Манайд оюуны бүтээлүүд тойрсон хууль эрх зүйн орчинд сүүлийн үед цоо шинэ маргаанууд гарч эхэллээ. Оюуны бүтээлийн хулгай мөн хавтгайрсан. Энэ нь үйлчилж буй хууль дүрмүүдээ мэддэггүй, өөрсдөө амьдрал дээрээ хэрэглэдэггүйтэй ч холбоотой. Ингээд бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмааг урьж ярилцахаар сонгосон юм.

-Социалист ниймийн үед ШБОС бүтээж гэнээ, шагнал авч гэнэ. Насан турш нэр дээр нь энэ бүтээлийнх нь эрх хадгалагддаг юм гэнээ гэж ярилцдаг байлаа. Хүүхэд байсан болохоор ШБОС (шинэ бүтээл оновчтой санаа) гэх нэр их содон санагддаг байж. Тэр үеэс оюуны өмчийн тухай ойлголт манайд нэвтэрсэн байжээ гэсэн үг. Харин ерээд оны сүүлээр шинэхэн сэтгүүлч байх үед Оюуны өмчийн газар анх байгуулагдаж байсныг санаж байна. Эхлээд уншигчиддаа танай байгууллагын эрх үүрэг, хэрэгжүүлдэг үйл ажиллагааных нь талаар ойлголт өгмөөр байна. 

-Төрийн байгууллага нь салбар хүрээний асуудлаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж хамгаална, хууль батлагдсаны дараа хэрэгжүүлж хамгаална. Манай байгууллага гол нь аж үйлдвэрийн бүтээлийг оюуны өмчийн талаас нь баталгаажуулах үүрэг хүлээдэг. Зохиогчийн эрхийн бүтээлийг хэрвээ зохиогч нь хүсвэл бүртгэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх замаар оюуны өмчийн эрхийг хамгаалахад оролцож байна гэсэн үг. Мөн Монгол Улсын мэргэжлийн хяналтын тогтолцооны нэг хэсэг болсон оюуны өмчийн захиргааны хяналтын чиг үүрэг манай байгууллагад байдаг. Энэ нь Монгол Улсын төрийн хяналт шалгалтын хууль тогтоомж, мөн үүнтэй холбогдох бусад эрх зүйн актын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, арга хэмжээ авах эрхтэй. Оюуны өмчийн эрхийн зөрчил эрүүгийн шинж чанартай байвал торгуулийн арга хэмжээг авдаг. Иргэний эрх зүйн шинжтэй буюу хохирол барагдуулах замаар, шүүхийн замаар асуудлыг шийдвэрлэнэ. Эрхийг хамгаалах асуудал нь угаасаа маш олон хэлбэртэй байдаг. 

Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн. Тиймээс манай үйл ажиллагаа энэ байгууллагаас тогтоосон дүрэм журам, эрх хэмжээний дагуу явагддаг гэж ойлгож болно. Дэлхийн оюуны өмчийн байгууллага бол НҮБ-ын салбар хороо дундаас иргэдэд тулж үйлчилдэг цорын ганц байгууллага юм. Энэ байгууллага үндсэн хоёр чиг үүрэгтэй. Эхний үүрэг нь дэлхий нийтэд хэрэглэгдэх оюуны өмчийн талаарх бодлогыг боловсруулах, тодорхойлох. Дараагийн үүрэг нь тодорхой зохиогч дэлхийн оюуны өмчийн байгууллагаар дамжуулж, өөр улс оронд өөрийнхөө эрхийг баталгаажуулахад зуучилж өгдөг. Тухайлбал, та өөрийнхөө барааны тэмдгийг дэлхийн аль нэг улс оронд бүртгүүлэхэд шууд тэр улс оронд юм уу, дэлхийн оюуны өмчийн байгууллагад хандаж ийм, ийм улс оронд өөрийнхөө барааны тэмдэг, оюуны өмчөө бүртгүүлмээр байна гэсэн хүсэлт гаргахад яг тэр улс оронд нь бүртгүүлэх гүүрийн үүргийг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай холбогдож байдаг. 

-Оюуны өмчийн харилцаа нийтийн эрх зүйгээр зохицуулагддаггүй. Тийм ч учраас олон нийтэд маань энэ талын мэдлэг дутмаг байдаг болов уу? 

-Оюуны өмч, зохиогчийн эрх зүйн харилцааг Иргэний хууль, Оюуны өмчийн тухай, Соёлын тухай, Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулж байна. Оюуны өмчийг хамгаална гэдэг нь оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн буюу зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэнд хамаарах эрхийн объект, аж үйлдвэрийн өмчийн харилцааг зохицуулна гэсэн үг. Мэдээж энэ чиглэлээр үр дүнд хүрэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаа нэн чухал. Хуулиараа ч оюуны өмчийн эрхийг хамгаалах зарчмын цөм нь энд оршиж байгаа. Оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангах, хадгалах замаар нэгдмэл тогтолцоо, арга зүйг амьдралд хэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нарийн төвөгтэй үйл явц болохыг бидний туулж ирсэн амьдрал, өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

Оюуны өмчийн харилцаа өөрөө нарийн зохицуулалт шаардсан харьцангуй төвөгтэй үйл явц учраас олон нийт төдийгүй оюуны бүтээл үйлдвэрлэгчдэд энэ талын мэдлэг, мэдээллийг шаардлагын түвшинд хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Үнэндээ дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахаас эхлээд олон нийтэд оюуны өмчийн ойлголтыг гүн бат суулгаж байж уг харилцааг нийгмийн хүрээнд оюуны соёл, зохист хэрэглээ болтол нь зохицуулж чадна. Учир нь уг харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэгч хүчин зүйл, хүлээн авах олон нийтийн оролцооны зохицол дунд сая хэрэгжиж үр дүнд хүрнэ. 

-Оюуны өмч учраас харилцаа нь нарийн төвөгтэй гэдэг үнэн байх. Тиймээс манайхан материалаг зүйлс дээр өмчийн тухай гүнзгий ойлголттой атлаа оюуны бүтээл дээр хойрго явж иржээ. Үүнээс үүдээд сүүлийн үед дууны бүтээл дээр маргаан үүсч, энэ талаар иргэд илүү их сонирхож байна.

-Маргаан үүсч байна гэдэг асуудал байна гэсэн үг. Асуудлын гол нь юу вэ гэхээр оюуны бүтээлийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь ойлгож, өмч хэмээн хандаж, хамтарч хамгаалахаас эхэлнэ. Жишээ нь, бид сайхан дууг баясан сонсч, даган дуулж жаргадаг хэрнээ үүнийг хэн зохиосон, ямар замыг туулж ард олны аманд хүлхэгдэх мөнхийн бүтээл болж буйг тэр бүр анзаарч, үнэлж цэгнэдэггүй. Үнэлэмж гэдэг нь өмч гэдэг утгаараа тодорхой төлбөр шаардана. Дууг нь сонсч жаргачихаад үгүйдээ гэхэд үнэ цэнтэй үйлчилгээ авлаа, түүнийхээ төлөө төлбөр төлнө гэх ойлголт одоогоор хэвших нь бүү хэл бүрдэл болоогүй байна. Гэтэл хуулиараа, жишээ нь дууны бүтээл гэхэд зохиогдсон тэр агшнаасаа зохиогчийн эрх үүсч түүнийг хамгаалах эрх зүйн орчин бий болдог. 

Хэрвээ материалаг зүйлс дээр өмчийн маргаан үүсвэл хэн хүнгүй л хэлэлцэж, үл зохицвол хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлдэг. Гэтэл оюуны бүтээл дээр маргаан үүсэхэд тэр бүр хуулийн хүрээнд асуудлыг тавьж, эсвэл энэ сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлж чадахгүй байна. Тухайлбал дууны бүтээл дээр асуудал, маргаан үүсэхэд тэр нь ямар ч гэрээ хэлцэл үгүй, ихэвчлэн урсгал дундаа явж ирсэн, хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдээгүй зэргээс шалтгаалж хуулийн хүрээнд авч үзэхэд бэрхшээл учруулахад хүрч байна. Дуу гэхээр олон нийтэд ойлгомжтой, бас сонирхолтой байгаа болохоос биш оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал маш өргөн хүрээнд өрнөж байгааг маш бага хэсэг нь ойлгож байна шүү дээ.

-Манайд энэ тал дээр гэрээний соёл байхгүйтэй адил. Орчин үед амьдрал хувьсан өөрчлөгдөж, олон зүйлс дээр гэрээний соёл шаардагдаж эхэлж байна. Жишээлбэл, гэрлэлтийн гэрээ гэх мэт. Оюуны өмчийн эрх дээр гол зохицуулалт уран бүтээлч хоорондын гэрээн дээр тулгуурлах уу?

-Яг зөв хэллээ, гэрээний соёл гэж. Дахиад л дууны уран бүтээл дээр жишээлэн ярья. Дууг яруу найрагч, хөгжмийн зохиолч зохиож түүнийг нь дуучин түмэн олонд түгээдэг. Эхний хоёр нь зохиогчийн эрх, гурав дахь нь хамаарах эрхийг хуулиараа эдэлнэ. Гэтэл энэ гурвын хооронд хийсэн гэрээ байхгүй. Та ажигласан бол энд зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх гэсэн эрхийн хоёр ойлголт зэрэгцэн яригдаж байна. Зохиогчийн эрхийг эдэлж байгаа яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр тухайн бүтээлийнхээ өмчийн хэдэн хувийг хэн хэн нь яаж эзэмшихийг гэрээгээр зохицуулсан байх учиртай. Тэр гэрээний тохиролцооны дагуу Хамтын удирдлагын байгууллага тэднийг төлөөлж бүтээл ашигласны төлбөрийг хэрэглэгчдээс цуглуулж хуваарилалт хийх хуулийн зохицуулалттай. Гэрээний соёл гэж үүнийг хэлж байна. Хамтын удирдлагын байгууллагатай бүтээл ашиглагч байгууллага, хувь хүмүүс гэрээ хийх, хийсэн гэрээгээ хэрэгжүүлэхэд соёл, гүйцэтгэл, үр дүн дутагдаж байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол зохицуулалт нь уран бүтээлчдийн хоорондын гэрээнд түшиглэж Хамтын удирдлагын байгууллагаар дамжин хэрэгжинэ. 

-Хамтын удирдлагын байгууллагын тухай тодруулна уу, ямар эрх, үүрэгтэй байгууллага билээ?

-Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага нь Хамтын удирдлагын байгууллага гээд хуульчилсан. Ашгийн төлөө бус хуулийн энэ этгээд нь Оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болж үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг жирийн нэг төрийн бус байгууллагатай андуурч, адилтгаж болохгүй. 

Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийг төлөөлж бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах эрх, үүрэг бүхий байгууллага юм. Тухайн оюуны бүтээл туурвигч өөрийнхөө бүтээлийн зохиогчийн эрхийг өөрөө хамгаалах нь нээлттэй боловч Хамтын удирдлагын байгууллагад төрөл хэлбэрээрээ төрөлжин сайн дураараа нэгдэж хамтран хамгаалах нь хамгийн зөв гарц гаргалгаа болох нь тодорхой болж байна. Хуулийн маань үзэл санаа ч ийм учраас манайд ч, олон улсын түвшинд ч Хамтын удирдлагын байгууллагын тогтолцоог гол болгож байна.

-Манайд ийм жишээ байна уу? 

-Байна аа. Жишээ нь, монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг /MOSCAP/ 2011 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ Хамтын удирдлагын байгууллага үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалдаг байгууллага юм. MOSCAP нь Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээтэй Хамтын улирдлагын байгууллага төдийгүй Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо /CISAC/-ны ажиглагч гишүүн байгууллага. Тиймээс Монгол Улсын Оюуны өмчийн газар, CISAC-т жил тутам ажлаа тайлагнаж, Ази, Номхон далайн бүсийн хуралд жилд хоёр удаа тайлангаа хэлэлцүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ийм байгууллагаа хэрхэн бойжуулж, үндэсний хэмжээний болон олон улсын үйл ажиллагааг нь улам сайжруулахын төлөө бид нэгдэх нь өнөөгийн түвшинд анхаарал татсан асуудал гэж бодож байна. MOSCAP-ын гаргаж буй энэ зам нь дараа дараагийн Хамтын удирдлагын байгууллагууд өөрийн орны болон гадаадад зохиогчийн онцгой эрхээ хамгаалах үйл явцыг эрчимжүүлэхэд нэмэр болох нь гарцаагүй. 

-Энэ сайн мэдээ байна. Харин Хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлтэй, ил тод болгож түгээн суртчилах хэрэгтэй гэж бодож байна. Хуулийн зарим нэг зохицуулалтыг тодруулж асуумаар санагдлаа. Жишээ нь дууны бүтээл дээр нас барсан уран бүтээлчдийн тухайтад ямар нэг тусгай зүйл заалт бий юу.

-Байлгүй яахав. Зохиогчийн эрхийн тухай хуульд тухайн зохиогч бүтээл ашиглах онцгой эрхээ насан туршдаа эдэлнэ, нас барснаас хойш 50 жил энэ эрх хадгалагдах заалт байгаа. Хамтарсан бүтээлийн тухайд хамгийн сүүлд нас барсан зохиогчийн он цагаас хойш энэ хугацааг тоолох учиртай. Харин зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүйгээр хамгаалахаар хуульчилсан байдаг юм. 

-Мөн уран бүтээлчдэд тогтчихсон буруу хандлагууд их сөрөг нөлөөлдөг. Олон жил дуулсан учраас миний дуу гэх хандлагаар залуу дуучдад хандах үзэгдэл нэг биш гардаг. 

-Тийм ээ, ингэж л хандаж ирсэн тэр хандлагыг өөрчлөх гэж нэлээд ажил болж байна. Анх дуулсан, олон жил дуулсан нь харгалзах үзүүлт мөн үү гэвэл мөн. Гэхдээ гэрээ байгуулаагүй, гэрээнд тухайлан тусгаагүй бол энэ бол онцгойлох зүйл биш. Ялангуяа дуучдад ийм хандлага их гардаг. Гэтэл тэд зохиогчийн эрх бус хамаарах эрх эдлэх гүйцэтгэх тоглогч уран бүтээлчид шүү дээ. Үүнийхээ зааг ялгааг уран бүтээлчид маань сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

-Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших шүгэл үлээж энэ асуудлыг анхаарлын төвд авчирлаа. Түүний хувьд хэдэн бүтээл дээр үнэлгээ тогтоож, эрх баталгаажуулсан юм бэ? 

-Д.Өлзий-Орших шүгэл үлээж олон нийтийн анхаарлыг татсан нь сайн хэрэг. Харин зохиогчийн эрх, оюуны өмчийн хуулийн дагуу үүнийг залж чигүүлэх хэрэгтэй. Дууныхаа эрхийг татлаа, дуулуулахгүй гэснээ хэдхэн хоногийн дараа “болилоо, дуул дуул” гээд байж болохгүй. Тэр тусмаа хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй. Мөн хамтран зохиогчоосоо зөвшөөрөл авсан эсэх дээр гомдол гарч болзошгүй байгааг бид нягталж байна. 

-Дууны бүтээл бол угаасаа ганцхан ая зохиогчийн бүтээл гэж үзэх боломжгүй л дээ.

-Асуудлын гол нь энд байгаа. Дуу бол үг, ая нэгдэж байж бүтээл болдог. Тус тусдаа бол нэг нь ая, нөгөөх нь шүлэг болохоос аль аль нь дуу биш. 

-Манай яруу найрагчдаас танайд ер нь хандаж байна уу? 

-Дууны яруу найрагчдын тухайд одоогоор гомдол санал гаргасан зүйл алга. Хэрвээ зохиогчийн эрхийн тухайд дуутай холбоотой асуудал гарвал эхлээд Хамтын удирдлагын байгууллагадаа хандах нь зөв хандлага юм гэж зөвлөмөөр байна. Хууль эрх зүйн орчин нь ч тийм юм. 

-Дуу гурван жигүүртэй гэх нэг үг бий. Үнэхээр тэр бүтээлийг нь дууж амьдруулсан дуучдын үнэлгээ ямар зохицуулалтаар явах вэ?

-Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны зэрэгцээ хөгжмийн найруулагчийг бас нэг жигүүр гэх болсон. Эхний хоёр нь зохиогчийн эрх, дараагийн хоёр нь зохиогчийн хамаарах эрхийг эдэлнэ. Дуучин бол хамаарах эрх эзэмшигчийн гол төлөөлөгч. Дуучны эрхийг хамаарах эрхийн Хамтын удирдлагын байгууллага хариуцна. Үнэлгээний тухайд Хамтын удирдлагын байгууллагын батлагдсан тарифийг баримтлана. Тарифийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл хянан баталдаг юм. 

-Дуучдын хувьд дуугаа худалдаж авсан тохиолдол цөөн биш байх юм билээ. Тийм тохиолдолд яах вэ? 

-Дуу бол оюуны өмч учраас өмчийн харилцаагаар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл тухайн бүтээлийн эрх эзэмшигч хэн нэгэнд худалдах, бэлэглэх, түрээслэх боломжтой. Дуучин дууны эрхийг худалдан авсан бол зохиогчийн эрх эдэлнэ гэсэн үг. Харин зохиогчийн эрх эзэмшиж байгаа учраас Хамтын удирдлагын байгуулагад бүртгүүлж, хамтран ажиллах нь зөв чиглэл юм.

-Зохиолчид жүжгээ, киногоо зөвхөн тэр найруулна, тэр зураглаачаар ажиллана, гол дүрд тэр тоглоно гэх мэтээр гэрээслэх үзэгдэл дэлхий дахинд мэр сэр бий. Манайд иймэрхүү жишээ баримт байдаг уу? 

-Хамтын нэгдмэл уран бүтээлийн тухайд зохиогчийн эрхийн асуудлыг гэрээгээр нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Гэрээнд энэ талаар юу гэж тохиролцож тусгасан нь эрх зүйн үндэслэл болоод явчихна. Гэрээ хэлцэлгүйгээр гэнэт л хэн нэг нь бусдыгаа шантаажлах маягаар зохиогчийн эрхээ тусад нь авна, татна гэх нь утгаггүй хэрэг. Одоогоор таны асуусан жишээ баримт алга. 

-Манай хэвлэлийнхний бэлтгэн нийлүүлдэг мэдээ мэдээллүүд зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэх ангилалд ордог. Гэхдээ тухайн хэвлэлийн компани дээр энэ эрх шилжих журам бий юу. Мөн хөрөг, эссэ, өгүүлэл, нийтлэл, сурвалжлага гэх төрлүүд дээр яах ёстой вэ?

-Хэрвээ тэр хэвлэлийн компанид зохиогчийн эрхээ шилжүүлэх гэрээ хийгээгүй бол зохиогчийн эрхээ та эдэлнэ. Сэтгүүл зүйн хувьд “үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ мэдээлэл”- ийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэсэн хуулийн заалт Зохиогчийн эрхийн тухай хуульд бий бий. Харин хөрөг, эссэ, өгүүлэл, нийтлэл, сурвалжлага зэрэг бичлэгийн төрөл зүйлийн тухайд зохиогчийн эрхээ хамгаалуулах боломжтой. 

-Танай бүртгэлийн системд оюуны өмчийн лицензийн бүртгэлтэй хэчнээн бүтээл байдаг вэ? 

-Та Оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн салбарын хүнтэй ярилцаж байгаа учраас миний хувьд өөрийн хариуцах нэгж дээр байгаа бүртгэлийн мэдээллийг өгье. Тодруулбал, зөвхөн зохиогчийн эрхийн бүртгэл гэсэн үг юм. Зохиогчийн эрх ер бүртгэл шаардахгүйгээр үүсдэг, хамгаалагддаг онцлогтой. Үүнийг Монгол улсын Оюуны өмчийн тухай хуулийн 6.3-т .Зохиогч сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн санд бүртгүүлж болно гэж заасан байдаг. Одоогийн байдлаар тус мэдээллийн санд 15 мянга орчим бүтээл бүртгэгдсэн байна. 

-Нэг дууг тэгж үнэлнэ гэх мэт тариф байхгүй биз дээ? 

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл хянан баталсан жишиг тарифийг үндсэндээ баримтална. Дуу бүр өөр өөрийн үнэлэмж, өртөгтэй учраас уран бүтээлчийн байгуулсан гэрээний заалтуудыг харгалзах тул яг тэд гэж тоо хэлэхэд төвөгтэй. 

-Манай уран бүтээлчдийн дуу, зураг гадны оронд зөвшөөрөлгүй хулгайн журмаар ашиглагдах тохиолдол гардаг. Ийм төрлийн гомдол танайд ирдэг үү?

-Оюуны өмчийн байгууллага, Хамтын удирдлагын байгууллагын нэг гол үндсэн зорилго нь оюуны бүтээлийн хулгайтай тэмцэх, зохиогчийн эрхийг гадаад дотоодод хамгаалах явдал юм. Үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахад Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /Mongolian Society of Composers, Authors & Publishers/ сайн ажиллаж байгаа. Тус нийгэмлэг Дэлхийн 126 оронд гишүүнчлэлтэй Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо /CISAC/-ны ажиглагч гишүүний хувьд Ази, Номхон далайн бүсэд хамрагдаж үйл ажиллагаа явуулж эхлээд байна. 

-Таны ажилладаг чиглэл их сонирхолтой санагдлаа. Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ. Өөрийгөө танилцуулж болох уу? 

-Оюуны өмч, тэр тусмаа Зохиогчийн эрхийг хамгаалах энэ салбар манай улсын тогтвортой хөгжлийн нэгэн гарц гэж би хардаг. Үнэхээр сонирхолтой төдийгүй хийж бүтээх олон асуудлын өмнө тулж ирсэн нь миний анхаарлыг татсан. Би хуульч мэргэжилтэй хүн л дээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар бол Хууль зүйн яамны харъяа байгууллага. Тиймээс энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд энэ салбарт ирж ажиллаад удаагүй байна. 

-Баярлалаа, танд амжилт хүсье.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав