Гэрэл зурагч Л.Жаргалсайхантай ахин хөөрөлдөв. Тэрбээр шувууны гэрэл зурагчин нэрээр танигдсан хэдий ч шавж болон зэрлэг амьтдын зургууд ч цөөнгүй авсан нь бий. Энэ удаад бид зөвхөн мануулын талаарх гэрэл зургууд дээр нь үндэслэн яриа өрнүүлэв.
-Дүн өвлийн цагаар амьтдын зураг авахад урин цагийг бодвол хүндрэлтэй байдаг уу. Эсвэл эсрэгээрээ юу?
-Тийм ээ, ан амьтан, шувууд цөөхөн таарна. Мөн жавар тачигнасан хүйтэнд удаан хугацаагаар зураг авахад ядаж л хуруу гар даарахаас өгсүүлээд бэрхшээл бий. Ер нь бол шуудхан машинаас буугаад л зураг авна гэж үгүй. Ядаж камер, дурангаа халуун газраас хүйтэн газарт буюу гадаах орчинд гаргаж, хүйтний хэмд хөрөхийг нь хүлээнэ. Зуны дэлгэр цагт бол буугаад л тэр дор нь зураг авчихна шүү дээ.
-Таны авсан бүтээлүүдээс монголын ховор амьтдын нэг болох мануулын зургууд сонирхол татаж байна. Ер нь мануулыг их ааш муутай, хүнд ховор үзэгддэг амьтан гэдэг. Та мануулыг зургийг хэрхэн, хэр холоос татаж буулгасан бэ?
-Мануул, ирвэсийн зураг гайхалтай сайн авдаг биологичид, зурагчид олон бий. Судлаач залуустай хамт явах далимд мануулыг цөөхөн удаа зурагласан. Шөнийн идэвхтэй махчин амьтантай өдрийн гэрэлд таарах нь нэн ховор. Үүрнээсээ холдоод, том талбайд гөрөөлөөд явдаг зэрлэг амьтныг хаана явж буйг болоод хаанаас олж харж болохыг биологичид л сайн мэднэ.
-Яг мануулын зураг авахаар зорьж гарсан удаа бий юу?
-Хэдэн жилийн өмнө мануулын бичлэг хийж турших санаатай хэдэн өдөр сахиад үйлээ үзэж билээ. Үд хирд үүрний ойролцоо 20-оос 30 метр зайтай нуувчинд намайг суулгасан. Гэтэл нөгөө амьтан сураггүй шүү. Тэгтэл нар жаргах алдад ногоолойнууд нь ашгүй нэг үүрнээсээ гарч ирсэн. Эхийгээ хүлээн ийш тийш харуулдаж байтал нэг юм олж хараад учиргүй соохолзохоор нь эх нь ирж явна гэж бодтол үгүй, нэг хярс гүйж явсан.
Муурын ойрын хараа муу ч алсын хөдөлгөөн маш сайн хардаг гэсэн. Нэг ногоолой нь тэр хярсыг сайн харчих гээд дээшээ босон өндийж, өлийгөөд байж билээ. Нялх амьтас гэнэгүй, хажууд нь суугаа намайг анзаарахгүй мөртлөө заналт дайснаа шохоорхоод байсан нь хөөрхөн их хөөрхөн санагдсан.
-Мануул бол зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд хамгаалах тухай Вашингтоны конвенцийн хавсралтад бүртгэгдсэн байдаг. Тэгэхдээ олон улсын хэмжээнд ховордож болзошгүй амьтны тоонд ордог юм билээ. Харин манайд Хэнтий, Дорнодын тал хээрт цөөнгүй дайралдах нь бий шүү дээ...
-Судлаачдын мэдэх асуулт байна. Дорнод хээр, талын бүсэд цөөнгүй байдаг ч төвийн бүсэд харагдахаа болилоо гэж сонссон. Мануул нэн ховор зүйлийн амьтан боловч ямартаа ч манайд хаа нэг тааралдаад л байдаг. Яг хэдий хэмжээний тоо толгойтой байдгийг судлаачид гаргасан байх.
-Төвийн бүсэд харагдахаа болисон нь ямар нэгэн учир шалтгаантай болов уу?
-Идэш тэжээл нь болох үлийн цагаан оготно, чичүүл зэрэг жижиг мэрэгчин их цас зуднаас болоод ховордсонтой холбоотой байж магадгүй. Ер нь зэрлэг амьтан харагдах нь ховорхон болж байна даа.
-Мануул бол шөнийн идэвхитэй амьтан. Та шөнө мануулын зураг авч байсан уу?
-Яг шөнийн цагаар зураглаж үзээгүй. Залуу байхад ан гөрөөнд явж байхдаа л харуй бүрийд тал, хээрээр бөртөлзөн гүйж явааг нь хальт харж байснаас цаашгүй.
-Мануулын зургийг ер нь өвөл авахад тохиромжтой байдаг уу. Үс нь бүрэн гүйцэд ургасан цаг нь гэх юм уу даа...
-Байнга хөөцөлдөх биш, сайн мэдэхгүй юм. Зэрлэг амьтны ааш төрх л надад илүү сонирхолтой, онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Яахав, өвлийн улиралд цасны дэвсгэрт ямар ч амьтны зураг гоё буудаг. Дээр, доороос гэрэлтэй. Тэгэхээр их үзэсгэлэнтэй орчин бүрдэж байна гэсэн үг л дээ.
-Мануулын зураг дарж байсан үеийн тань хамгийн тод дурсамж юу вэ?
-Бие гүйцсэн бодгаль бол их догшин ууртай юм билээ. Нэг удаа нь судлаачдын дээж аваад хээр тавих гээд авч явсан мануулын зургийг ойроос сонирхож авсан. Хүнд бол нэг навтайсан, чулууны ард биеэ далдалсан, гэрийн муур шиг харагдана.
Гэтэл огцомхон цоройж үсрээд байгаль хамгаалагч залууг урах шахсан шүү. Тэр хумс, шүд соёо бол айхтар айхтар. Зэрлэг, махчин амьтны ааш араншинг мэдэхгүй хүн ойртох хэрэгггүй юм билээ. Ер нь бол их догшин амьтан. Заримдаа харахад их хөөрхөн бүлтийн нүдтэй, хөвсгөр гэж жигтэйхэн агаад өхөөрдөм харагдана. Яг тулах юм бол хэцүү.
-Зургийг нь дарж байхад энэ амьтан мэдээд байгаа юм шиг мэдрэмж танд төрж байсан уу?
-Ямар ч амьтан хүнийг түрүүлж хардаг, хүнийг маш сайн мэдэрдэг. Харц тулах маш дургүй учраас нүдний үзүүрээр ажиглаад ойртох гэж үзнэ. Тэвчээртэй, огцом хөдөлгөөн хийлгүй аажим ойртоод дасгавал айх, түгших нь бага болдог. Хүнийг аюулгүй гэж ойлговол зөнгөөрөө идээшлээд, тоглоод байдаг. Тэр үед л зураг авах нь сайхан. Харин тэр мануулыг удаан хүлээж, ажиглаж амжаагүй ээ.
-Та шувууны зураг түлхүү авдаг. Харин өөр амьтдын зураг авахад шувууны зураг дарж байгаагаас тэс өөр мэдрэмж төрөх нь бий юу?
-Тийм ээ, ном лавлахад хэрэг болох шувууны болон макро зураг авах сонирхолтой. Хаяа бичлэг хийж үзэх, шинэ дуран камерыг том амьтан дээр турших талаас буга, гөрөөс, үнэг чоно, хярс туулай таарвал зураглахыг бодно. Бяцхан ялаа шавьж, эсвэл хурдан шаламгай шувуунаас өөр төрлийн зураг. Гэхдээ хөхтөн амьтан зураглахад цаг их ордог. Тарваганы зураг авах гэхэд амжихгүй нүхэнд нь оруулчихвал хэдэн цагаар ч хамаагүй сахиад хэвтэх сонирхол надад байдаггүй. Тэр хугацаанд хэдэн ч шувуу, эрвээхэй харах юм билээ.
-Араатан амьтдын зураг авч байхад айдас төрдөг үү. Ер нь хэр их зайд ойртож байж авдаг вэ?
-Айхаа мэдэхгүй ойртчих гээд байдаг тал бий. Гэхдээ би ч холын дурангаар зураг авдаг болохоор сүрхий ойртохгүй, нөгөө амьтан ч юу гэж зүгээр ойртуулахав дээ.
-Мануулыг Перс үүлдрийн муурны өвөг гэж судлаачид үздэг. Та ер нь зургийг нь авсан амьтдынхаа талаарх мэдээллийг хэр их судалж, уншдаг бол?
-Ямар нэгэн амьтны зураг буулгасан л бол тухайн амьтныхаа талаар хэдэн өдөр сонирхож уншилгүй яахав. Амьтны зураг буулгахад гол нь байгалийн танин мэдэхүй чухал. Мэдэхгүй бол хайрлана, хамгаална гэж юу байхав дээ. Дээр нь тэр амьтны ямар ааш араншин, эсвэл хөдөлгөөн нь сонирхолтой вэ гэдгийг ойлгоход хэрэгтэй. Жишээ нь мануулын тухайд гэвэл зэрлэг өвөг нь болох муурын нүдний хүүхэн хараа гэрийн муурных шиг босоо биш дугуй байдгийг саяхан анзаарсан. Амьтны хүүхэн харааны хэлбэрээр амьдрах хэв шинжийг нь тодорхойлж болдог гэсэн. Өвсөн тэжээлтэн өргөн өнцгөөр орчноо ажих шаардлагатай учраас хэвтээ хүүхэн хараатай. Гөрөөлөх ангаа отож агнадаг махчид бол урагш үсрээд барих зайгаа тооцоолохын тулд босоо хүүхэн хараатай гэх жишээний.
Мануул жижиг биетэй амьтан, тохой хүрэхгүй өндрөөс харуй бүрийд ан хийнэ. Тэгвэл нам өнцгөөс дүрсний тодрол эрс унадаг, гөрөөлөхдөө хүрэх зайг зөв тооцох магадлал бага болдог гэнэ. Ийм учраас түүний хүүхэн хараа нь дугуй байдаг. Зургийн баатраа сонирхоё гэвэл интернэтэд маш их мэдээлэл байдаг даа. Байгаль сонирхогч миний хувьд энгийн мөртлөө сонин хачин баримт хайж хэдэн өдөр сууна, тэгээд зургийг нь авсан амьтныхаа зурагтай хамт нэг пост нүүр хуудсандаа оруулдаг. Арван хэдэн жилд нүүр номд бичсэн зургийн товч тайлбар зүүлтээ тоймлоод хэвлэх хэрэгтэй гэж найз нар маань шахаад байхаар зөвхөн бичвэрийг нь үзтэл мянга гаруй хуудас болсон байна лээ. “Дайн ба энх” романаас хэмжээний хувьд давчихсан байхаар нь номын санааг орхисон.
-Яагаад тэр вэ?
-Давтагдсан нь бишгүй биз. Тэгээд ч тэр бүхнийг нэгтгэж сууна гэхээр цаг хугацаа хайран.
-Ер нь мануул, цасны ирвэс зэрэг амьтдын зураг авахад асар их цаг хугацаа шаардагддаг байх, тийм үү?
-Харин тийм ээ, найз нар цоохор ирвэс харуулна гээд хэд хэдэн цуг явсан. Би ч нэг агуй сахиад өдөржин унтсан даа.
-Тэгээд зургаа авч чадаагүй хэрэг үү?
-Зургийг нь авсан. Тэр ирвэс ч бас агуйдаа унтаж байсан хэрэг л дээ. Найз нар холоос ажиглаад л сууна. Тэгтэл гэгээ тасрах үед нэг цухуйж харагдсан. Хар сүүлт, хулангийн зураг бас ижилхэн. Зураг авсан хэдэн хормоос нуувчинд баахан хэвтсэн цаг нь илүү байсан.
Шувуу бол холоос дурангаар нүдэнд ил харагдана. Яахав, нас залуу байсан бол цасны ирвэсийн зургаар дагнах гэж оролдох байсан байх. Гэрэл зурагчны хувьд бол нэг төрлөөрөө л дагнасан нь дээр гэж боддог. Ирвэс сахиж хэвтэх цаг хугацааг өөр ажилд ашиглах хэрэгтэй болов уу гэж санадаг. Миний хувьд дураараа зураг дараад явах нь бага. Буулгасан зургаараа бүтээл гаргах, эсвэл судлаач нөхдийн ажилд дэм болох санаатай арав гаруй жил зураг авлаа. Хөхтөн амьтны зураг авч өг гэж хэлсэн хүнгүй учраас макро руу хальтраад орчихсон. Одоо монгол орны загасны зураг авч байгаа. Сүүлийн дөрвөн жилийн турш загасны зураг авч байна. Ер нь загас юм уу, эрвээхэй авч явснаа шувуу, гөрөөс хоршуулаад авах боломжгүй. Дуран камер өөр, хамт ажиллаж байгаа судлаач нөхдийг хүндэтгэх учиртай. Удахгүй судлаач найз нарын зохиосон “Монгол орны загасны лавлах” ном гаргах юм. Манай орны шувуу, шавьж, загас гээд арваад ном бүтээхэд зургийг нь авч оролцлоо, одоо боллоо доо.
-Манайд мазаалай, мануул гэх амьтад байна. Эднийг Хятадын хулсны панда баавгай шиг өөрсдийнхөө үндэстний бэлгэ тэмдэг болгож хайрлан хамгаалах тал дээр арга хэмжээ авч болмоор санагддаг юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Мануулын тухайд бол их догшин амьтан ч гэлээ биологийн бүтцийн хувьд бэлгэ тэмдэг болгоход нэг их буруудах зүйлгүй л ч юм шиг, сайн мэдэхгүй л дээ. Харин саяхан өмнөд хөршийн гэрэл зургийн байгууллагынхан уулзаж мазаалай, пандагийн хамгааллын сэдвийг ярилцсан. Эдгээр баавгайг хамгаалахад гэрэл зурагчдын хувь нэмэр оруулах, хамтран ажиллах санаа бий. Гол нь хэрэг болгож чадах эсэх нь бол өөр асуудал.
Гэрэл зургийг | Л.Жаргалсайхан | зөвшөөрөлгүй хувилах, нийтэд түгээхийг хуулиар хориглоно.