Стандарт гэж ер нь юу вэ. Яагаад бидний амьдралд чухал вэ гэдэг асуулт эхлээд зүй ёсоор тавигдана.
Албан ёсны хэлээр бол энэ ойлголт нь аливаа үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт, байх ёстой шаардлагыг зохих журмын дагуу боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянаж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт юм.
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны зүй зохистой хэм хэмжээг тогтоохыг стандарт гэж томъёолж болно. Аливаа стандартыг шинжлэх ухааны дэвшил, техник технологийн хөгжил, практикийн ололт амжилтанд тулгуурлан боловсруулахаас гадна олон улсад хэдийнэ туршигдаж батлагдсан стандартуудад түшиглэн өөрийн гэх үндэсний стандартыг бий болгох байдлаар улс орнууд боловсруулж нэвтрүүлдэг.
Манай улсын хувьд Засгийн газрын тохируулагч агентлаг болох “Стандарт хэмжил зүйн газар” нь улсын хэмжээнд үндэсний болон олон улсын стандартуудыг мэдээлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, стандартыг баталж бүртгэх, аливаа салбар, үйл ажиллагааг стандартаар хангах зэрэг цогц үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллага юм. Энэ удаа бид та бүхэнтэй “Стандарт хэмжил зүйн газар”-ын дарга С.Батбаатарыг уулзуулахаар урьсан юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол хүн бүр даган мөрдөж хэрэглэж чадвал эрүүл аюулгүй амьдрах хэм хэмжүүрийг тогтоож өгдөг агентлагийн даргатай уншигчдаа уулзлуулах гэж буйдаа баяртай байна.
-Баярлалаа, танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид өглөө босоод цайгаа уухаас л стандарттай нүүр тулж эхэлдэг. Энгийн үгээр бол эмх цэгц, эрэмбэ дараалал, хэм хэмжээ, чанар, аюулгүй байдлыг л стандарт гээд байгаа юм шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн стандарт дагаж мөрдөж байна вэ?
-Энэ ярилцлагыг өгөх мөчид Стандарт, хэмжил зүйн газраар батлагдсан 6662 стандарт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Салбарын тус бүрээр нь авч үзэх юм бол эрүүл мэндийн салбар хамгийн их буюу 692, хүнсний чиглэлийн 650, барилгын салбарын 620, хөдөө аж ахуйн салбарын 460, уул уурхайн салбарын 348 гэх мэтчилэн олон салбарын стандартуудын тоог хэлж болно. Энэ нь та бидний мөрдөж ажиллаж ёстой салбар бүрийн стандартууд юм.
Монгол Улс дэлхийн бүх улстай худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр харилцах асуудал бол нээлттэй байгаа. Тухайн орны стандартыг шаардлагатай гэж үзвэл аль ч улсын стандартыг ашиглах боломжтой. Дэлхийн стандартын байгууллага буюу ISO-д нэгдсэн улс орнуудын стандартыг аваад үзэх юм бол олон улсын стандартыг өөрийнхөө оронд нутагшуулсан байдаг. Манай улсын 6,662 стандартын 44.1 хувь нь олон улсын стандартад нийцсэн байдаг. Үлдсэн хувь нь үндэсний стандарт, адилтгасан стандарт байдаг. Энэ нь муу гэсэн үзүүлэлт биш юм шүү.
Иргэдийн дунд ISO-ийн стандартад л нийцэж байвал сайн гэж ойлгодог. Манай үндэсний стандарт гэж байна шүү дээ. Заавал олон улсын стандарт болгохгүй үндэсний онцлогтой бүтээгдэхүүн байдаг. Монгол гэр, гутал, эмээл гээд дэлхийн хаана ч байхгүй зөвхөн үндэсний стандартаар батлах эд зүйлс гэсэн үг. Эсрэгээрээ манай үндэсний стандартыг ISO дээр хүлээн зөвшөөрүүлэх чухал асуудал байна. ISO-ийн стандартыг дэлхийн бүх гишүүн орнууд дагаж хэрэглэдэг. Гэвч бид нар аяга үйлдвэрлэлээ гэж бодьё. Тэр аяган дээр үндэсний соёл өв уламжлал, дэлхийн өөр оронд байхгүй ямар нэгэн бэлгэдэл, онцлог, соёл уламжлал байвал заавал ISO-гийн стандартыг авч хэрэглэх шаардлагагүй юм л даа.
-Манайд ISO -ийн стандартыг хангасан, үндэсний өв соёл, өөрийн гэсэн бэлгэдлээ шингээсэн бүтээгдэхүүн хэр их байна вэ?
-Бидэнд стандарт байхгүй биш байна, үүнийг цөөн гэж хэлэхгүй. Улс орны онцлогоос хамаараад хэд ч байж болно.
Австралид гэхэд стандарт 5000 байхад, урд хойд хөрш улс маань биднээс 7-8 дахин их стандарттай. Тэгэхээр улс орны хөгжлийн түвшин стандартын тоондоо биш хэрэгжилт, мөн чанар, агуулгадаа байдаг.
-Ингэж асуусны учир нь бидний өнөөгийн амьдралын чанар түвшин тийм ч сайн биш байгаатай холбоотой юм. Ундны ус зэвтэй байна, гудамжинд явж байгаад скүүтерт явган хүмүүс нь дайруулчих гээд, эсвэл тэд өөрсдөө автомашинд дайруулчих гээд. Тайван бус эрсдэл өндөр орчинд ажиллаж, амьдарч байна. Энэ бүхэн стандартгүй амьдралын нэг илрэл юм...
-Стандарт бол аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хангавал зохих хэм хэмжээний хамгийн доод түвшинг тогтоосон хэмжээс. Энэ түвшингээс л дээшээ бол байж болно гэсэн утгатай.
Скүүтерээс болж олон жолооч, олон хүн гэмтэж байна. Үүнийг Зам тээвэр хөгжлийн яамтай хамтраад стандарттай болгохоор бид ажиллаж байгаа. Салбарын яамнаас ирүүлсэн стандартын төсөл дээр манай салбар техникийн хороо ажиллаад, судалгаа дутуу гэх мэт хэд хэдэн зүйлийг сайжруулахаар буцаасан байгаа.
Монгол Улсад шаардлагатай стандартууд байна уу гэвэл байна. Гэвч мөрдөхгүй, хэрэглэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагаас үүдэлтэй асуудлууд ахиад өөр томоохон асуудлуудыг дагуулдаг болчихоод байгаа юм. Хуучин Мэргэжлийн хяналтын газар гэж байхад бүх хяналтын үйл ажиллагаа, зохион байгуулалт механизм тэнд байлаа. Одоо салбарын яам, холбогдох газрууд руу шилжсэн нь удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн байдлын хувьд биелэлээ нэг л сайн олохгүй байгаа харагддаг.
-Скүүтерийг тэгэхээр үндсэндээ стандартгүй байж хэрэглээндээ оруулаад ирчихсэн гэсэн үг үү?
-Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийг шийдвэрлэж чадаагүйгээс болж энэ асуудал гарч ирсэн гэж ойлгож болно. Цаашдаа ч алдаатай бодлогын чиг хандлагаас хамаарч аливаа нэг асуудал түргэн хугацаанд шийдвэрлэхэд төвөгтэй асуудал руу хөтлөх хандлагатай байна. Скүүтэрийг ямар насны хүн унаж болох уу, ямар замаар яаж явах уу, тээврийн хэрэгсэлд тооцох юм уу, эсвэл явган хүний замаар явах уу, ямар хурдтай явах ёстой вэ гээд олон олон асуудлыг нэг талдаа гаргахгүй бол иргэд, хүүхэд залуучууд эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл буурахгүй. Стандарт хэмжил зүйн газрын холбогдох техникийн хороонд энэ стандартыг хэлэлцүүлэхээр Зам тээвэр хөгжлийн яаманд энэ тухай албан бичиг хүргүүлсэн. Эхний байдлаар төсөл нь ирсэн боловч стандартыг боловсруулах тавигдах шаардлагыг хангаагүй тул засаж сайжруулаад дахин яаралтай ирүүлэх тухай зөвлөмжийг хүргүүлсэн байгаа.
-Стандарт аюулгүй байдал зөрчигдсөн нэг том илрэл болсон осол өнгөрсөн жил “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон. Үүнээс болж иргэд амь насаараа, эд хөрөнгөөрөө хохирсон?
-“Аюултай ачаа, тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага MNS4978:2017” гэсэн стандарт бий. Энд дөрвөн шаардлагыг голлон заасан байдаг. Жолооч, хөдөлмөр аюулгүй байдал, аюултай ачаа тээвэрлэх автомашин, ослын үед авах арга хэмжээ. Арав гаруй хуудас бүхий энэхүү стандартыг хийн түлш тээвэрлэж буй компани мөрдөж ажилласан бол ийм харамсалтай зүйл болохгүй л байх байсан. Жишээлбэл, аюултай ачаа тээвэрлэгч автомашин тээвэрлэх чиглэлийн дагуу холбогдох эрх бүхий газраар маршрутаа батлуулсан байх ёстой. Энэ нь аюултой ачаа тээвэрлэж яваа автомашин хот, тосгон буюу хүн амьдардаг суурьшлын бүсээс аль болох холуур байдлаар батлагддаг. Жолооч ослын үед авах арга хэмжээгээ мэддэг, холбогдох чиглэлийн аюулгүй байдлын сургалтад суусан байх ёстой. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан хамт байх байсан гэх мэт асуудлуудыг бүгдийг нь энэ стандартад заасан байдаг. Машин хотын баруун цэгээс хөдөлжээ, тэндээс Төв аймгийн замаар урагшаа чиглэлтэй явах байсан боловч хотын төвд энэ осол гарсан. Стандарт дээр аюултай ачаа тээвэрлэж яваа машин шатахуунаа авахдаа ШТС-руу ч ойртохгүй, зөөврийн саваар түлшээ авах стандарттай байдаг. Энэ мэтчилэн стандартын бичиг баримтад заасан олон асуудлыг ярьж болно. Стандартыг мөрдөж ажиллаагүйгээс 10 гаруй хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, олон тэрбум төгрөгийн хохирлыг үзээд байна.
-Тус осол дээр барилгын стандартын тухай асуудал давхар хөндөгдөж байгаа. Шатсан барилгын фасад галд тэсвэртэй байсангүй гэх мэт?
-Тухайн үеийн дэлбэрэлт хэдэн баллын хүчтэй доргилт болсон гэдгийг мэргэжлийн байгууллага тооцож гаргаагүй гэж ойлгосон. Төмөр карказан хийцлэл бүхий энэ шатсан барилгад ШУТИС-ийн мэргэжлийн баг ажиллаад хүчитгэлийн хувьд ямар байгаа дээр судалж дүгнэлт гаргасан байдаг. Ингэхэд барилгын арматур төмөр уярч, хатуулаг байдлаа алдсанаар дахин ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр уг барилгыг нураана гэсэн үг. Тухайн барилгын гадна фасадад ашигласан хөөс гал дэмждэг байсан уу, эсвэл шатах хий тухайн хөөсөнд цацагдаж шатсан эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон байх.
-Мөрдөх ёстой, батлагдсан стандартыг мөрдөөгүйгээс үүдсэн гамшиг гэж ойлголоо. Хариуцлагын асуудал орхигдлоо гэж иргэд бухимдаж байгаа?
-Таны асуултыг ойлгож байна аа, стандартын хэрэгжилт хаана байна гээд байна. Иргэдийн зүгээс ч манай газар руу ийм хандлага ирдэг. Үүн дээр нэг зүйлийг тодруулж хэлмээр байгаа юм. Монголд Стандартын ач холбогдол, нийгэмд гүйцэтгэх үүрэг, иргэдийн мэдлэг ойлголт хангалттай бус, хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас хэрэгжилтэд огт хяналт тавьдаггүй байна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй аж төрөхтэй шууд холбоотой салбарууд болох эрүүл мэнд, хүнс, барилгын салбарт хамгийн олон стандарт мөрдөгддөг хэрнээ энэ салбаруудад л хамгийн их асуудал гарч, аюул эрсдэл тулгардаг. Яагаад гэвэл хяналтын үйл явц нь эзэнгүйдчихсэн.
Стандартын хэрэгжилтийг хангахгүй байгаагаас гадаад улс орнуудтай эдийн засаг, экспортын чиглэлээр нээлттэй, “стандарт” гэсэн нэг хэлээр ярьж ойлголцоход хүндрэл гарч байна.
Таны хэлж буй, иргэдийн хүсээд байгаа стандартыг хэрэгжилтийг хангуулах ажлыг хийх эрхзүйн зохицуулалт манай газарт байдаггүй.
-Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Стандарт, хэмжил зүйн газар стандартыг батлаад л орхичихдог гэсэн үг үү?
-Манай байгууллага стандартын холбогдох үзлэг, судалгаа хийсний үндсэн дээр салбарын бодлогыг тодорхойлж байгаа яамд руу хүсэлт явуулдаг. Цаг үеийн ийм асуудлаар стандарт гаргахгүй бол монгол хүний эрүүл, аюулгүй байдалд аюул учруулаад байна шүү гэж. Тэгээд жил бүр яам, тамгын газар руу танайд ийм ийм стандартууд дагаж мөрдөгдөх ёстой байна, хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг албан бичиг явуулж, хариу авах байдлаар ажилладаг. Гэвч хэрэгжилтийг хэмжиж гаргах ажил хангалтгүй байна.
Товчхондоо, манай байгууллага Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж ажилладаг.
-Тэгэхээр стандарт мөрдөгдөхгүй байгааг тантай ярина л гэж бодож орж ирсэн маань “бай”-гаа оноогүй бололтой. Хариултаа хэнээс, ямар байгууллагаас нэхэх вэ?
-Яам, тамгын газрынхан маань хүртэл стандартаа хангуулаач ээ гэдэг. Угтаа бол тэдний ажил байдаг (инээв). Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу стандартыг мөрдүүлэх тал дээр бодлогын түвшинд шийдэл олж байгаа. Манай салбарын суурь нь хуулийн шинэчилсэн найруулга боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулинд стандартын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг тусгаж байгаа. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа иргэд дээр очоод танайх стандартыг яаж хэрэгжүүлж байна гэхийн оронд тухайн яам, агентлагууд салбарын стандартаа хэрхэн хангуулж, хэрэгжүүлж байгаад хяналт тавина гэсэн үг. Ийм агуулгаар одоогийн хуулийг шинэчилж батлахгүй бол бидний ярьсанчлан маш их стандарт зөрчигдөж биеллээ олохгүй байна.
Ингэж л уг орхигдоод байгаа асуудлыг ажил хэрэг болгох нөхцөл бүрдэх юм. Үүнийг иргэд маань зөвөөр ойлгохгүй бол стандарт хэрэгжихгүй асуудал гарахаар л манай газар руу дайрч довтолчих гээд байх юм. (инээв) Стандартын хэрэгжилтийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол салбарын яам, агентлагууд хангуулах ёстой.
-Өвөл болохоор хүйтэн болдог гэдэг шиг, удахгүй агаарын бохирдлын стандартын асуудал яригдах улирал эхлэх гэж байна. Бохир агаарт амьдарч байгаа нь бидний сонголтын асуудал уу, эсвэл зохих шаардлага, стандартыг мөрдүүлж чадахгүй байгаа нь аль нэг байгууллагын хариуцлагын асуудал уу?
-Сэтгүүлч нарын хамгийн түрүүнд тавьдаг асуулт. Дахиад л стандартын хэрэгжилтийн асуулт гарч ирж байна. Нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон нийслэлийн холбогдох газар хянаж ажиллах үүрэгтэй юм. Өнөөдрийн эрх зүйн орчны хувьд шүү дээ. Гэхдээ хариуцлагаас зайлсхийхгүйгээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ байдлыг арилгахын төлөө ажиллаж байгаа.
Магадгүй бид хувь хүмүүс өөрсдөө ч стандарт, дүрэм зөрчсөн бизнест худалдан авалт хийгээгүй, хэрэглээгүй байсан бол өнөөдөр энэ олон зөрчил овоорохгүй байсан байх л даа.
Манай салбарын хуулийн 12.1-д стандарчиллын баримт бичгийг сонгож хэрэглэнэ гэсэн заалт байдаг. Энэ нь стандартыг хэрэглэж ч болно, хэрэглэхгүй байсан ч болно гэсэн хоёрдмол утгыг гаргадаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд стандартыг мөрдөхгүй байгаагийн гол шалтгаан гэж бид нар үзэж байгаа. Үүнийг шинээр боловсруулж байгаа хуульд хоёрдмол утгагүй байхаар өөрчлөлт оруулахаар тусгасан. Дээр нь нэмж хэлэхэд иргэн бүр стандартын талаар мэдлэгтэй, өөрсдөө шаардлага тавьж чаддаг байх хэмжээний мэдээлэл, боловсролтой байх хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, дээд боловсролын сургалтын агуулгад стандарт, хэмжил зүйн мэдлэг ойлголтыг өгөх кредит цагийг тусгах шаардлагатай.
-Та түрүүн хэлсэн Австрали 5000 стандарттай гэж. Тэр улс гэтэл энэ дэлхийн хамгийн таатай, эрүүл аюулгүй орнуудын нэг?
-Тухайн улс орны онцлог бий л дээ. Эрх зүйт төр өндөр хэмжээнд хөгжсөн улс орон стандартыг баталсан бол хууль мэт заавал хэрэгжүүлээд явж байна. Энгийн утгаараа манай монгол ахуй, соёл олон жилийн өөрийн онцлогтой. Угтаа бол бидний ахуй өөрөө стандарт. Сүү хутгасан шанагаар гол горхиос ус авч болохгүй, хайчны ам ангайлгаж орхиж болохгүй, хутганы ирийг өөд нь харуулахгүй гэж ахмадууд маань сургадаг даа. Сүүлийн үед энэ ахуйн ёс жаяг маань алдагдаж ч байх шиг харагддаг. Энэ сайхан уламжлагдаж ирсэн цээртэй үйлдлүүдээ хүүхдүүддээ зааж сургадгаа сэргээж, стандарт гэдэг утгаар нь бага ангиас нь хөгжилтэй арга хэлбэрээр, хүүхдэд ачаалал өгөхгүйгээр зааж сургамаар санагддаг.
Манай байгууллагын зүгээс Шадар сайдын санаачилсан “Юманд хэмжээ бий”, “Стандарттай Монгол” гэх мэт олон нөлөөллийн арга хэмжээнүүдийг иргэддээ зориулж зохион байгуулдаг. Иргэдийн ухамсарт суулгаж өгөх ажлуудыг зохион байгуулалттай, шат дараалалтай зохион байгуулдаг. Заавал төрийн албадлагаар шахаж, шаардахаас илүүтэй, иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй болох нь монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулийн заалт хэрэгжих үндсэн суурь нөхцөл болно. Мөн одоогийн хууль шинэчлэгдэж батлагдахгүй бол маш олон стандарт зөрчигдөж биелэгдэхгүй байна.
-Ер нь стандартыг шинээр батлах болон хүчингүй болгох эсвэл шинэчлэх асуудал хэрхэн ямар процедураар явагддаг юм бэ?
-Хүчин төгөлдөр стандартуудад жил бүр үзлэг хийж, шинэчлэх шаардлагатайг шинэчилж, хуучирсныг хүчингүй болгож, шинээр батлах бол манай техникийн хороо ажилладаг.
Стандартын бодлого боловсруулах, батлах асуудал бол аргагүй л манай байгууллагын эрхлэх асуудал л даа. Шадар сайдын чиг үүргийн хүрээний Засгийн газрын тохируулагч агентлаг.
Стандартыг батлахадаа хэд хэдэн үе шатыг дамждаг. Санал дэвшүүлэх, бэлтгэх, хорооны хурлаар хэлэлцүүлэх, олон нийтийн санал авах, батлах, бүртгүүлэх, мэдээлэх гэсэн үе шатуудыг дамжиж, үүндэ ойролцоогоор 1,5-2 жилийн хугацаа зарцуулдаг.
Түүнээс гэнэт хэн нэгэн шахааны бродюр солих гээд, түүнд нь зориулаад стандарт гялс гаргаад байгаа юм байхгүй. Одоо ид яригдаж байгаа бродюр бол 2006 онд батлагдсан стандартын дагуу шаардлага хангахгүй болсон учраас солих шаардлагатай болоод сольж байгаа хэрэг. Бродюр нь тухайлбал, магадгүй жолоочийн бие нь муудаад замаас гарахад, жолоодлого алдахад, техник гэнэтийн гэмтэл гарахад тэр бродюр давахааргүй өндөр байх стандарттай байхгүй юу. Явган хүний зам руу ороод ирж, тэнд байгаа иргэдийг аюулд учруулж болохгүй шүү дээ.
-Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд стандартчилал хэмжил зүй дээр хэдэн техникийн хороо ажилладаг вэ?
-Манайд стандарт боловсруулах 64 техникийн хороо ажилладаг.Техникийн хороонд тухайн салбнарийн мэргэжлийн 15-20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хороо мөн ажиллана. Тус техникийн хорооны гишүүнээр тухайн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжийн төлөөлөл орж ажилладаг. Нэг ёсондоо мэргэжлийн баг бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явууулдаг гэсэн үг. Зөвхөн хорооны нарийн бичиг нь манай агентлагаас ажилладаг. Бичиг цаасны ажил дээр төв байгууллагын зүгээс орж ажиллаж байгаа хэрэг. Ингээд тэд 1,5-2 жилийн хугацаанд судалж шинжилж, туршиж байж тухайн стандартыг батлах, хүчингүй болгох эсвэл шинэчлэхийг хийдэг юм.
-Барилгын салбарт стандарт хамгийн ихээр зөрчигддөг. Энэ асуудал дээр танай техникийн хороо, эсвэл Стандартчилал хэмжил зүйн газрын зүгээс ямар оролцоотой байдаг бол?
-Барилгын хяналт бол Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Хот төлөвлөлтийн газар хамтраад хэрэгжүүлж байгаа. Энэ хоёр байгууллагаас барилга барьж эхлэхээс авахуулаад хүлээн авах цаг хүртэл комисс ажиллуулдаг. Уг комиссын бүрэлдэхүүнд манай стандартын байгууллагаас төлөөлөл байдаггүй. Хамтарсан уулзалтууд дээр манайхаас санал гаргаж л байгаа, “Тухайн барилга дээр очиж үзье, хэмжье. Алдаа эндэгдэлтэй зүйл байгааг олж тогтооё” гэж. Бид бас үгээ хэлж, үйл хэргээ оролцуулж, стандарт зөрчигдөөд байгаа дээр ажилламаар байна шүү дээ. Тэгэхэд эрх зүйн хувьд боломжгүй гээд хүлээж аваагүй.
-Эрүүл мэндийн салбарын стандартад үзлэг хийсэн гэж та түрүүн хэлсэн Энэ талаар?
-Стандарт гэдэг чинь цаг үеэ дагаад үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тухайн салбарын хүрээнд хэдэн стандарт байна, түүний хэд нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна, хэд нь одоогийн нөхцөлд тохирохгүй байна гээд стандартын үзлэгийг манайх жил бүр хийдэг. Сая эрүүл мэнд, барилгын салбар дээр үзсэн. Эрүүл мэндийн салбар дээр гэхэд 170 гаруй стандартыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болж байгаа юм. 50 гаруйг нь хүчингүй болгох ёстой байна.
-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Шинэ бүтэц гаргаж ирэх гэж байгаа тухай тусгасан тухай та ярилаа л даа. Энэ бүтэц бий болсноор стандартын хэрэгжилтийг шаардлага тавьж, хянаж ажиллах нь хэрхэн зохицуулагдсан байгаа бол?
-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл стандартын хэрэгжилтийн хэрхэн хянах асуудлыг нэг талдаа гаргаж байна. Чиг үүргийг хувьд салбарын стандартыг хэрхэн хангуулж байгаад л хяналт тавина гэсэн үг. Түүнээс биш иргэд, аж ахуйн нэгжид бол хяналт тавихгүй.
Манай зарим стандартыг амьдралд нийцэхгүй, хол тасарсан гэж ярихтай таарч л байлаа. Зарим нь хэт хуучирсан ч гэх.
Стандарт өөрөө хөгжлийн түүчээлэх хэрэгсэл. Бид байгаа орчин нөхцөлдөө тохируулсан стандарт гэж боловсруулж батлах юм бол хөгжлийг ярих шаардлагагүй. Стандарт батална гэдэг өрсөлдөөнийг бий болгож байгаа хэрэг. Өрсөлдөөнтэй газар хөгжил дэвшил гардаг, тийм үү. Аль байгууллага илүү чанга, өндөр стандартыг хангаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлнэ, тэр байгууллагад зэх зээлд гарах боломж илүү давуу болно гэсэн үг.
Нөгөө талаар шатахууны стандартыг евро зургаа болгох хэрэгтэй гэдэг. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар, хэрэглэж буй автомашины үнэ, түүгээр тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлэх учраас шатахууны стандартыг өндөрсгөхөд олон талын хүчин зүйл байгаа биз.
-Тохирлын гэрчилгээ олгох нь танай гол үйл ажиллагаа. Манай улсын стандартчилал олон улстай хэрхэн харилцаж, хамтардаг юм бэ. Иргэдэд хамгийн ихээр тулгардаг монгол сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцэж олон улсын хил гаалиар гарах асуудал дээр гацаатай хэвээр л байгаа...
-Манай газар Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн монгол хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэн ажиллах гол чиг үүрэгтэй. Тийм болохоор тохирлын үнэлгээ хийх, тохирлын гэрчилгээ олгох нь манай гол ажлын нэг хэсэг юм. Мах махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх асуудлаар сүүлийн үед хийж байгаа халал махны талаар товч мэдээлэл өгье. Стандарт, Хэмжил зүйн газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд 2023-2024 онд 180тн мах экспортлох, Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнуудад мах махан бүтээгдэхүүн экспортлох гарцыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Дээрх зорилтыг хангах хүрээнд бид Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам , НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”- д хамрагдан Тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцааг авч ажилласнаар Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төв (Gulf Cooperation Council Accreditation Center)-ийн шалгуур шаардлагыг бүрэн хангаснаар халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах итгэмжлэлийн 0089 тоот гэрчилгээг өнгөрсөн 2023 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаатай эзэмших болсон.
Энэхүү халал баталгаажуулалтын итгэмжлэлийн гэрчилгээ нь Булангийн орнуудад (Кувейт, Оман, Катар, Саудын араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн) хүлээн зөвшөөрөгддөг. Одоогийн байдлаар булангийн орнууд руу халал махан бүтээгдэхүүн гаргах стандартын тохирлын гэрчилгээг “Траст групп” ХХК, “Дорнод мах маркет” ХХК хоёр жилийн хугацаатай аваад байна. Энэ олон улсын зах зээлд монгол махыг гаргах нэг зам гарч байгаа юм.
-Би тантай зөвхөн стандартын тухай ярьчихлаа. Лабораториуд, тохирлын гэрчилгээ, итгэмжлэлийн байгууллага гээд бидэнд өргөн сэдэв уг нь олон байна?
-Манай байгууллагад 21 аймгийн лабораториуд, нийслэлийн гурван том лаборитори, стандартчилал хэмжил зүй гээд 700-аад хүний бүрэлдэхүүн, хамрах хүрээтэй ажиллаж байна л даа. Стандарт үнэхээр бидний амьдралд алхам тутам, амьсгал бүрт тулгамдаж байгаа гол асуудал гарцаагүй мөн.
Шадар сайдын удирдлага, санаачлага дор манай байгууллагад нэлээд өөрчлөлтүүд хийгдээд явж байгаа. Асуудал мэдээж байна, техник хэрэгсэл хуучирсан, төсөв хөрөнгө хүрэлцээгүй, цахимжилтын асуудал гээд... Магадгүй жилийн дараа бид эргээд уулзвал тантай ярих, сонирхуулах зүйл ихтэй, ахиц дэвшилтэй сууж байх болов уу.
-Би ярилцлага бүрдээ, зочноосоо шинэ үеийг, залуусыг салбартаа урих ямар ажил арга хэмжээ авдгийг сонирхдог л доо. Танай салбар мэргэжил сонгож буй залууст чиглэж, энэ салбартаа урьж ажиллуулах талаар ямар санаачлага ямар ажил хийж байна вэ?
-Их гоё асуулт байна. Энэ талаар энэ жил тун их сонинтой. Манайх Чех улсад мэргэжилтэн бэлтгүүлэх болсон. 100 хувь тэтгэлэгтэй. Мөн Солонгос, ОХУ гэх мэт улсад нарийн мэргэжилтэн сургах асуудлыг ярьж байгаа. Стандартчилал хэмжил зүйн нарийн мэргэжил эзэмшсэн хамгийн сүүлийн хүн энэ жил тэтгэвэрт гарлаа. Социализмын үед бэлтгэгдсэн боловсон хүчний сүүлч байхгүй юу. Нийгэм солигдсоны сайн муу олон үр дагаврын үр дүнд энэ чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэгдээгүй юм билээ. Үндсэндээ бид дотоодын их дээд сургуулиас төстэй мэргэжлтэй хүнийг аваад сурган ажиллаж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтээр 22 хүүхэд нарийн мэргэжлээр сурч байгаа.
Ярилцсан | Б.Бямбасүрэн