Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёл үндэсний телевизээр хандсан мэдэгдэлдээ дайны бэлэн байдал тогтоож байгаагаа зарлалаа. Учир нь тус улсын гол сөрөг хүчин болох Ардчилсан Намыг Умард Солонгосыг дэмжигч, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэмээн буруутгалаа.
Юн Ерөнхийлөгч ямар нэгэн тодорхой арга хэмжээ авах талаар дурдаагүй ч сөрөг хүчин парламент дахь олонхын суудлаа ашиглан дээд прокуроруудыг огцруулах болон Засгийн газрын төсвийн саналыг эсэргүүцэх алхмуудыг хийж буйг онцолсон байна.
Юн дайны байдал тогтоох нь эдгээр “Ичгүүргүй Умард Солонгосыг дэмжигч, төрийн эсрэг хүчин”-г устгах шаардлагатай арга хэмжээ болохыг мэдэгдэж, энэ алхмыг ард түмний эрх чөлөө, аюулгүй байдлыг хангаж, улсын тогтвортой байдлыг сахин хамгаалах, хойч үедээ бат бөх үндэстэн үлдээхэд зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн байна.
Парламентын дарга парламентын байранд очиж хуралдаан зохион байгуулахыг оролдож байгаа ч орон нутгийн YTN телевизийн мэдээлснээр парламентын ордны хаалга хаалттай, хууль тогтоогчид дотогш нэвтэрч чадахгүй байгаа аж.
Yonhap мэдээллийн агентлагийн мэдэгдэж буйгаар Юн Ерөнхийлөгч Ардчилсан Намыг улс орныг “Мансууруулах бодисын орон” болгож, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн амьжиргаанд хохирол учруулж буй эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгасан юм. Мөн Ардчилсан Нам либерал ардчилсан тогтолцоог унагаахыг оролдож байна хэмээн мэдэгдэж, “Үндэсний Ассамблей либерал ардчиллыг үгүйсгэж буй мангас болж, улс орон нурж сүйрэх ирмэг дээр ирлээ” хэмээн анхааруулжээ.
Ийнхүү Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн дайны байдал тогтоох шийдвэр нь тус улсын засаглал, ардчилалд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Тэрээр 2022 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш сөрөг хүчний хяналттай парламентын үйл ажиллагаатай тулгарч, өөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан юм.
Сөрөг хүчин прокурорын дарга нарыг огцруулах санал гаргаж, улсын төсвийг дэмжээгүйтэй холбоотой гаргасан уг шийдвэрийг сөрөг хүчний зүгээс мөн шүүмжилж “Ардчиллын зарчмыг зөрчсөн” гэж үзэж байна. Одоогоор тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.