-Манай улс төрийнхний нэрлэдгээрМо даргыг ярилцлагынхаа зочноор урьж байгаадаа баяртай байна. Хорин хэдэн жил урьж амжихгүй яваад байлаа.
-Нээрээ та бид хоёр анх удаа л ярилцаж байгаа юм байна.
-Тантай уулзаж, хүний ёс, хувь тавилан, улс төр, эдийн засаг гээд бүхий л сэдвээр хөөрөлдөхсөн гэж боддог байлаа. Миний хамгийн эхний асуулт та яагаад молекул гэдэг хочтой болсон тухай. Бодвол онц сурдаг, хөдөлгөөнтэй, гялалзсан хүүхэд байсан болов уу. Амьдралын,амжилтын тань түүхийг хараад байхад хурд мэдрэгддэг.
-Би өөрөө болохоор олон жил ингэж нэрлэгдэж явсаар энэ нэрэндээ бүр дасчихсан шүү дээ. (инээв) Анх 1996 онд их хурлын гишүүн болж байхад ч намайг энэ нэрээр маань л нэрлэдэг байсан. Би талийгаач С.Зоригийн фракцийн гишүүн байсан. Миний бараг бүх найз нөхөд тэр фракцид хамрагддаг байсан л даа. Манай Зориг тэгсэн нэг өдөр надад хэлж байна. Ерөөсөө молекул гээд ахыг дэмий нэрлэчихсэн юмаа. Нэг л эвгүй сонсогдоод байх юм.Одооноос эхлээд бид нар Мо дарга л гэдэг болъё гэж. За, яаж байгаа юм гэсэн чинь ингээдбодоод байхаар Мо дарга гэдэг чинь их гоё нэр юм байна. Моломжамц гээд жишээ нь, улстөрийн товчооны гишүүн байсан. Ер нь тэгээд Мо нэртэй дэлхийд нэртэй улсууд бас олонбайна. МО гээд том компани ч байдаг. Ерөөсөө ч бизнес хийдэг хүнд яг зохино гэж байна. Тэгээд л би Мо дарга гэдэг нэршилтэй болчихсон. Манай Зориг их хошин, гэрэл гэгээтэй хүн байж дээ. Би ч тэгээд аажимдаа энэ нэрэнд нь дасчихсан.
-Өө, Мо дарга гэж анх С.Зориг агсан нэрлэсэн юм уу?
-Тэгсэн юм.
-Тэгвэл Молекул нь хэзээний нэр вэ?
-Миний багын найзуудын өгсөн нэр. Тав зургадугаар ангид физикийн хичээл үзэж эхэлдэгшүү дээ. Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Нэлээн хөдөлгөөнтэй, хичээлдээ ч муугүй. Тэгээд л анх физикийн багш молекулын хөдөлгөөн гээд л хичээл дээр заахгүй юу. Тэгсэн манай ангийнхан намайг молекул чинь ерөөсөө яг энэ Батбаяр шиг юм байна. Чи бол молекул гээд,ингээд л нэршчихсэн. Тэдний маань өгсөн энэ нэр ингээд л намайг насан туршид дагаж явааюм.
-Хөгжилтэй түүх байна. Дунд сургуульд бол онц л авдаг хүүхэд байсан уу?
-Яах вэ, гайгүй сурна. Би чинь үнэндээ тийм ч амар хялбар амьдрал туулсан хүн бас биш шүү дээ. Үүнийгээ ч би нуудаггүй. Намайг есдүгээр ангид ордог жил миний ээж өвчнөөр нас барчихсан юм. Цэл залуугаараа. Бид эцэг эхээс ах дүү зургуулаа л даа. Аав маань нэлээн дээр үед өнгөрсөн болохоор бид нар бараг мэдэхгүй.
-Есдүгээр ангидаа бүтэн өнчирсөн байх нь. Та зургаан хүүхдийн хэд дэх нь вэ?
-Би хоёр дахь нь. Дээрээ нэг ахтай. Ингээд ээж маань нас бараад зургаан өнчин хүүхэд үлдлээ. Эцэг байхгүй, ээж нь өнгөрчихдөг. Тэгээд ээжийн ах дүү нарт бид нарыг нэг нэгээр нь хувиарлаж өглөө. Миний ээж эхээс дөрвүүлээ хүн байсан юм. Би ээжийн эгчид хувиарлагдаж очсон. Тэгээд л тэднийд ирсэн дээ. Ах дүү нар ярилцаад л бид зургаагийн хувь заяаг тэр үед ингэж шийдсэн. Тэр шийдвэрээр л бид чинь явна ш дээ. Би тэднийд арав төгссөн. Өөр сонголт байхгүй. Гэхдээ тэд маань надад яг өөрийнхөө хүүхэд шиг л ханддаг байсан. Миний ээжийн төрсөн эгч намайг бараг л өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг, өмөөрдөг. Хүүхдүүдээсээ илүүд үздэг, тийм л байсан. Би нэг юмыг ерөөсөө мартдаггүй юм. Эгчийн мааньнөхөр Дэмбэрэл гээд манай ах их сайхан хүн байсан. Би ч тэгээд айлд ирсэн хүн ажил их хийнэ. Угаасаа ч өөрөө хөдөлмөрч, зүгээр сууж чаддаггүй. Гэр орон цэвэрлэнэ, ус түлээзөөнө, нүүрс авна гээд гэр орны бүх ажлыг л хийнэ. Тэр үеийн хүүхдүүдийн ажил гэж барагдахгүй их ажил байсан шүү дээ.
-Улаанбаатарт байсан биз дээ?
-Улаанбаатарт, эгчийнх маань Ганданд байсан юм. Тэгээд би нэг удаа гадаа хивс гөвөөдбайж байлаа. Хүргэн ахынх маань нэлээд чинээлэг ч айл байсан юм. Дэмбэрэл ах намайгхарчихаад хүүхдүүдээ загнаж байсан нь миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Батбаяр манайд цэвэрлэгчээр ирээгүй шүү гэж. Энэ дурсамж миний сэтгэлээс ерөөсөө гардаггүй. Тэр үеийн улсууд тийм сайхан улсууд байсан юм шүү. Миний ээж Үйлдвэр хоршооллын цэцэрлэгт угаагч хийдэг хүн байсан. 230 төгрөгний цалинтай. Тэгээд зургаан өнчин хүүхдээ тэжээнэ гэдэг бол амар биш шүү дээ.
-Та зургаа өөр өөр айлд хувиарлагдчихаад ямар хугацаанд хоорондоо уулзалддаг байв. Ах дүү нар дундаа тарсан юм болохоор уулзалдана биз дээ?
-Уулзалдалгүй яахав. Дандаа эрэгтэй юм болохоор хичээлээ тараад нэг нэгэн дээрээ ороод гарна. Бидний хамгийн бага нь л эмэгтэй, бусад нь бүгдээрээ эрэгтэй шүү дээ. Сар шинээрбүгдээрээ цуглана. Нэг сургуульд явдаг болохоор байнга л хамт гэсэн үг. Ихэнх нь энэ 24 дүгээр сургууль төгссөн. Ээжийн маань ах дүүс биднийг ингэж л өсгөсөн. Харин одоо л хааяа уулздаг хүмүүс болоо юу даа.
-Аравдугаар ангиа төгсөөд шууд их сургууль уу. Хаана суралцав ?
-Аравдугаар ангиа төгсөөд би жинхэнэ манаргасаан. (инээв) Тэгээд яахав дээ, ээжгүй, эцэг байхгүй хүн чинь бас жаахан өөр гольдирол руу хэлбийнэ шүү дээ. Хэрэг төвөгт чорооцолдож явсан. Нуугаад байх юм байхгүй. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлдэг болсон. Тэгж яваад янз бүрийн юманд орооцолдсон. Золтой л шоронд ороогүй. Нэг юм мултраадаравдугаар ангиа төгслөө. Тухайн үед чинь социализмын үе байсан учраас сахилгагүй хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлж, хүн хийнээ гэдэг онол байсан. Хэдийгээр би сурлага сайтай байсан ч гэсэн. Намайг тэгж “шийтгэсэн”. Би тооны хичээлд бол үнэхээр сайн хүүхэдбайсан. Хот, дүүрэг, манай ангийнхан бүгд мэднэ. Ер нь л тэргүүлдэг байсан, математикийн хичээлд бол. Тэгээд нөгөө хэрэг төвөгт орооцолдоод, цагдаа магдаа болоод сүйд болсон болохоор намайг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ёстой хүүхэд байна гээд их сургуулийн конкурст оруулалгүйгээр шууд гуравдугаар цахилгаан станцад ажилчнаар хувиарладаг юм байна. Хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Тэгээд би гурван жил тэнд ажилласан. Гэхдээ сайн ажилласан. Тэгээд их сургуульд явсан.
-Конкурс өгөөд л орчихов уу?
-Конкурс өгөөд л Украйн руу уул уурхайн сургуулийн хувиар авсан. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын үе шүү дээ. Украйнд Уулын хүдрийн их сургууль гэж байсан юм. Тэнд орж суралцсан л даа.
-Уулын хүдрийн их сургуулиа? Ямар сонин нэртэй юм бэ?
-Уг нь Уул уурхайн их сургууль л даа, тэр үед л тийм нэртэй байсан. Тэнд таван жил сураад төгсч ирлээ.
-Украйн хоёр дахь эх орон байх нь.
-Украйн уу, тийм шүү дээ. Яах ч арга байхгүй. Миний оюутан ахуй үе, залуу халуун насны дурсгал шингэсэн газар.
-Төгсөөд юу хийв. Ирээд л яам хувиарлана биз дээ ?
-Бас их явдалтай түүх бий. Төгсөөд ирсэн. Тэр үед миний том хүү төрсөн байсан.
-Оюутан байхдаа хайр дурлалтай учирсан байх нь.
-Оюутан байх даа. Миний талийгаач хань чинь миний ангийн охин шүү дээ. Арван жилийн маань ангийн охин.
-Ямар гоё юм бэ ?
-Тийм ээ. Арван жилийн нэг ангийн хоёр. Ангийнхаа бүсгүйтэй гэрлэсэн.
-Та чинь аль арван жилийг төгссөн юм бэ?
-Би Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар арван жил төгссөн. Тэгээд хойно төгсөөд иртэлнамайг энэ Өвөрхангайн Баянтээхийн уурхай гэж бий шүү дээ. Тийшээ яв гэсэн юм. Тэгээд би нялх хүүхэдтэй явж чадахгүй гээд, оёдлын үйлдвэрийн нэгдэлд ажилд орсон.
-Уучлаарай яриаг тань тасалсанд. 10 жилд байхад ч яахав онц сурдаг хөвгүүдтэй охид үерхэх дуртай байдаг. Төгсөөд сургууль ч байхгүй, цахилгаан станцад хувиарлагдсан нөхөртэй тэр охин яаж үерхдэг байнаа?
-Бид хоёр яг арван жилд байхдаа бол үерхэж байгаагүй. Сүүлд би оюутны амралтаараа ирээд бид хоёр тааралдаад, тэгээд л үерхэж эхэлсэн. Оюутан байхдаа үерхсэн хоёр. Хань маань аравдугаар анги төгсөөд оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан.Насаараа оёдолчин хийсэн хүн. Их уран. Бид хэдийн бүх хувцсыг оёж өгдөг байсан.
Украйнд таван жил сурсан уу?
-Таван жил, бэлтгэлтэйгээ зургаан жил л дээ. Бэлтгэл Эрхүүд. 1971 онд арав төгсөөд, гурван жил станцад ажиллаад, 1974 онд бэлтгэлд явсан.
-Мэргэжлээ сонгохдоо яаж сонгож байв даа?
-Би өөрөө л сонгосон. Ид Эрдэнэтийн үйлдвэрийг барьж байлаа. Тэр үед чинь бүх юм төлөвлөгөөтэй байлаа шүү дээ. Хэдэн инженер хэрэгтэй юм, хэдэн монтёр хэрэгтэй юм, хэдэн баяжуулагч хэрэгтэй юм гээд бүгдийг улсаас төлөвлөсний үндсэн дээр хүмүүсээ сургахаарявуулдаг байсан. Тэр Эрдэнэтийн үйлдвэрт л бид бэлтгэгдсэн.
-Тийм байх нь. Украйн бол маш гоё дуу хууртай, ер нь л өвөрмөц сайхан газар. Одоо хариндэлхийн анхаарлын төвд, зовлон чимээлсэн газар болчихлоо. Таны дотор явдаг Украйны өчигдөр хийгээд өнөөдрийн тухай асуувал?
-Украйн бол үнэхээр сайхан орон. Хүмүүс нь их чанартай, бас яг орос хүнээс арай өөр. Гэхдээ л ер нь их орос тал ругаа илүү төстэй хүмүүс л дээ. Жаахан үндэсэрхэг үзэл биднийг оюутан аухй үед ч анзаарагддаг байсан. Та нар украйнаар ярьсангүй гэж ч байх шиг. Бид чинь украйн хэл мэдэхгүй шүү дээ. Орос хэл дээр л хичээлээ үзнэ. Та нар Украйнд сурч байгаа учраас украйнаар заавал ярьж сурах ёстой гэж ятгах ч юм уу, нэг тиймэрхүү шинж бол ажиглагддаг л байсан. Тэр нутаг орон нь, хүмүүс нь ямар сайхан гэж санана. Би украйн хүмүүсийг муу хүн гэж хэзээ ч хэлж чадахгүй. Мэдээж Хятадад ч, Монгол ч, Украйнд ч,Орост чдэлхийн хаана ч сайн муу хүн дүүрэн бий. Сайн нь бүр ч олон байдаг шүү дээ.
-Өнөөдрийн Украйны тухай бодохоор сэтгэл тань өвддөг байх.
-Надад бас эвгүй санагддаг шүү. Тэнд газар газрын залуучуудтай сурч байсан үе маань санагдана. Найз нөхдөө хаана явдаг юм бол гэж бодно. Тэр үеийн сайхан Украйн өнөөдөр алга болж байна л даа. Үргэлжийн дотоодын зөрчил тэмцэлтэй, улс төрийн асар олон бүлэглэлүүдтэй, тэд нь хэзээ ч санаа нийлдэггүй ийм л газар байсан. Үүнээсээ болоод л ийм зовлон луу орсон нь надад харамсалтай санагддаг. Украйн орон бол асар их хөгжилтэй орон байх тийм улс орон шүү дээ. Намайг сурч байх үед бол бараг 50-иад сая хүн амтай, асар их хөгжсөн орон байсан. Улс төрөөс нь л бүх юм болчихлоо. Сая Ерөнхийлөгч танд өгсөн ярилцлагандаа хэлсэн байсан. Дотоодын зовлон маань улс төр дээр суурилчихаад байна шүү гэж. Энэ чинь үг шүү, таминь ээ.
-Үнэхээр үг. Дотроо учраа олохгүй явсаар бусдын идэш болдог түүх олон бий шүү дээ.
-Ерөөсөө л тэр шүү дээ.
-Түрүүн хоёулаа ярьж байлаа. Социализмын үед хөдөлмөрөөр хүмүүжүүлнээ гээд л ерөнхийдөө нам төрийнхөө зааснаар л хувь заяаг нь шийдээд шийтгээд явчихдаг байж. Нэг талаас харамсалтай явдал. Залуу насны гурван жилийг алдана гэдэг.
-Мэдээж харамсалтай талаас нь бодоод байвал тийм. Гэхдээ би буруутгаж боддоггүй. Нэгэнт туулаад л гарсан.
-Гурван жил ажиллаад явлаа, Зөвлөлтөөс сайхан шижигнэсэн инженер ирж. Гэтэл басхөдөө хөөдөг. Харин та бол нялх хүүхэдтэй гээд яваагүй юм байна. Тэгээд та хаана ажиллав?
-Тэр удаа би шийдвэрээр нь яваагүй. Оёдлын үлдвэрийн нэгдэлд монтёр хийсэн. Би чинь уг нь баяжуулагч инженер мэргэжилтэй хүн шүү дээ. Монтёр хийе. Миний энэ баяжуулагч инженер мэргэжил ерөөсөө л Улаанбаатарт амьдрах бололцоогүй юм байна гэдгийг мэдэж байгаа юм чинь. Тэгээд бууж өгөөгүй ээ. Энд Политехникийн дээд сургуульд сурлаа.
-Ахиад сурдаг.
-Монгол улсын их сургуулийн Политехникийн сургуульд нь цахилгааны инженерийн ангид сурсан. Давхар цахилгаанчин хийгээд. Ингээд цахилгааны инженер болоод, дараа нь ахуй үйлчилгээний комбинат гэж байсан. Хими цэвэрлэгээ угаалгын комбинат гэж байсан юм. Тэнд очиж ажиллалаа. Тэгж ажиллаж яваад нөгөө комбинатынхаа дарга ч болсон. Нэлээн хичээл зүтгэл гаргаж ажилласан. Тэнд чинь мянга гаруй хүүхэн байдаг байлаа шүү дээ. Бас л их бэрхшээлтэй газар байсан. Яахав юм хийнэ гэсэн залуу хүний зүтгэлээр дайраад л орсон. Би танд нэг сонин түүх ярих уу?
-Тэг л дээ.
-Комбинатын дарга болчихлоо. Шкода унадаг аймаар л дарга болдог юм байна. Мянган хүнтэй комбинатын дарга гэдэг том хүн шүү дээ. Тэгээд шкодагаа унаад л явна. Би чинь гучин хэдхэн настай. Энэ төв гудамжаар, их дэлгүүрийн урдуур явах их дуртай. Машин дотроо сонин уншаад л. Намайг хүн харж байгаа болов уу гээд нүднийхээ булангаараа гудамж руу хараад л. (инээв) Тэр чинь залуу хүн юм чинь. Аймаар том дарга болчихсон бодогдоод л, өөртөө итгэл сууж эхэлж байгаа юм чинь. (инээв) Ер нь хүн өөртөө итгэх юм бол юуг ч бүтээж,байгуулж чаддаг . Ганцхан хүн өөртөө л итгэх ёстой, зүтгэх ёстой, зорих ёстой. Би ийм л юмыг хүмүүст хэлэх дуртай. Одоо бас жар гараад хүнд сургах дуртай болж байх шиг байна.
-Та баабар.мн клубын уулзалт дээр анх ирсэн дээ. Г.Дашрэнцэн эд нар “Хүүе, манай ангид ямар шинэ хүүхэд ороод ирэв ээ” гээд л. Тэгэхэд та хэлж байсан. Би наашаа орж ирэх гэж тэрблог дотор бас нэлээн хэдэн сар гүйлээ шүү дээ гэж. Тэгэхэд би бодож байсан. Энэ хүншалгуурыг давахаас залхдаггүй , юмыг хялбарчилдаггүй хүн юм байна гэж.
-Яагаав, нийтлэлчдийн дор блогчид гээд байдаг шүү дээ. Тэнд чинь би найм есөн сар болсон.(инээв) Анх би хүүхдүүддээ бичсэн захиануудаа Баабарт үзүүлсэн юм. Бид найзууд л даа. Энэ захиануудыг би хүүхдүүддээ бичдэг юм. Миний хүүхдүүд оюутан байсан. Нью-иоркт бүгдээрээсурч байсан. Тэгээд би гараараа захиагаа бичээд шуудангаар явуулдаг байсан байхгүй юу.Тэр үед ямар майл гэж байсан ч биш. Тэгж анх бичиж эхэлсэн . Баабарт нэг өдөр захиануудаа үзүүлсэн. Баабар маань намайг үнэлсэн л дээ. Би чинь бөөн баяр болж байгаа юм чинь. Баабар та нарын дэргэд миний бичих гэж юу байхав. Би чинь цахилгааны инженер хүн. Баабар надад хэлсэн. Энэ захиануудаа бусад залууст зориулж ил гарга гээд. Тэгээд “Непко” дээрээ хатуу хавтастай маш гоё 400 ширхэг ном хийлгээд надад бэлэглэсэн. Чи хүнд өгч бай, энэ бол маш гоё бэлэг болно гээд.Б.Цэнддоо өмнөх үгийг нь бичээд энэ ном гарах завшаан надад олдсон. Тэгээд би урамшаад юм бичдэг болсон, блогт найман сар үзсэн.Дараа нь та нарын нийтлэлчдийн клубын гишүүн болсон нь тэр.
-Уншигчдын тооны босго нь 10 мянга давж байж орж ирдэг журамтай.
-Би тэгвэл шалгуураа хангаад л орсон юм байна шүү дээ. Та нар юунд шинэ хүүхэд ороод ирэв гээд байсан юм. (инээв)
-Өөр нэг зүйлийн тухай асууя гэж боддог юм. Ши.Батбаяр буюу Шийбэр гэдэг улстөрч та нартай хамт парламентад байсан. Дараа нь хэвлэлийн дайралтанд өртөөд, бөөн шуугиан болсон. Тэгэхэд Баабар та хоёр өмөөрсөн. Өөрөөр хэлбэл, Батбаярууд нь хамгаалж бичиж, дуугарцгаасан. Тэр үед нөгөө нөхөр бол ХУ намын л нэг хүн шүү дээ. Би энэ явдлыг ерөөсөө мартдаггүй юм.
-Нам гэдэг бол мэдээж үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Би үүнийг үгүйсгэхгүй. Биөөрөө ч анхнаасаа л ардчиллыг дэмжсэн. Одоо ч дэмжинэ, цаашид ч дэмжинэ. Энэ намын л хүн. Гэхдээ хүн гэдэг юм чинь бас их үнэтэй эд шүүдээ. Би нэг юманд их эмзэглэдэг. Хувь хүний үнэт зүйл, үнэт чанар гэж зүйл бий. Энэ зүйлийн төлөө бол бид бие биенээ хайрлаж хамгаалж явах ёстой шүү дээ. Зүгээр эрх ашгаар нэг нэгнээ хамгаалдаг, эрх ашгаар нэгдчихээд бусдыг гүтгэдэг юм мэр сэр байна. Хүнийг дайрч, доромжилж болохгүй. Хэтрүүлж,давсалж болохгүй. Энэ ойлголт л Шийбэрийг хамгаалах шалтгаан байсан байх.
-Тийм ээ, тантай санал нэг байна. Хоёулаа эргээд нөгөө яриандаа оръё. За, тэгээд дарга болжээ. Шкода унасан том дарга болж. Та ер нь хэдтэйдээ аав болж байсан бэ?
-Би 26-настайдаа анхныхаа хүүг угтаж авч аав болж байсан. Тэр үедээ бол орой аав болсон.Хоёр дахь нь 27-тойд төрөөд, гурав дахь нь 28-тайд төрсөн. Ерөөсөө жил дараалаад эхний гурав нь төрсөн. Яг нэг нэг жилийн зайтай. Гурван жилийн дараа миний бага хүү төрсөн.
-Тэгж байтал алдарт өөрчлөн байгуулалт өрнөв үү. Машин унадаг дарга болчихсон байдаг. Нийгмийн өөрчлөлт давалгаалаад ирдэг. Энэ үеийнхээ тухай яривал.
-Яг л тэгсэн дээ. Би даргын албаа шууд хаясан. Тэгээд хөдөлмөрийн хоршоолол байгуулъя гэж бодсон. Намайг хүмүүс янз янзаар л ярьдаг юм. Шуналтай энээ тэрээ гээд л. Зарим нэг хүний намайг яаж харах надад сонин биш. Би үнэхээр мөнгө олъё гэж бодож байсан. Би мөнгөтөй хүн сайхан амьдардаг юм байна. Мөнгө олох нь зөв юм байна. Бүх ард түмэн ядуу байх ёсгүй юм байна гэдгийг ухаарчихсан залуу байсан. Тийм ч учраас боломжийн ажил албаа орхиод хамгийн анхны хоршооллуудын нэгийг байгуулсан. Нөгөө ахуй үйлчилгээний комбинатад байсан хүн учраас бас ойлголт суусан л байсан байхгүй юу. Хими цэвэрлэгээний үйлчилгээг маш сайн мэддэг байсан. Хими цэвэрлэгээ бол таван мянган төгрөг гаргаад тавин мянган төгрөг олох үйлчилгээний бизнес юм байна гэдгийг би олж харсан. Ахуй үйлчилгээний салбарын хамгийн ашигтай ажил нь хими цэвэрлэгээ л байсан. Би нэг ийм химийн машинтай болчих юм бол ёстой дорхноо баяжих юм байна гэдгийг бүр социализмын үед боддог байсан. Гэхдээ бодоод бодоод тэр үед тэрийг хийх боломж байхгүй байсан юм чинь. Тэгтэл престройка болоод, хоршооллын хөдөлгөөн эхэлсэн. Аж ажуй нэгж ажиллахыг зөвшөөрч эхэлсэн. Би эргэлзэх юмгүйгээр ажил албаа хаясан. Тэгээд улсаас зуун таван мянган төгрөгийн зээл авсан.
-Тэр үедээ бол аймаар том зээл байсан байна. Яаж авах уу?
-Тэр үедээ бол хүний хөдөлмөрийн дундаж цалин нэг сард 400 төгрөг байсан. 105 мянгантөгрөг хэдэн хүний цалин байсан бэ. Гэхдээ би айгаагүй. Монголд ганцхан банк байсан. Тэр нь Монголбанк. Монголбанкнаас зээлээ аваад л шууд химийн нөгөө машинаа авсан. Чойрын цэргийн ангиас авсан юм шүү дээ.
-Дотоодоосоо авсан юм уу. Гаднаас л авчирсан байх гэж бодож байлаа?
-Гадаадаас авах боломж байхгүй л дээ. Дотоодын цэргийн ангид тэр химийн машиныг ажллуулж чадах хүн байхгүй. Цоо шинээрээ байж байсан. 200 мянган төгрөгний үнэтэй машин. Би тэрийг яаж авсан гэхээр үнэндээ найрсаар байгаад 105 мянган төгрөг болгож буулгаад. Тэгээд тэр мөнгөө Монголбанкнаас зээлээр аваад л, шууд Чойрын цэргийн ангид шилжүүлж машинаа авсан. Дараа нь энд нэг уурын зуух байсан. Ашиглагдахгүй, бүр нурах шахсан уурын зуух .Тэрийг би түрээсэлсэн. Надад гучин хэдэн мянган төгрөг хувьд мааньбайсан юм. Бүх насаараа цуглуулсан л мөнгө маань тэр байсан. Оюутан байхаасаа эхлээд лцуглуулсан. Уг нь москвич авъя гээд Их дэлгүүрт захиалгаа өгөөд очёрт нээрээ бичүүлсэн байсан. Тэрийгээ ч болиод уурын зууханд засвар хийгээд нөгөө машинаа авчирчсуурилуулаад л эхэлсэн. Миний анх мөнгө олсон юм бол ерөөсөө л энэ бизнес маань.
-“Болор” хими цэвэрлэгээ гэдэг нэрийг мэднэ. Яагаад “Болор” гэж нэр өгсөн юм ?
-Манай талийгаач хань бид хоёр бодож ярилцаж байгаад л болор шиг тунгалаг байгаасай бидний эхэлж байгаа энэ зүйл гэж бэлгэдэж л өгсөн юм. Тэр үед манай хамаатнууд намайггайхширч байсан. “Үгүй, мөн тэнэг хүн ээ. Яахаараа гэнэт ингэдэг байна вэ. Ийм их зээл авч байдаг. Энэ шоронд орвол яанаа. Ийм сайхан ажлаа хаяад, ийм юм хийж байх гэж. Бараг орлогч сайд болох байсан ажлаа хаяад шүү. Үнэхээр тэнэг хүн юм аа” гээд л шагширсанулсууд байсан. Би өөрөө бол мэдэж байсан. Гурван сарын дотор өрөө төлнө гэж бодож байсан. Бүх тооцоог хийсэн. Гурван сарын дотор зээлээ төлсөн. Зээл маань жилийн гурван хувийн хүүтэй зээл байсан. Хэдийгээр ах дүүсийнхээ үгийг сонсохгүй царайлж байвч дотроо бас хүнд шүү дээ. Нээрээ би бүтэлгүйтвэл, өрөнд ороод шоронд явбал энэ хэдэн хүүхэд, хань маань яах вэ. Би хамаагүй буруу хөдөлж болохгүй юм байна шүү гэж бодно шүү дээ. Ингээд л зүтгэсэн. Гурван сарын дараа өрөө төлсөн. Дахиад гурван сар болоход би 100 мянгантөгрөгтэй болж байгаа юм чинь. Тэрүүгээрээ би зэс цуглуулсан. 1989 онд шүү дээ. Анхны тэр зэсээ Хятадын нэг компанид өгч, тэр үед химийн хор ховор байсан, тэгээд химийн хор авч байсан. 28 тонн зэснийхээ мөнгөөр нэг хэсэгт нь химийн хор аваад, үлдсэнийг нь Хонгконгийн компанитай гэрээ хийж байсан. 39 мянган доллартой энд иртэл хадгалах газар олддоггүй. Монголбанкинд хадгалууллаа. Тэр үед ганцхан байсан банк нь л Монголбанк юм чинь. Тэнд валютын хадгаламж нээлгээд, 39 мянган доллараа хийчихээд сууж байсан чинь хоёр хоногийн дараа намайг НАХЯ дуудлаа. Ийм их доллар хаанаас авч ирсэн бэ гээд л байцаагдлаа.
-Нөгөө орос чихрийн цаас хаанаас авав гэдэг шиг л юм болж дээ.
-Валютын хэрэгтэн гээд намайг арай ч гавлаагүй байх. (инээв) Чи энэ их мөнгийг хаанаас авсан. Манай монгол улсад хамгийн их валютын хадгаламжтай хүн бол таван мянга хүрэхгүй доллартай хүн л байгаа. Тэр хүн бол насаараа гадаадад ажилласан хүн. Чи гэтэл нэг л өдөр39000 доллар авчраад банкинд хийчихсэн.Чамайг ерөөсөө шоронд хийнэ барина гээд сүйд болсон. Тэгээд яахав дээ,хулгай хийсэн биш. Худлаа хэлсэн биш. Эх үүсвэр нь тодорхой. Би“Монгол импекс” компаниар зуучлуулаад Хонгкогт 28 тонн зэс зарсан. Тэр мөнгөө бэлнээр нь очиж авсан. Гэрээ бүх юм нь байгаа юм чинь. Тэгсэн чинь л эрүү үүсгээд явчихсан. Ингээд шалгагдаад байж байтал 1990 оны 3 сарын 8- нд талбай дээр жагсаад унасан. Бөөн бужигнаан. Тэгтэл хэргийн маань зүйл ангийг өөрчлөөд, ерөөсөө хоршоолол бол зургаан хүн нийлж байгуулсан нийтийн өмч. Энэ өмчийг ганцаараа өөрийнхөө Ж.Батбаяр гэдэг нэр дээр хадгалсан байна. Нийтийн өмчийг зүй бусаар завших гэж байсан гэж ял төлөвлөөд шоронд оронгоо алдсан. Гэтэл манайхан талбай дээр жагсаад бөөн юм боллоо. Өнөө НАХЯ юун надтай манатай болсон. Би ч дэмжээд шууд ардчилсан хөдөлгөөн рүү яваад орсон. Социал демократ намыг дэмждэг байсан. Үйлдвэр худалдааны сайд байсан Цогт бид хоёр их найз.Бид хоёр хамт сурч байсан юм. Цогт бид Баабарын “Бүү март, мартвал сөнөнө”-ийг нууцаартараадаг. Залуучууд юм чинь дээ. Нийлээд л дэмжсэн. Нөгөө НАХЯ ч намайг хаялаа. Энэ нэгардчилалд явдаг нөхөр гээд шийтгэхээ болиод орхисон байх. (инээв) Ингээд манай “Болор”хоршоо анхны валютын дансыг Монголбанкинд нээгээд салсан. Валютын данс гэж ч тэр үед манайд байхгүй байлаа шүү дээ. Ингэж ах нь хөл дээрээ босч байсан. Ганчимэг ээ, ерөөсөө хүн зорилготой л байх ёстой. Тэр зорилго чи өөрөө бодож тооцсон зорилго байх ёстой.
-Тэр үед чинь хүмүүс хөдөлгөөнд ороод ганзгын наймаа хийгээд явцгаасан шүү дээ. Та бол суурин бизнес барьж авсан юм байна.
-Би өөрийнхөө зорилготой , зорилгынхоо төлөө тэмцээд өөрөө олдог мөнгөтэй болчихсон байхгүй юу. Би өөрөө үйлдвэрлэлээр мөнгө олно л гэсэн зорилготой байсан.
-1998 онд шиг санаж байна. Манай сонины хэдэн сэтгүүлч хоорондоо ярьж байсан юм. Яг одоо таван сая доллар гаргаад ир гэвэл монголд Мо дарга л байдаг гэнэ гээд. Тэр үед таван сая доллар гэдэг аймаар сонсогдож байгаа юм чинь.
-Одоогийн бараг 500 сая доллар шиг л сонсогдоно. Яг тэр үед бол надад арай бэлэн таван сая доллар байгаагүй ээ. Яахав бүх хөрөнгөө тооцвол байсан байх. Би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү, уучлаарай. Залуу хүүхдүүдэд тус болох байх гээд хэлэхэд бизнес хийе гэж байгаа бол хүнтэй хамтрах л хамгийн чухал. Хүнийг дэмжих хэрэгтэй, хүнтэй хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Чи ганцаараа л зүтгээд байх юм бол чиний олдог мөнгө хэмжээтэй шүү . Чи олон хүнийг ажиллуулах тусам, хэдий чинээ олон хүн ажиллана төдий чинээ их мөнгө олно. Нэгдүгээр асуудал энэ. Чи олон л хүнийг ажиллуул. Тэр олон хүмүүсийг битгий гомдоо. Өгдгийг нь өг, чи өөрөө авахаа ав. Бизнес хийх нэгдүгээр зарчим энэ.
-Хоёр дахь нь?
-Хоёр дахь нь юу гэхээр чи зөв зүгт алх. Чи бодож тооц. Тэгээд урагшаа хараад л алх. Зөв гэж бодсон бол шантрахгүй алх. Битгий ай. Айхгүй байна гэдэг бол агуу чанар. Чи хийе гэсэн юмныхаа төлөө, зорилгынхоо төлөө юуг ч битгий хайрла. Сайн муу гээд юуг ч хамаагүй чи бүгдийг туулж чад. Гүтгэгдэх ч хамаагүй. Чи зөв гэж бодсон бол түүнийхээ төлөө эцсээ хүртэл яв. Би хүүхдүүддээ нэг үг бас хэлдэг юм. Намайг бага байхад миний эмэг ээж надад хэлж байсан юм. Муу амьд явахаар сайн үх гэж. Энэ хатуу боловч үнэн үг шүү. Чи сайхан амьдрая,сайн явъя гэж бодож байгаа бол зорилготой бай. Бодож тооцсон зорилготой бай. Түүнийхээ төлөө урагшаа алх. Чамд бүх юм тохиолдоно. Хүйтэн цас, халуун нар, усан бороог битгий ажир. Зорилгодоо хүрнэ гээд л алхаад бай. Юунаас ч битгий ай. Энэ үгс маань миний хүүхдүүдэд шингэсэн байх.
-Та улс төрд зориулсан амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Одоо танайхан эрх барьж байна. Та албан тушаал авсангүй. Явж байгаа бодлоготой санал нийлэх ч юм байдаг биз, нийлэхгүй ч юм бий биз?
-Би анх социал демократ намд элссэн. Миний бүх найзууд л энэ намыг байгуулсан. Хамтдаа явцгаасан. Би тэднээрээ бахархаж явдаг. Би ч өөрөө оролцож явсан. Өөрийнхөө сонголт, өөрийнхөө энэ түүхээр ч бахархдаг . Өнөөдөр засаг төрийг зарим нь шүүмжилж л байна. Би чинь бас энэ намын нэг зүтгэлтэн хүн. Нэрмэж шүүмжлээд яахав. Явах ажлууд нь бас явж л байгаа биз. Явахгүй зовоож байгаа юм ч олон л байгаа байх. Би ийм үед нь гаднаас хошуу нэмэхгүй. Ардчилсан нам бол Монгол дахь ардчилсан үзлийн эцэг нь юм шүү. Тийм учраасманай монголчууд хайрлаж байх ёстой. Эцгээ үзэн яддаг хүн гэж байхгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан. Таны ажиллаж байсан тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинг хувьчлагдахад би 92 мянган доллар зээлж байсан юм шүү. Гэхдээ би тэнд ямар ч хувьцаа эзэмшихийг хүсээгүй. Өөрийн үзэл бодлоороо л хийж байгаа зүйл. Анх төрийн мэдлээс хэвлэл мэдээлэл гарах тэр үйлсэд л гар бие оролцож байгаа нь тэр.
-Танд нэг том хобби байдаг. Тэр бол уран зураг. Хятадын хамгийн алдартай зураач ЦиБайшигийн 1861 оны “Шувуу” гэдэг зураг гэхэд л танд байдаг. Энэ бол бизнесмен хүнд байдаг хамгийн том соёлуудын нэг нь гэж би хувьдаа хардаг. Уран зураг руу хэдийнээс оров?
-Урлаг уран зураг гэдэг бол агуу ертөнц. Яагаад агуу гэдгийг түмэн янзаар тайлбарлаж болно. Би нэгийг нь л хэлье. Энэ бол хэзээ ч дуусашгүй өв байхгүй юу. Хүн төрөлхтөн мянган жилийн өмнө ч урлагийг бүтээж л байсан, одоо бүтээж л байгаа. Мянган жилийн дараа чбүтээх л болно. Тиймээс хэмжээлшгүй их баялаг. Улс орны ч баялаг, хувь хүний ч баялаг.Тийм учраас би уран зурагт орсон юм. Би хамгийн анхны зургаа 1976 онд оюутан байхдаа авч байсан. Батбаяр гэдэг хүн ерөөсөө юм цуглуулах хоббитой төрчихсөн юм шиг байгаа юм. Эхлээд марк цуглуулсан. Арван жилд байхдаа л. Оюутан болоод Москвад беговийн метронытэнд цуглуулагч нар хагас бүтэн сайнд уулздаг байсан. Би хааяа Москва орж ирнэ. Тэгэх бүхэндээ очиж олон жил цуглуулсан маркаа зардаг, сольдог, авдаг байсан. Тэгж яваад оросын алдартай цуглуулагч найз нартай болсон. Орос хятадын цглуулагч нар чинь асар баян шүү дээ. Бүр үе дамжаадаад, өвөөгийнх нь ааваас эхлээд л цуглуулсан байдаг. Асар үнэтэй өвтэй байдаг. Оросын нэг цуглуулагч найз маань надад хэлсэн л дээ. Маркийг бол сурагчид цуглуулдаг юм. Чи одоо оюутан болсон. Өөр юм сонирх, энэ уран зургийг хар гээд.Тэгж би зураг руу орж байсан. Хамгийн анхны Ци Байшийг би тэр Миша гэдэг цуглуулагчаас авсан байхгүй юу. Миша намайг гэртээ аваачаад өөрийнхөө цуглуулгыг үзүүлсэн. Европын алдартай зураачдын зургууд байсан. Тэгээд католог үзүүлээд л энэ Пикассо, энэ Ленардо ДаВинчи гээд л үзүүлээд тайлбарлаад. Өөрийн цуглуулга дахь бүх үнэтэй бүтээлүүдээ үзүүлсэн. Тэр үед хуурамч юм гэж байдаг байсан биш .Уран зураг цуглуулдаг хүн ч ховор. Хүн бүхэн ядуу, өнөөдрөөс маргааш хүрэх төдийд амьдардаг байсан юм чинь. Тэр хүн надад Ци Байшийг танилцуулсан. За, чи Ци Байши гэдэг хүнийг мэдэх үү гэсэн. Би мэдэхгүй л гэсэн.Тэгээд манай хүн надад танилцуулаад, тайлбарлаад, танай азид ганцхан зураач дэлхийд эхний аравт ордог. Тэр зураач орчин үеийн урлагийн эхний арван төлөөлөгчийн нэг ЦиБайши юм гэж. Ингэж анх би мэдсэн. Өөрт нь хэд хэдэн Ци байши байсан. Тэгээд чи нэгийг нь авч болно, гэхдээ маркаар солъё гээд тэгээд гурван зуу гаруй маркаар сольж авсан түүхтэй.Тэр зургийг 100 орчим доллараар авч байсан.
-Та энэ “Шувуу”-гаа хэдээр авч байсан бэ?
-Энийг бол би хорин сая төгрөгөөр авч байсан. 1999 онд авсан. Лодонгийн Гаваа гээд алдартай зураач байдаг шүү дээ. Тэр зураачийн хүү Төмөр гээд нэг хүн байдаг юм. Тэр хүүгээс нь худалдаж авсан юм. Аав нь хүүдээ уламжлуулж үлдээсэн юм байна лээ.
-Таныг хэвлэлээр шүүмжилж л байдаг. Гэхдээ тийм олон төрлөөр бусад улстөрчид шиг баалаад байгаа юм байдаггүй. “Талстмаргад” гэж таны хүүгийн компанийг их бичих юм. Хөвсгөл дэх фосфоритын ордтой холбоотой асуудлаар. Би таныг хамгаалах гэж ч ирээгүй.Миний ажиглаж байгаагаар нэлээн олон тоогоор л бичүүлчих шиг боллоо. Нэгэнт миний ажил юм чинь баримт юмыг нь сонирхож байсан. Энэ тухай асуувал та ямар нэгэн тайлбарөгөх үү?
- Тэгэхээр Ганчимэг ээ, уг нь бол энэ талаар би ярих дургүй. Энэ талаар намайг Өнөөдөр сонин дээр 127 удаа бичсэн. Зөвхөн Өнөөдөр сонин. 2007 оноос өнөөдрийг хүртэл долоон жил бичсэн. Одоо бүр их шаргуу бичээд эхэлсэн бололтой байна лээ. Би энэний түүхийг хүмүүст хэлэх нь зүйтэй гэж бодож байсан. Тэгсэн ч дугараагүй. Гоншигноод явах дургүй болохоор ямар ч тайлбар хэзээ ч хийж байгаагүй.
-Ер нь тайлбар хийж байгаагүй байх шүү. Дуугүй яваагийн ард “но”-той асуудал байдаг ч тал бий. Та надад ярьж болохгүй юу?
-Би ярья. Үнэн бүх явдлыг л ярья. Хөвсгөлийн Бүрэнтогтох суманд Бүрэнхааны фосфоритын орд гэж байгаа. Тэр ордыг манай хүүгийн компани эзэмшдэг нь үнэн.
-Тэнд чинь бас хятадууд авсан хэд хэдэн орд байдаг юм лээ. Яахаараа тэд тэнд орд эзэмшиж байдаг юм бол. Танайх хамтарсан юм байна уу?
-Тиймээ, тэнд хятадууд ордтой. Тэрийг их олон хүн мэдэх байх. Тэнд нийтдээ дөрвөн хэсэг компани лицензийг нь эзэмшдэг юм. Яагаад гэвэл би бичүүлсээр байгаад өөрийн эрхгүй судалж үзнэ шүү дээ, бас. Би тэгэхээр мэднэ. Бас энэ миний хүүгийн хийж байгаа бизнес учраас би мэдэх учиртай ш дээ. Тэгэхээр тэр дөрвөн компани дотор ганцхан монгол компани байдаг юм. Тэр нь тэр миний хүүгийн “Талстмаргад” гээд бичээд байдаг компани. Бусад гурван компани нь 100 хувийн хятад эзэмшилтэй компаниуд.
-“Талстмаргад” гэдэг компанийг танай хүү монголчуудаас худалдаж авсан гэх баримт бий. Яг монголчуудаас авсан юм уу?
-Тэгсэн. Миний хүү 2004 онд Нью-Иоркийн их сургууль төгсч ирсэн. Ирээд миний хүү ажилгүй байсан л даа. Хорин хэдэн настай хүүхэд. Би хүүгээ хараад л яваад байсан. Би ч хийх ажилгүй, манай хүүхэд ч хийх ажилгүй. Гэхдээ би ч яахав компаниа эмхлүүлнэ. Тэгээд би хүүдээ хэлсэн юм. Миний хүү нэг юм олж хий. Чи зүгээр хийх ажилтай бол. Хамгийн эхлээд хийх ажилтай бол. Би чамд тусалъя. Би чамд мөнгө зээлье гэж. Үнэхээр би зээлсэн шүү.
-Тэр бас эцэг хүний бодол байх л даа. Аав нь хүүдээ зээлнэ гэдгийг зарим нь ойлгохгүй л байх. Гэхдээ би ганц хоёр тийм шийдэл гаргасан аавыг мэднэ. Ц.Шинэбаяр (гишүүн асан)хүүгээ гадаадад сургуульд сурахаар явахад нь гэрээ хийж мөнгө зээлүүлсэн байдаг юм билээ.
-Тийм үү, бид хоёр бас гэрээтэй. Тэр чинь залуу хүүхэд шүү дээ. 22 настай хүүхдийг зүгээр мөнгөөр цутгаж болохгүй биз дээ. Би нэг үг хэлсэн. Чи сайн бодоод сонголтоо зөв хийгээрэй. Зээлүүлэх эсэхийг би өөрөө шийднэ. Чи надад тайлбарла, тэр бизнесээ. Том бизнес л хийнэ шүү. Том л юм бодоно шүү гэж би хэлсэн. Тэр үед уул уурхай эрч хүчээ авч байсан үе л дээ. Би зүгээр чамайг нэг мухлаг нээхэд чинь мөнгө зээлж чадахгүй шүү, чи өөрөө нээгээрэй. Эсвэл нааш цаашаа явж дамын наймаа хийхэд чинь би мөнгө зээлж чадахгүй. Чи том юм бодоод, үнэхээр хүмүүст хэрэгтэй, монголд хэрэгтэй л юм хий. Мэдээж чи өөрийгөө босгох юм олох хэрэгтэй гэдэг үгээ хэлчихээд л явж байсан. Тэгээд мань эр явж явж энэ хөвсгөлийн фосфоритын ордыг авчирсан байхгүй юу, энэ лицензийг . Тэр үед энэ муу хэлээд байгаа “Талстмаргад” гэдэг компани чинь өөр улсуудын компани байсан. Эзэд нь хоёр хүн байгаа. Одоо тэр хүмүүс нь амьд байгаа. Нэр усыг нь би мэдэхгүй, манай хүү мэдэж байгаа.
-Банкинд өртэй, суучихсан л байсан гэж сонссон. Лицензийн татвараа ч төлж чадахгүй болчихвол хэцүүдээд явчихна шүү дээ. Тэгээд тийм компанийг олж ирсэн юм уу, хүү тань?
-Тийм. Голомт банкинд өртэй. Бизнес чинь өчнөөн зардал гарна шүү дээ. Адгийн наад зах нь лицензийн төлбөрөө төлөхөөс өгсүүлээд. Монгол компани л байсан л даа. Байдал нь хүндэрчихсэн. Хүү ирээд надад олсон зүйлээ тайлбарласан. Санхүүгийн хүнд байдалд орсон юм байна аа. Энэ компани тэр хөвсгөлийн фосфоритын ордыг зарна гэж байна. Би судаллаа, хүмүүстэй уулзлаа гээд баахан юм ярьсан л даа. Тэрийг энд яриад яах вэ. Тэгээд би хүүгийнхээ зоригийг үнэлсэн. Зөв гэж хэлсэн. Тэгээд миний хүү тэр залуучуудаас Хөвсгөлийн тэр фосфоритын ордыг худалдаж авсан юм. Яг мөнгөөр нь. Надтай гэрээ хийгээд зээлээ авсан. Тэр мөнгөөрөө энэ компанийг худалдаж авсан.
-Хоёр тэрбумын нөөцтэй нэг орд яригдаад байдаг байсан санагдана. Тэр ямар учиртай орд вэ. Бүрэнхааны орд тэрэнтэй хамаатай юу?
- "Хөвсгөл далайг тойрсон Ц.Балдорж агсны ярьдаг байсан хоёр тэрбум тоннын нөөцтэй том орд байдаг. Тэр нь байгалийн хувьд ашиглах боломжгүй орд. Тэр бол дархан цаазтай газарт хамаарагддаг юм. Бүрэнхааны орд бол далайгаас 120 км. Тэр нь 190 сая тонны нөөцтэй. Энэхоёрыг хүмүүс андуурч хольж ойлгож ярьдаг. Энэ Бүрэнхааны орд бол ашиглах боломжтой ордод тооцдог.
-Одоо тэнд байгаа хятад компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй юм байна лээ. Нууц биш бол “Талстмаргад” өрөм тавьсан гэсэн. Хэдий хэрийн зардал гараад явж байгаа вэ. Өрмийн ажил бол өндөр өртөгтэй ажил шүү дээ ?
-Одоо үндсэндээ 10 жил болж байна. Лицензийнхээ татварыг төлж байгаа. Тэнд хайгуул хийсэн. Нийтдээ 70-аад тэрбум төгрөгийн ажил хийсэн. Банкнаас ч зарим зээлээ авсан. Миний өгсөн зээлийг ч тийш нь оруулсан. Янз янзын хөрөнгө оруулалт босгосон. Асар их юм хийсэн. Өрөмдлөгө, шинэчилсэн хайгууль ч хийсэн. Дутуу хайгуул хийсэн байсан юм билээ. Москвагийн нэг компаниар хоёр жил өрөмдлөг хийлгэсэн. Мэдээж ТЭЗҮ хийлгэсэн. Дандаа гадныхнаар. Зам тээврийн асуудлыг нь тооцоолсон, бүгдийг нь хийлгэсэн. Байгаль орчны асуудал, нөлөөллийг нь гадны компаниудаар хийлгээд явж байна. Гэх мэт нөр их ажил. Энэ бүгд асар өндөр үнэтэй ажил гэдгийг та юу эс андах билээ. Одоогийн байдлаар 70-аад тэрбум төгрөг зарцуулсан явж байна. Тэр Хятад компаниуд юу зарцуулсныг би мэдэхгүй.
-Миний хардсан янзтай дөлж асуугаад байгаа зүйл тэр Хятад компаниуд таны хүүгийнх юм уу, эсвэл хамтарсан компаниуд биш биз дээ л гэсэн асуулт юм.
-Та мэдээлэл сайтай хүн. Тийм юм юу ч байхгүй. Ямар ч хамаагүй.
-Миний авсан мэдээллээр бол нэг ордыг нь тэр хятадууд зарчих шиг л болсон доо. Авсан нь бас хятад компани байсан.
-Тэнд гурван орд эзэмшиж байгаа хятад компаниуд байгаа. Нэг нь ордоо Хонкгонгийн нэг компанид 70 сая доллараар 2011 онд зарсан. Та үүнийг л асуугаад байх шиг байна.
-Www.bloomberg.com –оор ороод үзэхэд тухайн үед мэдээлэл нь байсан. Хятадууд монголын ордыг 70 сая доллараар зарлаа гэдэг тэр мэдээлэл манайд харин таг өнгөрч байсан.
-Та нар мэддэг л юм байна шүү дээ. Тэгээд мэдээлээгүй биз дээ. Би өнөөдөр ийм сайхан яриа дэлгэчихээд ийм сэдэв рүү орсонд дотроо таагүй л байна. Энэ асуудалд Төрийн бус байгууллагын нөхдүүд, танай ганц хоёр сурвалжлагчид ч орооцолдсон. Би долоон жил муу хэлүүлж байгаа учраас судалсан. Над руу дайрч эхлэхэд би мэддэггүй байсан. 2007 оны 10 сард байхаа, нэг өвөр монгол эртний танил маань монголд над дээр ирсэн. Мо даргаа, би Чингис зочид буудалд таныг нэг хүнтэй уулзуулмаар байна. Тэр хүн тантай уулзах гээд 14 хоног хүлээж байна. Хоёр удаа тантай уулзах гэж ирсэн. Та цаг гаргахгүй юу гээд байдаг. Би тэрэнтэй уулзаад яах юм бэ, юуны талаар юм гэсэн чинь фосфоритын ордын чинь талаар ярих гээд байгаа юм гэхгүй юу. Өө,тийм бол би тэрэнтэй уулзаад яах юм бэ. Би Улсын их хурлын гишүүн хүн. Тэр компанийг чинь 100 хувь эзэмшиж байгаа захирал нь Батхишиг гээд миний хүү байгаа. Чи түүнтэй уулз гэж хэлсэн. Тэгсэн үгүй ээ, заавал тантай уулзана гээд байгаа юм гээд салдаггүй. Тэгэхээр нь би очоод уулзлаа. Хоёр хятад, хоёр монгол тэгээд нөгөө өвөрмонгол тавуулаа хүлээж байсан. Тэгээд фосфоритын ордны талаар хамтарч ажиллая гээд баахан юм ярьсан. Би хүүтэйгээ хамт очсон юм. Улсын их хурлын гишүүн хүн энэ талаар ярьж болох ч үгүй. Энэ хүн эзэн нь, та нар ярилц гээд би гарсан. Тэр хүмүүсийн дотор одоо нөгөө “Хөвсгөлийн төлөө” ТББ-ын гол роль гүйцэтгээд явдаг тэр Баярмаа гээд тэр эмэгтэй хамт сууж байсан байхгүй юу. Би анх удаа өөрт чинь ярьж байна шүү. Нөгөө тэмцэж явдаг хүн чинь тэдэнтэй хамт байж байсан. Би тэр Баярмаатай юу ч дуугараагүй, хятадтай нь яриад л гарсан.
-Миний хувьд бол таныг бичдэг, зөвхөн энэ компаниар балбадаг тухай сэдэв чухал биш. Тэнд орд эзэмшдэг хятад компаниуд байгаа нь. Нэг нь асар их үнэ хүргээд нэг ордыг нь зарсныг л мэдэж байгаа. Тэнд монгол компани монгол компаниа өр ширэнд орсон байхад нь авсан, аваад өөрсдийн мөнгөө газар цутгаад зүдэрч яваа нь бол нэг хүндэтгэх шалтгаан мөн үү гэвэл мөн. Хоёулаа ядаж л бие биендээ тал засах шааардлагагүй улсууд. Танайх тэр хятад компаниудтай үнэхээр хамаагүй юу?
-Хамаагүй. Та шалгаад, судалчих, нотолчих хүн. Тэр хятад компани ерөөсөө л энэ газрыг монголоос булааж авах л сонирхолтой юм байна гэж би хамгийн сүүлд л мэдэрсэн. Сүүлдээ хөдлөхгүй болохоор хэвлэл мэдээллээр нь дарамтлаад, аав нь улсын их хурлын гишүүн хүн юм байна, энүүгээр нь холбоод л нүдэж байгаад зоригийг нь мохоогоод, зүрхийг нь үхүүлээд булааж авах л сонирхолтой нь тэртээ тэргүй ил. Тэнд байгаа ганцхан монгол компанийг яагаад ингэж байна вэ. Ойлгомжтой байгаа биз дээ.
-Фосфоритын орд гэхээр хүмүүс нарийн сайн мэдэхгүй байх. Та энгийн үгээр манай уншигчдад нэг ойлголт өгвөл ямар вэ?
-Би чинь 127 удаа нэг сониноор бичүүлээд, 22 удаа телевизээр кино хийлгүүлээд улс орон даяар цацуулчихсан хүн. Яг хэвлэлд гарсан нь гэхэд ямар их мөнгө орох вэ. Та бол өөрөө ийм зүйлийн эсрэг тэмцэж байгаа хүн. Гадарлах байх. Нэг нийтлэл сонинд тавиулахад хэд байдаг билээ. Нэг кино гаргахад тухай үедээ л намайг гишүүн байхад 10-20 сая төгрөг байсан. Одоо 30- 40 сая төгрөг биз дээ. Энэ их мөнгийг ганцхан тэр төрийн бус байгууллага л даагаад яваад байна гэдэгт та итгэх үү. Би бол итгэхгүй. Тэгээд дандаа гүтгэлэг. Хамгийн гол нь би нэг ч удаа дуугараагүй юм шүү. Ам нээвэл уушгиа нээ гэдэг. Би ярья. Фосфорит гэдэг маань ерөөсөө бордоо хийдэг л эд шүү дээ. Газар тариаланг борддог. Хүнсний ногоо, тариа, малын тэжээл бүгдийг нь борддог зүйл. Та бидний идэж байгаа гурил жимс жимсгэнэ, ногоо энийг л тарихад хэрэглэдэг бордоо. Газар чинь тав зургаан жил тариад л үр шимгүй болдог гэсэн. Дахиад тарихад ургац авч чадахаа больдог. Тэрийг эргэж амьдруулдаг зүйл л гэсэн үг. Энэ үйлдвэрлэлд фосфороос гаралтай бүх менераль орно. Фосфорын давс л гэсэн үг. Каль гэдэг бол калийн давс. Ойлгомжтойгоор хэлэхэд азот гэдэг нь азотын давс. Гэхдээ мэдээж өөр олон минералиуд орсон байгаа. Гол цөм нь бол давс. Энэ нь байгальд орчинд хор учруулах нөлөөгөөрөө нүүрснээс бага нөлөөтэй гэж олон улсын шинжээчид үздэг. ТЭЗҮ хийж байгаа байгаль орчны гадны компаниуд ч бичиж байгаа. Одоо ТЭЗҮ-гээ хийлгэж дуусаагүй байна л даа. Дуусахаар нь та танилцаж болно.
-Нөхөн сэргээлт, байгаль хамгаалах ажиллагаа нь давхар л явна биз дээ. Нөхөн сэргээлтийг манайд дэлхийн стандартаар хийдэг болчихсон гэж ойлгож байгаа.
-Тусгай аргачлал, технологитой. Дэлхийн стандартад таарсан юм хийж байж л энэ компани чинь өрөө хөрөнгө оруулалтаа босгоно шүү дээ. Одоо энэ бусад компаниуд яаж энэ тал дээр зовж байна. Тэр бүгдийг нь харж байж хүмүүс мөнгөө өгнө шүү дээ.
-Одоо хөрөнгө оруулалт босгож чадаж байна уу?
-Дуусгаж байж босгоно. Өрөмдлөгөө хийгээд, нөцөө тогтоочихлоо. Дараа нь байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг нь хийнэ. Тээвэрлэлтийн асуудал байна. Энэ бүгдийг хйилгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө нь одоо 70 тэрбум хүрчихээд байгаа .Өшөө цаашаа явна. Хүнд үзүүлэх юмтай болчихоод хөрөнгө орууулаачээ гэж ярина шүү дээ. Дэлхийн том компаниудад саналаа тавина. Тэр саналыг үзээд энэ ашигтай юм байна, байгаль орчинд хор нөлөөгүй юм байна, энэ тээвэр нь ингэж явах юм байна гээд хүмүүс мөнгөө өгнө. Ингэж явдаг учиртай. Би хүүгээ дөнгөж төгсөөд ирэнгүүт нь ийм юм руу оруулсандаа хааяа эмзэглэдэг. Гэхдээ би хүүдээ хэлдэггүй. Би миний хүүгийн зөв гэж боддог. Үүнийг монгол хүн хийхгүй юм бол хэн хийх юм бэ. Хэдий болтол монголчууд хэн нэгэн хүний гарыг харж явах юм. Хятадууд зараад явдаг. Монгол компани нь юм хийе гэхээр ингээд байж болох уу. Энэ ер нь яг ямар газрын бодлого юм бэ. Би гайхаж байна. Хамгийн сүүлд 2012 оны хавар гэсэн байхаа нөгөө компанийн бизнесмэнүүд ирж уулзсан байгаа юм. Тэгээд манай хүүд хэлсэн гэсэн. Бид нар чамтай бараг 30 удаа уулзлаа. Чи зүгээр л зарчихаач дээ. Бид нар чамд маш их мөнгө өгнө өө. Чи энэ мөнгөөр яаж ч сайхан амьдарч болно шүү дээ гэж. Тэгэхээр нь миний хүү хэлсэн гэсэн. Та нар яахав мөнгөө аваад яваад өгнө. Би яах юм. Би монгол хүн. Миний гэр бүл яах юм. Миний аавын нэр хүнд яах юм. Би чиний тэр мөнгөөр чинь яах юм. Бид эндээ үлдэнэ. Яагаад гэвэл энэ бидний эх орон гэж. Тэгээд яасан гээч, тэрнээс хойш л шүүхэд өгсөн дөө. Яг гурван сарын дараа нөгөө Баярмаа шүүхэд өгсөн. Сонин хэвлэлийн бичлэг нь эхэлсэн. Үнэхээр юу болж байна вэ, монголчууд аа. Ийм байж бид болох юм уу. Үнэхээр асуумаар байна.
-Сонин л юм даа.
-Та битгий эмзэглээрэй. Энд хэдэн сурвалжлагч нар оролцож байгаа. Бүгд баримттай юм шүү. Тэр Баярмаа одоо юу хийдгийг би мэдэхгүй. Гэхдээ их сайхан амьдарч байгаа гэсэн. Би хараад л байгаа. Ганц хоёр сурвалжлагч нарыг нь ч хараад л байгаа. Амьдрал ахуй нь эрс дээшилсэн гэсэн. Миний өрөөнд нэг сурвалжлагч нь 2008 онд намайг байнгын хороон дарга болсны дараа орж ирлээ. Орж ирээд надтай их сайхан ярилцана гэсэн, эхлээд. Тэгээд дараа нь л чойжин буулаа даа. Эхлээд яасан гэхээр ерөөсөө тэр хятадыг надад санал болгосон байхгүй юу. Хоёулаа нэг чухал юм ярья гэхээр би нөгөө л нэг сурвалжлагч нар орж ирээд зургаан сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулаад явдаг байлаа шүү дээ. Би тэрийг л гэж бодохгүй юу.
-Үгүй байлгүй дээ. Сурвалжлагч нар тийм гэрээ хийх эрхгүй. Зөвхөн удирдлагууд хийдэг гэж ойлгодог шүү дээ?
-Ганц нэг сонин нь сурвалжлагчаа явуулдаг байсан юм аа. Орж ирээд нөгөө хаалтын гэрээгээ л ярих нь дээ гэсэн чинь бишдээд явчихлаа. Нөгөө хөвсгөлийн фосфоритын асуудлыг би бараг танд зуулчилж өгнө ухааны юм яриад. За, миний дүү чи надтай битгий ийм юм ярь. Би эзэн нь биш гээд ширүүхэн хэлсэн чинь нөгөөх чинь чойжин буугаад. Шууд л одоо энэ таны бичиж байгаа шиг юмаа гаргаж ирээд “Муу хар хулгайч, луйварчин. Чи монголыг сүйтгэж байгаа. Чи хэл” гээд л хашгичаад эхлэсэн. Манай нөгөө үүдний өрөөнд байсан гурав дөрвөн хүн ороод ирлээ. Нөгөөх чинь бөөн юм болж байгаам чинь, чанга чанга хашгираад. Тэгэнгүүт нь би үүдээ түгж гэсэн юм. Тэгээд ордны хамгаалалтыг дууд гээд ордны хоёр хамгаалагч ирж гаргасан. Энэ явдлыг бол бас хүмүүс мэдэж байгаа. Гэх мэтчилэнгээр зөвхөн намайг гэхэд хоёр удаа шантаажилсан. Хоёр удаа бүр улаан цайн шантаажилсан. Миний хүүтэй уулзах бүхэндээ зар гэж шаарддаг, эсвэл хамтраад заръя, мөнгө болгоё л гэдэг. Энийг тэр үндэсний аюулгүйн зөвлөл мэддэггүй юм уу. Яагаад анзаардаггүй юм бэ. Судалдаггүй юм уу, мэддэггүй юм уу. Монголын нэг стратегийн ордыг гадныхан зарж байхад. Ийм төр байж болохгүй биз дээ. Тэгээд л нэг юм хийх гэж ядаж яваа монгол компаниудыг хятад компаниудын захиалгаар дарамталж байдаг. Би бүх хятадуудыг муу гээгүй шүү. Хятадад маш олон сая сайн хүн байгаа. Би тэрийг үгүйсгэхгүй тэнд цөөхөн муу хүн байгаа. Монголын гурван сая хүн дотор ч сайн нь ч бий, муу нь бий.
-Би зүгээр олон дахин сөхөгддөг болохоор энэ асуудал руу орчихлоо. Уучлаарай.
-Би хүн юм чинь харин нэг удаа ам нээчихсэн чинь дотор уужирч байна. Би ч таныг эмзэглүүлж, танай сурвалжлагч нарыг нийтээр нь харлуулах гэсэн санаа агуулаагүй шүү.
-Хүний амьдрал бол урт. Энэ урт амьдралыг туулах ч амаргүй. Та анхныхаа эхнэрийг алдсан. Олон хүний амьдралд тохиолддог зовлон. Энэ таны эмзэг дурсамж гэдэг ойлгомжтой. Та бас эхнэртээ зориулж олон зүйл хийсэн.
-Тийм ээ, миний амьдралын зовлонт дурсамж. Би цаашдаа ч ханьдаа зориулж илүү сайн сайхан зүйлийг хийнэ.
-Та одоо ч залуу, эрч хүчтэй хэвээрээ. Тухайн үед бүр ч залуу байсан. Хоёр дахь амьдрал зохиохын аз жаргал нь, бас уйтгар гуниг нь юу байдаг вэ. Л.Энэбиш дарга хоёр жаахан хүүтэйгээ хуралдаж шийдвэрээ гаргаж байснаа дурсдагсан. Энэ бол хүний амьдарлын эмзэг түүх л дээ. Хэрэв хариулмааргүй байвал хэлээрэй.
-Үгүй дээ, би эмзэглэхгүй. Их сайхан асуулт байна. Сайхан инерги шингэсэн, хүний зүрх сэтгэл хөндсөн сайхан асуулт, түүнд дүйсэн сайхан хариулт хүнд маш их хүч инерги өгдгийг би мэднэ шүү дээ. Би одоо 61 настай. Би дахиж улс төрд орохгүй гэж бодож байгаа. Би одоо зөвхөн буяны юм хийж амьдарна. Би компанийн ажилд ордоггүй. Өөрийнхөө босгосон бүхнээ дөрвөн хүүдээ 23, 23 хувиар нь хуваагаад өгчихсөн. Надад найман хувь л байдаг юм. Тэр найман хувь мэдээж миний гэр бүлд, надад зориулагдах ёстой. Би бас хүнээс юм гуйхгүй амьдарч явах ёстой. Би хүүхдүүддээ хэлдэг. Би шийдвэл энэ хувиа ч зарна. Мэдээж та нарт эхлээд санал тавьна. Надад мөнгө дутах үе байхыг хэн үгүйсгэх юм. Тийм биз дээ. Би бас тэднийг шаналгахгүй амьдрах ёстой биз дээ. Хэн илүү мөнгө өгсөнд нь би хувиа өгнө. Та дөрөв авахгүй бол би өөр хүнд зарна гэж. (инээв) Тийм учраас энэ найман хувийг би авч үлдсэн юм. Хэрвээ тэр найман хувиа зарах шаардлага байхгүй бол миний гэр бүлд л үлдэнэ биз. Тийм биз дээ. Энэ амьдрал чинь мөнх биш шүү дээ. Би хүмүүст хэлмээр байна. Хүмүүс ээ, сайн сайхан, гоё юм бодож амьдраач ээ гэж. Хүнд бол ерөөсөө хэдхэн зарчим л байдаг. Хамгийн эхэнд хайр энэрэлтэй байгаасай. Хамгийн эхлээд гэр бүлээ хайрла, дараа нь найз нөхдөө хайрла. Энэ бол агуу ойлголт байхгүй юу. Би талийгаач эхнэртээ үнэхээр их хайртай байсан. Хорин хэдэн жил ханилаад, дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн тэр хүнийг хайрлахгүй байж болохгүй шүү дээ. Асар их хайртай байсан. Тэр хайрын эзэн өнөөдөр байхгүй. Гэлээ ч гэсэн түүнийг хайрлаж байсан миний хайр, хүүхдүүдийнх нь хайр байгаа. Тийм хайрын үр үндсийг үлдээсэн хүн байхгүй юу даа. Тийм хайр мөнхөрдөг. Тийм хайр хаашаа явах уу. Тийм хайр орчлонгоос тэнгэрт, оршихуйгаас гэгээрэлд хүрдэг байхгуй юу. Тийм учраас бүгдийг хайрла л гэж хэлмээр байдаг. Бие биенээ битгий гутаан доромжил. Магадгүй би залуу зандан явах үедаа алдаа гаргаж байсан биз. Би тэрийг үгүйсгэхгүй. Хааяа би ууланд явж байгаад гэнэтхэн аймаар болдог. Ёстой юу гэж тайлбарламаар юм бэ дээ, нэг тийм хүнд үе тохиолддог байхгүй юу. Яг талийгаачаа бодоод, өөрийн эрхгүй нэг тийм хачин болоод гол минь харлаад суун тусдаг. Бүр цээжээ дараад доошоо суумаар, хамаг бие хачин болоод үнэхээр хүнд байдалд ордог байхгүй юу. Тэр нь би талийгаачаа залуу зандан, болчимгүй насандаа жижиг сажиг юмаар гомдоож байснаа санасан үе байхгүй юу. Нэг жоохон юман дээр маргалаад л, уурлаад л, юунд би тэгж байв даа гээд би тийм байдалд ордог. Бохирч суугаад хашгирмаар болдог. Битгий тийм байдалд хэн нэгнийг ороосой гэж боддог.
-Дараагийн бүсгүйг сонгоход танд шийдвэр гаргахад хүнд байсан уу?
-Би их азтай хүн. Надад сайн хань заяаж байсан. Миний хүүхдүүдийн ээж бол орчлонд байхгүй сайн хүн байсан. Одоо ханилж яваа Буяндэлгэр гэдэг энэ миний хань бол бас л ховорхон сайн хүн. Би хүүхдүүддээ хэлсэн. Миний хүүхдүүд ойлгосон. Тэр үед чинь би хүнд байсан. Ханиа алдсан эхний хагас жил ерөөсөө архи уугаагүй. Би ер нь архи их бага уудаг хүн шүү дээ. Тэгээд би ганцаардаж эхэлсэн. Үнэхээр гэртээ орохоос л аймаар байдаг байсан. Гэрээ тойрч гүйгээд л. Сэтгэл санааагаа тайвшруулахын тулд архи уугаад л эхлэсэн. Тэгээд манай найз нөхөд надад их шаналсан. Би үхэх шахсан. Үхмээр ч байсан. Нэг сэргэтэл би шөнө хоёрдугаар эмнэлэгт сэрсэн. Ухаан алдсан юм уу, яасан юм. Намайг сэрсэн чинь миний хоёр том хүү миний хоёр талд сууж байсан. Хоёр бага нь сургуулиа төгсөж ирээгүй байсан. Тэгээд л сэрсэн чинь миний хоёр хүү дэрс гээд л босоод ирж байгаа юм. Тэгээд л би архи уухаа больсон. За, хүүхдүүдээ ингэж зовоогоод яахав гэж бодсон. Хэдэн цаг болж байна гэсэн чинь 03 цаг өнгөрч байна ч гэлүү. Аав нь хүүхдүүдээ зовоож байна, ахиж хүүхдүүдээ зовоохгүй гээд тэрнээс хойш архи уугаагүй. Хүүхдүүд маань баярласан шүү,намайг энэ ханьтайгаа суухад. Би хэлсэн, танилцуулсан. Таны зөв л гэсэн. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний талийгаач ханийг надад бурхан өгсөн. Энэ ханийг маань ч надад бас бурхан өгсөн. Ойр зуурын маргах юм бол зөндөө гарч байсан. Ний нуугүй хэлэхэд хоёр өөр хүн чинь таарч тохирохгүй юм бол зөндөө байна шүү дээ. Тэр бүгдийг эхний нэг жилд тэсээд өнгөрсөн. Тэгээд л дараа нь бие биенээ ойлгож, ээнэгшиж, тайтгарч, амьдрал гэдэг зүйл өөрийнхөөрөө босч ирсэн. Одоо найм есөн жил боллоо. Хоёр хүн чинь нэг нэгэндээ уусдаг юм байна л даа.
-Бид нар бие биенийхээ дотор юу байгааг мэдэхгүй хөргөсөөр яваад хорвоог туулж байгаа юм шиг санагддаг. Нөхөрлөл, хайр дурлал бүх зүйл дээр. Ер нь аз жаргал гэж юу юм бэ. Аз жаргалтай байх өөрөөс л шалтгаалдаг юм уу, хорвоогоос шалтгаалдаг юм уу ?
-Аз жаргал гэдэг бол хүний хувь заяа. Хувь заяа хаана байдаг юм бэ. Тэр хувь заяа тэр хүний өөрийнх нь гарт байдаг юм. Түүнийг нь дэлгэж цацлах уу, атгаж хумиж явах уу гэдгийг тэр хүн өөрөө л шийддэг.
Мо дарга гэж бидний нэрлэж заншсан энэ эрхмийг би хориод жил мэдэх юм. Гэхдээ хэзээ ч ингэж хөөрөлдөж байсангүй.
Түүний түүх бол хав халуун түүх юм. Эрчилсэн халуун түүх. Түүний түүх бол уй гуниг, амжилт бахархал, гэрэл гэгээ,зөөлөн яруу уясал юм. Арван хэдхэн настай өнчирч үлдээд айлд өссөн жаахан хүүгээс монголын тэргүүн эгнээнд зогсох тэрбумтны нэг болсон өгсүүр, гялалзуур, үнэн агаад тасралтгүй хурдалсан ритм дүүрэн түүх юм. Уншигч танд миний зочин таалагдсан гэдэгт итгэж байна.