Манай сонин яг одоо, энэ цаг үед уншигчдын хүсч байгаа зочныг олж та бүхэнтэйгээ уулзуулахыг чухалчилдаг. Тийм ч учраас “Ярилцъя”-ын зочид маань үргэлж үнэ цэнэтэй, нэр хүндтэй, сонин содон эрхмүүд байдаг юм. Энэ удаа бид УИХ-ын гишүүн, парламент дахь МАН-ын бүлгийн дарга, ноён Н.Энхболдыг сонголоо. Түүний юу ярих, улс төрийн ил тод өнгө тээсэн асуултуудад ямархуу хариу барьж буй зэрэг та бүхэнд сонирхолтой байх нь дамжиггүй. Ингээд “Ярилцъя”-д тавтай морилно уу.
-Юуны өмнө манай сонины урилгыг хүлээж авсанд баярлалаа. Намын их хурал болох гээд танайхныг “эргүүлэх” л амттай санагдаад байна. Уншигчдад ч маш сонин байгаа бололтой. Харин нам дотор гадуур бичиж байгаа шиг тийм их доргион, далд тэмцэл явж байгаа юм уу. Урьд урьдын их хурлын өмнөхөөс өөр шинж юу ажиглагдаж байна вэ?
-Урьд өмнөхөөс огт өөр түүхэн нөхцөл байдал, эрх зүйн өөр орчинд, нам цөөнх болсон үед их хурал болох гэж байна. Бидэнд сайн юмны үнэ цэнийг байгаа үед нь анзаардаггүй, дутагдаад ирэхээр нь үгүйлдэг нэг тийм зан байдаг даа. Зөвхөн МАН-ын гишүүд төдийгүй Монголын олон нийт МАН-ын нийгэмд гүйцэтгэж ирсэн, цаашид хүлээх үүргийг илүү их ойлгож бидний ажлаас улс орны хувь заяа шалгаална гэдгийг улам бүр мэдэрч байна. Нам дотор суудал, ширээний төлөөх тэмцэл гэхээсээ илүү үзэл баримтлалын эрэл, өөрийгөө оношлох, нийгэмдээ илүү тохирсон бодлогын төлөөх шинэчлэл явж байна. Энэ үйл явцад салах юмсан гэж бүгд боддог хуучин зүйл ч байна, цоо шинэ юмс ч байна. Хамгийн чухал нь энэ бүгд бүхний нүдэн дээр ил байгаа. Тэмцэл бол хоёр түүнээс дээш тоотой юмны дунд болдог. Манай нам дахин дахин хуваагдаад, далд тэмцэлдээд байж болохгүй тийм нөхцөлд байгаа шүү дээ.
-Нялуунаас шулуун нь дээр гэдэг дээ. Таны нэр намын даргад яригдаж байна. Энэ сэдэв л эхлээд гарч ирээд байна. Яриагаа эндээс эхлэчих үү?
-Тэгье
-Танд бүлэг фракц гэж байхгүй. Намын даргад нэр дэвшихийг санал болгосон хүмүүс бий юу. Хувийн шийдвэрээ гаргасан бол та энэ асуултад хариулж болно шүү дээ.
-Би нам доторх бүлэг, фракц гэдэг үзэгдлийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Нам үзэл баримтлал, зарчим, зорилго, итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэг л бүтэц байх ёстой. Энэ хүрээн дотроо арга барилын юм уу эсвэл асуудлыг харах өнцгөөрөө ялгаатай байх хэвийн зүйл. Харин аливаа бүлэг, фракц нь дандаа л албан тушаал, эрх мэдэл хувааж авах арга хэлбэр болдог, тэр нь эргээд нам дотроо бие биендээ барьцаалагдсан, төрийг ёс зүйгүй болгосон, иргэдийн ардчилсан сонголтыг үгүйсгэсэн, аливаа асуудлыг намынхаа цар хүрээгээр биш цөөн хэдэн бүлэглэлийн хуйвалдааны замаар шийдсэн үр дүнд хүргэдэг. Надад бүлэг фракц байхгүй, надад нам л бий. Намын даргын алба бол хүнд алба, үүрэх ачаа нь их. Тэр тусмаа улс орны хувь заяа хамаардаг намын даргын ажил бүр хүнд. Тэвчээр, сахилга, хариуцлага шаардана. Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй. Шаардлагатай бол өөрийгөө өөрчлөх, хувийн эрх ашгаа золиослох ч үе таарна. Энэ бүхнийг бодсон. Хүмүүс санал болгосон гэхээс илүү, намын хамт олон итгэл хүлээлгэвэл энэ ачааг үүрэх хэрэгтэй гэж өөрөө шийдсэн.
-Хэвлэлийнхний хардлагаар бол намын шинэчлэлийн асуудлыг гаргаж тавиад байгаа хэдэн залуусын ард таныг байгаа. Тэднийг таныг дэмжиж ажиллахаар шийдсэн гэх.
-Би тэдний ард байхгүй. Тэр залуус өөрсдөө өнөөдрийн манай намд зайлшгүй тавигдах ёстой зүйлийг асууж, өөрсдийнхөө хариуг намд, олон нийтэд хүргэсэн. Харин тэдний дэвшүүлсэн олон зүйлтэй санал нэг байгаа шүү. Зөвхөн залуучууд ч биш дунд, ахмад үеийхэн асуудлыг өөр өөрсдийн нүдээр харж санаанууд гаргаж байна. Үүнийг намын дарга зангидаж нэг хүч болгох учиртай.
-Ялагдал болгоны халуун суурин дээр энэ мэт жигүүр хөдөлгөөн гарч ирж дэрвэдэг нь бараг жам болсон зүйл дээ. Энэ удаагийн хэд бусдаас юугаараа өөр юм. Та уулзаж үзсэн бол ажигласан зүйл байна уу?
-Намын удирдах зөвлөлийн хурал дээр орж ирсний дараа нь би тэдэнтэй уулзсан. Байр сууриа илэрхийлсэн, зөвлөсөн. Намын зорилго, ажлын арга барил, зарчмын талаар өөрсдөө цэгцтэй бодлогын баримт бичиг боловсруулсан байна. Тэгэхээр тэд энэ удаагийн их хурал, түүний үр дүн гэхээсээ илүү алсыг харсан зурагтай байгаа нь анхаарал татсан.
-Тийм үү. Нямаагийн Энхболд гэдэг улстөрч МАН-ын тулхтай гишүүдийн нэг. Парламентад хэд дэхээ сонгогдож байна вэ. Гурав билүү?
-Дөрөв. Хэд сонгогдох нь биш энэ хугацаанд ямар зарчим барьж ирэв гэдэг нь сонин учраас асуув аа даа. Хүнд өөрчилж болохгүй зарчим, үнэт зүйл гэж бий. Би МАН бол энэ улс орны хувь заяаг шийдэх улс төрийн хүчин гэдэгт бүрэн итгэдэг. Энэ намын бодлого, бат цул эв нэгдэл монголын хувь заяаг тодорхойлдог. МАН-д хөнгөн, хуумгай, ойрын зайны ашиг хонжоо харсан бодлого, үйлдэл байж болохгүй гэдэг зарчмаар л ажиллаж ирсэн.
-Таныг нэр дэвших болгонд аавыг тань Төв аймгийн хүн биш шүү дээ гэсэн юм явдаг. Гэвч Төв аймгийнхан танд саналаа өгдөг. Тэнд хийж байгаа ялалт тань яг цэвэр өөрийнх байж чаддаг уу гэж танаас асуувал эгдүүцэхгүй биз дээ. Нөгөө Энхболдыг л бусдыгаа манлайлж сонгуульд ордог, чирч гаргадаг гэх ойлголт явдаг юм.
-Тийм яриа явдаг, явуулдаг. Би чинь М.Энхболд даргыг Төв аймагт очиж нэр дэвшихээс өмнө аль хэдийн дараалан сонгогдчихсон, өөрийн орон зайгаа бий болгочихсон байсан хүн шүү дээ. Таны өмнө сууж байгаа энэ хүн Завханд төрсөн, гэхдээ Төв аймгийн “бүтээгдэхүүн”.
-Нам тань дараалсан хүнд ялагдлуудыг амсчихаад байж байна. Үүний дараа үүссэн парламентад та бүхэн сөрөг хүчин болсон. Гэхдээ сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж бас чадахгүй байна гэх шүүмжлэл их байх юм. Бүлэг нь цул биш, бүлгийн дарга нь сул байна гээд л.
-Сөрөг хүчний үүрэг зөвхөн сөрөхдөө ч бас биш юм.Гол нь үр дүн. Ямар нөхцөлд, хэдийд яаж сөрөхөө тооцох чухал. Нийгэм л хүлээж авахгүй бол ямарч үйлдэл хийгээд үр дүн бага. Далайлт нь чанга буулт нь сул. Жишээ нь, би бол эрх баригчид муу, улс, орон хэцүү байх тусам л бидэнд сайн гэдэг хандлагыг улс төрийн өрөөсгөл үзэл гэж үздэг. Мөн сөрөг хүчний ийм байр сууриас болж улс орон засахын аргагүй хүнд байдалд орвол яах вэ. Эцсийн дүнд энэ оронд чинь бид, бидний үр хүүхэд л амьдарна шүү дээ. Сөрөг хүчин болж байгаа үйл явдлын явц, үр дүн, нийгмийн уур амьсгалыг хамгийн анхааралтай ажиж түүнд тохирсон арга хэмжээг цагийг нь зөв олж авдаг байх л чухал.Зориг бүхнийг ялна гэдэг. Гэхдээ их зориг эзнээ ална гэсэн үг ч бий. (инээв)
-Наадах чинь яасан содон үг вэ. Бөөн хуяг дуулга, сэлэм болсон хоосон цээжнүүдэд ихэвчлэн улс төрд фанат л байх хэмжээний тавилан оногддог. Харин манайд бол өөр юм биш үү. Зөөлөн бодлоготнуудын зам урт удаан л байх юм?
-Зөөлөн бодлоготон гэх үү, арай алсыг харахыг оролдогч гэх үү, аль өнцгөөс харахаас л болох байх даа. Аливаа үйлдэл араасаа юу дагуулах вэ, харайгаад дараа дараа нь хаана буухаа тооцоолох нь намд байтугай хувь хүнд ч хэрэгтэй чанар л даа уг нь.
-Нээрээ та хэдийг буйдантай суулт хийхийг харах сонин байсан шүү. Ер нь л үзээгүй зүйл, хийж яваагүй алхам тань байсан уу?
-Манай намын хувьд тийм. Эрх баригчдыг хуулийг уландаа гишгэж байгаа, алсын маш хортой үр дагавартай үзэгдлээс сэрэмжлүүлсэн үйлдэл байсан.
-Хэлбэрийн талаасаа энэ эсэргүүцэл гоё л доо. Үргэлж “нэгдлийн дарга” имижтэйгээ яваад байх уйтгартай шүү дээ. Танайхныг улс төрийн стиль хэв загварын хувьд хуучинсаг гэж л их чимхдэг болохоор асууж байгаа юм шүү.
-Ер нь түүхээс үзэхэд хүчтэй, тогтвортой аливаа бүтэц нэлээд консерватив талдаа шинж төрхтөй байдаг юм билээ. Тэр арга хэмжээний хувьд гэвэл шинэ хэлбэрээр дамжуулж асуудлын агуулгыг олон нийтэд хүргэсэн шүү.
-Парламент дотор хорин хэдүүлээ орж ирчихээд бүлгээ ч байгуулж чадахгүй мөн хөгийн юм болов доо. Амаргүй үед бүлэг толгойлж ажиллах ямар байна. Танаас гишүүдийн тань шаарддаг зүйлс гэвэл юу байх вэ. Гаднаас ажиглахад сэлэм л бариулах гээд байх шиг байдаг юм ?
-Бүлэг байгуулж чадаагүйг яривал урт түүх болно. Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа. Манайх шиг олон жил төр барьж, асуудлыг дандаа өөрсдөө шийдэж ирсэн нам сөрөг хүчин болсон үед парламент дахь бүлгийн ахлагчийн ажил үнэхээр амаргүй. Дотроосоо ч гаднаас ч шаардлага өндөр.Гэхдээ хэрэгтэй бол сэлэм эргүүлнэ шүү дээ.
-Улс төрд олон жил явлаа. Н.Энхболд сайн залуу, нэр цэвэр, даруухан гээд л хүмүүс таныг магтаж байдаг. Яг улс төрийн шинжээчид болохоор лидер биш, хоёр гуравдугаар эгнээний улстөрч. Хэт тэр орон зайдаа удаж байна. Улстөрчийн хувьд хурдгүй, амбицаа хурцалж урагшаа алхдаггүй гэх нь бий.
-Ж.Самбуу гэж агуу эх оронч, улстөрч, төрийн зүтгэлтэн хүн байлаа. Тэр хүн нэгдүгээр эгнээнд байгаагүй. Байсан бол ямар байх байсныг одоо хэн ч хэлж чадахгүй.Нам чадалтай, мэдэлтэй байсан үед албан тушаал, эрх мэдлийн төлөө амбицлах боломжууд надад байсан уу гэвэл байсан. Би намын эв нэгдэл, хамт олны шийдвэр, намын хамтын дүрмийн хүрээнд л ажиллаж ирсэн.Өөрийн гэсэн улс төрийн капиталтай болсон. Даруухан байх бол хүний муугийн, чадалгүйн шинж гэж би сонсоогүй юм байна шүү. (инээв). Өнөөдөр байдал өөр, бидэнд хуваах, тараах, амлах албан тушаал, эрх мэдэл алга. Энэ үед бид намаа олон нийтэд ойртуулах, сэвтсэн нэр хүндийг нь сэргээх, дараа дараагийн ялалтын шинэ суурийг тавих “эрх” л байна.
-Танд улс төрд хүрэх оргил, тэр зүг тэмүүлсэн мөрөөдөл байж л таарна. Харин тэр нь юу вэ. Одоо замынхаа аль хавьд ирчихээд зогсч байна вэ?
-Сүржин уриа лоозун шиг санагдаж магадгүй. Гэхдээ Монгол хүн нүүр бардам амьдрах улс оронтой болоход чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулах явдал.Зам дуусах яагаач үгүй гэж бодож байгаа шүү (инээв).Ер нь, албан тушаал бол оргил биш. Намын амьдралд оргил дандаа дундынх. Миний энэ удаагийн оргил намаараа ялах.
-Өөрийг тань улс төрд хөтөлсөн хүн бий юу. Таныг С.Баяр даргын хүн гэх ойлголт нэлэнхүйдээ байдаг. Одоо ч түүнийг хөшигний араас таныг дамжиж байгаа гэж л хардцгааж байх шиг байна.
-Л.Энэбиш дарга намайг мэргэжлийн маань ажлаас “салгаж” улс төр рүү чиглүүлсэн. Л.Энэбиш агсныг амьд сэрүүнд Энэбишийнх гэдэг байлаа. Дараа нь Багабандийнх болов. Одоо Баярынх гэх юм. Би өөрийнхөөрөө л явж байгаа хүн. Хүн өөрийнхөө өмнө нүүр бардам амьдрах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө би л лав хуурч чадахгүй. Хэн нэгэнд, ямар нэг юманд барьцаалагдсангүй өдий хүрлээ.
-С.Баяр дарга гэснээс тэр хүн амбицаа татаж авсан, надтай бүү хөөцөлд гээд холхон суух болсоор удлаа. Ид насны, ийм хүчирхэг лидер юунаас нь халширдаг байна вэ. Та түүний улс төрийн замнал, одоогийн ажин түжин амьдрах энэ шийдвэрүүдийг нь юу гэж боддог вэ?
-С.Баяр хийх ёстой юмаа хийсэн.Өөрийн бодол өөрт зөв гэдэг дээ. Шийдвэрүүдийг нь зөв гэж харж байна.
-Нөгөө хүн бол М.Энхболд. Та түүнтэй өрсөлдөх нь. Олон жил нэг намд, нэг тойрогт явсан хоёр. Тэр таны хувьд хэн бэ?
-Энэ хүнд хэцүү үед намын даргын хүнд ачаа хэдэн ч хүн өрсөлдсөн бидний нэгэнд нь ноогдох нь. М.Энхболд даргын хувьд бидний хэн нь ч намаа бүлэг фракц болгосон, хагаралдсан байдалд хүргэхгүйн төлөө байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ сонгууль хүмүүсийн хороондын өрсөлдөөн биш, намын хувь заяаны уралдаан гэж ойлгож байна. Тэр хүн бол өнөөгийнхөн дотроо хүлээн зөвшөөрөгдсөн намын, төрийн том зүтгэлтэн. Миний ажиллаж байсан кабинетын Ерөнхий сайд. Нэг “овогтой” тэр нь Төв аймаг.
-Намын генсек ямархуу хүн байвал зүгээр гэж та хардаг вэ. Нэлээн хэдэн залуугийн нэр явж байх шиг байна. Зүгээр харж байхад нэгдүгээр хүнтэйгээ бүх талаар хоршин тоглож чаддаг, дутуу дундуураа нөхөлцдөг байхаас гадна генсек нь илүү хурдтай, стратеги хийж чаддаг, олон түмэнд эерэг буудаг хүн байвал намын нэр нүүр “гоё” харагдах юм шиг. Одоо бууж байгаа хоёрыг хэт ноомой байсан л гэх юм?
-Манай нам өнөөдөр монголд залуусаа бодлоготойгоор бэлдэж, боломж олгож, цаг үед нь тохируулж дэмжиж дэвшүүлж чадаж байгаа ганц нам. Нэр нь гараад байгаа залуус ч эдний нэг хэсэг. Шалгуур шаардлагын хувьд тантай ойролцоо бодолтой байна. Хоёр даргын хувьд угсарсан олон хэцүү сонгуулиудад шахагдаад боломж, чадавхаа бүрэн ашиглаж чадсангүй гэж боддог, харамсдаг.
-Ерөнхийлөгчийн сонгуульд таныг дэвших бололцоотой л гэж зарим ажиглагчид бичиж байсан.
-Тийм. Энэ бол миний түрүүн хэлсэн улс төрийн капиталын үнэлгээ.
-Дараалсан ялагдлуудын дараа танай нам дээр улс төрийн дахин хувиарлалт, үе солих процесс явагдах ёстой, бүр орвонгоороо шинэчлэгдэж, шинэ зохион байгуулалтад орох ёстой. Бодлогын шинэчлэл биш хэлбэрийн шинэчлэл хийж явснаас өнөөгийн хямрал үүдлээ гэх дүгнэлтүүд газар авсан. Та ер нь ямар дүгнэлттэй явдаг юм.
-Үе солигдох процесс хүссэн хүсээгүй явагдана. Мөн бодлогоор ч хийх ёстой ажил. Гагцхүү явах нь ч, ирэх нь ч бэлтгэлтэй байх ёстой. Манай нам бараг социализмын үеэс уламжлагдсан гэж болох дүрэм, зохион байгуулалттай явж ирсэн. Илүү хурдтай ажиллах бүтэц, зохион байгуулалт, орчин цагийн хүлээлтийг хангасан бодлого үгүйлгэгдэж байна. Нотолгоо нь сүүлийн сонгуулиудын дүн. Нийгмийн зүгээс таагүй дүн тавиулсан зүйлүүдээсээ салахгүй бол хүссэн шинэчлэлээ хийж чадахгүй. Хөгшин залуу гэлтгүй зөв, эрүүл, байр суурь, цэвэр хүмүүст боломж олгох хэрэгтэй.
-Намаа ядарч байхад он жилүүдийн туршид түүхээ үүрэлцэж, түүнтэй хамт ял үүрч үзээгүй жаалууд орж ирээд олон юм ярихад зарим хэсэгт таагүй байдаг байх. Намд орж байгаа, нам хавиар гүйлдэж байгаа залуусын тухайд танд ямар төрх төлөв харагддаг бол. Түрүүн боловсруулсан хөтөлбөр, үзэл санаа талаас нь ярих шиг болсон. Би ёс зүй талаас нь ахиад нэг асуучихмаар санагдаад байх юм.
-Түүх үүрэлцээгүй ч үүрэлцье гээд ирж байгаа залуучуудын иргэний зориг, байр суурийг үнэлэх ёстой. Ялангүяа өнөөдөр. Амьдралын туршлагаас эхлээд залуу хүнд дутагдах юм байлгүй яахав. Манай нам гурван үеийн алтан хэлхээн дээр тогтдог гэж бид зүгээр ч нэг ярьдаггүй. Залуусын эрмэлзэл, хурд, дунд үеийхний эрч, даац, ахмадуудын туршлага дээр хэзээд манай намын давуу тал байсан. Бат цул эв нэгдэл л бидний хүч.
-Өнөөгийн Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлуудын талаар юу хэлмээр байна. Парламентын засаглал сонгож аваад бид хорь гаруй жил явлаа. Парламентат ёсны соёл маань харин ямархуу төвшинд хүрээ бол. Сөрөг хүчин байх үед энэ талын согог гэмтэл илүү харагдах болов уу. Одоо бол сөрөг хүчин хатавчны хүүхдүүд шиг л болчихсон. Н.Алтанхуяг тэр хоймроос хөөе та нар чимээгүй суувал суу, байвал бай гээд л...
-Парламентын соёл, төлөвшил ихээхэн доогуур байгааг өнгөрсөн сонгуулаас хойших хугацаа ёстой нэг харуулаад өглөө дөө. Одоогийн олонх энэ хандлагаа үргэлжлүүлбэл хууль дээдлэх ёс гэдэг юм алга болох нь. Шударга байх гэдэг юм ердөө л сайн ч бай, муу ч бай хуулийн өмнө бүгд тэгш байхыг л хэлдэг.
-Эдийн засгийн хямрал нүүрлэлээ, энийгээ янзлаачээ гэж танай намын зүгээс олонтаа мэдэгдэж байгаа. Эдгээр дүгнэлтүүдээ та нар улс төр дээр л суурилж хийгээд байна уу даа. Ямар экспертүүдийн дүгнэлт, ямар нөхцөл байдал дээр, хэн гэдэг эдийн засагчид хийж байна вэ. Энийг нэг асуучихъя гэж бодоод байсан юм.
-Энд улс төр байхгүй. Харин чимээгүй сууж байгаад хөмрүүлчихье, тэгээд дараа нь хүндрэл, бухимдлын давалгаан дээр гараад ирье гэсэн бол явуургүйхэн улс төр болох байсан биз. Байдал хүнд байгаа. Улсын Их Хурлын бүх нам эвслийн төлөөлөл орсон томоохон ажлын хэсэг бараг манай бүлгийн дүгнэлтийг хуулаад тавьсантай адилхан дүгнэлт гаргасан. ОУВС-ийн ажлын хэсэг оны тайландаа анхааруулж сэрэмжлүүлсэн байр суурь илэрхийлсэн шүү дээ.
-Дандаа улс төр ярилаа. Улс төрийн уур амьсгал түрсэн үеийн уулзалт болохоор та ойлгоно биз ээ. Танд, таны ээлжит өрсөлдөөнд амжилт хүсье.
-Баярлалаа.