Монгол ахуйн төрлөөр зураг авдаг ховор зочин, гэрэл зурагчин Г.Баясгалантөгстэй ярилцлаа.
“Хамаг бүхэн бороо мэт арилавч, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” хэмээдэг билээ.
-Таны авсан гэрэл зургуудаас “Хөдөө талын амар амгалан” мэдрэгдэх юм. Та яагаад ихэвчлэн байгалийн гэрэл зураг авдаг юм бэ?
-Миний бага нас хөдөөний эгэл бор амьдралын дунд л өнгөрсөн. Нүүдэлчин амьдралын хэв маяг, өссөн орчин маань тэр чигээрээ л хүмүүний сэтгэлийг хөдөлгөх кадрууд байдаг. Тийм монгол ахуйг зураглахгүй байж үнэхээр чадамгүй санагддаг юм. Анх 2011 оны наадмаар аппараттай болж түүгээрээ зураг авч сурсан. Зургийн төрлөөс хамаарч зурагчид өөр өөр зураг авдаг юм билээ. Би бол байгалийн болон хөдөө ахуй, хурдан морь, тал нутаг гэх мэт ахуйн зураг авах л дуртай.
-Байгаль, ан амьтан, ахуйн зураг авдаг зурагчид ер нь ямар улиралд зураг авахад илүү тохиромжтой байдаг вэ?
-Зураг дардаг хүмүүс ихэвчлэн зун, намрыг чухалчилдаг болов уу. Миний хувьд эх орныхоо дөрвөн улиралыг фото хальсанд буулгаж үлдээхийг эрмэлздэг. Байгалийн зураг авахад өвөл юм уу, намар их гоё буудаг л даа. Хүмүүсийн дунд нэг ийм хэлц ч гэх юм уу үг байдаг даа. “Намар бол урлаг бусад нь улирал” гэж... Гэхдээ ингэж туйлширч болохгүй гэж бодогдоод байгаа юм. Монгол орны дөрвөн улирал цөмөөрөө өөрийн гэсэн онцлогтой. Намрын өглөө нар тусаад л Хэрлэн гол зайрмагтсан харагдах тэр агшин, зуны орой номин ногоон дэвсэг дээр нарны гэрэл ташуухан тусаж байхыг харах бас гоё.
-Таны дарсан гэрэл зургуудаас хамгийн сайхан гарсан, эсвэл гойд өгүүлэмжтэй бүтээлээ нэрлэ гэвэл ямар алийг нь онцлох вэ?
-Бүтээл бүхэндээ л хайртай даа. Тэр дундаас хайртай хэдэн зураг байдаг нь 2012, 2013 оны наадмаар дарсан зурагнууд юм даа. Хүүхдүүд монгол эмээл, хурдан морины иж бүрэн хувцастай, овоодой малгай тэргүүндээ асаачихсан цовоо цолгин байдлаас гадна нүдэнд нь ассан гал гойд үзэмжтэй. Хурдан морины хүүхдийн наадмын цамц нь хүртэл хуучных гээд л... Яг л миний бага балчир насыг санагдуулсан үеийг буулгаж үлдээсэн дээ. Тэдгээр зургуудыг харвал хуучин нийгмийн үеийг дүрслэн үлдээсэн мэт сэтгэгдэл төрөх биз. Тэр жилийн зургаадугаар сард Хэрлэн Баян-Улаанд зургийн ажлаар явж байгаад би нэг гоё агшинг мөнхжүүлэн үлдэж билээ. Дөнгөж нүүгээд зусландаа буусан айлтай таараад очлоо. Дөнгөж буусан шинэ буурин дээрх анхны цайгаа үйчихсэн эмэгтэй зуухныхаа хажууд суугаад галаа асааж, утаа нь агаарт мушгиран эргэлдээд, тэр утаан дунд морьтой хүүхэд зогсчихсон гайхалтай зураглал нүдэнд харагдаж билээ. Буугаа сугалаад гэдэг шиг аппаратаа суга татаж гаргаад л буулгаж амжсан. Гэртээ тавилгаа ч тавьж амжаагүй айл байсан даа. Тэр зургандаа илүү их хайртай.
-Намаржаандаа буусан хот айлыг холоос авсан гоё зураг байдаг. Түүнийг хаана авсан бэ?
-Тэр чинь намар есөн сарын эхээр Дадал сум руу явж байгаад авсан юм. Машинтай шөнө оройтон гарч яваад шавар усанд суун барин будилж, шөнөжингөө явсаар байгаад өглөө болгов. Газрын баримжаагаар Дадал сумын наахан талд сэрүүцэх, нойроо сэргээх санаатай зогслоо. Намрын өглөө нойтон агаар хүндрээд тогтчихдог шүү дээ. Яг л тийм өглөө байж таарах нь тэр. Өглөөний тийм сэрүүхэн, хүндэрсэн агаарт аргалын утаа задарч, газарт хэвтээд л байдаг. Өглөөний нар мандахтай таараад авсан зураг.
-Та бороотойд зураг авдаг уу?
-Бороотойд авсан зураг ганц нэг бий. Тэгэхдээ борооны зураг авах их төвөгтэй. Камер норчих гээд хэцүү байдаг.
-Таны авсан морины зургуудыг харж байхад хурдан морь унаж өссөн хүүхдийн дурсамж сэдрэмээр гоё агшинууд их буужээ. Энэ багадаа хурдан морь унаж өссөнтэй тань холбоотой болов уу?
-Тийм шүү. Миний мэдрэмж гэхээс илүү бага насандаа хурдан морь унаж өссөнтэй маань холбоотой байх. Би таван настайдаа анх морь унаж сураад, зургаан настайгаасаа л хурдан морины нуруун дээр гарсан унаач хүүхэд шүү дээ. Хурдан моринд хүнддэх болтлоо хурдны морь унасан. Тиймээс л мориныхоо үйлдэл бүхнийг мэдэж байгаа. Үйлдэл бүрийг нь мэдэж байгаа учраас л түүнийг мэдэрч зургийг нь авдаг юм болов уу. Морьдын уралдааны явцыг буулгах дуртай л даа.
-Адуун өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” наадамд та их идэвхтэй оролцдог. Энэ талаар ярьвал?
-“Талын түмэн адуу -2017” наадмын хамгийн анх үйл ажиллагаанд нь очиж оролцож байлаа. “Талын түмэн адуу” наадмыг одоо ч зохион байгуулдаг хэвээрээ. Анх санал тавиад олон зурагчидтай хамт очиж байлаа. Дан гэрэл зурагчдад наадмын үйл ажиллагаагаа таниулах урилга, заллага тараасан юм билээ. Түүнээс хойш алгасаагүй.
Төв аймагт болсон хоёр жилд нь л очиж амжаагүй. Монголд адуун соёлыг дангаараа таниулж, сурталчиж байгаа хамгийн том үйл ажиллагаа бол “Талын түмэн адуу” шүү дээ. Сүүлийн нэг, хоёр жил “Агтана хүрээт” гэж болоод байгаа юм. Энэ нь Сүхбаатар аймагт зохион байгуулагддаг. Би 2020 онд “Агтана хүрээт” дээр очсон. Тухайн үед нь зохион байгуулалт нь тааруу санагдаад сэтгэлд хүрээгүй. Харин “Талын түмэн адуу” наадам жил ирэх тусам чанаржиж, хүрээгээ тэлж, зохион байгуулалтын хувьд ч сайжирч байгаа. Одоо бүр Хэнтий аймгийн төвд зохион байгуулагдах юм билээ. “Талын түмэн адуу” наадмын гол онцлог нь мянга эсвээс хоёр мянган адууг нэг дор харах гоё. Газар газраас ирсэн олон адуучид ур чадвараараа өрсөлдөж байгааг харахаар омогшихоос өөр аргагүй. Баруун аймгуудад бүргэдийн баяр гээд их том арга хэмжээ болдог бол зүүн бүсэд түүн шиг хэмжээний адуун өв соёлыг дэлгэрүүлэх арга хэмжээ, баяр үүсэн бий болж, улам өргөжиж байна даа. Сүүлийн үед дагалдах үзүүлбэрүүдтэй болсон. Тухайлбал, тайга нохой зэрэг орно. Бусад зурагчны, жуулчдын олж хараагүй өнцөг, наадмын сонин содон зүйлийг л камертаа буулгах гэж хайдаг даа. Энэ жилийн онцлог нь манай орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг маань монголд анх удаа Соёлын яамнаас гэрэл зурагчидтай хамтарч зохион байгуулсан “Photo Week” үзэсгэлэнд “Хийморь” нэртэй 60, 70 зурагтай үзэсгэлэн нээж оролцсон. Мөн тухайн үзэсгэлэнд шилдгээр шалгарсан. Энэ үзэсгэлэнгээ адууны бэлчээрт гаргасан нь их содон зүйл болсон.
-Зөвхөн өөрийнхөө хоббигоор л зураг дардаг уу. Ажил хэргийн шугамаар зураг дарж байна уу?
-Гэрэл зургаа сонирхоод, үүндээ анхаараад ирэхээр арга хэмжээнд уригдаж, оролцоод туршлагажиж л байна. Анх ажлын шугамаар зураг дардаг байсан. Сүүл рүүгээ гэрэл зураг авах цаг гаргаж нутаг орнууд руу зорьж явдаг болсон. Заавал төрсөн нутаг гэлтгүй олон ч аймгаар явлаа. Мөн аялал, зугаалгаар явахдаа гээд л янз бүрээр урын сангаа баяжуулж явна даа.