Олон нийтийн сайн танил, иргэний хөдөлгөөний гол символуудын нэг, хуульч М.Ичинноров УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших шийдвэр гаргажээ. Түүнтэй уулзаж энэхүү шийдвэрийнх нь талаар илэн далангүй яриа өрнүүллээ.

-Таныг Монголын олон нийт сайн танина. Хү­­ний эрхийн хуульч, ир­гэ­ний хөдөлгөөнүүдийн ман­лайд нь явсан цөөн эмэгтэйн нэг гэж. Харин энэ удаа нөхөн сонгуульд хүч үзэхээр шийджээ. Ийм хэмжээний шийдвэрийг гар­гахад том шалтгаан хэрэг­тэй. Эндээс яриагаа эхэлье?
-Миний хувьд энэ гэнэтийн шийдвэр биш юм аа. Хүмүүс гэнэтийн шийдвэр гэж хараад байх шиг байна. Сая намайг Америкт байж байхад ИХ на­мын шийдвэр гарч, нөхөн сон­гуульд нэр дэвшүүлэхээр дуу­даж ирүүлсэн. Би огтхон ч эр­гэл­зээгүйгээр, ямар нэгэн хоёр са­лаа бодолгүйгээр шууд хүлээж авсан.

-Тэгвэл яагаад бие дааж байгаа тань ойл­гомж­­гүй байна?

-Шалтгааныг нь одоо танд ярих гэж байна. Манай ИХ нам 2008 оны УИХ-ын сонгуульд орохдоо Ногоон нам, МСДН хоёртой нийлж, нэг эвсэл болж орсон шүү дээ. Иргэний эвсэл гэдэг нэрээр. Сонгуульд орох­доо ИХ намын нэр дэвшигч Ичин­­норов гэж биш Иргэний эвс­лээс нэр дэвшигч Ичин­но­ров гэж орсныг санаж бай­гаа байх. Манай эвслээс нэг л хүн одоо УИХ-д сууж бай­на. Тэр нь Баянгол дүүр­гээс гарч ирсэн Ногоон на­мын дарга Д.Энхбат. Тэгэ­хээр та нар сайн мэдэж бай­гаа эвсэж сонгуульд оролц­сон тохиолдолд эвслийн тэр бүх субьектуудын хамтын шийд­вэрээр л дараагийн сон­гууль хүртэлх бүх шийдвэр гарч явдаг. Эвсэл маань 2009 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­льд Ардчилсан намыг дэм­жиж оролц­сон учраас тэр байр суу­риа хадгалж үлдэх, энэ удаа­гийн нөхөн сонгуульд ИХ нам дангаараа оролцохгүй байх шийдвэр гаргасан.

-ИХ нам шийдвэрээ ямар олон сольж, хольдог юм бэ. Эхлээд намын шийдвэр гарлаа гэж таныг дуудсан байна. Тэгснээ эргээд эвслээ хадгалнаа гээд  явчихдаг?

-ИХ нам Иргэний эвслийн шийд­вэрийг дагахаас өөр арга байхгүй л дээ. Нэгэнт ИХ намыг төлөөлөх, мөн иргэний эвслийг төлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас би иргэнийхээ хувьд бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, мөн улстөрч хүнийхээ хувьд энэ сон­гуульд нэр дэвшиж оролцох ёстой гэж үзсэн. Миний хувьд энэ сонгууль бол боломж. Нэг хүн зоригтой бол олонхи гэж үг байдаг. Черчелийн хэл­сэн үг л дээ. Би энэ үгэнд итгэдэг. Ит­гэл, зориг, үйлс гурав байхад ам­жилт дагадаг гэж бас нэг үг бий. Тэгэ­хээр энэ өрсөл­дөөнөөс би айхгүй байна.

-Таныг Улаанбаатарын улс төр бол сайн мэднэ. Гэтэл та УИХ-ын сонгуульд Дархан руу яв­чих­сан. Танай нам ганц хоёрхон л лидертэй нам биз дээ. Яагаад та заавал Дархан руу явсан юм бэ?

-Миний хувьд бол анх удаагаа сонгуульд оролцсон. Нуух юм алга, алдаж оносон олон зүйл бий. Тойргийн сонголтон дээр яах аргагүй миний хувьд алдаа гаргасан гэдгээ би хүлээн зөвшөөрнө.

-Яагаад?

-Дархан бол бүр таг хөдөө биш, бас яг Улаанбаатар шиг капитал биш. Хөдөө, хот хоёрын дундын саармаг газар. Гэхдээ дарханыхан ардчил­сан, дэвшилтэт үзэлтэй. Тэнд би яг өөрийгөө таниулаагүй байсан юм уу гэхээр бас худлаа байгаа юм. Танилын хувьд сайн танил. Хүмүүс их сайн мэддэг. Анх удаагаа сонгуульд нэр дэвшиж оролцсон болохоор туршлага бол их багатай байсан. Гэхдээ яг танд гэж хэлэхэд би хэтэрхий сайн л ажил­лачихсан юм билээ. Энэ бас алдаа болсон. Хэтэрхий эрт очоод хэт сайн ажиллачихаар эргээд над дээр сөрөг давалгаанууд бууж ирсэн. Санал авахын төлөө иргэдтэйгээ дэндүү ойрхон тулаад ажиллачихсан чинь тэр маань эргээд өрсөлдөгч нараасаа өөр дээрээ гал дуудах, маш олон талаар сум орж ирэх шалтгааныг тарьчих­сан. Ганц жижигхэн цээж рүүгээ олон сум зоолгох шалтгаан ердөө тэр л болсон. Нөгөө талаас би өөрийгөө сонгогдоо­гүй гэж хэлэхгүй. Сонгогдохын хувьд сонгогдсон. Нилэнхүйдээ 2008 оны сонгуульд луйвар хавтгайрсан. Дар­ха­ныг хамгийн том жишээ болгож Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл мэдэгдэл хийхдээ онцгойлон иш татсан шүү дээ. Өөрөөр хэлбэл санал тооллогон дээр Дарханд булхай явагдсан гэдгийг хэн хүнгүй харсан гэсэн үг. Гэхдээ би хэрүүл уруул хийж, энд тэндгүй гүйж, зарга зальхай хийгээгүй. Мэдээж алдаа оноо байсан. Улстөрч хүнд ялалт, ялагдал ээлжлэн ирж буцаж байдаг. Унах цаг байхад, босох цаг бас байдаг. Ус туулах цаг байхад уулын орой дээр гарах цаг байдаг. Би энэ бүх замыг л туулаад явж байгаа жирийн нэг улстөрч хүн л гэж өөрийгөө боддог.

-Монгол Улс их олон хуульчтай. Хуульчийнхаа нөөцөөр хэдэн арван жилдээ хангагдчихсан гэж үздэг. Гэвч тэр олон дот­роос хуульч Ичинноров гэж нэрлэгдсэнийг үзэхэд та бага­гүй амжилтад хүрсэн. Манай нэртэй хуульчид дандаа мөнгө дагаж үйл ажиллагаагаа явуул­даг. Гэтэл та баруунаас боловс­рол эзэмшиж ирээд хууль зүйн туслалцаанаас орхигдсон, ядуу­чуудын эгнээг сонгож өмгөө­лөл хийж эхэлсэн. Хожим уул­заж үүний төлөө талархахсан гэж бодож явлаа?

-Баярлалаа. Үнэхээр сайхан са­наг­даж байна.

-Ариунцэцэг гэдэг охины хэрэг дээр стратегийн өмгөөлөл хий­сэн явдал их дуулиан тарьсан. Бас  Эрдэнэ-Очир гэж гурван удаа цаазаар авах ял сонсч, до­лоон жил шоронд хилсээр суу­сан хүний хэрэг байна. Энэ хэр­гүүд дээр яагаад ажилласан тань сонин. Архиваас өөрөө олж сонгосон юм уу, эсвэл хүмүүс танд санал болгосон юм уу?

-Би хуульч болоод их олон жил болж байна. Эрхүүд хуулийн сургууль төгсч ирээд хамгийн анх шүүхийн системд ажилд орсон. Баянгол дүүр­гийн шүүхээс гараагаа эхлээд маш хурдан хугацаанд Дээд Шүүхэд дэвшиж ажиллаж байсан. Дараа нь хүн болгоны хүндэтгэдэг академич С.На­ран­гэрэл багшийг Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч байх үед тэнд гадаад харилцаа хариуцсан ажилтан болсон. Бас С.Нарангэрэл багшийн хувийн туслахаар ажиллаж байлаа. Би тэр хүнээс үнэхээр их зүйлийг сурсан гэдгээ хэлэх ёстой. Хамгийн гол нь тэр хүн нэртэй хуульчаасаа гадна улстөрч хүн байсан нь надад асар ихийг өгсөн. Ингээд би Америк руу сургуульд явсан. Америкт хүний эрхийн чиглэлээр суралцсан хоёр дахь хүн нь би. Америкт суралцах боломж олдсон явдал маань миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй боломжуудын нэг байсан. Буцаж ирээд би харин маш том сонголтын өмнө ирсэн. Америкт боловсрол эзэмшчихсэн, англи хэл­тэй болоод ирчихсэн. Шууд утгаараа үүнийг дагаад эдийн засгийн ач холбогдолтой олон ажил намайг угтсан. Тийм нөхцөлд би сонин л шийд гаргасан л даа. Ерөөсөө миний, надад заяасан энэ эх оронд минь өнөөдөр юу амин чухал хэрэгтэй байна вэ. Тэрэнд хувь нэмрээ оруулах ямар боломж надад байна гэж би өөрөөсөө асуусан. Хамгийн аймаар тулгамд­сан, эх орныг маань дэндүү муухай бол­гож байгаа юм ерөөсөө хүний эрхийн асуудал л байсан. Хүний эрхийн тухай ойлголт газар хэвтэж байсан гэж хэлж болно. Тэгэхээр энийг өндийлгөж ирэхийн төлөө би өөрийгөө дайчлах ёстой гэж зориг шулууд­сан. Би өнөөдөр мөнгө хөөх үү, аль эсвэл мөнгөгүй ч гэсэн хүний эрхийн төлөө явах уу гэдэг сонголтын өмнө л зогсч байсан. Миний тэр сонголтыг манай нөхөр үнэхээр гайхамшигтай дэмжсэн. Анхны дэмжлэг болгож на­дад 1000 доллар гаргаж өгч байсан нь хэзээ ч мартагддаггүй. Тэр 1000 доллараар нь би анх хуульчдын дунд сонин гаргаад, эрх зүйн  шинэтгэлийн нэг төв байгуулаад гараагаа эхэлсэн дээ. Манай тэр эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв тухайн үед хамгийн сайн ажиллаж байсан төрийн бус байгуул­лага гээд хүмүүс аягүй сайн мэддэг. Сүүлийн үед улс төр лүү ороод тэр ажлаа жаахан хойш тавьчихаад байна. Хуульчдын дунд сонин хийж түгээс­нээр би тэдний дунд танил болж эхэлсэн. Шинэлэг сэтгэлгээтэйгээс гадна боловсрол эзэмшсэн эмэгтэй хуульч гарч ирлээ гэдэг утгаар намайг сайн хүлээж авч байсан. Ялангуяа оюут­нууд намайг их дэмжиж байсан. Одоо бодоход илүү зоригтой байсан маань анзаарагддаг. Зурагтаар шууд нэвт­рүүлэг хийж цацаж байсан гээд бод доо. Өөрөө продюссороо хийнэ, өөрөө нэвтрүүлгээ хөтөлнө. Зарим хүмүүс зу­рагтаар шууд олон нийтийн өмнө гарч ирэхээсээ халширдаг шүү дээ. Гэ­тэл тэр үед тэгээгүйдээ өөртөө баяр­ладаг. Би нэвтрүүлгүүдээ дандаа амьдралаас бодит жишээ оруулж ирж хийж байсан. Дорж Дулмаад тохиол­дож байгаа хэрэг цаанаа ахиад зөн­дөө олон Дорж Дулмаад тохиолдож байдаг учраас хүмүүс маш их ханддаг юм билээ. Тэгээд л би шуударсан. Ууч­лаарай, даруу биш санагдах вий. Гэхдээ би бараг л Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс шиг л ажиллаж байсан. Хүмүүс маш их ирдэг. Маш олон гомдол саналаар дардаг байсан.

-Тэр тэгнэ л дээ?

-Тэр үед таны асуусан тэр Эр­дэнэ-Очирын аав нь надтай ирж уулзсан юм. Нэг жижигхээн өрөөнд гурвуулхнаа ажилладаг байсан. Бас гадна дотнын жижиг төсөл авч ажил­лана. Гэтэл ирж байгаа хүн болгон Ичинноровоос л зөвлөгөө авна гэдэг. Үнэхээр цаг наргүй ажиллаж байсан. Тэгээд би нэг хүнд тохиолдсон ч өшөө зуу зуун хүнд хамааралтай тусч байгаа тийм хэргийг стратегийн хувьд сонгож аваад стратегитайгаар ажил­лая гэдэг шийдвэрт хүрсэн. Анхны стратегийн өмгөөлөл явуулсан хэрэг маань одоо тэр хүмүүсийн яриад бай­даг Ариунцэцэгийн хэрэг биш. Эр­дэнэ-Очирын хэрэг байсан юм. Эр­дэнэ-Очирын хэрэг дээр яръя л даа. Манай шүүх өмгөөлөх, хүнийг цагаат­гах талыг барьдаггүй. Шууд яллах талыг барьдаг. Тэгэхээр тэр яллах сэт­гэлгээг л задлая гэж шийдсэн. Нот­лох баримтыг шүүгч үнэлж суръя. Цагдаад байгаа,, прокурорт байгаа нотлох баримт нь тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгож яллахад  хангалттай биш бол хүчээр ял оноодгоос тат­гал­зъя. Яагаад гэвэл эрүүгийн хэргийг нот­лох үүрэг нь төрд байдаг. Иргэн өө­рийгөө буруутай гэж нотлох үүрэг­гүй гэсэн үг. Энийг иргэддээ ойлгуу­лъя, энэ сэтгэлгээг задлая гээд ажил­ла­сан чинь их хурдан амжилтад хүрсэн.

-Долоон жил шоронд хилсээр суугаад гарч ирснийх нь дараа Эрдэнэ-Очиртой уулзаж ярилц­лага авч байлаа. Үнэхээр дэн­дүү аймшигтай санагдаж байсан?

-Мэдээж шүү дээ. Ярих ч юм биш. Дараагийнх нь Төв аймгийн Ганбатын хэрэг байсан. Энэ хэрэг харин хэвлэл мэдээллийнхний анхааралд нэг их хүрээгүй. Бид нар туршлагагүй ч байсан. Төв аймагт урьдчилан хорих төвд нас барчихсан залуу юм л даа. Есөн удаа байцаалтад орохдоо есүү­лэнд нь миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Гэтэл нэг ч удаа эмнэлгийн тусламж авах бололцоо олгоогүй.

-Уучлаарай, энэ залууг яг нас барахаас нь өмнө ээж аав нь арай гэж уулзаад, тэр үедээ амжиж бүх байдлыг нь фото хальсанд буулгаж авсан бай­сан шүү дээ. Бас л эцэг эхтэй нь уулзаж, сурвалжлага хийж байсан юм байна?

-Энэ хэрэг дээр яг хүний эрхийн гол конвенциуд гарч ирсэн. Хүн урьдчилан хоригдох төвд байж байх­даа гэмт хэрэгтэнд тооцогддоггүй байхгүй юу. Сэжигтэн байдаг. Үүнийг та бүгд сайн мэднэ. Шүүхээр нотолс­ны дараа хүнийг гэмт хэрэгтэн гэж тооцдог. Тэгэхээр тухайн сэжигтнийг хорьж байгаа, эрх чөлөөг нь хасч байгаа төрийн байгууллага буюу цагдаа, прокурор өөрөө тухайн хүний эрүүл мэнд, амьд явах эрхийг нь хариуцдаг байхгүй юу. Гэтэл манайд байдал ямар байв. Санаж байгаа биз дээ. Нэг үе урьдчилан хорих байранд ямар олон хүн үхэж байв аа.

-Бүр эрүүдэн шүүж байсан тохиолдлууд ч илэрч байсан?

-Үнэхээр аймшигтай. Бид энэ хэрэг дээр уйгагүй ажилласан. Анх удаа хүний амийг мөнгөөр үнэлээд, хүний амьд явах эрхийг нь зөрчсөн үйл ажиллагаа явуулсан төрийн байгууллагыг иргэний шүүхэд өгөөд, иргэний хариуцлага үүрүүлэхээр 30 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Хүний амийг мөнгөөр үнэлш­гүй. Гэхдээ тэмцлийн хэлбэрээ ингэж тавихаас өөр аргагүй байсан. Харам­салтай нь энэ хэрэг дээр бид нар ялагд­сан. Гэхдээ урьдчилсан хорих төв дээр иргэний эрх зөрчигдөж бай­гаа асуудлыг олон нийтийн анхааралд авчирч чадсан.

-Дараагийн хэрэг нь Ариун­цэ­цэгийнх билүү. Тэр чинь нөгөө барааны саван хулгай­лаад шо­ронд ордог охин биз дээ?

-Хулгайлсан зүйлийнх нь нийт мөнгөн дүн 1500 төгрөг байсан. Саван, угаалгын нунтаг эд нар авсан байдаг л даа. Энд хулгай хийсэн үйлдлийг ерөөсөө өмөөрөөгүй байхгүй юу. Хулгай бол гэмт хэрэг.

-Тэр охин чинь тэгээд хэдэн жилийн ял авлаа?

-10 жил таван сар.

-Арай ч гэмээр дэндсэн явдал?

-Буруу юм хийснийх нь төлөө мэдээж хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой. Хамгийн гол нь хүмүүжүүлэх, тэгээд цээрлүүлэх, тэгээд маш товч хэлэхэд ял өөрөө тухайн этгээдийн үйлдсэн хэрэгт тохирсон байх ёстой байхгүй юу.

-Гэм нүгэлд нь тохирсон зэмийг л үүрүүлэх ёстой гэсэн үг биз дээ?

-Яг тийм. 1500 төгрөгийн хохирол 10 жил, таван сарын ялтай тэнцэх үү. Цэл залуухан хүүхэд залуус, эмэг­тэй­чүүд маш олноороо ял аваад бай­сан. Энэ үнэхээр харамсалтай бай­сан. Гэхдээ нөгөө талд улс орон маань өөрөө нийгмийн хөгжлийн ээдрээтэй үеүдийг туулж байсан. Нийгмийн янз бүрийн хямралын үе шатуудыг туулж яваа үед сөрөг талууд хурцаар илэрч гарч ирдэг байна л даа. Хүний эрхийн баталгаа ч гэсэн, гэмт хэргийг бууруу­лах явц ч гэсэн эргээд эдийн засгийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоо­той. Тэгэхээр бид улс үндэстнийхээ эдийн засгийн суурийг зөв тавьж өгөөд, зөв хөгжүүлээд, эрх мэдэлд байх ёстой хүмүүсийг байрлуулаад, баял­гийг зөв хуваарилаад явахад аяндаа нийгэмд байгаа буруу төвөлш­лүүд арилна. Ариунцэцэгийн хэргээр бид ерөөсөө л нийгэмд байгаа шудар­га ёсны үнэлэмжийг харьцуулж гаргаж ирсэн. Шорон бол хүмүүжүүлж, засч, ариусгах магадлал багатай орчин. Тийм учраас шоронгийн ял өөрөө ганцхан альтернатив байхгүй цорын ганц сонголт мөн юм уу, биш юм уу гэ­дэг хүртэл зөвхөн энэ хэрэг дээр өдий төдий олон асуултын тэмдэг босч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр стра­тегийн өмгөөлөл гэж бид тухайн нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс дээр то­хиол­дсон асуудлаар дамжуулаад том том зорилгыг гаргаж ирж, түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө үйл ажил­лагаа явуулахыг л хэлээд байгаа юм.

-Хүнд тус болж, хүнийг баяр­луулж, хүний хувь заяанд гэрэл гэгээтэй алхам хийж өгнө гэдэг бол үнэхээр юутай ч зүйрлэш­гүй том буян. Би их энгийн юм асуух гэж байна л даа. Эргээд танд тэр хүмүүс яаж ханддаг вэ .Тухайлбал, Ариунцэцэг ч юм уу, Эрдэнэ-Очир одоо тантай харилцаа бий юу?

-Хэцүү асуулт байна. Ариунцэцэг жишээ нь одоо дандаа надаас мөнгө гуйдаг. Хэцүү ч гэхэд хаашаа юм. Өөрөөр юу ч гэж хэлмээр юм бэ дээ. (санаа алдав)

-Юу. Та тэрний хэтэвч юм уу. Наадах чинь яасан хачин яв­дал вэ?

-Би тэгээд эцэстээ хэлсэн л дээ. За, Ариунцэцэгээ миний хувьд ча­майг шоронгоос гаргаж өгсөн гэдэг өөрөө маш том тус. Чамд амьдрал, эрх чөлөөг чинь олж өгсөн шүү. Хүнд хамгийн нандин, хамгийн амин чухал зүйл эрх чөлөө шүү дээ гэж хэлсэн.

-Та мөнгө өгөөд сургачихсан байсан юм уу?

-Үгүй. Яахав дээ, миний хэдэн найзууд ядарсан нэг охинд эрх чөлөө олж өгч байхад яаж зүгээр хараад суух вэ гэдэг үүднээс аягүй их тусалсан. Зохиолч Шүүдэрцэцэг жишээ нь, найзууддаа хандаж гэр хүртэл авч өгч байсан. Ажилд оруулж өгсөн. Би ч зүгээр байгаагүй. Ядуу хүн хэцүү шүү дээ. Тэгээд болдоггүй л юм байлгүй дээ. Ариунцэцэгийн өмгөөл­лийн ачаар тэгшитгэлээр хэдэн зуун хүн шоронгоос гарч ирсэн юм шүү дээ. Одоо над дээр тэр үеэр гарч ир­сэн олон хүн уулзаж, тусламж хүсдэг. Би тэгээд хэлдэг л дээ. Би танд аль эрт өөрийн тусыг хүргэчихжээ. Одоо надад илүү бололцоо алгаа гэж.

-Улс төрийн тавцанд хүчээ сорьсон олонхи эмэгтэй хохи­рогч болоод үлддэг. Үүний нэг бодитой шалтгаан манай эмэг­тэйчүүд нэг нэгийгээ дэмждэг­гүйгээс болдог. Та гэхэд өнгөр­сөн сонгуульд ялагдал хүлээ­сэн. Одоо эргээд харж байхад эмэгтэйчүүд таныг хэр дэмжсэн бэ?  

-Жирийн сонгогч эмэгтэйчүүд бол үнэхээр дэмжсэн. Эмээ нар, эхчүүд, эгч нар, дүү бүсгүйчүүд олноороо намайг дэмжсэн. Жирийн сонгогч эмэгтэйчүүд бол дэмждэг юм билээ. Гэхдээ таны асуултын цаад санааг би мэдэрч байна. Нэг тогоонд явдаг нөхдүүд чинь хэр дэмждэг юм бэ гэж л асууж байна даа гэж би хүлээж авч байна. Зөв үү.

-Бараг тийм?

-Би шулуухан нэг зүйлийг хэлье. Дэмждэггүй юм байнаа гэдгийг л би аягүй сайн ойлгосон. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гээд бид маш их ярьдаг. Маш их төсөл, хөтөлбөр хэрэг­жүүлдэг. Гэтэл бодит хөрсөн дээр юу ч өөрчлөгддөггүй. Гэхдээ би намайг энэ дээр намайг тэгж ч дэмжсэнгүй, ингэж ч дэмжээгүй гэж гоншигномоор­гүй байна. Угаасаа улс төрд эмэгтэй хүн амжилт олох эдийн засгийн бөгөөд нийг­мийн бааз суурь нь сайн биш. Тийм баталгаагүй хөрсөн дээр хэдэн хүү­хэн цахиур хагалах гээд л бор зүр­хээ­рээ мацах нь мацаад явж байдаг. Эцэст нь би нэг л юмыг бодсон. Хоосон жендер яриад, энүүгээр тэнүүгээр гүйгээд хэрэггүй. Өөрөө л эр хүн шиг байя гэж. Өөр ямар ч сонголт байхгүй л гэж боддог болсон.

-Та нар Иргэний хөдөлгөөн үүсгэж нилээд хэдэн жил тэмц­сэн. Янз бүрийн нэр хоч ч зүү­сэн. Энэ явц үргэлжилсээр нам болж өргөжсөн. Тэгээд шинэ гэрээ бариад удаагүй байтал хэдэн нөхдүүд нь том нам руу гүйж ирээд орчихсон. Гэрээ хаяад, намаа хаяад айлын хатав­чинд очоод хэвтчихсэн. Сонин нь эрчүүд урваж, энд та ганцаа­раа бууриа сахиад үлдсэн. Энэ тухай?

-Бид бүгдээрээ залуу улсууд. Сонгуульд ялагдчихсан. Дээр нь орон шоронд хийсэн. Ингээд асуудал үүсэхэд бүгдээрээ л айж тэвдэх нь айж тэвдэж, хүнд байдалд орцгоох нь орцгоосон. Би ч гэсэн их хүнд байдалд орсон. Шоронд л ороогүй болохоос сэтгэл зүйн хувьд маш том дарамтанд орсон. Бид нэг зүйл дээр тодорхой юм ойлгосон л доо.

 

-Юуг вэ?

-Улс төр, эрх мэдлийн хуваари­лал­тад орж, тэр төвшинд амжилт олно гэдэг бол яалт ч үгүй том намын системээр л явагддаг процесс юм байна гэдгийг. Энэ ойлголт надад ч гүн гүнзгий орж ирсэн.

-Таныг ч гэсэн ямар нэгэн сонголт хийх нь гэж ойлгож болох уу?

-Цаашдаа бол хийнэ.

-Танд ч гэсэн тэр үед явах тийз санал болгосон уу?

-Мэдээж бид бүгдээрээ л ярилцсан. Ний нуугүй хэлэхэд тодорхой тэр хямралын үеийг бид тэвчээртэйгээр туулж чадсан бол өнөөдөр ИХ нам арай өөр төвшинд байх байсан гэх бодол миний дотор явдаг. ИХ намын гол имижийг агуулж байсан хүмүүс явчихаар энэ нам өөрөө улс төрийн хүч­нийхээ хувьд сул дорой инс­титуц болоод үлдчихсэн нь нууц биш шүү дээ.

-Тийм ээ. Гэвч та хали­рахгүй ахиад нэг өрсөл­дөөнд орох гээд зогсч байна. Хэдийгээр энэ  суудал өнөөдрийн улс төрийн статуст төдийлөн өөрчлөлт авчрахгүй ч нилээн том өрсөлдөөн явагдах нь тодорхой бай­на. Хоёр том нам нэр хүндээ өсгөхийн төлөө хүч хаяж өрсөлдөх нь. Бусад өрсөлдөгчид ч адармаатай нөхдүүд ха­раг­даж байна. Тэдний талаар таны юу өгүүлэх сонин?

-Миний хувьд хоёр том намын нэр дэвшигч нарыг чамгүй л сайн өрсөлдөгчид гэж үзэж байна. Чадалтай, болом­жийн хоёр өрсөлдөгч. Өөрий­гөө би бас голохгүй байна. Яагаад гэвэл боловсрол, мэд­лэг чадвар, Монголын нийгэмд хийж бүтээсэн зүйл, цаашдаа хийж бүтээх зүйл, улс эх орны­хоо төлөө цохилж байгаа зүрх, гаргаж байгаа эр зориг маань үнэт зүйл учраас. Аливаа тэм­цээнд ялагч байдаг, ялаг­даж байдаг. Би түрүүчийн өрсөл­дөөнд шударга бусаар ялагд­сан ч өнөөдөр тайван инээм­сэглээд сууж байна. Энэ удаа тодорхой хэмжээнд өмнөхөө­сөө илүү туршлага суусан. Болох өрсөлдөөнийг ч харь­цан­гуй эрүүл саруул өрсөл­дөөн болох байх гэж найдаж байгаа.

-Хоёр том нам шууд л мөнгөөр зодно гэдгийг мэдэж байгаа биз дээ?

-Зодно л доо. Гэхдээ мөнгө бүх юмыг бас шийдэхгүй. Али­ваа зарчимд суурилсан алх­мууд хожмоо заавал үнэлэгд­дэг. Тухайн үед зөв бурууг ялгаж харахад хэцүү ч гэсэн эцсийн дүндээ энэ л шүүл­түүрээр бүх юм орж үлддэг. Тэгээд мэдээж эрсдэл хийдэг­гүй улстөрч гэж байдаггүй шүү дээ. Би бол эрсдлээс ерөөсөө айдаггүй хүн гэдгээ мэддэг. Судалгаанаас үзэхэд  эмэгтэй­чүүд эрсдлээс хамгийн их айдаг субьектууд байдаг. Со­нир­холтой нь миний хувьд эрсдэл хийгээд л явчихдаг. Эдийн засагт амжилт олсон хү­мүүс ч гэсэн хамгийн их эрс­дэл хийсэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм учраас би айдаггүй.

-Их сонирхолтой фигу­рууд­тай өрсөлдөх нь. Нийтийн дуучин С.Жавх­лан гээд л?

-Нийтийн дуучин С.Жавх­лан бид хоёр өрсөлдлөө гэж бодоход дуугаар бол би лав­тайяа ялаг­дана. (инээв) Хоёу­лаа харин ном хаялцвал надад боломжийн итгэл төрөөд байх юм.

-Хоёр том нам хамтарч эрх барьж байгаа. Нэг мөрийн хөтөлбөртэй. Одоо тэс ондоо юм яриад явах хэтэрхий ойлгомж­гүй, ард түмнийг басам­жилсан явдал болох байх л даа. Ийм нөхцөлд та өөрийнхөө үүргийг яаж харж байгаа нь сон­гогчдод чухал?

-Одоо Монголын төрд хяналт л чухал байна. Хоёр том хүчин нэгдчихсэн. Хөрөнгө оруулалтын том том гэрээнүүд батлагдах гэж байна. Парла­ментад сөрөг хүчний гэх хяналт алга. Ийм тохиолдолд хянах механизмын нэг эрэг шураг нь болж, энэ талын дуу хоолойн дээр жин нэмж орж ирэх субьект л нэн чухал байна. Би хамтарсан засаглалд хянал­тын харанга дэлдэх үнэ цэнэтэй дуу хоолой байхын төлөө өрсөлдөж байна.  

-Цаана чинь баян гишүүд ядарсан монгол айлын өрхийн амьдралд жаа­хан ч гэсэн дэм өгч бай­гаа хүүхдийн мөнгөний хөтөлбөрөөс татгалзах санаачилга гаргаад явж байна. Өөрсдийнхөө тан­саг хэрэглээнээс эх­лээд танах бодлогоо явуулаасай гэж хүмүүс уурлаж байгаа. Та юу гэж бодож байна?

-Хавтгайрсан халамжийн бодлогоос аяндаа Монгол орон татгалзах цаг ирнэ. Гэр бүлийн тогтвортой орлоготой байхыг дэмждэг бодлого л улс оронд чухал. Харин өнөөдөр би энэ асуудлыг хүүхдийн гараас чихрийг нь булаах төвшинд авч үзмээргүй байна.

-Цаг зав гарган ярилц­лага өгсөн танд баяр­ла­лаа. Амжилт хүсье. Ингэ­хэд 801 хүнийхээ гарын үсгийг цуглуулсан уу?

-946 хүний гарын үсэг ирсэн.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав