Парисын паралимпод Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй гялалзсан амжилт үзүүлж, ард түмнээ баясган цэнгүүллээ. Тэдгээр агуу тамирчид монголын 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар, урам зориг авчирлаа. Миний энэ удаагийн зочин тус Парисын олимпоос Хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын хөнгөн атлетикийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Цэгмидийн Баттулга.

-Танд баяр хүргэе. Монголынхоо ард түмнийг баярлуулж, нутаг усныхныгаа цалгиалаа. Ойрын өдрүүдэд иймэрхүү үгсийг хангалттай сонсож байгаа байх. 

-Юуны өмнө намайг урьж ярилцлага авч байгаад баярлалаа. Олимпоос медаль аваад маш их баяртай байна. Энэ өдрүүдэд би маш их аз жаргалтай байна. Яагаад гэвэл төрүүлж өсгөсөн ээж аавдаа ачийг нь хариулж байгаа юм шиг, тийм нэг дүүрэн мэдрэмж төрдөг юм байна. Хоёр багшийнхаа итгэлийг алдалгүй, дэлхийн дэвжээнд амжилт гаргасандаа баяртай байна. Монгол Улсынхаа, Булган аймгийнхаа нэр төрийг дэлхийд гаргаж чадсандаа маш их баяртай байна. 

-Та спортын нөлөөнд өссөн, бөх хүний хүү. Хатуужил талаасаа ч юм уу, эр хүн талаасаа аав тань ямар өв үлдээсэн бэ? 

-Манай аав Булган аймгийн сайхан сумын аймгийн хурц арслан Цэгмид гэж хүн байсан. Тэр хүний хажууд байснаараа спортод чигтэй, спорт сонирхож эхэлсэн байх. Бага байсан болохоор аавыгаа бөх хүн гэж мэддэг байсан болохоос нарийн ширийн юм мэддэггүй байлаа. 10 жилд байхаас л сагс, боллейбол зэрэг бүх л спортод ойр байлгаж, бөмбөг зэрэг хэрэгтэй зүйлсийг маань авч өгдөг байсан. Тэрүүгээр нь жоохон хүүхэд болохоор тоглож ч мэдэхгүй. Гэрт байж л байдаг байсан. Би бол сүүлд гарсан хүүхэд. Тиймээс аавыгаа яг ид барилдаж байх үед нь мэдээ ороогүй хүүхэд байсан. Сүүлд харьсан бөх болчихсон, барилдахаа больсон, хөгширсөн хойно нь л аав маань мундаг бөх юм байна гэж ойлгож мэдэрч байсан л даа. Хүмүүс ярина, манай ард олон чинь бөхөө яаж хүндэтгэдэг билээ. Аав маань 2008 онд Н.Түвшинбаяр аваргыг олимпод барилдаж байхад Хишигээ гэдэг дүүтэйгээ дундаа ганц шил юм тавьчихсан үзэж байсныг би мартдаггүй юм. Би хүүхэд байсан, хоол хийгээд л. Тэр хоёр зурагтаа үзээд л. Тэгж байтал Түвшээ аварга түрүүлж, тэр хоёр бөөн баяр болж, бүр уйлж байсан. Тэр явдал сэтгэлд минь байнга хадгалаатай явдаг юм. Тэгж л олимп гэж ямар гоё юм байдаг юм бэ, хүмүүст ямар том баяр цэнгэл эдлүүлдэг юм бэ гэдгийг мэдэрч байлаа. Тухайн үед аавыгаа тэгж уйлж байхыг ерөөсөө хараагүй байсан. Хоёр хөгшин хүн тэврэлдээд уйлахаар эхлээд гайхаж байгаа юм. Ямар сонин юм бэ гэж. Түвшээ аварга түрүүлж, Монгол Улс анхны олимпын алтан медалиа хүртэж, монгол хүн бүр омогшиж, улсаараа давалгаалж байна гэдгийг хүүхэд байсан болохоор мэдэхгүй, дутуу хагас мэдрэмжтэй л байж байхгүй юу. Үнэхээр тэр үйл явдал ямар том баяр баясал байсныг, ямар их хүлээлт байсныг, тийм ч учраас тэр хоёр маань тэгж их уйлж байсныг хожим л ойлгож байгаа юм. 

-Аав тань бөх хүн, тэгээд ч нутгийнх нь хүү олимпын аварга болж байсан. Монгол Улсын олимпоос авсан анхны алтан медаль шүү дээ. Уйлахаас аргагүй л үйл явдал байсан байх. 

-Тийм. Тэгээд бүр нутаг усных нь, айл саахалт явсан айлынх нь хүүхэд олимпоос анхны алтан медалийг эх орондоо авчрахад сүйд болсон байх л даа. Тэр үед сэтгэл хөдлөл нь энгийн хүмүүсийнхээс өндөр түвшинд байсан байж таарна. 

-Та Түвшээ аваргыг хэр сайн таних вэ? 

-Түвшээ аварга намайг мэдэхгүй, би Түвшээ аваргыг мэднэ гэх юм уу даа. Гэхдээ нэг удаа уулзаж байсан. Тэр том хүнийг хараад бишрээд л, ямар гоё юм бэ гээд л хажууд нь шоконд ороод байж байсан. Энгийн хүн шиг бодогдоогүй. Сэтгэлдээ би ийм агуу хүнтэй уулзаж байна, энэ бол онцгой тохиолдол гэж л хүлээж авч байсан. 

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ? 

-Би хоёр эгч, нэг ахтай. 

-Танай удамд спортын ямар хүмүүс байдаг вэ? 

-Би бас сайн мэдэхгүй байна. 

-Садангууд нь Сайхан сумандаа амьдардаг байх? 

-Бага байхдаа л аавыг дагаж Сайханд их очдог байсан. Гэхдээ би ээжийнхээ тал руу илүү их очдог, багадаа тэд нарындаа л ихэвчлэн очиж амардаг байсан. Манай ээж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн л дээ. Хантай багт эмээгийн ах дүүс аж төрдөг. Ээжийн талын үеэлүүд олон бий. Би Булганыхаа төв дээр өссөн. Булган аймгийн 6-р хороонд шороон дээр л хөлбөмбөг, сагс, боллейбол, баавгайн чих тоглож өссөн дөө. 

-Та яах аргагүй хангайн сайхан байгаль дунд төрж өссөн хүн юм байна. Манай Булган аргагүй сайхан хангай... 

- Байгаль гэдэг бол энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай зүйлсийн нэг. Миний нутаг бол тэр дундаа хосгүй сайхан хангай, жимс ногоо элбэг. Хүн зон нь сайхан. 

-Таны аав ээж ямар ажил мэргэжилтэй хүмүүс вэ? 

-Манай ээж аав хоёр хоёулаа малын эмч мэргэжилтэй. Гэхдээ манай аав малын эмчээ хийж байгаагүй. Спорт хороонд нярав хийдэг байсан. Ээж маань одоо тэтгэвэрт гарсан ч гэсэн малын эмчээ хийж байна. 

-Та сурлага хэр хүүхэд байв. Аравдугаар ангиа төгсөөд Анагаах ухааны их сургуульд эссэн гэхээр сурлага сайн хүүхэд байж дээ. 

-Өөрийгөө бусдаас илүү сайн байсан гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан хийх ёстой юмаа хийгээд явдаг хүүхэд байсан л гэж өөрийгөө боддог. Анагаахад орно, эмч болно гэдэг миний хар багын мөрөөдөл. Мөрөөдлийнхөө сургуульд орсон. Анагаах бол миний хүүхэд байхын мөрөөдөл байсан. Яагаад гэхээр би өөрөө бусад хүүхдүүдээс ийм өөр байсан. Өөртөө зориулж өндөр болгодог эм бүтээнэ. Эм зүйч болно гэж маш их мөрөөддөг байлаа. Ер нь ингэж төрснөөсөө болоод мөрөөдлөө их багадаа олсон, өөрөө өөртөө эм зохионо гэж боддог байсан. Тэгээд томроод шүдний эмч болно гэж боддог болсон. Шүдний эмч болсон маань бас өөр түүхтэй. Нас томрох тусам хүн эм уугаад өндөр болдоггүй гэдгийг мэдэрч эхэлж байгаа юм л даа. Хүүхдийн гэнэн томоогүй мөрөөдлөө бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон хэрэг. Тийм болохоор маш их мөнгөтэй болох ёстой юм байна. Тэгээд гадаадад очиж эмчлүүлнэ гэсэн бодолтой явдаг байсан. Нэг удаа манай биологийн Мөнхзул багш хичээл дээр “Духны жоохон үрчлээ оёход л маш их мөнгө олдог юм байна. Үнэлгээ нь тэр эмчийн чадавхи хоёр ингэж хосолж байна шүү дээ” гэж ярьдаг юм. Би багшаа яг ямар чиглэл вэ гэж асуухад нүүр ам судлал гэж хэлсэн. Тэгээд би нүүр ам судлалыг судалж эхэлсэн, явсаар байгаад шүдний эмч болсон. Өнөөдөр нүүр ам согого заслын нарийн мэргэжлийн эмч болчихсон сууж байна даа. 

-Та аймгийн аль 10 жилийн сургуулийг төгссөн бэ? 

-Би хоёрдугаар 10 жилийн сургуульд анх нэгдүгээр ангид элсэхдээ Цэцэгмаа багшийн шавь болж байсан. Дунд сургуулиа төгсөхдөө химийн Ганжаргал багшийн ангийг дүүргэсэн. 

-АШУИС-ын элсэлт өрсөлдөөн ихтэй. Өндөр оноотой байж л орно биз дээ? 

-Тийм. Би гэхдээ багаас нь эхэлсэн. Анагаахын дундад эхэлж орсон. Хиймэл шүдний техникч, нүүр амны техникчээр суралцсан. Дунд мэргэжил эзэмшиж байгаа юм. Дараа нь АШУИС-д элсэж орсон. 2017 онд нүүр ам, шүдний эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд төрж өссөн Булган аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж эхэлсэн. 2000-2022 онд мэргэжил дээшлүүлж резидэнтээр нүүр амны согог засалч, эмч мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлээд Булган аймагтаа ажиллаж байна. Одоогоор ажлаасаа түр чөлөө авсан. 

-Бусад хүүхдүүдээс өөр гэдгээ та хэдийнээс мэдэрч эхэлсэн бэ? 

-Манай удамд ийм жижигхэн хүн байгаагүй. Би анагаахын мэргэжилтэй, өөрийнхөө удмыг судалж байна. Ямар нэгэн юм удмын хувьд байгаагүй. Ямар ч байсан сургууль ороогүй байхдаа л мэдсэн. Найзуудтайгаа тоглоод явж байхад хүүхдүүд шоолдог байсан. Тухайн үеийн нийгэм өөр байсан ч юм уу, гадуурхалт ихтэй байлаа. Тэр болгоныг тэсч гарсан. Ээж аавдаа их гомдож уйлдаг байлаа. Тэднээс болсон юм шиг санагдана. Сэтгэл санааны хувьд хүнд байдал юм л даа. Намайг яагаад ганцааранг минь ингээд төрүүлчихсэн юм бэ гэж хэлээд ээждээ их зодуулдаг байлаа. Ээждээ зодуулснаараа би их хатуужилтай болсон байх. Нэг л өдөр би том хүн болсноо мэдэрсэн. Яагаад гэвэл нэг өдөр л зодуулсан чинь би уйлаагүй. Намайг ер нь ийм жижигхэн төрсөн юм гэж илүү хайрлаж, энхрийлж , эрхлүүлж өсгөөгүй. Бусдын л адил алганы амт үздэг, адилхан гэрийн ажлаа хийдэг. Ямар ч давуу эрх олгоогүй. Тэр нь ч одоогийн намайг бүтээхэд их хэрэг болсон байх гэж боддог. Ээждээ тэгж нэг л өдөр зодуулахаа больсон. Тэр өдрөөс хойш би ухаан орсон юм шиг санагддаг. Яагаад ээж аавыгаа ингэж зовоогоод байна аа, би гэж. Тэгээд “Намайг яагаад ийм жижигхэн төрүүлчихсэн юм бэ” гэх үгийг одоог хүртэл нэг ч удаа ахиж амнаасаа цухуйлгаагүй. 

-Нийгмийн зүгээс , хүүхдүүдийн зүгээс ирэх сэтгэл зүйн дарамт яг тэр насандаа хэцүү байдаг. Ангийхандаа нэг буруу ойлгогдчиход л гадуурхалт, дээрэлхэлтийг амсана. Энэ нь хүүхэд насандаа маш том дарамт байдаг. Тэр байдал хэзээ алга болсон бэ? 

-Манай ангийнхан бол намайг ёстой хайрлаж, хамгаалж ирсэн. Ангийн найзууд маань л их хамгаална. Хамгийн гол нь надаас дүү хүүхдүүд байсан. Тэдний эцэг эхчүүд ч нийлж шоолдог байсан. Манай ангийнхан, үеийнхэн, нэг төгсөлтийнхөн маань намайг их ойлгодог байсан. Анагаахын сургуульд орж оюутан болоод л тэр байдал алга болсон. Өөрөө ч энэ жижигхэн биеийг сул талаар нь биш, давуу талаар яаж хөгжүүлэх вэ гэж боддог болсон. Хэн болгоны сураад байдаггүй сургуульд ороод, их эмч болох гээд явж байна гэдэг сэтгэл зүйгээрээ ч гоё мэдрэмжтэй явж эхэлсэн. Маш том зорилготой байсан учраас, зорилгодоо хүрэх гээд галт тэргэнд нь суучихсан болохоор өөртөө дараатай, хэцүү мэдрэмжүүдээ алга болгохоос ч өөр арга байхгүй. 

-Хүссэн мэргэжлээрээ сурч чадаагүй хүмүүс бидний дотор зөндөө шүү дээ. Танайхан бүгд дээд сургууль төгссөн үү? 

-Манай ах л сургууль төгсөөгүй. Бусад нь дээд сургууль төгссөн. 

-Хүүхдүүдээ чанга, сайн хүмүүжүүлдэг айл байж. 

-Ер нь бол аав эрхлүүлдэг, ээж чангалдаг байсан. Гарч орж тоглох гэхээр ээж л гаргахгүй. 

-Та одоо хэнтэй амьдарч байгаа вэ? 

-Одоо бол би ээжтэйгээ л амьдарч байгаа. Бусад маань тусдаа гарсан. 

-Хувийн амьдрал, хайр дурлалын тухай төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу? 

-Найз бүсгүй байгаа. Бид мэргэжил нэгтэй, үерхээд хоёр жил болж байна. Маш нандин зүйл маань учраас хэнд ч ярьдаггүй. 

-Хайр дурлалтай учирна гэдэг хүссэн мэргэжлээ эзэмших, спортод амжилт гаргахаас өөр, нөгөө талаас нь хүнийг бүтэн болгох гоё зүйл байх... 

-Тийм. Хайр дурлалтай учраад амьдралд маань бас нэг өөр зорилго гарч ирж байна. Урагшлах цоо шинэ алхам нэгээр нэмэгдэж байна. Шинээр хариуцлага нэмэгдэж байна. Айлын охиныг жаргаах, жаргалтай байлгах нь миний үүрэг. Хайрлана гэдэг өөрөө маш том хариуцлага гэж бодож байна. Тэр айлын ээж аав маш зөв хүнтэйгээ сууж дээ, миний охин гэж хэлтэл нь, тэгж бодогдтол нь хайрлана гэж боддог. Зөв хайрлана, зөв амьдарна. 

-Та спорттой яг том утгаар нь хэзээнээс нөхөрлөж эхэлсэн бэ? 

-Энэ бол маш том түүхтэй. Манай Булган аймгийн Чин Ван Хандоржийн нэрэмжит Эрдмийн өргөө цогцолбор сургуульд биеийн тамирын Ханддорж гэдэг багш байдаг байсан. Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, спортод бүх сэтгэл зүрхээ өгсөн тийм хүн. Хүүхэд болгон л Хандаа багшид хайртай. Би ч хайртай байсан. Оюутан байх хугацаанд 2012 онд юм уу даа. Манай ангийн хэсэг хүүхдүүд гэрт нь обой наахад нь туслаад сууж байхад багш маань манай ангийнханд намайг ярьж л дээ. Тулгаа ер нь паралимпоор амжилт гаргана шүү гэж багш хэлсэн гэсэн. Нөгөө хэд ажлаа дуусаад манайд ирээд “Хандаа багш паралимоор хичээллэвэл амжилтад хүрнэ” гэж ярьж байна гэж хэлсэн. Би ч паралимп гэж мэдэхгүй. Би аварга болноо л гээд нөгөө хэддээ хэлж байсан. Найзууд маань хоёр хуваагдаад, чадна чадахгүй гэж байсансан. Хандаа багш маань аймгийн Спорт хорооны дарга хийж байгаад ажлаа өгчихсөн. Одоо Булган аймагт волейболын спортыг хөгжүүлэхээр зүтгэж яваа. Дугуйлан хичээллүүлдэг, бүх насны хүүхдүүдэд хичээлд нь ордог. Манай аймагт волейбол эрчимтэй хөгжиж байна. Волейболоор угаасаа дээр үеэсээ алдартай байсан. Жаахан алдагдаж байсан нь одоо эргээд сэргэж эхэлж байна.

-Багш тань гэнэт таны хувь заяаны тухай сайхан зүг чиг гаргажээ. Тэгээд та харин яав? 

-Тэгээд л зуны амралт дуусаад оюутан болоод явж байлаа. Өвлийн амралтаар манай шороон Болдоо буюу Батболд гээд найзын маань төрсөн өдөр болсон. МУИС-ын 5-р сургуулийн хажууд болно гээд Бямбасүрэн, Хандаа бид нар Багшийн дээд дээр буугаад хойшоо алхсан. 12 сарын нэгэнд согтууруулах ундаа уудаггүй болохоор эрүүл тэмдэглэдэг. Багшийн дээдээс алхаж байсан чинь Спортын ордны урд хоёр ах замыг маань хааж хашаад явуулдаггүй. Нөгөө хоёр найз орхиод явчихсан. Би араас нь хүүе, намайг явуулахгүй байна шүү дээ гээд араас нь дуудлаа. Гэтэл нөгөө хоёр ах өөрсдийгөө танилцуулсан. Би паралимпийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн байна. Батдорж, Төмөр гэдэг хүмүүс байна гээд танилцуулсан. Хөнгөн атлетикийн мундаг багш маань саяхан бурхан болсон доо. Тэр хоёр маань намайг олж, энэ спорт руу анх чиглүүлж байсан. Суурийг минь тавьж, багш Д.Махаширигийн шавь болж байсан. Оюутан байх хугацаандаа бэлтгэл хийдэг байлаа. Анагаахын хичээлийн хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг бол их хэцүү л дээ. Анагаахын багш нар маань чи эмч болох юм уу, тамирчин болох юм уу гэж зэмлүүлнэ. Чөлөө авах гэж бөөн юм болно. Бэлтгэл дээрээ очиход Д.Махашири багш хоцорлоо гэж аашлангуй хандана. Мэдээж бэлтгэлээ хүмүүсийн дундаас хийнэ гэхээр зарим нэг зүйлийг орхигдуулна. Багш нар үүнд яаж дуртай байх билээ. Бэлтгэл оройны 20:00 гэж дуусаад л гэртээ харьдаг байсан. Юм идчихээд л шөнийн 12 цагт сэрүүлэг тавиад унтана. Ихэнх өдөр үүрийн 04 цаг хүртэл хичээлээ хийгээд өглөөний 7:40-д хичээлдээ явдаг. Дийлэхээ байгаад бүр семистрийн чөлөө авч байсан. Чөлөөгөө аваад байрлаж бэлтгэл хийдэг байсан, багштайгаа. Чөлөө авсан хичээлээ өвөл зунгүй нөхдөг байлаа. Надад зуны амралт гэж байдаггүй байсан. Гэртээ 7-14 хоноод л эргээд л 9 сарын нэгэн болоод хичээл, бэлтгэл хоёр эхэлнэ. 2015 онд бэлтгэлээ түр больсон. Яагаад гэвөл ээж маань өндөр настай хүн. Тухайн үед ээжийгээ амьд байгаа дээр сургуулиа төгсөөд, өөрийн гэсэн мэргэжилтэй болж санааг нь амраах ёстой байсан. Энэ зорилгоо урдаа бариад спортоо түр орхисон. 2017 онд сургуулиа төгсөөд аймагтаа шүдний эмчээр ажиллаж эхэллээ. Хажуугаар нь зүгээр байгаагүй ээ. Булган аймгийн фитнесийн Чадраабал багш дээр пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн. Мэдээж тамирчин хүн спортоор хичээллэх дуртай болчихсон байдаг. Хэвтээ шахалт, суулт, таталт гэсэн гурван төрлөөр хүндийг өргөдөг спорт. Багагүй амжилт гаргасан. Улсын аваргаас мөнгө, хүрэл, алтан медалиудыг авсан. -59 кг-ын жинд 202.5 кг-ыг суултын төрөлд өргөж Монгол Улсын рекордыг эзэмшсэн. Нэг сөрөг юм нь энэ спортоор хичээллэхээр зүрх өвддөг. Тиймээс эрүүл мэндээ бодоод түр орхисон. Булган аймгийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд багш маань эргэж энэ спортоор хичээллээч, эргээд хөнгөн атлетикийн спортоор хичээллээч гэдэг саналыг надад тавьсан. Би багшдаа зөвшөөрсөн. В.Батболд багш бид хоёр багагүй бэлтгэл хийсэн. Манай багш ОХУ-д спортын арга зүйч мэргэжлээр баклавар, магистераа хамгаалсан мэргэжлийн хүн. 

-В.Батболд багшийг би сайн мэднэ. 

-Багш маань мундаг хүн л дээ. 

-Сая та олимпын медаль авахдаа хэдэн кг-ыг шидсэн бэ? 

-Бидний ангилалд дөрөв байдаг. Эрүүлийн ангилал 7 кг-аар шиддэг. 

-Жин бас хамааралтай байдаг уу? 

-Мэдээж, хувь хүн өөрөө биеийн хөгжил сайтай байх хэрэгтэй. Техникийн хүч сайтай байх хэрэгтэй. Болдоо багш маань санал тавиад хоёулаа бэлтгэл хийгээд, Итали улсаас Ханжоугийн азийн наадамд орох эрхээ эвсан. Азийн наадамд багштайгаа явсан. Хүрэл медаль аваад өшөө бэлтгэлээ сайжруулж, хичээх ёстой юм байна гээд анхны багш Д.Махашири дээрээ ирж хүчээ зузаатгаж, гурвуулаа цаашдаа явна гэдэг эрхэм зорилго тавиад одоогийн амжилтанд бид гурав хамтдаа хүрсэн. Цаашдаа ч бид гурав салахгүй. Манай хоёр багшийн харилцаа, хандлага миний төлөө гэсэн сэтгэл бол гайхалтай. Бидний тавьсан зорилго том. Бид гурав бүх зүйл дээр нэгдмэл байж, бие биенээ ойлгож түшдэг. В.Батболд багшийн амнаас хүн муулж байгаа үг гарч байхыг би огт сонсож үзээгүй. Хүнд тусалчих юмсан гэдэг чин сэтгэл нь хүн бүхэнд харагддаг. Ерөөсөө гэрээрээ тийм хүмүүс. Шийрий багш маань их шударга зарчимч хүн. Энэ хоёр мундаг багшаас үлгэр жишээ авч явж байна. 

-Жин энэ спортод хамаатай юу? 

-Жин нэг их хамаагүй. Өндрийн спорт. 130-аас доош хүмүүс F40 ангилалд оролцдог. F41-т 1.45-аас доошоо оролцдог. 

-Та их гоё хоолойтой юм, дуулдаг уу? 

-Би дуунд муу. 

-Спортоос өөр юунд дуртай вэ? 

-Би багаасаа их шартай хүүхэд байсан. Сагс тоглолоо гэхэд шийд олдохгүй. Өндрүүд нь бөмбөг авчихдаг. Тэгээд л нулимс цийлэгнээд ирнэ. Волейбол тоглох маш дуртай. Сургуулийн аваргад ороод тоглочихдог. Ширээний теннис тоглох дуртай. Ширээний теннисээр нүүр ам судлалын тэнхимийнхээ аварга болж байлаа. Мөнгөн медаль ч авч байлаа. Мэргэжил нэгтнүүд дундаа ширээний теннисээр медал авчихдаг. Сагс, воллейбол тоглодог. Биллиард тоглох дуртай. Булган аймагт тэмцээн зохиоход гурван удаа хүрэл, нэг удаа мөнгөн медал авч байлаа. Одоо тоглоогүй удаж байна. Ширээний теннист бол би бараг донтож байсан. Шөнө унтаж чадахгүй болтлоо тоглодог байлаа. Чихэн дээр бөмбөг тог тог гээд дугараад унтаж чаддаггүй байсан. 

-Ширээний теннисийн төрөл паралимпэд байдаг уу? 

-Яг миний ангилалд байхгүй. 

-Гадны олон тамирчидтай танилцав уу? 

-Өөрийнхөө өрсөлдөгч нартай илүү дотно боллоо. Маш хүчтэй болсон гэдгээ харууллаа. Манай хэд намайг өрсөлдөгчийнхөө тоонд оруулсан байх. Өмнө нь бол өрсөлдөгчийн тоонд ордоггүй байсан. Одоо бол өрсөлдөгчийн тоонд орсон. Нөгөө хэд ахиад нэг өрсөлдөгч ороод ирлээ гээд бэлтгэлээ маш сайн хийх байх. Би ч бас байр сууриа хадгална. 

-Таны хувьд эмч хүн. Өөрийнхөө бие организмыг сайн мэднэ. Тэр талаараа давуу байгаа байх. 

-Тийм. Ядрах үедээ өөртөө нэг витамин аваад хийчихдэг. Өөртөө шингэн залгачихна. Өвдөхөөрөө өөртөө тариагаа хийгээд, өөрийгөө тордоод л явж байна. 

-Яг төрийн дууллаа эгшиглүүлээд медалийн тавцан дээр зогсож байх тэр мэдрэмж ямар байдаг вэ? 

-Тэр бол маш гоё мэдрэмж л дээ. Тэр том цэнгэлдэх хүрээлэнд, дэлхийн дэвжээн дээр, олимпийн тавцанд зогсож байна гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй агуу мэдрэмж. Ер нь бол өөрийн эрхгүй л уйлдаг юм байна лээ. Мэдээж тэнд зогсохын тулд маш их золиос гарч байгаа. Бэлтгэл нэг өдөр сайхан байна. Нэг өдөр муу байна. Бэртэл гэмтэл авна. Би дөрвөн сараас хойш бэртэлтэй явж байгаа. Хоёр өвдөгний бэртэлтэй байгаа. Холбоосын суналт, үрэвслийн шингэнтэй байгаа. Зүүн хөл мөгөөрсний цууралттай байгаа. Дөрвөн сараас хойш дандаа өвчин намдаах эмээр аргалж бэлтгэлээ хийж байна. Мэдээж би амжилт гаргаагүй бол энэ бэртлийг ярихгүй. Амжилтанд хүрсэн учраас ярьж байна. Энэ бол амжилтанд хүрээгүйгийн шалтаг гэж бодогдох болов уу гээд би ярихгүй байх байсан.

-Ерөнхийлөгчтэй уулзлаа, ямар байсан бэ. Ямархуу хүн шиг байна. Танд юм хэлэв үү?

-Монгол улсынхаа нэр төрийг мандуулж, амжилт байгуулсанд баяр хүргэе. Тэнгэрт байгаа аавдаа энэ бүхнийг харуулсандаа маш их баярлаж байгаа тэр билэгийг чинь үзсэн шүү гэж надад хэлсэн. Төрийнхөө тэргүүнээс ийм сайхан үг сонсож, гавьяат тамирчин цол хүртсэндээ маш их баяртай байна.

-Гараад ирэхэд хоёр багш нь хүлээгээд байж байна уу? 

-Мэдээж хоёр багш маань байлгүй яах вэ. Д.Махашири багш маань гавьяат цол авсан. Багш маань өөрөө энэ шидэлтийн спортын хүнд хэцүү бүрийг биеэрээ мэдэрчихсэн хүн. Өөрөө 1996 онд Атлантагийн олимпод явж байсан. Азийн наадмаас мөнгө, зүүн азийн наадмаас гурван удаагийн хүрэл медалтай. Монгол Улсад гурван төрлөөр рекорд эзэмшдэг. Одоо хүртэл тэр рекорд эвдэгдээгүй байна. Энэ хүн гавьяат гэдэг цолыг аль эрт, залуу насандаа “авчихсан” байсан юм аа. Би нэг өдөр Д.Махашири багштайгаа хамт гавьяат цол авсандаа баяртай байна. Тун удахгүй В.Батболд багш маань шагнал урамшууллаа авах байлгүй дээ гэж найдаж байна. 

-Шагнал өгөх биш, В. Батболд багшийг чинь хөөж явуулах гээд л хавчаад байдаг шүү дээ. Би маш их гайхаж явдаг юм. Түүний мэдлэг, боловсролыг нь яагаад ингэж үнэгүйдүүлээд байгааг... 

-Надад ч гэсэн маш хачин санагддаг. Энэ спортод, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш их сэтгэл гаргаж, уйгагүй явж байгаа хүн бол манай В.Батболд багш мөн гэж би бардам хэлнэ. Багш маань бүх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдынхаа төлөө явдаг. Амьдрал ахуйнх нь төлөө ч зүтгэдэг. Бас нэг тамирчнаа ОХУ-ын Якут руу спортын сэтгэл зүйч мэргэжлээр сургасан. Бас л нэг амьдралынх нь баталгааг тэр шавьдаа олоод өгчихлөө. Хүн болгоны төлөө чин сэтгэлээ өгдөг багш. 

-Би танай В.Батболд багшаас ярилцлага авъя гэж гуйгаад ерөөсөө өгдөггүй юм. Би таны өөр нэг багшийн тухай асуумаар байна. 

-Тэг л дээ. 

-Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал таны багш байсан уу?

-Г.Ганжаргал багш маань миний багш мөн байлгүй яахав. Талийгаач багшийн маань хувьд хүн болгон мэднэ. Хүн бүрийн хайртай багш. Би багшийгаа шүтдэг, хайрладаг байсан. Хүний дээд хүн. Мэдлэгийн хувьд ч, хүний хувьд ч. Би багшийгаа таньдаг болсноос хойш нэг ч удаа уурлаж байхыг нь харж байгаагүй. Дандаа шавь нартаа, ер нь хүн болгонд тусалж явдаг, халамж нь бол дэндчихсэн хүн байсан. Хамт хөдөө үзлэгээр явна. Цангаж байна уу, өлсөж байна уу гээд л ундаа бариад л ирнэ. Сайхан багш минь байсан. Монголд ховорхон багш, энэ мэргэжилдээ ч ховорхон эрдэмтэн. Би нас бардаг өдөр нь ч хамт явж байсан. Цуг үзлэгээр хөдөө явж байсан. Маш хэцүү байсан. Үнэхээр энэ тухай ярих хүнд байна. 

-Уучлаарай. 

-Бөмбөрцөгийн багш гэж хэлж болно. 

-Шүдний эмчээс хүүхдүүд хамгийн их айдаг. Та хүүхэд байхдаа шүд чинь өвдөж, шүдний эмчид очиж үзсэн үү. Одоо өвчтөнүүддээ хамгийн эхэнд юуг зөвлөдөг вэ. Шүдний эмчийн ажлын хамгийн сайхан нь, бас хэцүү нь юу вэ? 

-Сайхан мэргэжил. Манай улсад шүдний өвчлөл маш өндөр хувийг эзэлж байна. Хүнд хамгийн эхлээд эрүүл байх их чухал. Эцэг эхчүүд эрүүл мэндийн мэдлэгтэй болмоор байна. Хүүхдийнхээ ууж идэж байгаад анхаармаар байна. Улиралдаа ч юм уу, сардаа байнга шүдний эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж баймаар байна. Энэ мэргэжлийн сайхан нь маш хүнд өвдөлттэй хүн шүдний эмнэлэгт орж ирээд эмчид үзүүлээд инээгээд гардаг нь. Үнэхээр сайхан мэргэжил. Эмч хүнд өвчтөнийхөө инээхийг харах шиг сайхан мэдрэмж юу байх билээ. 

-Та их сайхан шүдтэй юм. 

-Би бас нэг шүд дутуу. Гэрээсээ холдож үзээгүй жоохон хүүхэд хэнд хандахаа мэдэхгүй нэг шүдээ авхуулж байсан. Тэрэндээ одоо болтол харамсдаг. 

-Хөгшчүүд төмөр холбоостой шүд хийчихсэн явах юм. Технологи асар хөгжиж байна. Энэ талаар мэдээлэл өгвөл. 

-Мэдээж шүдний эмчилгээний хөгжил маш өндөр түвшинд ирсэн байна. Хүн гараараар хийхээ больсон, бүх юмыг компьютер хийгээд өгчихдөг болсон. Хүмүүс өөртөө таарсан, эдийн засагтаа тохирсон шүдийг л хийлгэж байна. Шүд болгон өөрийн гэсэн онцлогтой. Одоо согогтой аманд тохирсон шүдийг л эмч гараар хийж өгч байгаа. 

-Танай эмнэлгийг гадны эмч нар очихоор хөөж туудаг гэж өнгөрсөн жил шуугиад байсан. Үнэхээр тийм гадуурхал байна уу? 

-Тийм зүйлийг мэдэхгүй байна. Би удирдах албан тушаалтан биш шүү дээ. Ямар гэрээ хийсэн, ямар ямар тохиролцоотой байсан зэрэг нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна. Манай Булганы нэгдсэн эмнэлэг сайхан газар. Эмчилгээ сайтай гээд өөр ойрын аймгуудаас ч хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг.

-Лхамсүрэнгийн Энэбишийн нэрэмжит эмнэлэг, тийм үү? 

-Тийм. Маш мундаг хүн байсан гэж сонсож байсан. Хүүхэд байхад л энэ хүнийг их ярьдаг байсан. Булган аймгийн 70 жилийн ойгоор гэрэлтүүлэг хийгээд. Тэр хүнийг тавьж байсан гэж хүүхэд байхад сонсож байсан. Одоо тийм хүн байсан юм билээ л гэж дурсаж мэдэж байна. 

-Та машин барьдаг уу? 

-Барьдаг. 2012 оны жолооч. Өвөл төгсөж байсан. 

-Хамгийн их сонсох дуртай дуу тань ямар дуу вэ? 

-Сонсдог дуунууд маань цаг үеээ дагаад өөрчлөгдөөд явдаг юм байна. Ойрд Г.Ариунбаатарын “Монголын Өглөө” дууг их сонсож байна. Мөн Хурд, Харанга хамтлагийг сонсох дуртай.

-Та бөхөөр хичээллэж байсан уу

-Бөхөөр хичээллэж байсан. Хүүхэд насандаа жүдогийн секцэнд явж байсан. Одоо ч гэсэн барилдана. Баргийн хүн намайг давахгүй. Би унагаачихаад байдаг талтай. (инээв)

-Та чөлөөт бөх сонирхдог уу? 

-Чөлөөт бөхийг нэг их сонирхдоггүй. Би жүдо, үндэсний бөх сонирхдог. Багаасаа барилдаг байсан. Үүрч шиддэг ганц мэхтэй. 

-Танай аав их элдэвтэй барилдаантай бөх байсан гэсэн. 

-Үе тэнгийнхэн нь, нөхөрлөж явсан хуура дүү нар , барилдаж явсан хүмүүс нь аавын минь тухай надад ярьж өгдөг. Маш хүчтэй, мэхтэй, чөлөөтийн спортоор хичээллэдэг шар залуу гарч ирээд л бужигнуулаад хаячихдаг байсан гэж ярьдаг юм. 

-Сайхнаас их сайн бөхчүүд төрдөг нь юутай холбоотой гэж боддог вэ? 

-Сайхан сумаас гентэй, бяртай хүчтэй хүмүүс гарч ирээд байна гэдэг нь миний л сонсож байснаар байгаль, өвс ургамалтай нь холбоотой гэж хөгшид ярьдаг. Өвсний сайхан нь Сайхан суманд ургаж байна. Тэр ховрын өвс ургамлыг айргаараа дамжуулж хүн нь ууж өсөж байна. 

-Та архи уудаг уу? 

-Хааяа ууна. Архинд орчихсон юм шиг уух биш л дээ. Та ойлгож байгаа байх. Одоо уухгүй гэсэн зорилго тавьсан байгаа. Одоо маш хариуцлагатай хүн байх ёстой болчихлоо. Ийм том амжилтанд хүрлээ. Ийм том амжилтын ард алдсан хүн ч байна шүү дээ, эргэн тойронд. Оносон ч хүн байна. Янз янзын л хүн байна. Энэ болгоноос хүн туршлага авах хэрэгтэй. Алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй. Архи гэдэг юмыг нийгмээрээ битгий уугаасай гэж уриалмаар санагддаг. Эмч хүний хувьд ч, тамирчин хүний хувьд ч энэ үгийг хэлмээр байдаг. 

-Та аавынхаа малгайг Парис руу авч явсан. Гадаад хүмүүс малгайг нь их сонирхож байна уу? 

-Тэгэлгүй яах вэ. Малгай маань тэдэнд их сонирхолтой харагдаад байх шиг байсан. Асуухаар нь манай үндэсний малгай гэсэн ойлголт л төрүүлж байгаа юм. Англи хэл тааруу учраас нарийн ширийн тайлбарлахад хэцүү. Заримд нь энэ миний аавын малгай, аав маань бөх хүн гэж ойлгуулж байгаа юм. Аавтайгаа наадна гэдэг зорилго л өөртөө тавьсан юм л даа. Аавынхаа малгайнд их залбирдаг байлаа. Зодог шуудаг бүх юм нь надад байгаа. Хүүгийн хувьд дээдэлж явдаг. 

-Ээж нь, гэр бүлийнхэн нь их л баярласан байхдаа. 

-Тэгэлгүй яахав. Манай ээж зөндөө уйлсан. Хүүгээрээ их бахархлаа, баярлаж байна гэж хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ орох оронтой болгочих юмсан, мэргэжилтэй болгочих юмсан. Хүүгээ хүнээс юм гуйлгахгүй юмсан гэсэн бодолтой л ээж минь энэ амьдралд зүтгэж ирсэн. 

-Эмч нарын цалинг бага гэж хэлдэг. Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? 

-Ажлаасаа түр чөлөө авсан байгаа. Үнэнээ л хэлье, миний цалин амьдралд хүрэлцдэггүй. Ер нь монголд цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг хүн ховор байх. Төрийн албан хаагчдын цалин маш хүнд байгаа. Үүндээ тааруулж хөнжлийнхөө хэрээр хөнжлөө жий гэдэг зарчмаар л өрнөөс өрны хооронд л болгож л амьдарч байх шиг байна. Хүн болгоны л амьдрал адилхан байх шиг байна. Овоож оцойсон хангалуун амьдралтай төрийн албан хаагч гэж байхгүй. Цалин маань жаахан нэмэгдээд 1.6 - 1.7 сая болсон гэж бодож байна. Эмч болгоны цалин өөр өөр байдаг. 

-Та эмчээрээ үргэлжлүүлж ажиллах уу. Булгандаа амьдрах уу. Төлөвлөгөөнд тань өөрчлөлт орж байгаа юу? 

-Амжилтад хүрсэн юм чинь гээд спортоо орхих хэцүү байна. Хоёрдугаарт, Олимпын алтан медалийн төлөө зүтгэмээр байна. Дэлхийн аварга, азийн наадмын медаль авмаар байна. Дэлхийн рекордуудыг авмаар байна. Залуу насандаа л энэ бүхний төлөө хичээхгүй бол хэзээ хичээх юм. Сайхан мэргэжлээ би хэзээ ч орхихгүй. Тамирчин хүнд спортын карьер хийх цаг хугацаа богино байдаг. Тийм учраас энэ амжилтаа үргэлжлүүлж, өөрийнхөө зорилгод хүрэхийг л хүсэж байна.

-Одоо хамгийн ойрхон тэмцээн хэзээ вэ? 

-Дэлхийн аварга, азийн наадам байна. Энэ хоёрт хоёуланд нь маш өндөр бэлтгэлтэй орно гэсэн бодолтой байгаа. Одоохондоо бэртэл гэмтлээ эдгээж байж хүчтэй бэлтгэлдээ орохгүй бол манай бэлтгэл маш хүнд шүү дээ. Өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Энгийн хүн харахад допинг хэрэглэчиж дээ гэж хардаг. Би 60 кг жинтэй. Цээжин дээрээ 180 кг, суултан дээрээ 220 кг өргөж байна. Нэг бэртчихээрээ энэ жиндээ очиж чадахгүй. Энэ гэмтлээ сайхан эдгээгээд, маш хүчтэй дайралт хийнэ. Хэний ч санаанд ороогүй шидэлтийг хийнэ гэж бодож байгаа. Мэдээж хоёр багштайгаа. Багшгүй бол би хэн ч биш. Хоёр багш минь зааж зөвлөнө, багш нарынхаа зөвлөгөөг дагана. Маш том бэлтгэлд орохын тулд эхлээд биеэ бэлдэх хэрэгтэй. Тийм учраас бэртлээ зүгээр болгох хэрэгтэй байна. 

-Танай хоёр багш тантай адилхан шартай юу? 

-Багш хүн надад нэг их шараа гаргаад байдаггүй. Би бол дотроо шартай гэж боддог. Намайг битгий шунаад дайраад бай гэдэг. Нэг ёсондоо жолоог маань тааруулдаг гэсэн үг. Би сар болгон зорилго тавьдаг. Зорилго тавих тавихдаа олон хүнд амлаж тавьдаг зантай. Би ингэнэ, харж байгаарай гэж байгаад. Цуг бэлтгэл хийж байгаа хүмүүстээ маш том зорилго хэлдэг. Би зорилгынхоо дагуу явж байгаа. Гэхдээ би олимпоос медаль авна гэсэн зорилго амлаагүй. Ямар ч байсан олимпын түвшинд шидэх хэмжээний метрээ амлаж, тэрэндээ шидсэн. 

-Эр хүний амьдралд нөхөрлөл их том байр суурь эзэлдэг юм шиг. Та найз нөхөд олонтой юу? 

-Би олонтой. Дунд сургуулийн найз нараас эхлээд явна шүү дээ. Би маш олон найзтай. Би их сайхан олон найзтай. Хорооныхон, багын найз гэх юм бол Цэнгүүн, Сайнжаргал гээд хоёр сайхан найз байна. Шороо идэж өссөн найзууд. Нэгдүгээр ангиасаа найзалсан С.Амгалан гэж найз минь бий. Энэ найз маань дөрөвдүгээр ангидаа хот руу шилжсэн. Тэрнээс хойш холбоо муутай. Зуны амралтаараа хамт амардаг. Одоог хүртэл найзалж байна. Оюутан байхдаа гэрт нь суудаг байлаа. 

-Найз чинь ямар мэргэжилтэй вэ? 

-Миний найз МУИС-ыг геологийн мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажилдаггүй. Одоо Булган аймгийн Бугат суманд мал аж ахуй, газар тариалан эрхлээд ээж аавынхаа ажлыг үргэлжлүүлээд явж байна. Найздаа маш их хайртай. Найз маань ч надад маш их хайртай. Өдийг хүртэл найзалж байгаадаа, нөхөрлөлөөрөө маш их бахархдаг. Найзын маань ээж, аав, дүү хамаатан садан нь бүгд надад сайн. Бүгдээрээ бид хоёрын нөхөрлөлийг маш сайн мэддэг. Олон ч хүмүүс бид хоёрын нөхөрлөлийг хараад цагаахан атаархдаг байх. Одоо ч тэдний гэрт очихоороо би гэртээ байгаа юм шиг байдаг. Гэртээ очиж байгаа юм шиг л очдог. Одоо найзынхаа гэр бүл дээр очиж сайхан амарна. Тийшээ л яарч байна. Ээж аав нь ч ирэх болоогүй юу гээд бичиж асууж байна. Тулгаа минь энэ цолоо зөв сайхан авч явдаг юм шүү, муу хүн, муу зуршлаас хол байгаарай гэдэг зөвөлгөө надад маш их ирж байгаа. Даруу байгаарай гэдэг зөвлөгөө их ирж байна. Би хичээнэ. Анагаахын сургуулийн найз нар маань байна. 2017 онд Нүүр ам судлалын сургуулийг төгссөн 504-р хэсгийн найз нартаа бүгдэд нь баярлалаа гэж би хэлмээр байна. Бүгдээрээ оюутан насандаа сайхан дурсамж бүтээж нөхөрлөлөө, сайн сайхан эмч нар боллоо. Бүгдэд нь баяр хүргэмээр байна.

Жич: Тус ярилцлага нь Interview сэтгүүлийн 035 дугаарт нийтлэгдсэн болно.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав