Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг гэж үг бий. Тэдгээр хүмүүс эрэлхэг зоригтой, хүйтэн халууныг үл тоон бусдын төлөө гэсэн буцалсан сэтгэлтэй байдаг. Тэгвэл энэ удаа тэдгээр хүмүүсийн нэг Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, Д.Ганзоригтой ярилцлаа.
-Таныг энэ жил Хятад улсын Харбин хотод болсон олон төрөлт гал унтраах тэмцээнд дасгалжуулагчаар ажилласан гэж сонслоо. Тус тэмцээний талаар ярьвал?
Тиймээ. 2024 оны Хятад улсын Харбин хотод болсон гал унтраах олон төрөлт тэмцээнд дасгалжуулагчаар ажилласан. Мөн 2023 онд Турк улсад зохиогдсон ДАШТ-д дасгалжуулагчаар ажиллаж байсан. Ер нь манай спорт орос школтой. Тус тэмцээнд 14-өөс 15 улс оролцсон. Өмнөд хөрш маань сүүлийн дөрөв дэх жилдээ тус тэмцээнд оролцож байгаа. Бусад орнууд тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд бүтэн жил бэлддэг бол манай орны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байгаад л олон улсын тэмцээнд оролцчихдог онцлогтой. Олон улсын тэмцээнд явахаасаа өмнө гал унтраах улс бүсийн аварга шалгаруулах олон улсын төрөлт тэмцээн зохион байгуулдаг. Тэрхүү тэмцээнд шалгарсан шилдгүүдээ олон улсын тэмцээнд оруулдаг.
-Үүнээс өмнө та олон улсын тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг гарган Олон Улсын Мастер болж байсан. Уг тэмцээн нь ямар онцлогтой вэ?
-Манай байгууллагын гал унтраах текникийн олон төрөлт тэмцээн гэж бий. Уг тэмцээн маань гал унтраах чиглэлээр бүх хошуу, хоолойг спортын төрөлд оруулчихсан байдгаараа онцлогтой. Харин би 2013-2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улсынхаа шинэ рекордыг тогтоосноор олон улсын хэмжээний мастер болсон.
-Та онцгой байдлын албандаа хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Анх энэ байгууллагад ажилд орохдоо гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Харин 2018 онд салаан захирагчийн туслах болсон. Үүний дараа жил буюу 2019 -2023 оны хооронд Дотоод Хэргийн Их сургуульд суралцаж офицер цол авсан. Одоо энэ байгуулагадаа салаан захирагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Мөн ажиллах хугацаандаа “Онц гал сөнөөгч” болсон. Олон жил хүний амь нас аварсан, онцгой гавьяа байгуулсан тохиолдолд энэ шагналыг олгодог.
-Уг мэргэжлийг сонгож, ажиллах болсон шалтгаан юунаас үүдэлтэй вэ?
-Энэ мэргэжлийг сонгох болсон нь хоёр ахтай маань холбоотой. Учир нь манайх ам бүл наймуулаа. Би дээрээ гурван ах, нэг эгчтэй. Мөн би өөрөө ихрийн өрөөсөн. Манай хоёр ах Дархан-Уул аймагт гал унтраах албанд ажилладаг байлаа. Нэг нь жолооч, нөгөө нь гал сөнөөгч хийдэг байсан. Бид нарын үед чинь ах нарыгаа дагаад л их явна. Заал олдвол сагс, волейвол тоглоно. Мөн спортоор ч их гүйдэг байлаа. Найз нөхөдтэйгээ ч гэсэн тэмцээн уралдаанд их оролцдог байсан. Энэ бүхэн маань ч бас нөлөөлсөн байх.
Харин энэ албандаа ажилд орох болсон нь найзтай минь холбоотой. Найз бид хоёр Дархан-Уул аймгаасаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиж цэргийн алба хаасан. Хамт цэрэгт явсан найз минь цэргээс ирээд гэр бүлтэй болж, хотод ирээд Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангид орсон. Би найзтайгаа уулзах гэж хотод ирсээр байгаад л энэ албатай амьдралаа холбосон доо. Анх ажилд орсоноосоо хойш өдийг хүртэл энэ албандаа ажиллаж байна даа. Миний хоёр дахь гэр шүү дээ.
-Таны мэргэжил хүний амь насыг гал түймрээс авардаг амаргүй алба. Зарим үед шантрах тохиолдол гардаг уу?
-Бид нарын мэргэжил дэлхийд ч хүнд мэргэжилд ордог. Учир нь эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэндийг авран хамгаалдаг. Хүн л юм чинь заримдаа хүнд хэцүү санагдах үе байлгүй л яахав. Гэхдээ хүмүүсээс талархал, урмын үг сонсох хамгийн сайхан байдаг даа. Хүмүүсийн баярласан сэтгэлийн илэрхийлэл бидэнд урам өгч байдаг.
Дарга удирдлагууд маань ч гэсэн тодорхой хэмжээний гал унтраах дуудлагандээр очоод, ажиллаад даарч хөрчихсөн байхад хувцас хунараа соль, миний хүүхдүүд даарсан уу, дажгүй юу? Юу болсон бэ? гээд халамж, анхаарал тавьдаг. Хүн гэдэг чинь хэн нэгний хэлсэн сайхан үгээр л урамшиж амьдардаг шүү дээ.
-Гал гарсан үед дуудлагаар очиход иргэд биднээс шалтгаалсан хүндрэлтэй зүйлс тохиолддог биз дээ...
-Зарим тохиолдолд байдаг л даа. Тухайлбал, гал гараад дуудлагаар очиход машин орох боломжгүй, машины зогсоол нь битүү байх нь бий. Тийм тохиолдолд бид машинаасаа буугаад л хаана гал гарч байна, тэр газар луу яаравчлан гүйдэг. Гэтэл чанга яригчаар “машинаа холдуул” гэдэг ч юм уу асуудал гарна. Бид дуудлагаар очихдоо тухайн гал гарсан газар маань хүн амьтан нь гайгүй байгаасай. Хүний амь нас битгий эрсдээсэй, эд хөрөнгөөрөө битгий хохироосой гэсэн бодлоор л ажилладаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Янз янзын юм бодогдоно шүү дээ.Тухайн үед очоод “яах, ийх” билээ гээд бодно.
Мөн иргэдийгээ онцгой байдлаас өгч буй заавар, зөвлөгөөг маш сайн дагаж, мөрдөж өөрсдийгөө хамгаалж байгаасай гэж хүсдэг. Одоо тухайлбал, шинэ жил болох гэж байна. Гацуур модныхоо гэрлийг удаан хугацаагаар асаадаг, разеткандаа олон залгуур зэрэг залгадаг, гэрлийн утсаа сайн шалгадагүй зэрэг асуудлууд их байдаг. Үүн дээр болгоомжтой байх хэрэгтэй.
-Танай албанд ихэвчлэн ямар залуучууд ажиллах хүсэлтэй байдаг вэ?
-Манай албанд өөртөө итгэлтэй залуучууд ирдэг. Учир нь манай алба чинь хүний амь нас авардаг алба. Хүний амь аварч хүчрээгүй тохиолдлыг ярихад ч бас хэцүү шүү дээ. Бид нар хамгийн хурдан, шуурхай арга хэмжээ авах гээд давхиад очиж байна. Гэтэл хүний амь нас эрсэдчихсэн үед тун хэцүү. Сэтгэл шимшрүүлж, айдас төрүүлдэг. Тиймээс хатуужилтай, тэсвэр тэвчээртэй, авхаалж самбаатай, сэтгэн бодох, аливаад хөрвөх чадвартай, хурдтай хүмүүс л ажиллах алба даа.
Тиймээс манайхан авхаалж самбаатай, аливаа юманд хөрвөх чадвар сайтай албан хаагчид байдаг. Сүүлд шинээр орж ирж байгаа албан хаагчдыг яг энэ практикаараа сургадаг. Үнэхээр гоё сэтгэлээсээ, зорилготой, зоригтой хүүхдүүд ирж байна. Зарим нь миний аав, миний өвөө ажилладаг байсан гэх зэргээр онцгой байдлын албанд татагдаж ирж байгаа нь сайхан л санагддаг. Хүн юм сурахад хугацаа шаардлагатай. Орж ирээд л шууд сурчихна гэж байхгүй. Тиймээс шинээр орж байгаа албан хаагчид халамжлан хүмүүжүүлэгч гээд хүн томилоод өгчихдөг.
-Тэгэхээр шинээр албанд элссэн залуучуудад туршлагатай хүн багшилна гэсэн үг үү?
-Энэ албанд сурсан мэдсэн бүх юмаа л залуу үедээ зааж өгнө. Гал түймрийн дуудлага дээр ч гэсэн дагуулаад явна. Жолооч ч гэсэн сурган хүмүүжүүлэгч, машин тэргийг яаж барихыг зааж байдаг. Ёстой л багшийн эрдэм шавьд гэдэг шиг...
Онцгой байдлын алба маань хуучин бол зургаан сар дагалдан, практик хийгээд энгийнээр цалингаа аваад явдаг байсан. Харин сүүлд манай онцгой байдлын сургууль маань “Онцгой байдлын алба хаагчдыг мэргэшүүлэх ахлагчийн курс”-тэй болсон.
-Та ажлаасаа гадна өөрийгөө сорьж үзмээр санагддаг спортын төрөл байдаг уу?
-Найзтайгаа ноднин бартаат замын уралдаанд оролцсон. Спортод ойрхон хүн учраас надад их сонирхолтой санагдсан. Тус тэмцээнд орохдоо найзтайгаа хоёр удаа л тест хийж үзээд оролцсон. Тэмцээн Налайхын элсэн тасархайд болж хоёр өдөр үргэлжилсэн Бид хоёр дэд байранд орсон. Ер нь спортод нэлээдгүй татагддаг учраас янз бүрийн л тэмцээн сонирхдог доо.
-Ирэх онд танай алба 100 жилтэйгээ золгох гэж байна шүү дээ.
-Тийм шүү. Үе үеийн албан хаагчиддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Энэ байгууллагынхаа эд эс нь болж яваадаа баяртай байдаг. Бид чинь 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэр бүрт ойлгож, хүндэлдэг ар гэрийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Ар гэр маань бат бэх, амгалан байдаг болохоор ажил үүргээ чин шударга, сэтгэл тайван гүйцэтгэдэг дээ.