Баатад Гончигийн Ням-Очир бид хоёр ярилцлагынхаа хоёр дахь хэсгийг та бүхэндээ уншуулъя.  Г.Ням-Очир нь Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгссөн. МҮНС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн төвдсудлалын тасагт ЭША, UBS TV-ийн редактор зэрэг ажил хийж байсан. Төвд судлалын цуврал, Богд архив, Урлаг судлалын цувралуудаар 60 гаруй номын редактороор ажилласан. БНХАУ, ХБНГУ, ОХУ-д архив, номын сангуудад урт богино хугацаагаар судалгаа хийж байсан, маш сонирхолтой ертөнцтэй эрхэм юм.

-Үнэндээ нэг барьж авсан дээрээ уншигчиддаа бүрэн гүйцэд мэдээлэл, мэдлэг өгмөөр байна. Уламжлалаа эвдэнэ. Тантай хоёр дугаар дамнан ярилцах шаардлага гарсан. Оршил энэ тэрээр яах вэ. Х Богдын тухай лавшруулж ярина. Уншигчдын асуулт ч их байна.

-Х Богд бол Чингис хааны хувилгаан дүр гэсэн үг л ийм хариулт нэхэж байгаа байх. Би ч бас ийм зүйл болох байх гэж таамаглаж байсан. Уг нь энэ тухай ном бичиж байгаа л даа.

-Танай “Bogd archive” цувралаар гарсан Богдын дүр, дүрийн намтруудыг уншлаа. Манай юм уншдаг улс ч бас уншжээ. Хамгийн сүүлд саяхан хэвлэгдсэн VIII Богдын намтраас эхлэх үү.  Хаанаас эхлэх вэ?

-Ер нь сууринаас нь эхэлье. Шашин судлал өнөөдөр ямар түвшинд байна. ЗХУ-ын үед тавьсан сууринаасаа хөгжөөгүй байгаа. Цагаан толгойн түвшинд. Саяхан болтол Богдын сэдэв зүгээр л нэг 12-р сарын 29-нд л ёс төдий тэмдэглэдэг хэвээрээ байлаа. “Reincarnation” буюу хувилан төрөх, хутагт хувилгааны асуудал цөөхөн хэдэн аймгийн нутгийн зөвлөлийн тэтгэвэртээ гарсан улстөрчдийн тоглоом болж байсан. Ердөө л сонгуульд санал авахын тулд хутагт хувилгаадыг дураараа тодруулсан. Хүн бүр хэн нэгний л хувилгаан. Энэ үзэгдлийг нь Далай лам ч цааргалаагүй. Гэтэл монголын Бурхны шашинд эхлээд Богд нь тодорч байж, дараа нь хутагт хувилгаад нь тодорч ирсэн уламжлалтай.

-Тэгэхээр энэ тодорчихоод байгаа хутагт хувилгаад хүчингүй гэсэн үг үү?

-Богдод хураагдах ёстой. Монголын шашны эзэн бол Богд. Одоо тэгэхээр энэ хутагт хувилгаад л өөрсдөө шийдэж дээ. Амьтны тус хийх ёстой. Нутаг орон эзгүйдүүлж болохгүй. Одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Дарба бандидын намтарт гардаг. Ганцхан саалийн үнээтэй. Бурхан болоочдын хойтын буянаар л амьдардаг. Номондоо ч, амьдрал дээр ч жинхэнэ үлгэр жишээ болсон хүн байсан юм билээ. Л.Хүрэлбаатар багшийн орчуулсан Дилова хутагтын намтарт гардаг. Багаас нь багш нар нь ”хурга торго хоёрт хөлбөрсөн хуурмаг оюунт нэгэн болгохгүйн тулд”... маш чанга сургаж байсан тухай гардаг. Ер нь ”Монголчууд хувилгаанаа илжиг болгодог. Төвдүүд илжгийг хувилгаан болгодог” гэсэн хуучны үгтэй юм. Одоо чинь үнэтэй машин хөлөглөж, баян айлд л залагдсан. Бодисадвагийн зарчмаа мартсан хутагт хувилгаад л гадуур дийлэнх нь байна. Өөрийн брэндийн дэлгүүртэй ч байх шиг.

-Би бас хааяа сошиалд бичсэн зүйлсийг тань уншина аа. Яг ний нуугүй хэлэхэд галзуу ч юм шиг санагддаг. Жишээ нь, Богдын музей, Чойжин ламын музейг Х Богдод өгөх ёстой гэсэн жиргээ уншиж байсан. Манай аялал жуулчлалын гол орлого олдог нүүр тахалдаг музейнүүд шүү дээ.

-1924 оны 5-р сарын 25-нд Богд таалал бариад, 11-р сарын 26-нд Бүгд найрамдах улс болж байгаа юм. Богдын өмчийг хурааж авсан. Үнэлээд дуудлага худалдаагаар зараад, үлдсэнийг нь музей болгосон нь үнэн. Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд байна. Бас л Богдын өмч. Эзэн байхгүй учраас ийм гундуу навсархай байгаа юм аа. Амарбаясгалант хийд байна. Сумын өмч гэж явж байгаа. Зүүнбүрэн ч бил үү, Баруунбүрэн ч бил үү нэг сумын өмч. Очих бүрт л улам навсайсан байдаг. Х Богдод өгч байгаа нь гээд есөн настай хүүхдэд май гээд өгчихөж байгаа хэрэг биш. Богдын музей, Чойжин ламын музей бол бурхан шүтээнүүд нь амьд, лам хувраг нь ч номоо уншдаг. Иргэний болон шашны хоёр захиргаатай байх ёстой. Энэтхэгт 500 орчим лам нар бэлэн байна. Бээжингийн Юнхэгүн гээд хийд шиг л өглөө оройдоо лам нар нь номоо уншчихдаг, өдөр нь музей болчихдог. Ингэж өөрчлөгдөж чадвал дэлхий ч үнэлнэ. Аялал жуулчлалын орлого нэг дахин нэмэгдэнэ. Богдын музейд гэхэд ”Бурхан багшийн шүд” гээд маш нандин шүтээн байна. Тусдаа алтан сүм барих анзааны эд. Гол нь бид коммунист сэтгэлзүйгээ өөрчлөх чухал. Яг одоо эрх барьж байгаа МАН, Ерөнхийлөгчийн асуудал. Ард түмэн тэнэг биш, харж л байгаа. Энэ жилийн сонгуулийн өмнө Богдын статусыг эрүүл саруул ухаанаар ард түмнээ баясгах хэмжээнд шийдэхэд бол нэг удаа эднийг сонгоно доо.

-Статус шийдэх гэдгээ та тодруулахгүй юу. Богдын институц байгуулах тухай яригддаг. Сургууль, сүм, музей, амьдрах ордон гээд харуул хамгаалалт бүхий олон улсын стандартын том цогцолбор байх ёстой юм билээ. Энэ ажлуудын сураг чимээ ер нь байх юм уу?

-Сайн мэдэхээрээ Соёлын салбарынхаа тухай л ярья тэгэх үү. Төр түмэн нүдтэй. Мань мэтийн махан бие, усан нүдтэнд бол харагдах албагүй. Бид өөрсдөө соёлоо судлаад судлаад, харь гарагаас нисдэг тавгаар буулгаад хаячихсан монголын нүүдэлчний л соёл гээд жалгандаа хөөсрөөд байдаг. Дэлхий гэх юм уу, баруун судлахаараа Хималайн соёлын хүрээний улс гэж үздэг. Бурханч лам Г.Пүрэвбат гэж хүнд бид талархах ёстой юм. Энэ хүн Буддын урлагийн сургууль байгуулж, 500 шавь бэлджээ. Бид бүх юмаа Хятадаас авдаг хэрнээ, бурханаа өөрсдөө л хийдэг. Монгол хүн нас барсныхаа дараа монгол ламаараа алтан саваа нээлгээд, монгол ламаараа л бурхнаа бүтээлгэдэг. Монголын соёлыг одоо соёлын бодлого барьж байгаа хүмүүс ”устсан соёл” гэж ангилаад аль болох музейд шоронгийн хоригдол маягтай байлгах гээд байдаг. Буддын урлагийн мастерууд нь яг бодит амьдрал дээр улам хөгжүүлээд, цэцэглүүлээд байдаг. Богд хааны ордон музейн хажуугаар өдөр бүр явдаг хүмүүс сайн мэднэ. Дээврийнх нь ногоон өнгө ёстой бүх кодоор алаглуулаад будчихсан. Нэг өнгөөр будчихаж болно оо доо. Хэрвээ Соёлын яам хүсвэл ганц л жилийн дотор урьд нь ямар байснаас ч илүү ХААНЫ ОРДОН болчихно.

-Ер нь Богдын тухай түүхийн материал хэр их байдаг вэ. Бодитоор хөрөнгийг нь үнэлбэл хэд орчим байх бол. Яг таны ярьж байгаачлан шийдлээ гэж бодоход хийж гүйцэтгэх боловсон хүчин гээд бэлтгэл ажлууд  ундарна даа.

-2011 онд IX Богд монголд хоёр дахь удаагаа заларч, шашны эзний ширээнд залах үеэс эхлээд Лавран гэж ажлын алба бий болсон. 12 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа. Халхын дөрвөн Хан нэгэн зэрэг гар дээрээ хадаг шиг өргөдөг Даншигийн ерөөл төвд монгол хоёр хэлээр бичсэн шар пүүсүү хадаг байдаг. Би яг тэр үед Богд хааны ордон музейд ажиллаж байсан. Яг дахин сэргээх ажилд нь туслалцаж л байсан. Богдын бодит хөрөнгөний мөнгөн дүнг бол гаргах аргагүй. Яг энэ чиглэлээр германд богино хугацааны сургалтад сууж байсан. Зөвхөн Богдын музей найман тэрбум орчим евро болж байсан. Манай улсын үнэлгээ бол инээдэмтэй. Жишээ нь, монголын үндэсний номын сан  (МҮНС) л гэхэд 1953 оныхоо үнээр байгаа. 1998 онд МҮНС-д эрдэм шинжилгээний ажилтан байхдаа тооллого хийгээд, гар бичмэл,ном судраа тухайн үеийн Соёлын яаманд ”1953 оны үнийг 500 дахин нэмж” үнэлэх тухай санал гаргасан. Одоо ч бахь байдгаараа л байна билээ. Богдын музейг индүүдчихээд улсад ямар хохирол учрав гээд дансаа гаргаад үзвэл таваг гуляшны үнэ хүрэхгүй л үнэтэй байгаа шүү. Нэн яаралтай Богдтой болсон дээрээ ЭЗЭН-тэй болгох чиглэл рүүгээ явах хэрэгтэй. 1989 онд ардчилсан хувьсгал гарахад л ард түмэн амлалтанд нь итгэж байсан. Тэд оронд нь ”Бүх шашинтай Монгол улс” болно гэж хуурсан.

-Өмнөх цаг үеэс түүгээд байвал энэ мэт бухимдмаар хэрэг явдал олон биз.  Х Богд маань бага балчир байна. Энэ үед, эн тэргүүнд ҮАБЗ ч юм уу, гандан ч юм уу, гэр бүл нь ч юм уу юу хийвэл зохих вэ?

-ҮАБЗ-ийн хувьд бол одоо юун төлөө шашин судлаачтай, зөвлөхтэй билээ. Жишээ нь, шинийн нэгэнд Төрийн гурван өндөрлөг Жанрайсигт очиж мөргөдөг байсан. Сайхан жишиг байлаа. Өөрчлөөд ардчилсан хүн болох гэж тавагтай идээнийхээ ард тугдайсан юмнууд суудаг болцгоосон. Сонгуулиар ээлж халаатай солигддог алба хашиж байгаа ийм улсууд  ард түмнийхээ хүсэл зорилгын эсрэг ажиллахаар л өндөг шиг бяц унаж байгаа лугаа харагддаг. Х Богд бол насан туршийн албан тушаал. Японы эзэн хаан, английн хаан шиг. Зэрэгцэн оршоод цаашаа явна. Тийм болохоор ард түмнийхээ дийлэнхийн итгэл үнэмшлийг хүндэтгэх хэрэгтэй болно. Гандан бол аль чадахаараа ажилласаар ирсэн. Цаашдаа ч бүхий л чадлаараа Богдын институцийн төлөө ажиллана. Зүгээр сүжигтэн энгийн хар хүмүүс бид ч мэргэн бодлогыг нь дагаад л явна. Монголчууд нэгэнт хүлээн зөвшөөрсөн байгаа тохиолдолд гадагшаа хандсан пиар хамгийн чухал. Эн тэргүүн Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг байна. Эдэндээ хандсан пиар чухал байна. Дотооддоо хамгийн их анхаарах давхарга бол яг өөрийнх нь үеийн хүүхдүүд рүү чиглэсэн пиар. Энд бол би Econte. Сая ”Тамгагүй төр” жүжигт зориулж, комикс новел хийсэн байна. Дэлхий рүү хандсан маш том пиар. Маш амжилттай. Жүжгийг нь үзэж чадаагүй сая сая ямар ч хэлээр ярьдаг нь хамаагүй, зураг хараад ойлгодог бүх хүний толгой руу монгол хаан гэдэг агуулгыг хийчихлээ. Энэ туршлага дээрээ Богдыг таниулах ёстой. Бас Богдсудлал гэдэг бараг бие даасан хүрээлэнгийн дайны ажиллах хэрэгтэй байгаа юм даа.

-Манайд Богд судлалаар ажилладаг эрдэмтэд, энэ талын судалгааны ирээдүй ямар байна.  Яагаад “Bogd archive” гэж хийгээд ном гаргах болсон юм бэ. Нууц биш бол санхүүжилт энэ тэр гээд сонирхох юм их байна.

-За, Богдын холбогдолтой баримт бичгүүдийн таван хувь нь орос хэл дээр байна. Хиагт, Улаан-үд, Эрхүүгийн архив Санкт Петрбургт байдаг. Төрийн шагналт О.Батсайхан гуай бол энэ өвийг судалдаг. Өвөр Монголын Улаанхад их сургуулийн Бавуу гэж эрдэмтэн бий. Хятад, манж, япон материалууд ашигладаг. Мэргэшсэн судлаач. 2019 онд VIII Богдын мэндэлсний 150 жилийн ойгоор ”Чин улс ба Жавзандамба хутагт” гээд ном нь монголд хэвлэгдсэн. Энэ хэлүүд дээр байгаа материал 15 хувь нь  байх шиг байна. Энэ хүн тэтгэвэртээ гараад Их засаг сургуульд япон хэл зааж байгаа. Богдсудлалаар уг нь шавь бэлдээд, судалгаа хийх ид нас нь юм байгаа юм. Японд 20 жил багшилсан. Япон дэг сургуультай судлаач.  Үлдсэн 80 хувь нь төвд хэл, монгол бичгээр ихэнх нь УБ хотод, МҮНС болоод архивт байна. Миний хувьд ямар нэгэн сургууль соёлоос өгсөн сэдэв биш. Зүгээр л гэр бүл, овог удмынхныхаа өмнө хүлээсэн үүрэг байна. Итгэл үнэмшил гэж юм байна. 1999 онд IX Богдыг ирэхэд би Эрдэнэзуу хийд дээр эмээгийнхээ дүү Өвгөө Мягмаржав гэж хөгшнийг аваачиж мөргүүлсэн. Миний санаа амарлаа гээд бурхан болсон доо. Би санаагаа амартал л зүтгэнэ гэж л боддог. Богдын тухай номуудаа өөрсдөө л мөнгө босгож хэвлэж байна. Монголын Нууц Тарнийн Нийгэмлэг гээд Т.Мөнхбаяр гэж залуу дэмждэг дээ. Тиймгүй бол яаж ингэж гарах билээ. Ерөөсөө Богдыг дахиж ингэж тодорч залагдана гэдэгт итгэл үнэмшлээрээ л итгэж байсан. Хүмүүст энэ тухай мэдүүлэх гэж л хийсэн. Харин саянаас Х Богд тодроод энэ чиглэл рүү сонирхох хандлага ажиглагдаж байна.

-Та ер эхнэрийнхээ тухай дурдсангүй. Танай хүн их даруу нууцлаг хүн байдаг гэсэн?

-Манай эхнэр Б.Няммягмар гэж эрдэмтэн хүн бий. Богд хааны ордон музейд эрдэм шинжилгээний ажилтан.

-Манай сэтгүүлийн уншигчийн асуулт байна. Таны надад өгсөн “ X Богд бол Чингис хааны хувилгаан дүр”  гэсэн өмнөх ярилцлагыг олон хүн сонирхон уншиж байгаа. Тэгээд над руу асуулт илгээж байна. Үндэслэл нь юу юм бэ гэж . Өндөр гэгээнээс хойшхи Богдуудыг нэг нэг өгүүлбэрээр базаад дүгнээд хэлчихвэл ямар вэ. Хэцүү юу?

-Яагаад Чингис хааны хувилгаан дүр гэж үзэж байгаа вэ гэвэл Л.Хүрэлбаатар багшийн нэг ийм үг бий л дээ. ”Дундад зуунд Богдтой холбоогүй нэг ч үйл явдал болоогүй” гэдэг үг. Монголын шинэ үеийн түүх бол 1921 оноос биш 1639 оноос эхэлж байгаа юм. Рупен ингэж үечилдэг. Энэ хүртэл Алтан ургийнхан хаан болох гэж өөр зуураа алалцахдаа ард иргэдээ их зовоосон. Хөлд нь соёл, шинжлэх ухаан хөгжих хөрс бүрдээгүй. Өндөр гэгээн тэр сэргэн мандлыг бий болгосон. Өндөр гэгээн хүрээний голд эзэн хаан болж, их хүрээ гэдэг их сургууль байгуулсан. Энэ ач гавьяаг нь Өндөр өвөг Чингис хаан дахиж төрсөн гэж үнэлсэн юм л даа. Тэгээд хаа байсан Төвдөд төрсөн гэхэд л авчраад өөрсдийнхөө оройд тахиад байсан. Чингис хааны хувилгаан дүр гэж л итгэсэн хэрэг. II Богдыг таалал болсны дараа монголчууд хүүхдээ Богдоор тодруулах гэж бараг дайн гарах шахсан. Энэ тухай матаасууд мэдээнүүдийг Бавуугийн ”Чин улс ба Жавзандамба хутагт” номоос уншаарай. III Богдыг Төвдийн Литангаас бараг дээрэмдэж булааж авчирсан. IV Богд жинхэнээсээ өөрийн ажлын алба, эмчтэйгээ ирсэн. Бүсээ ч тайлах завгүй ажилласан байдаг. Манайхан манжийн хаантай уулзуулах гэж хаврын хавсарганаар авч яваад, Утайд хатгалгаа нь хүндэрч таалал болсон. V Богд бүр ч их ажилласан. IV, V хоёр Богдууд Их хүрээг утгаар нь Их сургууль болгосон. Өвлийн сүүл сард буюу нэгдүгээр сард Их хүрээнд бүтээгдсэн бурхдыг аравнайлж, аль дацанд байрлуулахыг шийддэг байсан. IV Богдын өдрийн тэмдэглэл маш сайн хөтлөгдсөн. V Богд Бээжинд очиж манжийн хаантай цагаан сар хийж, маш их торго авчирч, танка урлагийг хөгжүүлсэн. VI, VII Богд бага залуу буюу 18 насанд хүрээгүй байхдаа таалал болсон. VIII Богд шинэ Монгол Улсыг байгуулсан. IX Богд жод лүйжингийн ёс, гүр дууллын мастер байсан. Төрөл тутамдаа л эрдэмтэй номтой бусдын тус амгалангийн төлөө амьдралаа зориулсан улс. X Богд маань ч монголчуудын 100 жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болж, тодорлоо.

-VIII Богдын тухай шинэ үеийн монголчууд маш буруу ойлголттой явж ирсэн. Кино, уран зохиол, урлагаараа шууд монголын эсрэг дүр болгон үзүүлж ирсэн. Сүүлд хийгдсэн Богд хаан киног та үзсэн үү. Ерөнхий агуулгыг зассан ч, мөн л сайн уран бүтээл болж чадаагүй. Та бол бичдэг хүн. Богдсын түүхээр кино хийх мөрөөдөл байдаг уу?

-Богдын тухай кинонуудыг үзсэн. Киноных нь найруулагч, зохиолч нартай ч уулзалдаж байсан. 100 жилийн өмнөх монгол хүний сүжиг бишрэл, итгэл үнэмшлийг 100 жилийн дараахи өнөөдрийн монгол хүнд хүргэх бол торгон мэдрэмж. Сайн зохиолууд бичигдээгүй учраас сайн кино болсонгүй. Найруулагч нар маань Бурханы шашнаа мэдэхгүй учраас сайн бүтээл болсонгүй. Жүжигчид нь дотор байсангүй.

Уучлаарай би Бред Питт-ийн тоглосон ”Kundun” кинотой харьцуулах гээд байж магад. Богдын хөрөнгийг хурааж, улс байгуулсан МАН-ынхан нөхөн төлбөрт нь ч тэр нэг сайн кино хөрөнгө гаргаад хийх л ёстой. Хэрвээ ”Мандухай сэцэн хатан” шиг улсаараа хөдөлсөн бол бурхан болооч Цогтбаяр ах л дөхүүлэх байсан болов уу? Богдын тухай кино хийнэ гээд баахан техник тоног төхөөрөмж авхуулаад, мөнгийг нь аваад,зураг авч эхэлж байгаад алга болчихсон найруулагч хүртэл бий. Богдын нэрийг барьж их юм хийнэ ээ. 

 

-Манай Богд хааны музейд хэр үнэ цэнтэй зүйлс байдаг вэ. Мөн алдагдсан, үрэгдсэн зүйлсийн тухайд та юу мэдэх бол. Жишээ нь, хааны хатан Дондогдуламын хөөрөг гэж их олон хүний гар дээр олон янзын хөөрөг явж байгаа. Энэ мэтээр эд зүйлс нь бол бараг байхгүй юм биш үү?

-1937 онд хүрээ 30 аймгийн дуганд хадгалагдаж байсан бурхан тахил, эдлэл хэрэгслийг одоогийн Сүхбаатарын талбай дээр гаргаад овоолоод хаячихсан байдаг. Энэ талбай дээр цам гардаг. Даншиг хийдэг байжээ. Хамгийн хүндэтгэлтэй газар нь шүү. Баяр наадам болгоноос хог гарна. Тэр нь урагшаа хийсээд Ленин клубын хавьцаа өндөр хог гэж байжээ. Тэрийг бараадуулаад 200 орчим жил бүтээсэн хамаг үнэ цэнтэй зүйлийг нь ХОГ болгож харагдуулж байгаа пропоганда юм. Да багш бол Дорнодын хүн. Маршалл Х.Чойбалсан бол Дорнодынх. За ингээд сэхээтэн ч юм, нэг нутгийн ч юм. Ц.Дамдинсүрэн гуай маршалл дээр ороод, улаан шугамтай ”соёлын өвийг хамгаалж, хэрэгтэй зүйлсийг цуглуулах” бичиг авсан байгаа юм. Да багш бол Их хүрээний уугуул хүн биш. Хэн ч танихгүй. Дээрээс нь Их хүрээний хамаг юмаа мэддэг хүмүүс шоронд орох нь ороод, шороонд булуулах нь булуулчихсан. Ингээд нэг ”хүрээний юм мэддэг” морин тэрэгчин өвгөнтэй сар шахам тэр ”хог” дундаас хэрэгтэйг нь ялгаж, Богдын ордон руу зөөж хашаанд нь хураасан. 1925 онд Богдын ордон ”улсын өмч” болчихсон. Ганц хадгалчихаар том сав. Ингэж 21 дара эх, алдарт танка, зээгт наамлууд аврагдсан юм. Уг нь энэ чинь Богдын өмч юм. Академич Ц.Дамдинсүрэн гэж ийм ач буянтай хүн байсан. Ингээд Богд хааны ордон музейн хашаанаас найман музей салбарлан гарч, Паркийн Үлгэрийн гэр хүртэл Богдын ордноос өрх тусгаарлаж, Автай сайн ханы тулгыг авч явсан. Богдын эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарсан. Ээмэг бөгж, дээл хувцас, хөөрөг... гэх мэтчилэн. Хүмүүс худалдаж аваад, хадгалж байгаад, сүүлд 1975 онд музей болгоход нь буцааж өгсөн нь ч бий. 800 бөгж, 300 гаруй хөөрөг, 200 орчим дээл ууж. Цэвэр Манж Чин улсаас өгч байсан тухай үеийн урлагийн сор болсон бэлэгнүүд нь л үлдсэн. Түүвэр судалгааны аргаар 2012 онд үнэлж үзсэн. Найман тэрбум орчим еврогийн хөрөнгө зөвхөн Богдын ордонд бий. Чойжин хоёр тэрбум евро орчим. Эрдэнэзуу, Амарбаясгалантын үл хөдлөхийг үнэлээд үзвэл багцаагаар (Намайг үнэлээтэх гэвэл шүү) 20 тэрбум еврогийн хөрөнгө ямар ч эзэнгүй байгаад байна. Энэ бол эдэлбэр газар, дотор нь байгаа урлагийн бүтээлүүдийн үнэ ханш, Sotheby гэх мэт дуудлага худалдаан дээр зарагдсан үнэ ханшаар нь бодоод шүү. Устгаж устгаж, шатааж шатааж энэ. Зөвхөн Монголын Үндэсний Номын сан дахь үнэт эрдэнэсийн Ганжуур, Данжуур гэхэд л Лхасын Бодала ордонтой эн тэнцэхүйц гээд л бод. Ийм юм уншаад намайг ”галзуу” л гэдэг юм. Би зүгээр л дэлхийн жишиг л ярьж байгаа шүү. Би комунист биш. Би бас фанат ч биш. Ерөөсөө л эрүүл систем хэзээ тогтохыг хүлээж байгаад цөхөрсөн галзуу.

-VIII Богдын сүүлчийн хатан Гэнэнпилийн түүхээр мөн уран сайхны кино хийгдсэн. Энэ хатны талаар бодит түүх хэр судлагдсан юм бол?

-2011 онд байх аа. Намайг Богдын музейд тайлбарлагчаар ажиллаж байхад нэг хурал хийсэн. Үр хойчис хамаатан садан нутгийнхан нь ирсэн. Уг нь тэр цугласан материалуудаар жижигхэн брошур ч болтугай гаргах ёстой. Бага сага өв үлдсэн байдаг. Киног нь ч үзсэн. Судлаачдын орон тоо бол маш дутмаг байна. Дээрээс нь бид нутаг орныхоо түүхийг мэддэг улсыг судлаач гэж хүлээн зөвшөөрдөггүй. Заавал нэг сургууль төгсөөд, ширээ зайдагнаж байж ч судлаач болох албагүй. Судлаач хүнийг итгэл үнэмшил нь хөтөлдөг. Гэнэнпил хатны тухай судлавал их юм бий. Жишээ нь хааны хатан болох хүмүүсийн царай бие бялдараас илүүтэй хүйсний нүхээр нь шинжиж хатнаар сонгосон юм билээ. Эх дагина таалал барьсны дараа маш хурдан дараагийн хатныг сонгосон. Сэцэн хааны 50 орчим алтан ургийн бүсгүйчүүдээс нөхөрт гарчихсан хүн сонгохов дээ. Богдын үр хүүхэд ”Тэнгэрийн хүү” Чингис хааныг дахин төрүүлэхийн л төлөө тэр.

 

-IV Богдын өдрийн тэмдэглэлийн талаар та түрүүн дурслаа. Өөрөө хөтөлсөн баримтууд үлдэв үү. Хажууд нь байсан намтар бичээчийн ажлууд юм болов уу. Жишээ нь, IX Богдын намтар бичээч нь орос эмэгтэй байсан. Та түүнтэй уулзаж байсан уу?

-III Богдыг бол манайхан хүчээр дээрэмдээд шахуу аваад ирсэн. IV Богдоос эхлээд төвдүүд ч тэр монголчууд ч тэр хаа хаанаа туршлагажсан. Богдыг шууд дээрэмдээд авч болдоггүй юм байна. Тийм учраас маш их хэмжээний ном буян үйлдүүлдэг болсон. VI, VII, VIII Богдыг тодруулахад зарцуулсан мөнгөний баримтын данснууд бий. IX Богдыг тодруулах гэж хийсэн ородлого талаар болсон. Радэн хутагт тодруулсан. Маш бүрхэг. 1990 онд Далай лам гэнэт зарласан. О.Батсайхан бол зүгээр хүмүүсийн дурсамж цуглуулаад бичсэн зүйлээ намтар гэж нэрлэчихээд байгаа. Үнэндээ бол дурсамжын эмхэтгэл. Бари Агваандорж гээд төвд лам төвд хэлээр намтрыг нь бичсэн. Манай Дарамбазар лам орчуулж байгаа. Хэвлэгдэн гарахыг нь хүлээж байна. Намтрыг их олон янзаар бичнэ. Өдрийн тэмдэглэлийг нь барьж бичнэ. Дэрний бичээч нь шөнө дэрнийх нь хажууд сахиж хонодог. Зүүдэндээ юу ярьсныг нь бичнэ. 8 цагаар 3 бичээч 24 цаг бичиж тэмдэглэнэ. Зарим үед зүүднийхээ тайллыг хэлнэ. Зүүдээ санаснаа хэлнэ. Энийг нь тусад нь тэмдэглээд, ордны зураач лам зураад үзүүлнэ. Мөн баясалгалынх нь үед үзэгдсэн зүйлээ тэмдэглүүлнэ. Нууцын намтар гэдэг нь дан ”зүүд”, ”бясалгал” хоёрт нь үзэгдсэн зүйлсийн түүхээр бичдэг. VIII Богд Гоожингийн өндөрт 52 хоног гамингийн хорионд байхдаа бурханч лам нартайгаа хамт хоригдож байсан. Ер нь хамгийн сайхан завтай ч үе нь болсон. Энэ хорионд байх үедээ хоёр метр өндөр гурван ширхэг “Нууцын намтар” гэдэг дэлхийд гайхагдах зурган комикс агуулгатай танка бүтээсэн. Монголын хосгүй үнэт өв. Ё.Баатарбилиг сайдын зөвшөөрлөөр англи, хятад, монгол тайлбартай өнгөт каталоги хийгдээд өндөрлөж байна. Судалгаа, эх бэлтгэл гээд нилээн хэдэн жилийн уйгагүй эрэл хайгуул, хөдөлмөр шингэж байгаа ном. Удахгүй хэвлэлд өгнө өө. Оросын алдартай жүжигчин эмэгтэй байдаг гэсэн. Шавь нь байсан.

Ганаа чамаас нэг юм асууя. Ер нь яах гэж Богдын тухай чи асуугаад л, би хариулаад л байгаа юм бэ. Сонин. Ингэж байж Эрээний боомт хаалгачих вий вээ. Богдын тухай асуудал дээр БНХАУ бол ажиглагчийн байр суурьтай байгаа гэж харж байгаа. Манайхан л гэж дотроо шийдэх асуудлаа шийдэж чадахгүй ”Хадны мангаа”-гаар айлгана. ”Хятадууд хилээ хаачихна”, ”Оросууд тогоо тасална”ч гэх шиг. Одоо ийм юманд хууртдаг цэцэрлэгийн хүүхэд ч байхгүй. Оюун санааны амьдрал, шашны асуудлаа цэгцлээд, Х Богдод байх ёстой боломжийг нь олгосон лидер л цаашаа улс төрд явна. Өөр арга байхгүй. Зэсээр, нүүрсээр хуураад одоо хуурах юм үлдээгүй л гэж хэлмээр байна даа. Сэтгүүлчдээсээ нэг юм гуймаар байна. Энэ сэдвээр цаашид дахиж ярилцлага өгөхгүй. Ном бол гаргана. Амар амгалан байлгана уу л гэж хүсмээр байна.   

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав