Сэтгүүл гаргана гэдэг олон хүний хөдөлмөр шингэсэн нүсэр ажил. Ярилцах зочноо сонгох, түүнд тавих эхний асуултаа бодон алхахаас өгсүүлээд сэтгүүлч хүн дотроо бүгдийг төлөвлөж, заримдаа санамсаргүйгээр эргэсэн яриаг хэрхэн цааш хөтлөхөө таамаглах зэрэг нь хүртэл агшны дотор сэтгэл долгилуулж, тэрүүхэн үеийн тэвдэлт хожмын гэгээтэй дурсамжийг авчрах нь бий. Тэгэхээр энэ ажил бидний хувьд басхүү жаргал мөн.

Шинэ оны анхны дугаартаа бид уншигч, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн “Тан руу нүүж явна” киноны зохиолч, Монгол Улсын Төрийн шагналт Санжаажавын Оюуныг онцлов. Энэ онд уг киноны дөчин жилийн ой тохиож байгаагаас гадна монголчуудын уламжлалт зан заншлыг хадгалахын сацуу хүн хүнээ гэх сэтгэлийн нандин холбоог үндэстний өвөрмөц аргаар нээн харуулсан нь өдгөө ч монголчуудын нэхэн санаж, үр хүүхэддээ өвлүүлэх учиртай чухал үзэл санаа билээ. Ийм бүтээлийн эзэнтэй ярилцана гэдэг үндэстнийхээ бүрдэл чанарыг танина гэсэн үг.

Хувь хүний ажил, түүндээ зориулсан он жилүүд өөрөө түүх байдаг. Тийм түүхийн эзэн болсон МУ-ын гавьяат хуульч, хатагтай Л.Өлзийсайхан энэ дугаарын онцлох зочдын нэг. Улс өөрийн гэсэн хууль, дүрэмтэй, түүнийгээ иргэд нь мөрддөг байж л хүнлэг нийгэм бий болох учиртай. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? гэдэг асуултын хариулт эл ярилцлагад бий.

Мөн эдийн засаг судлаач Н.Энхбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын ярилцлагаас цаг үеийн байдал, алдаа оноо, зоригтой шийдэл, эерэг үр дүнг бүтээх гаргалгаа чухам юу болохыг мэдэж, дүгнэх боломжтой. Үүнээс гадна өмнөх дугаарт нийтлэгдсэн судлаач Г.Ням-Очирын ярилцлагын үргэлжлэлээс X дугаар богдын талаарх хамгийн зөв, бодитой санал бодлыг сонсож өөрсдийн хувьд цаашид ухан танихыг хүсье.

Өдгөө нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал бол сэтгэлзүйн эрүүл мэнд. Өөрийн ухамсар, сэтгэлзүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарвал зохистойг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн сэтгэл зүйч Б.Дөлгөөнтэй хийсэн ярилцлагаас уншаарай. Басхүү энэ оны Парисын олимпод эх орныхоо далбааг мандуулах хүсэлтэй чөлөөт бөхийн тамирчин Э.Дэлгэрмаагийн ярилцлага алдааг ялалтаар нөхөх гэсэн тамирчны шийдэмгий зоримог чанартай таныг учруулна.

Дэлхий дахинд болж буй үйл явдал, хүн төрөлхтний оюунт сэтгэлгээний биелэл болсон сонгодог урлагийн оргилууд, эх орноо хайрлах сэтгэл ямар үед хамгийн бодитойгоор мэдрэгддэг болох зэрэг өөр бусад тойм, нийтлэлүүдийг энэ удаагийн дугаарт эмхлэн бийрлэв. Таалан болгооно уу.

Ерөнхий редактор Б.Алтанхуяг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав