|Спойлер агуулагдав!!!|
Улс орон бүхэн өөрийн гэсэн үндэстний өвөрмөц онцлог, ахуйн баялаг соёлоор ялгарах нь бий. Хувцас хэрэгсэл, хоол унд, амьдралын хэв маяг, сэтгэлгээний ялгамж шинжүүд гээд цааш хөврөнө. Харин дэлхийн хаана ч үгүй амьдралын соёлын хэв маяг манайд бий. Энэ нь “нүүдэл” билээ. Монголчууд байгалийн эрс тэрс уур амьсгалтай дөрвөн цагийн эргэлтэд мал аж ахуй эрхлэн аж төрдөг соёлоос үүдэн нүүдлийн баялаг соёл, өв уламжлалтай ард түмэн. Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нарны садан” хэмээх туульсийн сэдэвт уран сайхны кино Бүгээн сарлагтынхан буюу нэгэн овгийн нүүдэл хийж буй дүр зургаар эхэлдэг.
UBS телевизийн кино төслийн багын хамт олон өмнө нь монгол үндэстний нэгэн өвөрмөц хээ, соёлыг тээгч цаатан түмний ахуй амьдралыг харуулсан “Содура”, говийнхоны дуу хуур, аялгуу эгшгийн соёл, тэр дундаа морин хуурын зохиомол домогт тулгуурласан “Говийн домог” зэрэг киног үзэгчдэд хүргэсэн бөгөөд энэ удаад сарлаг малын үр шимийг хүртэн хангай нутагт зэрэгцэн аж төрөх хоёр овог аймгийн дундах тэмцлийг өгүүлсэн “Нарны садан” киног үзэгчдэд хүргэлээ.
Уг бүтээлийг “Говийн домог” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан О.Эрдэнэ бичиж, найруулжээ. Мөн тэрээр тус бүтээлээ "Туульсийн сэдэвт кино" хэмээн тодорхойлсон юм.
Кино бүтээх үйл явц нь зөвхөн найруулагчийн ажил байдаггүй учраас олон хүнтэй нүсэр баг тус төслийн ард ажилласан нь киног үзсэн хэн бүхэнд ойлгомжтой харагдана. Гэтэл урлаг талаасаа аваад үзвэл энэ бүхэн сонин биш. Тус бүтээл үнэхээр сайн кино болж чадав уу гэх асуултаас гадна зохиол, диалог, хөгжим, зураглал, найруулга, ур хийц, хувцас, дүрүүдийн боловсруулалт, жүжиглэлт зэрэг асуудлууд л энд яригдана. Тэгээд ч урлаг туйлийн харгис мөн чанартай учраас гүйцэтгэл нь бүрэн болсон бүтээл хамгийн эерэг дүнг өөртөө тавиулдаг билээ.
ТОМ СЭДЭВ БА ОЛОЛТ
Киноны агуулга нь эрт цагт өрнөх үйл явдалд тулгуурлагджээ. Өргөн дэлгэр хангайг түшиглэн сарлагаа маллаж аж төрөн суудаг хоёр овог байв. Нэг нь Бүгээн сарлагтынхан, нөгөөг нь Хар сарлагтынхан хэмээнэ. Тэд хаяа хатган айлсдаггүй бөгөөд хоорондоо эв түнжин муутай. Гэвч жилдээ нэг удаа нэгдэж найр наадам хийх буюу сүргийн манлай бухаа мөргөлдүүлж аль ялсан нь түрүүлдэг заншилтай. Мөн энэ үеэр Хар сарлагтынхны ахлаач Бух-Юлдэн хоёр овгийг нэгтгэн, тэргүүнээ сонгож эвсэн найрсахаар болдог. Гэтэл үйл явдал буруугаар эргэснээс болж тэд өстөн дайснууд болсноор барахгүй Бүгээн сарлагтынхны ахлаач Дөнжинцоохор энэ удаагийн наадмын болоод эрт цагийн үйлийг санаж өш хонзон зангидна.
Ерөөс урлаг, уран зохиол дахь хамгийн том сэдвүүдийн нэг нь энэ. Тэр тусмаа урлагт хамгийн том орон зайг өдгөө ч эзэлсээр буй эртний Грекийн жүжгүүдийн ихэнх нь өш хонзогийн сэдэвтэй байдаг. “Нарны садан” киноны зохиолын зөрчил, өрнөл, тайлал бүрт өш хонзонгийн тухай өгүүлэхээс гадна хэрхэн цайруулж буйг үзэгчдэд харуулна. Гол нь тэрхүү өш хонзонгийн тайлал нь эх үрийн болоод зүүд совингийн чанартай байсан нь киноны гол ололт байв. Түүнээс бус уучлах, энэрэх сэтгэлийг давамгайлуулчихсан бол нөгөө л нэг үзэгчдийг уяраах гэж ядсан хямдхан үйлдвэрлэлээс хэтрэхгүй байсан биз.
Үүнтэй уялдах киноны дунд хэсгийн зөрчилд гарах нэгэн үйл явдал бий. Тэр нь эх үрийн тухай өгүүлэмж. Бүгээн сарлагтынхны овгийн ахлаачийн хүү Гунан амь эрсэдсэнээс үүдэн гэргий нь болох Зөнжиг цочролд орж, сэтгэцийн хямралд өртдөг. Тэрээр дөнгөж төрсөн хүүгээ үл тооно. Энэ үед Хар сарлагтынхны ахлаач Бух-Юлдэн хүүг нь туугдан ирсэн олон сарлагны хөлд тавих эрсдэлт үйлийг хийх бөгөөд хүүгийнхээ уйлах дууг сонссон эх Зөнжиг нь гүйн очисноор оюун санаа нь эргэн ирнэ. Кинонд уг алхмыг эрдэстэй үйл хэмээн өгүүлэх ч ер нь монголчуудын хууч ярианд адуу мал, үхэр сүрэг уйлж буй жаахан хүүхдийг гишгэлгүй өнгөрдөг хэмээдэг. Харин Зөнжигийн ухаан самуурсан үйлийн тайлал туульсийн зохиолд байж болох тайлалтай ч тэр бүхнийг нурших аргагүй тул үгээ эвхэх нь дээр. Мөн Бух-Юлдэнгийн уг үйлдлийн талаар илүү дэлгэрүүлэх болвол үйл явдлыг задалчих тул энэ хүрээд орхих нь зөв болов уу.
Хамгийн гол нь “Нарны садан” бол үзэгчдийн дунд үүсээд буй сарлаг үхрийн тухай ойлголтыг хүртээх бүтээл биш. Энэ бол зураглаач, зураачийн сүрлэг жавхлантай өрөлтөөр бүтээгдсэн хувь хүний хоорондын зөрчил, өс хонзонгийн сэдэвтэй кино.
ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН НИЙЛЭГЖИЛТ
Түүхэн болоод туульсийн кино нь бусад төрөл зүйлүүдтэй хосолсон байж болдог. Дээр нь домоглог болон баатарлаг шинжтэй дүрүүд дээр тулгуурлана. Ингээд л араас нь киноны асар өндөр төсөв, олон төрлийн хувцас хэрэгслээс гадна зураг авалтын томоохон талбай, нүсэр хөгжмийн чимэглэлүүд гарч ирнэ. Ерөнхийдөө кино шүүмжлэгч Тим Дөркс тус жанрын бүтээлийн хөгжүүлэлтийг дээрх нэршилд хамаатуулан авч үзжээ.
Мэдээж энэ бүхэн “Нарны садан” кинонд бий. Тэр нь хувцас хэрэгсэл дээр бүрч нарийн тодорхой харагдана. Мөн хөгжмийн найруулга нь дүрүүдийн үйл хөдлөл, сэтгэл зүйн дотоод зөрчил, гол дүрүүдийн хийж буй аялал дээр тун наалдацтай сүрлэг болж өгдөг. Басхүү зарим хэсэгт уянгын болоод сэтгэл зүйн драм, адал явдлын төрөл зүйлүүд хэсэг бусгаар нийлэн айлсаж туульсийн төрлийн уг бүтээлийн үйл явдлыг чимэглэж байлаа.
Зөнжиг эмэгтэйн цорчидосноос болж үүдэх эмгэг нь сэтгэл зүйн драм болно. Харин Гиймэлийн мөсөн дээр тоглож ахуйд цөмөрч унахад Царам аврахаас гадна эрт цагийн овог аймаг дахь тулааны дурсамжууд Царамын чонотой тэмцэлдэх хэсгүүд нь адал явдалт төрлийн киног санагдуулна. Дээр нь хосуудын хайр сэтгэлийн бяцхан өгүүлэмж, төгсгөлд гарах хоёр овгийн эвлэрэл нь уянгын реалист хэмнэлийг кинонд бүрдүүлж өгчээ.
ТЕАТРТ Л ҮЛДЭХ ЁСТОЙ
Тус кинонд театрт л үлдэх ёстой монологи хэд хэдэн удаа гарна. Гол жишээ нь Бүгээн сарлагтынхны ахлаач Дөнжинцоохор. Тус эмэгтэйн дүрийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд бүтээжээ. Түүний өөрөө өөртэйгөө ярилцах монолог уг киноны гол өрнөлүүд дээр явагдана. Мөн туг сүлд болсон өвөг дээдсийн сүнстэйгээ холбогдох шүтээн газарт болж буй Дөнжинцоохор, түүний охин Гиймэл нарын дотоод мөн чанар, хувь хүнийг харуулсан эсрэгцлийн монолог ч бий. Хэт олон монолог нэг дор чихцэлдэснээс болж хэт нуршуу үйл явдал үргэлжилж, киноны үндсэн харилцан ярианы хөгжүүлэлт алга болж байна. Энэ бол “Нарны садан” киног бүтээгчдийн хувьд анзаарч харах ёстой байсан хамгийн том алдаа юм.
Нөгөөтэйгүүр охин Гиймэлээ хайж очдог хэсэгт мөн Хар сарлагтынхны ахлаач Бух-Юлдэнгийн монолог ч хөврөнө. Гэтэл хэлэлцээр, маргаан хэлэлцүүлгийг зөвхөн харилцан ярианы өгүүлэмжээр л урлагт бий болгодог. Түүнээс уран сайхны яриаг бий болгох монолог энд ямар ч үүрэггүй.
Магадгүй найруулагчид нь Н.Сувдад театртай илүү ойр дөхөм дүрийн тоглолтыг бий болгох, наалдацтай жүжиглэлтийг үзэгчдэд харуулах санаа төрсөн байж мэднэ. Гэвч хоёр ахлаачийн эсрэг тэсрэг үзэл бодлыг илэрхийлэх харилцан ярианы өгүүлэмж хамгийн чухлыг л ор тас мартчихжээ. Учир нь ийм монолог хэлбэрийн текстэнд аливаа дүр зөвхөн дотоодтойгоо маргаж болохоос бус өөр эсэргүүцэл байдаггүй.
Тэгээд ч Дөнжинцоохор болон түүний охин Гиймэл нар тэс өөр зан авир, дотоод мөн чанартайг ихэс дээдсийн газарт очсон хэсэгт уг нь тод томруун харуулж дөнгөсөн. Гэтэл бусад хэсгүүд нь театрт л үлдэх ёстой монолог олон гарснаас болж хоорондоо эвцэлдэж өгөөгүйгээр барахгүй ойлгоход төвөгтэй эрээвэр хураавар үйл явдлын цуглуулга шиг шугамыг бий болгочихсон билээ.
Ерөөс кино урлагт монолог хамгийн буруу сонголт. Учир нь кино дүрсний урлаг гэх нэршилдээ илүүтэй захирагддаг. Тиймээс дүрүүдийн дотоод мөн чанарыг өөртэйгөө зөрчилдөх сунжирсан урт текстээр бус дүрс болоод үйл явдлаар нь тодотгож өгөх нь харин тун зөв сонголт.
ЭРТДЭЖ ЗАДАЛСАН ДҮР
Ер нь аливаа уран бүтээлд эсрэг дүрийг эрт задалчих юм уу, нууж орхихоор л киноны хэмнэл алдагдаж, хурц биш болдог талтай. Харин “Нарны садан” бол уг нь үзэгчдийг үл уйдаах үйл явдлын өгүүлэмж, эхнээсээ л хурц зөрчлүүдийг дэлгэж тавьсан бүтээл.
Кинонд Гиймэлийн дүрийг үйл явдал хараахан хүрэх цэгтээ очоогүй байхад задалчихдаг. Ахыг нь хөнөөсөн хэргээр үхэх ял авсан ч амь мултран өөрийн чадлаар зугтсаар уулын хүйтэн агуйд үхлүүт хэвтсэн Царамтай учирсан хэсгээс л Гиймэлийн дүр задарчихна. Мөн киноны эхний хэсгийн үйл явдал дээр л эсрэг дүр үгүй болчихсон учраас хурц үйл явлууд нь хиймэл талдаа бүтээгдчихсэн. Тэгээд л Гиймэл, Царамтай уулздаг хэсгээс л амиа алдсан ах нь Хар сарлагтынхны хайнаг бухын эврийг өөрөө шорлож тэмцлийг эхлүүлсэн нь үйл явдлын тайлал жинхнээсээ болохоос өмнө үзэгчдэд тааварлагдчихаж байна.
Иймэрхүү алдаа өмнө нь 2018 онд үзэгчдийн хүртээл болсон “Маш нууц 2” кинонд бий. Тус бүтээлд тагнуулч Насангийн дүрийг эртдэж задлахаас гадна амьтнаар төлөөлүүлэн тайлал хийсэн хэтэрхий гэнэн болгочихсоноос гадна цаашид өрнө нууц үйл явлууд нь мөн ч хиймэл талдаа өрнөчихдөг.
Тиймээс л гол дүрийг нуух, өрнөл туйлдаа хүрсэн хэсэгт л эсрэг болоод зохиолын зангилаа болсон дүрийг задлах нь туйлийн зөв алхам болдог учиртай. Харин Гунан анх ирэхдээ хавтагаа нууж, сүүлд дүү Гиймэл нь дотроос нь билүү олсноор учрыг тайлах зэрэг нь чухам л зохиолын авууштай холбоос болж өгснийг дурдууштай.
MAKING MOVIE – Д ҮЛДЭХ ТӨГСГӨЛ
Киноны төгсгөлд өш хонзонг өшөө авалтаар бус уучлах сэтгэлээр л тайлж болохыг үзүүлжээ. Тайлалд хүрэх явцыг дүүгүүрийн чулуу исгэрүүлэх болоод түүнд бичсэн хадны сүг зураг маягын нууц захидлыг хэрхэн тайлж уншиснаар үзүүлж байгаа нь сонирхолтой шийдлийн нэг байв. Харин эцсийн төгсгөлд нь кино хийх явцыг тусгайлан бичиж авч үлддэг шиг бичлэгийн цугцуулга хийчихснийг ёстой ойлгох юм биш. Тиймдээ ч киноны төгсгөлөөс үзэгчдэд хүлээх зүйл байсангүйгээс гадна ердөө л нэвтрүүлгийн зураг авалтын дүрсийг л хооронд нь эвлүүлчихсэн мэт сэтгэгдэлтэй хоцров.
Дээр нь хар багадаа аавыгаа алдаж, эхдээ гологдох нь шахсан Нарны-Саданг нэгэн хүү дуудаж дагуулан гүйдэг. Магад кино ч мөн сарлаг үхрийн зураглалаас илүүтэй энэ л сцениар төгсөж болох байлаа.
Ямартаа ч UBS телевизийн хамт олон монголын уламжлалт ахуй, үндэстэн бүрийн өвөрмөц зан заншил, ахуйг харуулахаас гадна кино урлагаар дамжуулан нийгэмд сурталчлах үүрэгтээ эзэн болж чаджээ. Харин “Содура”-гаас бусад нь кино болж чадсан уу гэж асуувал хариулт нь лав “Үгүй”.