Сэтгүүлч Ц.Пүрэвхүү энэ дугаарын маань бас нэгэн сонирхолтой зочин боллоо. Цахим буллид хэдэн жилээр авлуулж, ганц ч тайлбаргүйгээр олны хэл аманд ээрэгдэн “шүүгдсэн” түүний хэвлэлд анх удаа өгч буй дэлгэрэнгүй ярилцлага энэ болов уу. 

-“Пүрэвхүү ба булли” гэх сэдвээр яривал хамгийн тод кэйс болохоор жилүүдийг туулчихлаа. Би ч гэсэн зарим үед шүүмжилсэн байх аа. Эмэгтэйчүүдийн  баяраар тааралдаад шууд л таныг зочноороо урьж ярилцмаар санагдсан. Үнэндээ хөндлөнгөөс хараад хөндүүрлэтэл дуугүй явлаа шүү дээ . Тийм болохоор өнөөдөр хөнгөртөл ярьж болно. Та хотын уугуул уу. Аль нэг аймгийн харьяалал сонсогдож байгаагүй санагдана. 

-Намайг ярилцлагадаа урьсан танд баярлалаа. Би хотод төрсөн, унаган хотын иргэн. Ээж аавынхаа угсаа гарлаар яривал Ховд аймгийн Булган сумын торгууд ястан. Манай торгуудууд бол Чингис хааны шадар торгон цэрэг байсан турхагуудын удам бөгөөд, энэ нэр он цагийн аясад торгууд болж хувирсан гэж үздэг. Манжийн дарлалаас дайжиж, Элстэй рүү нүүн суурьшиж байгаад сүүлд Оросын хаант засгийн хэрцгий бодлого тэвчихийн аргагүй болоход эх нутаг, эрх чөлөөнийхөө төлөө 1771 онд Торгуудын их нүүдлийг эхлүүлсэн торгууд хүмүүсийн үр сад юм даа.

-Торгуудын их нүүдэл... Энэ бол тусдаа том сэдэв юм даа. 

-Тэгэлгүй яахав. Чи хэн юм бэ гэдэг асуултад би торгуудын түүхээрээ бахархан  хариулах дуртай. 

-Тэмцдэг, тэсдэг хүмүүсийн тасархай болохоор та ийм тэвчээртэй байх нь... 

-2022 оны хавар сошиалд хэсэг элдвээрээ хэлүүлсний дараа нутагтаа очиж хөгшин аав, адиагийнхаа (өвөө эмээг торгуудууд ингэж нэрлэдэг ) гэрийн буурь алаг толгойд  ээжтэйгээ, нагацуудтайгаа хамт очоод сэтгэлээ онгойтол нэг уйлж аваад ирсэн дээ. 

-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?

 -Аав маань гэр амьтай, гэр бүлдээ халамжтай, үнэхээр сайхан хүн байсан. Энэ амьдралд өгч болох бүх л сайн сайхныг өгөөд, залуухнаараа өвчний улмаас хорвоогоос буцсан.

Аавгүй болсон өдрөөс л хүүхэд нас дуусдаг юм билээ. Авга эгч маань анх одоогийн“Ард даатгал” компанийг үүсгэн байгуулж, аав болон авга талынхан маань эгчийгээ дагаж хөдөлмөрлөсөөр манай ах дүүс элбэг сайхан амьдралаар амьдарсаар ирсэн.

Сүүлд Ч.Ганхуяг захирал энэ компанийг аваад сайхан авч явж байх шиг байна. Ээж маань залуудаа  одоогийн хэллэгээр жинхэнэ “Бар ээж” байлаа. Жаахан нас нэмэгдэхийн хэрээр тавих шаардлага нь арай зөөлөрсөн л болохоос... (инээв)  Хийх ёстой ажлыг заавал хийж дуусгах ёстой гэдэг төлөвшлийг ээж маань надад олгосон. 2022 онд бас дахин сошиал буллид өртөөд байж байтал нутгийн танил төдий нэг ах залгаад бид чамайг дэмжмээр байна, хамгаалмаар байна яах вэ гээд залгаж билээ. Талархсанаа илэрхийлээд, тухайн үед дэмжлэгийг нь авахаас татгалзсан ч сэтгэлд үлдсэн багахан идеализмаа нутгийн ахын тэр үгсээр тэжээж авч үлдсэн. Үнэхээр хүнд байсан. 

-Манай “Өдрийн сонин”-д оюутан байхдаа дадлага хийдэг хөөрхөн охин байсан. Дараа нь “25-р суваг” телевизийн Пүрэвхүү болтлоо ажилласан. Телевизийн сайн сэтгүүлч байсан гэж боддог. Сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосон юм бол?

-Хувь хүний натуртаа тохирох мэргэжлээ л зөнгөөрөө сонгосон. Би 23-р сургуульд сурдаг байлаа. Тавдугаар ангид байхад маань монгол хэлний багш Б.Оюун зуны амралтын өмнөхөн Девид Зельцерийн “Муу ёр 666” гэдэг номыг талд нь хүртэл ярьж өгөөд амралтаараа олж уншаарай гээд орхичихсон юм. Тэгээд хайж байгаад  олж уншаад тэр чигтээ номонд нэлээн шимтсэн.  “Родная литература” зургаадугаар ангиас орж эхлээд явж байтал “Мятрашгүй Жулиа” гэж кино гараад уншиж бичих дуртай өсвөр насны охинд хүчтэй нөлөө үзүүлсэн. МУИС-ын Сэтгүүл зүйн ангид сурч байхдаа “Өдрийн сонин”-д зун дадлага хийж эхэллээ. Сонины хэвлэх үйлдвэр, тэр цаасны үнэр, том редакц, өглөөний летучка гээд үнэхээр сонирхолтой орчин руу орсон.

-Сонинд дадлага хийж байгаад яагаад телевиз сонгочихсон бэ? 

-“Өдрийн сонин”-д гурван жил дарааллан дадлага хийж байхад Ж.Гангаа ах, Б.Тэмүүлэн эгч, Б.Золбаяр ах, Л.Мөнхбаясгалан эгч, Э.Энэрэл эгч, гээд сонины сэтгүүл зүйн бүх л мастерууд нэг редакцид байсан даа. Телевиз сонирхолтой санагдаад л төгсөнгүүтээ орсон. “Монгол банк”-ны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал тухай үед миний ажиллаж байсан телевизийн захиралаар ажиллаж байсан юм. Золоо захирал эдийн засаг, санхүү чиглэлийн мэдээ нэвтрүүлэг бэлтгэж эхэлж байх үед маань анх нэлээд менторлож байсан. Алтан өндөг унагадаг гэдгээрээ алдартай хүн шүү дээ. Дараа нь нь “25-р суваг” телевизэд З.Алтай захирлын удирдлагад ажиллах завшаан тохиож эдийн засгийн тойм хийж эхэллээ. Байгаа хэдэн үйл явдлаа эвтэйхэн эвлүүлээд, Ачит-Эрдэнэ гэх мэт шинжээчдээр анализ хийлгээд эвлүүлээд гаргадаг байсан. Одоо бодоход 22 настай тоймч ч гэж юу байхав.

-Хэдэн жил ажилласан бэ? 

-2005-2012 оны эхэн хүртэл ажиллаж байгаад  мастерт суралцахаар  АНУ руу  явсан. 

-Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан юм билээ. Залуу байхад надад гадаадад магистрт сурчих боломж олдоогүй. Харамсаж явдаг юм. Та энэ сэдвээр бас л нэлээн “нүдүүлэх” шиг боллоо. 

-Боловсролын зээлийн санд хамрагдсан 2012 онд надад байсан ганц зүйл нь TOEFL-ын оноо л байсан. Надад дарга аав ээж, хамаатан байсангүй. Хүмүүс таван өдөр ажиллаад хагас бүтэн сайнд амарч байхад, би хэлээ үзээд онгоцны билетийн мөнгөө олох гээд хоёр ажил зэрэг хийгээд гүйж байсан. Тухайн үеийн Засгийн газрын гаргасан бодлогынх нь хүрээнд хамрагдаад олон залуус ном журмаар нь сурсны нэг нь би. Зээлээр сурсан 2000 гаруй залуусын дунд дарга ээж, аавгүй жирийн иргэд байгаа шүү дээ. 

Засгийн газраас бидэнтэй хийсэн гэрээ нь анхнаасаа эх орондоо эргэж ирээд таван жил ажиллаад, нийгмийн даатгалаар түүнийгээ нотлоод,  зээлээс чөлөөлөгдөх нөхцөлтэй байсан. Засгийн газрынхаа бодлогод хамрагдаад явсан залуус нь хэдэн жилийн дараа улс даяар хулгайч хэмээн цоллууллаа. Түүнчлэн, гэрээний үүргээ хангачихсан атлаа барьцаанд тавьсан эцэг эхийнхээ байрыг авч чадахгүй нэг тийм тодорхойгүй байдалд орчихсон. Тэр 2000 гаруй залуус ардаа амьдралтай, гэр бүлтэй. Барьцаанд байгаа байраа суллаж аваад амьдрал ахуйгаа өөд нь татах шаардлага байгаа. Би хувьдаа гэрээний дагуух үүргээ биелүүлээд, зээлээ тэглүүлэх хүсэлтээ Боловсролын зээлийн санд өгсөн. Тэнд байгаа төрийн албан хаагчид барих ёстой гэрээгээ бариад зөрчилгүй, үүргээ биелүүлсэн суралцагчдын зээлийг гэрээнийх нь дагуу чөлөөлсөн байхад энэ улс төржилтөөс болоод тэр шийдвэрийг буцаасан байна лээ. Уг нь энэ асуудлаар залуус Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхэд өгөх л ёстой юм. 1000 гаруй хүний зээлийн асуудал яригдаж байхад насаараа улс төрд явсан, гишүүн, сайд хийсэн хүмүүстэй миний зургийг нийлүүлж тавьснаа “Энэ хүмүүсийн зээлийг  журам зөрчиж чөлөөлжээ” гээд намайг сайдад нөлөөлчихсөн мэт илтэд буруу ойлголт төрүүлэхээр нэг мэдээг саяхан хүртэл харсан. Гайхаад би материалаа дутуу, буруу зөрүү өгсөн юм болов уу гээд шалгатал  940 хүний зээлийн асуудал нийтдээ яригдаж байхад миний нэрийг гарчигтаа тавьж мэдээ цацдаг нь бодвол хандалт л авах гэсэн арга юм болов уу даа. Харин Боловсролын зээлийн сангаас зээл авчихаад сураагүй, эргэж монголдоо ирэхгүй байгаа, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүстэйгээ хариуцлагаа тооцох нь зүйн хэрэг.

-Тэд нартай хамт шүүмжлэлийн бай болсон нь гомдмоор байсан уу?

-Тэгэлгүй яахав дээ.

-Ер нь бүгдийг нэг дор тайлбарлая гэж бодоод өөрөө хаалгаа хаачихсан юм биш үү.  Би нэгэнт “бай” болжээ гээд хаячих шиг санагдсан.

-Ер нь бол цөхөрсөн. Тэгж их цөхөрсний дараа хүний сэтгэл гэдэг биегүй атлаа бие шиг шархирч өвддөг юм билээ. 

Ээжийгээ л өрөвддөг. Хамаг амьдралаа хүүхдүүддээ зориулж өсгөсөн ээжид минь охиноо ингэж элдвээр чичлүүлэхийг харах хэцүү л байдаг байх. Нүүрсний хулгайн буруутан хүртэл би боллоо.

-Тавантолгой түлш ХХК-ийн удирдах зөвлөлд ажиллаж байсан юм уу?

-Утаан нэмэгдсэн 2021 оны 10-р сард би өөрийн хүсэлтээр “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-өөс гарсан. Есдүгээр сарын 30-ны хурлаас нь л тухайн жил утаа эрс нэмэгдэх нь тодорхой болсон. ТУЗ-ийн хурал дээр Нийслэлийн орлогч дарга нь албаныхантайгаа орж ирээд галлагаа нэмэх, илүү сөрөг үр дагавар дагуулах шийдвэр гаргуулах гээд зүтгээд байхад нь би эрс эсэргүүцээд утаа нэмэгдэх нь байна шүү гэдгийг урьдчилан сануулаад протоколд нь тэмдэглүүлж байсан. Шийдвэрээ өөрчлөхгүй болохоор нь Удирдах зөвлөлөөс нь өөрийн хүсэлтээр гарсан. Яг л болгоомжилж байсанчлан утаа тэр өвөл харамсалтай нь эрс нэмэгдсэн. Энэ болгоомжлолоо би “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-ны аравдугаар сард болсон хурал дээр нь хэлсэн. Ер нь хэлж болох бүх хүнд нь л хэлсэн. Иргэдэд нээлттэй ил пост хүртэл өөрийн цахим хаягнаас бичиж үлдээсэн. Хэн нь ч тоогоогүй.

-Тэр удирдах зөвлөлийн сарын цалин нь 840,000 төгрөг гэсэн үү? 

-Түлшний үйлдвэрийн удирдах зөвлөлийн цалин эхэндээ 340,000 төгрөг байснаа сүүлд 840,000 төгрөг болсон. Tелевизэд гар дээрээ хоёр сая шахам төгрөгийн цалин авдаг байсан хүн шүү дээ, би чинь. Би өндөр цалин хайсан бол ийм ажил хийхгүй байсан. Утааны эсрэг тэмцлийн үргэлжлэлд нь гар бие оролцож иргэдийн нүд чих нь болж байна гэж бодоод цалин урамшуулалд нь ач холбогдол өгөлгүй зүтгэсэн. 2021 оны өвлөөс утаа нэмэгдэх нь тодорхой болоод байхад энэ Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Агаарын бохирдлыг хариуцдаг салбар дундын нэгж болох үндэсний хороогоо Байгаль орчны яамнаас Эрчим хүчний яам уруу шилжүүллээ, татан буулгалаа, нийслэл рүү шилжүүллээ. Үндэсний хэмжээнд хийгдэх ёстой ажлыг нийслэлд даалгана ч гэж юу байхав дээ.  Ингээд тонгочуулаад байхаар яаж тэр нэгж тогтвортой ажиллаж, утаа буурах билээ дээ. Энэ Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг гурван жил хайхрахгүй орхисонд нь би маш гомдолтой байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нэг биш бүр  хоёр өвөл дараалаад буурсан утааг яагаад дараагийн хүмүүс нь ажил хүлээж авангуут ингээд нэмэгдчихдэг юм. Иргэд гурван өвөл тасралтгүй л бичиж бухимдлаа. Тэвчихгүй гараад жагсъя гэхээр би гэдэг хүн хэдэн жил нуруугаа авахуултал цахим буллид балбуулчихсан. Ахиж олон нийтийн ажил хийх урам зориг бүү хэл тэнхээ  ч үлдсэнгүй, иргэдийн оролцоо ч эргэлзээтэй болчихсон. Гэхдээ би бичсээр ирсэн. Тэгсэн сая 2024 оны нэгдүгээр сард УИХ-аас нүүрсний асуудлаар нотлох баримтыг хянан шалгах нийтийн сонсгол хийхдээ УИХ-ын Тамгын газрын бололтой шинжээч нь “Таван толгой түлш” ХХК-ийн Удирдах зөвлөлд ажилласан 20 орчим хүний нийт бараг таван жилийн туршид авсан цалин урамшуулал, үйл ажиллагааны зардлыг нийлүүлээд нэг удаа тийм урамшуулал өөрсдөдөө авсан мэтээр мэдээ цацчихсан. Тэр дунд нь намайг 78 сая төгрөг авсан гээд л ташаа мэдээ цацчихсан.

-Яах аргагүй 78 сая төгрөг бөөнөөр нь авсан гэж ойлгогдохоор цацсан л даа. 

-Тэр сценарийг нь дэглэж, түлхсэн хүн нь огт өөр хүн гэж би таамагладаг. Тэр хүнтэй би утаа нэмэгдээд байгаа асуудлаас болж 2022 онд маргахад тэр хүн улаан цайм мессежээр заналхийлсэн, түүнийгээ ч хэрэгжүүлсэн. Манай улсад буллиг захиалагчтай хариуцлага тооцдог ёс зүйн бүү хэл хуулийн зохицуулалт ч алга. Ийм байхад би шүгэл үлээж, асуудлаа шууд ил гаргаж тавих нь өөрийгөө л ахиад эрсдэлд оруулах болчихсон. Мэдээж монголынхоо болон гадаадын хүний эрхийг хамгаалагч экспертүүдээс би зөвлөгөө авсан. Хууль эрх зүйн орчин нь байхгүй учир дахиад л сошиал дайралт болоод дуусахаар байгааг хэлж байсан. Европын парламент жишээ нь, хүйсэнд суурилсан цахим буллиг зохион байгуулсан, захиалсан хүнд эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгохоор Европын парламентын судалгааны төв томоохон судалгаа хийгээд бодлогын арга хэмжээнүүд авч эхэлсэн байна билээ. Их Британийн ханхүү Уи́льям бүр буллины эсрэг үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлээд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлуулсан байна. Австрали улсад “Bully zero” сан байгуулагдаж, НҮБ-ын Юнеско 11-р сарын нэгний өдрийг “Цахим булли болон аюул заналын эсрэг өдөр“ болгон зарлалаа. Боливи улс бүр 2012 онд энэ төрлийн хуультай болоод Латин америкийн орнууд энэ асуудлаар идэвхитэй хэлэлцэж байна. Хамгийн аймшигтай нь томчууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл сошиал медиа ашиглаж нэгнээ буллидах үйлдлээс  залуус, өсвөр насныхан, хүүхдүүд харж суралцаад нэгнээ буллидсаар, амиа хорлоход хүртэл нөлөөлсөөр байна. Тиймээс дэлхийн соёлтой нийгмүүд хүүхэд залуусаа хамгаалсан буллины эсрэг санг дэлхийн өнцөг булан бүрт санаачлаад байна. Хамгийн өрөвдөлтэй нь буллины эсрэг санг дандаа хохирогч  болж амиа хорлосон хүүхдүүдийн гэр бүлийнхэн санаачилсан байна лээ. УИХ-д сонгогдох дараагийн гишүүд энэ чухал асуудлыг судалж ирээдүйгээ хамгаалсан хуулийн орчныг бий болгоосой, улс төрийн намууд санаачлагатай байгаасай гэж хүсэж байна. 

Танд би тэр 78 сая төгрөгийн урамшууллыг тайлбарламаар байна. Бидэнд сар тутам өгдөг байсан тэр 840,000 төгрөгийн урамшууллаа утаа буурсан эхний хоёр жил өгсөн. ТУЗ-ийн ажлын албаны зардал мөнгө бүгдийг нь нийлүүлээд нэг удаа урамшуулал авсан мэтээр ойлголтыг төрүүлсэн. Над руу доромжилж харааж, аюулгүй байдалд маань заналхийлсэн өч төчнөөн мессеж ирсэн. Амьдардаг байрны маань фэйсбүүк групп рүү зарим хүн тэр мэдээг шэйрлээд энэ хүүхэн энд амьдардаг билүү гэж асуусан. Би хоёр жоохон хүүхдийнхээ, гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовсон.

Нэг танхай этгээд энэ ташаа мэдээлэлд бухимдаад намайг гудманд зодчихвол, миний хүүхдүүдийг шоглочихвол УИХ-ын Тамгын газрын шинжээч, Хууль зүйн сайд  Б.Энхбаяр, тэр мэдээллийг нягтлалгүй дэвэргэсэн М.Оюунчимэг гишүүн хариуцлага хүлээх үү. УИХ-ын гишүүд цалин, урамшуулал авч татвар төлөгчдийн мөнгөөр, олон улсын төсвийн мөнгөөр гадаад дотоод явдаг. Тэр бүгдийг нь нийлүүлээд энэ гишүүд 200 сая төгрөгийн урамшуулал авчээ гэж зарлавал ташаа мэдээлэл болно биз дээ.  Тавантолгой түлш компанийн нийт зарцуулсан 1.2 их наяд төгрөгийн үр дүн, утааны талаар ярихгүй байж утаа буурсан жилүүдэд удирдлагад нь ажилласан иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн ганц эмэгтэйн нэрийг цохож гүтгэсэн нь муухай л байсан. 

-Та чинь сонгуульд М.Оюунчимэг гишүүнтэй Чингэлтэй дүүрэгт нэг тойрогт өрсөлдсөн билүү. Арай тийм зүйлээс болоод өсөрхсөн баймааргүй юм аа?

-Уг нь УИХ-д хоёр дахиа сонгогдсон, надаас 10 гаруй насаар эгч, манай сэтгүүл зүйн салбарын сэнпай шүү дээ. 

-Хууль зүйн сайд Б.Энхбаярын хувьд одоо нэг тайлбарлаж ярих байлгүй дээ. “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүдийн сарын цалин  840,000 төгрөг юм байна. Бусад компанийн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн дэргэд бол их биш цалин. Зориуд улс төрд ашиглаж ийм маягаар цацсандаа уучлал гуйх байх. Бас сэтгүүлчдийг нүүрсний машинтай, аймаар том бизнес эрхлэгчид болгоод зарлачихсан. Энэ мэтийн юмнуудаа залруулах байх л даа. 

-Бид “Тавантолгой түлш”-ийн Удирдах зөвлөлд ажиллаж байхдаа галлагааны тухай сургалт, дулаалгын тухай сургалт орохоос эхлүүлээд  яндан хөөллөө, зуух пийшин шавардлаа, нүүрс шуудайллаа, борлуулалтын 400 гаруй цэгээр байнга тойрдог байлаа, юу эсийг хийсэн гэхэв. Өөрөөс шалтгаалах бүхнээ л хийсэн. 

-Тэндээ л хөдөлгөөнгүй байх ёстой байсан юм биш үү. Таныг утааны эсрэг хөдөлгөөнийг далимдуулж өөртөө ашиг хонжоо хайсан гэж л гол нь буруутгасан?

-Талбай дээр бүх насаараа жагсаад л, байнга зуух пийшин шавардаад явж байг гэж хүссэн байх аа....

-Гэтэл та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах урилга хүлээж авсан. Одоо зөвлөхөөрөө ажиллаж байгаа юу? 

-Зөвлөхийн ажлыг хийхээ болиод хоёр жил болж байна. 

-Одоо ч ажиллаж байгаа гэж бодож байлаа. Та нэг ч яриа өгөөгүй. Ерөөсөө дугардаггүй болохоор...

-Юм ярихаас цөхөрсөн дөө. Хүнд чинь байнгын дайралт, гүжир гүтгэлэг, цохилт  авах даац хэмжээ нь тулна гэж юм бас байдаг юм билээ. 

-Илүү бодлогын түвшинд ажиллаж, зорилгоо биелүүлэхэд тань зөвлөхийн ажлыг хийж байх хэрэгтэй байсан юм бишүү. Яагаад ажлаа өгчихсөн юм бэ?

-(хариулахгүй хэсэг азнав)

-Ярьж болохгүй байна уу?

-Ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд л орсон. Надаас болоод тэр их хэл ам Төрийн тэргүүн рүү чиглээд байгаа нь намайг их эмзэглүүлсэн. Тусгаар улсын Төрийн тэргүүний эрхэмсэг оршихуй гэж чухал юм байна шүү дээ.

-Нөлөө бүхий улстөрчидтэй маргаж муудалцсан гэсэн. Тэр нөлөөлсөн үү? 

-Тэгсээн тэгсэн. Гэхдээ тэр нь Ерөнхийлөгч биш шүү. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд байхаасаа иргэдийн утааны эсрэг дуу хоолойг хамгийн их сонсч, хүүхдүүдийг хамгаалах, утааг богино хугацаанд бууруулах маш хүнд ажлыг шуурхай хэрэгжүүлсэн дээ. 

 -Тань дээр бол процесс их хурдан явжээ дээ. Ер нь эмэгтэйчүүдийг буулгах, шийтгэх процесс их хурдан явагддаг л даа. Хөлд нь хүний нэр төр, амьдрал яаж хугарч, нугарах бол хамаагүй шүү дээ?

 -Тийм ээ. Тэрэнд нь манай зарим хэвлэлийнхэн оройлон оролцдог нь харамсмаар. Тэдний санаа нь амраа байлгүй дээ.

-Одоо хаана ажиллаж байна вэ?

-Сүүлийн хоёр жил Швейцарийн хөгжлийн агентлагийн засаглалын төсөл дээр менежерээр ажиллалаа. Шинэ салбарт туршлага хуримтлуулж, ажил хэрэгч хамт олонтой ажиллах сайхан байлаа.  Ахлах менежертээ болон хүндхэн сорилттой үед дэргэд байсан зарим найзууддаа талархаж явдаг даа. Мөн хажуугаар нь НҮБ-д мэргэжлээрээ зөвлөх хийж байгаа. Ажлаараа бахархаж яримаар байвч олон улсын байгууллагын дүрэм журам гэж бас байна аа. 

-Яагаад эргэж сэтгүүл зүйдээ орж ажиллахгүй байгаа юм бэ? 

-50 нас нэлээн гараад, хөвгүүдээ тусдаа гараад явахаар нөхөртэйгээ хамт монголынхоо бүх сумдаар явж аян замын сурвалжлага нэвтрүүлэг хийнэ гэж мөрөөддөг. Зураглаач Тулгаа дүүгээ дагуулж аваад, найруулагч Мөөгийтэйгээ монтаж дээрээ сууна даа. Тэр болтол бас хийх ажил байна аа. Хөдөөнөөс хамгийн гоё сурвалжлага гардаг гэдгийг та мэдэх байлгүй дээ. 

-Сэтгүүлч хүний ар гэр байх амар биш ээ гэж манай нөхөр хэлдэг юм. Нөхрийнхөө тухай яриач? 

-Бурхан аавыг маань эрт авч явсан болохоороо ч тэр үү намайг өрөвдөөд сайн ханьтай учруулсан байхаа. Бүтэлтэй хайр дурлалтай учраад, сайхан амьдрал босгоод явна гэдэг үнэхээр их аз завшаан. Заримдаа өөрийгөө нөхөртөө өргүүлчихсэн юм шиг амьдраад байгаа ч юм шиг санагддаг . Хүүхдүүдээ бага байхаас 2017 оноос хойш би дөрвөн жил гаруй олон нийтийн ажил хийгээд хэнхэглэж явсаар хамаг амьдралаа нөхрийнхөө нуруунд үүрүүлчихсэн байсан. Тэгээд зогсохгүй байс хийгээд л буллид өртөнө. Тэр тоолондоо би гэртээ бүгээд уйлчихна. ”Чамайг ингэж уйлж, шаналж байгааг харах надад үнэхээр хэцүү байна. Пүүжээ, би уг нь өөрөөс шалтгаалах бүхнээ хийгээд дөрвүүлээ сайхан л амьдарч байгаа. Чи энэ ТББ гэх мэтийн ажлаа одоо больчих” гэж сүүлдээ гуйсан. Харахад биерхүү том ч сэтгэл нь зөөлөн хүн. Нөхөр маань 2009 оноос АНУ-д сурч амьдарсан, бизнес эрхэлдэг, ахуй амьдралдаа арчаатай, хөдөлмөрч хүн. Би гэдэг хүн сүүлийн хоёр жил л сэтгэлзүй арай тайван,  цагтай нартай, цалинтай ажил хийж нөхрийнхөө ачааллаас эхнэр хүн шиг үүрэлцэж байна.

-Энэ нийгмийн төлөө зүтгэх, улс төрийн түвшинд гарч ирж ажиллах, шийдвэр гаргагчидтай ажиллах амар бишээ. Ялангуяа залуу эмэгтэй хүний хувьд сэрдэгдэнэ, гүтгэгдэнэ. Манай нийгэмд бол одоо бүр энэ бүхэн амьдралынх нь зайлшгүй туулах замнал шиг болчихлоо. 

-Харамсалтай нь тэгээд хэвшчихлээ дээ. 

-Энэ дунд хамгийн өөдгүй нь хүмүүсийн хувирал байдаг . Хүмүүсийг хэр их таньж авав. Хамгийн муухай зүйлийг улс төрийн түвшний эрчүүд хийдэг, худлаа ярина, хов зөөнө. 

-Аливаа хамт олон, бүлэг, салбартаа их бага ямар ч хэмжээтэй бай үнэ цэнтэй хувь нэмэр оруулдаггүй, энэ тухай цэгнэж, логиктой эргэцүүлж боддоггүй хүмүүс их аюултайг ойлгосон.  Нөхөрлөлд ч мөн ялгаагүй. Гэхдээ хүн бүр намайг ойлгож дэмжих албатай биш дээ. 

Харин сэтгэлийн угаас талархаж явдаг хүмүүсээ би дурдмаар байна. Нийтлэлч Болушкад би маш их баярладаг. 

-Нийтлэлч Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ? 

-Тийм ээ. Манай Улс  Үндсэн хуулиа анх 1992 онд бичиж байхад аз болж Б.Чимид хуульч бидэнд байсан юм гэсэн шиг нийгмийн харилцааны хэрэгслийн шилжилтийн энэ эмзэг үед бүсгүйчүүд бидэнд аз болж Болушка байна даа. Сүрэглээд нүүгэлтээд хар салхи шиг ороод ирдэг доромжлолын өөдөөс эмэгтэйчүүдээ хамгаалаад үг үйлдлээрээ бидэнд бамбай болж сөрдөг. Хүнлэг сэтгэл, эрүүл сэтгэхүйтэй, ухаантай хүмүүсээс л ийм гоё өмөг түшиг ирдэг юм билээ. Мөн сэтгүүлч Даваадаа их баярладаг. Өөрийгөө “Хар Даваа” гээд хошигноод нэрлэчихсэн тууж явдаг түүнээс хамгийн цагаан сэтгэл ирэхийг олонтаа харлаа. Хэзээ ч уулзаж байгаагүй атлаа хамгаалж бичдэг жиргээний Өлзий эгч, Ургаа гээд нэрийг нь одоо нэг бүрчлэн санахгүй байгаа ч хүнд хэцүү үед хамгаалж байсан бүх хүмүүст ахиад талархсанаа хэлье. Би гэхдээ сэтгүүлчдэдээ итгэх итгэлээ арай ч гээчихээгүй байсан. Нэг нь хэзээ нэгэн цагт ирээд надаас хэцүү байсан уу гээд асууна гэж итгэсээр байсан ( уйлав)

-Уучлаарай. Гэхдээ чиний шарх бол эдгээгүй байгаа юм байна.  

-Ийм шарх эдгэдэг юм болов уу, Ганаа эгч ээ. Хэрвээ эдгэдэг бол хэчнээн он жил хэрэгтэй байдаг юм бол, тэр нь хурдан өнгөрөөсэй. Би уг нь ийм амархан нулимстай, уйланхай хүн биш юмсан. Нулимсаа барьж дийлэхгүй байна, уучлаарай. Ийм сул дорой байсандаа өөртөө ч хааяа гутрах юм. Таныг хараад би бас нүүр аваад нураад байх шиг байна.

-Ийм дарамтыг давах бол амар юм биш. Энэ улсын цорын ганц буруутан нь юм шиг буллидүүлж явна гэдэг бол эмэгтэй хүн дааж явахад үнэхээр хэцүү. Эрэгтэй хүнд ч хэцүү шүү дээ, ер нь бол. Бид бие биенээ хайрлах сэтгэлээ алдчихаад байна.

-Хэнд ч хүсэх юм биш. Итгэл бага багаар алдарч байгааг мэдрэх үе хамгийн хэцүү. Итгэх ч юмгүй болчих вий гэхээс л айдаг. Хамгийн өрөвдмөөр нь хүний итгэл тийм ч амар алдагдахгүй, горьдлогоо тээсээр, найдлагаа тээсээр. Гэхдээ энэ хахир прагматик ертөнцөд тийм зөөлөн, хэт хүлээцтэй байдал нэг их зөв биш юм байна. Миний романтизм дуусч байна даа.

-Бидний мэргэжил бас их хэцүү л дээ. Сэтгүүлчид амжилтаа хүйсэн дээрээ дөрөөлж хийдэггүй учраас ялангуяа улстөрч эмэгтэйчүүд дээр би хааяа хатуу шүүмжлэл өрнүүлдэг. Бидний мэргэжил, ажил маань учраас хэцүү. Эргээд сэтгэл өвддөг, хэрвээ алдсан бол тэрийгээ засах тамиртай явах хэрэгтэй. 

-Бидний ажил хэцүү. Дайсан цуглуулж явдаг. Өөрсдөө мартчихсан явж байхад ард нь айхтар хатуу занал гэтэж явах нь хэвийн. 

-Танай 25 суваг телевизийнхан танд яаж ханддаг вэ. Хүний төрөлх редакцийнхан ах дүүс шиг л байдаг.  

-З.Алтай захирлаасаа  22 настайгаасаа хойш сурахаа сураад, дэмжлэгийг нь хүртэж сэтгүүлч болсон учир нэг их зүйл нэмж ахиж хүлээдэггүй юм. Намайг сэтгүүлч болгосон. Тэр нь л хангалттай. Олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа, нервээ зориулж, намайг бодлого ярьдаг сэтгүүлч болгож байхад нь би Америкт сурч ирснээ гудамжинд гараад жагсчихсанд захирал маань харин гомддог байж магад. 

-Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллах ямар байдаг юм байна. Манай Ерөнхийлөгчийн аппарат хэр потенциал сайтай вэ. Ерөнхийлөгч нар нэг мэдэхэд л маш их вакумжсан хүмүүс болж хувирдаг. Тэр хэр вакумжсан бол. Цаад хувь хүнийг нь сайн мэддэг улстөрч учраас юу юугүй төрөл арилжчихна гэж төсөөлөгддөггүй юм. Гэхдээ хэнийг ч сонсохоо больсон. Хүмүүстэй уулздаггүй. Яг хүрээлсэн хэдэн залуучуудаасаа л бүх мэдээллийг авдаг хүн болчихсон гэх яриа бас явах юм?

-За, би ч одоо тэндээс гараад удлаа даа. Айхтар удаан ажилласан ч биш. Иймэрхүү зүйлд хариулт өгөх субьект ч би биш байх. Монголын сор болсон сэхээтэн залуустай тодорхой хугацаанд хамт ажиллаж байснаараа би бахархдаг. Би 18 жил хөдөлмөр эрхлэхдээ төрийн албанд зургаахан сар л ажилласан. Төрийн ажлын туршлага бага надад бол  ЕТГ-ын дарга Я.Содбаатар даргатай ажиллахад их түшигтэй байсан. Бид улстөрч л гэж хараад байдаг, гэтэл илүү академик эрдмийн хүн юм билээ. 

-Бас л улс төрд олон жил чанагдсан хүн л дээ.

-Gentleman хүн гэж байдаг даа, одоогийн залуучууд cool гээд байдаг. Содоо дарга тийм л хүн санагдсан. 

-Америкаас эргэж ирсэндээ ер нь харамссан уу? 
-Үгүй ээ, Улаанбаатарчууд ядаж хоёр жил бага утаатай байсныг бас боддог. Ээжүүдээс ийм хэмжээний хөдөлгөөн өрнүүлж болдгийг харуулсан шүү дээ. Одоо хүмүүс чи яагаад жагсахгүй байгаа юм бэ гээд байгаа нь хүлээлт байгаагийн л нэг илрэл болов уу. 

-Эхний шатны үр дүн гарлаа, би дараагийн шатанд ийм газар очиж ажиллаж үзвэл миний дуу хоолой илүү хүрнэ гэж бодож байна. Тийм учраас би ийшээ ингээд алхлаа. Энэ төрийн бус байгууллага бол ийм ийм байдалтай байгаа шүү гэдгийг хэлэх ёстой байсан юм болов уу. Та чинь нийгмийн хүн болчихсон байсан. Тайлбарлах ёстой байсныг та хийлгүйгээр явчихсанд асуудал байсан уу? 

-Магадгүй ээ. Би зарим үед юу хийх ёстойгоо сайн мэдээгүй. Зарим зүйл дээр алдсан. Миний юу хийх нь чухал биш, энэ асуудал, сэдэв нь л илүү чухал гэж боддог байсан. Зарим мөрөөдөлдөө бууж өгч байгаа минь хэцүү байна. Гэхдээ миний түүх дөнгөж эхлэж байна. Би дөнгөж 40 настай, залуу байна. Аз болж би боловсролтой байна. Энэ хорвоо ертөнц гэдэг зөвхөн монгол биш юм даа. Би хоёр хүүдээ зориулж танд хамаг сэтгэлээ уудлаад ярьж байна. Есөн настай хүү маань саяхан надаас “Ээж ээ, таны фэйсбүүкийн зурагны доор яагаад хүмүүс сонин сонин үг бичээд байдаг юм бэ” гэж асуухад надад олигтой хэлчих үг олдохгүй тэвдсэн. Олон жилийн дараа хөвгүүд минь том болоод ээжийнхээ юу туулсан тухай түүхийг энэ ярилцлагаас уншаасай гэж бодсон юм. 

-Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Надад итгэж сэтгэлээ дэлгэсэнд баярлалаа. Зарим талаар ярилцлагын төрөл халгамаар ч гэсэн, хамгийн сайхан нь ингээд уудлалцаж, тайтгардаг нь юм даа.

-Баярлалаа.

Дээрх ярилцлага нь "Interview" сэтгүүлийн "Women's Spring" (ДУГААР 029) дугаарт нийтлэгдсэн болно.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав