Хэчнээн хүн алсыг зорьж, хэд нь эх орондоо буцаж нисэн ирээд сурсан мэдсэн бүхнээ бусадтай хуваалцаж явааг бид тэр бүр мэдэхгүй. Харин мэдэж буй хүмүүсийн нэг нь миний өмнө сууж байна. Тэр хүн бол “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалан юм. Өмнө нь ярилцлагын ширээний ард хоёр ч удаа учирч байв. Харин энэ удаад дотооддоо явуулж буй үйл ажиллагаа, орчуулсан ном зохиолынх нь талаар гэхээс илүүтэй алс холын АНУ-ын Айовагийн их сургуульд зочилж, монголын уран зохиолыг сурталчилж, өөрөө ч мөн олон зүйлийг сурч мэдэж ирсэн зочны хувиар нь дахин хөөрөлдөхөөр зориглосон минь энэ.

Нобелийн шагналт, Туркийн зохиолч Орхан Памук, Хятадын уран зохиолын гарамгай төлөөллийн нэг Мо Ян, Солонгосын яруу найрагч, зохиолч Хан Кан нарын алдартай олон уран бүтээлчид хамрагдаж байсан Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт урлаг, уран зохиолын олон залуу туурвигчид материалаа өгснөөс Б.Баясгалан шалгарсан юм. Уг хөтөлбөрт манай орноос өмнө зохиолч Л.Дашням, зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана, кино найруулагч С.Бямбаа зэрэг уран бүтээлчид шалгарч ЮНЕСКО-гоос зарласан дэлхийн уран зохиолын хот болсон Айоваг зорин нисэцгээж байжээ. Өдгөө тэдний хийсэн олон сайхан бүтээлийн гэрэлтэй зам мөрөөр залуучууд өөрсдийгөө нээхийг эрмэлзэн хүсэл мөрөөдөл дүүрэн алхаж яваа билээ. Ингээд уншигч таныг ярилцлагадаа урьж байна.

ХОТУУД

-Айовагийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт анх хэрхэн яаж хамрагдсан бэ?

-АНУ-ын Төрийн департмент Айовагийн их сургуулийн олон улсын зохиолчдын хөтөлбөртэй хамтарч ажилладаг. Төрийн департмент өөрсдийн холбоотой ажилладаг бүх улс орны нэр хүндтэй зохиолчид, энэ цагт ид туурвиж бүтээж яваа уран бүтээлчдийг Айовад очиж суралцах боломжийг бүрдүүлэхийн сацуу санхүүжилтыг нь бүрэн шийдэж өгдгөөрөө давуу талтай. Надад 40 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Өмнө нь Элчин Сайдын Яамнаас шалгаруулалт явуулахдаа ярилцаж байгаад сайн англи хэлтэй, гайгүй нэр хүндтэй хүмүүсээ сонгоод явуулдаг байсан гэсэн. Мөнхүү очсон материалыг нь Айовагийн их сургуулиас шүүж үзээд эцсийн байдлаар шийд гаргана. Манайхаас өмнө нь зохиолч Л.Дашням, Г.Аюурзана болон найруулагч С.Бямбаа нар эл хөтөлбөрт оролцож байсан. Зарим жилд тавигдсан шаардлагыг хангах хүн олдоогүйгээс завсардсан зүйл гарсан байх. Уг асуудлаас болоод элчин сайдын яамнаас энэ жил нээлттэй шалгаруулалт зохион байгуулсан. Заавал зохиолчид гэлтгүй урлагийн төрлөөр бүтээл туурвидаг олон хүмүүс тус шалгаруулалтанд оролцсон байсан. Ингээд би ном журмынх нь дагуу шалгалтанд оролцож, материалаа бүрдүүлж өгч тэнцээд Айовагийн их сургуулийг зорьсон доо.

-Таныг анх Айовад очиход хүмүүс ямар асуултыг хамгийн ихээр тавьж байсан бэ?

-Бид энд өөрсдийгөө “Чингисийн үр сад” гээд л цээжээ дэлдэж омогшдог. Гэтэл “Монголоос ирсэн юм уу, ямар улс вэ, хаана байдаг вэ?” гэж хамгийн их асуусан. Монголын уран зохиол ярих нь бүү хэл ийм улс байдаг юм уу л гэж асуух нь холгүй. /инээв/ Ялангуяа Айова бол Америкийн төв цэгт оршдог, олон үндэстний хүмүүс нэг их холилдоогүй, цагаан арьстнууд давамгайлсан муж юм л даа. Тийм болохоор монгол хүн очсон нь харьцангуй ховор үзэгдэл байсан байх. Мэдээж гурван сарын хугацаанд өөрийнхөө уран бүтээлийг танилцуулж, сурталчлаад эхлэхээр дараа дараагийн яриа руугаа шилжинэ.

-Шалгаруулалтандаа тэнцчихээд Айова руу явахад хүндрэлтэй асуудал тохиолдсон уу?

-Англи хэлээр зорилгын эсээгээ бичиж өгөх, ярилцлаганд орох зэрэг зүйлсийг би өөрөө бэлдэж өгч явуулсан. Айовагоос энэ хүн тэнцлээ гэсэн хариу ирмэгц бусад бичиг баримт, визний асуудлыг Элчин Сайдын Яам өөрөө шийдээд өгчихсөн болохоор ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй.

-Хот бүхэн өөрийн хэмнэл, араншинтай байдаг гэдэг шүү дээ. Та тэнд очоод хотынх нь хэмнэлийг мэдэрч чадсан уу?

-Энэ хөтөлбөрийн олзуурхууштай тал нь Америкийн Нэгдсэн Улсыг бүх өнцгөөс нь харуулж, ойлгуулахыг зорьдог. Тиймдээ ч Чикаго, Вашингтон гэх мэт голлох хотуудаар нь аялсан. Чикаго  гэхэд л дэлхийн хөгжлийн оргилыг харуулсан өнөөх тэнгэр баганадсан, хар өнгийн гялалзсан шилэн барилгууд нь эгнэсэн, тэр нүсэр, тансаг байгууламжуудынхаа сүрэнд жирийн хүмүүсийн нь оршихуй их л дарагдсан хот юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Тэр гялалзсан өндөр барилгуудын урд эгнээнд хэвтчихсэн орон гэргүйчүүлийг харахаар гунигтай.

-Дараа нь Сиаттлыг зорьсон уу?

-Тиймээ. Тэнд ч мөн орон гэргүй хүмүүс маш олон тааралдсан. Гэхдээ Сиаттлд “Boeing”, “Microsoft”, “Amazon” цахим худалдааны сайт, “Starbucks”зэрэг дэлхийн хэмжээний дөрвөн том компани байдаг. Энэ дөрвөн компанийн бизнес сайн явж байвал Сиаттл хот төдий чинээ өнгөлөг сайхан байдаг, хэрвээ тэдний нэгийнх нь л бизнес уруудвал хотын эдийн засагт нөлөө нь илт мэдрэгддэг гэх юм билээ. Онгоцоор дээгүүр нь нисэхэд л эргэн тойрон мөнх цаст хайрхануудтай, урдуураа далайтай их сайхан хот харагдаж байсан. Би ч Алтайн өндөр уулсын дунд төрж өссөн, ян сарьдаг, хад асга, нүцгэн уулс хараад учиргүй догдолдог хүн болохоор сэтгэлд их ойрхон санагдсан.

-Сиаттлаас алдартай рок дуучид төрөн гарсан байдаг байх аа?

-Тэгэлгүй яахав. Сиаттл нэг тийм гранж рок хот гэдэг нь мэдрэгдэж байсан. Яагаад гэвэл тэндээс Нирвана, Жими Хэндрикс, Pearl Jam зэрэг олон алдартай хамтлаг, дуучид төрсөн шүү дээ. Гудманд хэвтэж байгаа гуйлгачид нь хүртэл нэг л тийм өөр өнгө төрхтэй, Жими Хендрикс, Курт Кобэйныхаа шивээстэй ч байх шиг. Тэд ягтаа тулж, ядуурч хоосорсондоо тэнд хэвтэж байгаа гэхээс илүүтэй амьдарч буй нийгэмтэйгээ алхаа нийлүүлэхээс цааргалсан, “үзэл санааны гуйлгачид” ч юм шиг харагдана.

Харин Вашингтон бол өөр. Чикаго 2 сая, Нью-Йорк 8 сая хүн амтай байхад Вашингтон 500 мянган хүн амтай. Тэнд захиргааны байгууллагууд, “Цагаан ордон” болон томоохон бизнес төвүүд байрладаг. Гудамжаар нь ихэвчлэн ажилдаа яарсан гоё ганган бизнесменүүд, төрийн албаны ажилчид алхаж харагдана. Шөнийн гудамж нь хүртэл ихээ улс төржүү уур амьсгалтай. “Би Обамад хайртай!” хэмээн хоолой мэдэн хашхирах, хөлчүү хар арьст залуугаас эхлээд цагаан ордны хашааны гадна лоозон барьж зогсчихоод Трампынхаа чихэн дээр шөнөжин хонх уядаг чанга яригч барьсан нөхдийг ч харж болно.

Эдгээр хотуудаас хамгийн их таалагдсан нь Нью-Йорк. Гудамжинд нь гараад зогсоход англи хэлний давамгайллыг огт мэдрэхгүй, дэлхийн зүсэн зүйлийн хэлээр ярилцаж, инээж, хашхиралдах ёстой л есөн шид нь бүрэлдсэн хүмүүсийг олж харж болно. Нью-Йоркийг дэлхийн нийслэл гэдгийн учир нь тэр байх. Бусад хотод явж байхдаа гадны хүн гэдгээ яаж ийгээд мэдрээд байх бол Нью-Йоркэд би угаасаа л тэнд харьяалагддаг юм шиг, харь бус мэдрэмж төрнө. Гэхдээ олон хүний, тэр дундаа тэгтлээ холилдож бантагнасан олны дотор шууд яваад орчихоор ингээд л би энэ зуурмаг дотор ороод уусаад алга болчих нь уу дээ гэж айдас төрмөөр ч юм шиг. Нью-Йоркэд их удвал нэг бол их жаргалтай сайхан байна, нөгөө бол оршихуйн хямралд овоо нэрвүүлж мэднэ. (Инээв)

-Сиатллд байхдаа Жими Хэндриксийн музейг үзсэн үү?

-Хамт байсан Япон найз маань Жими Хэндриксийн “Jimmi Hendrix Experience” хамтлагийн нэртэй роман бичсэн байсан. Тиймээс бид найзынхаа зохиолоос болоод Хэндрикстэй анхнаасаа холбогдчихсон. Басхүү миний эмхтгэж орчуулсан “Хар захын гудамжны Спиноза” өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэрт Америкийн утга зохиолын ертөнцөд нутгийн уугуул иргэдийн дуу хоолойг төлөөлж буй Шерман Алекси гэж зохиолчийн чамгүй урт нэртэй өгүүллэг бий. Тэнд Жими Хэндриксийг насаараа сонссон нэгэн Индиан эрийн тухай, түүний амьдралд Жими хэрхэн нөлөө тусгалаа үзүүлж буй талаар өгүүлдэг. Тэгээд бодохоор Жими Хэндрикс тун дотно санагдаж байлаа л даа. 
Сиатллд байхдаа “Орчин үеийн урлагийн музей”-гээр нь зочилсон. Нэг давхар нь тэр чигээрээ “Нирвана” хамтлаг, Курт Кобэйнтэй холбоотой зүйлс бий. Гурван давхарт нь “Pearl Jam”-ийн холбогдолтой бүх юмс, Грэммигийн цомоос нь эхлээд тайзан дээрээс шидэж эвдэлсэн гитарууд нь хүртэл байх. Харин хоёр давхарт нь Жими Хэндриксийн тусгайлсан танхим бий. Тэнд түүний тоглож байсан гитар, шүлгүүдийнх нь гар бичмэл, өдрийн тэмдэглэл, тоглолтын хувцас гэх зэрэг эдэлж хэрэглэж байсан олон юмс нь хадгалаастай байдаг. Тэр музейг үзчихээд эхэндээ хөөрч догдлоод, дараа нь гуниглаад өдөржин л хачин болсон доо. Цаг хугацаа өнгөрөх тусам Жими улам үнэ цэнтэй болсоор байгааг бид мэднэ. "Hear my train a coming" гэдэг дуугаа дуулахдаа гангарч байсан хүрмийг нь ч харсан. Тэгээд дууг нь сонсоод онгоцны буудал дээр арваад цаг гөлийж суусандаа. /инээв/

-Айова хотын тухайд ярьвал?

-Айова бол манай нэг томхон аймгийн төвтэй тэнцэхүйц, ердөө 85 мянган хүн амтай хот юм л даа. Айова хотыг байгуулсан түүх ч сонин. Мужийнхаа залуусыг өөр мужууд руу алдчихгүй тогтоон барих, орон нутагтаа чанартай боловсрол олох боломжийг нь бүрдүүлэх үүднээс 19-р зууны сүүл үеэр Айовагийн их сургуулийг байгуулах шийд гарсан юм билээ. Гэвч бүхэл бүтэн их сургууль байгуулах мөнгө байхгүй учир сургуульд хотын хэмжээтэй томоохон газар өгөөд, газраа зарж олсон мөнгөөрөө сургуулиа босгохыг даалгасан гэдэг. Ингээд л анхнаасаа их сургуулийн зориулалттай, академик орчинг бүрдүүлэхэд бүх аж ахуй, үйлчилгээ нь чиглэсэн, кампус хот боссон түүхтэй.

Намайг тэнд байх хугацаанд Айовагийн их сургууль Хойд Америкийн хамгийн гоё кампустай их сургуулиар шалгарч байсан. Арга ч үгүй биз. Айова хотын ерөнхий дүр зургийг бүрдүүлж байдаг дөрвөн зүйл бий. Нэгдүгээрт их сургууль дээр төвлөрсөн академик орчин. Хоёрдугаарт тус сургуулийн эмнэлэг муж төдийгүй улсынхаа хэмжээнд их алдартай. Хүнд өвчтнүүдээ мужийн бүх хэсгээс зөөх нисдэг тэргүүд өдөржин толгой дээгүүр чинь дүнгэнэлдэн нисэх болно. Гуравт Айовагийн их сургуулийн Америк хөл бөмбөгийн баг их алдартай. Бямба гариг бүрт хот тэр чигтээ хөгжөөн дэмжигчид уухайлсан хөл бөмбөгийн стадион болж хувирна. Эцэст нь Юнескогоос цохолж нэрлэсэн дэлхийн уран зохиолын цөөхөн хотуудын нэг нь Айова юм. Ийм учраас дэлхийн бүхий л алдартай зохиолчид шинэ номынхоо нээлтийг хийн томоохон улс, хотуудаар тойрохдоо Айовад заавал буудаг уламжлалтай. Айовагийн гудамжинд дэлхийн уран зохиолын ямар ч алдартантай таарч мэднэ. Хотыг зорин ирэх яруу найрагч, зохиолч, шүүмжлэгчдийн цуваа тасрахгүй. Жижигхэн кофены газарт нь ороод суусан ч Шекспирийн зурагтай, унш, бод, тэгээд бич гэж шамдуулсан үгтэй аяганд кофе аягалж өгнө. Траншейны төмөр таг дээр хүртэл Хэмингуэй, Фолкнер, Жойсийн нэрс, зохиолуудынх нь ишлэл зурайж байх нь жирийн үзэгдэл. Айовад ганцхан өдөрт утга зохиолын холбогдолтой долоо найман үйл ажиллагаа болох мөртлөө бүгд дүүрэн хүнтэй байдаг нь сонин. Уншаад л, бичээд л, ярилцаад л байна. Бид чинь энд жилдээ ганц хоёрхон үйл ажиллагаа зарлахдаа хүн ирэх болов уу гэж байнга түгшиж байдаг шүү дээ. (Инээв.)

-Тэр бүхнийг харж мэдэрч явахдаа тэнд үлдчихмээр бодол төрж байсан уу?

-Гурван сарын турш дэлхийн олон орны зохиолчидтой нөхөрлөж, найзалж, хамт амьдарч, элдэв үйл ажиллагаанд цуг сууж, өөрөө мөн олон төрлийн илтгэл, хэлэлцүүлэгт оролцож, уншлага хийж, хичээл зааж явсан. Өдөржин ном уран зохиолын тухай ярилцаж явсаар орой нь өрөөндөө орж ирдэг. Яг тэр мөчид хүн зүгээр л алмайрч суухыг хүсдэггүй юм билээ. Заавал ямар нэг зүйл бичмээр, хиймээр санагддаг. Тиймээс ч шөнө ахиад л ширээнийхээ ард сууж үзэг цаас “ноцолдуулна”. Нэг ёсондоо бусад зохиолчдынхоо амьдралын хэмнэлд бүрнээ орж байна гэсэн үг.

Мөн би Айовагийн их сургуулийн оюутнууд, тус мужийн нийслэл Дмойн хотын ахлал сургуулийн сурагчдад хичээл зааж үзсэн. Нэг ёсондоо миний явсан хөтөлбөр тухайн зохиолчийг ахуйн бүх дарамтнаас чөлөөлж зөвхөн уран зохиолд цаг заваа гаргах орчныг бүрдүүлж өгдөг нь хамгийн гоё. Харин насан туршдаа тийм хэмнэлээр амьдарвал, үнэнийг хэлэхэд яг галзуурах байх шүү. /инээв/

-Учир нь юундаа байна вэ?

-Айова хотод магадгүй хүмүүс сурах л гэж очдог. Тиймээс ч тэндэхийн ихэнх зүйл оршин суугчдынхаа ардаа үлдээгээд ирсэн жинхэнэ амьдралын орчноос тэс өөр, зохиомол юм. Улаанбаатарын гудмаар алхаж явахдаа гундуухан байр байдалтай хүнтэй таарвал “Эвий, осгочих вий дээ, орон гэр гэх юм байдаг л байгаа даа” гэж үнэн зүрхнээсээ санаа зовно. Харин академик мөрөөдлөөр жигүүрлэж ирсэн хүмүүсээс голчлон бүрдэх Айова хот жирийн амьдралын зүдгүүр гачлангаас ихээ хол, үргэлж инээмсэглэсэн, мундаг, сайхан зүйл ярьсан хүмүүсээр дүүрэн. Тийм хэмнэлд удахаар жинхэнэ зовлон, бодит ахуйгаа үгүйлж эхэлдэг юм билээ. Ер нь зохиолч хүн ийм орчинд удаан байхыг хүснэ гэж үү.

-Хүүхдүүдэд хичээл заахад хүндрэлтэй байсан уу?

-Би анх хөтөлбөрийн тухай зохиолчидтой уулзах, үйл ажиллагаанд оролцох, басхүү зохиол бичих завтай байх нь гэсэн ойлголттой байлаа. Харин намайг очиход төсөөлснөөс маань тэс өөр хуваарь угтсан. Энд ч багшилдаггүй хүнд унаган англи хэлтэй оюутнуудад англиар хичээл заах нь маш гэнэтийн даалгавар байсан. Эхэндээ энэ мэт даалгавраас болж ихээ хямардаг байсан ч сайн бэлтгэж байгаад эхний хичээлээ амжилттай заачихаар цаашид зориг ороод, барагтаа бол торохоо байчихсан.

ХАМГИЙН ТОМ ХӨШӨӨ БА ФОЛКНЕРЫН НОМЫН САНЧ

-Тэнд байх хугацаанд хэн хамгийн сайн найз байсан бэ?

-Гурван сарын турш цаг үргэлж хэлхэлдэж явсан хүмүүс бий. Ихэвчлэн үеийн залуучууд юм даа. Бид сонирхдог, хайрладаг зүйл нэг учир дуртай ном зохиолоо ярьж, өөрсдийн улс үндэстний соёл, түүхээс авахуулаад хоол ундыг нь хүртэл орхигдуулалгүй хөөрөлддөг байсан. Монголд байдаг найз нөхөдтэйгөө ч тийм их цагийг хамт өнгөрүүлээгүй санагддаг. Хонконгийн яруу найрагч Чоу Хон Фай, Тайванийн зохиолч Чон Хуан Кай, Литвийн зохиолч Аушра Казилунайте, Японы зохиолч Юүшо Такигүчи, Арменын зохиолч Арам Пачъяан нартай онцгойлон их ойр дотно байсан. Басхүү Алжир, Индонез, Эквадор, Турк, Саудын Араб, Йордан, Венесуэл зэрэг орноос ирсэн зохиолчидтой чин зүрхний ах дүүгийн холбоотой болсон.

Ер нь Азиудтайгаа, хуучин Зөвлөлтийн нөлөөнд байсан орнуудын хүмүүстэй ойлголцоход их амархан, ойр байдаг.

-Одоо найзуудтайгаа байнгын холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Бид тэрүүхэндээ булагнадаг “чат групп”-тэй. “Би яг одоо ийм ном уншиж байна, ийм зохиол бичиж байна, чи энэ номыг уншаарай, тийм шинэ ном гарсан байна” гэх зэргээр үргэлж мэдээлэл солилцож байдаг. Мөнхүү улс оронд нь болон амьдралд нь тохиолдсон явдлуудын талаар түүнээс урган гарсан эргэцүүллүүдээ байнга хуваалцаж ярилцдаг. Хааяа бас нэг нэгнийхээ орноор аялах тухай, дахин уулзалдах боломж бололцооны тухай төлөвлөгөө боловсруулан уртаас урт яриа үүсгэнэ.

-Таны “The Writing University” сайтад өгсөн ярилцлагыг уншиж байсан. Та Айовад байхдаа шинэ бүтээлийн санаа олж, улам лавшруулсан тухайгаа ярьсан байна лээ. Энэ талаар? 

-Эх орондоо байхдаа бид зүгээр л нэг хүн байдаг. Хүний ёсоор амьдарч, хүний ёсоор ажиллаад л, би хэн билээ гэх мэтийн асуултад өдөр бүр ээрэгдээд байхгүй, жам ёсоороо сайхан оршино. Харин хилийн дээс алхмагцаа би чинь зүгээр нэг хүн биш, Монгол хүн юм байна шүү дээ гэдгээ маш тод мэдэрч эхэлдэг. Тив дамнавал Монгол хүн байгаад зогсохгүй бас Ази гэх арьстны бүлэгт хамрагддаг хүн гэдгээ алхам тутамдаа мэдэрч эхэлнэ. Товчхондоо бол бусдаас ялгаатай болоод адил шинж чанаруудаа хамгийн тод мэдэрдэг гэх үү дээ. Ингэхлээр соёлын ялгаа зөрүүнээс үүдэх аар саар асуудлаас авахуулаад оршихуйн томоохон эргэцүүллүүдтэй ч нүүр тулна. Энэ туршлагаасаа үүдсэн ажиглалтуудаа би эсээ болгон бичих сэдэл тэнд байхад төрсөн. Материалуудаа ч нэлээд базаачихсан байгаа. Мөн цөөхөн өгүүллэг бичсэн. Энэ хоёр дээрээ нягт суугаад чадвал ирэх онд л уншигчдийн хүртээл болгох санаа байна.

-Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг зохиолчдыг танилцуулах өгүүллэгийн антологи эмхэтгэж орчуулж байгаа тань юу болсон бэ?

-Үнэнийг хэлэхэд тэнд очсон даруйд монголоос хандаж байсан эх сурвалжууд маань тун боогдмол байсныг шууд мэдрэгдсэн. “Айовагийн их сургууль”-ийн оюутны үнэмлэхтэй болмогц номын санг нь бүрэн ашиглах, цахим санд нь нэвтрэн хүссэн ном, сэтгүүлээ захиалж унших боломжтой болсон. Мөн аль нэг орноос дэлхийд нэрээ мандуулж буй зохиолчдын талаар тэр орны зохиолчоос асуухаар “Наад хүн чинь манай уран зохиолын хамгийн сор нь ч бас биш л дээ. Түүнээс мундаг ийм ийм хүн бий” гэх нь их. Тиймээс тэнд танилцсан зохиолчид, найз нөхдөөрөө дамжуулаад дэлхийн уран зохиолын тухай нэлээд нарийн шүүлтүүр бүхий мэдээллийн баазтай болж ирж буй юм. Одоо бол өөрийн олж ирсэн эх сурвалжууд дээр тулгуурлаад орчуулгын түүврээ дахин нягталж засах, сонголтоо улам чанаржуулах ажлыг хийж байна. Тун удахгүй ээ.

-Хамгийн их таалагдсан хөшөө дурсгал юу байв даа?

-Хот болгонд очоод музейнуудыг аль болох гүйцээхийг хичээсэн.Хотуудын гудамжин дахь хөшөө дурсгалуудыг мөшгөсөн нь бага. Олон зохиолчид хамт байсан болохоор нэг хотод очихоороо дундаа найз нөхдөөрөө аяллын төлөвлөгөө гаргаад тэр маршрутаараа явдаг. Тухайн хотод зочилсон бол эхлээд хөгжмийг нь сонсч, хоолыг идэж үзнэ. Дараа нь дадсан хэвшлээрээ хуучин номын дэлгүүрүүдээр удтал тэнэдэг. Мөнхүү зохиолчидтой холбоотой гэр музей, амьдарч байсан сууцанд нь илүү их зочилдог байсан. 
Дээрээс нь дүрслэх урлагийн олон гайхалтай музей үзсэн. Ер нь миний хувьд уншиж, биширч өссөн зохиолчийнхоо амьдарч асан хотын гудмаар алхаж, амьсгалж байсан агаараас нь хуваалцаж явах л “хамгийн том хөшөө дурсгал” байсан.

-Тэгвэл Нью-Орлеанст байдаг Фолкнерийн гэр музейд зочилсон тухайгаа яриач?

-Миний зочилсон музей бол нэрд гараагүй, эхлэн бичигч байхдаа түрээсэлдэг байсан сууц нь юм. Фолкнер тэнд 1924 онд хэвлэгдсэн “Marble Faun”, 1926 онд дуусгасан “Цэргийн харамж” зэрэг зохиолуудаа бичсэн байдаг. Faun гэдэг нь эртний Грекийн домогт гардаг ямаан толгойтой, хүн биетэнг хэлж буй юм. Тэгэхээр гантигаар зорсон тийм домгийн амьтны нэртэй роман юмдаг уу даа.

-Фолкнерын аж төрдөг байсан сууцанд ороход юун түрүүнд өнөөх алдарт хөгшин Бен |Фолкнерын алдарт “Баавгай” туужийн дүр дотроос ургаад ирмээр санагдах юм?

-Би дээр өгүүлсэн зохиолуудын талаарх мэдээллийг авчихсан учраас “Баавгай”-г хараахан бичиж амжаагүй, нэрд гараагүй залуухан Фолкнерын гэрийн босгыг давж орсон л доо. Уг нь манайхаар бол хотын төв гэмээр, үнэд хүрэхээр байршилтай ч авсан эзэн нь хуучин хэвээр нь хөндөлгүй үлдээсэн модон байшин байсан. Тэр газрыг зарвал их л үнэ хүрэх байх. Харин эзэн нь гэх эмгэн Волкнерийн түрээсэлж суудаг байсан байшинг зарахгүй гэж шийдсэнээр үл барам байшингаа хуучин номын дэлгүүр болгон өөрчилж, өөрөө тэндээ ном зарсан шиг аж төрдөг юм билээ. Зохиолч хүний өв дурсгалыг их мөнгөөр худалдахгүй гэж байна шүү дээ.

АЛГА БОЛСОН НОМ БА ДУРСАМЖТАЙ ОЛЗ

-Айовагийн уран зохиолын хөтөлбөрүүдийг Монголынхтой харьцуулвал ямар байсан бэ, дэлхийн уран зохиолын хотын уншигчдаас бид юуг сурах ёстойг анзаарч харсан бэ?

-Мэдээж дэлхийн уран зохиолын хот учир уншигчид нь асар өргөн мэдлэгтэй, боловсорчихсон байдаг. Харин манайд болдог уран зохиолын хэлэлцүүлгүүдийг ажиглахад тэдний хувьд хэдэн зууны өмнө шийдэгдчихсэн зүйлсийг ярьж суугаа нь анзаарагддаг. Нэг уулзалт зохион байгуулаад шүүмж судлал, номын тухай сэтгэгдэл хоёрын ялгаа зөрүүг гаргах гэж хоёр цаг маргалдаж байна шүү дээ, бид. Харин тэнд иймэрхүү анхан шатны асуудлууд нь аль эрт шийдэгдсэн учраас хэн ч асуудал болгон маргаж суухгүй. Тэгэхээр уншигчид нь гол асуудал буюу зохиолч, зохиол хоёр дээрээ л төвлөрч чаддаг. Зохиолын хамгийн далд нарийн санаа, торгон өгүүлэмжийг маш соргог гогдож гаргаж ирээд, өөрсдийнхөө үзэл бодлыг зохиолчтой уралдуулж суудаг. Заримдаа зохиолчийн хариулахад ч хүнд нарийн юмсыг анзаарчихсан асууж л байдаг. Тэгэхээр бид улам сайн уншиж, улам илүү боловсрох хэрэгтэй байх даа.

-Одоо та номын нээлт, уран зохиолтой холбоотой үйл ажиллагаа зохион байгуулвал юун дээр хамгийн их анхаарч ажиллах вэ?

-Манайд нэг зохиолч номоо нээх ч юм уу, хэлэлцүүлэг өрнүүлэхэд ерөнхий юмс яриулж аваад л гэрт нь хариулчихдаг. Харин Айовагийн оюутан суралцагч, багш нар тухайн уран бүтээлчийг бүгдээрээ нийлж аваад ёстой л тал талаас нь мөлждөг дөө.

Бид харин бие биеэ их бүдүүн тойм хардаг, бүдүүн тойм үнэлдэг, тиймдээ ч аливаа асуудалд их бүдүүн тойм ханддаг юм байна гэж бодсон. Даамжраад утга зохиолын бичлэгүүд, эрдэм судлалын ажлууд нь хүртэл нэг л бүдүүн тойм, огт нарийвчлалгүй яваад байх шиг. Тиймээс нэгнийхээ ертөнцийг олон талаас нь нээх ажлыг хиймээр санагдсан. Уншигчдад ч, уран бүтээлчдэд өөрсдөд нь ч хэрэгтэй шүү дээ. 
Жишээ нь, тэд бол намайг очихын өмнө намтрыг маань маш анхааралтай уншина. Ингээд Монголоос ирсэн, ном зохиол орчуулдаг, хэвлэлийн газар эрхэлдэг, ийм тийм сэдвээр голчилж шүлэг зохиолоо бичдэг хүн юм байна гэдгийг мэдээд авчихна. Түүн дээрээ улбаалаад бие даасан хэвлэлийн газрын тухай хэлэлцүүлэгт урина, мөн уран зохиолын орчуулгын тухай мэтгэлцээнд оруулна. “Өө, энэ нөхрийн чинь шүлгийн түүвэр “Эдгэрэл” гэсэн нэртэй юм байна шүү дээ” гэж анзаармагцаа “Урлагаар дамжиж эдгэрэл олох” талаар оюутнуудад илтгэл уншиж өгөөч гэх хүсэлт ирүүлнэ. Дээрээс нь нүүдлийн соёлын талаар ярьж өгөөч, орчин үеийн монголын уран зохиолын тухай хичээл заагаач, пост-совиет орнуудын уран зохиолын хэлэлцүүлэгт хүрээд ирээч гээд л нэг хүнд байгаа мэдлэг туршлагыг хаанаас нь яаж шавхаж авахаа ер андахгүй. Ихэнхи орны амжилттай яваа зохиолчид, дэлхийн уран зохиолын алдартнууд энд ирж шим шүүсээ шахуулдаг гээд бод. Тийм ч учраас Айовагийн их сургуулийн Утга зохиолын хөтөлбөр дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг юм билээ. Энэ их чухал санагдсан.

-Гадаадад очихоор өөрийнхөө даанч өчүүхнийг мэдэрдэг гэж оюутан суралцагчид, боловсрол эзэмшихээр очсон залуус их ярьдаг. Харин таны хувьд ямар байсан бэ?

-Хоёр талтай даа. Манийг байг, эх орныг минь хаа байдгийг ч мэдэхгүй хүмүүстэй таарахаар мэдээж урам хугарна. “Монгол орон гэж ямар улс байдаг юм бэ?” гэж байн байн шалгаагаад байвал сүүлдээ бухимдана аа даа. Бидний түүх хүчтэй нь үнэн. Гэвч тэр түүхийн хоморгонд өртөж явсан улс орнуудаас бусад нь манийгаа заавал мэддэг байх албагүй юм байна л даа. Бусдаар бол миний нөхцөл байдал сурах гэж очсон оюутан хүүхдүүдийнхээс арай өөр байсан л даа. Учир нь би тэнд уригдаж очсон уран бүтээлч. Тэд тодорхой хэмжээгээр миний үгийг сонсохыг хүсч, надад микрофон, тайз гаргаж өгч байна аа даа. Гэтэл дүү нар минь тэдний үгийг сонсох гэж, тэднээс юм сурч мэдэх гэж очиж буй шүү дээ. Тиймээс би тэдний юу мэдэрдгийг өмнөөс нь хэлэх аргагүй. Ер нь хил гараад, олон орны хүн хартай уулзаж танилцаад ирвэл монгол хүн бусдаас илүү биш, бас дутуу ч биш, тэднээс ялгарах онцлогтой, бас адилсах өчнөөн зүйлтэй гэдгээ ухаарна.

-Таны шүлгүүд англи хэлээр, бас монгол бичгээрээ Айова хотын томоохон барилгуудын ханан дээр гэрэлтэн асч байсан. Та өөрөө үүнийг хараад гудмаар явж байхад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Энэ бол хөтөлбөрөөс гадуур хотын захиргаанаас зохиосон тусдаа үйл ажиллагаа. Тиймдээ ч хэдхэн зохиолч сонгож авсан. Эхлээд шүлгээ илгээнэ. Сонгогдвол шүлэг маань англи орчуулга, үндэсний бичгээрээ хотын гудмуудад гэрэлтэн асах байлаа.  Гэхдээ латинаас өөр бичгийн хэлний соёлтой бол давуу тал болно. Гэтэл Монгол бичгээрээ бичиж явуулсан шүлгүүдийг маань шалгаруулалтын багийнхан үзээд уулга алдаж “Ийм бичиг байдаг аа, ямар сайхан бичиг вэ” гээд л баярлаж байсан.

Гудманд явж байсан оюутнууд монгол бичгээр миний шүлэг асан гэрэлтэнгүүд дороо зогсоод л “Хүүе ямар гоё бичиг вэ, монгол гэж байна шүү дээ” хэмээн сониучирхан ярилцах нь үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрүүлж байсан. Би хэл соёлынхоо өмнө хүлээсэн үүргээ жаахан ч гэсэн биелүүлж, эх бичгээ тэдэнд сурталчилсандаа баяртай байгаа.

-Та хэчнээн номтой Монголд ирсэн бэ?

-Том чемадон дүүрэн номтой ирсэн. Ирэхдээ Вашингтон, Нью-Йоркоор дамжсан. Олон ачаа чирэхгүй амраа бодоод Айовагоос чемодантай номоо Нью-Йорк руу усан онгоцоор илгээчихсэн чинь миний ачааг задалсан бололтой, долоо, найман ном алга болчихсон байсан. Тэгэхэд би маш их хямарсан шүү. Маш их хайж явж олсон, зарим нь зохиогчийнхоо гарын үсэгтэй, эсвэл найзуудын маань нандигнаж бэлэглэсэн номууд байсан болохоор тэр. Гэтэл манай найзууд миний сэтгэл санааг засч Нью-Йоркийн номын дэлгүүрээр дагуулж яваад алдсан номуудыг маань өөрсдийн мөнгөөрөө нөхөж авч өгсөн. Дээр нь нэмж шинэ номууд ч авч өгсөн. 

-Буцааж олох боломж байхгүй юу?

-Алдсан номуудаа эргүүлж олохоор гомдоллотол манай хөтөлбөрийн зохион байгуулагчид өөдөөс инээгээд “Энэ чинь гайхалтай зүйл. Усан онгоцны жирийн нэг ачигч ном унших гээд чамаас хулгайлсан байна шүү дээ” гэсэн дээ. Тэгэхээр нь нээрэн ч тийм юм уу гээд орхисон. /инээв/

-Гэхдээ алдсан номуудыг тань нөхөж авч өгсөн таны найзуудын сэтгэл, та нарын номоор холбогдсон нөхөрлөл сайхан санагдлаа. Өөр таны дотор үлдсэн дурсамжтай зүйл юу байна вэ?

-Алжираас ирсэн зохиолч, яруу найрагч, орчуулагч Салах Бадис гэх залуу хорин дөрөвхөн настай. Уг нь надаас овоо дүү ч харагдах байдал нь ах гэмээр. Англи хэлэнд түүнтэй “дүү” гээд харьцчих үг үгүй. Ах хүнийг ч, дүү хүнийг ч “You” л гэдэг шүү дээ. Ингэхлээр хэлний зөрүүгээс болоод насны зөрүү бас арилчихаж байгаа юм.

Нэг өдөр Салах намайг “Гадуур салхилъя, чамд ямар нэг гоё зүйл авч өгье” гэж байна. Тэгээд алхаж явтал “Чи Роберт Валсер гэж зохиолч таних уу, тэр бол гайхамшигтай суут хүн. Хуучин номын дэлгүүрт ном нь байвал би чамд авч өгье” гэлээ. Замдаа надад өнөөх зохиолчийнхоо талаар “Валсер бол Швейцарийн сод зохиолч, өтөл насаа сэтгэцийн эмнэлэгт өнгөрөөсөн. Эмч нараас нууж чихрийн цаасан дээр ч хамаагүй, маш жижигхэнээр жирийтэл бичдэг байж. Тэднийг нь нийлүүлтэл олон зуун хуудастай, асар мундаг романууд гарсан гэдэг юм. Тэр ганцаараа алхах дуртай хүн. Нэг өдөр алхаж явахдаа цасан дунд унаад осгочихсон байсан юм” гээд л баахан юм ярилаа. Би ч их сонирхож хорхойссон.

Ингээд хуучин номын дэлгүүр ортол Валсерийн шилмэл өгүүллэгийн түүвэр гэх, хавтсан дээрээ өөрийнх нь зурагтай ном ганцхан ширхэг байж таарав. Гэтэл өнөөх Салах чинь хайртай зохиолчийнхоо шилмэл өгүүллэгийн түүврийг харангуутаа санаагаа дор нь хувиргаж “Найз нь чамд өөр ном авч өгье! Энийгээ би өөрөө авчихъя” гэдэг байгаа. Дараа нь би Салах ёстой өөдгүй загнасан гээд л тоглоом шоглоомоор найзууддаа ярин инээж байсан юм.  Гэтэл Сүүлд Нью-Йоркт усан онгоцонд алдсан номуудыг маань нөхөж авч өгөхөөр явахдаа Тайванийн зохиолч найз маань “Би энэ Валсерыг мэдэхгүй. Гэхдээ Салах чиний хорхойг хөдөлгөчихөөд авч өгөөгүй юм чинь би аваад өгчихье. Бодвол сайн зохиолч байлгүй” гээд өнөөх номыг маань хуучин номын лангуунаас ухаж ухаж гаргаад ирчихсэн зогсож байж билээ.
Бидний дунд иймэрхүү номоор дамжсан “хөөрхөн” нөхөрлөл тогтжээ. Хайртай номоо харамлах, бие биедээ номоос болж туних, ховор сайхан ном олсон ч нэг нэгэндээ бэлэглэж байгаа нь өөрөө их нандин дурсамж юм даа.

-Та  тэнд байхдаа үргэлж үндэсний дээл, цамцтай явж харагдсан. Өөрийн орны соёлыг нэг талаас харуулахыг зорьсон хэрэг үү?

-Гадаадад очингуутаа ханандаа төрийн далбаагаа хаддаг монголчуудыг тэнд их ойлгосон шүү. Монгол орныг сайн таньж мэдэхгүй хүмүүс бол намайг нэг ази хүүхэн л гэж харна. Ард минь ямар улс, ямар үүх түүх, соёл заншил оршиж буйг мэдэхгүй. Тийм үед чинь би ямар ч онцлох шинжгүй, орон нутаггүй хүн шиг байдалд орно. Түүнийгээ эргүүлэн олж авч “өөртөө хадах” гэж тэмүүлэхээрээ хүн хамгийн түрүүнд төрийн далбаа, үндэсний хувцасруугаа ханддаг юм шиг билээ. Нөгөөтэйгүүр соёлын солилцооны хөтөлбөрт явж буй хүний хувьд Монголын уран зохиол ярихдаа монгол дээлээ өмсөж, шүлгээ уншихдаа эхэлж монголоор, дараа нь англиар унших нь миний тэдэнд өгч буй мэдээлэл, солилцож буй бэлэг юм.

-Улс орны хөгжлийг дагасан үндэсний уран зохиолын чанар чансаатай холбоотой олон зүйлсийг харьцуулж бодож явсан байх. Үүн дээр ямар нэгэн эмзэглэл төрсөн үү?

-Манай Япон зохиолч найз нэг удаа хэлсэн л дээ. “Баясаа, чи үнэхээр азтай. Япон, Хятад, Франц, Германыг аваргууд тал талаас нь бичээд дэлхий дахинд хэдий нь танилцуулчихсан. Одоо эдгээр орноос танигдъя гэвэл өнөөх аваргуудаа давж бичиж чадах нь л юу юм гэхээс сэдэв нь хэдийн нээгдчихсэн зүйл. Харин Монгол бол огт нээгдээгүй орон, танигдаагүй сэдэв. Чи ийм том боломжин дээр сууж байгаагаа ойлго” гээд л. Тэгээд эргэцүүлээд бодохнээ надад юу бий, юу эс бийг их тодорхой харах шиг болсон шүү.

ТӨГСӨХӨӨС ӨМНӨ

-“Эдгэрэл” шүлгийн түүврийн хувьд борлуулалт их байсан. Үүнээс танд юу анзаарагдсан бэ?

-“Эдгэрэл”-ийг хэвлүүлснийхээ дараа, нэг их удалгүй Америк руу явчихсан. Тиймээс эх орондоо нээлт, танилцуулга ер нь хийгээгүй. Америкт л бараг танилцуулж, нээлтээ хийсэн ном доо. Их зарагдсаны хувьд би “Тагтаа паблишинг”-ийн үйл ажиллагаа, орчуулгын бүтээлүүдээрээ уншигчдад урьтаад нэлээд танигдчихсан байсан болохоор тэр болов уу. Энэ нөхөр өөрөө ер нь юу бичдэг юм бол, харъя гэж бодсон байх. Харин шүлгийн минь талаарх бусдын сэтгэгдэл бол надад нэг их нөлөөлдөггүй, бараг ч хүртээлгүй эд дээ.

-“Тагтаа”-гаас оны өмнө уншигчиддаа шинэ бэлэг барих уу?

-Умберто Экогийн “Сарнайн нэр” гэх постмодерн уран зохиолын оргил болсон романыг манай монголчууд асар туршлагатай орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар унших нь ээ. “Сарнайн нэр”-ийг орчуулна гэдэг орчуулагчийн чадал, чансааг шавхсан ажил. Тиймдээ ч Эког гүйцэхүйц үгийн зангарагтай, дотоод хүч чадалтай хүн орчуулах нь зүйтэй гэж бид үзсэн. Ингээд орчуулагч, зохиолч Д.Дашмөнх ах эл үүргийг хүлээсэн дээ. Мэдээж  Христийн шашны нарийн ойлголт, нэр томьёонуудыг цэгцлэх, цаад учир начрыг нь мухарлан тайлах, Монгол уншигчдад зориулан олон зүйл дээр тайлбар сэлт хийхээс өгсүүлээд орчуулах явц нь томоохон судалгааны ажил болж хувирсан болов уу. Бид энэ номыг хэвлэж буй нь энэ хэвлэлийн газрыг байгуулсны хэргийг гаргаж буй явдал юм даа. Д.Дашмөнх ах ч бас орчуулгын хөдөлмөрт олон жил шамдсаныхаа үр шимийг эл бүтээлээр гаргаж буй байх.

-Удахгүй он гарах гэж байна. Тиймээс ярианыхаа төгсгөлд таны шинэ жилийн дурсамжуудаас хуваалцвал ямар вэ?

-Шинэ жил, төрсөн өдөр гэх мэт элдэв баяр тэмдэглэхдээ маруухан. Осолдохгүй цагаан сараар аав ээж, ахмад настнууддаа золгоно. Би чинь сумын төвийн хүүхэд болохоор сүлд мод засч, сүр жавхлантай тэмдэглэдэг шинэ жил бараг үзээгүй. Гацуур энэ тэр мэдэхгүй. Жижигхэн улаан сантануудтай сүлд модны ганц гэрэлтэй, тэрийгээ ээж маань жилдээ ганц удаа гаргаж ирээд л шинэ жил дөхмөгц цонхныхоо хөшигний дээгүүр татчихдаг байлаа. Гэвч тог цахилгаан ховор ирдэг болохоор гэрлээ асч гялалзахыг ч бараг харахгүй. Хааяа тог ирэхээр өнөөх гэрлээ залгаж үзээд учиргүй баясана, нэг их гоё үлгэрийн оронд оччихсон ч юм шиг, сонин сайхан санагддаг байж билээ. Нэг удаа манайд аймгийн төвөөс ирсэн хамаатны ах маань эгч бид хоёрыг шинэ жилээр гацуур чимдэггүйг анзаарсан бололтой, усанд яваад ирсэн хойгуур хаанаас ч юм нэг ногоон саа олсныгоо унтдаг орны маань ханан дээр гацуурын хэлбэр гаргаад наачихсан байж билээ. Тэр л хүүхэд байхдаа чимэглэж үзсэн цорын ганц гацуур мод юм даа. Тэр гацуурынхаа хэлбэр дүрсийг одоо ч мартдаггүй. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав