Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ), “Nomadia pictures” хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-нд нийслэл хотноо болно.

Кино урлагийг шимтэн сонирхогч, дурлаг хэн бүхний жил бүр хүсэн хүсээдэг тул наадамд монголын болон олон улсын нийт 22 уран бүтээлийг толилуулах юм. Энэ жилийн хувьд олон улсын 10, онцлох орон болох Швейцар улсын уран сайхны болоод баримтат гурван бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. Мөн үүнээс гадна дотоодын дөрөв агаад “Үзэхийн хязгаар” хэсэгт “Аман хуур” киног толилуулах юм. Тус бүтээлүүдийг “Тэнгис”, “Өргөө 3”, “Гэгээнтэн” гэсэн гурван том театраар дамжуулан кино сонирхогчид хүлээн авах юм.

Үүнээс гадна онцлох нэг зүйл бол энэ оноос эхлэн “Монгол киноны уралдаан”-ыг зохион байгуулж байна. Тус уралдааны “Шилдэг кино” төрөлд түрүүлсэн бүтээл нь АНУ-ын Кино академийн буюу Оскарын кино наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшихэд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх эрх авах юм.

Ингээд тус наадамд оролцох монгол кинонуудын тухай уг нийтлэлдээ хүргэж байна.

СЭР СЭР САЛХИ

Өөрийгөө, өөрийг нь авч үлдэх тэр л үл мэдэгдэм чанарыг эрэлхийлж яваа залуу зайрангийн түүхийг өгүүлэх найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” хэмээх анхны бүрэн хэмжээний уг киногоор “Улаанбаатар олон улсын кино наадам - 2023” үүд хаалгаа нээнэ.

Уг кино Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгарч, улмаар гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг эрэгтэй дүр” шагналыг хүртжээ. Тэгвэл найруулагч П.Лхагвадулам нь өнгөрсөн онд “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо дээр өгүүлсөн Венецийн кино наадмаас “Богино хэмжээний кино төрөл”-д “Алтан арслан” шагналыг хүртсэн бахдам амжилт үзүүлж байв. Улмаар Английн кино урлагийн нэр хүндтэй “Screendaily” сэтгүүлээс 2023 онд хамгийн их хүлээлт үүсгээд буй дэлхийн 18 залуу найруулагчийн нэгээр түүнийг нэрлэсэн билээ.

АЛДАГДСАН ӨДРҮҮД

Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” киноноос хүүхдийн гэгээн ертөнц, дотоод хүсэл тэмүүлэл, өөрийгөө эрэлхийлэх сэтгэлийн дотоод чанарыг ч олж харна. Үүнээс гадна гэр бүлийн нандин харилцааны үнэ цэнийг зохиолын үйл явдлын эцэст нээн үзүүлэх билээ.

Орчин үед хүүхдийн сэдэвтэй, тэдний хүсэл тэмүүллийн хайртай амьтантай нь нэгтгэн харуулсан, ерөөс мөрөөдлийнхөө зүгт хэрхэн нисэх тухай асуултын хариуг дүрийн дотоодоос нэхсэн ийм кино олон хийгдээгүй болов уу гэж санана. Магадгүй постерын зурагнаас харахад гол дүр нь нохойд хайртай хүү харагдаж магадгүй. Гэвч түүнээс илүүтэй ямар асуудал уг кинонд хөндөгдөхөд илүү анхаарал хандуулсан нь зөв байх.

БҮҮВЭЙ

“Promix sound” продакшн, “Red point” медиа, “Promix” фильм хамтын бүтээл “Бүүвэй” уран сайхны киноны найруулагчаар Б.Батдэлгэр ажиллажээ. Хамгийн гол нь уг бүтээл нэг хүний кино гэдгээрээ онцлогтой. Учир нь ганцхан гол дүр л үзэгчдийг дэлгэцийн өмнө уяна гэсэн үг. Мөнхүү тус уран бүтээлч болох жүжигчин Л.Жижжалам анхаарал татна. Тэрбээр өмнө нь “Сорил”, “Баавгай болохсон”, “Халиун морь” (баримтат), “Хохирогч” (ОА) зэрэг олон сайн кинонд дүр бүтээсэн чадварлаг уран бүтээлч юм.

Үйл явдлын хувьд хүйт даасан өвлийн жихүүн мэдрэмжийг үзэгч бүрд төрүүлэх болов уу. Нөхрөө алдаад удаагүй бие давхар бүсгүй аж төрөх агаад газар хөдлөлтийн улмаас гэр нь нурж, эзгүй хээр ганц биеэр амьдарч асан түүнд туслах хүн байдаггүй. Хэвлий дэх үрийнхээ төлөөх бүсгүйн тэмцэл хэрхэхийг киноноос үзсэн нь илүү болохыг уншигчид андахгүй биз ээ.

ШАР ГЭГЭЭ

Дараагийн кино бол мөн найруулагч Б.Батдэлгэрийн ээлжит бүтээл болох “Шар гэгээ”. Тус киноны зохиолыг МУСГЗ Шагдарын Гүрбазар бичжээ. Тэрээр тус киноныхоо тухайд “Хүн уяралыг, уучлал эсвээс ертөнцийн мөн чанарыг хаанаас олдог юм бэ? Хариулт нь өөрөөсөө юу, өрөөлөөс үү? Ямар нэгэн зовлонг туулж байж олох уу гэдэг ухаанд бий. Үүний тухай бүтээл” хэмээн дүгнэж байв.

Мөн тэнгэр газрын заагаар өдөр, шөнийн завсарт татах шар гэгээнээс сэдэвлэж киноны нэрийг өгснөөс гадна зохиол өрнөх шижмийг ч тус агуулгад уяж бөхөлжээ. Эл кино албан ёсны нээлтээ “Улаанбаатар олон улсын кино наадам”-аар нээж буй тул үйл явдал хэрхэн өрнөхийг театрт тухалж харах л үлдлээ.

АМАР ХУУР (“Үзэхийн хязгаар” хэсэг)

Гурван жилийн өмнө уг хэсэгт найруулагч Р.Дорждаламын “Говийн зэрэглээ” киног хүргэж байсан билээ. Ийнхүү XX дугаар зууны монголын сор бүтээлүүдээс дээжлэн хүргэдэг “Үзэхийн хязгаар” хэсэгт энэ жил алдарт найруулагч Б.Жамсрангийн “Амар хуур” киног үзүүлэхээр болжээ. 

Нийслэл хотод өдөр ирэх тусам шинэ содон барилга нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан цаг үеийг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд иргэншлийн шинэ соёл заншил бүрэлдэн тогтох явцад тэдгээрийн хооронд хүчтэй зөрчил явагдаж байдгийг харуулна. Үүнээс гадна залуусын хайр сэтгэлийн асуудлыг ч киноны нэгэн гол шугам болгосон байдаг билээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав