МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн манай зочноор уригдлаа.
-Тэмүүлэн хотын хүүхэд атлаа заримдаа хөдөөний хүн шиг санагддаг. Яагаад тэгдэг юм бол?
-Мэдэхгүй л дээ. Сонин дүгнэлт байна. (инээв)
-Хоёулаа яриагаа таны гарвал угсааны тухай сэдвээр эхлэе?
-Манай өвөө С. Чимэддорж, эмээ Д.Чансаа нар Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр гэдэг сайхан нутгийн улс л даа. Өвөө маань орос хэлний багшийн мэргэжилтэй. Бүх насаараа энэ ажлаа хийсэн. Харин эмээ маань Их Тамир сумын цэцэрлэгийн эрхлэгч, намын хорооны орлогч, үйлдвэрчний хороон дарга зэрэг ажлуудыг хийж явсан нийгмийн идэвхтэй, зохион байгуулах авьяастай, нутаг орондоо хүндтэй хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Эмээгийн багшилж байсан цэцэрлэгээс Их Тамирын хүүхдүүд гараад, сургуульд орж өвөөгөөр хичээл заалган сурч байсан талаар олон сайхан хүмүүсээс сонсдог. Зарим хүмүүс миний эмээ, өвөө хоёрын хоёулангийнх нь шавь гэж ярьдаг. Тэр үеийн сургууль, цэцэрлэг их цомхон, цөөн багштай байсан учир манай сумын дээхэн үеийнхэн бүгд л эмээ, өвөөгийн шавь нар, эсхүл ах дүүс болдог юм.
-Тийм байх л даа. Аавыг тань Их Тамирынхан манай сумынх гэдэг. Гэтэл бас Өндөр-Улааныхан манай сумынх гэж ярих юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Тэр үеийн сумын сургуулиуд цомхон, багш нарын хүрэлцээ муу байдаг байсан юм шиг байгаа юм. Эмээ, өвөө хоёр Их Тамирт амьдардаг хэдий ч, багш нарын, ялангуяа орос хэлний багш нарын хүрэлцээ муугаас Тариат, Цахир, Өндөр-Улаан гээд олон сум дамжин томилолтоор явдаг байж. Тэгээд аавыг Өндөр-Улаанд төрүүлсэн юм билээ. Тэнд хоёр сар болоод, Их Тамиртаа буцаж ирсэн хэрэг. Тэгэхээр аавын маань унасан газар угаасан ус нь яах аргагүй Өндөр-Улаан. Гэхдээ аав Их Тамирт өссөн, сургууль төгссөн, гэр орон, ах дүү нар, найз нөхөд нь бүгд Их Тамирынх учир Их Тамир гээд явчихсан юм билээ.
-Та багадаа эмээ, өвөөгийн эрх хүүхэд байв уу?
-Үнэндээ би аавынхаа аав, ээж хоёрыг хараагүй. Намайг төрөөгүй байхад бүр аавыг 18 настай байхад хоёулаа бурхны оронд явсан юм билээ. Тавхан сарын зайтай. Аавыг маань хойшоо сургуульд явсан жил ийм явдал болж, аавын маань дүү Зоригоо ах таван настайдаа өнчирч үлдээд, эмээгийн эгч хөгшнийд ахыгаа сургууль төгсч иртэл амьдарсан байдаг. Ингээд аав сургуулиа төгсөж ирээд, дүүгээ өөр дээрээ авсан. Манай аав, ээж хоёр хойноос ирэхдээ өөрийн гэсэн гэр оронгүй учир ээжийн аавынд бөөнөөрөө хэсэг амьдарсан. Тийм учраас би ээжийнхээ аавын бол эрх хүүхэд нь байсаан. Өвөө маань Б.Довдон гэж Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн, жолооч хийж байсан. Харин ээж нь цэргийн ангид ажиллаж байсан, их эрт ээжийг багад нь өнгөрсөн юм билээ. Бодоод байхад манай ээж өөрийн хоёр дүү, аавын дүү, тэгээд манай дүү, би гээд их олон хүүхэд өсгөсөн юм байна.
-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв?
-Гайгүй байхаа. Сахилгагүй гэхээсээ илүү зөрүүд хүүхэд байсан гэж ярьдаг. Цэцэрлэгт явуулахаар оргоод гэртээ ирчихдэг. Дахиад явуулахаар дахиад л ирчихдэг. Нэг тийм төрөлхийн зөрүүд хүүхэд байсан гэдэг. Манайх нэг давхарт байр түрээслэдэг байж. Би гэртээ ганцаараа уйдахаараа цонхоо онгойлгож байгаад албаар газар юм унагачихаад, ойр хавиар явсан хүмүүстэй яриа өдөн, “ахаа тэрнийг аваад өгөөч, эгчээ тэрнийг аваад өгөөч” гээд л авахуулчихаад, яваад өгөхөөр нь дахиад л нөгөөхөө унагаад дараагийн хүн ирэхээр гуйж авахуулж, өөрийгөө зугаацуулдаг байснаа хааяа санаад инээд хүрдэг юм. (инээв)
-Манайхан хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ, тэр дундаа эрэгтэй хүүхдийг өсгөхдөө хааяа нэг алганы амт үзүүлэх нь олон. Зарим нь таван салаа боов ч гэдэг. Багадаа хэр алганы амт үзэж байсан бэ?
-Би ааваасаа ерөөсөө тийм алганы амт энэ тэр гэсэн юм хүртэж байсангүй. Энэ нь би их сайхан дөлгөөхөн хүүхэд байсан гэдэгтээ биш, ерөөсөө л аав, ээжийн маань сурган хүмүүжүүлэх арга зүй нь тэр байх. Бас эрхлүүлээд, хошуу цорвойгоод, үнсэж үлгээд байсан нь юу л бол. Аав нэг муухай харахад л ах нар, ер нь бид нар их айдаг байсан. Тэр нь зодож, цохихоос илүүтэй хүчтэй нөлөөлдөг.
-Арван жилдээ хааяа ч гэсэн сахилгагүйтэх үе байсан байлгүй. Хэр нударга зөрүүлж байв?
-Мэдээж, багадаа том хүүхдүүдэд дээрэлхүүлэх, зодуулах үе байсан. Харин жаахан томроод ирэхээр тэр бүр хүнд дээрэлхүүлээд байх нь гайгүй. Асуудал гарвал эвээр шийдэхийг хичээдэг байсан. Гэхдээ хүн л юм хойно тэвчээрийн сав дүүрэхээр гэдэг шиг ганц нэг юм болж л байсан байх. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай дүү охин төрсөн юм. Аав, ээж ажилтай тул дүүгээ л их хардаг байлаа. Дүүгээ өлгийтэй байхад нь л, ээж аавыгаа жаахан унтаг гээд өглөө эрт тэврээд гадаа гардаг. Орцны үүдэнд эмээ, өвөө нартай хууч хөөрсөн шиг суудаг байж.
-Хүүхдүүд арваа төгсөөд, оюутан болохоороо өөрсдийгөө их том, залуус болчихсон мэтээр төсөөлөөд л архи, дарс хэрэглэж, наргиж дэрвэж эхлэдэг. Нэг тийм бодол нь тэнүүчлээд ирдэг дээ. Тийм үеэ хэрхэн давж байв?
-Би чинь МУИС-д нэг жил сураад л гадагшаа явчихсан юм. Ганц нэг удаа сонирхлын журмаар архи, дарс амсаж үзэж л байсан байх. Тэгээд Америк яваад тэндээ сургуулийнхаа чөлөөт бөхийн шигшээд тамирчин болсон юм. Оюутан байсан болохоор аав, ээжээсээ аль болох бага мөнгө төгрөг гаргуулах гээд хичээдэг байлаа. Гадуур ажил хийж мөнгө олох уу, эсхүл сургуулийн нэрийг гаргах аль нэг тэмцээн уралдаанд орж, сургуулийн төлбөр мөнгөнөөсөө багасгах тэтгэлэг авах уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Тэгээд бөхөөр хичээллэх нь ашигтай байсан тул хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхөөр хичээллээд ирэхээр юун архи дарс болно шүү дээ. Маш хатуу дэглэмд олон цагаар, байнгын хараа хяналттай бэлтгэл хийдэг байлаа. Хичээлдээ яваад л, бэлтгэлээ хийгээд л таардаг байсан. Байнга шээсний шинжилгээ авна. Түүгээр чинь идсэн уусан бүх юм гарна. Тэгээд архины төрлийн юм ууж, идсэн нь шинжилгээгээр гарвал багаасаа шууд хөөгдөнө. Тэгэхээр чинь хичээл ном, бэлтгэл гээд нүдүүлсээр байгаад л сургуулиа төгсөж байгаа юм.
-Өө, та чинь бас бөх барилддаг байсан юм уу. Амжилт хэр гаргаж байв?
-Чөлөөт бөхөөр бүтэн дөрвөн жил хичээллэсэн. Сургуулиуд хоорондын тэмцээнд ордог, манай баг Америктаа гайгүй баг байсан шүү. Багш маань Америкийн аваргын олон медальтай хүн байлаа. Манай сургуульд америк оюутнуудаас гадна киргиз, гүрж гээд оросын тамирчид манай сургуулийн нэрийн өмнөөс барилддаг байсан. Ер нь бол гайгүй л амжилт гаргаж байв. Бас хааяа Америк дахь монголчуудын цагаан сар, наадмаар зодог шуудаг өмсөөд монгол бөхөөрөө барилдаж, ганц нэг туг тойрчихсон шүү.(инээв)
-Тэгээд төгсч ирээд, Монголдоо барилдаагүй юу?
-Тийм бодол уг нь байсан. Монголдоо ирээд сайхан үзнэ дээ гэж бодоод л, Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аваргуудын номыг Монголоос захиж уншаад л, хааяа давстай хар цай буцалгаж байгаад гараа дүрж суугаад, зодог шуудгаа өмсчихөөд өрөөндөө дэвээд л сүйд болдог байлаа. (инээв)
-Давстай хар цайнд гараа дүрдэг нь яаж байгаа юм бэ?
-Ж.Мөнхбат аваргын номноос гарынхаа хурууг давстай хар цайнд дүрж байвал, гарын арьс чийрэгжиж, зодог шуудагнаас барихад гар, хурууны арьс хууларч, зумардаггүй гэж уншсан байхгүй юу.
-Тэгээд Монголд ирээд?
-Тэгээд Монголд ирээд миний ахуй шал өөр болчихсон. Тэр үед ээж, нагац ах хоёр маань гоо сайхан, чийрэгжүүлэх төв ажиллуулах гээд яг ид завгүй, нойр хоолгүй ажиллаж байж таарсан. Ирээд л шууд тэр ажилд зүтгээд, дараа нь удалгүй төрийн албанд ажилд орчихсон. Бэлтгэл хийхгүй хүн яаж барилдах вэ дээ. Зүгээр явж байгаад, барилдчихна гэж байхгүй шүү дээ.
-Танай аавыг манай уншигчид сайн мэднэ. Ээжийн тань талаар асуумаар санагдчихлаа. Ээжийнхээ тухай ярихгүй юу?
-Манай ээжийг Довдонгийн Дэнсмаа гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй, аавын маань арын албыг дааж, биднийг өдий зэрэгтэй өсгөж яваа буянтан байнаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гэр орноо авч явах, хувийн бизнес эрхлэх гээд олон ажлыг нугалж яваа. Анх ганзаганд явж байхад, өрөөгөөр дүүрэн гутал болчихсон л байдаг байсан. 1993, 94 оны л үед байх. Манай ээж, дүү нартайгаа нийлээд подвальд пүүл биллиард ажиллуулдаг. Тэнд нь би найз нартайгаа хааяа очиж тоглодог, ажилд нь тусалдаг байсан. Одоо манай А.Гэрэлмаа гээд эгч Их Тамирт байдаг юм. Гэрэлмаа эгч хотод ирж, тэрнийг ажиллуулдаг байлаа. Тэр цагаас хувийн салбарт ажил эхлүүлж, одоо ээжийн маань бизнес 20 гаруй жилийн дараа өөрийн гэсэн зочид буудал, амралтын газар, тамирчдын бэлтгэлийн бааз, гоо сайхан, саунтай болсон байна. Дүү маань бас гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газартай болжээ. Манай ээжийн хийсэн эхлүүлсэн ажлууд дандаа үйлчилгээний салбар байдаг. Үйлчилгээ нь чанартай, ажиллуулж байгаа хүмүүс маань сэтгэлтэй байхад үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байх нь тодорхой. “Арын хангайн шигшмэл хурд”-ын санхүүжилтийг босгоход ээжийн маань оролцоо их байдаг гэдгийг хэлмээр байна. Аав, бид хоёр л түмний нүдэн дээр ил гараад байгаа болохоос ээжийн үүрэг энд их. Гаргасан календарь, сэтгүүл гээд бүх зүйл дээр ээжийн компанийн лого байдаг юм. Яаж энэ бизнесийг зовж байж босгосныг, өр зээлэнд орчихоод байр саваа алдахад хүрч байсан гээд миний хувьд сайн мэдэх тул ээжээрээ үргэлж бахархах дуртай.
-Өө тийм үү, би танайхыг чинь уул уурхайтай, эсхүл мундаг том үйлдвэртэй л гэж бодож байлаа?
-Уул уурхайн салбарт аав, бид хоёр ажиллаж байсан болохоор тэгж боддог байх л даа. Гэхдээ хувийн бизнес дээр бол манайд тийм юм байхгүй. Аливаа зүйлд ашиг сонирхлын зөрчил гэж байх ёстой. Уул уурхайн салбарт бизнестэй хүн, уул уурхайн чиглэлээр сайд хийгээд явах нь утгагүй. Заавал уул уурхайд ажиллаж, бизнес хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч хүн нэг зэрэг олон газар амьдрахгүй, олон хувцас өмсөхгүй учир айхтар их ашгийн төлөө хөөцөлдөж болохгүй гэдгийг аав, ээж маань бидэнд маш сайн ойлгуулсан. Манай гэр бүлд тансаглах, хэв маяг загвар хөөж, бусдад гайхуулах тийм амьдралын хэв маяг үнэхээр байхгүй. Анхан шатныхаа бүх хэрэгцээг бид гэр бүлийн бизнесээсээ хангаж чадаж байна. Илүү гарсан ашгаа ажилтнуудынхаа байр хангамжаас авахуулаад, Архангай нутгийнхаа хөгжилд зарцуулж байна. Үүнээс илүү сэтгэлийн таашаал, амьдралын утга учир гэж байхгүй шүү дээ.
-Та сургуулиа төгссөнөөс хойш дандаа уул уурхайн салбарт ажиллаж байгаа, тэр дундаа газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн олонхид нь оролцсон. Ингэхэд та яг гэрээ хэлцлийн чиглэлээр мэргэшсэн хүн үү?
-Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын яам, агентлаг, төрийн өмчит компанид ажиллалаа. Ингэхдээ уул уурхайн салбарт төрийн эрх ашгийг хамгаалах гэрээ хэлцэл байгуулахад нэлээд оролцсон байна. Үндсэн мэргэжил маань олон улсын харилцаа, тэр дотроо маргаан шийдвэрлэх болон олон улсын удирдлагын чиглэлээр мэргэшин суралцсан. Анх сургуулиа төгсч ирээд 2005 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр орж ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэр үед бидний нөхөд газрын тосны салбарыг улс орны нийгэм, эдийн засагт тэргүүлэх хувь нэмэр оруулдаг том салбар болно гэж төсөөлж, мөрөөдөж ярьдаг байв. Дэд сайдаар томилогдоод Газрын тосны газрын хамт олонтойгоо очиж уулзан, 10 жилийн өмнө бидний төсөөлж байсан зүйлүүд биеллээ олсон талаар ярилцахад сайхан л санагдаж байлаа. Өнгөрсөн хугацаанд газрын тосны эрэл хайгуулын ажил эрчимтэй хийгдэж, экспорт, олборлолтын хэмжээ нэмэгдсэн байна. Монгол Улс газрын тос экспортлогч орон болоод байна. Энэ бол энэ салбар өсөж өндийж байгаагийн том илрэл. Энэ салбарын хамт олны хүч хөдөлмөр, үр дүн юм.
-“Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт ажилласан нь тохиолдлын хэрэг биш байж, тийм үү?
-Ажлын замналаа хараад өөрийгөө азтайд тооцдог. Газрын тосны салбар анх өсөн өндийж байх тэр үед ажиллаж, ихэнх бүтэгдээхүүн хуваах гэрээ байгуулахад нь оролцсон. Дараа нь “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад оролцсон. Энэ бол Монгол Улсын гуравдагч орноос татсан анхны том хөрөнгө оруулалт. УИХ 2008 онд “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийг хийх Ажлын хэсэг байгуулах удирдамжийг баталсан байдаг. Үүний дагуу манай яамнаас надад ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчидтай газрын тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулах цөөнгүй хэлэлцээрт орж байсан гэдэг үүднээс надад санал тавьсан байх.
-Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр та 2013 онд ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед томилогдож байсан билүү?
-Тухайн үед Н.Алтанхуяг сайд намайг энэ төсөлд эхнээс нь гардаж ажилласан, гэрээнийхээ зүйл заалтын нарийнийг нь мэдэж байгаа гэдэг үүднээсээ Оюутолгой төсөл дэх Монголын талын эрх ашгийг хамгаалах, муухан хэлэхэд манаачийн үүрэгтэйгээр ажилла гэж хэлсэн. Зөвшөөрсөн. Том эрх ашиг, зарчмын асуудал учраас миний оронд хэн ч байсан зөвшөөрөх байх.
-Шүүмжлэгчид Дубайн гэрээ гэх санхүүжилтийн гэрээг байгууллаа, гадныханд найр тавилаа гэж Ерөнхий сайдыг загнадаг. Ер нь манайх эдийн засгийн илүү үр өгөөж хүртэх тохиролцоо хийж чадсан уу?
-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад одоо яг зургаан жил болж байна. Сая байгуулсан энэ Дубайн гэх гэрээг байгуулахыг миний бие дэмжиж оролцоогүй. Тухайн үед Засгийн газарт хоёр сонголт байсан. Нэг нь Ч. Сайханбилэг Ерөнхий сайдын хийсэн сонголт буюу өмнөх гэрээний суурь зарчмыг үндсээр нь өөрчлөх сонголт байсан. Нөгөөх нь миний байр суурь Засгийн газар Рио Тинтогоос 2009 онд байгуулсан гэрээнийхээ үндсэн хэрэгжилтийг хангуулах талаар ажиллах, хэрэв хоёр тал ойлголцож чадахгүй бол цаашлаад өөрсдийн байр сууриа хамгаалуулах үүднээс арбитрын шүүхэд ч хандаж болох сонголт байсан. Энэ шийдлийг хийсэн бол маргаан магадгүй хоёр жил үргэлжлэх байсан байх, гэхдээ гэрээ, хуулийг сахин биелүүлдэггүй, ёс зүй, этик муутай компаниудад дахиж дарамтлуулахгүй байсан. Би Монгол Улсын иргэнийхээ хувьд Дубайн гэрээг эрс эсэргүүцсэн. Гэвч Засгийн газрын тэргүүн өөрийнхөө сонголтыг хийсэн. Магадгүй ерөнхий сайдын сонголт Засгийн газрын тэргүүн гэдэг үүднээсээ хийсэн бодлогын шийдэл байх л даа. Яагаад сонгосон гэхээр өнөө маргаашийн эдийн засгаа харж, урт хугацаа хараагүй. Таван жилийн дараа асуудал хөндөгдөхөд энэ баг хариуцлагаа хүлээх ёстой. Гэрээ гэдэг талаасаа хэрэгжилтийг нь нэхэх бол зарчмын асуудал шүү дээ. Би гэрээний хэрэгжилтийг хангахыг зорьсон. Энэ бол миний ард түмнийхээ болон улс орныхоо өмнө хоёргүй сэтгэлээр ажиллахаар хүлээсэн үүрэгт ажил. Эдийн засаг бол магадгүй Ерөнхий сайдын л ажил байх. Эдийн засаг богино хугацаанд хямарсан, доллар 2000-д хүрсэн, үүнээсээ болоод Оюутолгойгоос өөр шийдэл олж хараагүй харалган загнасан. Ер нь өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эрх баригчид эдийн засгийг хямралд оруулчихаад тэрнээс гарах дэврүүн хүсэл, эрмэлзлийн дор бодлогогүйгээр Оюутолгой төслөө гадныханд найр тавьж өгч байгаа асуудал юм. Би үүнийг эсэргүүцэж байсан учраас 2015 оны хавар тавдугаар сард Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
-Ер нь уул уурхайн том төсөл хэрэгжүүлэх гэхээр буруу зөв, муу сайн гэж нийгмийг хоёр хуваан маргалдуулдаг байдал газар авлаа. Үүнийг нь нэр хүндтэй улстөрчид манлайлах юм. Яавал том төслүүдээ нэгдмэл бодлоготой хэрэгжүүлдэг болох вэ?
-Томоохон төсөл хөтөлбөрийг улс төрийн хүчин, эсвэл хэн нэгэн улстөрчтэй холбож ярихаасаа илүүтэй зах зээл, эдийн засгийн бодит судалгаанд үндэслэсэн, Монгол Улсын язгуур эрх ашгийг харсан шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх ёстой. Уул уурхайн салбар доод тал нь ойрын 10-15 жилд улс орны эдийн засгийн цөм байх нь тодорхой байна. Тиймээс энэ салбарын бодлогыг тодорхой судалгаа тооцоонд суурилж явуулах ёстой. Дэлхийн зах зээлийн ирээдүйн 10, 20, 30 жилийн төлөв байдлыг судлаад түүнд Монголын уул уурхайн татвар, эрх зүйн орчны бодлогыг тохируулах хэрэгтэй байна. Ийм байгууллагыг байгуулаагүй, мэргэжилтэн, залуучуудаа бодлоготойгоор бэлдээгүй, байгаа цөөн мэргэжилтнүүдийнхээ үгийг үл тоомсорлож явсны үр дагаврыг өнөөгийн бидний байдлаас харж болно. Бараг л бүх хүн мэддэг мэддэгүй нь хамаа байхгүй бүгдийг мэддэг юм шиг уул уурхайг шүүмжилдэг болж. Ярьж байгаа зүйлийг нь аваад үзэхээр бодлогын шийдлийн төлөө ярьж байгаа зүйл байхгүй. Зүгээр л хэн нэг улстөрчийн тооцоо судалгаагүй, санаатай санамсаргүй хэлсэн үгээр үг хийгсэд олон болж. Үүнд бид шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй. Энэ бол мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, цөөхөн байгаа мэргэжлийн хүмүүстээ итгэдэггүйн гай юм. Улстөрч гэхээрээ бүхнийг мэддэг, эсвэл бүх ажлаа сонгуульд зориулсан богино хараатайгаар асуудалд хандаж болохгүй. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ард түмэн ойлгохоо байлаа.
-“Тэнгэрийн муухай арилдаг” гэгчээр манай эдийн засаг сайжрах нь хэзээ бол, мэргэжлийн хүний хувьд, бас ч чамгүй хугацаанд төрийн мэдлийн мэдээлэлд ойр, бодлого шийдвэр боловсруулах талаар нэлээд ажилласан хүний хувьд ний нуугүй олон түмэнд ойлгогдохоор тайлбарлаж өгөөч?
-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулан манайд засаглалын хямрал нүүрлэлээ. Одоо засаглалын хямрал нь улс орныг эдийн засгийн хямрал, өрийн хямралтай байдал руу чирж байна. Өнөөдөр Монголын эдийн засаг олон сорилттой тулгараад байна. Төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан. Одоогийн энэ эдийн засгийн хүндрэлээс улс орон маань түргэн хугацаанд гарахад их хүндрэлтэй. Ер нь энэ удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал байх болов уу гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байгаа. Хямрал ер нь 2020 он хүртэл үргэлжилж магадгүй. Учир нь манай улс 2017, 2018 онуудад их хэмжээний хуримтлагдсан гадаад өрийг төлөх хуваарьтай байгаа. Эдгээр төлбөрүүд орж ирэхээрээ Улсын төсөвт томоохон дарамт болно. Гэхдээ манай монголчууд эдийн засгаараа хямарсан ч эерэг сэтгэлгээгээ хөгжүүлж, хэрэгцээгээ хязгаарлаад амьдрахад ямар ч байсан картын барааны үе шиг байдал руу очихгүй нь тодорхой. Тэгэхээр эерэг сэтгэлгээгээ хөгжүүлж, хийж бүтээх нь биднээс л шалтгаална.
-Эрх баригчид эдийн засгийнхаа тамирыг бардаг талаар монголчууд ярьж, бичих боллоо. Байдал ер нь нэг л биш ээ гэж олон нийт сүүлийн үед яриад байгаа нь эдийн засаг, менежментийн мэргэжлийн хүний нүдээр харахад хэр үнэн бэ. Ер нь цаашид яах ёстой юм?
-Монгол Улс маань 25 жил ардчиллын замаар замналаа. Гэтэл улс орны хөгжлийг харсан, тодорхой цэгцтэй эдийн засгийн болоод төрийн тогтолцооны бодлогогүй байснаас бид тогтвортой хөгжиж чадсангүй, ядуурлыг бууруулж чадсангүй. Зөвхөн дөрвөн жилийн хугацаатай амлалтаас илүүтэй, улс төрийн намууд Үндэсний хөгжлийн зорилтыг тодорхойлж гаргах шаардлага байна. Аль нам нь ялсан эсэхээс үл хамаарч тэр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ, ЗГ нь хөтөлбөр боловсруулж өрсөлддөг, хэрэгжүүлдэг болох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, улс төржилтөөс үл хамаарч Улс орноо хамтын хүчээр хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Ер нь Ардчилсан намын хүн гээд цэнхэр болохгүй, МАН гээд хүн улаан арьстай болохгүй биз дээ. Иргэд дөрвөн жил тутам хоёр талцаж бие бие рүүгээ дайрдаг, нэг нөхөр ирж баахан худлаа юм ярьж байгаад явдаг. Тэр нөхөр ирээд яваад өгдөг, эцэст нь бид нүүр нүүрээ хараад л амьдрал Архангайдаа л үргэлжилсэн хэвээр биз дээ. Юмны үнэ хоёр дахин нэмэгдээд, мал аж ахуйн түүхий эдийн үнэ хоёр дахин уначихаад байхад ард түмэн улс төржсөөр л, улсаа бүр дампууруулсаар л байвал утгагүй. Угтаа орон нутагт байгаа иргэд худлаа амлаж явсан нөхдүүдээ ирэхэд нь хэлэх үгээ бэлдчихсэн, санаа нэгтэйгээр шаардлагаа хүргэдэг, шүүмжилдэг, төрийн бодлого ярьдаг, шахаж шаарддаг байх ёстой. Тийм нийгмийг ардчилал гээд байгаа болохоос одоогийн нийгмийг ардчилал гэвэл хайран сайхан үг. Ардчилал гэдэг үгэнд би ч, та ч хайртай шүү дээ.
-Та МАН-ыг сонгосон залуу гишүүдийн нэг төдийгүй, тус намын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдсон. Танай нам бусад намаасаа юугаар давуу юм?
-Улс төрд ёс зүйтэй, хариуцлагатай, жудагтай зөв хүмүүсээ төлөвшүүлэн боловсон хүчний зөв бодлогоор гаргаж ирэх энэ зарчим бол магадгүй улс төрийн хүчний хувьд хамгийн үнэт зүйл нь байж магадгүй. Учир нь ард түмний өмнө зөвхөн улс төрийн хүчин буюу нам л хариуцлага үүрдэг. Эцсийн дүндээ улс орны хөгжил дэвшил тухайн намаас болон улстөрчдийн үүрэг хариуцлага, ёс зүйгээс бүрэн хамааралтай. Энэ ч үүднээсээ өөрийн үнэт зүйлээ хадгалж ирсэн МАН-д ард түмэн өдрөөс өдөрт итгэх итгэл нь нэмэгдэж, Монгол орны хөгжлийн замд нь буцаан хөтлөн оруулах үүргийг хүлээлгэх хандлага нэмэгдэж байгаагаас харж болно.
-Та хөдөө сум, тосгон, суурингуудаар бишгүй л нэг явсан байх. Төрсөн нутагтаа дургүй хүн гэж байдаггүй л дээ. Гэхдээ сумын төвөөс хот руу нүүх айлуудын урсгал буурахгүй байна?
-Бид Монголын залуучуудын өмнө тулгарсан асуудал болгоны шийдлийг олохын төлөө, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэхийн төлөө ажиллаж байна. Энэ ч үүднээс манай холбооны зүгээс “Залуусын хөгжлийн санаачлага-2030” гэсэн баримт бичгийн хүрээнд залуучууд өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудал шийдлийг, улс орны урт хугацааны хөгжлийн шийдлийн хамт боловсруулан МАН-ын 2016 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулахаар дэвшүүлж байгаа. Тухайлбал, сумдыг ажлын байртай болгоход сум бүрийн зах зээлийн судалгааг гарган орон нутгийн иргэд, залуучуудад мэдээлэл олгох цаашлаад тэдний санаачлагад тулгуурлан жижиг бизнес эрхлүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, жижиг үйлдвэр байгуулахад төрөөс анхаарч ажиллах, төрийн бус байгууллагуудтай хамтран хүн нэг бүрт хүрч тэдэнтэй хамтран орлогоо нэмэгдүүлэхэд нь боломж олгох хэрэгтэй байна. Мөн сумдад үсчин, гутал засвар, мужаан, цаг засвар, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх ахуй үйлчилгээний хэрэгцээ маш өндөр байдаг. Энэ мэт орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан МСҮТ-дэд захиалгаар өөрийн орон нутгаас залуучуудаа суралцуулж төгсөж ирмэгц нь ажлын байраар хангаж өгөх байдлаар шийдвэрлэж болно. Энэ нь нэг талаасаа хэрэгцээ, үйлчилгээг ойртуулах нөгөө талаар ажлын байр нэмэх ач холбогдолтой.
Дээр нь их, дээд сургууль төгсөгчдийг хөдөө орон нутагт ажиллахыг дэмжсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхгүй бол залуучууд маань сургууль төгсөөд хотдоо үлддэг, ажил олддоггүй. Тэгэхээр залуучуудын хөдөө ажиллах урам зоригийг нэмэх үүднээс залуучуудад цалингийн нэмэгдэл, урамшуулал, тэтгэлэг зэрэг урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Дээр нь хөдөө суманд ажиллаж байгаа залуучуудад амины орон сууц, орон байр төхөөрөхөд нь бага хүүтэй зээл олгох зэрэг дэмжлэгийг бодлогоор хийх шаардлага байгаа. Иймэрхүү шийдэл болгоныг боловсруулж залуучуудын санаачлага байдлаар бид дэвшүүлж байгаа.
-Зуд турхан гээд байгалийн ширүүн үзэгдлүүд манай хөдөөгийнхөнд хүнд тусдаг. Тэр тал дээр хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байсныг санаж байна…
-Малчид маань байгалийн араншинтай зохицож амьдарсаар ирсэн. Аливааг угтан харж, тосож бэлддэг, тэсэж давдаг. Хүн ямар ч нөхцөлд хүн хүнээрээ байж, бусдадаа сайхан сэтгэлээр хандаж амьдрах нь хүн болсоны нэг утга учир. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг ардын сайхан үг байдаг даа. Аав маань ч гэсэн нутаг амьтай, нутгаа гэсэн сэтгэл нь үргэлж уяатай байдаг хүн. 2009-2010 оны өвөл бүх аймагт зуд болж өвөлжилт хүндрэн гамшгийн хэмжээнд хүрсэнийг санаж байгаа байх. Ер нь хаашаа л харна дун цагаан, хаана л гишгэнэ гутлын түрий давсан цастай. Ихэнх баг сумдуудад машин техник очиж чадахгүй бэрх, цас их дарсан байсан. Цагаан сар дөхөөд бууз, банш, боов боорцогоо хийх гээд гуриландаа хүрч чадахгүй хүн ч олон байсан гэдэг. Тухайн үед аав маань нутаг орон руугаа гэсэн тусламжийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж аймгийнхаа малчин өрх бүрт шуудайтай гурил, эмийн сан, цаг тооны бичиг хүргэж байсан. Аавын маань найз нөхөд, хот суурин газруудад амьдардаг Архангайчууд, залуус бид, манай найз нөхөд гээд бид эрвийх дэрвийхээрээ ажилласан. Бид “олны хүч оломгүй далай” гэж ярьдаг даа. Нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмэн маань тусалж дэмжсэн, тэр үед л их сайхан санагддаг юм билээ. Гол нь зохион байгуулаад, сэтгэлийн дэм өгөөд явчихад манай Архангайчууд маш сайхан хамтарч ажилласан. Үр хүүхэд бидэнд ч нутгийн айлаар ороход ахмадуудаас эхлээд залуучууд тэр жил хэчнээн их баярласнаа ярьж, бид ч түүнээс сэтгэлийн дэм, цаашид зүтгэх итгэл олж авдаг.
-Ингэхэд та нутгийнхаа хөгжлийг хэрхэн харж байна?
-Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг, аймаг сумыг хөгжүүлэх цэгцтэй бодлого боловсруулан хэрэгжүүлж чадахгүй байгаагаас хүндрэлтэй олон асуудал хуримтлагдаад байна. Аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргах хэрэгтэй байна. Тухайлбал аймгийн маань эдийн засгийн бүтэц оновчтой биш байгаа. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг Мал аж ахуйн салбар эзэлж байгаа боловч малын гаралтай түүхий эд боловсруулах аж үйлдвэргүй, ажилгүйдэл ядуурал байнга өсөн нэмэгдэж ирлээ. Сумдын иргэдийн амжиргааны хувьд малаас өөр орлогын эх үүсвэр бараг байхгүй, ажил эрхлэх боломж хомс байна.
Уг нь манай аймгийн төв чинь худалдаа наймааны гол цэгүүд төвлөрсөн, мөн мянганы зам дайран өнгөрдөг зэрэг дэд бүтэцтэй холбоотой давуу талууд байгаа юм. Гэсэн хэдий ч эдгээр давуу талууд иргэдэд төдийлөн үр ашигтай байж чадахгүй. Бид зөндөө л ярьлаа, бүс нутгийн байршлын хувьд аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой гэдэг боловч энэ салбарыг хөгжүүлэхэд хэн ч анхаарал тавьсангүй. Байгалийн үзэсгэлэнт, шашин шүтлэг, түүх дурсгалт газрууд ялангуяа занданшуулсан шарил, археологийн олдвор, булш, онгон олон дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах төвүүдийг бий болгох боломжтой. Бид дотоодын жуулчлалаас гадна, гадагшаа гарч сурталчлах ажлыг өргөн хүрээтэй хийх хэрэгтэй. Архангай байгалийн болоод түүх соёлын гадныхны очихыг зорьдог, хүсдэг газар болох бүрэн боломжтой. Одоо ярихаа больж ажил хэрэг болгох хэрэгтэй. Малынхаа тоонд бус чанарт анхаарч ашиг шимийг дээшлүүлэх, малын таваарлаг чанар, үүлдэр угшлыг сайжруулах ажлууд хийх зайлшгүй шаардлагатай байна. Мал аж ахуйдаа суурилсан малын гаралтай түүхий эд боловсруулах аж үйлдвэр байгуулах, ялангуяа мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг барих хэрэгтэй байна. Товчхондоо бол Архангай гэсэн брендийг гаргах хэрэгтэй байна. Хуучины бренд бүтээгдэхүүнүүд ч байдаг газар шүү дээ. Ер нь аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлдвэрлэлийн эзлэх хувийг 30-40-д хүргэхээр зорих хэрэгтэй байгаа. Ингэж чадвал адаглаад сум, орон нутагт төвлөрөх татвар орлого нэмэгдээд ирнэ, өөрөө өөрийгөө тэтгэдэг болоод ирнэ. Иймд бид аймгийнхаа эдийн засгийг түргэн бөгөөд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах бодлогыг судалгаан дээр үндэслэн гаргаж шинээр ажлын байр олноор бий болгох шаардлагатай.
-Малчин залуусын хийж зах зээлд гаргах ажил, Монголыг Монгол байлгаж чадаж байгаа гавьяаг би үргэлж бахархан бодож байдаг. Юу юугаар илүүтэй дэмжвэл хөдөөгийн зах зээл малчиддаа ашигтай улсдаа тусдаа болно гэж бодож байна?
-Малчдын маань хувьд амьдралд нь бодит дэмжлэг болж, амьжиргааг нь дээшлүүлэхээр нэг зүйл бол яахын аргагүй малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудал байна. Сүүлийн жилүүдэд манай хөдөөд малын гоц халдварт өвчин, тэр дундаа шүлхий өвчин он дараалан гарч байгаа дуулдаж байдаг. Гэтэл эрүүлжүүлэх эм тарианы хангамж нийт малын 30 орчим хувьд л хүрэлцдэг юм байна лээ. Үүнээс болоод хөдөө аж ахуйн бараа, түүхий эд, махны экспортод асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Тэгэхээр бид хамгийн түрүүнд Архангайн мал эрүүл гэдгийг зарлах зайлшгүй шаардлагатай байна. Ингэж найдвартай, эрүүл малтай болж чадвал манай аймгаас эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд бүс нутгийн болоод Улаанбаатарын иргэдийн гар дээр очих боломж нээгдэж байна. Түүгээр ч зогсохгүй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ гадаадын аль ч улс оронд экспортлох боломж бүрдэх юм. Уул нь энэ олон малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаад, борлуулж чаддаг бол манай орны мал шиг цэвэр байгалийн ургамлаар хооллодог, гадны маш бага нөлөөтэй цэвэр орчинд тархан бэлчээрлэдэг цэвэр гарал үүсэлтэй мал ховор.
Мөн малчдын маань хувьд малынхаа тоонд бус чанарт илүү анхаарах шаардлагатай байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд энэ намар Тариат, Хангайн багуудад хэд хэдэн барга үүлдэрийн илүү нугаламтай хуцнууд өгсөн. Төлгөн хуцнууд гэхэд дандаа 50-70 кг татдаг нас бие гүйцэхээрээ өшөө том болно. Тэгэхэд манай нутгийн хонь маань нас бие гүйцэж байж 50 кг болдог. Энэ ч үүднээсээ малынхаа үүлдэр угшлыг сайжруулах, эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага байгаа.
Нөгөө талаасаа, Монгол Улсад агуулахын болон тээврийн аж ахуй буюу ложистик хөгжөөгүй. Энэ орон зайг л ченжүүд гэх хүмүүс эзлээд үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, борлуулах биржүүдийг аймаг болон гол төв сумууд дээр байгуулах хэрэгтэй. Эдгээр асуудлыг төрөөс бодлогоор дэмжээд, татвар болон бизнесийн урамшуулал олгоод явахад малчдын маань амьжиргаа, орлого нь дээшлээд явна. Үүнийг олон жил ярьж байна, тэгсэн хэрнээ яагаад гарт баригдаж, чихэнд сонсогдохгүй байгаад залуу хүний хувьд бухимдалтай байдаг. Тэгэх тусмаа энийг янзалчих юмсан, тэрийг болгочих юмсан гэх эрмэлзэл оволзоод болохгүй байгаа.
-Эрээний зах дээр элдсэн хурганы арьс хааш хаашаа нэг метр нь 500 юань байдаг. Таван метр нь 2500 юань гайгүй үнэд хүрч байгаа биз. Манай залуус хонины ноосоо зулаад хөвөнтэй дээл хийж зардаг юм байна. 120 юань гэсэн. Ер нь малчдад борлуулах таваар нь ч байна. Харин эмнэлэг, хөдөлмөр хамгаалал, мал эмнэлгийн ажилд хүчин мөхөсдөөд байдаг шиг. Ирээдүйн малчны хот ямар байна гэж боддог вэ?
-Үнэхээр өөрийн тань хөндсөн асуудлууд манай аймагт нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлууд. Зөвхөн Улаанбаатар гэдэг зах зээл байдаггүй, Эрээн, Бээжин, Улаан-Үд, Эрхүү, Москва, цаашлаад Сөүл, Токио гээд зах зээл байдаг. Тэр нь тийм ч хол биш. Гэрээ хэлцэл хийхэд гарын үсэг зурахаас илүүтэйгээр энэ чинь боломжтой ойрхон, манай сум багийнхан тэнд хүрч бүтээгдэхүүнээ нийлүүлж чадна гэдэг итгэл үнэмшлийг нь бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол энүүхэн энд Эмээлт, Хүчит шонхороор төсөөлөөд байвал одоогийн малчны амьдрал яг янзандаа л байна. Сэтгэл байгаад жаахан итгэл байвал хийчихнэ шүү дээ, бид өөрсдөө. Сэтгэлээ элбэн тохинуулах л хэрэгтэй. Нутгийнхантайгаа уулзаад явж байхад төрийн байгууллага, баг, хорооны засаг, захиргааны үйлчилгээ муу, эмнэлгийн үйлчилгээ тааруу байна гэж хамгийн их шүүмжлэгддэг. Бид хүндээ чиглэсэн бодлого гаргах, хэрэгжүүлэхдээ үнэхээр хойрго байна.
-Одоогоор сэтгэлд тань хийж гүйцээмээр олон ажил өрөөтэй байгаа юм байна. Монгол Улсад хэрэгтэй амин гол гэж хэлэхээр тийм ажлуудын явц, өөрийн оролцоо, ард түмний хүлээлтийн талаар хөөрөлдвөл…
-Нас залуу байгааг хэлэх үү хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл маань үргэлж дүүрэн байдаг. Бүтээхээр зорьж яваа ажил маань ч зөндөө байна. Миний нэг сул тал маань гэх юм уу, эхнэртээ үе үе шүүмжлүүлдэг зүйл маань гэвэл нэлээн ажил амьтай, хийсэн ажлаа хийж байж л дуусгах гээд байдаг талтай. Зарим үед дарга цэрэгтэйгээ муудалцах ч үе байна. Тэр бүртээ улсынхаа төлөө гэдэг бодол маань зөв зүйл рүү тэмүүлэхэд гол түлхэц болдог.
-Нээрээн эхнэр тань бас Архангайнх билүү?
-Тийм манай хүн Архангайн Цахирынх.
-Эхнэртэйгээ яаж танилцаж байсан бэ?
-Найз нараараа холбогдоод л танилцсан. Хүний амьдрал их сонин. Би чинь найз нараасаа нэлээн хойно эхнэр авсан. Эхнэртэй болооч, оройтлоо гээд гэр орныхон, найз нөхөд их хэлдэг байж. Хүнтэй суухгүй явж байгаад л, гэнэт ханьтайгаа танилцаад, бид хоёр нэг их удаагүй л нэг гэрт орсон. Одоо хүү, охин хоёртой. Манай хоёр хүүхэд чинь зундаа бол Цахирт л байдаг болсон. Нутаг хаана вэ гээд тоглоом, шоглоомоор асуувал одоохондоо Их Тамирынх гэж хэлэхээ мэдэхгүй, Цахирынх л гэнэ. (инээв) Анх танилцахдаа эхнэрийгээ манай нутгийнх гэдгийг нь мэдээгүй. Хүүхдүүдийн маань өвөө нь Цахирын Жамбалын Сандагдорж гэдэг бизнесмэн хүн байдаг. Бас л худалдаа үйлчилгээний салбарынх. Шашин шүтлэгтэй, номтой, нутаг усаа гэсэн сэтгэлтэй тийм л айлын хүргэн болсон доо. Хань маань одоо аавынхаа бизнесийг үргэлжлүүлэн эрхлээд явж байна.
-Та одоо өөрийгөө боловсорч гүйцсэн гэж боддог уу?
-Амьдрал өөрөө сургууль бөгөөд хүн хэзээ ч сурч мэдэж, боловсорч дуусдаггүй гэж хэлдэг. Яалаа гэж өөрийгөө болсон гүйцсэн гэж хэлэх вэ, харин цаг зав гаргаад сурч мэдэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл маань дүүрэн байдаг. Гэхдээ хувь хүн талаасаа ч тэр, улс орны өнөөгийн байдлыг ч харсан бидний хийж бүтээх цаг үе, алдаж болохгүй хурд, мөчлөг улсын маань өмнө тулгараад байна. Биеэ голохгүй улсынхаа хөгжилд түүчээ болох ёстой гэсэн эрмэлзэл дүүрэн байна. Надад өгсөн хүмүүсийн итгэл ч байна. Хэлж ярьж, зөвлөх хүн олон, нутаг усныхан маань ч байна. Зүтгэнэ дээ.
-Амьдралдаа барьдаг зарчим тань юу вэ?
-Бурхнаас хүнд заяасан үндсэн ажил нь хүн байх явдал гэдэг. Ер нь бол хүн хүнээрээ байх л хамгийн сайн зүйл гэж хэлэх байна. Жинхэнэ хүнийг, тэр тусмаа жинхэнэ эр хүнийг албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөг юу ч эвдэж чаддаггүй гэж боддог. Бас энгийн зүйлээс аугаа зүйл үүсдэг. Хүнтэй сайхан мэндлэх юмсан, хүн бүрийн үгийг яриаг нь таслалгүй сонсох юмсан. Шийдэж, туслах зүйл байвал туслах юмсан гээд л явж байна.
-Нутагтаа очихоороо буугаад морддог айл бол олон биз дээ?
-Олон байлгүй яахав. Ялангуяа морь малаар холбогдсон найз нөхөд сум болгонд л байдаг. Тэр болгон цаг зав муутай явдаг болохоор бүгдээр нь орж гарч амжихгүй л өнгөрдөг.
-Нутгаараа явахаараа хамгийн олон мэдрэгддэг зүйл юу вэ?
-Сайхан зүйлсийг алийг тэр гэхэв. Энэ хүү чинь гайгүй сайн хүү байна, Ганзориг чинь хүүгээ сайн хүн болгон өсгөж гэх үгсийг хөгшдөөс сонсож явахад, наанадаж аавын минь нэр, цаанадаж нутаг олны минь нэр гэж бодоод сүсэглэж явдаг. Аавынхаа нутаг руу харж морь хардаггүй юм гэдэг үгийг ч байнга бодож явдаг. Монгол нь монголоороо байх шиг, нутаг орноо гэсэн сэтгэлтэй байх шиг сайхан зүйл хүний амьдралд юу байхав. Ардчиллын үнэ цэнийг үл ойлгосноос сахилга бат, дэг журам, ёс зүй, хариуцлага алдагдаж, эмх замбараагүй байдал улс эх оронд маань нүүрлэсэн байна. Хавтгайрсан энэ үзэгдэл манай нутгийн хүрээнд ч үлэмж биш юмаа гэхэд үр дагавараа үзүүлж байна. Анд нөхөд эе эвдэрч, бие биенээ гомдоох, бидэнд олгосон олон нөхдийнхөө итгэл, сэтгэлийг уландаа гишгэх үзэгдэл далдаас ил рүү шилжлээ. Нийгэм маань их эвдэрч байна. Одоо бид сахилга, дэг журмыг ярих хэрэгтэй. Ардчилалд эрх чөлөө хэрэгтэй. Гэхдээ сахилга дэг журам манай улсын хөгжилд маш их хэрэгтэй гэдгийг залуус маань сайтар ойлгох хэрэгтэй. “Залуусын төлөө улс юу хийх вэ” гэхээс илүүтэй, “Залуус бид улс, орныхоо төлөө юу хийж чадах вэ?” гэж цаг тутам боддог байх ёстой. Залуу хүнийг сэрүүлэг биш зорилго нь сэрээх ёстой. Хийж чаддаг байсан зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх юм бол Монгол Улсад хөгжих боломж, гарц бий. Монголын заяа их шүү дээ.