Хардэл Жанжин бэйс, Өвгөн ноён М.Пүрэвжавын цуут хүлэг  “Хонгор зээрд”, мөн тал нутгийн тайга анч нохойг өөрийн гараар урлан бүтээсэн сийлбэрч, барималч О.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Та бүтээлүүдийнхээ эх хувийг хэрхэн гаргадаг вэ?

-Баримлын шавраар эх хувийг нь гаргадаг. Үүний дараа хэв авдаг материалаар хэвийг нь авч “полегин” цутгадаг. Хонгор зээрд  азарганы барималыг Хардэл бэйс М.Пүрэвжавын зурсан эх хувиас нь жаахан өөрчилж, илүү бодит болгож хийсэн. 

-Юуны учир эх загвараас нь өөрчлөх хүсэл төрөв... 

-Учир нь хүмүүс “Ийм байсан, үгүй ээ, ийм азарга байгаагүй” гэх хэл ам гарахвий гэж болгоомжилсон юм. Тиймээс бодит болоод тухайн азаргыг уран сайхнаар зурсан зураг хоёрыг хослуулан бүтээлээ урласан. Үүнээс гадна галбир хийцийг нь гаргах гэж хичээсэн. Хонгор зээрд азаргад халхын олон шинжээчид “өө” өгөөгүй адуу гэж ярилцдаг. Үүнээс гадна хамгийн их үнэд хүрсэн азарга юм. Мөн одоогийн улсын манлай болон алдарт уяачдын малгайн дээр тус азарганы дүрс бүхий тэмдэг залаастай байдаг.

-Харин тайга нохойн баримлын тухайд... 

-Тайга нохойн баримлын тухайд гэвэл их насны морьтой хамт хийсэн. Учир нь тайга нохой хурд дагуулдаг гэж ярилцдаг. Одоогоор хараахан их насны морийг нь гүйцээж амжаагүй л сууна. Манай Хэнтийд чинь сайн их насны морь “өм” нь байдаг. 

-Таны гарт байгаа нохойн хөтөлгөөнийхөө талаар яривал?

-Тайга нохойн хөтөлгөө нь их онцлогтой. Учир нь гурван салаа хөтөлгөө гэж байдаг. Хөтөлгөөгөө сураар хийнэ, мөн ботгон холбоогоор сүлжинэ. Гурван салаа эргүүлэгнээс нэг салааг нь өөрийнхөө бугалганд ороодог. Яагаад гэвэл морин дээр цэх өнцөгтэй явахын тулд бугалгандаа хөтөлдөг учиртай. Үгүй аваас хоёрын хоёр тайга нохойг хөтлөн хорь, гучин километр явахад гар өөрийн эрхгүй цуцдаг.  

Бугалганд бэхлэхээр биеийн төв цэг дээр ирдэг учир эзэн ядардаггүй. Ийнхүү хоёр үзүүрээс барьж явна. Хөтөлж явна гэдэг чинь таарсан ан болгоноо бариулаад яваад байна гэсэн үг бас биш. Хоёр үнэг явж байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь арай залуу, нэг нь арай хөгшин байлаа гэхэд хөгшин рүү нь нохойгоо тавьж болно. Тэр үед нохой залуу үнэгийг тоолгүй өнгөрч хөгшин үнэг дээр очно. Гурван салаа хөтөлгөө гэдэг маань хоёр нохой хөтөлсөн байхад хаашаагаа ч эргэсэн орооцолдохгүй. Манай нутгийнхан чинь нохойны хөтөлгөөгөө морины хазаар шигээ дээдэлж, цалин цагаан мөнгөөр оруулга хийдэг уламжлалтай хүмүүс дээ.  


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав