АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургуулийн “Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим”-ийн багш Б.Баасандоржтой ярилцлаа. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхдэд багаас нь эзэмшүүлэх хэрэгтэй, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нэгнийг гадуурхана гэдэг бол байж боломгүй зүйл гэдгийг онцоллоо.
-СЭТГЭЦИЙН ӨВЧИН ХАРАГДДАГГҮЙ ЗҮЙЛ УЧРААС ТУХАЙН ХҮН ХЭРХЭН ЗОВЖ БАЙГААГ НЬ ШУУД МЭДЭХ БОЛОМЖГҮЙ-
-Нийгмээрээ л сэтгэцийн эрүүл мэнд гээд яриад байдаг. Уйтгартай ч гэсэн бидэнд сэтгэцийн эрүүл мэндийн тухай шинжлэх ухаанч ойлголт хэрэгтэй. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-За тэгье. Ерөнхийдөө бол хүн амыг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд гурав ангилдаг.
Нэгдүгээрт, сэтгэцийн хувьд эрүүл хүн гэдэг ойлголт бий. Бие махбодын хувьд ямар нэгэн өвчингүй байхаас гадна амьдарч байгаа нийгэмдээ дасан зохицоод, өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж, үр ашиг, бүтээмжтэй ажиллаж чаддаг сэтгэцийн асуудалгүй хүмүүсийг эрүүл гэж нэрлээд байгаа юм.
Хоёрдугаарт, сэтгэцийн эмгэгтэй хүн. Үүн дээр маш нарийн ярихгүй бол гудамжинд таарсан хүн бүрийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэж шууд хэлж болохгүй. Зөвхөн олон улсын өвчний аравдугаар ангиллаар бол тавдугаар бүлэгт нь байгаа сэтгэцийн эмгэгийн оношилгооны шалгуурыг хангасан хүмүүсийг л сэтгэцийн эмгэгтэй хүн гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс нийгэмд тун цөөхөн хувийг эзэлдэг.
Харин гуравдугаарт, нийт хүн амын 80-аас дээш хувийг “сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай хүмүүс” эзэлдэг. “Стрессийн шалтгаант” асуудлаасаа болоод энгийн хүн шиг нийгэмдээ хувь нэмрээ оруулж амьдарч чадахгүй байгаа хүмүүс гэж ойлгож болно. Гол нь асуудлаа шийдчих юм бол эрүүл бүлэгтээ орчихно. Хэрэв шийдэж чадахгүй бол тухайн асуудлууд нь сэтгэцийн өвчний суурь болдог.
-Хүн бүр стрессддэг. Стресс бол амьдралын салшгүй нэг хэсэг...
-Мэдээж тийм. Стрессдвэл сэтгэцийн өвчтэй болдог гэж бас хамаагүй бодож болохгүй. Сэтгэцийн өвчин дотроо маш олон ангилалтай. Хамгийн түгээмэл нь стрессийн шалтгаантай эмгэг юм л даа. Сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай буюу тэр асуудлаа шийдэж чадахгүй байгаа тохиолдолд “стрессийн шалтгаант” асуудал гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд эмчлэгдэх боломжтой. Үүсгэсэн шалтгааныг нь барьж аваад эмчилж болно. Жишээ нь, бага насанд нь тохиолдсон сэтгэлийн гэмтэл ч юм уу, хүчирхийлэлд өртөөд нийгмийн айдастай болчихсон ийм тохиолдлыг бол эмчлэгдэх боломжтой гэж үздэг.
- Удамшлын эмгэг бол эмчлэгдэх боломж багатай байдаг биз дээ?
-Шууд удамшлын өвчин гэж хэлж болохгүй. Удамших хандлагатай гэж хэлнэ. Бидний сайн мэдэх шизофрени буюу монголоор солиорох эмгэг бол удамшлын шалтгаантай байдаг. Генийн өгөгдөлтэй гэсэн үг. Жишээ нь чи бид хоёрын нэг нь генийн өөрчлөлтэй байх юм бол тэр хүн л өвдөнө. Шалтгаан нь хэчнээн стресст өртөхгүй байсан ч өвчин нь дахиад л сэдэрнэ. Ер нь удамшлын шалтгаантай эмгэгийн хамгийн хэцүү нь тухайн хүний амьдралын ид үед илэрдэг.
-Сэтгэцийн эмгэг хэдэн наснаас эхэлдэг вэ?
-Ихэнх сэтгэцийн эмгэгүүд 15-20 насанд эхэлдэг. Жишээ нь, сэтгэцийн эмгэгтэй 100 хүн байлаа гэж бодоход үүний 70 хувь нь 24 насанд хүрэхээсээ өмнө илэрчихдэг гэж үздэг. Энэ нь ихэвчлэн удамших хандлагатай эмгэгүүд л дээ. Мөн тархины органик гэмтэлтэй холбоотой сэтгэцийн эмгэгүүд гэж бий. Осолд орсон, хүнд металлын хордлого, угаартах гэх мэт тархинд түр хугацааны нөлөөгөөр үүсдэг эмгэгүүд.
Үүнээс гадна насан туршид үргэлжилдэг органик шалтгаантай эмгэгүүд байна. Биеийн эмгэгийг нь эмчилчих юм бол хэвийн болдог. Зарим нь нэгэнт гэмтэл үүсчихсэн учраас эмчлэгдэх боломжгүй ч байдаг.
-Хүүхэд аав, ээжээсээ генийн хувьд бүх зүйлийг авч төрдөг. Сэтгэл гутрал удамшдаг уу?
-Удамшина. Гэхдээ бүх сэтгэл гутрал биш шүү. Үүн дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй. 100 хувь удамшдаг гэж ярьдаггүй л дээ. Аав, ээжийнх нь нэг сэтгэл гутралаар өвдөж байсан бол хүүхэд сэтгэл гутралаар өвдөх магадлал 50 хувьтай байдаг. Ер нь бол тодорхой хэмжээний эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Стрессийн шалтгаантай сэтгэл гутрал ч байж болдог.
-Сэтгэл гутралыг өдөөгч тодорхой хүчин зүйл бий юу?
-Яг манай нийгэмд сэтгэл гутралыг өдөөгөөд байна гэсэн түгээмэл шалтгаан бол байхгүй. Хүн бүр өөр өөр байдаг. Над дээр 10 сэтгэл гутралтай хүн үзүүлэхэд бүгд өөр өөр шалтгаантай. Гэхдээ бидний өдөр тутамд тохиолддог түгжрэл, сошиал хэрүүлээс болоод хүн сэтгэл гутралтай болдог гэвэл эндүүрэл шүү. Миний зүгээс ажигладаг гол юм нь юу вэ гэвэл монголчууд эрүүл мэндийн боловсрол муутай. Тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол муутай учраас аливаа мэдээлэлд илүү амархан цочромтгой байдаг. Стресс тайлах аргад суралцаагүй байна гэдэг нь өөрөө стрессийн шалтгаант эмгэгийн суурь болдог.
-Манай нийгмийн хувьд сэтгэцийн эмгэг хэр их вэ?
-Энэ талаар манайх хамгийн сүүлд 2013 онд хүн амд түгээмэл тохиолддог “Тархалт”-ын судалгаа хийсэн. Үр дүнд хамгийн түгээмэл тохиолддог гурван эмгэг нь гурвуулаа “стресс-ийн шалтгаантай гэж гарсан. Энгийн хүмүүст бүгдэд нь тохиолддог сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй зовиур шаналгаа буюу өвчирхөг эмгэг гурав бол түгээмэл тархалттай байсан.
-Сэтгэцийн өвчин бусад өвчнөөс юугаараа илүү ноцтой байдаг вэ?
-Сэтгэцийн өвчин гэдэг чинь нүдэнд ил харагддаггүй ч гэсэн маш ноцтой өвчин шүү дээ. Хөлөө хугалсан хүн бол явж чадахгүй гэдэг нь гаднаас нь харахад тодорхой байдаг. Тиймээс дахин хэлье. Сэтгэцийн өвчин харагддаггүй зүйл учраас тухайн хүн хэрхэн зовж байгааг нь шууд мэдэх боломжгүй. Хэнд ч мэдэгдэхгүй байх тусмаа маш их зовлон шаналал үүсгэж байдаг. Өдөр тутмын амьдралаа авч явж чадахгүйд хүрдэг. Ийм учраас хэлж чадах ганц зүйл минь гэвэл сэтгэцийн өвчтэй хүнийг ойлгож, тусалж, дэмждэг байгаарай гэж зөвлөх байна. Хамгийн чухал нь танд үнэхээр хэцүү байвал мэргэжлийн хүнээс тусламж, зөвлөгөө аваарай.
-ИЧИЖ, САНАА ЗОВОЛГҮЙ ЭМЧИД ХАНДАНА ГЭДЭГ ЧИНЬ БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙ ШИНЖ-
-Нийгэмд үүссэн буруу ойлголт сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад чөдөр тушаа болдог уу?
-Үгүй гэж бол хэлэхгүй. Сэтгэцийн өвчтэй, тусламж үйлчилгээ шаардлагатай 100 хүн байлаа гэж бодоход яг хэвтэж эмчлүүлдэг нь ганцхан хүн байдаг байхгүй юу. Үлдсэн 99 хувь нь замын дунд алдагддаг. Эдгээр хүмүүсийн тодорхой хувь нь нийгэмд үүссэн буруу ойлголтоос болж үйлчилгээ авахаас татгалздаг. Хуучин цагт бол сэтгэцийн эмч гэхээр л хүмүүс үргэдэг байсан. Эмч, өвчтөнгүй л эрүүл бус гэж хардаг гэх юм уу даа. Одоо бол нийгэм өөр болж байна. Нийгмийн багагүй хэсэг нь сэтгэцийн эмчид үзүүлэх юм сан гэх бодолтой болж байгаа нь сайн хэрэг. Ичиж, санаа зоволгүй эмчид хандана гэдэг чинь боловсролтой хүний шинж байхгүй юу. Харин ч энэ хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Мундаг байна шүү дээ. Өөртөө хэрэгтэй үйлчилгээг авч чадаж байна. Гэтэл монголчуудын дийлэнхэд ийм боловсрол байхгүй. Сэтгэцийн эмч, эмнэлэг гэхээр л үгүй, би очихгүй гэдэг. Эсвэл нэгнээ “Наадах чинь СЭМҮТ дээр үзүүлээд явж байсан шүү дээ” гээд гадуурхах ч хандлага ажиглагддаг. Тэгж үнэхээр болохгүй.
-Та хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн эмч. Энэ талаар яривал?
-Тийм ээ. Би хүүхэд, өсвөр үеийнхэнтэйгээ илүү их ажилладаг. Саяхан нэг үйл ажиллагаанд оролцоод 8-аас 9 дүгээр ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Тэдгээр хүүхдүүд ерөөсөө л гэр бүлийн харилцааны асуудалтай. Гэр бүлд нь ямар ч амьд харилцаа байдаггүй. Аав, ээж нь гэртээ ирээд л утсаа бариад эсвэл ядарлаа гээд унтчихдаг. Аав, ээж нь хүүхдүүдтэйгээ хамт байх нарийн нандин цаг гаргадаггүй. Нийтлэг давтагдаж байгаа зүйл бол хүүхдүүд аав, ээжээсээ хайр хүсэж байгаа явдал юм. Халаасны мөнгө өгөхийг хайр халамж гэж ойлгож болохгүй. Орой ирээд “миний охин мундаг байна шүү” гэж хэлээд хацар дээр нь үнсэхийг л хүүхдүүд хүсдэг. Бид нар хэтэрхий нэг зүйл рүү төвлөрөөд байна. Эрүүл харилцаа руу орохгүй байна.
-Бага насандаа дотоод мэдрэмжээ илэрхийлж чадаагүйн улмаас зарим хүүхдүүд нас биед хүрсэн ч гэсэн стресстэй харьцахад хүндрэлтэй байдаг уу?
-Аливаа улс орны нийгмийн онцлог гэж бий. Жишээ нь барууны орнуудад яаж стресстэй харьцахыг хүүхдүүдээ багаас нь заадаг. Гэтэл монголд бол тийм зүйл байхгүй. Наад зах нь гэхэд бага насны хүүхдийг “битгий уйлаад бай” гэдэг шүү дээ. Энэ бол мэдрэмжээ илэрхийлэх боломжийг нь хааж байгаа хэрэг байхгүй юу. Бага насандаа уйлж, баярлаж, хөөрч, хашхирч мэдрэмжээ илэрхийлж чадаагүй хүүхэд том болоод яг л тэр чигээрээ өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байсаар байна. Тэр нь ирээдүйд асуудал үүсгэх боломжтой. Ер нь бол манай монголчуудын онцлог л доо. Би сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гадаад хэлээс орчуулга хийгээд харьцуулж үзэхэд монгол хэлэнд мэдрэмж илэрхийлэх үгс бага байдаг шиг санагдсан. Гэтэл гадаадад хүний дотоод мэдрэмжийг тайлбарласан үгс маш их байдаг. Мэдээж монгол хэлэнд ч байдаг л даа. Гэхдээ хүмүүс тэр үгсийг хэрэглэхгүй байна аа гэдэг чинь уг мэдрэмжээ мэдэхгүй, ойлгохгүй байна аа гэсэн үг. Хамгийн түрүүнд бид нар хүүхдүүдээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн мэдрэмжээ тайлбарлаж чаддаг болгож сургах хэрэгтэй.
-Монголчуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсролтой болоход юу хамгийн их дутагддаг вэ?
-Монголчуудад итгэл үнэмшил алга. Аливаа зүйлд итгэл үнэмшилтэй хандана гэдэг стресс тайлах арга болдог. Жишээ нь, би бурханд итгэдэг байя гэж бодъё. Мэдээж амьдралд хэцүү зүйл тохиолддог, тэ. Би тэр бүх хэцүү зүйлийг давж гарахын тулд бурхандаа итгэнэ биз. Надаас илүү надад туслах хүч байгаа юм байна гэдэг бодлоос стресс тайлагддаг байхгүй юу. Одоо эндээс гараад асуухад л хүмүүсийн дийлэнх нь шашин шүтдэггүй ээ гэнэ. Заримдаа хэцүү зүйл тохиолдоход л шашны байгууллагад очиж мөргөдөг юм уу, залбирдаг болохоос чин сэтгэлээсээ ханддаггүй шүү дээ. Дээр нь бид нар нийгмийн үнэт зүйлгүй болчихлоо. Нийтээрээ ийм л нийгмийг цогцлооно гэсэн бодол байхгүй. Хүн болгоны дотор “би өөрийгөө болговол болоо” гэсэн бодолтой байдаг. Анх 1990-ээд онд ардчиллын шуурга гээд хүн бүр “миний хүүхэд жаргалтай байна уу хамаагүй, би хүүхдээ өлсгөхгүй байвал том амжилт юм аа” гэсэн хандлагатай үе байсан шүү дээ. Тэр хүмүүс өөрийн болон хүүхдүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг зольж тийм шийдвэр гаргасан.
-ЭРЭГТЭЙЧҮҮД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААС АЙДАГ-
-Ямар шалтгааны улмаас сэтгэцийн асуудалтай хүмүүсийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг юм бэ?
-Хуучин цагт бол эмэгтэйчүүд сэтгэл гутралтай гэж амбулаториор үзүүлэх нь их байсан. Одоо ч гэсэн эмэгтэйчүүд их байгаа л даа. Яагаад вэ гэвэл эрэгтэйчүүд тусламж үйлчилгээ авахаас айдаг. Миний үзлэгийн хэмжээнд эмэгтэйчүүд их байх хандлагатай байдаг.
-Хүмүүс өөрийгөө СЭМҮТ-д үзүүлэх шаардалагүй гэж бодохыг хүсдэг. Ийм бодлоосоо үүдэн өвчнөө хүндрүүлэх тохиолдол багагүй байдаг уу?
-Мэдээж хүн өөртөө нэг асуудал байна гэдгийг мэдэрч л байгаа. Ийм тохиолдолд эмчид биш ойр дотно, танил найз нөхөддөө асуудлаа ярьдаг байхгүй юу. Харин нөгөө хүн нь “гутраад байх юу байдаг юм, амьдрал чинь сайхан байна” гэх хандлагыг гаргах талтай. Үүнээс болоод тэр хүмүүс юу гэж боддог вэ гэвэл бусад хүмүүсийн хувьд сүртэй асуудал биш юм чинь эмнэлэгт хандах шаардлагагүй юм байна гээд ойлгочихдог. Энэ л хамгийн буруу байхгүй юу. Ингэж удаан яваад, хүндрүүлээд амиа хорлох гэж оролдсон тохиолдлууд түгээмэл.
-Сэтгэцийн эмчилгээний хамгийн чухал зүйл бол үр дүн байдаг. Энэ тухай яривал?
-Үр дүн маш чухал. Сэтгэцийн эмчилгээний үр дүн бол ар гэрийнхэн нь хэр их анхаарал тавьж буй эсэхээс шууд харагддаг зүйл л дээ. Шууд хамаарна гэсэн үг. Эмч хурц үед нь яаралтай арга хэмжээ авч эмчлээд эмнэлгээс гаргана. Гаргахдаа мэдээж зөвлөгөөгөө өгнө, тэ. Дүүргийн эмчдээ цаг тухай бүртээ үзүүлж, эмээ байнга авч уугаарай гэх мэт... Гэтэл ар гэрийнхэн нь эмнэлгээс авч гараад л хаячихдаг. Хэзээ ч “бие чинь яаж байна, эмээ авсан уу” гэж асуудаггүй. Сэтгэцийн эмчид үзүүлэх нь битгий хэл хашаандаа өөр гэрт оруулаад орхичихдог. Миний хяналтад 13 дахь жилдээ явж байгаа хүний өвчин нэг ч удаа сэдрээгүй. Гэтэл өөр нэг хяналтын хүн маань жилдээ 13 сэдэрчихсэн байгаа. Тиймээс эмчилгээний үр дүн ар гэрээс нь шууд хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр эмнэлэгт хэвтэж байгаа 19 хоног дээр нь анхаараад өнгөрөх явдал биш шүү. Жилд 365 хоног байна. Үлдсэн хоногуудад нь хэн анхаарах вэ?
-Сүүлийн үед залуучууд уншихаас илүү сонсож мэдээлэл авдаг болсон байна. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг залуучуудад түгээх ямар нэгэн шинэ үйл нэвтрүүлж байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Насанд хүрэгчдийн хувьд “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрт” гээд манай ютүб суваг дээр байдаг контентийг өөртөө зориулж цаг гаргаад үзээрэй. Эрүүл Мэндийн Яам, СЭМҮТ, АШУИС-ийн АУС-ийн сэтгэцийн Эрүүл мэндийн тэнхимийн хамтарсан контент байгаа юм.
-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дээр дэлхий нийтээрээ нэг чиг хандлагатай явж чадаж байгаа юу?
-Миний ажигласнаар улс орон бүрт онцлог байгаа боловч бүгд нэг чигт явж байна. 2022 онд японд хийгдсэн судалгаагаар 25-27 насны залуучууд насан туршдаа хүнтэй суудаггүй ганцаараа амьдарч байна гэсэн үр дүн гарсан. Энэ бол нийгмийн харилцаанаас татгалзаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Монголын залуучуудын дундаас гарч ирсэн статистикийг харахад 20 жилийн өмнөх японы тоо баримттай холын зөрүүгүй байсан. 10 жилийн дараа гэхэд японтой дүйж очих боломжтой.
-СЭМҮТ-ийн өвчөтнүүдийн тасаг ачаалал багатай ажилдаг өдөр байдаггүй гэдэг. Энэ үнэн үү?
-Дүүрэн хүнтэй байгаа нь үнэн. Манайд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 25-30 хувь нь ар гэрийн асран хамгаалагчгүй. Үлдсэн цөөхөн орон дээрээ нөгөө хүмүүс нь эргэлдэж байдаг. Бид уг асуудлыг ил болгож, шийдвэрлүүлэхээр хандсан. Шийдэл дээрээ явж байна. Хараахан шийдэлд хүрээгүй л байгаа. Бид нарт хэрэгтэй зүйл бол сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар юм. Ганцхан Улаанбаатарын СЭМҮТ биш аймгууд дээр ч гэсэн эмнэлгээс огт гардаггүй хүмүүс зөндөө байгаа. Аливаа улс орны хөгжлийг сэтгэцийн эрүүл мэндээр нь дүгнэдэг. Эрүүл мэндийн салбарын нийт төсвийн хоёр хувь нь сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулагдаж байгаа. ерөнхийдөө дундаж орнууд дөрвөн хувиас дээш зарцуулдаг. Том гүрнүүд бол арван хувь хүртэл зарцуулдаг.