Уншигч та бүхэнтэй бид энэ өглөө Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн сонирхолтой, дэлгэрэнгүй ярилцлагаар мэндчилж байна. Хотын шинэ дарга маань саяхан мөрийн хөтөлбөрөө батлуулаад удаагүй байна. Энэ бол түүний төвийн хэвлэлд өгч буй эхний томоохон хэмжээний ярилцлага юм. Ингээд уншигч таныг түүнтэй хамт үлдээе.
-Хоёулаа ярилцлагын ширээний наана цаана суугаагүй их удсан байна. Хэдийгээр 20 жил улс төрд явчихсан, Монголын ард түмэн таньдаг хүн ч гэлээ хотын даргын хувьд таныг ахин шинээр танилцуулах ёстой гэж би хувьдаа бодож байна.
-Тийм үү.
-Манай зарим албан тушаалтан би шинэ хүн биш, намайг танилцуулах шаардлагагүй гэж хэлдэг л дээ. Хотын даргын хувьд та энд өнөөдөр шинэ ДҮР. Тийм учраас манай хотын иргэд үүнийг хүсч байгаа болов уу?
-Би улс төрд ороод хориод жил болчихжээ. УИХ-ын гишүүн гэдэг бол нэг талаараа хэлбэрийн хувьд тодорхой нэг тойргоос сонгогддог, тухайн тойргийн иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж ажилладаг ийм л хүн. Мэдээж агуулгаараа үндэсний хэмжээнд хариуцлага үүрдэг, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлолцдог чухал хариуцлагатай ажил гэдэг нь ойлгомжтой. Улаанбаатар хот бол Монголын хувьд онцгой бүс нутаг л даа. Тэр утгаараа Батболд гэж хэн билээ гэсэн асуулт ахин шинээр гарч ирж байгаа байх. Ялангуяа залуучуудын хувьд. Та үүнийг мэдэрсэн учраас ийм асуулт тавьж байх шиг байна. Тиймээс би өөрийгөө дахин танилцуулах ёстой гэж бодож байна. Ер нь миний удам судар гэх юм бол би Хүрээний хүн л дээ. Манай Улаанбаатар хот Төв аймгийн нутаг дэвсгэр дээр оршдог юм шүү дээ. (инээв) Түүхийн хүрээлэнгийн захирал Чулуун саяхан надтай уулзаад “Батболд дарга аа Хүрээнд оршин суух эрхийн бичгийг манай хошууны ноён зөвшөөрдөг байсан юм. Та бол хүрээний хүн шүү дээ” гэж хэлж байна лээ. Одоогийнхоор иргэний үнэмлэх юм уу даа. Тэр баримт бичгийг манай хошууны ноён өгдөг байж л дээ. Чулуун бид хоёр нэг нутгийн хоёр юм. Тэгээд түүхийн талаас нь мань хүн ингэж хэлж, бид инээлдэж байлаа. Манай ээжийн талын нагац ах Богдын хаалгач хийдэг байсан. Бид ажаа гэж авгайлдаг. Насаараа Хүрээнд суусан хүн л дээ. Манай ээж тэгээд ахыгаа дагаад хар нялхаараа Хүрээнд суурьшсан байдаг. Би иймэрхүү л гарал угсаатай хүн. Товчхондоо миний өвөг дээдсийн түүх тэр чигээрээ нийслэл Хүрээний түүхтэй холбоотой, тэнд амьдарч суурьшсан хүмүүс. Би өөрөө бол Төв аймгийн Зуун мод хотод төрж өссөн.
-Хот гэдэг бол хүн төрөлхтөний бүтээсэн гайхалтай зүйлсийн нэг. Энэ ойлголтын талаар яривал мэдээж олон гоё юм ярьж болно. Гэвч бидний цаг бага. Тэгэхээр энэ сэдвийг түр орхиё. Би танд өөр асуулт тавимаар байна. Сүүлд Э.Бат-Үүлийг хотын дарга болоход түүний сурталчилгаанууд дотор “Анх удаа хотын хүн хотын дарга боллоо” гэсэн нэг мессеж явсан.
-Тэгсэн.
-Энэ хот олон том дарга нарыг төрүүлсэн. Тэд бүгд хөдөөний гаралтай нөхдүүд байж. Сая Төв аймгийн гаралтай Сундуйн Батболдыг томилогдоход “Бас л нэг хөдөөний улаан хацартай нөхөр хотын дарга боллоо доо” гэсэн гоочлол явсан. Тэгэхээр хөдөөний хүн хотын дарга болчихлоо гэдэг үгэн дээр та чухам юу хэлмээр байна?
-Монголчууд бид угаасаа нүүдэлчин ард түмэн. Одоо гурав дахь үеийнхэн л энэ хотод амьдарч байгаа байх. Бид нүүдэлчдийн л үр сад. Бидэнд хот хүрээ байгуулсан түүх байдаг боловч суурьшмал соёл иргэншилтэй улс биш шүү дээ. Миний оюутан ахуй цаг, хань ижилтэйгээ учирч байсан дурсамж, үр хүүхэд маань төрсөн бүхий л түүх, залуу насны сайхан дурсамжууд тэр чигээрээ Улаанбаатар хоттой салшгүй холбоотой. Энд л өнгөрсөн. Тийм ч учраас би Улаанбаатар хотыг миний хот гэж боддог. Миний хот. Хүн хаана ч төрсөн байж болно. Гэхдээ хаана өөрийгөө олсон, хаана хүн болж төлөвшсөн, тэр нь л чухал. Хаанаас ирсэн нь хамаагүй. Увсаас ирсэн байна уу, Булганаас ирсэн байна уу хамаагүй. Хотод суурьшиж, хотын соёлыг эзэмшиж, хотын дэг жаягаар амьдарсан л бол тэр хотын хүн. Энэ утгаараа бид бүгдээрээ Улаанбаатарын иргэн, бидний зүрх энэ хотынхоо төлөө л цохилдог. Тиймээс бид аймаг сумаараа талцалгүйгээр, хотоо хөгжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэх хэрэгтэй. Бид энэ хотын иргэд шүү гэсэн нэг цул ойлголтыг л тойрч нэгдэх хэрэгтэй. Бид нэг л Улаанбаатарын төлөө ажиллах ёстой. Би л хөдөөний хүн, би монгол хүн гэсэн нэг тийм энгэр заамаа дэлгэсэн задгай занд би таатай ханддаггүй. Нэгэнт хотын хүн болсон бол хотын соёлд нь суралцаж, хотын дүрмээр нь амьдрах хэрэгтэй. Мэдээж бид бүгдээрээ Монголынхоо ёс заншлыг дээдэлдэг. Ёс заншлаа бид улам төгөлдөржүүлж авч явах нь ойлгомжтой. Тэр утгаараа үндэсний гэх өвөрмөц өнгө төрхтэй, орчин үеийн хөгжил, соёлыг тээсэн, нэгдсэн Улаанбаатар хотын төлөө л би ажиллана.
-Энэ бол таныг хотын дарга болсноос хойш хийж байгаа бидний анхны ярилцлага. Та одоо шууд ажил ярих гээд, бараг мөрийн хөтөлбөр лүүгээ орох гэж байх шиг байна. Харин би үүнээс зугтах саналтай байна.
-Тийм үү. За, тэгвэл та өөрөө мэд.(инээв)
-Таны аав бол уяач хүн. Та малчны гэр бүлд төрж өссөн. Энэ баримт таныг хөдөөний гэж харж байгаа нэг өнцөг болов уу.
-Намайг Төв аймгаас сонгогдоод УИХ-ын гишүүн болоход миний эцгийн нэр бол нөлөөлсөн. Нөгөө сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг. Аавын маань алдар хүнд надад асар их нөлөөлсөн. Нутгийн олон түмэн бол өө, Сундуй гуайн хүү гээд л намайг хүрээлээд явцгаасан. Энийг би хаана ч хэлнэ. Сая хотын дарга болоход намайг нэг л их морь мал уядаг, хөдөөний торгон дээлтэй нөхөр гэнэтхэн тууж орж ирлээ гэх маягийн мессежийг бас явуулна лээ. Энэнд бол би эмзэглэхгүй байгаа. (инээв) Аавыг маань хүмүүс бүгдээрээ л мэдэж байгаа. Бид яаж ч хотожлоо гэсэн, яаж ч суурин иргэншилд даслаа гэсэн монгол хүнд монгол хүний өөрийнх нь мөн чанар байж л байдаг байхгүй юу. Хотын төвийн шил толь болсон сайхан байшинд сууж байсан ч, нэг “Lounge”-д сууж байсан ч гэсэн дотроо уудам талаа, гол усаа, манан будангаа үгүйлж суух нь бий. Бидэнд нэг ийм мөн чанар байдаг. Энэ дотоод юмнаас нь салгаж бодоход их төвөгтэй ш дээ. Тэгээд үүнээсээ ичих юм уу. Их сонин ойлголт шүү дээ.
-Та гэхдээ мориор өвчилсөн, салшгүй тэр ертөнцтэй хутгалдаж явдаг хүн огт харагддаггүй л дээ.
-Манайх зургаан хүүтэй айл. Аав маань намайг сургууль соёлоор яваад, төрийн албанд ороход нэг зүйл захисан юм. “Чи мэдээж яваандаа моринд дурлана, моринд орно. Гэхдээ би та нарыг зургууланг чинь бүгдийг нь морины уяан дээр суулгамааргүй байна. Миний хүү төрийн ажлаа хий. Чи өөрийнхөө замаар явах ёстой, чи бол энэ моринд гүнзгий орж болохгүй шүү” гэж захисан. Нэгд, надад зав байгаагүй, хоёрт, эцэг хүний захиас гэж юм байна, гуравт миний таван ах морь уяад явж байхад би заавал түүнд оролцоод яахав дээ гэсэн бодол байсан. Мэдээж дам утгаар би оролцдог л доо. Харин миний том хүү морины жинхэнэ хорхойтон шүү дээ. Сонин юм билээ. Уг нь гадаадад сургууль төгсөөд ирсэн, өөрийн гэсэн явах замтай л хүн байгаа юм.
-Хүний удам нөлөөлдөг байх л даа?
-Харин тийм. Цусанд л нэг зүйл байдаг юм шиг байна. Оюутан байхад гараад өвөө дээрээ өссөн юм л даа. Одоо 26 настай залуу. Залуу хүн найзуудтайгаа хотод зугаалж цэнгээд амарч болно шүү дээ. Гэтэл үгүй. Зун болонгуут л хөдөө очоод морь уяад явчихдаг. Гайхаад байдаг юм.
-Г.Тэмүүлэн гишүүн эд нарыг морь уялаа гээд хүмүүс шүүмжлэхээр гайхдаг юм. Бас л гадаадад төгссөн, хотод төрж өссөн хүн. Уулзаад ярилцаж байхад л мэдрэгддэг. Үнэхээр моринд хорхойтой. Тэгэхээр энэ гурав дөрөв дэх үеийн залуучуудыг эргээд үндэсний соёл, зан заншил, үнэт зүйл рүүгээ тэмүүлж байгааг хатуу шүүмжлэх нь утгагүй юм шиг санагддаг?
-Бид ёс заншлаасаа аажим аажмаар холдож байгаа ард түмэн. Дэлхий дээр монгол гэдэг ганцхан л үндэстэн байгаа. Тиймээс, бид Монголынхоо энэ ёс заншлыг орчин үетэй хөл нийлүүлээд зэрэгцээ авч явах ёстой гэж боддог. Орчин үеийн соёл иргэншилтэй яаж зохируулж авч явах вэ гэдэг л асуудал. Түүнээс биш морь мал мэддэг, тэр тал нь хотын иргэн байхад буруугаар нөлөөлдөг гэх ойлголт байж болохгүй л дээ.
-Бас нэг сонин зүйл нөгөө жинхэнэ хотын хүн гэгддэг Э.Бат-Үүл даргын үед “Улаанбаатарын даншиг” гэж зохиогддог болсон явдал юм. Энэ бол тэр хүн бас л нэг сонин цонх олж харсан хэрэг байх?
-Тэгэлгүй яахав. Би үүнийг нь үргэлжлүүлсэн. Цаашид үргэлжлүүлэх болно. Тэргүүн хамбатайгаа энэ талаар уулзаж ярилцсан. Дотор нь ороод харахад үнэхээр үндэсний шашин, соёлоо хүндэтгэсэн маш гоё наадам болдог юм билээ. Монголчууд өөрсдөө маш их очдог, гаднынхан их сонирхдог.
-Та бол их хуралд дөрөв сонгогдсон, мэргэшсэн парламентч хүн. Таны улс төрийн хамгийн том мөрөөдөл юу байсан бэ. Хотын дарга хэзээ нэгэн цагт болно гэсэн төлөвлөгөө танд байсан уу. Энэ томилгоо гаднаасаа бол их гэнэтийн харагдсан?
-Би улс төрд явж байгаа олон хүмүүсийн адил бага залуудаа их тийм нийгмийн идэвхтэй залуу байсан. Арван жилд байхдаа бол сурлагатай, даруухан л хүү байлаа. Харин өөрийгөө хүмүүст таниулах, юм хийж бүтээх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүн эгнээнд байх ёстой гэх мэт үзэл бодол бол оюутан ахуй цагаас л надад төлөвшсөн байсан. Гэхдээ улс төрд ороод “ингэж явна” гэсэн үүднээс төлөвшсөн гэж хэлж байгаа юм биш шүү. Намайг яг дээд сургууль төгсөхөд 1990 оны ардчилсан хувьсгал болсон. Монголын улс төрийн амьдралд цоо шинэ ойлголт бий боллоо шүү дээ. Нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн учраас хүн бүхэнд шинэ боломж нээгдсэн. Ийм шинэ тутам нийгмийн тогтолцоо бий болсон. Тэр үеэс би улс төрд орж, өөрийн сонголтоо хийсэн. Миний үеийн ихэнх залуус ардчилсан гэх хүчнүүдийг сонгож байхад би Монгол Ардын Хувьсгалт намыг сонгож байсан. Тэр үед хүмүүс уулзаад чи яагаад энэ намыг сонгож байгаа юм. Энэ нам чинь үеэ өнгөрөөчихсөн нам, одоо бараг байхгүй болох гэж байгаа хүчин шүү дээ гэх зэргээр зэмлэж л байсан.
-Шинэ давалгаа үүсчихсэн байхад яагаад ийм сонголт хийж байгаа юм бэ гэх яриа хөөрөө бол мэдээж гарна л даа?
-Тийм. Тухайн үед залуу ч байсан, үнэндээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөөх бүхий л үнэт зүйлс, шинээр дуугаа хадааж байсан тэр бүх үзэгдэл маш их таалагдаж байсан. Би тэр бүхний төлөө байсан. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлж чадах улс төрийн хамгийн хүчирхэг, тулхтай хүчин нь энэ нам гэж бодож сонгосон. Нөгөө талаас анх ардчилсан хүчинд орж байсан тэр үеийн хүмүүстэй миний үзэл баримтлал, зэрэг зиндаа, хүмүүжил төлөвшил ерөөсөө таарч өгөөгүй. Тухайн үеийн ардчиллыг тойрсон тэр бөөгнөрөл, тэрийг бүрдүүлж байсан гишүүдийн масс ерөөсөө надад таалагдаагүй. Тиймээс тэдэнтэй хутгалдаж, гүйж чадахгүй байсан. Нэг л болж өгөхгүй. (инээв) Тэгээд энэ намд ороод, хамгийн анх Төв аймаг дээр “Монгол Ардын Хувьсгалт намыг дэмжих залуучуудын хороо” гэж байгуулаад ажиллаж байсан. Энэ бол одооны Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны суурь байсан.
-Анх намын батлахаа ямар даргаас авч байв?
-Төв аймгийн намын хорооны дарга нь Гончигсүрэн гэж хүн байсан. Гончигсүрэн даргаас анх батлахаа гардаж байлаа. Тэгээд 1996 онд хамгийн анх орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан. Улс төрийн сонголтондоо би алдаагүй гэж боддог. Гэхдээ би хэт их амбийцтай юм уу, зүгээр л улс төр хөөгөөд байдаг улстөрч биш. Миний 20 жилийн намтар хэрхэн бичигдэж үлдсэнийг та өөрөө мэдэж байгаа. Нэгдүгээрт, би “Би би” гэж ерөөсөө цээжээ цохиж байгаагүй. Хоёрдугаарт, би популизм ерөөсөө хийж үзээгүй. Хүмүүсийн надад өгсөн итгэлийг яаж хариулах вэ л гэдэг зорилго байсан. Түүнийхээ төлөө зүтгэж ирсэн. Жишээ нь, сонгуульд би мөнгө цацаж ерөөсөө гарч байгаагүй. Би зөвхөн өөрийнхөө үйл ажиллагаагаар сонгогчидтойгоо нүүр тулж амьдарсан. Тийм ч учраас намайг дөрвөн удаа сонгож өөрсдийгөө төлөөлүүлж байсан. Энэ утгаараа би ерөөсөө амбийцтай улстөрч биш.
-Ер нь Миеэгомбын Энхболд тэргүүтэй багийг Төв аймгийнхан дэмждэг байсан юм уу, хувь улстөрчдийг нь дэмждэг байсан юм уу. Лидер нь дандаа чирдэг гэх нэг бодол хүмүүст байгаад байх шиг байдаг юм. Нэг талаас ингэж дүгнэнэ гэдэг харамсалтай шүү дээ. Хоёулаа нээлттэй ярьж байгаа учраас асууж байгаа юм. Ямар нэг хутган үймүүлэх гэсэн асуулт биш шүү.
-(инээв) Надад ирж байгаагүй л асуулт байна.
-Та нар үргэлж багаараа ялалт байгуулдаг байсан. Тэгээд л сонирхож байгаа юм?
-Төв аймаг өөрөө Монгол Ардын нам суурьтай газар л даа. 1992 оноос хойш Ардчилсан намаас нэг л удаа До.Ганболд, Ү.Наранцэцэг гэдэг хоёр хүн 1996 онд сонгогдож байсан. Бусад тохиолдолд бүхэлдээ МАН-д саналаа өгч ирсэн. Би чинь анх 2002 онд сонгогдож байсан шүү дээ. Тэгэхэд өөрөө нэг тойргоос гарч ирж байсан. 2004 онд өөрийнхөө тойргоос дахин сонгогдож байсан. Энэ багаараа ажилладаг хэлбэр бол 2008 оноос эхлэлтэй. Бидний хувьд хувь хүмүүсийн өөрийнх нь чадал чансаа ч байж байгаа. Багийн ажиллагаа ч байж байгаа. Хамгийн хүнд үед Төв аймаг гурван суудлаа хадгалж үлдэж байсан. Багийн хувьд бид хэзээ ч нэг цул явж ирсэн. Хүнд үед нэг нэгийгээ орхиж байгаагүй. Хүн тийм л зүрх сэтгэлтэй байж бусдын төлөө ажиллана шүү дээ. Мэдээж энэ бүхэнд лидерийн нөмөр нөөлөг, ачаа үүрэх чадвар гэдэг зүйл байж л байгаа. Үгүйсгэх аргагүй.
-Тийм л дээ. Тэгэхээр танд хотын дарга болно гэсэн мөрөөдөл байгаагүй юм байна, тийм үү?
-Миний улс төрийн зорилгод хотын дарга болно гэсэн төлөвлөгөө байгаагүй. Саяны энэ томилолт бол цэвэр улс төрийн намын сонголт байсан.
-Таныг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихгүй үлдэхэд их гайхсан. Тэр үед л таны ажил тодорхой болчихсон байсан юм биш үү. Эсвэл би таныг хардаж байна уу?
-Ер нь бол би 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ оны өмнө шийдчихсэн байсан.
-Яагаад?
-Надад УИХ-ын гишүүнээрээ цаашид үргэлжлүүлээд ажиллах сонирхолгүй юм уу, эсвэл уйтгартай санагдсан гэж би хэлэхгүй. Би зүгээр арай илүү бүтээлч ажиллах хүсэлтэй байсан. Яг ийм насан дээрээ илүү бүтээлч ажиллах ёстой гэж шийдсэн. Яг үнэндээ салбар аваад явъя, Засгийн газарт ажиллая гэсэн бодолтой байсан.
-Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёрт яагаад УИХ-ын гишүүн байх уйтгартай санагддаггүй юм бол?
-Мэдэхгүй юм даа. Би УИХ-ын гишүүнийг уйтгартай, сонирхолгүй гэж хэлээгүй шүү. Бүхэл бүтэн улсыг авч явахын төлөө бид бодлого боловсруулж ажилладаг. Үнэхээр том ачаалал. Гэхдээ надад илүү бүтээлч ажиллах хүсэл эрмэлзэл байсан. Мөн маш олон жил өчнөөн хүний итгэл найдварыг өвөртлөөд сонгогдчихсон. Тэдний төлөө ажилласан. Одоо өөр төвшинд ажиллая, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц юм хийе л гэж бодсон. Төв аймгийн хүмүүс хотыг удирдаж явсан түүх бий. Би өөрийгөө тэр хүмүүсийн үргэлжлэл гэж бодож байгаа. Ажил хийх гэж ирсэн. Ажиллана.
-Нэр дэвшихгүй гэдгээ оны өмнө шийдээд намдаа хэлчихсэн. Тэгээд л ямар ч эргэлзээгүйгээр зөвхөн намынхаа сонгуулийн ажилд зүтгээд явчихсан хэрэг байх нь?
-Намайг нэр дэвшихгүй гээд ярьж эхлэхэд манай Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан зэрэг гишүүд их гайхаж байсан. “Чи яагаад ийм шийдвэр гаргав аа. Одоо чиний хувьд жинхэнэ гарч ирэх өөрийгөө харуулах, тав дахь удаагаа сонгогдох боломж шүү дээ” гэж хэлцгээсэн. Чи юу болов.Юунаас айгаад дэвшихгүй байгаа юм” гэж олон хүн асуусан. Би яг үнэн байдлаа тэдэнд хэлээгүй л дээ. Би “амьдралынхаа хэвшлийг нэг жаахан өөрчилмөөр байна” л гэж хэлсэн. Цаад улс төрийн зорилго маань улстөрчийн хувьд өөрийгөө сорих, их бүтээн байгуулалтад гар бие оролцох л байсан.
-Та хоёр удаа сайдын албан тушаал хашиж байсан. Давхар дээлтэй ажиллах үнэхээр хэцүү байдаг уу. Та ер нь энэ сайд, гишүүн гэх давхар дээлийн асуудал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Онолын хувьд болно. Парламентын засаглалтай оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх бол ердийн үзэгдэл. Тэгж байж илүү засаглалаа хүчирхэг болгодог, хүчтэй байлгадаг. Монголд яагаад тохирохгүй байгаа юм бэ гэхээр хэтэрхий цөөхөн парламентын гишүүнтэй учраас л тэр. 76-хан гишүүнтэй парламентын 18 гишүүн нь давхар Засгийн газрын гишүүн хийчихээр парламентынх нь гуравны нэг нь болчихож байгаа юм л даа. Гэтэл 300 юмуу 400 парламентын гишүүнтэй газар бол өөр. Ямар ч улс орон том, жижиг улс гэдгээсээ үл хамааран арван хэдэн яамтай л байдаг. Тэгэхээр тэр 300 дотор хорин хүн юу ч болохгүй. Манай цөөхөн дотор л болж өгдөггүй. Ер нь дэлхийд таардаг зарим онол Монголд таардаггүй. Монгол өөрөө маш өвөрмөц орон. Би бол давхар дээлийн асуудлыг байх ёстой гэж боддог. Гэхдээ зохистой хэмжээнд байх ёстой. Гол нь давхар дээлээ хэнд нөмөргөх вэ гэдэг эрх мэдэл Ерөнхий сайдад л байх ёстой байхгүй юу. Учир нь Ерөнхий сайд гэдэг хүн хариуцлагыг хүлээдэг. Энэ дээр л манай улс төрийн хүчнүүд анхаарах ёстой.
-Тийм үү.
-Та бол их зөөлөн хүн. Гэтэл хотын даргын ажил бол их ноолуулдаг, тэр чигээрээ нүргээн дунд амьдардаг алба. Эндээс бууж ирэхдээ зан чанарын хувьд өөрчлөгдөж магадгүй л юм. Нэг бол халирамхай болж мэдэх. Нэг хүчтэй нударга болж өөрчлөгдөж мэдэх. Танд одоо төвөгтэй, дарамттай санагдах үе байна уу?
-Эхлээд надад намаас хотын даргын албыг санал болгоход би дургүйцэж байсан. Би салбар авч явъя гэж бодож байсан. Хотын дарга гэдэг алба миний улс төрийн төлөвлөгөөнд байхгүй гэж хэлж байсан. Нам бол шийдвэрээ татаагүй, харин хатуу үүрэг өгсөн. Надад хамгийн их урам өгсөн зүйл бол миний нэг үеийн улстөрчид, намын нөхөд, миний дээд үеийн улстөрчид. Энэ бол хамгийн аятайхан сонголт болчихлоо. Батболд оо, чи чадна гэсэн тэдний дэмжлэг надад урам зориг өгсөн. Хоёрт, нэг сонин зүйл нь Улаанбаатар хотын сэхээтний давхарга гэдэг юм уу, тэр хүрээнийхэн их сайн хүлээж авсан. Улс төрийн хувьд цагаан зам мөртэй, нэр цэвэр хүн сонгож томилж байна, амжилт хүсье гэсэн мессеж маш олон ирсэн. Тэр хавиас аягүй том шүүмжлэл ирэх байх гэж би бодож байсан байхгүй юу. Гэтэл харин ч тэр хэсгээс их эерэг мессеж ирсэн. Ер нь би өөрөө нутгийн удирдлага гэдэг сэдвээр 20 жил ажиллажээ. Монгол оронд шинэ Үндсэн хуулийн хүрээнд нутгийн удирдлага гэдэг юмыг яаж төлөвшүүлэх вэ, нийслэл ямар байх ёстой юм. Аймаг ямар байх ёстой юм гэдгийг 20 жил судалгаа хийлээ. Энүүгээр докторын зэрэг хамгааллаа. Энэ чиглэлээр үндэсний хэмжээний төрийн бус байгууллага толгойлоод мөн хориод жил ажиллалаа. Ингээд харахад бол надад бас энэ алба ойрхон байсан. Мэдээж надад шантрах үе тохиолдож байна. Улс төрийн үүднээсээ. Зохицуулах олон төвөгтэй харилцаа байдаг. Нам доторх төлөөлөгчидтэйгөө ойлголцохоос өгсүүлээд олон төвөгтэй юм үүрч байна. Тэгээд энэ ачаалал, дээрээс нь иргэдийн маань хүсэл мөрөөдөл байна. Би энэ бүхнийг давж гарах болно. Ер нь улс төрийн үйл ажиллагаанууд маань харилцаан дээр л тогтож байсан. Таны хэлсэн шиг би харахад их зөөлөн хүн юм шиг. Харин манай аав их хатуу чанга хүн байсан. Жишээ нь, Ц.Нямдорж гишүүний гаргаж байгаа авир, зан аашийг харахад аав минь санаанд ордог юм. Манай аав их хатуу, шулуун шударга хүн байсан. Хэдий олон хүүхэдтэй ч амьдрал ахуйгаа аваад явчихдаг, тухайн үедээ баян гэж их ад үзэгдэнэ. Ээж бол их уян зөөлөн хүн байсан. Манайх зундаа Буянт-Ухаад морь уяад ирчихдэг байсан. Олон хүн ирнэ. Тухайн үеийн төрийн томчууд ч их очдог байсан. Иймэрхүү л айлд өссөн. Заримдаа аавын минь хурц зан ааш, зарим үед ээжийн минь зөөлөн ааш надаас илэрдэг. Гэхдээ би улс төрийн зарим асуудлыг шийдэх үедээ эрс шийдэмгий байж чаддаг. Бусдад ноолуулаад байдаг ч хүн биш. (инээв) Тэгэхээр энэ тал дээр санаа зоволтгүй.
-Та надад битгий гомдоорой. Надад бол хотыг инженерүүд удирдвал илүү юм шиг санагддаг. Инженер хүнээс илүү түрэмгий, эрсдэл даах шийдвэрүүд гардаг юм шиг. Нийгмийн ухааныхан илүү фантазлаг юмаар оролддог юм болов уу.
-Би чинь инженер хүн ш дээ.
-Тийм бил үү. Би хуульч гэж боддог байсан. Э.Бат-Үүл дарга их ажил хийсэн. Гэхдээ л сонгогчид сонин л шийдвэр гаргалаа. Миний асуух гэсэн юм энэ доод талын хотын тухай асуулт юм. Бид дээд талаа илүү анхаарч, багширсан зайд багахан тойрог, зам, цэцэг ногоотой зууралдсаар л байна. Доод хот нэлэнхүйдээ хуучирч эхэлсэн. Та чухам ийшээ юу хийх бол?
-Үнэндээ манай Улаанбаатар дэд бүтцийн хувьд үнэхээр хуучирчихсан хот. Шугам, сүлжээнээс авахуулаад хэцүүдсэн. Энэ хотын доор дахиад нэг хот бий. Энэ бүхэн бүтцийнхээ хувьд үнэхээр хуучирсан. Одоогоор бүх бололцооныхоо хэрээр шинэчлээд явж байгаа. Ямар ч байсан энд ажиллах үедээ Улаанбаатар хотын зүүнээс баруун хүртэлх цэвэр, бохирын шугам бүрэн шинэчлэгдэж дуусна гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Хоёрдугаарт, дөрвөн том төвийн шугам, сүлжээг шийднэ. Эрс шийдэмгийгээр хийх ажил гэж та онцолж асуугаад байх шиг байна. Би хэлье. Жишээ нь, Улаанбаатар хотын замын түгжрэл 25 хувиар буурна гэдгийг хэлж чадна. Миний төлөвлөгөөнд нэлээд олон гүүр, хурдны замуудыг ашиглалтад оруулах ажлууд байна. Дөрвөн жил гэдэг нүд ирмэхийн зуурт өнгөрчих хугацаа. Хамгийн гол нь миний үед хотын ирээдүйн 40 жилийг харсан шийдвэрүүд гарсан байх ёстой. Мөн хотын даргын хувьд шийдвэр, дүрэм журам гаргаад ард түмэндээ тулгах биш тэдний санал, хүсэлтэд тулгуурлаж шийдвэр гаргаж явна гэдгээ онцолмоор байна. Гаргасан шийдвэр маань 100 хувь хүмүүсийн саналыг авдаггүй юм гэхэд дийлэнх хүмүүсийн хүлээн зөвшөөрснийг үндэслэн хотын дэд бүтцийн асуудлыг шийднэ.
-Таныг цахим сүлжээнд олон нийттэй зөвшилцөхийг оролдож байна гэж харсан. Банхар Батзориг гэдэгийг Нохой Батболд болох дөхлөө. Аливаа хэлэлцүүлгийн шатанд тэр нь шийдвэр болчихсон юм шиг дуулиан үүсэх явдал цахим орчинд түгээмэл. Тэр асуудал ингэхэд яг юу байсан юм бэ?
-Өмнө нь би жиргээнд ч юм уу, нүүр номын орчинд нэг их ордоггүй байсан. Харин хотын даргын хувьд илүү нээлттэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ одоо надад үнэхээр зав гарахгүй байгаа учир амралтын өдрүүдээр ядаж хүмүүст яаж ийгээд нэг хариу өгч, санаа оноог нь сонсож явах юмсан гэж бодож байна. Нохойны тухайд бол ямар нэг шийдвэр гараагүй. “Улаанбаатар хотын золбин нохдыг яах вэ, ямар нэгэн арга хэмжээ аваач” гэсэн асуудал иргэд дэвшүүлсэн. Тэгээд л манай Ажлын хэсгийнхэн зөвлөлдөж, иргэдийн санал хүсэлтийг сонссохыг хүссэн юм шиг байгаа юм. Түүнээс таван тэрбум төгрөг гаргаад хотын нохдыг устгана гэсэн асуудал байхгүй. Надад тийм таван тэрбум төгрөг байхгүй. Амьтдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн зүгээс ч янз бүрийн санал ирэх нь хэвийн зүйл шүү дээ. Дээр нь эмгэнэлтэй хэрэг явдлууд ч гарсан. Мэдээж хот энэ зүг анхаарлаа хандуулж ажиллана.
-Шөнийн цэнгээний газруудтай холбоотой шуугианы талаар бас нэгэнт уулзсаных байр суурийг тань сонсъё?
-Баарны хувьд би Э.Бат-Үүл даргын алдаа гэж боддог. Бүх газрыг ямар ч цензургүйгээр 04:00 цаг хүртэл ажиллана гээд зөвшөөрчихсөн байна. Гэтэл манай хотын ихэнх баар цэнгээний газар орон сууцны доод давхарт байж байдаг. Дээр нь хүмүүс унтаж амармаар байтал доор нь үргэлж чимээ шуугиантай, согтуу хөлчүү хүмүүс хашгиралдаж байдаг. Энэ талаар оршин суугчдаас асар их гомдол ирдэг юм байна. Хүсэлтийн дагуу яг яаж шийдвэл зүгээр байна гэдэг талаар тандалт хийсэн. Шийдлээ ч олчихсон байгаа. Удахгүй энэ асуудлыг зохицуулна.
-Шөнийн цэнгээний газруудын цаана, халхавчинд нь өөр сүүдэр байна уу. Тухайлбал, биеэ үнэлэх явдал, хар тамхи зэрэг нийгэмд хор хөнөөлтэй үзэгдлүүд газар аваад байгаа юм биш биз?
-Энэ талаар судалгаа хийлгэж байгаа. Улаанбаатар маань бас их том хот болсон байна. Их нээлттэй хот учраас гаднаас ч юм уу, янз янзын зүйлүүд их орж ирж байгаа. Үүнийг цэгцлэх нь хотын даргын үүрэг. Би Улаанбаатарт бий болгох ёстой огт өөр “шөнийн амьдрал”-ыг хүсдэг. Суурьшмал иргэд нь ч тэр, залуус нь ч тэр, жуулчид нь ч тэр соёлтойгоор цагийг өнгөрөөдөг хот баймаар байна шүү дээ. Гоё кабаре шоунуудтай, шөнийн театруудтай, залуучууд нь жинхэнэ гоё шоудаж чаддаг, урлаг соёлын өвөрмөц тоглолтууд болж байдаг тийм хот болох ёстой болохоос бүгдээрээ нэг нэг газар орж бүгээд үүр цайтал архи ууж, хашгиралдаж байдаг хот баймааргүй байна. Зүгээр л нэг хөлчүүрлийн амьдралтай Улаанбаатар хот бидэнд хэрэггүй. Илүү олон урлагийн тоглолт болдог, үзвэр үйлчилгээний газрууд нь ажилладаг тийм л шөнийн амьдралыг бий болгох нь чухал. Түүнээс надад ямар нэгэн эрх чөлөөн дээр очиж гишгэх, хааж боох ямар ч зорилго байхгүй. Бүгдээрээ мөрөөдлөө цэгцэлж, шийдэл дээрээ нягтарч явцгаая л даа.
-Тоглолт гэснээс сая 300 саяар Монголын хамгийн үнэтэй хоёр хамтлагийг хотын удирдлагууд тоглуулчихлаа гэсэн бас нэг шууиан тарлаа. Тэр үнэн үү. Улс орон ядуу байгаа гэж их ярих юм. Үнэхээр ийм зардал хэрэгтэй гэж үү гэсэн асуулт хотын иргэд ирүүлж байна л даа?
-“Камертон”, “Никитон” хоёрын хосолсон тоглолт ер нь болж байгаагүй. Тэгээд ч сүүлийн үед олны өмнө бараг гараагүй байсан хамтлагууд. Тэгээд би хотын даргын хувьд "Камертон"-ы Болд, "Никитон"-ы Баачка хоёртой уулзаад, залуучууддаа хандсан гоё арга хэмжээ зохион байгуулъя гэж ярьсан. Улаанбаатарын намар их гоё. Тийм биз дээ, манай хотын намар бол үнэхээр гоё. Бид тэр гоёыг нь мэднэ. Гэтэл одоо намар дуусах гээд байдаг. Бас бид дөрвөн жилд хийх ажлынхаа хөтөлбөрийг батлуулж байна. Энэ бол бидний хувьд, Улаанбаатарчуудын хувьд чухал арга хэмжээ шүү дээ. Тиймээс энэ намрын баярыг энэ арга хэмжээг онцолж тэмдэглэе, цаашдаа хотдоо ийм намрын баярыг уламжлал болгоё гэж шийдээд уулзсан. Хамтлагийн ахлагч нар “Их гоё санаа байна, хамтарч ажиллая” гэсэн. “Намайг мөнгө тарьдаг гэж битгий бодоорой. Нийслэл өнөөдөр ямар байдалтай байна. Яаж цалин хөлсөө тавьж, хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч, боловсролоо авч явж, хажуугаар нь илүү яаж юм хийж бүтээн байгуулах вэ гэж шаналж байгааг та бүхэн ч мэдэж байгаа. Тиймээс надаас их мөнгө нэхэхгүй шүү. Гэхдээ би та нарыг хоосон тоглуулахгүй” гэж хэлсэн. Ингээд ямар ч байсан арга хэмжээгээ зохион байгуулахаар шийдсэн. Хамгийн их баярласан зүйл гэвэл 12 мянган залуучууд цугласан. Гол нь бүгд дэгтэй, журамтайгаар тогтолтоо үзээд бүгд сэтгэл хангалуун тараад явж байгаа нь сайхан байсан.
Орой Facebook, твиттерээр “Хотын даргадаа баярлалаа, сайхан шоу боллоо” гэж сэтгэгдлээ илэрхийлж байсан. Би анх удаа олон нийтийн сүлжээнээс надад тийм сайхан үгсийг зориулж байгаад баярласан. Энэ арга хэмжээнд 300 сая төгрөг зараагүй. Ивээн тэтгэгч нараас санхүүжилтийг бүрдүүлсэн. Ивээн тэтгэгч нараа шоуны үеэр зарласан.Гэхдээ тэдний зарим нь өөрсдийгөө зарлуулахыг хүсээгүй. Хамгийн их тус болсон нь Батлан Хамгаалахын Яам. Б.Бат-Эрдэнэ сайд үнэхээр сэтгэл гаргаж дэмжсэн. Яагаад гэвэл Батлан Хамгаалахын Яаманд хамгийн гоё тайз, хөгжим нь байдаг. Гурван өдөр угсардаг энэ гоё том тайзыг тухайн яамныхан 48 цагийн дотор бидэнд угсарч өгсөн. Хөгжмөө маш хямдхан үнээр хөлслүүлсэн. Энэ бүхний хүчинд маш бага хэмжээний мөнгөөр энэ шоуг хийсэн. Өмнөхөө муулж байгаа юм биш. Гэхдээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд маш их мөнгөөр бид тансагладаг байжээ. Одоо тэгэхгүй. Гэхдээ залуучууддаа хандаж хэлэхэд ирэх зунаас эхлээд хотын гоё, гоё газрууд хоосон байхгүй. Үргэлж бусдыг сайхан зүйлд уриалан дуудсан, жуулчдад үзүүлж харуулах юмтай, байнгын үйл ажиллагаатай амьд халуун хотын амьдрал байна. Их мөнгөөр биш их эв эеэр, их ойлголцлоор бид хотоо гоё болгоно шүү.
-Манай хотын хувьд гадаад харилцаа хэр хөгжсөн байна?
-Маш өргөн. Бид гадаадын өчнөөн олон хотуудтай ах дүүсийн харилцаатай байдаг. Сая гэхэд л дэлхийн 20 гаруй хотын дарга нарыг авчирч “Эдийн засгийн форум” зохион байгуулсан. Ер нь Улаанбаатар хотын гадаад харилцаа үнэхээр сайн хөгжсөн. Дэлхийд нэг сая таван зуун мянган хүн амтай 400 хот байгаа. Энэ бол бага тоо. Гэтэл тэдний нэг нь Улаанбаатар. Тиймээс би “Улаанбаатар дэлхийн хот” гэсэн аяныг өрнүүлнэ гэж бодож байгаа. Иргэд нь ч бас соёлтой, боловсролтой болчихсон байна. Би бол хотоо зүүн хойд Азидаа аялал, жуулчлалын томоохон төв болно гэсэн амбийц тээж яваа. Улаанбаатар хотод Буриадаас, Оросын Сибирийн хэсэг, Хятадын зүүн болон баруун хойд хэсгээс жуулчид ирдэг байх ёстой. Биднийг тойроод далан сая хүн байна. Тэдэн дундаа цорын ганц нийслэл нь Улаанбаатар. Тэгэхээр бид толгойгоо ажиллуулах ёстой. Бусдын хийж чаддаг юмыг яагаад бид чадахгүй байх ёстой юм.
-Сайхан мөрөөдлийг сонсох гоё байна. Одоо Өвөрмонголыг харж байхад үлэг гүрвэлийн баримал, музейгээр жуулчдын сонирхлыг дээд цэгт нь татаж чадаж байна. Гэтэл манайх тэдгээр амьтдын эх өлгий нь байсан. Тиймээс олон сайхан музейг барьж байгуулмаар байна. Бас манай драм, дуурийн театрууд бүс нутагтаа үнэлэгддэг болсон. Гэтэл яг ид аялал жуулчлалын үе буюу зуны цагт хотын театрууд амарчихдаг. Та энэ талаар өөрчлөлт хийх үү?
-Сонгодог урлаг бол Монгол Улсын хувьд хамгийн чухалд тооцогдох үнэт зүйлсийн нэг. Ерөнхийд нь театруудаа, үндэсний дуу бүжгийн чуулгуудаа анхаарнаа. Бид анхаарал тавихгүй бол манай томоохон уран бүтээлчдийг дэлхийн театрууд үнэ цохиж авчихаад байна. Мэдээж төсөв сайн тавьж өгөх ёстой. Энэ бүхэн дээр анхаарч ажиллана, иргэд маань ч биднийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа.
-Мэдээж барилгажилт, бүтээн байгуулалт, гэр хороолол, утаа зэргээс өгсүүлээд таны өмнө маш олон хүнд асуудал байна. Гэр хороололд дулаан аваачна гэж өмнөх дөрвөн жил ярьсан. Одоо аль төвшинд явж байгаа вэ. Мөн барилгажилтын салбарыг дэмжих тал дээр та юу хийх вэ. Байрны үнэ хямдарлаа гэж гэсэн сурталчилгаа явдаг боловч метр квадратын үнэ буугаагүй. Гадна талдаа эдийн засаг маань сайнгүй байна. Тэгэхээр барилгын салбарыг дэмжих, хөгжлийг нь унагачихгүйн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сая тантай уулзахаас өмнө Монголын Барилгын үндэсний ассоциацийнхантай уулзалт хийчихээд ирсэн. Тэрхүү уулзалтанд барилгын салбарт тавьж байгаа хотын даргын бодлогыг танилцуулсан. Би гурван жилийн төлөвлөгөөг л танд хэлье. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхийн төлөө л зорьж байгаа. Дэд бүтэц хүрээгүй байгаа хэсэг буюу гэр хорооллыг барилгажуулах энэ ажил цаашид үргэлжилнэ. Хоёрдугаарт нь, тэр хэсэг рүү очсон дулааны болон цэвэр бохирын шугамын асуудлыг хот өөрийн төсвөөс болон олон улсын тусламжийн мөнгөөр санхүүжүүлж цааш нь явуулна. Гуравдугаарт, хотын даргын хувьд хамгийн гол хөзөр нь газар байхгүй юу. Тиймээс газрын цоо шинэ менежмент хийж газрын сан, газрын бирж байгуулъя гэсэн бодолтой байгаа.
-Яг ямар менежмент юм бол. Хотын зах руугаа л төлөвлөх ажил байх л даа?
-Газар үнэтэй бөгөөд ямар ч хүн авах боломжтой, нээлттэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол Улсын иргэн бүрт нээлттэй. Газрын сангаас олсон мөнгөөр яах ёстой вэ гэвэл дараагийн газар авах хүмүүс, хөрөнгө оруулагч нарт бэлдэж өгнө. Энэ газарт театр, сургууль, эмнэлэг барина гэж байгаа хөрөнгө оруулагчид хүрээд ир. Үнээ төлөөд бүтээн байгуулалтаа хий. Гол нь бүх харилцаа нээлттэй байж байдаг, ийм цоо шинэ менежментийг хийж өгнө.
-Өөр юу хийх юм?
-Азийн хөгжлийн банктай хамтран хямд өртөгтэй орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Одоо нэг талд нь өндөр үнэтэй сул орон сууц, нөгөө талд нь орлого багатай иргэд байна. Өнөөгийн нийгэмд залуус гэр бүл зохиогоод ээж ааваасаа тусдаа гарахыг хүсэвч байр авах мөнгө нь байхгүй байна. Бид ч тэгж явсан, бидний мөрөөдөл тусдаа гарах, өөрсдийн орон сууцтай болох л байсан. Тиймээс залуустаа очоод авчихдаг, бага квадраттай, боломжийн үнэтэй орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Энэ маш чухал бодлого.
-Банк “босго үнэ төл” гээд хорь, гучин саяыг нэхдэг. Яаж байгаад залуу ажилтандаа нэг байрны квот олж өгье дөө гэж бодохоор банк нь өндөр болзол тавьдаг. Манай залууст барьцаа байдаггүй. Тэгэхлээр залуу хүмүүст боломж бас хязгаарлагдмал байгааг та анзаарч байна уу?
-Тэгэлгүй яахав. Энэ хэрэгжүүлэх гэж байгаа орон сууцны маань төсөл ерөөсөө үүний тулд хийгдэж байгаа. Орон сууцыг газраар сольж болно. Хэрэв та 0.8 хувийн бага хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж байгаа бол нэгдүгээрт яндангаа хураалгах ёстой. Хоёрдугаарт, хашааны газраа үнэлж өгөөд газрынхаа үнээр орон сууцандаа орчихдог байх хэрэгтэй. Үнэлсэн газрыг нь бид аваад дахин дээр нь орон сууц бариулах энэ боломжийг бий болгоно. Бас нэг чухал юм энэ дамжин өнгөрүүлэх сууц гэдэг юмыг хот хийх хэрэгтэй юм. Одоо яагаад энэ үйл ажиллагаа гацчихаад байна вэ гэвэл Батболд гэдэг хүн газраа өгчихлөө, байшингаа нураагаад хавтгай болчихлоо гэж бодоход би хаана очих вэ гэдэг асуудал босч ирж байна. Хотын захад дахин очиж яндан босгоод суух уу, компани нь барилгаа барьж дуустал хамаатан садан, найз нөхдийндөө хоргодох уу. Ийм асуудал байгаа учраас эхлээд барилгаа барьж дуусгах хүртэл компани, иргэн, хот гурав гэрээ байгуулах хэрэгтэй. Тухайн иргэдийг маш хямдхан сууцанд суулгана. Түүнийг хот, иргэн, компани гурав хамтраад төлчихдөг байх шаардлагатай. Ийм зохион байгуулалт хэрэгтэй байна. Газар чөлөөллөө, тэр айл гудамжинд гардаггүй, дамжин өнгөрөх сууцанд хамрагддаг тогтолцоо нэвтрүүлье гэж бодож байгаа. Гол зүйл нь энэ. Гэхдээ энэ бол маш их ажил.
-Хотын гоо сайхан олон зүйлээс бүтдэг. Манай хот цөөхөн цэцэрлэгтэй, парк бол байхгүйтэй адил. Хуучин паркаа тойроод л хэдэн жилийн хэрүүл явж байдаг. Шинэ цэцэрлэгт хүрээлэн, шинэ ногоон байгууламж, шинэ бэлгэдлийн тухайд та юу хийх вэ. Би дүүргийн дарга нартай уулздаг байсан. Манай дүүргийн савдаг гээд л яриад эхэлдэг. Бидэнд ямар ч савдаг, түүнийг тойрсон болхи баримал хэрэггүй. Та миний юу ярьж байгааг ойлгож байгаа байх?
-Би үүн дээр чинь тус тусад нь хариулъя. Улаанбаатар хотын брэндийг бий болгох санаа байна. Учир нь хот маань өнөөдөр хүртэл брэндинг хийгээгүй. Энэ бол маш том цогц үйл ажиллагаа байдаг. Монголд хийчих компани байхгүй байна л даа. Тиймээс гадны компанитай хамтарч үүнийг хийнэ.
-Тэгэхлээр Улаанбаатар хотын брэнд нь юу юм бэ. Хангарьд уу, арай өөр зүйл байх юм уу. Хотынхоо энэ бэлгэдлийг ч сайн ойлгодоггүй шүү?
-Жишээ нь, Улаанбаатар гэдэг бичиглэлийг яаж хийх ёстой юм. Бусад улс өөрсдийн том хотын нэрийг хэрхэн бичдэг юм. Үүнийг судалгаатайгаар явуулна. Энийгээ ч шийдээгүй явж ирлээ л дээ. Олон улсын хотуудын нэр яаж бичигддэг юм. Берлинийг яаж бичдэг билээ. Москваг, Бээжинг яаж бичдэг билээ. Жуулчид тэр бичиглэлийг бэлгэдсэн газрын дэргэд очиж зургаа авахуулдаг биз дээ. Манай хотод ийм юм байхгүй. Энийг хийнэ. Бас “Улаанбаатарт үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнүүдийг бий болгоно. Зөвхөн Улаанбаатарт ирсэн хүн авдаг. Та нисэх онгоцны буудал дээр очоод Улаанбаатар гэсэн бичигтэй түлхүүрийн оосор авъя гэвэл бараг байхгүй байгаа байх. Тиймээс энэ бүхнийг хийнээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн асуудал гэвэл Улаанбаатар маань өөрөө байгалийн үзэсгэлэнт газар оршдог. Бидэнд бүхэл бүтэн Богдхаан уул гэдэг парк байна. Ямар ч эзэнгүй, бид хараад л сууж байдаг. Дархан цаазтай гэсэн амууд нь амралтын газруудаар дүүрчихсэн байгаа. Тиймээс чөлөөлөхийг нь чөлөөлөөд зарим хэсгийг нь онцгой хамгаалалтанд аваад, дугуйн замтай, хүмүүс амардаг талбайтай, аяллын зам, зочид буудлуудтай болгох хэрэгтэй. Туул голын ай сав байна. Бидэнд байгалиас заяасан экологийн хишиг. Ийм сайхан гол дундуур нь урсаж байгаа хот Азид ховор. Европт л их байдаг. Туул голын урсацыг тогтворжуулж, эргийн дагуух ногоон байгууламжид тулгуурласан аялал жуулчлалын онцгой сайхан бүс нутаг бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Үүнийг би хувийн хэвшлүүдтэй хамтарч хийнэ гэж бодож байгаа.
-Ер нь хувийн хэвшлүүдтэй харьцаж, хамтарч, тэдний хүчээр юм хийхгүй бол төрийн хүч гэж байхгүй шүү дээ?
-Байхгүй. Санал нэг байна.
-Богд уулыг нүхлэх тухай яриа байдаг байсан. Энэ бол үнэхээр гайхалтай идей байхгүй юу. Тэгээд дагавар хотоо эргэн тойрон маш сайхан хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Манайх шиг өргөн уудам нутагтай ард түмэн заавал энэ жаахан талбайд багшралдаж баймааргүй байна. Айхгүй, зөв, зоригтой шийдвэр гаргаж хаалттай энэ мэт гарц руу ч орж ажилламаар байна. Хотын дарга хүн хотын тууринд нэрээ сийлэхгүй буух гунигтай?
-Нэг их хатуу шийдвэр гаргадаггүй юм аа гэхэд өөрийн хийнэ гэсэн зүйлсээ зоригтойгоор хийнэ. Намайг шүүмжлэх болов уу, муулах болов уу, Засгийн газартайгаа үл ойлголцчих болов уу. Намайг огцруулчих болов уу гэж айж суухгүй. Эрсдэлээс ч айхгүй. Улстөрчийн хувьд нэг зүйлийг хэлье. Би аливаа хаалгаар орохдоо гарах хаалгаа үргэлж харж байдаг. Надад юу тулгарах вэ гэдгийг би мэдэрдэг. Тиймээс надад айдас байхгүй. Миний бэмбэгнэж явдаг ч нас, үе биш.
-Тавиад онд хятадуудын барьж өгсөн хуучин байшингууд, оросуудын барьж өгсөн хорооллууд маань элэгдчихлээ. Гаднахыг нь будахаас өөр ажил хийхгүй байна. Тиймээс танд энэ хуучирч, өвгөрсөн хорооллуудтай ажиллах өөр төсөл байгаа юу?
-Яг гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэгтэй адилхан хуучин орон сууцны дахин төлөвлөлт гэсэн томоохон төслийг эхлүүлье гэж бодож байгаа. Түүнийг эхлүүлэхдээ хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулна. Угаас энэ байшингууд өөрийн тань хэлдгээр бүгд ашиглалтаас гарч байгаа. Тэгээд маш хэцүү технологиор баригдсан байдаг учраас нурж унахад их ойрхон байдаг. Тиймээс орон сууцны хувьд дахин шинэчилж иргэдээ илүү тав тухтай, орчин үеийн шийдэлтэй байранд амьдруулах бололцоог нь хангасан дахин төлөвлөлтийн ажил эхлүүлнэ.
-Эрчтэй, бадрангуй, гэрэл гэгээтэй зүйлсийг таниас сонслоо. Би хувьдаа их баяртай байна. Хоёулаа яриагаа таны хувийн амьдралаар эхлүүлсэн болохоор энэ талаар тавих ганц нэг асуулт байна.
-Та чинь ямар их асуулттай юм бэ. Одоо дуусаагүй юм уу.
-Одоо дуусгая. Ингэхэд та насаа нуухгүй байх. Та ер нь хэдтэй юм бэ?
-Би 48-тай. Миний бүх юм ил. Нууж хаах зүйл алга.
-Таны гэргий хаанахын хүн байдаг вэ. Бас танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүтэй. Том хүү маань 26, дунд хүү маань 18, бага хүү маань дөнгөж таван нас хүрэх гэж байна. Миний хань бол Өвөрхангай аймгийн Хархорины хүн. Шүдний эмч мэргэжилтэй. Харин би Хөдөө аж ахуйн инженер, хуульч мэргэжилтэй. Нээрээ би хадам аавынхаа талаар дурсъя гэж бодож байна, болох уу, Ганчимэг ээ.
-Бололгүй яахав. Бидний ярилцлага нээлттэй гэдгийг танд хэлсэн шүү дээ...
-Манай хадам аав бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн. Хархорины сангийн аж ахуйн даргаар 20 гаруй жил ажилласан, Гомбосүрэн гэж хүн байсан. Хадам аав маань намайг анх хүргэн болоод очиж байхад “Аж ахуйг удирдаж авч явна гэдэг маш их овсгоотой, наймаачин хүний ажил байдаг. Олон хүний амьдралыг авч явна гэдэг сэтгэлгээний цар хүрээ, ухамсраас хамаарна” гэж хэлж байсан. Намайг дарга, цэрэг болно гэдгийг мэдээгүй байсан мөртлөө шүү дээ. Манай эхнэрт ажилсаг, дайчин, аливаа зүйлээс халширдаггүй аавынх нь шаргуу хөдөлмөрлөдөг зан чанар шингэсэн. Намайг хурцалж, байнга дэмждэг болохоор би амжилтын минь тавин хувь миний эхнэрийнх гэж боддог. Өөрийгөө бодолгүйгээр миний төрийн албан хаагч байх тэр үүргийн төлөө зүтгэж ирсэн хүн. Би арван хүүхэдтэй айлын найм дахь нь, манай эхнэр 12 хүүхэдтэй айлын арав дахь нь шүү дээ.
-Үнэхээр өнөр өтгөн гэр бүлүүд байна. Таны ах дүү нар болох арван хүүхдийн хэд нь одоо мал дээр байна вэ?
-Хоёр нь хөдөө малчин. Бусад нь бол төв дээр байдаг. Би ч өөрөө их малтай шүү дээ. /инээв/ Гэхдээ бараг хэрэглэдэггүй л дээ.
-Таныг мал ихтэй гэж мэднэ. Нэг талаас би л төрийн хүн гээд эцэг өвгөдийнхөө өсгөж хайрлаж ирсэн малыг хаячих бас хэт хэнээтэй явдал байх л даа?
-Харин тийм ээ. Нэг талаас эцэг өвгөдөөс үлдсэн маш том өв хөрөнгө шүү дээ. Бид жилдээ нэг үхэр авч иддэг юм, сүү цагаан идээ хэрэглэдэг юм. Монгол хүний хувьд малтай байна гэдгээсээ ичиж гүйгээд байх юу байх вэ. Надад хааяа нэг очиход сайхан л санагддаг. Хүний амьдрал дэндүү богинохон. Эцэг өвгөдийн үлдээсэн малч ухаан, аж төрөхүй, газар нутгаа хайрлах сэтгэл монгол хүн бүрийн цээжинд зүрхтэй нь хамт цохилж байдаг гэдэгт би итгэдэг. Тэр сэтгэл миний цээжинд ч зүрхтэй минь хамт цохилж байгаа. Тэгэхээр хөдөөний хүн энэ тэр гэгдэхээс ичдэггүй. (инээв) Хоёр талын аав ээжүүд маань бүгд бурханы оронд одсон. Бид хоёр чинь хоёулаа айлын бага. Бие биенээ хайрлаж түшээд, үр хүүхдээ зөв сайн хүн болгохын төлөө гучаад жил хамт явцгааж байна даа.
-Баярлалаа. Хоёулаа бас тодорхой хугацааны дараа дахин ярилцана. Танд амжилт хүсье.
-Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.