МСНЭ ээлжит Их хурлаараа удирдлагаа шинэчилнэ. Тус байгууллагын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаад буй сэтгүүлчдийн нэг www.niislel.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгсийг ээлжит зочноороо урьж ярилцлаа.
-Өөрийг чинь их олон жилийн өмнөөс мэднэ. Нэг сонины редакцид цөөнгүй жил хамтран зүтгэж байлаа. Тэгэхээр мөр зэрэгцэн ажиллах болсноос хойшхи Түвшинтөгсийг бол би сайн мэднэ. Тэрнээс өмнөх түүх, намтрыг чинь ер нь асууж байсангүй. Жишээ нь яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?
-Таныг ярилцлагын урилга хүлээн авах нь нэр төрийн хэрэг байлаа. Би юугаа ярьж, хуйхаа маажна даа гэж хамгийн түрүүн бодсон. Хүмүүс мэргэжлээ санаатай, санамсаргүй гэх мэт янз бүрийн тохиолдлоорсонгодог байх. Би сэтгүүлч мэргэжлийг хүсч тэмүүлж сонгосон. Мэргэжлээ сонгох анхны үнэтэй санааг манай уран зохиолын багш Оролмаа гэж хүн надад өгсөн юм. Би хөдөөний хүүхэд л дээ. Ховд аймагт наймдугаар ангид сурч байлаа. Тэр үед 50 сэдэв өгөөд эссэ, зохион бичлэг бичүүлдэг байсан юм. Миний зохион бичлэг багшид их таалагдсан юм шиг байгаа юм. Тиймээс ангиудаар барьж яваад хүүхдүүдэд уншиж өгдөг байсан. Тэгээд Оролмаа багш маань “Чи сэтгүүлч гэдэг мэргэжлийг мэдэх үү. Их сайхан мэргэжил байдаг. Хүний сайн сайхны төлөө зүтгэдэг” гэж хэлж байсан. Тухайн үед зурагтаар гарч, радиогоор ярьдаг мундаг хүмүүс нүдэнд харагдаад л, үнэхээр сайхан мэргэжил байх нь гэж бодогдоод л. Тэгж би наймдугаар ангидаа сонголтоо хийж байсан юм аа. Тэгээд арван жилээ дүүргээд энэ мэргэжлээрээ сурч төгссөн.
-Хэр идэвхтэй оюутан байсан бэ. Бидний үеийнхэн ихэнх нь оюутны ширээний араас л сэтгүүлчийн гараагаа эхэлдэг байсан даа?
-Оюутан байхдаа хамгийн анх Ховдын “Тунгалаг Буянт” ФМ 104 радиод дагалдангаар ажиллаж байсан. Дуу хөгжимд дуртай ч байсан. Ингэж радиод анх ажиллаж дөр сууж байлаа. Дараа нь надад их сайхан боломж тохиосон. “Монголын нэг өдөр” гэж арав хоног тутмын том сонинд хэдэн сар ажилласан. Эрхлэгчээр нь Ш.Отгонцэцэг сэтгүүлч ажиллаж байсан, хожмоо бид сэтгүүл зүйн, бас амьдралын найзууд болсон. Дараа нь үнэхээр том хувь заяа, аз завшаанаар өдөр тутмын “Зууны мэдээ” гэж гэж том сонины босгоор алхан орсон. “Зууны мэдээ” бол сэтгүүл зүйн маш том гал тогоо, үнэхээр мундаг редакц. Одоо ч тэр гал голомт хэвээрээ байна. 2002 онд “Зууны мэдээ” гэдэг тэр маш том мэргэжлийн гал тогоо руу анх өнгийж, өдөр тутмын сонины ертөнцөд хөл тавьсан. Надад тийм ховор завшаан тохиосонд одоо ч баярлаж явдаг. Нэлээд хэдэн сар туршилтаар явсан даа.
-Тэгэлгүй яадаг юм. Өдөр тутмын сонины босго өндөр шүү дээ. Хэр удаан туршилтаар явсан бэ?
-Өдөржин мэдээнд гүйдэг байлаа. Мэдээ олддоггүй. Мэдээ олсонгүй гээд зэмлүүлдэг л байлаа. Манай албаны дарга Г.Түмэнжаргал гэж сайн сэтгүүлч, редактор байсан. Намайг их зэмлэнэ. Мэдээ олохгүй, олохоороо овоо бичих юм гэсэн зэмлэл, магтаал хоёрыг зэрэг хүртээнэ. Тэр үеэс сэтгүүл зүйдээ, энэ мэргэжлийн гал тогоондоо л үнэнч явж байна. Энэ мэргэжлээрээ бахархдаг, мэргэжлээ хайрладаг. Товчхондоо бол миний сэтгүүл зүйтэй холбогдсон түүх ийм.
-Тэр үеийн “Зууны шуудан” одоогийн “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцсан хүний нэг нь чи. Шинэ сонин байгуулахад сэтгүүлчийн ажлаа ч хийнэ, маркетинг, менежментийн ажлыг ч хийнэ. Ер нь нэг талаар сонирхолтой, нөгөө талаар шинэ сорилттой л тулгарч байсан байх даа?
-“Үндэсний шуудан” сонинг 2007 онд байгуулалцаж байсан. Тэгэхэд сониныхоо анхны дугаарыг өлгийдөлцсөн анхдагчдын нэг нь болсон. Бид “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” гэсэн уриа дэвшүүлсэн. Надад ч гэсэн сэтгүүл зүйн энэ амаргүй, хүнд хэрнээ нэр төртэй сайхан хөдөлмөрийн үндсэн зарчим ямагт хэлбэрэлтгүй хадгалагдах ёстой гэдэг итгэл үнэмшил байдаг учир Б.Ганболд эрхлэгчийгээ дагаад нөхдийн хамт “Үндэсний шуудан” сонинг үүсгэн байгуулалцсан. Би яах аргагүй энэ сонины бүтээгдэхүүн, Б.Ганболд эрхлэгчийн цэрэг. Одоо ч гэсэн “Үндэсний шуудан” сониноороо л овоглодог юм. Ингээд шинэ сониноо байгуулаад хамтдаа зүтгэсэн. Сониндоо нийтлэл, сурвалжлага, ярилцлагаа бичнэ. Захиалга, борлуулалтын асуудалд ч бас оролцдог байсан.
-Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд ирээгүй байсан ч бүх үйл явц, процессыг мэднэ. Шинэ сонин байгуулна гэдэг амаргүй даваа. Гэхдээ манай хамт олон үнэхээр богино хугацаанд танигдаж чадсан шүү?
-Өдөр тутмын сонин байгуулалцан өрхийг нь таталцана гэдэг нэг талаас нэр хүндийн хэрэг. Нөгөө талаас амаргүй даваа байсан. Манай гэр Дамбадаржаад байлаа. Өглөө эрт зургаан цагт босоод эхний автобусаар ажилдаа ирдэг. Ирэхэд шинэхэн талх шиг сонин хэвлэгдчихсэн байж байдаг байлаа. Ингээд л сониноо 100, 200-гаар багцлаад байгууллагуудаар тараадаг байсан. Шинэ сониноо олон нийтэд таниулах, хараат бус бодлоготой байлгах, эрүүл, захиалгагүй сэтгүүл зүйн төлөө бид олон байгууллагын үүд татсан даа.
Үүний зэрэгцээ анх сонин байгуулаад бид олон шинэ булангууд гаргаж байсан. “Яаж чадаж байна аа”, “Сонирхлын зөрчилтэй улс төр”, “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Цадиггүй улс төр” гээд л олон сонирхолтой булангууд нээгээд бүгд оролцож бичдэг байсан. Энэ бүхний үр дүнд “Үндэсний шуудан” сонин маань анх захиалгад орсны дараа захиалгаараа хоёрдугаар байрт шууд жагссан. Өөрийн гэсэн байр суурьтай болсон. Тэр үед “Эрүүл сэтгүүл зүйн” төлөө гэсэн уриаг үнэт зүйлээ болгосон найзууд маань, дээд үеийнхэн, дүү нар бүгд зүтгээд энэ сонинг хөл дээр нь босгосон
-Чи анхны улс төрийн албаны дарга байсан биз дээ. Сонины гол ноён нуруу болсон алба шүү дээ?
-Сониныхоо анхны Улс төрийн мэдээллийг хариуцаж ажиллах үүрэг хүлээсэн. Ёстой цаг наргүй зүтгэдэг байсан. Өдөр тутмын сонины гол албыг удирдах, редакцын бодлогыг хэрэгжүүлэх, сонины өдөр тутмын гал тогоог барих коллегийн гишүүн байна гэдэг залуу хүнд их үүрэг, хариуцлага, ачаалал, бас нөгөө талаар боломж байдаг.Өдөр тутмын сонины энэ л халуун гал тогоонд ид оргилсон эрч хүчтэй, бадрангуй он жилүүд маань өнгөрсөн. Мэдээ бичих, ярилцлага хийхээс эхлээд шинэ хүн нээх, шинэ сэдэв олох, эрэл хайгуул хийх, эрэн сурвалжлах, хүн байх, ёс зүйтэй, сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх зэрэг бүх чанарыг өдөр тутмын сонины мэргэжлийн гал тогооноос суралцсан даа. Алба хариуцаж, шинэ залуу үеийн сэтгүүлчдийг дадлагажуулж, бойжуулж ч явсан. Энэ бүхэн маань сайхан санагддаг.
-Та нарыг “будаг нь ханхалсан” шинэхэн сэтгүүлч өдөр тутмын сонины хаалгаар алхаж байх үе буюу 2000-аад оны эхэн үед Монголын сэтгүүл зүйд домог болсон мундагчуул ид бичиж туурвиж, бүтээж байсан даа. Тэдний хэнтэй нь илүү ойр байв?
-Манай сургуулийн тэнхимийн эрхлэгч нь соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн гуай байсан. Тэгэхээр би Т.Баасансүрэн багшийн бүтээгдэхүүн. Тэр үед манай сургууль шавь сургалт гэж хөтөлбөр дэвшүүлээд биднийг том сэтгүүлчдэд дагалдуулан шавилуулан сургаж байсан. Би Т.Ганди гишүүнд шавь болж хуваарилагдан очсон. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан болохоор Т.Ганди гишүүн зав муутай. Тиймээс намайг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бямбажал гуайд дагалдуулан сургахаар хуваарилсан. Тэр үед хүүхэд байсан ч яаж толгойд орсон юм. Гандан орж шар хадаг олж аваад Г.Бямбажал гуайд очиж хадгаа барьж шавь орж байсан.
-Г.Бямбажал ах бол үнэхээр мундаг сэтгүүлч, бас мундаг редактор хүн шүү дээ. Тэр хүний шавь болно гэдэг азтай л байж дээ?
-Тэр үед Г.Бямбажал гуай “Өдрийн сонин” гэж том сонины редакцид хариуцлагатай алба хашиж байсан. Ингэж Г.Бямбажал гуайтай багш шавийн барилдлагатай болж олон жил явсан. Тэр хүнээс их юм сурч, сонсч явсан даа. Би өөрийгөө сэтгүүл зүйд ховор олдох хувь тавилангаар сайхан хүмүүстэй учирсан гэж боддог. Б.Ганболд эрхлэгчтэйгээ хамт олон жил ажиллалаа. Нэг хэсэг Ц.Балдорж эрхлэгчийн цэрэг байж үг сургаалыг нь сонсох завшаан тохиосон. Олон сайхан хүнтэй хамт ажилласан. Монголын хамгийн шилдэг нийтлэлч Б.Ганчимэг, Г.Отгонбаяр гэдэг ийм мундаг сэтгүүлчидтэй ойр дотно, хамт ажиллаж, үг сургаалыг нь сонсч, үлгэр дуурайл авч явсан минь ховорхон хувь заяа. Сэтгүүл зүйн идеал болсон улстай нэг дор ажиллаж явсандаа бахархдаг.
Баасанжавын Ганболд эрхлэгчийн школ гэж том школ Монголын сэтгүүл зүйд бий болсон. Сэтгүүл зүйн алтан зарчим, үнэт зүйлийг дээдэлсэн энэ школд өсч хүмүүжиж, салбарынхаа эгэл жирийн бор цэрэг нь болж зүтгэх хувь ногдсонд баярлаж явдаг даа.
-Б.Ганболд эрхлэгчийг ярихаар чи бид яах аргагүй л нэг даргын цэргүүд явсан үеэ дурсах болох нь.
-Анх “Зууны мэдээ”-д жинхлэх гэж нэлээд хэдэн сар болж, хөглөж явснаа дээр хэлсэн. Б.Цогнэмэх, Б.Содонбаатар бид гурав ойролцоо сониндоо туршилтаар орсон, нэг үеийн сэтгүүлчид. Өдөр тутмын сонины редакцийн шалгуур чанга, зарчим хатуу, босго өндөр байсан. Олон сар туршилтаар дадлагажигчаар явж байж оны өмнөхөн жинхлээд гурван биедээ баяр хүргэж байснаа мартдаггүй. Б.Цогнэмэх маань үнэхээр авьяаслаг сэтгүүлч, нийтлэлч болсон. Бас сайн зохиолч. Б.Содонбаатар маань ч гэсэн спортын сайн сэтгүүлч. Б.Ганболд эрхлэгч маань биднийг хайр нь дотроо, хал нь гаднаа гэгчээр өндөр шаардлага тавьж сэтгүүлчийн дөр суулгасан даа. Эрхлэгчтэйгээ олон жил хамт ажилласан. Эрхлэгчийн нэг сайхан чанар, зарчим бий.
-Нөгөө алдарт гурван зарчим уу?
-Тийм ээ, Ганаа эгч. Б.Ганболд эрхлэгч бидэнд хүний хөнжил бүү сөх, хэтэвч рүү нь бүү өнгий, хүний алдар хүнд рүү бүү халд гэдэг товчхон бөгөөд тодорхой зарчмыг сургаж хэлдэг дээ, тийм ээ. Энэ зарчим нь бидний яс маханд суусан. Эрхлэгчийн давуу тал нь хүнийг зэмлэж чаддаг, урамшуулж чаддаг. Тухайн үед хүнд хэцүү улс төр, эрэн сурвалжлах сэдэв барьж авахад урам зориг өгч чаддаг, бат найдвартай ар тал нь болдог байсан. Бичсэн юмны араас янз бүрийн асуудал, дарамт шахалт ирэхэд сэтгүүлчдээ хамгаалдаг. Өөрөө л тэдэнтэй ярьдаг. Ингэж сэтгүүлч рүүгээ цохилт өгдөггүй, өөр дээрээ хамаг цохилтыг авдаг мундаг удирдагч. Бид эрхлэгчийнхээ тэр школ, хүмүүжлээр явсан даа. “Зууны мэдээ” үнэхээр том редакци байсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн гуай байна.Баравын Батбилэг ахаас авахуулаад “Алмас” хэмээх Ц.Батбаяр ах, Г.Түмэнжаргал дарга, Г.Отгонбаяр эрхлэгч, Б.Ерэнтэй ах гээд л. Ц.Цэцэгчулуун эрхлэгч биднийг маш сайн шахаж, чиглүүлж, залуу хүмүүс хөдөлмөрлөх хэрэгтэй, хөдөлмөрийн үр шим амжилтад хүргэдэг гэж урам өгдөг байсан. “Зууны мэдээ”-гийн одоогийн эрхлэгч Д.Отгонбаяр эгч тэгэхэд хариуцлагатай нарийн бичгийн дарга байлаа. Отгоо эгч залуу хүнд маш их итгэж, чи чадна, чадах ёстой гэж зоригжуулдаг байсан. Ингэж залуусыг маш их дэмждэг, тэднийг хөгжүүлэх, урам өгөх тал дээр гайхалтай. Тэр буянтай улсын хүчээр л өдий зэрэгтэй болж, тэднээсээ сурсан, мэдсэнээрээ л энэ дайтай яваа хүн дээ. Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо гэж аль ч салбарт байдаг. Сэтгүүл зүйд ч тийм холбоо бий. Үнэхээр бид өмнөх үеийнхэнгүйгээр хэн билээ. Тэднийхээ халуун сэтгэл, хайр халамжаар л энэ зэрэгтэй яваа шүү дээ. 100 гаруй жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйг төдийгөөс өдий хүртэл хүргэж ирсэн тэр сайхан хүмүүсийн сургаал, хүмүүжлээр дамжиж гарсан учраас мэргэжлийнхээ нэр хүндийг ёс зүйн төвшинд өндөрт өргөж явахсан гэж чадлаараа хичээдэг.
-Яг ингээд нэрлээд ирэнгүүт тэр үед оччихсон юм шиг санагдаж байна шүү. Өдөр тутмын сонины гал тогоо үнэхээр сайхан шүү. “Өдрийн сонин”-ы гал тогоо, “Өдрийн сонин”-ы школ гэж том школ бий. Ц.Балдорж эрхлэгчийн “Өнөөдөр” сонины школ байна. Тэгээд манай Б.Ганболд эрхлэгчийн школ. Домог болсон хүмүүс, домог шиг хамт олон шүү?
-Ер нь өдөр тутмын сонинбол сэтгүүлч бэлтгэх хамгийн сайн гал тогоо гэж би боддог. Энэ гал тогоогоор орно гэдэг сэтгүүл зүйгээр овоглож явдаг хүн бүрт нэр төрийн хэрэг байдаг.
Сэтгүүлч хүний ур чадвар, ёс зүй, хүн чанар ганц жижигхэн мэдээ бичихэд л харагддаг гээд л эхэлнэ. Сонины редакцид ороод бүхнийг шинээр сурч байсан. Тэр үеийн ахмадуудын үг үнэхээр алтнаас илүү сургаал байсан. Тэр хүмүүсийн үнэт зүйл, зарчмаас суралцаж, тэдний зөвлөгөөгөөр хүн болсон. Одоо бол залуу үе дүү нараа бэлтгэж тэднээс эрч хүч авч байна.
Ахмад үеэ сонсох, үеийнхэнтэйгээ бүтээлээрээ өрсөлдөх, залуу дүү нартаа үлгэрлэх гэдэг нандин чанар сэтгүүл зүйд төдийгөөс өдий болтол явж ирсэн уламжлал байдаг. Сэтгүүл зүй бол гурван үеийн алтан хэлхээ. Ахмадуудгүйгээр сэтгүүл зүй юу билээ. Үеийнхний өрсөлдөөнгүйгээр бас юу билээ. Залуу дүү нарын шинэ эрч хүчгүйгээр сэтгүүл зүй гэж юу билээ. Энэ гурван үеийн алтан хэлхээн дээр сэтгүүл зүй явж ирсэн. Энэ уламжлал цаашид ч үргэлжлээд явах байх.
-Сонинд ажиллаж байснаа гэнэт Хотын хэвлэлийн албаны дарга болоод явчихсан. Яахав сонины маань хувьд бол сайн сэтгүүлчээ явуулах дургүй л байсан. Харин сэтгүүл зүйн салбарынхан маань чамайг нийслэлийн хэвлэл мэдээллийн албыг удирдах болсонд баярлаж байсан шүү.
-Надад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах санал 2012 оны есдүгээр сард ирсэн. Сонгууль зургадугаар сард болсноос хойш гурван сарын дараа гэсэн үг шүү дээ. Миний өмнө янз бүрийн хувилбарууд байсан юм шиг байгаа юм. Тэгж тэгж өдөр тутмын сонины хүн авъягэдэг санал гарсан юм билээ. Тэгээд би саналыг нь хүлээж авсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар гурван жил гаруй ажилласан. Дундуур нь би нэг хэсэг хугацаанд ажлаа өгөөд явсан. Залуу хүнд том боломж, шинэ сорилт байсан. Би сэтгүүл зүйд байхдаа төрийн байгууллагуудын хүнд суртал, мэдээллийн хаалттай байдлыг их шүүмжилж боддог байсан. Тиймээс энэ ажил албан дээр очоод, дотор нь ороод хамгийн түрүүнд өөрийн боддог тэр зүйлүүдийг өөрчилье гэж зорьж ажилласан. Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод хуулиар хориглосноос бусад бүх мэдээллийг нээлттэй болгоё гэдэг зарчим дээр тогтсон. Шилэн дансны тухай хууль гараагүй байхад хотын удирдлагуудын гадаад дотоод томилолтын зардлыг нээлттэй тавьдаг болсон.Бүх тендерийн заруудыг мөн сайтдаа нээлттэй тавьдаг болгосон Нийслэлийн Засаг даргын бүх захирамжийг нээлттэй тавьдаг болсон. Засаг даргын захирамж 72 цагийн дотор албан ёсны сайтдаа орохгүй бол хүчингүй болдог байхаар тийм зарчим гаргасан нь одоо ч хэвээр байгаа. Намайг хотод ажиллаж байхад хаалттай хурал гэж байгаагүй. Бүх хурал нээлттэй, хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах боломжийг олгосон. Хот гэдэг том айл. Энэ том айлд юу болж байгаа юм, сайн сайхан юу байна, юу нь болохгүй байна гэдгийг ил тод, нээлттэй харах боломжоор хангахыг хичээж ажилласан. Хэвлэлийнхэн маань сайхан дэмжсэн. Хотын мэдээллийн урсгал үнэхээр нээлттэй болсон.
-Засаг даргын Тамгын газрын сайт шилдгээр шалгарсан байх аа?
-Тийм. www.ulaanbaatar.mn сайт намайг ажил авахад дээд тал нь сарын 1500 хандалттай байсан. Төрийн байгууллага хүнд сурталтай, мэдээллийн урсгал нь хөшүүн хойрго, иргэдээ мэдээллээр хангадаггүй байдлыг өөрчлөхөөр зорьсон. www.ulaanbaatar.mn маш хурдан хугацаанд мэдээллийн урсгал сайжирч өдөрт 30-40 мянган хүн ханддаг болсон. Топ хандалт нь өдөрт 403 мянга хүрч байсан. Тиймээс “Медиа авардс” шалгаруулалтаар 2014 төрийн байгууллагын шилдэг сайт болж байлаа.
-Хэсэг хугацаанд хэвлэл мэдээллийн албаны даргын ажлаа өгөөд явсан гэж дээр хэллээ. Нээрээ сониндоо буцаж очоод ажиллаж байхад чинь хотынхон дахиад санал тавьснаар эргэж очсон байх шүү?
-Ний нуугүй хэлэхэд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн маань хотын мэдээллийг шилэн болгох, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэхийг таатай хүлээж авсан. Гэхдээ энэ ажил тийм амар хялбар яваагүй. Улстөрчид өөрсдийнх нь бүх мэдээллийг шилэн болгоод ирэхээр дуртай байдаггүй юм билээ. Тухайн үед надад тодорхой хэмжээний дарамт, шахалт ирж байсан. 2015 онд тухайн үед ажиллаж байсан нийслэлийн Засаг даргын нэг орлогч сэтгүүлч хүнээс гарч боломгүй зүйл хийхийг тулган шаардсан учраас сэтгүүл зүйн үнэт зүйлээ дээдлээд өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд явж байсан. Буцаад сонин руугаа очсон. Төрийн байгууллага, эрх барьж байгаа дарга нар нээлттэй, ил тод байдалд таатай ханддаггүй юм билээ.
-Өөрийг чинь Ардчилсан нам хотод эрх барьж байх үед хэвлэл мэдээллийн албыг нь даргалж байсан болохоор Ардчилсан намын хүн гэж хараад байх шиг байдаг. Гэтэл хотын Засаг даргын орлогчтой үзэл бодол таарахгүй гээд, үнэт зүйлээ дээдлээд хаалгыг нь хаагаад яваад өгч байж шүү дээ?
-Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар төр өөрөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан. Гэхдээ төр өөрийн мэдээллийг олон нийтэд хүргэх гэдэг маш чухал, том ажил байдаг. Энэ ажлыг үе үеийн хэвлэлийн алба, хэвлэлийн төлөөлөгч нар авч явдаг болсон. Тэнд мэргэжлийн сэтгүүлч ажиллахаас өөр сонголт байхгүй. Би бас л тэр хувь тавилан дундуур явсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албаны тангараг өргөдөг, төрийн жинхэнэ албан хаагчийн статустай ийм алба. Энэ дээр нэг зүйл хэлэхэд хэвлэлийнтөлөөлөгч, Хэвлэл мэдээллийн алба гэдэг өөр ойлголт, тусдаа байдаг албан тушаал. Хэвлэлийн төлөөлөгч бол улс төрийн албан тушаал. Тухайн улстөрчтэйгөө хамт солигддог. Хэвлэл мэдээллийн албаны дарга бол төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Энэ ялгааг хүмүүс сайн мэддэггүй л дээ. Би бол төрийн албан хаагч байсан. Э.Бат-Үүл даргатай нэг баг болоод ажилласан. Тийм учраас намайг АН-ын хүн байх гэдэг хардлага, таамаг байдаг юм шиг билээ. Хэвлэлийнхэн ч асуудаг. Би шууд хэлье. Надад намд элсэж явсан намтар байхгүй. Нэг нам дагах юм бол би сэтгүүлч гэдэг энэ алдрыг хэлэх эрхгүй, боломжгүй болно. Үзэл бодол маань нэг талдаа гарна гэсэн үг. Нэг өнгийг л ярих болно шүү дээ.
-МСНЭ-ийн ээлжит Их хурал удахгүй болох нь. Өөрөө МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлачихлаа. Яагаад ийм сонголт хийх болов?
-МСНЭ-ийн Их хурал хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ Их хурлаар нэлээд хэдэн асуудал шийдэгдэх байх. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье гэж бодож байгаа. Залуу хүний хувьд ачаа үүрье гэж шийдсэн. Ний нуугүй хэлэхэд манай салбарын нэр хүнд нийгэмд маш доогуур байна. Үүнийгээ энэ Их хурлаар маш сайн ярих хэрэгтэй. Яагаад сэтгүүл зүйн нэр хүнд унаад байна гэхээр бид бурууг бусдаас хайх хэрэггүй, өөрсдөөсөө л хайх хэрэгтэй. Сэтгүүл зүй хаанаа асуудалтай байна вэ. Ухамсар, соёл, мэдлэг, боловсрол, ёс зүй тэр бүхнээ эргэж харж, маш сайтар ярилцах цаг болжээ. Монголын сэтгүүл зүйн тухай ярихад наад зах нь үг үсгийн алдаагүй зөв бичих тухай ярих хэрэгтэй болж. Сэтгүүл зүй улс төр, нам, эвслийн эрхшээлд хэзээ ч орж болохгүй. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол өөрөө нийгмийн оюун санааны түүчээ болох ёстой. Хэн нэгний халаасанд багтвал энэ салбар үнэт зүйлсээ алдаж, оршин тогтнох боломжгүй болно. Монголын сэтгүүл зүйд улс төрийн сүүдэр дайрвал Монголын нийгэмд шударга ёсны тухай яриад хэрэггүй болно. Үнэн мөхнө. Бид хараат бус байдлаа, үнэт зүйлээ хамгаалах нь нэнтулгамдсан асуудал болжээ.
Монголын сэтгүүл зүйн тухай маш урт зүйл ярих болно. Энэ салбарт оюуны хүнд хөдөлмөр эрхэлж байгаа сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө зоригтой, дорвитой ажлуудыг хиймээр байна. Надад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэд хэдэн зорилт бий.
-Ямар зорилтууд дэвшүүлсэн бэ?
-Сэтгүүл зүйд олон асуудал байна. Би тэгш таван зорилт дэвшүүлж байгаа. Энэ хөтөлбөртөө нэн тэргүүнд сэтгүүлчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлнэ, оюунлаг сэтгүүл зүйг бий болгоно гэж тусгасан. Бид өөрсдөө мэдлэг, боловсрол тааруу байвал бусдыг гэгээрүүлж, нийгмийг манлайлж, түүчээлж чадахгүй. Тиймээс хамгийн түрүүнд мэдлэг боловсролоо дээшлүүлэх асуудлыг гаргаж тавина. Хоёрдугаарт, сэтгүүл зүй үйлдвэрчний эвлэлгүй цор ганц салбар болж хоцорсон. Энэ салбарын эд эс нь болж байгаа 5-6 мянган хүний асуудал яригдаж байна. ҮЭ-ээ байгуулах уу, байгуулах бол яаж байгуулах вэ. ҮЭ нь сэтгүүл зүйн сэлбарт зүтгэгсдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг тодорхой зүйлийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Бид энэ талаар олон жил ярьсан, одоо нэг мөр болгоё. Гуравдугаарт, монгол үндэсний эх хэл, түүх соёлыг дээдлэх, хамгаалах чиглэлээр МСНЭ тодорхой алхмуудыг манлайлан хэрэгжүүлье. Монгол хэлний хишигтэн, хамгаалагч, торгон цэргүүд бол сэтгүүлчид. Монгол хэл мөхөх магадлалтай гэсэн шинжилгээ, дүгнэлтүүд гарсан байсан. Эх хэлээ хайрлаж хамгаалж, үндэстний дархлаагаа улам баталгаажуулж авахгүй бол аюултай. Интернэтийг маш олон хүн хэрэглэдэг болж. Тэнд маш олон давуу тал бий. Мэдээлэл шуурхай түгдэг гэх мэт. Нөгөө талдаа сөрөг үр дагавар маш их. Үүнд зөв бичих, хэл найруулгын асуудал маш хүнд тусч байна. Нийгмийн сүлжээний хэл найруулга үнэхээр аюултай, гамшгийн хэмжээнд гэж үзэхээр улаан гэрэл асчихаад байна. Үүнийг өөрчлөх, хэл, соёлоо дээдлэх, хамгаалахын төлөө сэтгүүлчид оройлж оролцоно. Эх хэлээ хамгаалах, түүхээ дээдлэх чиглэлээр тодорхой ажил хийнэ. Эх хэл, түүх соёлын дархлаагүй улс үндэстэн мөхдөгийг бусдад уусаж алга болсон олон үндэстний түүх харуулдаг. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн “Хэлний мөхөл” гэж нийтлэлийг би байнга уншдаг. Яагаад хэл мөхдөг вэ, яагаад хэлэнд харь үг орж ирдэг вэ гэх мэт олон асуултад хариулсан энэ нийтлэлийг ойр ойрхон гаргаж ирж хардаг. Үүнд сэтгүүлчид бид зүтгүүр болно.
Дараагийн дөрөв дэх зорилт эрүүл мэндийн үзлэгт сэтгүүлчдээ тогтмол хамруулдаг болох. Сэтгүүлчийн ажил хөдөлмөр амаргүй. Янз бүрийн нөхцөлд өдөр шөнө, цаг наргүй ажилладаг. Хоолтой, хоолгүй явах ч тохиолдол байдаг. Тиймээс хэвлэлийнхэн, сэтгүүлчид эрүүл мэндээ гаргуунд хаядаг. Эрүүл мэндгүй бол бүхнээ алдана гэдэг шүү дээ. Тэгэхээр сэтгүүлчдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Редакциудтайгаа ярьж байгаад сэтгүүлчдээ эрүүл мэндийн урьчилсан үзлэгт тогтмол хамрагддаг болгоё гэж бодож байгаа
Өвдсөн хойноо биш өмнө нь урьдчилан сэргийлэх нь чухал. Цаг бусаар бид олон найзаа алдсан. Мөр зэрэгцээд энэ салбарт зүтгэх ёстой найзууд маань хар залуугаараа тэнгэрийн оронд заларсан. Үүнд эмзэглэж явдаг. Найзуудаа гэгээн сайхнаар дурсдаг. Тиймээс хэвлэл мэдээллийнхний эрүүл мэндийн асуудлыг нэг зорилтоо болгосон.
Тавдугаарт сэтгүүлчдэд нийгмийн баталгаа чухал. Бид нийгмийн асуудлаа шийдэхгүй л бол манай сэтгүүл зүй рүү орж ирэх гар хөл олон болно. Энэ салбар руу ашиг сонирхлууд шургална. Хараат бус байдал маань эрсдэлд орж, аюултай болно. Нийгмийн баталгаагаа хэр хангаснаас бидний эрх бүтэн байх, хагас байх эсэх шийдэгдэнэ. Тийм учраас “Орон сууцтай сэтгүүлч” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Жишээлбэл, манай сэтгүүл зүйн салбарын ажиллагсдын авч байгаа цалин бусад салбарынхнаас доогуур түвшинд байгаа. Үүнийг ажил олгогчид эргэж харах цаг болсон. Нийгмийн баталгаа чухал. Миний бодож байгаа хамгийн том зорилго бол орон сууцны баталгаа. Нэг хоёр сэтгүүлч байртай болоход баярлах биш нийт олноороо орон байрны асуудлаа шийдэх ёстой. Түрээсийн, ипотекийн гэх мэт янз бүр хувилбараар сэтгүүлчдийг орон сууцтай болгох бодит шийдэл надад байгаа.
МСНЭ-ийн чиг үүрэг, дүрмээр ч сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тиймээс нийгмийн баталгааг хангах, эх хэл, соёлоо дээдлэх, оюунлаг байдлыг эрхэмлэх, эрүүл мэндээ хамгаалах, энэ бүх зүйл дээр МСНЭ манлайлж оройлж санаачилгатай, бодитойгоор оролцох ёстой гэж бодсон учир тэгш таван бодлого хөтөлбөр дэвшүүлж байгаа. Энэ таван зорилго атгасан гар шиг нэгтгэгдэн зангидагдаж байж хэрэгжинэ.
-Зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлэх мөнгө санхүүг яаж олох вэ?
-МСНЭ-ийг удирдаж төдийгөөс өдий болтол авчирсан ахмад үедээ талархах учиртай. Энэ хүмүүс энэ байгууллагыг айлын хаяа бараадуулалгүй сайн авч явсан. Ажил хийхэд тодорхой санхүү, хөрөнгө мөнгө шаардлагатай нь ойлгомжтой. Би ганцхан зарчим баримталж байгаа, МСНЭ-ийн дүрмийн 1.6-д аливаа улс төрийн бүлэглэл, эвслээс хараат бус байх зарчим байгаа. Энэ үндсэн зарчим, үнэт зүйл, дүрмээ баримтлана. Тиймээс бид санхүүгийн хувьд ил тод, нээлттэй, шилэн болох ёстой. МСНЭ хараат бус байх эсэх нь санхүүтэй холбоотой. Санхүүгийн асуудал биднээс л шалтгаална. Мянга орчим сэтгүүлч татвараа төлдөг гэсэн мэдээлэл бий. Гэтэл энэ салбарт 5-6 мянган хүн ажиллаж байгаа. Сэтгүүлчид татвараа төлсөн хэмжээгээрээ эрх ашгаа хамгаалуулдаг ийм тогтолцоог л бий болгож, сайжруулж гүнзгийрүүлнэ.
Хэрэв сэтгүүлчид татвараа төлөхгүй байвал санхүүгийн хувьд асуудалтай хэвээр байна. Ийм байсаар байвал бид хэн нэгний хаяа бараадах асуудал үүснэ. Үүнд улс төрийн том сонирхол орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Өөрсдөө бид татвараа ухамсартайгаар төлдөг болцгооё. Сэтгүүлчид татвараараа Эвлэлээ дэмжиж, МСНЭ эргээд сэтгүүлчдийнхээ эрх ашгийг бат хамгаалдаг байх л зарчим. Дэлхий дээрх сэтгүүлчдийн байгууллагын оршин тогтнодог ганц зарчим ийм. Бусад улсуудын сэтгүүлчдийн байгууллага санхүүждэг цор ганц зарчим энэ. Сэтгүүлчид нь татвараараа өөрсдийн байгууллагаа дэмждэг. Бид төрөөс, бусад субьект, тэр тусмаа улс төрийн намаас санхүүжилт авбал ганц юм ойлгомжтой. Бид тэр айлын хашаанд л толгой хоргодно. Тэдний үгээр явахаас аргагүй болно. Тэгэхээр нийгмийн түүчээ болох салбар маань үнэт зүйл, оюун санаагаа алдаад эхэлбэл нийгэм хүнд байдалд орно. Салбарын нэр хүнд бүр навсайтлаа унахаас биш өндийнө гэсэн ойлголт байхгүй болно. Тиймээс би энэ зарчим дээр тулгуурлан сэтгүүлчдээсээ л дэмжлэг хүснэ. Өөрөө өөрийнхөө юманд эзэн байвал хэн ч бидний тогоо руу өнгийхгүй. Тиймээс редакциудтайгаа хамтарч ажиллана. МСНЭ-ийг авч явна гэдэг сэтгүүлчидтэйгээ л амь нэгтэй байж хамтарна гэсэн үг. МҮОНРТ гэхэд л олон нийтийн статустай. Олон нийтээс санхүүжилтээ авах ёстой атал төсвөөс санхүүждэг. Санаа нь зөв ч систем нь буруу. Тиймээс тэнд мэргэжлийн уран бүтээл туурвидаг улс ямар хүнд байна вэ. Засгийн эрх барьж байгаа намууд МҮОНРТ-ийг ээлжлэн зайдагнадаг, хүслээ тулгадаг болсон. Судалгаагаар Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ороод удаж байна. Дахиад ийм санхүүжилт рүү орох алхам хийвэл хагас байтугай эрх чөлөөгөө хасуулна. Төрөөс, улс төрийн намаас санхүүжилт авна гэх юм бол Монголд хэвлэлийн эрх чөлөөний нар жаргана.
-Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал өөр юу байна вэ?
-Монголын сэтгүүл зүйд маш олон тулгамдсан асуудал байгаа. Бид цөөхөн хэдэн хүнийг тойрч эргэлддэг. Цөөхөн хэдэн сэдвээ тойрч мөлждөг. Энэ талаарх олон нийтийн шүүмжлэлийг хүлээх авах хэрэгтэй. Ялангуяа Төрийн ордон тойрсон сэтгүүл зүй л хөгжиж байна. Олон нийтээс ирж буй шүүмжлэлийг хүлээн авч өөрсдөө өөрсдийгөө толинд харах цаг болжээ. Бид бусдыг хангалттайшүүмжилдэг. Бусдынтолгой дээрх өвсийг хардаг шигээ одоо өөрсдийгөө толинд харъя. Тогоон дотроо асуудлаа ярилцъя. Энэ амьдралд сайн сайхан зүйл олон байна. Монголын сэтгүүл зүй ний нуугүй хэлэхэд хар бараан руу хэт явж байна, туйлширч байна. Нийгэмд гэрэл гэгээтэй зүйл олон байгаа. Болж байгаа зүйл олон. Үндэсний том дархлааг хангах сайхан зүйл олон байна. Тиймээс би сэтгүүлчдээ уриалж байгаа. Бүгд тэмдэглэлийн дэвтэр, үзэг балаа бариад, камер, аппарат, диктафон, микрофоноо үүрээд эрэл хайгуулд гаръя. Шинэ баатруудыг нээн илрүүлцгээе. Нийгэмд байгаа гэрэл гэгээтэйг харах нүдээ нээцгээе. Бид нийгмээ түнэр харанхуй руу чирж болохгүй. Гэрэл гэгээ рүү тэмүүлье.
Монголын сэтгүүл зүйг улстөрчид булингартуулдаг. Тэд сэтгүүлчдэд тал засдаг. Тэр ая тал засч байгаагийн цаана сайхан санаа байх нь юу л бол. Монголын сэтгүүлчид өөр хоорондоо эе эвийг эрхэмлэх ёстой. Бид эвгүй байвал хүний хоол болоход маш амархан. Бид эвтэй бол үнэхээр бидний эрх чөлөөг хэн ч боомилж чадахгүй. Хагас эрх чөлөөгөө бүтэн болгохын төлөө хамтдаа зүтгэе. Энэ бол зөвхөн бидний эрх чөлөө биш, олон нийтийн эрх чөлөө. Мэдэх эрх гэдгээр томоор харвал нийгмийн том эрх чөлөө юм. Сэтгүүлчдээр дамжиж илэрдэг болохоос биш зөвхөн сэтгүүлчид эдэлдэг тусгай эрх биш. Тийм учраас энэ үндэсний том эрх ашгийн төлөө бид явна. Би нэг зүйл хэлье. Төр, засгийнхантай огт хамтарч ажиллаж болохгүй, буруу хойшоо хараад суу гэж байгаа юм биш. Юун дээр нэгдэх вэ, юун дээр нэгдэхгүйгээ ойлгох ёстой. Төрөөс санхүүжилт аваад, улс төрийн намаас дэмжлэг аваад байвал хагас эрх маань улам хагас болж таллана. Бид зарчимтай, өөрсдөө эв нэгдэлтэй, үнэт зүйлээ дээдэлдэг байвал илүү хүчтэй, ёс зүйтэй байх болно. Нийгэм олон нийт биднийг дэмжинэ. Үнэхээр бид шударга үнэний дуу хоолой болж чадвал олон нийт дэмжинэ. Монгол Улсын үндэсний нийтлэг эрх ашиг дээр бол төр, төрийн бус байгууллага бид нийлээд хамтдаа зүтгэх ёстой. Бүх зүйлийг үгүйсгэж байгаа юм биш. Зарчим, үнэт зүйлээ дээдэлнэ. Тэр хүрээндээ л бид байх ёстой. Төр засагтай хил хязгаараа давахгүйгээр хамтарч ажиллах боломжтой. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн ч болно. МСНЭ төртэй хамтраад цахим орчинд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болно.
Ж.Цэвээн, Д.Бодоогоос эхтэй Монголын сэтгүүл зүйн бэлээхэн туршлага, амьд халуун түүх, эдүгээгийн дэлхий дахины чиг хандлага байна.
-Шинэ сорилтууд бас тулгарч байна?
-Дэлхий нийтийн интернэт хэрэглээ өсөн нэмэгдэх хэрээр сэтгүүл зүйд том сорилт тулгарсан. Нэг талаас харвал интернэт хөгжил ч юм шиг. Хурдан, түргэн шуурхай гээд л. Бидний хүчийг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас сошиал медиад хяналт алга. Сэтгүүл зүй шиг мэргэжлийн гал тогоо биш учир сошиал медиа хүний нэр хүндэд халдах, дурын нэг хүний нэр хүнд, үнэт зүйл рүү халдаж гутаан доромжилж байна. Хагаралдуулж байна. Бүх муу юм энэ нийгмийн сүлжээнд тэнэж явна. Мэргэжлийн гал тогоонд хэзээ ч тийм юм хийхгүй. Гэтэл санаатай санаандгүй сэтгүүл зүй, сошиал медиаг хольж хутгадаг. Үүнтэй эвлэрч болохгүй. Бид энэ нийгмийн зүтгүүр байх ёстой. Чиргүүл байх ёсгүй. Сошиал медиагийн араас явж болохгүй, түүнд автдаг байж болохгүй. Сошиал медиа, сэтгүүл зүйн ялгаа заагийг сурталчлах чиглэлээр дорвитой бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол нийтлэг эрх ашиг. Энэ чиглэлээр бид маш сайн ажиллах цаг болсон. Нийгмийн сүлжээ сэтгэгдэл зүй болохоос сэтгүүл зүй биш. Тэнд урсч байгаа үг мэргэжлийн үг биш. Товчхон хэлэхэд мэргэжлийн сэтгүүл зүй буух эзэн буцах хаягтай бол нийгмийн сүлжээ тийм биш.
Сүүлийн үеийн судалгаагаар фэйк ньюс буюу хуурамч мэдээлэл маш их урсдаг баталгаагүй эд болсон тул улс орнууд үүний эсрэг хууль журам гаргаж байна. Энэ бол дэлхий нийтийн сорилт болчихсон. Бид ч бусдын адил ямар арга хэмжээ авч байна, тэрийг хараад дархлаагаа баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ мэргэжлийн нэр хүнд унана. Сүүлийн үед цахим руу хошуурч байсан хандлага өөрчлөгдөж байна. Уламжлалт хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буцаад сэргэж байна. Энэ сайн мэдээ. Бид энэ итгэлийг дааж, хичээж ажиллах хэрэгтэй. Олон нийтийн энэ итгэлийг өвөртлөөд авах хэрэгтэй байна. Мэргэжлийн онцгой салбар өөрийн дархлаагаа хангаж байхгүй бол нийгэмд хортой. Үүнээс сэргийлэх дархлаа вакцинаа бид өөрсдөө хийх хэрэгтэй байна.
Сэтгүүл зүй бол эрх чөлөөний сүүлчийн ногоон арал гэж манай нэртэй улстөрч хэлсэн. Энэ арлыг аврах эсэх бидний өөрсдийн гарт л байна.