Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.
Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс энэ өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа юм.
Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул энэхүү сургалтын танхимыг байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсныг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам хэлж байлаа.
Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Мэдээлэл, сургалтын танхим ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч хүртэл сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтойг онцлоод “Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий байдаг. Тийм учраас анги хамт олноосоо заавал тусгаарлагдах шаардлагатай болдог. Тиймээс бид эмчлүүлж буй хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлж байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулсан. Энэ нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах нэг арга юм” гэж байв.