг нь хөтлөх үл үзэгдэгч гарыг тавихгүйгээр шийдэж элдэв дүрэм, амьдралд нь эрх чөлөө шургалах зайгүйгээр боомилж орхисон хичээлийн хүнд өдрүүдийг мартахаар шийдэж өөртөө шинэ амьдралын дүрэм зохиодоггүй гэж үү? Тэнд л Маа мартах шинэ дэгийг бий болгож, өөрийнхөө төлөө амьдрахдаа ерөөс хэн нэгэнд үйлчлэх нь утгагүйг ойлгоно. Найзынхаа яншсанаас ч бус түүнд ердөө оюун ухаан нь шинэ амьдралын шинэ дүрмийг хэлж өгсөн хэрэг. Үүнд ямар ч сургаал номлол, шинжлэх ухааны баримт нотолгоо үгүй. Тэгэхээр жинхэнэ оршихуйн үнэ цэнийг ухамсар нь бүтээж өгчээ. Энэ нь эцэстээ экзистенцалистуудын баримталдаг хүнд өөрт нь тус болохуйц хүмүүнлэг үнэн юм.

Гетёгийн үүсгэсэн онолоор тууж цөөн дүртэй, тодорхой цаг хугацааны хүрээнд өрнөх учиртай. Тэр шинжээр аваад үзвэл “Тарган муур” хоёр гол дүр болон цөөн туслах дүрүүдийн оролцоотой хийгээд цаг хугацааны хувьд ч илэрхий. Гол нь өгүүлэх шинж чанар, дүрийн дотоод зөрчил, зөвхөн “би”-д хамаатай үзэл нь хэчнээн том байлаа ч “гүнзгий мэдрэмж” гэх хоёр үг зохиолын дүрүүдэд илүүтэй хамаарна. 

II.

“Fat Cat”. Зургаан ширхэг латин үсгээс бүтсэн англи хэлний эл хоёр үгээр нэрлэгдсэн номын хэсэгт зохиолч залуугийн тухай өгүүлнэ. Түүнд үнэндээ бичихээс өөр тодорхойлсон амьдралын зорилго үгүй. Ердөө л хүсэл, цаг хугацааг нэг тэнхлэг дээр давхцуулж чадах төсөөллийн хүч бий. 

Тэр хайрын тухай бодож, ууж дахиад ууна. Уусан шар айрагны хоосон лонхыг ширтэн согтолтын хэмжээгээ хүнийг хайрлах, хэсэг хугацааны дараа мартах  зуурдын тэмүүлэлтэй жишиж тун ухаалгаар олон сэдвийн хүрээнд философидож сууна. Түүгээр зогсохгүй уншиж мэдсэн, хэн нэгний судалж нотолсон баримтуудад тулгуурлан шинэ санал дэвшүүлж, амьдрал тэр чигтээ уйтгар болохыг ухаарснаар түүнд дасах тусам уйтгарлахаа болих энгийн гаргалгаанд хүрснээр эргээд л гуниглаж эхэлдэг. Хийл үүрч, уут алим барьчхаад ганцаараа зогсож байсан хөгжимчин эмэгтэйг харсан цагаас хойш ч энэ байдал арилахгүй. Заримдаа тэр мөнөөх эмэгтэйг эцэс хязгааргүй хоосон, харанхуйд гансран сууж байгаасай гэх хорссон үзэлд хүлэгдэнэ. Улаанбаатараар тэнэж, мансуурч яваа түүнийг заримдаа бодит гэхэд дэндүү бэрх. Учир нь зохиолчийн бичлэгийн олон талт хэлбэр нь гол дүрийнхээ төсөөлөл хийгээд бичиж буй зохиолын хэсгийг үргэлж бодит байдалтай уялдуулснаас үүдээд зарим үед хоорондоо холилдчихоод байлаа. Үүгээр ч зогссонгүй. Ийм ээдрээтэй бодол санааны дундуур туучин гарч ирвэл эцсийн нөхцөлд өгүүлэгдэн буй зохиол дотроо ерөөсөө байгаагүй хүн болчихдог нь тун сонин агаад адармаатай. 

Мэдээж ярвигтай зүйлд хариулт бэдэрсэн учраас, тэрхүү ярвигтай сэдвүүдээс хамгийн түгээмэл, анхнаасаа л амархан ойлгоод хүртчих мэдрэмжид зориулагдаагүй хайр сэтгэлийн тухай энд өгүүлж байна. Гэхдээ яг энэ нь зохиолч залуугийн хайр уу, эсвээс түүний бичихийг, бүтээхийг хүссэн уран зохиолын, агуу их урлагийн талаарх асуудал уу гэх эргэлзээнд мөн хүлэгдэнэ. Тийм дээ ч гол дүр нь өөр бусдаар хүсэл тэмүүллээ нөхөн зугаацаад сэрсний хойно тун ухаалгаар философидож эхлэхдээ “Хэн нэгнийг хайрласан цаг хугацаа өөр нэгний хувьд гээгдсэн цаг хугацаа болдог юм уу?” гэж асууна. Үүндээ мөн л өөрөө “Шал балай юм” гэж хариулна. Тийнхүү үргэлжлүүлэн хайрын тухай сэдэв рүүгээ гүн яргахаас бус өөр нэгний гээгдсэн цаг хугацааны талаар дорвитой гаргалгааг нээх гэж яарахгүй, цаашид ч уншигчдад хариулах боломж олгохгүй. Энэ бүхэн ерөөс танд ойлгомжгүй санагдаж байна уу? Тийм ээ, “Тарган муур” туужийн талаар, зохиолч залуугийн тухай өгүүлээд буй минь надад ч мөн тун бүрхэг, утга авцалдаагүй мэт сэтгэгдээд эхэлчихлээ. Гэхдээ энэ бол олон нийтийн ёс суртханууны хүмүүжилд нөлөөлөхүйц хэмжээний агуулга шингээж ухуулан сэнхрүүлэх, номлон сурталдахаас эрс ангид бүтээл болохыг хэлэх байна. Ойлгомжгүй, хариулт авах боломжгүй, тэр чинээгээр аль болохуйц их тунгаар эмх цэгцгүйг өөртөө агуулсан бүтээл л орчин цагийн жинхэнэ уран зохиолын хэм хэмжүүрт нийцдэг нь дамжиггүй үнэн. Уг үнэн огтоос хэтрүүлэл биш. 

Цаашилбал зохиолч залуугийн төсөөлөл, мансуурлаас урган гарах бодит ахуйн үйл хөдөлгөөн хэрхэн хаос шинж рүү хөтөлж буйг “Дарханы сэтэрхий шар хүрээтэй ногоон алим” бүлгийн эр, эмийн явдлын талаарх өгүүлэмжид нэн тодорхой бууна. Тэрхүү хаос дотроос эмх цэгцийг хайсны эцэст хийлч охинтой учирсан ч цаашдын амьдрал төсөөлөлд нь бусад хүмүүсийн хайр сэтгэл, өдөр тутамд тохиох уйтан амьдралаас огт ялгархааргүй зүйл болон үзэгдэнэ. Тэгээд л тэр ийн бодно. 

...Энэ амьдралд надтай хамгийн ойрхон байдаг эмэгтэй хүмүүсийг би тэвчиж чаддагүй. Ээж, эгч, эхнэр гээд л. Тэдэнтэй удаан хамт байхаар галзуурах шахна. Ер нь хэнтэй нь ч би бүтэн өдрийг эв түнжинтэй өнгөрөөж чадахгүйгээ мэднэ. Магадгүй огт танихгүй хүмүүс л хайрыг минь татна”. 

Тэр огт танихгүй, учраад салсан нь заримдаа зүүд эсвээс асар хүчтэй төсөөллийн үр шим гэж итгэхэд хүрдэг учраас л хийлч охиныг бэдрэхдээ хайрын талаар өөртэйгөө мэтгэлцэж, төсөөлөлдөө амилуулж, “Fat Cat”-д хөгжимд мансууран шар айраг шимж суухдаа шүлэг зориулж бичнэ. Нөгөөтээгүүр дээрх үгс хэн нэгний илчээд хэлчхэж зориглохгүй тэр үнэний тухай л юм. 

Эцэст нь эрэн бэдэрч явсан, уншигч номын эсрэг талаас нэгэнт мэдэх болсон тэр эмэгтэй нь залуугийн хувьд хүн биш болж таарна. Эрж хайж явсан хайр дурлал нь бодит эмэгтэйд бус өөртөө хүлээж авсан оршихуйд, дотор нь сая уусан шингэж байж зөв хариултыг олох учиртай зүйл байв. Ийнхүү хүсэн тэмүүлсэнтэйгээ учрахдаа тэрээр зөвхөн “...нүдээрээ биш хэлээрээ уншиж болох зарим үгсийг бичихээр...” шийджээ. 

Үүнээс өмнө залуу өөрөөсөө “Миний амьдралын үнэ цэн юу билээ? Хайр уу? Авьяас уу? Уран зохиол уу? Оршин буй минь утга учир эдгээр зүйлс мөн гэж үү? Бичсэн бүхэн минь багтаж шингээд тэсэж үлдэх тухай юм уу?” гэж асуудаг. Хаана багтаж шингэх тухай билээ. Оршин байхуйн тэдгээр утга учирт уу? Тэр хүнтэй биш хөгжимтэй эвцэлдэж буйгаа ойлгох үеэс л зохиолын дүрүүд чухамдаа зохиолч залуу бус ерөөс уран зохиолын бэлгэдэл дүр байв уу гэх эргэлзээнд давхар хүргэнэ. Эргэлзээ, эргэлзээ дахин эргэлзээ. 

III.

Одоо харин номоо нэг хэмээн дугаарлагдсан нөгөө талын хуудаснаас эхлүүлье. Эхэнд өгүүлсэнчлэн Санкт-Петербург хотноо хөгжмийн сургуульд сурч буй охин Маа түүний найз бас нэгэн Маагийн тухай энд өгүүлнэ. Мэдээж хоёр дахь Маа нь туслах дүрийн оролцоотой. 

Маа хичээлийнхээ амралтаар Монголд ирж Улаанбаатар хотноо ганцхан байх жазз клуб буюу “Fat Cat”-д очин хийл тоглох үеэр үл таних залуутай учирдаг. Хэдий тэдний хооронд дэс дараатай хайрын үйлчлэл биежээгүй ч зүүдэндээ зохиолч залуугийн биед хувилчхаад бичиж эхлэх агаад нойрноос сэрсний дараа өнөөх тодорхой үгсээ мартаж орхино. За ингээд бүх зүйл эхэлж байгаа нь тэр. 

Нэгэн удаа ээж нь өвдөж, эмнэлэгт байх хугацаанд Мааг дуудаж хийл тоглохыг гуйдаг шүү дээ. Эмэгтэй эмнэлгийн орон дээр хэвтэж буй ээждээ, орж ирэхэд нь намуухан хөрөөдөхийг зөвлөсөн залуу эмчид зориулан тоглож байлаа. Үйлдлээс илүүтэй сэтгэл, мэдрэмжийн хослол нь тэрхүү аялгууг гайхалтай болгож ямартаа ч надад тэрхэн мөчид хийл барьсан гар нь Вивальдигийн уянга бус Паганинигийн чөтгөрийн шидэнд илбэдүүлчихсэн шиг мэдрэмж төрүүлж байв. Сонсож суугаа ээж нь болоод эмч залуу ч гайхалтай хөгжмийн хэмнэлд илбэдүүлсэн боловч хөгжимчин өөрөө үүнээс илүүг мэдэрчээ. Энэ бүхнийг нуршин тайлбарлах нь илүүц. Тэр өмнө нь хичээлдээ явж, багшийнхаа үгнээс огт зөрөлгүй суралцаж, амсхийх чөлөөгүй шалтгалтуудад бэлтгэн урлагийн төлөө, хөгжмийн төлөө бүтээгдсэн хүн биетэй механик хөдөлгүүр шиг байсан бол энэ удаад өөрт буй авьяас, оногдсон боломжийг бодитоор биежүүлэн ашиглаж чадсаныхаа хүчинд оршин байгаагийнхаа хамгийн гол утга учрыг нээж байна. Энэ нь экзистенциалзмын үзэл санааны эцэг Ясперсын онолтой яв цав нийцнэ. 

Дараа нь тэр жазз клубын гадна зогсоод аавынх нь дурсамжийн хэсэг болж үлдсэн тортой алиаас хазах үгүй тухай эргэцүүлэн зогсохдоо өөрийгөө Паганинийн “Чөтгөрийн хийлч” гэж танилцуулсан залуутай учирдаг. Юмс өөр хоорондоо харилцан шүтлэлцээгүй ч далдын ямар нэгэн учир шалтгааны үрнээс үндэслэсэн үл үзэгдэх сэжмээр холбогддог гэх ухамсрын бус “би”-гийн дотоодоос үүдсэн бодол, мэдрэмж биднийг эзэмдчихвэл яах вэ? Зохиолын дүрүүдийн хооронд яг тийм үл үзэгдэх сэжим тэр цагаас бий болсон хэрэг. 

Түүний зүүдэнд үзэгдэх муур бол ээж нь. Охиноо зохиолч залуутай уулзахгүй гэсэндээ анх нөгөө өрөөнөөс шагайж байсан бол учрал бүрэлдэхийн хэрээр охин руугаа ойртож, зүүдэндээ үгс бичээд буй гарыг нь сорви тогттол самардаж эхэлдэг. Үүнийг батлах нэг нотолгоо бол зүүдэнд нь “Амлалтаа зөрч, үгүй бол үүрд муужгай хэвээрээ үлд” гэх зохиолч залуугийн үгс юм. Муур бус муужгай гэхээр ээжийн бяцхан охин, энэ амьдралаас ер бусын ид шидийг амтлах зориггүй сул дорой нэгнийг л тодорхойлж хэлсэн байж таарна шүү дээ. 

Эцэст нь тэр хайж явсан хүнтэйгээ учирдаг хэсэг нэг урлаг нөгөөгийнхөө хэм хэмнэлд шингэж, уусан нэгдэж ер бусын ид шид бүрэлдэн бие болж байгаа аятай мэдрэмж төрүүлнэ. Зохиолч залуу хөгжимд багтах үгс болсон бол хөгжимчин эмэгтэй өөрийгөө “...үгээр тавигдах мөртөө хариулт нь хөгжмөөр хэлэгдэх...” асуулт болон хувирчээ гэж сэтгэнэ. 

Чухам л зохиолчийн бидэнд хэлэх гэсэн санаа, үзүүлэх гэж адгасан тоглолт энэ мөн. Зүүд = төсөөлөл, үг = аялгуу, хөгжим = уран зохиол, эрэгтэй = эмэгтэй. Магадгүй хоорондоо ялгаатай гэж үү? Аль аль нь гадаад байдлаараа бидэнд тэс ондоо мэдрэмж төрүүлэх боловч эцэстээ таашаал нь нэгэн цул бөгөөд эдгээр зүйл бие биедээ уусан шингэж, эсвээс нэгнийхээ хэвлийд багтаж болох ажээ.

VI.

Аливааг жаахан өөрчлөөд шинэчлэн бүтээх, шинийг сэтгэх гэдэг харин эрс ялгаатай. Б.Батзаяагийн “Тарган муур” тууж реалист уран зохиолоос хэтийдсэн үйл явдал үгүй агаад харин философийн шинжтэй хосолмол хэв загвараар өрөгдсөн бүтээл. 

Туужийн “Уулзах л болно оо хоёулаа” бүлгийн эхний хэдэн хуудас тэр чигээрээ Монголд ирсэн Маа, Петербургтээ үлдсэн өрөөний хамтрагч, найз Маатайгаа мессенжерээр харилцсан бичлэгийн хэлбэртэй. Харин зохиолч залуугийн зүүд, хөгжимчний төсөөлөл зэрэг нь хүүрнэсэн яруу найраг шиг санагдана. Дүрүүдийн өөртэйгөө ярилцах монолог нь философи, найзуудтайгаа хийх цөөн хэдэн харилцан яриа нь тэр чигтээ бохир реализм. Мөнхүү дүрүүд хоорондоо учрах эцсийн цэг дээр зохиолч өөрөө уншигчдад зааварлагчийн үүрэгтэй оролцож “google maps” харахыг танд санал болгоно. Үүнээс гадна алдартай жазз хөгжимчид, тэдгээрийн тоглодог хөгжмийн нэрс, Петербугийн Римский-Косаковын нэрэмжит хөгжмийн сургууль зэрэг зохиолчийн мэдлэгт тулгуурласан баримтууд ар араасаа, хэсэг бусгаар хөврөн эрээжилнэ. 

“Тарган муур”-ын долоодугаар бүлэгт (хөгжимчин Маагийн өгүүлэх) хотын тухай ийн хэлжээ. 

“...Бүх хотод өөрийн гэсэн ид шид нуугддаг. Петебургт зөрж өнгөрсөн хүнтэйгээ ахин таарах магадлал Петр хааны хүсэл биелэх магадлалтай адилхан байдаг бол Байгаль далайд зүүд бүхэн усны толионд, толины цайрт уусан шингэдэг болохоор хэн нэг хүн өөрийгөө усанд, эсвэл толинд харах бүрдээ өөр нэгнийг олж хардаг бол, Улаанбаатарт цас орох болгонд цоо шинэ шид бүрэлдэн бий болдог”. 

Гэтэл нөгөө тал буюу “Fat Cat”-ын арав дахь бүлэгт (зохиолч залуугийн тухай өгүүлэх) хотыг өөртэйгөө нэгтгэнэ. 

“...Учир нь би энэ хотын эд эс нь юм, би энэ хотын түрлэг давалгааг үүсгэж байдаг сүнслэг чанар нь юм. Согтууран хөлчүүрэх Улаанбаатарын сархад нь юм би, намайг ууцгаа. Би энэ хотын хөрснөөс ургасан өвс юм, намайг асаацгаа. Татацгаа. Мансуурцгаа. Би энэ хотын өнгө будгийг өөрөөрөө сүлсэн юм. Олж харцгаа. Би энэ хотын хөг эгшиг, морин хийлийн уйлан гинших ая аялгуу нь юм. Намайг сонсоцгоо. Би энэ хотын оргазм юм. Намайг эдэлцгээ. Над руу асгацгаа. Би элдэв утга замбараагүй магтаалаас тэс ондоо хараал зүхэл, ёс бус үг үсэг нь юм. Намайг уншицгаа”. 

Уг ганц жишээнээс аваад үзэхэд л хөгжимчин охин, зохиолч залуугийн дүр хоорондын ялгаа тод томруунаар илрэн гарна. Тэдний аж төрөхүй, үзэл санаа, нэг нэгэнтэй учрах тухай ирээдүйн бодол, дотоод эсрэгцэл, эмэгтэйн тайвшрал, эрэгтэйн цөхрөл зэрэг бүгд бий. Зохиолч залуугийн тухай бүлгүүдийг хэрхэн ромбо тоогоор, харин эмэгтэйг яагаад орчин цагийн тоогоор дугаарласан нь зохиолчийн гоо зүйн үзлээс мөн хамаарах биз ээ. 

Магадгүй Самуэл Бэккэттийн “Годог хүлээхүй”, Венедикт Ерофеевийн “Москва Петушки”, Милорад Павичийн “Салхины дотоод тал”, үгүй юм аа гэхэд Кортосарын өгүүллэгүүдээс бид хүний аж төрөхүйд чухам хэрэг болчихмоор ухаарлын үг, өгүүлбэртэй таарахад бэрх. Гэтэл эдгээр зохиолууд л бидний оршин буй ертөнцийн хаос шинж чанарын хамгийн зөв гаргалгааг бүтээсэн хүн төрөлхтний оюуны цаглашгүй өвд тооцогддог.  Хэт дэгсдүүлсэн жишээ байж магад ч “Тарган муур” туужийн төгсгөлийн үйл явдлыг аваад үзвэл яг л тийм хаос бүтэцтэй. Гэтэл агуулгынх нь цар хүрээ урлаг хоорондын нийлэгжилт, эр эм хүмүүсийн хайр сэтгэлээс үүдэлтэй хүлээлт, шаналал, цөхрөл зэргийг нэгэн цөмд багтааж бүтээсэн адилтгалын хэмжээнд тулж очно. Гэвч эцэстээ хэр хэмжээний цар хүрээ хамрахыг сайн уншигч, цаг хугацааны дэнс шийддэг хойно доо.

Ямартаа ч зохиолч, хөгжимчин эмэгтэйн нууц эрхтэн рүү ороод алга болчихдог тэрхүү төгсгөлийн өгүүлэмжээс уншигчдад хэзээ ч тааварлагдаагүй үйл явдал үүсэж байна. Ямагт байгалийн хүчнээс оюун ухааны чадал дутмаг байж болох  авч түүнтэй эгнэх, давж гарах өөр ямар ч юм орчлон хорвоод үгүйд итгэнэ. Тиймээс л зохиолч залуу өөр орон зайд багтаж, бусдад мартагдахыг хүссэн байж болох шүү дээ. Мартахад, мартагдахад суралцах нь өөрөө уг туужийн бас нэгэн нууцлагдмал санаа байж болох юм. 

Төгсгөлд нь хэлэхэд Маяковский ахин сэрж Вероника ууж суухдаа хэвлийнийх нь доод хавьцаанаас дуулдах “Тарган муур” хэмээн давтах үгсийг сонссон нь лавтай. Үнэндээ Маяковский, Вероника нэг хүн юм шүү дээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав