Нобелийн шагналт зохиолч Орхан Памук ТАСС-д өгсөн ярилцлагадаа түүний дотор зохиолч, зураач хоёр хэрхэн тэмцэлдэж байдаг талаар хийгээд, Орос-Турк уран зохиолын ялгаа, мөн Нобелийн шагналыг Боб Дилан болон Светланад олгосон явдлын талаарх өөрийн гэсэн өвөрмөц бодлоо хуваалцжээ. 
-Таныг аялж байхдаа маш олон зураг авдгийг мэднэ. Энэ удаа хэдэн зураг авсан бэ?
-Тийм ээ, би их авдаг. Яах гэж би ийм ажил хийж явдаг вэ гэдгээ хэлье л дээ. Юуны өмнө би өөрийн харсан зүйлээ хадгалж авахын тулд зураг авдаг. Энэ жишээ нь, Булгаковын музейн зураг, энэ машины цонхоор харагдах Москвагийн зураг байна. (үзүүлэв) Би бол ажиглагч байхгүй юу даа. Би бүгдийг дүрслэлээр нь хүлээж авдаг, сайхан байгаль, фото зураг, уран зураг гээд бүх юмсыг ширтэх дуртай, тэгээд зургийг нь авах дуртай. Гайхмаар зүйл нь урьд нь фото зураг үнэ хүрдэг байлаа.  Харин одоо ямар ч үнэгүй. Би хэзээ ч өөрийн зургийн үзэсгэлэнг гаргаж байгаагүй ч, авсан бүх зургаа бүгдийг нь Стамбулд компьютер дээрээ хадгалдаг.
-Та бүгдийг дүрслэх байдлаар нь хүлээж авдаг гэлээ. Гэхдээ та бол зохиолч хүн шүү дээ.
-Би энд зөрчилдөөн олж харахгүй байна. Би “Гэм буруугүйн музей”-гээ бичсэнийхээ дараа Стамбулд жинхэнэ гэм буруугүйчүүдийн музейг нээсэн. Тэр үед намайг шүүмжлэгчид нэн бахдалтайгаар  “Чи яасан бэ, уран зохиолд итгэхгүй байна уу. Чи өөрийн романаа музейн тусламжтайгаар тайлбарлахыг хүссэн юм уу?” гэж хэлж эхэлсэн. Үнэндээ бол тийм биш байсан. Хэрэв та миний музейг үзэж байсан бол  тэнд романы тайлбар дүрслэлтэй тааралдахгүй. Харин 40 жилийн настай ахуйн хэрэглэл болон тэр үеийн Стамбулын ахуй амьдралын орчинтой л таарна. Долоон настайгаасаа 22 нас хүртлээ би зохиолч биш зураач болохыг хүсдэг байсан. Хэсэг тээнэгэлзсэний дараа би уран зохиолыг сонгож өөрийн доторх зураачийг хөнөөхийг оролдсон. Их удаан би өөрийгөө чадчихлаа, болгочихлоо гэж бодож байсан. Харин одоо миний доторх зураач амилсан ба надаас дүрслэлийг шаардаж байна. Би зураг дардаг, бага зэрэг зурдаг. Өөрийн хүссэн хэмжээнд биш л дээ. Гэхдээ л би яг энэ мөчид жинхэнээсээ аз жаргалтай байна.
-Танд өнгө их чухал байдаг юм шиг надад санагддаг. Таны номын нэрүүд ч энэ тухай хэлээд байдаг.  “Хар ном”, “Цагаан цайз”, “Миний нэр Улаан” гээд л...
-Тийм, өнгө надад чухал. Ерөнхийдөө исламын соёлд өнгөтэй холбоотой олон бэлгэдэл бий ч би тэднийг ашигладаггүй. Миний хувьд өнгө гэдэг дүрсэлж бичихэд хэцүү зүйлийг илэрхийлэх боломж юм. Жишээ нь, хүрэх мэдрэхүй, мэдрэмж, үнэр, зөөлөн шүргэлт, салхи, хүйтрэл... Энэ бүгдийг олон өнгөний тусламжтайгаар дүрслэн бичиж болно. Миний гол дүрүүдийн мэдрэмж надад гүн байдаг тул би өнгийг их хэрэглэдэг.
-Таны овог ч бас тодорхой хэмжээнд өнгө туяатай холбоотой юм байна.
-Тийм ээ, Памук бол хөвөн. Цагаан, цэвэр тунгалгийн зүйрлэл. Манай өвөөг төрсөн тосгоныхон нь Хөвөн гэж дууддаг байсан. Энэ нь хөвөн зардаг болохоор биш , учир нь тэр цав цагаан арьстай хүн байж. Өнгөтэй орооцолддог зохиолч би ганцаараа ч биш. Би Толстой, Пруст, Набоковын баг шүү дээ.
-Таныг Оросын уран зохиолд маш их хайртайг бүгд мэднэ. Орос болон Турк уран зохиолд зарчмын ямар ялгаа байх шиг санагддаг вэ?
-Тийм ээ, энэ үнэн. Достоевский, Толстой, Тургенев, Чеховын цаг үед Оросын уран зохиол дэлхийд хамгийн нөлөөтэй байлаа. Туркийн зохиолчид Оросын уран зохиолоос асар том нөлөөг авсан, тэдний нэг нь би юм. Гэхдээ орос уран зохиол 1860-1870 онуудад цэцэглэж, агуу Орос роман гарч ирээд бүх дэлхийд алдаршиж байх үед Оросын дээд хүрээнийхэн Туркийг бодвол баруунлаг, баруунтай хөг нийлүүлж байсан. Бүр эхэндээ засгийн газрын бодлогоор баруунжуулалт явагдаж байсан бол, Оросын элитүүд, тэр дундаа зохиолчид нь үүнтэй эвлэрсэн байдаг. Харин манай Туркт зохиолчид нь урам зориг авахаас өөр хэлбэрээр баруунжилтын нөлөөнд хэзээ ч орж байгаагүй.

Орхан Памук: Нобелийн шагналын тухай олон юм ярихыг хүсэхгүй байна. Тийм ээ, би шүүгч нарт талархаж байна. Эцэст нь би зарим шийдвэрийг шүүмжилж байна. Ингээд л боллоо.

-Нобелийн шагналыг хөгжимчин Боб Дилан авсан. Та энэ шийдвэрийг юу гэж бодож байна?

-Би тэр өдрийг санаж байна. Би энэ тухай өглөө эрт мэдсэн, тэр үед Нью-Йоркт, Колумбийн их сургуульд багшилж байсан юм. Тийм ээ, миний урам их хугарсан. Дэлхийд энэ шагналыг хүртэх эрхтэй маш олон гайхалтай америк зохиолч нар байна. Гэсэн ч шагналыг хөгжимчинд өгчихлөө. Тэр үед оюутнууд маань бас асууж байсан, энэ шийдвэрийн тухай сэтгэгдлээ хэлээч гээд. Юу хэлэх вэ дээ. Боб Дилан бол гарамгай хүн. Тэр дуу болон шүлэг зохиодог, гэвч тэр өөрийн уран зохиолын авьяасаараа алдартай биш. Тэр өдөр олон зохиолч нарт гомдолтой байсан болов уу. Үүнээс жилийн өмнө энэ шагналыг сэтгүүлч хүн авсан. /Светлана Алексиевич/ Мэдээж шүүгч нарт маргаантай шийдвэр гаргах бүрэн эрх нь бий. Гэхдээ би энэ шагналыг уран зохиолын ачаар  алдаршсан хүнд л өгөөсэй гэж хүсдэг. Санаж байна уу, Уинстон Черчилль бас уран зохиолоор Нобелийн шагнал хүртэж байсан. Түүхийн номоороо. Гэхдээ тэр өөрийн уран зохиолын хөдөлмөрөөр биш дэлхийн хоёрдугаар дайнд ялсан гэдгээрээ л алдартай. Энэ тийм ч шударга шийдвэрүүд биш. Тэр агуу түүхч болж чадах байсан. Гэхдээ үнэхээр агуу түүхч гэвэл бас бий шүү дээ. Францын Фернан Бродель бол Нобелийн шагнал хүртээгүй ч эрдэмтнийхээ хувьд маргаангүй илүү.

-Та бусад Нобелийн шагналтнуудтай холбоотой байдаг уу?

-Хэрэв та Нобелийн шагнал авсан бол, шууд автоматаар бусад Нобелийн шагналтнуудын сайн найз нь болчихно гэсэн үг биш. Ер нь би Нобелийн шагналын тухай олон юм ярихыг хүсэхгүй байна. Тийм ээ, тэр шагнал миний амьдралыг өөрчилсөн, намайг жаргалтай болгосон. Бас би шүүгч нарт талархаж байна. Тийм ээ, энэ шагнал хүмүүсийг сэдэлжүүлдэг. Энэ үйл явц ч үргэлжлэх ёстой. Эцэст нь би зарим шийдвэрийг шүүмжилж байна. Ингээд л боллоо.

-Таны хувьд Туркийн хамгийн чухал зүйл бол турк хэл гэж хэлсэн. Дэлхийн бусад зохиолчдын хувьд турк хэл дээр бичнэ гэдэг нь юу вэ?

-Турк хэлэнд үйл үг үргэлж өгүүлбэрийн ард байдаг. Орчуулагч нар маань, миний урт өгүүлбэр дундуур үргэлж хэзээ үйл үг нь гарч ирэх юм бол гэж хүлээдэг гэлцдэг. Туркээр “ Би сургууль руу явна”, харин орос хэлэнд “Би явна сургууль руу”. Хэрэв танд өөр хэлэх ямар нэгэн зүйл байвал та өгүүлбэр дээрээ нэмээд санаагаа дүүргээд л байж болно. Ингээд өгүүлбэр илүү урт болсоор л байа. Мөн Турк хэл дагаварт их хайртай. Тэдний тусламжтайгаар шинэ, бүр илүү шинэ өгүүлбэр зохиодог. Турк хэлийг орчуулах маш хэцүү бас зааж сургах ч их хэцүү. Гэхдээ би түүнтэй хамт, түүн дотор төрсөн. Энэ миний сэтгэл, миний цус, би өөр яаж ч чадахгүй. Би турк зохиолч, би туркээр л зүүдэлдэг. Америкт байсан ч ялгаагүй зүүдэлдэг. Тэгээд ч би туркээр бичиж байна гэж боддоггүй. Би өөрийн эх хэл дээр л бичдэг. 

-Англи хэлээр орчуулагдсан өөрийн романуудыг уншихад танд ямар байдаг вэ?

-Сайхан асуулт байна. Эхэндээ би их хямардаг байсан. Миний текст аль хэдийн биш болчихсон байдаг. Дараа нь дассан. Би өгүүлбэртээ дотоод хэмнэлээ ашиглах дуртай. Энэ бүгд маань орчуулахад алдагддаг. Францын сэтгүүлч Владимир Набоковоос бүтээлүүдийнхээ орчуулгыг шалгадаг эсэх талаар асууж л дээ. Набоков “ Би Франц хэл дээрхийг, герман хэл дээрхийг, итали хэл дээрхийг шалгадаг ч зөвхөн бурхан л турк хэл дээр юу болж байгааг мэдэх байх” гэж хариулсан гэдэг. Эдгээр үгсийг уншаад өөрийгөө их хөдөөний гэдгийг мэдэрсэн дээ.    
-Та өөрийн романаас сэдэвлэсэн музейг Стамбулд нээсэн талаараа дурьдсан. Та энэ туршилтандаа сэтгэл хангалуун байна уу?

- Маш их сэтгэл хангалуун байна. Урт хугацаа шаардагдсан ч, би харамсахгүй байна. Өмнө нь зураач болохыг хүсдэг байсан. Ингээд л миний доторх зураач орчин үеийн урлагийг утга зохиолтой холбож өгсөн төдий. Анхны төлөвлөгөө маань өөр байсан. Би музей нээхийг, мөн номны оронд ном шиг уншигддаг товч агуулга бүхий каталоги гаргахыг хүссэн. Та нар ойлгож байгаа биз дээ, музей их хугацаа шаардана. Үүнд зориулж мөнгө цуглуулахаар удна, ингээд эцэст нь би уламжлалт хэлбэрээр роман бичихээр шийдсэн. Тэгээд хэдэн жилийн дараа музейгээ нээсэн. Миний гол дүрийн баатар Камаль нэгэн бүсгүйд дурлаад, түүнтэй холбоотой бүх эд зүйлийг цуглуулдаг. Өө, би та нарт романыхаа үйл явдлыг ярьчихлаа. Яадаг ч байсан тэр бүх эд зүйлийг музейгээс олж болно. Тийм ээ, би энэ туршлагандаа сэтгэл хангалуун байна. Одоогоор улс төр болон террорист халдлагын улмаас гадаад жуулчид бараг ирэхгүй байна, та нар ойлгож байгаа байх. Гэсэн ч музей эсэн мэнд ажиллаж л байна. Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь номыг нь уншаагүй, хэн нэгэн ярьж өгсөн, найз нь уншсан, тэгээд сонссон тийм хүмүүс. Музей үзэхийн тулд заавал ном уншсан байх ч шаардлагагүй. Зүгээр л үзмэрүүдээс таашаал авч болно. 

-Та музей рүүгээ байнга очдог уу?

-Тийшээ нууц нэрээр очдог, яг Гоголийн байцаагч шиг. Энэ тухай ярихаа больё, тэгэхгүй бол хэрэгжихээ больчихож магадгүй. 

                                                                                                                                           Орчуулагч | А.Наранцэцэг
Ярилцсан | Константин Мальчин

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав