Зохиолч Д.Энхболдын “Шар хөвийн зэрэглээ” гэж сайхан өгүүллэг бий. Чухамдаа бол зэлүүд говийн зэрэглээн дунд хэдэн тэмээгээ хариулж, сургууль өнжүүлсэн хүү Тулгатайгаа суух Гажидмаа хүүхэн, машин нь саатсанаар тэднийд хоног төөрүүлэх болсон жолооч Шархүү нарын хоорондын харилцааны тухай өгүүлнэ. Гэхдээ ерөөс тэнд зохиолч хэтэрхий хурцаар хандаж ургуулсан дүр үгүй л дээ. Хүний л тухай өгүүлнэ. Хүн хүндээ дасах, хүн хүнээрээ дутах... Сэтгэлд торж зангирсан зүйлийг чухам ямар үгээр оноож нэрлэвэл зохилтой билээ.

“Эргэж ирэхгүй намар” кино дээрх өгүүллэгийг эрхгүй санагалзуулсан юм. Харин уг кино Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээж, жүжигчин Б.Амарсайхан найруулжээ. Мэдээж дээр дурдсан өгүүллэгтэй цаанаа тээж буй утга санааны хувьд адилхан ч өгүүлэмж, дүрийн хөгжүүлэлт зэрэг нь огт өөр. Ямартаа ч тус кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орох эрхээ авсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

ЗОХИОЛ БА ДЭЛГЭЦ

Ямар ч сайн зохиол байлаа гээд кино бол эцэстээ найруулагчийн л ажил байдаг. Тэр тусмаа “Эргэж ирэхгүй намар” шиг харилцан ярианы өгүүлэмж цөөн, намуухан хэмнэлтэй бүтээл найруулагч болоод зураглаачдын ур, жүжигчний чадварыг илүүтэй нэхдэг. Энэ бол адал явдал, дүрүүдийн ондоошил, усан уянгын зураггүй ч нөгөө талаас цэвэр драм төрлийн бүтээл. Эх авсан зохиолын хувьд түргэн маягийн өрнөлтэй бол дэлгэцэнд буусан нь эсрэгээрээ юм. Өгүүллэгийг кино зохиол болгон хөгжүүлэхдээ эхлэл хэсгийг нэмэн баяжуулснаас гадна төгсгөлийн өгүүлэмжийг бүхэлд нь хассан нь нэн оновчтой шийдэл байлаа.

Өгүүллэгт бол авга ахдаа хадлан хадаж өгөхөөр амласнаа биелүүлж, хөдөө буйдад зорин ирээд буй залуугийн дүр гарна. Харин кинонд бол төрсөн үр нь бус ч гэлээ өсгөсөн аавынхаа бие муудсаныг сонсоод уруулаасаа угзруулж суухдаа сүүлийн үгийг нь сонсож, хөлийг нь хучих хүү дутуу орхисон ажлыг нь гүйцээхээр сэтгэл шулуудаж байна. Магадгүй эх зохиолд гарах нэгэн ёсны амлалт гэмээр... Гэхдээ үүнийг кинонд элдэв олон үгсээр нуршиж, үзэгчийг чилээн явгалалгүйгээр үзүүлжээ.

Өсгөсөн аавынх нь үхэл ч тэр ихэнх монгол кинонд гардаг шиг нус нулимс холилдож, эхэр татах дуунаар дүрслэгдсэнгүй. Мөнөөх л буцаж яваа улирал, эргэж ирэхгүй намрын уйтан өдрүүд шигээр нутгийн цөөнх иргэд гэрийн баруун талаар чимээгүйхэн дүнсийж суугаад аяга цай оочилж суух хийгээд Түнтүүлэй хүү тавагнаас чихэр авах төдийхөн чимээ гаргахад тэнгэртээ буцсан хүнийг цочоож орхив уу гэлтэй эмээ нь сандран нударч харагдана.

Киноны эхлэл хэсэгт одод түгсэн шөнийн тэнгэр дор эмээл дээрээ зогссон мортой хүү уурганы үзүүрийн залгаанд уясан утсаар хотод байх Тулгаад аавынх нь бие муудсан тухай хэл чимээ хүргэдэг бол өвгөн ч мөн тэр л олон одод тэнгэрт чуулсан шөнөөр буцсан нь ирэх одохын жам ёсыг дэлгэцийн хэлээр хүүрнэх шиг мэдрэмж төрүүлнэ.

ҮЛ ГЭЭХ УВИДАС

Уламжлалд зохистой хандахгүй бол болохгүй. Бидний мэддэг, туулаад ирсэн хэдий ч бүдгэрсээр буй ахуйн дүр зургууд, элдэв дүрс чимэглэлээр дүүрэн гял цал бүтээлүүд хэт олноор үйлдвэрлэгдсэн учраас уламжлалт сэдэв, ахуйгаа уудалсан бүтээлүүд ихэнхдээ үзэгчдийн урмыг хугалсаар ирсэн. Харин сүүлийн үед “Шүүдэр дундуур”, “Хөхөө”, “Эмэгтэй” зэрэг энэ төрөлд чанартай цөөн бүтээл төржээ. Тэдний нэг нь “Эргэж ирэхгүй намар”. Гол нь сэдэв хийгээд өгүүлэмжийн дотоод санааг үзэгчдэд ойлгомжтой, үйл явдалд нь яв цав нийцсэн диалогоор илэрхийлсэн байна. Ер нь бол урт “пауз” бүхий хэсгийг театрт харуулахад нэн төвөгтэй ч кинонд зөв газар нь бүтээж чадвал илүү амьд шинж чанартай болно. Энэ нь гол дүрийн Тулгаа болоод түүний аман хуураар хөгжимдөж суугаа оройн зураглалууд, усан будгаар зурсан мэт байгалийн “план” дүрслэлүүд зэргээс тодхон харагдана.

Зохиолын хамгийн гол зөрчилт хэсэг бол наадам. Түнтүүлэй хэрвээ аавтай байсан бол цуг наадамд явна гэж хэлдэг. Ийнхүү Тулгаа хүүг дагуулан намар болдог хүүхдийн наадамд явахаар болно. Тэнд хүүг дагуулан хуушуурын гэрийн гадна очих агаад хүү хоолны цэс уншиж чаддаггүй. Түнтүүлэй бичиг үсэг мэдэхгүй бөгөөд эргэн тойрны хүмүүс шоолон инээнэ. Цааш үргэлжлэхдээ зөрчилд тайлал хийх гэж яраагүйн дээр наадмын үеэр буриад зоны тойрон бүжгийг дүрслэн харуулсан нь ч мөн киноны нэгээхэн содон чимэг байв. Ерөөс үүссэн зөрчил бүрийг аргадан явсаар эцэст нь туйлдаа хүрээд л кино төгсчихнө. Тэнд тайлал огт хэрэггүй. Үүнийг найруулагч анзаарч, эрсхэн төгсгөлтэй үзэгчдийг учруулсан нь тун олзуурхууштай. Түнтүүлэй хүүгийн бичиг үсэг үл гадарлах бяцхан үйл явдлыг хэрхэн том зөрчлийн хэмжээнд аваачиж чадсаныг үзэгчид цөм харсан биз ээ. Үйл явдал том байх албагүй ч түүнийг хэрхэн хөгжүүлж, хүний сэтгэлийн дотоодод нуугдсан эмзэглэлийг аавыгаа үл мэдэх, ээжийгээ санан бэтгэрч буй хүүгийн оршихуйн асуудалтай харгалдуулан нийгмийн томоохон асуудлын хэмжээнд хүргэснээр найруулагч киногоо урлагийн түвшинд хүргэж чадсан байна. Энэхүү үл гээгдэх увдис нэг талаас хэтэрхий хөнгөн байж болох ч цаагуураа гол дүрүүдийн сэтгэл дэх хамгийн том зөрчлийг тээж явна.

Киноны зураг авалтыг Хэнтий аймгийн Норовлин суманд авчээ. Сүрлэг өндөр уулс, ой модод, түргэн урсгалт голуудаас илүүтэй тэнгэр, газар нь ойр тал, хээрийн бүс хосолсон газар. Тиймдээ ч киноны обьектоор сонгоход хамгийн тохиромжтой. Хоорондын хурцадмал үйл явдал, албадмал зөрчилгүйгээр бүтээсэн уг кинонд усархаг манан татаж, үүлс нь хүртэл шаргал талын хээлтэй хаяа залган уусахдаа усан будгаар зурчихсан мэт үзэгддэг тийм л газар тохиромжтой байсан шиг санагдана.

ЦАМХАГ

Тулгаагийн хадлан хадаж буй нутагт  сүлжээ барих газар үгүй. Зарим нь эмээлтэй морин дээрээ өндийж зогсоод чүү, чамай л хотод байгаа ах дүүс, танил, хайртай хүмүүстэйгээ холбоо барина. Тэдний нэг нь Түнтүүлэй бөгөөд их хотын завгүй амьдралд ууссан ээжтэйгээ тэр бүр ярьж чаддаггүй. Үүнийг анзаарсан Тулгаа нутгийн залуустай нийлж дээр нь гарч утсаа ярих боломжтой модон цамхаг босгодог. Урьд нь тааламжгүй ярианаас үүдэж Түнтүүлэй хүүг өмөөрсний улмаас гар зөрүүлсэн хоёртой гар нийлэн ажиллаж цамхаг босгосон нь тал нутгийн хүмүүсийн уужим сэтгэлийг харуулсан бас нэгэн чимэг юм.

Түнтүүлэй цамхаг дээр гарч утсаар өдөр бүр утсаар ярих боломжтой болсноо ээждээ дуулгахад завгүй байлаа. Магадгүй тэндээс киноны эхлэл хэсэгт Тулгаад ирэх мессежний эзнийг (кадрт дүрслэгдээгүй эмэгтэйн дүр) хүүгийн ээж болов уу гэж бодол үзэгчдэд төрнө. Харин үүнийг ерөөс тайлбарлалгүй далд чигээр нь орхисон нь авууштай. Түнтүүлээгийн ээж, Тулгаагийн хайртай бүсгүй мөн болж таарсан бол нөгөө л усан уянга, хоосон цагаан улиглалаас эл кино ялгаагүй болох биз ээ.

ДОТРООСОО

Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэг багтсан хүүрнэл зохиолын нэр ийм нэртэй. Кино ч мөн аливаа бүтээлд их, багаар анзаарагддаг тэрхүү гадна талын өнгөц ахуйгаас илүү байгалийн зураглал, планы ажлуудыг ч мөн дүрүүдийн дотоод чанарт уусган нэгтгэж бүтээсэн байна. Өвөө, эмээ хоёроосоо өөр хүний бараа төдийлөн их хардаггүй Түнтүүлэй хүү аав шигээ санан ээнэгшиж дассан Тулгааг явуулахгүй гэхдээ гар хадуураар явуулж байсан ажлыг нь өвс хаддаг машинаар “гялалзуулчихсан” нутгийн хоёр ахыгаа богино түүшингээр ороолгон хөөдөг хэсэг ч басхүү дүрийн ээнэгшлийг эсрэг байдлаар тун чадамгай харуулсан юм.

Зохиолын хэмжээ багаас шалтгаалан хэтэрхий урт зураг авах, диалог нэмж баяжуулалт хийх алдаанууд манай кино урлагт үргэлж ажиглагддаг. Үүнээс гадна уг киноны одод, намрын байгаль, борооны өмнөх ахуй, хадлангийн талбайн зураглал, сумын төвөөс морьтой буцаж яваа Тулгаа, Түнтүүлэй хоёр, байцаагчийн өрөөн дэх торны хоёр талд хоол өгч, тамхи ороож суугаа гол дүрүүдийн хэсэг зэрэг дүрслэл бүхэн киноны гол агуулга, зөрчил, алгуур тайлалтай холбогдох утгыг илэрхийлж байв.

Угаас киноны хэллэг хэрэглэж бичих зохиолч ховор. Тэгвэл гол дүрүүдийн ухаалаг хийгээд сайтар боловсруулсан харилцан ярианы өгүүлэмжүүд ч мөн найруулагчийн ажил байсан болов уу. Ийнхүү эх зохиолыг танаж, өөрчлөн найруулснаас гадна дүрүүдийн үйл хөдөл, дотроос нь гадагш чиглэлтэй үйл хөдлөлүүдийг харилцан яриагаар нуршихаас илүүтэй гэрэл сүүдрээр зурсан байгалийн зураглал, плануудын шилжилт, панорамын дөхөлт зэргээр харуулж чадсан юм. Заримдаа кино зөвхөн дүрсний урлаг байж яагаад болохгүй гэж гэх санаатай энэ нь яв цав нийцэж байлаа.

Эцэст нь хэлэхэд, ямар ч үйлд чимээгүйхэн гарч буй дэвшилт ажиглагдаж л байдаг. Төгсгөлд нь хүүд аман хуураа өгчихөөд буцаж яваа Тулгаа “Ах нь эргэж ирнэ” гэдэг үг хэлчихсэн л бол кино эцэстээ хүн хүндээ дасахын хэцүү зовнилыг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй болчих байв. Тийм л уярал эрсэн төгсгөлөөс эрсхэн зөрсөн нь бас нэгэн ололт мөн. Тиймдээ ч энэ нь Монголын кино урлагийн хувьд дөтлөн айсуй намар, дөтлөн айсуй ямар нэгэн сайн зүйлийн сураг чимээ билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав