“Ярилцъя” шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Манай өнөөдрийн зочин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном. Энэ эрхэм хүн нэгэн үе манай улсын төр засгийн хоёрдахь том албан тушаалтан байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд байсан түүнийг монголчууд андахгүй. Өнөөдөр Д.Содном гуай 80 нас хүрч байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүнийг зочноороо урьж, ярилцсан юм.
-Тантай уулзаж ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Таны зургийг л жаахан байхдаа харж байснаас уулзаж явсангүй.
-Тийм л байх. Чи жаахан наашаа суу. Миний чих хатуу болчихоод байгаа.
-Таныг Дорноговийн хүн гэж мэднэ. Харин аль сум билээ ?
-Өөрөө аль аймгийнх вэ.
-Булган.
-Өө, Булганых юм уу. Би чинь говийн хүн шүү дээ. 1933 онд Дорноговь аймагт төрсөн. Өнөө жил чинь 2013 он. Цаг хугацаа явжээ. Би гэдэг хүн 80 хүрсэн байна.
-Сайхан нас. Яг төрсөн өдрөө та мэдэх үү?
-Төрсөн оноо бол мэднэ, төрсөн өдрөө мэдэхгүй. Яахав, сүүлд л 7 сарын 14 гээд бичүүлчихсэн байдаг юм.
-Тэр өдрөө тэмдэглэдэг үү?
-Заримдаа томхон ой тохиосон жилд ч юм уу, тэмдэглэнэ. Тэрнээс бусдаар жил болгон сүртэй төрсөн өдөр энэ тэр гэж тэмдэглэж явсангүй.
-80 насны ойгоо бол тэмдэглэх гэж байгаа биз дээ?
-Миний амьдралын 23 жил нь Сангийн яамтай холбоотой юм л даа. Тэгээд Сангийн яамны нөхдүүд маань, миний олон жил хамт ажилласан ахмад хүмүүс бүгд нийлээд миний 80 насны ойг тэмдэглэнэ гээд байгаа. Та хүссэн ч бай, хүсээгүй ч бай бид тэмдэглэнэ гээд болдоггүй. Ингээд зургадугаар сарын 21нд тэмдэглэхээр болсон. Долдугаар сарын 14 нд нь тэмдэглэвэл яасан юм гэсэн чинь баярын дараа улс амьтан тараад явчихна, зав чөлөөгүй болчихно тийм учраас жаахан наашлуулаад тэмдэглэчихье гээд ингээд шийдсэн хэрэг л дээ. Тэгээд би бодож байна. Энэ 80 жилийг би яаж өнгөрөөчихөв дөө гээд. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодохоор их сонин сонин юмнууд бодогдож байна л даа. Юуны түрүүнд бага насаа яаж өнгөрөөлөө. 1933-1946 онд хүртэлх 13 жил бол би Дорноговь аймгийн одоогийн Өргөн сум хуучныхаар Баян-Муг гэж байсан юм. Тэндээ л өнгөрөөж дээ.
-Баян-Муг гэж ямар сонин нэр вэ?
-Тэр үед Баян-мөнх гэдэг нэртэй сум байсан юм. Тэр Баян-Мугтаа л бага насаа өнгөрөөсөн.
-13 нас хүртлээ?
-13 нас хүртлээ. Тэр чинь яг дэлхийн хоёрдугаар дайны жилүүд л дээ. Маш хүнд хэцүү жилүүд байсан. Манай Баян-Мугийн ард иргэд маш сайхан сэтгэлтэй, хамтач, хамтдаа хүнд хэцүүг туулж чаддаг тийм л сайхан улсууд байждээ. Тэр сайхан сэтгэлийнхээ хүчээр тэр хүнд хэцүү дайны жилүүдийг амьд мэнд туулцгааж, хажуугаар нь үр хүүхдүүдээ бага сургуульд сургацгааж байлаа. Энэ бүхнийг амжуулж чадаж байсны ачаар ерөөсөө цаашдаа амьдрах сууриа тавьж авчээ. Амьдралын минь их суурь энэ үед л тавигдсан гэж би үздэг.
-Тэр үед чинь хүүхдээ сургууль номонд өгөх тухай ойлголт жаахан марууухан байсан юм биш үү. Хүүхдээ сургуульд явуулах дургүй байсан гэж л яригддаг шүү дээ. Танайх ер нь хэдэн хүүхэдтэй айл вэ?
-Үгүй. Яг миний өсөх насанд ард иргэд харин ч хүүхдүүдээ сургууль соёлоор явуулах гэж асар их хичээж байсан. Тийм ч учраас дайны тэр хүнд хүчир жилүүдэд хажуугаар нь хүүхдүүдээ бага сургуульд сургаж, бичиг үсэг зааж байсан байна шүү дээ. Манайхан ер нь бол эхээс 12- уулаа юм гэнэ лээ. Тэрнээсээ яг долоо нь бол амьд үлдсэн. Нэлээн сайхан амьдарсан. Манай долоогийн хамгийн ах нь Бихар гэж залуу байсан. Миний хамгийн том ах. Нэг сайхан дулаахан нартай өдөр адуундаа давхиж ирчихээд, дээлээ тайлж хаячихаад үүдний хавьцаа суугаад л салхинд цохиулчихсан юм. Тэгээд л хөөрхий тэрнээсээ болоод 1946 онд 18 настайдаа нас барчихсан. Бидний том ах. Тэр үед эмнэлэг маань ийм л өвчнөөр хүнээ алдчихдаг байсан байгаа юм шүү дээ. Одоо бол уушигны хатгалга туссан бол хэдэн өдөр тариа тариад л зүгээр болчихно. Ингээд бид зургуулаа үлдсэн. Миний дээр дөрвөн ах байсан, дор нэг эмэгтэй дүү байсан. Тэр 1946 он хүртэл би бага сургуульд суралцсан. Манай тэнд бол тэр үед хүүхдээ сургуульд оруулах оруулахгүй гэсэн асуудал ерөөсөө байдаггүй байсан. Ямар ч байсан манай ижий бол ерөөсөө хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөнө л гэдэг үзэл бодолтой хүн байсан юм. Намайг сургуульд сургах гэж ижий маань өөрөө сумын төв дээр гэртэйгээ нүүж ирж байсан. Миний дүү надаас гурван насаар дүү. Бас л бага сургуульд сураад л.
-Дөрвөн ах тань бас сурсан уу?
-Төгссөн. Нэг нь энэ офицерийн сургуулийг төгссөн байдаг юм. Нэг нь багшийн дээдийг төгссөн. Нөгөө хоёр нь бол 10 дугаар анги төгсөөд л хөдөө мал малласан. Тэд маань бүгдээрээ сайхан амьдарсан. Харамсалтай нь одоо бүгдээрээ бурхан болсон.
-Тавуулаа юу?
-Бүгдээрээ. Миний ах нар, ганц эмэгтэй дүү бүгд байхгүй. Би ингээд ганцаараа л үлдсэн. 1946 онд би Баян-Мугийн бага сургуулиа төгссөн. Том ах өнгөрөөд бидний хамгийн том нь Жамсүрэн гэж ах маань болсон. Тэр маань намайг Улаанбаатарт сургуульд оруулна гээд дагуулаад явлаа. Аймагт давхиад ирлээ. Яаж яваад ч орсон юм. Ямар ч байсан тэр үед дүүгээ дагуулаад аймгийн дарга дээр орж л байсан байгаа юм даа. Дүүгээ аймгийн сургуульд оруулах уу, эсвэл Улаанбаатар руу явж сургах уу гэдгийг л шийдэх гэж явна шүү дээ.
-Бага сургуулиа бол нэлээн сайн төгсчихөж ээ дээ?
-Нэг их айхтар гялалзсан онц ч юм байхгүй. Гэхдээ л дажгүй сайн төгссөн. Балдандорж гээд яг манай нутгийн нэг хүү бид хоёр хоёулаа аймгийн дарга дээр орсон. Балдандорж маань аймагтаа сурах хүсэлтэй. Би бол ахтайгаа Улаанбаатар орж сургуульд сурна гэсэн бодолтой. Тэгсэн аймгийн дарга Содном чи аймаг дээр үлд. Тэр Балдандорж хот руу явбал яв гэж ингэж зөрүүлээд болдоггүй. Бид хоёр хоёулаа хүсэлтээ хэлээд уйлаад гуйж байдаг. Хоёр ижий ар талд суучихсан хараад байж байдаг. Тэгтэл аймгийн намын хороон дарга нь гээд Чойжамц гэж хүн байсан юм. Сүүлд төв хороонд ирж ажиллаж байсан. Тэр хүн орж ирээд энэ хоёр хүүхэд яагаад уйлаад сууж байгаа юм гэсэн. Аймгийн дарга тайлбарлаж байна. Тэгтэл Чойжамц гуай үгүй тэгээд саналаар нь л явуулчихгүй юу гэсэн. Ингэж нэг юм шийдээд,1946 онд Улаанбаатар луу орж ирж байгаа юм. Тэгээд Сангийн яамны харьяа санхүүгийн техникумд 1946-1950 онд суралцаж төгсөөд, 1950 онд Сангийн яаманд албан хаагч болж орж байгаа юм. Одоо болоход 17 той, жаахан л хүүхэд байж л дээ. Эхлээд байцаагчаар ажиллууллаа. Дараа нь төсвийн орлогын нягтлан бодогчоор ажиллуулсан. Өөрөөр хэлбэл байцаагч буюу нягтлан бодох гэсэн тийм хос мэргэжлээр Сангийн яаманд 1950-1954 онд дөрвөн жил ажилласан. Ингээд эхлээд харьяа сургуульд нь техникумд дөрвөн жил сурчихаад, дөрвөн жил яаманд нь байцаагч нягтлан бодогчоор ажиллачихаад байж байсан. Тэгтэл 1954 онд Эрхүүгийн тэр үеийн Санхүү Эдийн Засгийн дээд сургууль гэж байсан юм. Сүүлд Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль тэгхэд сүүлд нь улс ард аж ахуйн дээд сургууль гэж болсон. Одоо бол Байгалийн Эдийн Засаг, Хуулийн Их сургууль гэсэн нэртэй болсон байгаа юм. Одоо байгаль нуураараа имиж хийж нэрлэсэн болов уу. Энэ сургуульд 1954-1958 онд суралцсан.1958 онд төгсөөд ирж байгаа юм. Сангийн яам өөрийнхөө нэр дээр явуулж намайг сургасан юм шүү дээ. Төгсөөд иртэл намайг валютын хэлтэсийн даргаар томилсон. Б.Дүгэрсүрэн гэж хүн Сангийн сайд байсан юм. Б.Дүгэрсүрэн сайдаас би асууж байсан. Намайг чинь орлого хариуцуулж л ажиллуулах юм бодож байсан юм. Тэр чиглэлээрээ ажиллаж болохгүй юм уу гэж. Учир нь би гуравдугаар курсээ төгсөөд Сангийн яаман дээр нэг сарын дадлага хийсэн байхгүй юм. Тэр үед намайг Зөвлөлтийн Сангийн яамнаас ирсэн мэргэжилтэнтэй цуг төсвийн реформ дээр дээр ажиллуулсан. Нөгөө орос мэргэжилтэнтэй цуг бүтэн сар нэг өрөөнд сууж, бүх тооцоон дээр нь ажиллалаа. Үндсэндээ тэр нэг сарын хугацаанд бол ер нь хойно сурсан гурван жилийн мэдлэгээсээ бараг илүү гэхээр мэдлэг туршлага олж авсан л даа. Тэгээд төгсөөд ирэхдээ төсвийн орлого талын юман дээр л намайг ажиллуулах байхдаа гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь үгүй ээ, валютын асуудал манайд одоо хүнд байна. Энэ дээр мэргэших хэрэгтэй байна. Тийм учраас чамайг хэлтсийн даргаар томилно гээд ингээд валютын хэлтсийн даргаар томилогдоод 1958-1963 он хүртэл таван жил ажилласан. Тэгж байтал 1963 онд гэнэтхэн намайг дуудаад сангийн сайдаар томилно гэсэн.
-30 настай. Цэл залуу сайд.
-30 настай. Ингээд 1963-1969 оны 12 сар хүртэл сангийн сайд хийсэн.
-Тэгэхээр та чинь Монголын хэд дэх Сангийн сайд гэсэн үг вэ?
-Мэдэхгүй ээ, 10 орчим л болов уу даа. 1911 оноосоо эхлээд тоолбол нэлээн олон, 10-аад сайд байх шиг байгаа юм. Жинхэнэ 1921 оны хувьсгалаас хойш гэвэл хэд байгаа юм бол. Миний урд бол Дүгэрсүрэн гуай байсан. Дүгэрсүрэн гуайн урд Моломжамц гуай байсан Моломжамц гуайн урд Лувсан гуай, Лувсан гуайн урд Цэдэнбал гуай байсан юм байгаа юм. Тэрнээс урдахыг нь би сайн санахгүй байна. Ингээд 1969 онд Сангийн яамнаасаа Улсын төлөвлөгөөний комисс руу очсон. Улсын төлөвлөгөөний комисст томилохын өмнө Цэдэнбал дарга намайг дуудаад хоёулханаа уулзсан. Ярьсан юм юу гэхээр за, чи одоо одоо Улсын төлөвлөгөөний комисст оч. Чамайг Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд гэсэн ийм албан тушаалд томилох гэж байна гэж хэлсэн.
-Шинэ тушаал хүлээж авч. Санал бол асуухгүй биз дээ?
-Шинэ тушаал. Би уг нь Сангийн яамандаа нэлээн ажилдаа дасаж байгаа юм. Тэндээ байж болохгүй юм уу гээд бас асуугаад авсан. Тэгсэн Ю.Цэдэнбал дарга надад “Содном оо, нарийн учир байнаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Зөвлөлт Холбоот Улс бусад социалист орнууд дайны хохирлоо сэргээх ажлаа амжилттай хийж дуусч байх шиг байна. Одоо бол эдийн засгийн хөгжлийн асуудал дээр их анхаарч байна. Үүний дотор эдийн засгийн харилцан туслах зөвлөл гээд бүх социалист орнуудыг нийлүүлсэн тийм том зөвлөл байгуулсан байсан шүү дээ. Энэ шугамаараа бусад улс орнууд монголын хөгжлийг онцгой анхаар ч байна. Монгол вьетнам хоёр л гэж ярьж байсан л даа. Манай Монгол улсад зээл тусламжаа өгөх тийм болоцоо нь ч бий болчихож. Ер нь тийм бодлого ч явж байна. Энэ зээл тусламжийг авах завшаан бий болчихоод байхад бидэнд нэг юм дутаад байна. Тэр нь юу вэ гэхээр бидэнд Монгол орноо яаж хөгжлүүлэх юм гэсэн хэтийн төлөвлөгөө байхгүй байна. Хамгийн гол нь зайлшгүй шаардлагатай төслүүдээр техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хоцорч байна. Тэгээд зээл тусламж өгөе, харин та нар юунд зориулах юм бэ гэж биднээс асууж байна. Бидэнд хариу үзүүлэх бэлэн төсөл, ТЭЗҮ, тооцоо судалгаа байхгүй. Үүнээс болж зээл тусламж авах завшааныг ашиглаж чадахгүй байдалд хүрээд байна. Тийм учраас чамайг төлөвлөгөөний комисст томилж байна. Гол асуудал улсыг хэтийн төлөвлөгөөтэй болгох, чухал төслүүдээр ТЭЗҮ хийх. Энэ ажлыг чи хариуцаж зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд л Улсын төлөвлөгөөний комисст очсон. Тэнд бол их сонин ажлууд явагдсан л даа. Би чинь төлөвлөгөөний комисст 1969 оны сүүлээс 1984 он хүртэл ажилласан шүү дээ 14 жил ажилласан байгаа юм.
-Их бүтээн байгуулалтын ажлын он жилүүд биз дээ?
-Шууд барьж аваад бидний хийсэн ажил юу вэ гэхээр ерөөсөө монголыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө. Тэр нь ямар нэртэй төлөвлөгөө байсан бэ гэхээр “Монголын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах ерөнхий төлөвлөгөө” гэсэн.1970 онд эхэлж байсан гэхээр 1990 оныг хүртэл 20 жилийг бодсон тийм хэтийн төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөний комиссын дэргэд Эдийн засгийн хүрээлэн гэж байгууллага бий болгосон. Тэр үед Шинжлэх Ухааны Акдемийн ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв гуай ажиллаж байсан Б.Ширэндэв гуайтай яриад академийн хажууд бас эдийн засгийн хүрээлэн гэж байсан юм. Тэр хоёр хүрээлэнгээ нэгтгээд төлөвлөгөөний комисст академийн хоёрдмол удирдлагатай нэг Эдийн засгийн хүрээлэн бий болгоод ажилласан. Нэлээн олон хүнтэй, 50 гаруй хүнтэй том байгууллага байсан байх шүү. Тэр хүрээлэнгээ улсын төлөвлөгөөний комисс дээр байрлуулсан. Эдийн засгийн байгууллага яам хоёр тус тусдаа байхаараа хоорондоо мэдээлэл өгөлцөж авалцахдаа ч тааруу, ажил нь ч уялдаггүй тийм байдал байгаад байсан л даа Ер нь яаж эд нарыг хамтарч ажиллуулах вэ гээд тэгээд төлөвлөгөөний комисс дээр байршуулъя гэж шийдээд л ажилдаа орсон доо. Бидний хамгийн анхны хийсэн ТЭЗҮ Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ байсан. Нийт зээл тусламж бол 1971-75 онд бол ЗХУ-аас гэхэд 450 сая шилжих рублийн одоогийнхоор бол 450 сая доллар орчим тийм хэмжээний зээл авч байсан. Дараагийн гурван таван жилд тус бүр үндсэндээ гурван тэрбум, таван жил тус бүрт нь шүү дээ. Гурван тэрбум шилжих рублийн одоогийнхоор бол гурван тэрбум долларын хэмжээний зээл аваад ажилласан юм шүү дээ.
- Гурван тэрбум доллар?
-Тийм. Сүүлд баахан л ярьсан шүү дээ. Ерэн хэдэн оны үед. Оросод 10 тэрбумын өртэй байна гээд л шуугисан шүү дээ. Тэр өр чинь үндсэндээ энэ гурван таван жилд л авсан зээл шүү дээ. Маш их юм хийгдсэн. Манай улсад бол маш их завшаантай том бүтээн байгуулалтын арван таван жил болсон. Эхний төсөл Эрдэнэт. Тэгээд л Монросцветмэт, энэ том цахилгаан станцууд араас нь хийгдсэн. Бүх сангийн аж ахуйнуудаа шинэчлээд бариад авсан. Газар тариалангаа хөгжүүлсэн. Гурилынхаа хэрэгцээг бүрэн хангадаг болчихсон,арьс шир, ноосоо бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргачихдаг байсан. Жилдээ 45 мянга орчим тонн мах, 30-аад мянган тонн мал, 60-70 мянган толгой адуу гээд экспортод гаргачихдаг. Хүнсний ногооноос бол төмснийхөө хэрэгцээг бүрэн хангачихдаг. Зарим жил байцаа илүүдчихээр борлуулах зах зээлгүй сандарч байдаг байлаа. За, тэгээд бүрэн дунд боловсролтой болох асуудлыг бол бүрэн шийдсэн, техник мэрэгжлийн сургуулиудаар мэрэгжилтэй ажилчдаа ер нь бүрэн бэлдчихдэг. Ажилгүйдэл гэж байхгүй, бүх хүмүүс ажилтай, засаг төрөөс нь чи ажил хий гэж шаарддаг байсаан болохоос биш ажлын байр олж өгөөчээ гэж нэхүүлээд суудаггүй байсан. Тийм л болчихсон байсан үе шүү дээ.
-1984 онд та Сайд нарын зөвлөлийн дарга болсон билүү?
-Тэгсэн. 1984 онд чинь наймдугаар сард Ю.Цэдэнбал даргыг бүх албан тушаалаас нь халаад, 12 сард нь Ю.Цэдэнбал гуайн оронд Сайд нарын зөвлөлийн дарга байсан Ж.Батмөнх гуай маань ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
-Намын ерөнхий нарын бичгийн дарга. Ардын их хуралын тэргүүлэгчдын дарга.
-Тийм. Тэгээд Сайд нарын зөвлөлийн даргаа томилолгүй байж байгаад 12 дугаар сар болсон. Тэгээд л 1984 оны 12 сард намайг Сайд нарын зөвлөлийн даргаар томилсон.
-Монгол улсын хоёр дахь хүн гэсэн үг үү?
- За, одоо тийм л байдаг байх даа. Миний төрд ажилласан хугацаа 1950-1990 он гэхээр 40 жил болж байна уу даа. 40 жилээс дөрвөн жил нь хойно сургуульд сурсан байгаа. 36 жилд гуравхан газар ажилласан байдаг. Сангийн яам, Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газар. Тэгээд л 1990 онд огцорлоо. Ерэн оны гуравдугаар сарын 8. Эмэгтэйчүүдийн баярын өдөр талбай дээр баахан залуучууд маань өлсгөлөн зарлачихсан байж байсан. Би ажил дээрээ байсан юм. Ер нь бол их эмзэг үе шүү дээ. Тэр их олон хүн дотор чинь маш олон болж бүтэхгүй амьтад бас явж байна шүү дээ. Тэрнийг зохицуулахад хүндрэл үүсэх шинж ажиглагдаад байдаг.
-Завсрын сэжигтэй улсууд олноороо талбай дээр бас гараад ирчихсэн байсан байх л даа.
-Тэр олонлог дотор чинь бол аюултай шүү дээ. Хяналт тавих бололцоогүй болох ч аюул бий. Тэгээд би өлсгөлөн зарлаж байгаа залуучууд руугаа санал хүргүүлсэн. С.Зориг энэ Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж гээд бүгдээрээ л байсан л даа. Бүгдээрээ уулзацгаая, ярилцъя гэж би хүн явуулаад хэлүүлсэн. Тэгсэн тэд нар маань ч өө, зүйтэй байна уулзья. Гэхдээ ер нь телевиз дээр уулзаж, тэгээд тэр уулзалтаа нийтийн эфирээр гаргасан нь дээр байх гэж санал тавьсан.Тэгье гээд орой нь 16 цагт бид нар телевиз дээр очсон. Би энэ Д.Бямбасүрэнг дагуулаад тэнд очсон. Д.Бямбасүрэн миний орлогч байсан юм. Тэгээд тэнд бол ярьсан л даа. Нөгөө хэдэн нөхөд маань ч шаардлагаа ярьсан. Монгол ардын хувьсгалт намын үйл ажилгааг хязгаартай болгоё. Засгийн газрыг огцруулья гэж байсан. Улс төрийн товчоог огцруулна гэдэг асуудлыг ч тэр уулзалт дээр гаргаж тавьсан. Би ч яахав уулзалтаа хийчихээд явсан. Ямар хариу өгсөн бэ гэхээр за, та нар тайван бай. Одоо ингээд 2-3 хоногийн дараа манай намын бүгд хурал болно. Тэрүүгээрээ та нарын энэ тавьж байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Тэрний дараа Ардын их хуралын чуулган болох гэж байгаа. Тийм учраас та нар тайван бай. Энэ өлсгөлөнгөө зогсоочих. Тэгээд энэ бүх шаардлагуудыг авч хэлэлцэх, ярилцах бүх бололцоо гарч ирнэ гэж хэлсэн. Буцаж ирээд Ж.Батмөнх даргад ч хэллээ, товчоо ч цуглалаа. Тэгээд ерөөсөө тэр огцрох асуудлыг зөвшөөрье гээд ярилцсан. Хүн болгоноос асуусан л даа. Огцорох уу, яах уу гэж.
-Улс төрийн товчоо чинь нэлээн олон хүнтэй бүтэц биз дээ?
-Товчооний гишүүд чинь тэр үед цөөрчихсөн байсан л даа. Орлогч гишүүдтэйгээ нийлээд л найм есөн хүн л байсан байх. Тэгээд маргааш нь л гуравдугаар сарын 9-нийх нь орой Ж.Батмөнх гуай телевизээр олон түмэнд хэлсэн шүү дээ. Бид огцрох шаардлагыг хүлээж авч байнаа гэж.
-Тэр үед та хэдтэй байлаа. Хамгийн залуу нь л харагддаг байсан ?
-Нас уу. 57-той байсан. Залуу хархүү л гялалзаж явлаа шүү дээ би чинь. (инээв) Тэгээд л тэрний ачаар тэр оройдоо ч билүү дээ, өнөө өлсгөлөн чинь зогссон шүү дээ.
-Дэлхийн хоердугаар дайны үеэр таны бага нас төрөлх сумандаа өнгөрсөн байна. Бидний уран зохиолоор дамжуулж авсан мэдээлэл, төсөөллөөр л бол үнэхээр хэцүү, бүх юм ховор, шохой, самбар ч гэж олдохгүй. Даавуун цүнх үүрсэн хүүхдүүд л байсан гэж ойлгодог. Үнэхээрийн тийм байсан уу?
-Үнэхээр. Хувцас хунар гэх юм ч ховор живэр шүү дээ. Бид чинь ахмад хүмүүсийн хуучин нойтон юмыг л буцааж сэлбэсэн, хассан,тайруулж оёсон юмнууд л өмсөж явна шүү дээ. Зуны цагт бол ерөөсөө л хөл нүцгэн гүйнэ. Тэр нь нэг талаас яахав дээ, говийн бид бол халуун учраас халууцаад гуталгүй явдаг байсан л байх. Гэхдээ л гол шалтгаан нь өвөл зундаа таарсан гутал гэж ерөөсөө байхгүй байсан л байхгүй юу.
-Монгол гутал ч ховор уу?
-Ховор. Монгол гутал чинь бас зуны халуунд бол өмсөхийн аргагүй эд байсан шүү дээ. Хөл нүцгэн л гүйнэ. Намар оройхон болно, хүйтрэнэ, хөл даарна. Дөнгөж шинэ баасан үхрийн баасанд хөлөө хийж дулаацдаг байсан шүү дээ. Ийм л байсан. Ядуу амьдралын үнэн тийм л байсан. Хоол хүнс бол үнэхээр маш ховор байсан. Тэр дайны дөрвөн жилд иддэг мах адууны мах л байсан.
-Мал хуйгаа яачихсан байх уу?
-Мал ер нь л ховор л байсан юм даа. Тэрнийгээ идэж уудаг л байсан байх. Бас улсын бэлтгэлд өгнө шүү дээ. Манайх ч цөөхөн малтай айл байсан. Би чинь ядуу айлын хүүхэд шүү дээ. Эцэг маань байхгүй, муу эх маань л биднийг амьдруулах гэж зүтгэж явсан.
- Думаа гэж танай ээж уу?
- Ижий маань. Гурил олдохгүй. Их л хичээл зүтгэл гаргаж байж хивэг л олж иддэг байсан. Хивгийг тэр чигээр нь ч хэрэглэнэ. Модон идүүрт хийж нунтаглаж байж хоол хийж иднэ. За, будаа гэвэл хааяа шар будаа л олддог. Үнэхээр бид ядуу байсан. Хоол хүнсээр бол ер нь хэцүү л байсан даа.
-Хичээлийн анхны хэрэгсэл гэж танд ер нь юу байв?
-Нэг дэвтэр бол байсан.
-Тэр нь ямархуу, хаанаас олсон дэвтэр байх уу?
-Оросын дэвтэр. Нимгэхэн хөөрхөн дэвтрүүд байдаг байсан. Үзэг гэж одоогийх шиг юм байх биш дээ. Нөгөө бэхэнд дүрдэг үзэг байсан. Анги танхим чинь хүйтэн гэж жигтэйхэн. Манай Баян- Мугийн бага сургууль гээд хагас нь газарт, хагас нь дээр. Түүхий тоосгоор барьсан хоёрхон өрөөтэй юм байсан. Өнөө муу бэхэндээ үзгээ дүрээд бичих гэхээр тэр хооронд л хөлдчихнө. Амьсгаагаараа гэсгээж байгаад л бичнэ. Үнэхээр ядуу байсан шүү дээ, бидний амьдрал.
-Эхлээд монгол бичиг заалгав уу. Шууд шинэ үсэг заалгав уу?
-Шууд шинэ үсэг. 1942 онд сургуульд намайг ороход яг тэр жил шинэ крилл үсэг зааж эхлэсэн. Гүнсэнноров гэж нэг сайхан багшаар “а” үсэг заалгаж байлаа. Бидний аав шиг л байдагсан. Одоо байхгүй л дээ. Үргэлж л бидэнтэй хамт байдаг байсан. Ном хичээлээ заахаас гадна амьдралын ухаанд биднийг сургах гэж цаг наргүй зүтгэж явсан даа, хөөрхий. Ер нь тэр их гунигтай, хүнд хэцүү үед нутгийн ард иргэдэд гэрэл гэгээ өгөх тал дээр ч их юм хийдэг багш байсан. Тэр нутгийнхны бүгдийнх нь багш байсан. Манай нутгийн тэр үеийн улсууд ямар ч их сэтгэлийн хаттай, гуниг гутралгүй улсууд байсан юм. Манай сумын төв дээр улаан булан гэж нэг байшин байсан юм. Шал байхгүй. Шороон шалтай. Таазаа даавуугаар аятайхан өнгөлчихсөн. Жижигхэн хөөрхөн тайзтай. Тэндээ нутгийн ахмадууд, залуучууд бүгдээрээ нийлээд мандалин дээр тоглоод “Учиртай гурван толгой” дуурийг тавьж байсан л юм даа.
-Мандалинтай юу даа?
-Тийм ээ. Манай багш голлон зохион байгуулаад дуурь тавьж байсан. Тэр хүнд амьдрал дунд бие биенээ дэмжээд, гутрахгүйгээр сайхан амьдарч чадаж байсан улсууд шүү манайхан. Би өөрөө хоёр нүдээрээ харж байсан. ер нь сайхан эвдрээгүй ард түмэн гэдэг чинь ямар ч бэрхшээлийг даваад амьдарч чаддаг гэдгийг л тэгж харсан даа.
-Фронтод тусламж илгээх том аян явж байсан гэдэг. Та тэр үйл явдлын зах зухаас мэдэх үү?
-Мэдэлгүй дээ. Манайхаас, манай хамаатан садан айлуудаас бол нийлээд маш олон адуу тусламжинд өгсөн. Фронтод морь бэлэглэе ээ гэхээр нутгийн иргэд чинь хамаг олигтой сайнаасаа сорчилж авчирч өгнө. Бүгдээрээ ч тийм байгаагүй л байх л даа. Гэхдээ л олонх нь тийм л байсан. Бүгдээрээ л шилж сонгож бариад л хөтлөөд давхиад ирдэг.
-Тэгээд хойш нь хөлөөр нь л тууна биз дээ?
-Туугаад л фронт руу явна шүү дээ. Тууварчид гаргаад л зохион байгуулаад явуулдаг. Яг фронт дээр монголын маш олон морь ашиглагдсан гэдэг юм шүү дээ. Морин цэрэгт ч очсон байх. Зэвсэг хэрэгсэл зөөх барих тэр олон ажилд ч монгол морьд явсан. Намайг Төлөвлөгөөний комисст ажиллаж байхад ЗХУ-ын төлөвлөгөөий хорооноос манайд Абромов гэж хүн мэргэжилтнээр ирж олон жил ажиллаад буцсан. Долоо найман жил монголд ажилласан. Тэр хүн яг дайнд оролцож явсан хүн. Ленинградын хүн л дээ. Дайны бүх жилүүдэд европт байлдаад хамгийн сүүлд Унгарт дайн дуусгаад тэндээсээ шууд манайд ирсэн. Тэр хүн надад ярьж байсан юм. Монголын морь үнэхээр гайхамшигтай шүү гэж. Жижигхэн биетэй, хүч тэнхээ маш ихтэй. Өвс тэжээлгүй ч байсан зүтгээд л байдаг, ёстой жинхэнэ морьд шүү. Манай фронтод танай монголын морьд маш их тус болсон шүү гэж.
-Та ЗХУ-д очиж сурахыг их мөрөөдөж байв уу?
-Орос руу сургуульд явах миний туйлын хүсэл байсан. Хэл үзээд бэлдээд л байсан. Моломжамц гуай 1953 онд нэг шалгаж үзээд, чиний орос хэл арай дутуу байна гээд. Дахиж нэг жил орос хэлний бэлтгэл хийлээ. Тэгээд 1954 онд Эрхүүд сургуульд явсан даа.
-Өөр замналаар явсан бол ямар Содном байх байсан бол. Залуудаа мэргэжилдээ эргэлзэж, хувь заяаныхаа талаар элдвийг бодох үе байдаг байв уу?
-Үгүй. Одоо ч тийм бодол төрдөггүй. Урьд нь ч төрж байгаагүй. Бүр анх ах маань харин намайг дагуулж хот руу ирэхдээ урлагийн сургуульд оруулна гэдэг байсан. Би бас зураг жаахан оролдоно. Бас муугүй дуулчихдаг, лимбэ тоглочихдог тийм хүү байсан л даа. Тэгээд л ах маань урлагийн сургуульд оруулъя гэж бодож авчирсан шиг байгаа юм. Хоёулаа Улаанбаатараар баахан тийм төрлийн сургууль хайж явсан. Тэр үед байгаагүй. Төв театр гэж одоо засгийн газрын ордон байгаа газар байсан. 1946 онд билүү дээ, шатчихсан юм шүү дээ. Бид нар санхүүгийн сургуулиас наашаа гүйлдэж ирж харцгааж байсан юм даг. Тэр төв театр дээр хүртэл очиж ах маань урлагийн сургууль асууж сурж байсан. Тэгээд бүтээгүй. Нагац ах маань санхүүгийн сургууль төгссөн хүн байсан. энэ сайхан сургууль байна. Энд ор гээд л оруулчихсан.
-Орост очиж сурах болсон нь тухайн үед гайхамшигтай сайхан л явдал биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өдрийн бодол шөнийн зүүд байсан. Сангийн яаманд тэр үед ЗХУ-д төгсөөд ирчихсэн сайхан залуучууд байна. Оросоор ч ярина гэж хачин сайхан. Оросын мэргэжилтнүүдтэй хамт ажиллана. Энэ бүх орчин маань өөрөө намайг хөглөөд байсан. Эрхүүд л очиж сурахын мөрөөс. Хэлээ үзээд л байлаа.
-Эрхүү явахдаа та хэдтэй байв?
-21-тэй байсан. Орос хэл үзэж байхдаа би хоёр чиглэлээр их ажилласан. Нэгд, орос дуу маш ихс сурсан. Орос дуу дуулаад байхаар үгийн нөөц маш их болж байгаа юм. Хоёрт нь, би орос ном маш их хуулж бичдэг байсан. Нэг хуудсыг гурваас дөрвөн удаа хуулаад биччихээр дараа нь харахгүйгээр цээжээр биччихдэг болчихдог. Тэр бол маш ихийн нөөцтэй болгоно. Тэгээд л үгүүдээ хүмүүсээс энэ юу гэж байгаа юм гээд асууна. Тэгсээр байгаад давгүй болчихсон. Бэлтгэлгүй шууд сургуульдаа сурсан.
-Ерэн оноос хойш та юу хийв?
-1990 оноос хойш Газрын тосны газар хэсэг ажилласан. Жил гаруй хугацаанд. Нэлээн үр бүтээлтэй ажиллаж чадсан. Дараа нь Д.Бямбасүрэн намайг зөвлөхөөр ажилла гээд тэнд гурван жил Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. 1992-95 он хүртэл. Миний амьдралын бүх түүх дотроос тэр гурван жил л шал дэмий өнгөрсөн.
-Шинэ үеийн Засгийн газарт ажилласан тэр үе үү?
-Шинэ хуучиндаа гол нь биш. Ерөнхий сайдын зөвлөх гэсэн нэртэй. Тэнд зөвлөх байх надад нэг л онц биш л байсан. Өөрөө шууд толгой дааж ажил хариуцах юм байхгүй.
-Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд?
-Эхлээд Д.Бямбасүрэн, дараа нь П.Жасрай байсан. Тэгээд би 1995 онд П.Жасрайд хэлж гараад энэ МАК компанид зөвлөхөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл 18 жил МАК-д би зөвлөхөөр ажиллаж байна. Ийм том айлд, энэ хэмжээний том компанид зөвлөх байх гэдэг бол шал өөр олйголт. Энэ чинь амьд ажил. Асуудлуудаа маш шуурхай шийднэ. Хийсэн ажлынх нь үр дүн дороо гарна. Миний амьдралын энэ 18 жил бол маш сайхан үеүд байлаа. Манай улсын жинхэнэ хийж бүтээдэг залуучуудын нэг хэсэг нь энэ компанид байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн дүнгээр үзэхэд дунджаар 120-140 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж өгч байна. Одоо бол нүүрс нүүрс экспортлох олборлох төсөл хэрэгжүүлж байна. Гурван том төсөл хэрэгжүүлж эхлээд явж байна. Тэрний нэг нь Дорноговь аймгийн нутагт байгаа Цагаан суваргын зэсгийн ордыг ашиглах төсөл. Энэ бол их том төсөл. Эрдэнэтийн хүчин чадлын 60-70 хувийг гаргахуйц тийм том төсөл. 1500 орчим хүн ажилтай болно. Улсын төсөвт зөвхөн Цагаан суваргын төслөөс 150 орчим тэрбум төгрөг орж байх юм. Ийм хэмжээний том төсөл хэрэгжүүлж байгаа компани манай Монголд өөр байхгүй. Хоёр дахь том төсөл бол нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг мөн бариад эхлэчихсэн байгаа. Ирэх онд ашиглалтад орно. Цагаан суварга хэрвээ саадгүй явах юм бол 2015 онд ашиглалтад орно. Цементийн үйлдвэр мөн 2014 онд ашиглатад орчих бололцоотой явж байгаа. Одоо энэ Налайхын урдхан талд хөнгөн бетонын хамгийн орчин үеийн үйлдвэр барьж байна. Германы технологиор. Дорнод аймгийн төвд, адуун чулууны нүүрсний уурхай дээр томоохон судалгаа хийгдэж байна. Нүүрс шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн судалгааны ажлууд юм. Ийм том бүтээн байгуулалт хийж байгаа компанид зөвлөхөөр ажиллах нь нэр төрийн хэрэг юм. Ер нь манай монголчуудын дунд нэг том дутагдал ажиглагдах болжээ. Хийж бүтээж байгаа залуучуудаа ойлгож дэмжих тал дээр маруухан юм. Тэгсэн атлаа хутгаж үймүүлэх, үгүйсгэх тал дээр сүрхий дадаж байх шиг л харагдах юм даа.
-Ер нь өөрөө юу ч хийдэггүй, ямар ч бүтээмжгүй, чадамжгүй хүмүүс л чалчаа, бусниулж үймүүлэх дуртай улсууд байдаг шүү дээ.
-Тэр яг үнэн. Энэ бол бидэнд ямар ч хэрэггүй зан. Бид чинь одоо өөрийнхөө компаниудыг болохоор энэ муу золиг баяжиж байна гэж загнаад байдаг. Гадны компани ирээд ажиллахаар энэ золигнууд монголыг мөлжиж байна гэж загнаад байдаг. Тэгээд яах юм гэхээр хариулт өгч чаддаггүй. Ийм л улсууд болж хувирах нь уу даа.
-Орос орон гэдэг бол таны түүхээ холбосон орон. Одоо Эрхүүдээ очдог уу. Таныг бас орос гэргийтэй гэж сонсч байсан. Та хоёр хэдэн жил амьдарч байна вэ?
-Эрхүүд сурч байгаад яг 1958 онд төгсөхдөө би гэр бүлтэй болсон. Нэг сургуулийн хоёр. Сургуулиа төгсчихөөд, дипломоо авчихаад хоёулаа Эрхүүгийн гэр бүлийн товчоонд очиж бүртгүүлж байсан. Маргааш нь би Улаанбаатар луу, тэр маань алтайн хязгаар луу гэр лүүгээ яваад өгсөн. Славгород гэж жижигхэн хөөрхөн хот байдаг юм. Тэгээд хоёулаа захиагаар харилцаж байгаад ирэх жил нь 1959 онд эхнэр маань ирсэн. Тэр үед чинь бас виз зөвшөөрөл энэ тэр гээд нэлээн ажиллагаатай байсан.
-Одоо ч гэсэн манайхныг гадны хүүхнүүд нэг их тоодоггүй юм шиг санагддаг. Та бол их л гоё залуу байж л дээ?
-За, тэр нь ямар байдаг юм бол доо. Оросын нэг сансрын нисгэгч Леонов эртээдхэн телевизээр ярьж сууна лээ. Нэг үсчин дээр байв уу даа. Тэгээд наргиад хэлж байна. Уг нь би чинь залуу ч байлаа. Гоё ч байлаа. Одоо зөвхөн гоё нь л үлдсэн гээд хөхөрч байна лээ. Би бас тэрнийг дагаад хэлчихмээр санагдаж байна. Нээрээ би чинь урьд нь залуу ч байж. Гоё ч байж. Одоо гоё нь л үлдсэн дээ гээд нэг хэлчихдэг ч юм билүү. (инээв)
-Социализмын тэр үед манай сэхээтнүүд орос эхнэр их авдаг байсан юм шиг байгаа юм. Гэхдээ зарим нь амьдралын ээдрээнд буцсан, энд идээшиж зохицоогүй тохиолдлууд олон дуулддаг. Таны эхнэрийг их монголжсон, бараг монгол эмэгтэй шиг болсон гэх юм билээ?
-Миний Вера маань 1959 онд монголд ирсэн. Нэг ч монгол үг байхгүй хүн л байсан. Гэхдээ л хоёулаа энд амьдралаа зохионо, насан туршдаа хамт байна гэж шулуудаад л ирсэн. Ирээд л шууд миний ижийтэй хамт гурвуулаа цуг амьдарсан даа. Миний ижийг бол яг л өөрийнхөө ижий шиг, надаас бол хамаагүй илүү л асарсан. Ижий маань 1973 онд өөд болсон. Верагийн маань ижий 1983 онд нас барсан. Верагийн маань ижий монголд гурван ч удаа ирсэн. Хоёр ижий маань аль аль нь хэл мэдэхгүй. Нэг нь монголоор ярихгүй, нөгөө нь оросоор ярихгүй. Тэгсэн хэрнээ ойлголцоод л байдаг байсан даа. Манай хүүхдүүд тэр хоёрт хооронд нь орчуулж өгнө. Заримдаа нөгөөдүүл гүйлдээд алга болчихно. Хоёулханаа үлдчихсэн, тэгсэн мөртөө дохиогоор яриад хөхрөлдөөд л сууж байдаг байсан. Ер нь л болох болохгүй нь гэсэн асуудал бидний амьдралд гараагүй дээ.
-Таны гэргий ямар ажил хийж байв?
-Улаанбаатар төмөр замд анх ирээд л ажилд орсон. Тэгээд 1993 он хүртэл байна уу, даа тасралтгүй тэндээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай Вера монгол хэлээр сайн ярина. Бүр сүүлийн үеийн ярианд хэрэглэгддэг үгээр ч ярина. Монголыг бол маш сайн мэднэ. Тэр минь миний амьдралын утга учир байсан. Жил гаруйн өмнө Верагаа алдчихлаа. Тэр минь бурханы оронд одож, би гэдэг хүн хэдэн хүүхдүүдтэйгээ л байж байна даа.
-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Хоёр. За, одоо яриаг дуусгая даа.
-Ганцхан асуулт. Шинэ төр гарч ирсний дараа тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж та бүхнийг нэлээн удаан шалгасан. Ж.Батмөнх гуай та хоёрыг прокурорын үүдэнд сууж байдаг байсан гэж дуулж байсан. Энэ тухай та юу хэлэх бол?
-Ерэн оны хувьсгалыг чинь одоо ер нь оготны хамраас ч цус гаргалгүй хийж чадсан гэж бид их ярьдаг. Тэр үнээн. Үнэхээр тэгж хийж чадсан. Цус гаргачихгүй байх тийм сэтгэл зүрх нийт монголчуудад өөрт нь байсан гэж би боддог. Яг тэр өлсгөлөн зарлаад л, засаг төрийг эсэргүүцсэн хөдөлгөөн үүсээд эхлэхэд бидний дотор бол хүч хэрэглэх, эсэргүүцэх санаа бодолтой нэг ч хүн байгаагүй. Ерөөсөө тайван замаар төр засгийн бүх эрх мэдлийг залуучууддаа өгье, тэрний төлөө чадах бүхнээ хийе гэсэн л санаа бодолтой байсан. Албан тушаал, эрх мэдлийн төлөө үхтлээ тэмцэлдэх хүмүүжил манай тэр үеийн удирдлагуудад ер нь байгаагүй юм шүү дээ. Нэгэнд нь ч байгаагүй. Бид бол хатуу ойлгож байсан. Хуучин системийнхээ онол номоор цаашаа ер нь явах явцгүй болжээ. Өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг хатуу ойлгосон байсан. Зөрүү бол байсан. залуучууд ч өөрчилнө, шинэчлэнэ гэж байсан. Бид ч дэмжиж байсан. Гагцхүү бид бол аажмаар, алхам алхмаар шилжиж өөрчлөлтийг хийе гэсэн. Залуучууд бол нэг л цохилтоор эргүүлнэ гэсэн. Улс төрийн өөрчлөлтийг ч, эдийг засгийн өөрчлөлтийг ч нэг л дайралтаар хийнэ гэсэн. Зөрүү бол тэнд л байсан. Тэгсэн ч бид төрийн эрхийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр л гаргасан. Тийм ч учраас ямар нэгэн хүч хэрэглэх тийм асуудал гараагүй. Тэгэхээр оготнын хамраас ч цус гаргалгүй хийсэн энэ үйл хэргийн суурь нь хоёр талаасаа тавигдсан зүйл л дээ. Тэр үед энэ залуучуудад “Та нар хуучин удирдлагуудаа шүүхээр шүү” гэсэн шахалт бас их ирж байсан юм шиг билээ. Саяхан ч би нэг хүний ярилцлагыг уншсан. Ер нь буруу эргэвэл хууччуулаа дээр үеийнх шиг буудах ч юм руу оруулах санагалзал явж байсан байж магадгүй. Гэвч манай залуучууд тэгж буруу эргүүлэлгүй гарч явж чадсан. Тэр ятгаж байсан хүмүүсийн үгэнд бол ороогүй. Тэднээсээ бушуухан хөндийрсөн байгаа юм.
-Прокурорын газар та нарыг байцааж байсан. Танаас жишээ нь юу гэж асуух вэ?
-Огцорсны дараагаас л Улс төрийн товчоонд байсан бүх өвгөцүүлийг чинь хоёр жил хэртээ хугацааны турш байцаасан шүү дээ. Тэр бол манай МАХН-ын л удирдлагад шинээр гарч ирсэн хүмүүсийн санаачлагаар тийм байцаалт явагдсан юм билээ. Биднийг чинь аваачаад л байцаагаад байсан. Тийм л явуулга байсан юм билээ л дээ. Намайг бол хоёр л юмаар буруутгаж байцааж байсан. Нэг нь бол Ю.Цэдэнбал гуайн хувийн хадгаламжийн мөнгийг орос руу шилжүүлэх зөвшөөрлийг өгсөн гэж. Хоёр дахь нь бол таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон гэж. Ийм хоёр юмаар л намайг байцаагаад байсан.
-Хүний хувийн хадгаламжийг шилжүүлэх нь зүйн хэрэг биз дээ. Өрөвдмөөр л бага мөнгө байсан гэдэг юм билээ. Ер нь хэд байсан юм бэ?
-Нэг сая төгрөгний хадгаламж л байсан юм. Тэр үед бол их мөнгө. Би бол намайг байцааж байсан байцаагчид хэлж байсан. За, Ю.Цэдэнбал даргын хувийн хадгаламжний мөнгийг гуйвуулж өгөхийг зөвшөөрсөн гэдэг асуудлаар намайг буруутгавал ийм шийдвэр гаргасан шүүх өөрөө буруутан болно шүү гэж. Яагаад гэвэл хуулиар Төр хүний хувийн өмчид халдах, хураах тийм эрх байхгүй. Наад мөнгө чинь Ю.Цэдэнбал гуайн 40 жил энэ Төрд зүтгэхдээ хуримтлуулсан цалин хангамж нь байгаа юм. Энэ хүн нэгэнт Москвад амьдрах болчихсон учраас одоо энэ мөнгөө авч амьдралаа залгуулъяа гэхэд нь тэрнийг нь зөвшөөрөхгүй байх ёс суртахууны эрх бидэнд байхгүй. Хоёрдугаарт, улсад ямар хохирол гарсан юм бэ. Энэ хүний хадгаламжийг шилжүүлснээрээ улсад ямар ч хохирол байхгүй шүү дээ гэж би мэдүүлж байсан. Намайг буруутгасан нөгөө асуудал нь тусгай тэтгэвэрийн асуудал. Тэр үед үйлчилж байсан тэтгэвэрийн тухай хууль байгаа юм. Тэр хуулийн 61 дүгээр зүйлд тусгай тэтгэвэр байна. Тусгай тэтгэвэрийг хэнд олгох болоод хэмжээ ямар байхыг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг. Энэ хуулийн дагуу л би Ерөнхий сайд байхдаа таван хүнд тусгай тэтгэвэр тогтоосон. Их мөнгө ч биш шүү дээ. Хамгийн дээд талын тэтгэвэр бол 1200 төгрөг байсан. Энэ тусгай тэтгэвэр бол 1400 төгрөгөөр л тогтоосон юм.
-Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай эд нар л биз дээ?
-Үгүй ээ. Өөр улсууд байсан юм. Ийм хоёр юмаар намайг хоёр жил байцаасан. Энийгээ л асуудаг. Би хэлдгээ л хэлдэг.
-Гэр орныг тань битүүмжилж, өмч хөрөнгө хураасан юм гарсан уу?
-Гэр оронд баахан сүртэй амьтад орж ирж зураг мураг авч, бүх юмыг бүгдийг нь тоолж данслаад, зарж болохгүй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулж аваад явсан ш дээ. Хөгшин бид хоёр л гэртээ байсан. Хүүхдүүд байгаагүй. Хэдэн муу хуучин мебель, хөргөгчин дээр юм наагаад битүүмжлээд ч яах юм билээ. Бид бол гэхдээ огт цочирдоогүй. Миний хадгаламжинд 25 мянган төгрөг байсан. Би чинь тэтгэвэртээ гараагүй байсан. Нөгөөхөө авч амьдармаар байдаг. Авах гэтэл прокурор битүүмжилсэн гээд өгдөггүй. Ингээд байж байтал нөгөө 20 дугаар тогтоол нь гараад бүр навс унаад өнгөрсөн.
-Ю.Цэдэнбал гуайтай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ю.Цэдэнбал дарга бол Монголын Төрд бүх насаараа зүтгэсэн, асар их гавъяатай хүн. Тэрнийг яаж ч үгүйсгэх гээд нэмэр байхгүй. Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэлж баршгүй гавъяа байгуулсан хүн. Би Москвад байхад нь нэг удаа очсон л доо. Ярьж хөөрч сууцгаасан. Ухаан санаа нь ч гайгүй байсан. ер нь бол юмаа их мартдаг болчихсон байсан. Тэр чинь бол бүр 1984 онд л тийм болчихсон байсан юм ш дээ.
-Анастасия Ивановна бол нэлээн гомдолтой байв уу?
-Маш их. Тэгж л нэг уулзалдсан даа.
Монгол Төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Думаагийн Содном гэх энэ сүрлэг эрхэмтэй ийн хөөрөлдлөө. Түүний түүх бол монгол орны туулж ирсэн түүх юм. Бидний өсч өндийсөн тэр нийгмийг цогцлоохын төлөө эдгээр буурлууд амьдрал тэмцлээ зориулсан юм. Өнөөдөр 80 насныхаа ойг тэмдэглэж байгаа Д.Содном гуайдаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, урт удаан насалж, эрүүл энх явахын өлзийт ерөөлийг дамжуулъя.